Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“76 мангуу”-тайгаа байхад хөгждөггүй юм аа гэхэд тусгаар тогтнолоо алдахгүй ээ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 28 жилийн ой өнгөрөгч долоо хоногийн дундуур болсон. Ерэн онд байнгын ажиллагаатай парламент буюу Улсын бага хурал байгуулагдаж есдүгээр сарын 13-ны өдөр анхдугаар чуулганаа зарлан хуралдуулсныг бид мэднэ. Уг ойг тохиолдуулан Их хурлын дарга хэвлэл мэдээллээр мэндчилгээ дэвшүүлснийг эс тооцвол ардчилсан Монгол Улс ардчилсан засаглалын үнэт зарчим, тулгуур багана нь болсон парламентын түүхэн өдрийг үл тоосон байдалтай өнгөрүүллээ. Ер нь тэгээд сүүлийн үед парламент ёсыг элдэв дээдээр хэлж улс орны хөгжил дорой байгаа, ард түмний амьдрал ядуу буурай байгаа нь парламент засаглалтай холбоотой мэтээр ярьж, дайрч давшлах болсон. Энэхүү яриа хөөрөө, санал санаачилгыг дэвэргэж сөргүүлээд Монголд нэг хүний засаглал буюу Ерөнхийлөгчийн засаглалыг бий болгох санаархал нийгэмд бугшиж байна.

Сав л хийвэл Путиныг магтдаг, Казахстаны дарангуйлагч Назарбаевыг магтдаг, Хятадын удирдагч Си Жиньпинийг жишээ болгож ярьдаг болсон.“Орос, Хятад болоод Казахстан зэрэг орнууд хөгжил дэвшлийн манлай болж байна. Түүний гол суурь нь удирдагчиддаа байна. Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой. Назарбаев шиг мундаг удирдагчийг төрийн тэргүүндээ гаргаснаар бид хөгжинө. Тэгэхгүй бол энэ 76 мангуутай хөгжинө гэж худлаа, нэг л мэдэхэд манай орон Хятадын харьяат болно” гээд хаа хамаагүй цуурч байгаа. Идэр дунд насны залууст ийм ойлголт бүр ч их байх шиг байна. Тэгвэл үүн шиг буруу зүйл байхгүй шүү, нөхөд өө. Бид ардчилсан зарчмаасаа ухран нэг хүний дэглэмд орж, Ерөнхийлөгчийн засаглалтай болсноор тусгаар тогтнолоо алдаж, улс үндэстэн сөнөх аюулд хүрнэ.

Учир нь ерэн хоёр оны шинэ Үндсэн хуулиараа дархлан баталгаажуулж өгсөн парламентат ёс бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа юм. Үүнийг бид өөрсдөө ч хэлж байгаа юм биш. Дэлхийн улс төр судлалын нэртэй эрдэмтэн судлаачид “Парламентат ёс бол тухайн улс орны өнө мөнхөд орших тусгаар тогтнолынх нь баталгаа мөн” гэж баримт нотолгоотойгоор хэлсээр ирсэн. Стивен Фиш, Жуан Линз гээд парламентат засаглалаар гаршсан улс төр судлаачдын судалгааны бүтээлийг бид харж байна.

1989 онд дэлхий нийтээр тоталитар дэглэмээс татгалзаж, ардчилсан нийгэм рүү улс орнууд орсон. Хуучин ЗХУ-ын бүгд найрамдах улсуудын ихэнх нь, мөн зүүн Европын орнууд ч ардчилсан нийгэм рүү шилжсэн байдаг. Ингэж дэлхий дахинд ардчилал хөгжиж эхэлсэн түүхтэй. Гэвч ардчилсан нийгэм рүү шилжсэн дэлхийн орнуудаас ардчилал нь хэвээрээ байгаа ганц орон нь бараг л Монгол гэж олон улс судлаач, улс төрийн шинжээчид нэгэн дуугаар хэлж байгаа юм. Үнэхээр ч тоталитар дэглэмийг халж ардчилсан нийгэм рүү орсон хуучин Зөвлөлтийн орнууд өнөөдөр Ерөнхийлөгчийн буюу нэг хүний засаглалд шилжсэн байна.

Ерээд оны нийгмийн шилжилтийн үед тухайн орныхоо коммунист намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байсан хүмүүс бүгд Ерөнхийлөгч болцгоосон. Наад захын амьд жишээ бол бидний магтан дуулаад байдаг Казахстаны Назарбаев. Тэрээр 1984-1989 онд Хасагийн сайд нарын зөвлөлийн дарга, дараа нь намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1991 оноос хойш өнөөг хүртэл Казахстаны ерөнхийлөгчөөр тасралтгүй ажиллаж байна. Мөн зүүн Европт орших бүгд найрамдах Беларусь улсын ерөнхийлөгч Александр Лукашенко байна. 1994 оноос хойш тус улсын ерөнхийлөгчөөр тасралтгүй ажиллаж байгаа, барууныханд “Оросын талыг баримталсан дарангуйлагч” хэмээн хэлэгддэг нэгэн. Лукашенко ерэн зургаан оноос хойш Орос Беларусын холбоо хэмээх нэгдмэл улсыг бий болгохын төлөө зорьж яваа дарангуйлагч билээ.Туркместан, Азербайжан, Тажикстан гээд бүх улсууд авторитар дэглэмд шилжсэн. Азербайжаны ерөнхийлөгч Алиев өөрийн эхнэр Мехрибаныг улсынхаа дэд ерөнхийлөгчөөр сонгож өөрийн хаанчлалаа бэхжүүлж байсан. Эдгээр улсууд албан тушаал эрх мэдлээ хааны сэнтий шиг үр хүүхдүүддээ ёс мэт уламжлуулна. Ард иргэд нь ч удирдагчаа тахин шүтэж, үр удмыг нь хаан мэт дээдэлж, манай дараагийн ерөнхийлөгч хэмээн итгэл үнэмшилтэйгээр зарлан тунхаглаж байна.Зарим орнууд нь хөгжсөн гэж жишээ болгон яригдаад байгаа.

Гэхдээ тэрхүү хөгжилтэй оронд хамгийн гол нь хүний эрх, эрх чөлөө хумигдмал байдаг.Удирдагчийнхаа санаанд таараагүй л бол хэн ч байсан улс төрийн гэмт хэрэгтэн болно. Монголчууд бид 70 жил нэг намын дэглэмд амьдарч үзсэн хүмүүс. Нэг хүний дэглэм, нэг намын дэглэм адилхан байдаг. Ерөөс цэвэр дарангуйллын нийгэм тогтоодог. Төрийн тэргүүний эрхийн дэргэд хүний эрх, ард түмний эрх гэж байдаггүй. Үзэл бодол, үнэт зарчмаараа Ерөнхийлөгчдөө таалагдаагүй л бол тэр хүн хүн биш болдог. Улс төрийн хавчлага, мөрдөлт, мөшгөлт, шорон гяндан… энэ бүхэн хүлээж байдаг. Эцэст нь амиа алдах ганцхан замтай. Хөгжил гэдэг ухагдахуун тусгаар тогтнол, хүний эрх, байгаль орчин, эдийн засаг гэсэн эрэмбэ томьёогоор явдгийг судлаачид хэлдэг.

Бид Ерөнхийлөгчийн засаглалтай болж нэг хүний дэглэмд шилжвэл тусгаар тогтнолын баталгаа үгүй болно. Явж ирсэн түүхээ эргээд харахад нэг хүний мэдэлд очсон үед л Монголын тусгаар тогтнол хэврэгших юм уу, бүр цаашлаад алдагдах, нэг орны хараат дагуул болж байсан гашуун сургамж бий. Монголчууд ухаантайдаа, ардчилалд хайртайдаа арчилсан нийгмээ хэвээр үлдээсэн юм биш. Тусгай үндэстэн учраас ардчиллаа авч үлдээд байгаа ч юм биш. Үндсэн хуулиндаа “Улсын их хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн” гэж зааж өгснөөр, улс орноо парламентын засаглалтай болгосноор өнөөг хүртэл ардчилал хэвээрээ байгаа юм. Сайн муугаар хэлэгдээд л Монголд парламент ёс явж байгаа юм.

“Авторитар дэглэмтэй нийт улсуудын маш цөөхөн хувь нь л эдийн засгийн хувьд хөгжөөд, үлдсэн нь маш ядуу тарчиг. Тэгэхээр авторитар дэглэмд буюу нэг хүний хүчтэй гарт зангидуулсан засаглалд шилжих нь эдийн засгийн хөгжилд хүргэнэ гэдэг маш ташаа ойлголт гэдгийг ухаарах хэрэгтэй. Заримдаа авторитар дэглэм өөрөө задраад улс төрийн тогтворгүй байдал руу шилждэг. Учир нь, дарангуйлагчаас эрх мэдлийг нь шилжүүлэх тогтсон горим байхгүй учраас ихэнхдээ хүчирхийллээр шийдвэрлэдэг бөгөөд заримдаа иргэний дайнд ч хүрдэг. Дарангуйлагч өөр рүү нь хэн ч халдаж магадгүй гэсэн айдастай байдаг учраас өөрийг нь шүүмжилсэн болон хардлага төрүүлэх бүх хүмүүсийг хянадаг, хорьдог, устгадаг. Авторитар дэглэм өөрөө тогтвортой биш, хүчирхийлэл хэзээ ч гарахад бэлэн тийм л дэглэм. Ингээд хүчирхийлэл хэрэглээд эхлэхээр гадны аль нэг хүчирхэг улс цэрэг зэвсгээр дотоодод нь энх тайвныг сахиулахаар орж ирэх үүдийг нээдэг. Өөрөөр хэлбэл, тухайн улсын иргэдийг өөрсдөөс нь хамгаалахын тулд гадны улс орж ирнэ гэсэн үг. Аажмаар тусгаар тогтнолоо алдахад хүргэнэ. Энэ чинь л өөрөө үнэт зүйл, хуулиар бус нэг хүний дур зоргоор удирдуулдаг түр зуурын дэглэмийн уршиг шүү дээ. Ялангуяа Монгол шиг жижиг улсад авторитар дэглэм бол бүр ч аюултай” гэж хууль зүйн профессор О.Мөнхсайхан “Парламентын ардчилал бол Монгол Улсын тогтовортой хөгжлийн суурь” өгүүлэлдээ маш тодорхой дурдсан байдаг. Туркменистан, Узбекистан, Киргизстан, Тажикстанаас аваад дарангуй дэглэмд шилжээд хөгжөөгүй харин ч сөнөсөн улсууд зөндөө бий. Тажикстан өнөөдөр ямар байдалтай байгаа билээ. Эдийн засгийн хувьд Хятадын өмнө сөхөрч, өр ширэндээ газар нутаг, ан амьтан байгаа бүхнээ алдаж эцэстээ иргэд нь дүрвэн алга болж байна. Тэнд өдөр бүр буудалцаан, төрийн эргэлт болсон тамын орон болсныг бид харж байгаа.

Хааны сэнтийд буюу эрх мэдэлд хүрсэн хүн ямар нэгэн аргаар удаан байхыг хүсдэг нь жам. “Хүн эрх мэдэлд хүртлээ шударга үнэний төлөө явдаг. Харин эрх мэдэлд хүрээд өөрийнхөө эрх мэдлийг бэхжүүлэхийн төлөө явдаг” гэсэн Черчиллийн үг үүний баталгаа болдог. Монголд энэ үзэгдэл сүүлийн 30 жилд маш ихээр давтагдах болсон. Төрийн тэргүүн болоод танигдахаа байдаг. Урт удаан хугацаанд эрх мэдэл албан тушаалтай байх гэж хуулинд заалт нэмж оруулдаг. Үр нөлөөнд нь Ерөнхийлөгч гэдэг хүн өнөөдөр асар их эрх мэдэлтэй болсон. Хууль, шүүх, батлан хамгаалах, аюулгүй байдал, авлигатай тэмцэх гээд өнөө л дарангуйллын гол талбаруудыг өөрийн эзэмшилд авсан. Зарим үед Монгол Улс парламентын хагас засаглалтай юм шиг харагдахаар.

Одоо бидний цаашдын зорилго мэдээж парламентын сонгомол засаглалтай орон болоход чиглэгдэх ёстой. Ерөнхий сайд нь Засгийн газраа өөрөө байгуулдаг, Ерөнхий сайдыг парламент томилдог байх ёстой. Мөн Ерөнхийлөгчийг бүх ард түмний төлөөлөл болж сонгогдсон Их хурлын гишүүд буюу парламент нь сонгодог байх энэ зарчим руу явах нь хамгийн зөв. Ингэж байж улс орон парламентын эрх мэдлийг 100 хувь хэрэгжүүлэх учиртай. Парламентын засаглалтай учир хөгжил удаан байна гэж дээр доргүй шүүмжилцгээдэг. Гэхдээ Монгол Улс өнө мөнх оршин тогтнох гол баталгаа нь парламентын засаглал гэдгийг дээр өгүүлсэн. Тэгэхээр хөгжлөө түргэсгэх гэж адгаж яараад эцэст нь тусгаар тогтнолоо ганхуулах хэрэг байна уу. Гучин жил бол нийгмийн түүхэнд нүд ирмэх хугацаа. Ганц хүний дэглэмтэй орон 30 жилийн дараа ямар болохыг хэн ч таашгүй. Устаад үгүй болсон байх газаргүй. Парламентын засаглалтай орон бол 30 жилийн дараа хөгжөөд, голдирол чиглэлийнхээ дагуу явж л байна. Их хурлын ээлжит сонгуулиар дархан эрхтэйгээр өөрсдөө сонгодог хэрнээ дараа нь үзэж чадахаа больж, муу муухайгийн жишээ болгон хэлдэг “76 мангуу”-тайгаа байхад ямар чиг байсан Монголын тусгаар тогтнол баталгаатай байх нь ээ.

Сүүлд нь нэмээд хэлэхэд, улс төрд нэг гажуудал илт ажиглагдах боллоо. Юу вэ гэвэл төрийн гурван өндөрлөгийн нэгэнд нь очсон хүн нөгөө рүүгээ сэлгэдэггүй болох хэрэгтэй байна. Учир нь төрийн гурван өндөрлөгийн аль нэг албанд найман жилээс илүү ажиллуулдаггүй байх хэрэгтэй. Ухаандаа, Ерөнхийлөгчөөр найман жил ажилласан хүн Ерөнхий сайд юм уу, Их хурлын дарга болох боломжгүй. Их хурлын дарга найман жил сайн хийсэн бол тэгээд л болоо. Ерөнхий сайдын алба мөн адил найман жил болоод л дурдатгалаа бичээд бусдадаа зөвлөөд сууж байдаг. Тэгэхгүй бол Их хурлын дарга байсан хүн дараа нь Ерөнхий сайд, тэгээд Ерөнхийлөгч болдог. Энэ гурван албыг найм найман жилээр хашлаа гэхэд бүтэн 24 жил Монголын төрийг удирдах болоод байгаа. Сүүлийн 30 жилийн гол бужигнаан ердөө л энэ. Нэгээс нөгөө рүү дамждаг эрх мэдлийн гажуудлыг Монголын парламент даруй шийдвэрлэх хэрэгтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *