Categories
мэдээ улс-төр

Төсвийн тодотголыг халтуурдсан гэв

Засгийн газар алдаатай төсвийн тодотголоо татаж авах ёстой гэж МАН-ын бүлгээс өчигдөр мэдэгдлээ. Сөрөг хүчний бүлэг өчигдөр хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэхдээ ийм дүгнэлтэд хүрсэн байна.  Тус бүлэг Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл, 2014 оны Төсвийн тодотголын төсөл болон бусад асуудлаар хуралджээ.
“Өнөөдөр нэг ам.доллар 1820 төгрөгт хүрчихлээ. Гэтэл төсвийн хуулинд 1384  байхаар тооцож суулгасан байгаа. Тиймээс бодит байдалтай нийцүүлж үнэн зөв тооцоон дээр үндэслэн улсынхаа төсвийн орлого зарлагыг тооцож яваач гэсэн шаардлагыг МАН-ын бүлэг тавьсан. Гэтэл энэ шаардлагуудын аль нь ч төсвийн тодотголоор орж ирсэнгүй. Мөн Чингис бонд, Самурай бонд, Хөгжлийн банкны өрийг төсвийн тодотголд суулгасангүй. 30 хувийн алдаатай төсөв тодотголоор орж ирсэн. Тиймээс ханшаа зөв тооц, царцаасан 273 обьектуудын санхүүжилтийг ил тод болго, урсгал зардлаа бодитой бууруул” гэж бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ.
Эдийн засгийн хямралыг даван туулахын тулд сүүлийн дөрвөн жилийн турш хориг тавьж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг үргэлжлүүлэн олгох санаачилгыг Засгийн газар гаргаад байгаа. Уг асуудлыг МАН-ын бүлэг ил тод, олон нийтэд нээлттэйгээр хэлэлцэх ёстой гэв. Мөн тус бүлэг Ашигт малтмалын тухай хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтөөр хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг торгох замаар аливаа асуудлыг шийдвэрлэх гэж байгааг шүүмжлэв. Уг хуулийн төслийн талаар тодорхой шаардлагыг МАН-ын бүлгээс Засгийн газарт өгөхөөр тогтжээ.

М.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *