Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийнхэн парк шинэчлэлийг шахааны бизнес гэв

Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхон нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа. Нийслэлийн удирдлагуудаас энэ жил 20 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн салбарт төсөвлөжээ. Энэ мөнгөөс 240 гаруй шинэ автобус худалдан авч, нийслэлийн өмчийн нийтийн тээврийн компаниудад парк шинэчлэл хийхээр болсон. Ингэхдээ эхний ээлжинд 150 автобус оруулж ирэхээр болжээ. Үүнийхээ 100-г нь дотооддоо угсарсан нэг бүр нь 150 мянган ам.долларын үнэтэй “Экобус”-аар хангахаар төлөвлөсөн байна. Гэтэл “Экобус” нь гадаадаас оруулж ирдэг автобуснаас хоёр дахин үнэтэй, Зам тээврийн яамнаас аюулгүй байдлын баталгаа, зөвшөөрөл, номер олгоогүй автобуснууд  аж. Иймээс хувийн компаниуд уг автобусыг авахгүй гэдгээ мэдэгдсэн тул үүнийгээ нийслэлийн өмчит  гурван  компанид шахах болжээ.  Ингэснээр  төрийн өмчийн  компаниудын  нуруун дээр ихээхэн ачаа бууж байгаа юм. “Энэ нь нийтийн нийтийн тээврийн салбарт төр хэт оролцож байгаагийн илрэл. Бид үнэндээ тэр автобуснуудынх нь мөнгийг төлж дийлэхгүй” хэмээн  Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчид хэвлэлийн хурлаар ярьлаа. “Сүүлийн жилүүдэд төрийн өмчийн компаниуд маш алдагдалтай ажиллаж байгаа. Тэгсэн хэр нь өнөөдөр төсвийн мөнгөөр дахиад хэдэн зуун автобус авахаар болж байгаа нь ард түмний мөнгийг хайр гамгүй үрж байгаа явдал юм.Үүний оронд нийтийн тээврийн салбарт бодитоор тулгамдаад буй үйлчилгээний асуудал, шугам давцаж байгааг үгүй болгох, GPS системийг нэвтрүүлэх, маршрутыг өөрчлөн зохион байгуулах зэрэг асуудлуудаа шийдвэрлэх нь чухал байна. Парк шинэчлэл бол өнөө маргаашгүй тулгамдаж байгаа хүнд асуудал биш” гэж Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны дарга Ж.Дамдинсүрэн ярьж байв.

Э.Номин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *