Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит “AFC President’s Сup-2014” тэмцээн өнгөрөгч амралтын өдөр болсон. Манай улсад С хэсгийн тоглолт болж Камбож, Непалын багийнхан ирсэн билээ. Азидаа дээгүүрт орох уг тэмцээнд “Эрчим” клуб эх орноо төлөөлөн оролцсон юм. Монголын багийн эхний тоглолт Камбожийн “Свайреин” клубтэй таарсан байв. Нутгийнхаа дэвжээн дээр тоглож буй болохоор “Эрчим”-ийнхнийг хожчих болов уу гэж олон хүн таамаглаж байсан. Тэд ч хөгжөөн дэмжигчдийнхээ итгэлийг алдсангүй. Илт илүүрхэн тоглож 3:1-ээр хожсон. Харин уг тоглолтын баатар яах аргагүй Соёл-Эрдэнийн Гал-Эрдэнэ байлаа. Тэрээр багийнхаа хамгийн бага нь. 18 настай тэрээр баруун жигүүрийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог. Тоглолт эхлээд 10 минут ч өнгөрөөгүй байхад айлын хаалганд ялалтын анхны гоолыг оруулсан. Камбожууд тэр дор нь хариу барьж тоглолтын харьцааг тэнцүүлсэн ч гэлээ С.Гал-Эрдэнэ дахин гоолдсон юм. Багийнхаа тоглолтыг шимтэн үзэж буй хөгжөөн дэмжигчид түүний гайхалтай тоглолтыг шагшин магтаж байв. “Галаа сайн байна. Бүр сайн зүтгэнэ шүү. Чи чадна” гэх урмын үгс талбайгаар нэг нисэж байсан. Харин С.Гал-Эрдэнэ тоглож байхдаа үзэгчдийн хашхирч буйг огт анзаардаггүй гэсэн. Сонсохгүйдээ биш л дээ. Тоглолтдоо өөрийгөө бүрэн зориулж ур чадвараа тултал нь дайчилдаг учраас өөр зүйлд сатаардаггүй гэж байлаа.
С.Гал-Эрдэнэ 1996 онд Улаанбаатар хотод төрсөн. Айлын том хүү. Эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй. Эрэгтэй дүүг нь С.Мөнгөншагай гэдэг бөгөөд “Эрчим” клубийн идэрчүүдийн багт тоглодог. Харин аав, ээж хоёр нь тамирчид биш ч гэлээ хоёр хүүгийнхээ “улаан” фэн. Жинхэнэ фанат гэдэг шиг хоёр хүүгийнхээ галзуу фанатууд нь гэсэн. С.Гал-Эрдэнийг сурагч байхаас нь л дэмждэг байж.
С.Гал-Эрдэнэ ерөнхий боловсролын сургуульд байхдаа хөлбөмбөгийн секцэнд явдаг байсан гэнэ. Секцийн багш нь “Эрчим” клубийн дасгалжуулагч Д.Батнасан. Тэрээр авьяастай хүүхдүүдийг сонгож аван клубтээ тоглуулдаг байжээ. С.Гал-Эрдэнэ ч багшийнхаа нүдэнд өртөж 2011 оноос клубийнхээ идэрчүүдийн багт тоглож эхэлжээ. Удалгүй улсын аваргаас алтан медаль авч, “Хүслийн лиг”-т аваргалав. Идэрчүүдийн багт тун сайн тоглож байсан түүнийг дасгалжуулагч Д.Батнасан ердөө нэг жилийн дараа “Эрчим” клубийн үндсэн баг буюу насанд хүрэгчдийн багтаа авчээ. Ингээд дасгалжуулагчийн зөвлөснөөр баруун жигүүрийн хагас хамгаалагчийн байрлалд тоглох болжээ. Насанд хүрэгчдийн багт орсноосоо хойш үндэсний лигээс алтан медаль авч “AFC President’s Cup” тэмцээнд орох эрх авчээ. Уг тэмцээн түүний хувьд анхны олон улсын тэмцээн байсан гэнэ.
Түүний багийнхан Малайзад очиж тоглоод багаараа шагналт дөрөвдүгээр байрт орсон юм. Харин өнөө жил тэрээр багаа хэсгийн тоглолтоос шигшээд шалгарахад гол үүрэг гүйцэтгэлээ. Багийнхан нь түүнийг бөмбөг эзэмшилт сайтай гэж үнэлдэг.
“Эрчим” клубийн 15 дугаартай тоглогч тэрээр МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн биеийн тамир, эрүүл мэндийн ангийн нэгдүгээр курсийн оюутан. Хичээлдээ яваад, завсар зайгаар нь бэлтгэлээ хийж тэмцээнд орно. Тэрээр “Хөлбөмбөгөөр хичээллээд долоон жил болж байна. Зав л гарвал талбай руу гүйчих гэдэг болсон” гэв. Сонирхолтой нь тэрээр ямар ч хөлбөмбөгчин шүтдэггүй гэсэн. Гадныхны тоглолт үзээд сурах зүйлээ сураад л явдаг юм байна.
Хөлбөмбөгөөр хичээллэснээсээ хойш улсын чанартай тэмцээнээс хорь гаруй медаль авсан тэрээр ирэх есдүгээр сард болох “AFC President’s Cup” тэмцээнд хамаг анхаарлаа хандуулан бэлтгэл хийж байгаа ажээ.
С.АЛТАН