Categories
мэдээ нийгэм

8 тэрбумыг залилсан Д.Гүрсоронз маргааш давж заалдана

Маргааш Х.Тамирыг шүүх хуралтай...

“Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирал Д.Гүрсоронз, Д.Дариймаа нар нь 457 иргэнээс байрны урьдчилгаа нэрээр найман тэрбум гаруй төгрөг залилсан хэрэг 2019 оны наймдугаар сард гарсан. Улмаар 2021 оны аравдугаар сард Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Гүрсоронзонд 10 жил хорих ял оноож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Д.Одгэрэлд 6 жил хорих ял, шүүгдэгч Б.Батбаярт 6 жил хорих ял шийтгэж тус, тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч нараас мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос үлдэх 7 тэрбум 265 сая 839 мянга 273 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл маргааш /2022.02.08/ Д.Гүрсоронз нарт холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд цахимаар болно.

Шүүгдэгч нар нь холбогдох эрх бүхий байгууллагаас барилга барих зөвшөөрөл албан ёсоор аваагүй байхдаа буюу барилга баригдах эсэх нь эцэслэн шийдэгдээгүй байхад “Орон сууцны хотхон барьж байгаа” гэж бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар барилгын зураг, загвар бүхий тараах материалыг бэлтгэжээ. Улмаар түүнийгээ ашиглан иргэдэд “Хямд байр зарна, урьдчилгаа төлбөрийн дүн ихсэх тусам 1 мкв үнэ багасна, барьцаа хөрөнгө шаардахгүй, өрхийн орлого нотлох шаардлагагүй, жилийн таван хувийн хүүтэй лизингийн гэрээ компанитай байгуулна” гэх мэтээр зохиомол байдлыг зориуд бий болгож “Орон сууц захиалгын гэрээ”-ний урьдчилгаа гэж 457 иргэнээс 8 тэрбум 644 сая 301 мянга 580 төгрөгийг татан төвлөрүүлсэн байна.

Прокурорын байгууллагаас битүүмжилсэн байсан шүүгдэгч нарын хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө болон хөрөнгийн шилжилт хөдөлгөөн, дансны гүйлгээ хязгаарласан арга хэмжээг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах зорилгоор шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэртээ заажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *