Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх байсан ч төсөл санаачлагч гишүүн С.Баярцогтын хүсэлтээр хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг түр хойшлуулав. Дараа нь Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн М.Энхболд хөрөнгө орууулалтын зардлын санхүүжилт, төсвийн орлого тасалдаж буйн шалтгааныг тодруулахад “Хөрөнгө оруулалтын санхүүжилт оны эхнээс тасарч байгаа нь дан ганц Сангийн яамнаас хамааралтай биш, бодитой ажил удаашралтай байгаа, “О” дүнтэй тусгагдсан төсөл арга хэмжээ эхлээгүй, тендер шалгаруулалт удааширсан зэрэг олон шалтгаантай. Төсвийн орлогын тасалдлыг багасгахад яам анхаарч байгаа, энэ оны дүнгээр төсвийн орлого 750 тэрбумаас багагүйгээр тасалдаж мэдэхээр байгаа” гэв.
Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүн Б.Гарамгайбаатар, М.Энхболд, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Л.Цог, Сү.Батболд нар саналаа хэллээ. Энэ үеэр гишүүн М.Энхболд Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголын хэлэлцүүлгийг хойшлуулж жинхэнэ тодотголыг оруулж ирэх үед хамтад нь хэлэлцэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэнгүй. Ингээд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.