УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдааны эхэнд Амгалангийн дулааны станцын тоног төхөөрөмжийг онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа. Хууль батлагдсан өдрөөс эхлэн мөрдөгдөх бөгөөд ирэх арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хэрэгжинэ.
Дараагаар нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт нар танилцуулсан юм. Уг хуулийн төсөл нь одоо мөрдөгдөж байгаа хуулийг улам сайжруулсан бөгөөд олон зүйл заалт нэмэгджээ. Тухайлбал, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийг боломжит бүх хувилбараар дэмжих юм байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоор тусгажээ. Мөн тодорхой бус шалтгаанаар уурхайн бүтээн байгуулалт, уулын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг холбогдох төрийн байгууллагад урьдчилан мэдэгдэлгүйгээр зогсоож олон хүнийг ажилгүй, цалингүй болгохыг хоригложээ. Хууль батлагдсанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төрөөс Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан геологи, уул уурхайн салбарын зорилтууд хэрэгжих эрх зүйн үндэс бүрдэж, улмаар улс орны нийгэм, эдийн засагт эерэг үр дүн гарна гэж үзэж байгааг сайд онцолсон юм. Энэ хуулийн төслийг дагалдаж Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Мөн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар 2014 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхлэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулсан юм.
УИХ-ын 2014 оны 30 дугаар тогтоолоор Монгол Улсын 2014 оны төсвийн бараа, үйлчилгээний зарим зардлыг 10-30 хувиар бууруулж, хэмнэлттэй ажиллах боломжийг судлан, саналаа төсвийн тодотголын төсөлд тусгахыг Засгийн газарт даалгасан. Иймээс нэгдсэн төсвийн 2014 оны урсгал зардлын төлөвлөгөөний тодотголын тухайд УИХ-аас Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу энэ сараас он дуустал зарцуулахаар төлөвлөсөн зарим урсгал зардлыг 10-30 хувь бууруулахаар тооцжээ. Нийт 40 орчим тэрбум төгрөгөөр батлагдсан төсвийн урсгал зардлыг бууруулж төсвийн тодотголын төсөлд тусгажээ. Үүний зэрэгцээ зарим арга хэмжээний урсгал зардлыг төсөлд нэмж тусгасан байна. Тухайлахад, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр 2014 оны төсвийн жилд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх эх үүсвэр дээр төсвийн тодотголоор 35.0 тэрбум төгрөг нэмж тусгахаар харилцан тохиролцож, шийдвэрлэсний дагуу урсгал зардлыг уг хэмжээгээр нэмэгдүүлэхээр тусгажээ. Мөн хууль тогтоомжийн дагуу Хадгаламжийн даатгалын санд Засгийн газраас төлөх хөрөнгийн үлдэгдлээс 2014 оны төсвийн жилд нэн даруй олгоход шаардагдах хөрөнгөд эхний ээлжид 7.2 тэрбум төгрөгийг тодотголын төсөлд тусгажээ. Түүнчлэн УИХ, Засгийн газраас гаргасан хууль тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төсвийн нийт урсгал зардлыг нэмэгдүүлэхгүйгээр зохих зохицуулалтын зардлыг Төсвийн ерөнхийлөн захирагчдын хооронд зардлыг шилжүүлэхээр төсөлд тусгасан байна. Харин улсын төсвийн 2014 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний тодотголын тухайд УИХ-ын 30 дугаар тогтоолоор 2014 оны төсөвт хөрөнгө тусгаж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг нэг бүрчлэн баталсны дагуу Сангийн сайдын 2014 оны төсвийн багцад бөөн дүнгээр батлагдсан “0.0” дүнтэй төсөл, арга хэмжээний санхүүжилт болох 139.4 тэрбум төгрөгийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцад шилжүүлэн тусгахаар зохицуулжээ. Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголын өөрчлөлтүүдийг тусгахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 39.2 сая төгрөгөөр буурч 6,883.8 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн нийт алдагдал батлагдсан түвшинд буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.0 хувьтай тэнцүү байхаар тооцсон байна. Баасан гаригийн үдээс хойшхи чуулганыг даваа гаригт дэлгэрүүлэн хүргэх болно.
М.МӨНХ