Дунд сургуулийн захирал хүртэл
барьдаг утасны төлбөр, унадаг машиныхаа бензинийг төсвийн мөнгөөр хийлгэдэг болжээ.
116 дугаар сургуулийн захирал С.Энхтуяа хандиваар ирсэн эд зүйлийг худалдаж авсан
мэтээр хуурамч баримт бүрдүүлж хувьдаа мөнгө завшдаг гэнэ. Мөн сурагчдаараа хандивын
тоглолт хийлгэж, олсон орлогоос нь мөнгө өгдөггүй юм байна. Энэ талаар Харааны бэрхшээлтэй
хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн нярваар ажиллаж байсан С.Хотхүү ярилаа.
-Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн тоглолт
болдог. Олсон орлогоос нь хүүхдүүд хүртдэггүй гэв үү?
-2013 онд гэхэд
“UB палас”, МУИС, ЭМШУИС болон хоёр аймагт манай сургуулийн хүүхдүүд хандивын тоглолт
хийсэн. Билетийн үнэ дунджаар 2000 төгрөг байдаг. Хараагүй хүүхдүүдэд хандив өргөх
тоглолт гэдэг утгаараа танхим дүүрэн үзэгчтэй тоглолт болдог. Дунджаар нэг тоглолтоос
хоёр сая төгрөг олдог байх. Үүнээс тоглолтод оролцсон хүүхэд нэг ч төгрөг авдаггүй.
Тэр бүү хэл “Олон тоглолтод ядраад байна” гэсэн хүүхдийг сургуульд сургахгүй, хөгжмийн
хичээл заасан төлбөрөө авна гэх мэтээр дарамталдаг. Мөнхжаргал гэдэг хүүхэд тоглолт ихсээд байна гэж
хэлснийхээ төлөө сургуулиас хөөгдсөн. Тэгэхээр бусад нь айдаг юм байна.
-Хүүхдийнх нь хөдөлмөрийг мөлжөөд байхаар
эцэг, эхчүүд нь гомдол гаргадаггүй хэрэг үү?
-Эцэг, эхээс нь
зөвшөөрөл авдаггүй. 18-19 хүүхдийг тоглолтоор авч явна шүү дээ. Хүүхдийнх нь хөдөлмөрийг
мөлжлөө гээд гомдол гаргавал сургуулиас хөөнө гэдэг учраас эцэг, эхчүүд дуугарахгүй.
Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн ганцхан сургууль байдаг нь манайх. Хүүхдийнх нь
хөл хугарчихаад байхад эцэг эхчүүд “сургууль олдохгүй” гээд гомдол гаргаж чаддаггүй.
Сургуулийн дотуур байранд хоёр хүүхэд хөлөө хугалсан. Харааны бэрхшээлтэй хоёр хүүхэд
мөргөлдөх, гэмтэх тохиолдол их гарна. Эхний удаад хариуцсан багшид нь арга хэмжээ
авсан бол хоёр дахь удаад “Гомдол гаргавал хүүхдийг чинь сургуулиас хөөнө” гээд
дараад өнгөрсөн. Ингэж хүүхдийн эрх зөрчихөөс гадна өөрөө ажилтай үлдэхийн тулд
хүүхдүүдээр өлсгөлөн зарлуулж байсан. 2006 онд сургалтын менежерээр ажиллаж байхад
салбарын яамнаас халах шийдвэр гаргахад дөрөв, таван хүүхдээр өлсгөлөн зарлуулж
байлаа. Хууль бус үйлдлээ нуухын тулд хүүхдүүдийг өөрийгөө хамгаалах хэрэгсэл болгодог
хүн. Хүүхдийн төлөө ажиллахгүй байна, багш нараа элдвээр дарамталдаг гэх үндэслэлээр
багш нар нь Хүний эрхийн үндэсний комисст 2007 онд хандсан байдаг. Улмаар Хүний
эрхийн үндэсний комиссоос салбарын яаманд “Ёс зүйгүй багш гэдэг нь нотлогдлоо. Арга
хэмжээ авна” уу гэдэг утгатай санал хүргүүлж байсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын
газраас ч “Зөрчил илрээд байна. Хариуцлага тооцно уу” гэсэн утгатай албан бичиг
хүргүүлсэн байсан.
-Тэгвэл нэг жилд тоглолтоос олсон арваад
сая төгрөгийг юунд зарцуулах вэ?
-Хувьдаа л авдаг
байх. Тоглолтод зарцуулагдах мөнгийг түрээсийн мөнгөнөөсөө л авна.
-Түрээсээр хэдэн төгрөг олох уу. Энэ мөнгө
сургалтад зориулагдах уу?
-Манай сургуулийн
хашаанд долоон контейнер бий. Тэдний түрээснээс сард 790 мянган төгрөгийн орлого
олдог. Энэ мөнгөнөөс шинэ жил тэмдэглэхэд 500 мянган төгрөг зориулсан. Бусдыг нь
бол өөрөө цувуулаад л авна. Хүүхдэд нэг ч төгрөг зарцуулагдахгүй. Тэр бүү хэл хандиваар
ирсэн эд зүйлийг худалдаж авсан мэтээр баримт бүрдүүлж мөнгийг нь өөрөө завшдаг.
-Тухайлбал, хандивын ямар эд зүйлийг худалдаж
авсан мэтээр баримт бүрдүүлсэн бэ?
-2013 онд “Көритөс
Чех” төрийн бус байгууллагаас гурван ширхэг брайл машин, “Дэмжинэ” төрийн бус байгууллагаас
хоёр брайл машин хандивласан. Тэгтэл төрийн өмчийн мөнгөөр брайл машин авахаар бүх
зөвшөөрлийг нь аваад “Сэлбэ сервис” гэдэг компани руу шилжүүлэхээр боллоо. Гэтэл
тэр компани 20 хувийг нь авч байж үлдсэн мөнгийг нь гаргаж өгнө гэсэн. Ингэж ойлголцоогүй
болохоор би “Тэргүүн ван” компани дээр очиж хуурамч материал бүрдүүлж брайл бичгийн
машин авсан болгож мөнгийг нь тухайн компанид оруулж байгаад дөрвөн сая 30 мянган төгрөг бэлнээр гаргуулж захиралд
өгсөн. 25 боодол цаас хандиваар ирснийг хүртэл худалдаж авсан болгоод төсвөөс мөнгийг
нь гаргуулаад хувьдаа авчихсан. Мөн хандиваар ирсэн ус буцалгагч, хөлний массажер
мэтийг гэртээ аваад явчихна. Коика олон улсын байгууллагаас 13 иж бүрэн компьютер
хандивлахаар нэгийг нь гэртээ авчихна. Түүнийгээ эвдэрхий байсан гэж тайлбарласан.
Үнэндээ баталгааны хуудастай цоо шинэ компьютер шүү дээ.
-Та нярваар нь ажиллаж байсан. Өөрөө захирлынхаа
өмнөөс компани дээр очоод мөнгө гаргуулдаг байж. Хууль бус үйлдлийг нь зохих байгууллагад
нь яагаад хэлдэггүй байсан юм бэ?
-Би “Хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо”-нд ажиллаж байтал С.Энхтуяа захирал нярваар
ажиллах санал тавиад 14 хоногийн сургалтад суулгаад сургуульдаа авсан. Хүүхдийн
төлөө ажиллаж байсан хүн хууль бус юм хийгээд байж чаддаггүй юм билээ. Энэ чинь
болохгүй гээд хэлэхээр намайг элдвээр хэлж дарамтална, хойноос элс цацна. Би өнгөрсөн
оны дөрөвдүгээр сараас хойш үнэхээр дарамтад ажилласан. Хэл ам хийгээд, шалгах байгууллагуудад
хандаад байхаар өнгөрсөн дөрөвдүгээр сард ажлаас халчихлаа. Ажиллаж байхдаа Хүний
эрхийн үндэсний комисс, Мэргэжлийн хяналтын газарт, Нийслэлийн боловсролын газарт
хандсан. Үүний дагуу цагдаагийн байгууллага шалгаад Эрүүгийн хуулийн 263 дугаар
зүйлд заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхэд хохирлын хэмжээ хүрэхгүй байна
гээд захиргааны хариуцлага тооцохоор болсон. Учир нь С.Энхтуяа захирлын учруулсан
хохирол 9.3 сая төгрөг юм байна. Энэ нь эрүүгийн хэрэг үүсгэх хэмжээний хохирол
биш гэж цагдаагийн байгууллага үзсэн. Гэхдээ энэ бол зөвхөн түрээсээс олсон орлогын
асуудал. Үүний цаана олон баримт бий.
-Тухайлбал, ямар баримт вэ?
-БНСУ-аас манай
сургуульд зочид төлөөлөгчид ирлээ. Гэтэл хүүхдийн хоолны мөнгөнөөс 610 мянган төгрөгийг
“Номин” руу шилжүүлээд архи, шар айраг, торт, кимчи аваад дайлчихаж байгаа юм. Үүнийг
төсвийн мөнгөнөөс биш түрээсийн орлогоос авчихаж болно шүү дээ. Гэтэл хүүхдийн хоолны
мөнгийг хасаад зочдыг зугаацуулж байгаа юм. Мөн хүүхдийн сурах орчинг бүрдүүлэх
зорилгоор “Номин” худалдааны төвөөс 499 мянган төгрөгийн үнэтэй 32 инчийн хоёр телевиз
авахаар мөнгийг нь шилжүүллээ. Нярвын хувьд би очиж авах байсан. Тэгтэл захирал
хамт яваад “32 инчийн телевизээр яах юм. 21 инчийнхийг авъя” гэлээ. Зөрүү мөнгөөр
нь сургуульдаа есөн ширхэг хогийн сав, таван ширхэг өсгөгч авсан үлдсэн 190 мянган
төгрөгийг бид хоёр хуваагаад авчихсан. Одоо ярихад ичмээр л дээ. Хутга ирлэгч, аяга
зэргийг авч байгаа юм. Мөнгөндөө тааруулах гэж сүү хүртэл авч байгаа юм.
Энэ мэт хууль
бус үйлдлийг шалгаж өгөхийг хүсч АТГ-т хандахад С.Энхтуяа захирлын үйлдлийг “Иргэдийн
өмчийг итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцсан этгээд завшсан, үрэгдүүлсэн гэмт хэргийн
шинжтэй үйлдэл байна” гээд цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Одоо цагдаагийн байгууллага
шалгаж байгаа.
-Түрээсээр олсон орлогоороо телевиз авах
уу. Эсвэл төсвийн мөнгөөр үү?
-Төсвийн мөнгөөр
авна. Ер нь захирлын гар утасны мөнгө, машины бензинийг сургуулиас төлнө. Гар утсанд
сард 50-120 мянган төгрөг өгнө. Харааны бэрхшээлтэй хүүхдийн унааны зардалд сард
төрөөс 200 орчим мянган төгрөг өгдөг. Манай хүүхдүүд дотуур байранд амьдардаг болохоор
зөөх шаардлага байхгүй. Энэ мөнгөөр захирлын машинд л бензин хийнэ. Дээр нь сургуулийн
захирлууд аялалд явах гэж байна 120 мянган төгрөг, тэмцээнд орно 100 мянган төгрөг
гэх мэтээр л аваад байдаг. Захирлын хамаатны газарт манай сургууль ногоо тарина.
Ногоо тарих нэрийдлээр төрийн мөнгийг ус шиг цацна шүү дээ. Багш нарыг дайчилж,
ногоо зарахад нэг зун дөрвөн сая төгрөг зарцуулна. Эргээд 500-600 мянган төгрөгийн
л ногоо хураана. Тэр нь нэг сарын л хэрэгцээ. Ингэж төрийн мөнгөөр тоглодог. Сургуульд
засвар хийхээр 2.1 сая төгрөгийг “Тансаг обой” компани руу шилжүүлж үүдний пилта
хийхээр боллоо. Тайлан гаргах болтол тэр пилта, цемент, элс нь 2.1 сая төгрөг яагаад
ч хүрдэггүй. Пилта нь нэг сая төгрөг болчихож байгаа юм. Бас л хуурамч бичиг баримт
бүрдүүлж тайлан гаргасан. Энэ мөнгөнөөс 500-600 мянган төгрөгийг захирал хувьдаа
завшсан байх.
-Таны ярьж байгаагаар захирал аар, саар
л мөнгө хувьдаа завшдаг бололтой юм. Магадгүй та ажлаа өгсөн болохоор тэр бүрийг
яриад байгаа юм болов уу?
-Бага мэт боловч
захирлын том тансаглал шүү дээ. Өөрөө тансаглаад хүүхдүүдээ хөсөр хаядаггүй бол
ингэж ярихгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хувьдаа ашиг олох хэрэгсэл мэтээр ханддаг
нь үнэхээр харамсалтай. Тэр бүү хэл хөгжлийн багш мэргэжилтэй хүнээр англи хэл,
мэдээлэл зүй заалгасан мэтээр баримт бүрдүүлж сар бүр 200-гаад мянган төгрөгийн
илүү цалин гаргадаг.
-Танай сургуульд хэдэн хүүхэд сурдаг юм
бэ?
-87 гэсэн тоо
бий. Түүнээс 17 нь огт байхгүй. Сурч байгаад гарчихсан хүүхдийг сурдаг мэтээр бүртгүүлж
төсвөөс мөнгийг нь авдаг. Нэг хүүхдийн хоолны зардал өдрийн 2530 төгрөгийн хоол
өгөх ёстой. 17 “хуурамч” хүүхдийн мөнгийг төрөөс л авна шүү дээ.
“Гар утсаараа албаны ажил
л ярина шүү дээ”
Бид 116 дугаар сургуулийн
захирал С.Энхтуяагаас дээрх мэдээллийн талаар тодрууллаа.
-Хүүхдүүд тоглолт хийж олсон орлогыг юунд
зарцуулдаг юм бэ?
-Манай хүүхдүүд
2011 онд Солонгост очсон. Унааны зардалд шаардагдах 15 сая төгрөгийг багш нар цалингийн
зээл авч олсон. Энэ мөнгийг төлөхийн тулд гурван жил хандивын тоглолт хийлээ. Өрөө
төлсөн болохоос би хувьдаа завшаагүй. Гэхдээ тоглолтын орлогоос нэг удаа хүүхдүүдээ
витаминжуулсан. Нэг удаа 20, 20 мянган төгрөг өгсөн. Төгсөх ангийн хоёр хүүхдийг
100 мянган төгрөгөөр хувцасласан.
-Таныг хандиваар ирсэн эд зүйлийг худалдаж
авсан мэтээр баримт бүрдүүлж төсвөөс мөнгө авдаг байсан гэх юм.
-Худлаа мэдээлэл.
-Таны гар утасны
мөнгө, машины чинь бензинийг сургууль даах ёстой юу?
-Би утсаараа албаны
л ажил хийдэг. Сард тавь орчим мянган төгрөг гарна. Солонгос руу их ярьсан сард
120 мянган төгрөг гардаг. Энэ мөнгийг албанаас гаргадаг. Мөн ажлаар ийш тийшээ явах
хэрэг их гарна. Сард нэг удаа банкаа дүүргүүлнэ. Түүгээрээ багш нарын морин жолооч
л болно шүү дээ.
-Та одоо хуулийн
байгууллагад шалгагдаж байгаа юм уу?
-Цагдаагийн байгууллагаас
байцаасан. АТГ шалгаж байгаа гэдгийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээс л мэдлээ. Намайг
дуудсан асуудал алга гэв.
Ц.ӨРНӨХ