Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Р.Алтангэрэл итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт
Элчин сайд Раднаабазарын Алтангэрэл Канад Улсын Амбан захирагч Эрхэмсэг ноён
Дэвид Жонстонд 2014 оны 5 дугаар сарын 5-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн
барив.

Канадын Амбан захирагчийн “Риду” өргөөнд болсон Итгэмжлэх
жуух бичиг гардуулах ёслолын үеэр Элчин сайд Р.Алтангэрэл Амбан захирагч Дэвид
Жонстонд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн халуун дотно мэндчилгээг
уламжилж, Монгол, Канадын өргөн хүрээтэй түншлэлийн харилцаа өргөжин хөгжиж,
хоёр орны улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхжиж буй энэ үед Элчин
сайдаар томилогдон үүрэгт ажилдаа орж буйдаа баяртай байна гээд Монгол, Канадын
найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид бүх талаар идэвхжүүлэхийн төлөө
чармайн ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

Амбан захирагч Дэвид Жонстон Элчин сайд Р.Алтангэрэлд
баяр хүргэж ажлын амжилт хүсээд Канадын Төрийн тэргүүний хувиар 2013 онд Монгол
Улсад анх удаа төрийн айлчлал хийж, хоёр орны хамтын ажиллагааны талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон
албаны бусад хүмүүстэй уулзаж, ярилцах сайхан боломж гарсаныг эргэн дурсахад
таатай байдгийг илэрхийлэв.

Итгэмжлэх жуух бичиг гардуулах ёслолд Канадын Сенатын
гишүүн, Сенат дахь Канад, Монголын найрамдлын бүлгийн дарга Жозеф А.Дэй,
Нийтийн танхимийн депутат Брад Трост, Элчин сайдын яамны ажилтан нар, Канад
Улсад суугаа Монгол Улсын иргэдийн төлөөлөл оролцов.