Categories
мэдээ соёл-урлаг

700-1000 жилийн өмнөх бичиг үсэг, эд өлгийн зүйлсийг дэлгэлээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Соёл, урлагийн газраас энэ сарын 1-6-нд улс орон даяар “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” цуврал арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Төрийн түүхийн музейд өнөөдөр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн академич Р.Отгонбаатарын эртний үеийн судар бичиг, эд өлгийн цуглуулгаас дэлгэсэн үзэсгэлэнг ирээдүй болсон хүүхэд залуучуудад сурталчлан таниулах зорилгоор олон нийтийн хүртээл болголоо. Энэхүү үзэсгэлэнд эртний судар ном, бичээс, тэдгээрийг хэддүгээр зуунд, хэрхэн хэрэглэж ирсэн гэх мэт сонирхолтой үүх түүхийг өгүүлэх 150 гаруй том, жижиг эд өлгийн үнэт өвүүдийг харуулсан байлаа.

Үзэсгэлэнгийн танхимаар ороход шилэн хоргонд дээрээс нь давхарлан өрсөн хайрцагнууд хүмүүсийн анхаарал татна. Дөхөж очоод тайлбарыг нь уншвал “Монгол номын шогол” гэжээ. Эрдэмтдийн тайлбарласнаар эрт дээр үед монгол ном судрыг одоогийн хэллэгээр дүрсэлбэл авдар сав шиг хайрцагт хийж хадгалдаг байж. Энэхүү модон материалтай, гадна тал нь төрөл бүрийн хээтэй өнгө үзэмж бүхий хайрцгийг шогол гэж нэрийддэг бөгөөд судар номоосоо хамаарч, урт, богино хэмжээтэй байдаг аж. Дараагийн хоргон дахь бар сийлбэрийн багаж мөн л олны анхаарлыг татна.

Ерөөс энэхүү үзэсгэлэнд дэлгэсэн бүхий л үзмэрүүд туйлаас сонирхолтой. Магад хэдэн зуун жилийн өмнөх монголчуудын бичиг үсэгтэй холбоотой бүхий л үүх түүхийг хадгалж, тээж байгаа утгаараа ганцхан монголчуудын бус гаднынхны сонирхлыг ч татдаг нь дамжиггүй. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр академич Р.Отгонбаатар, “Энэ үзэсгэлэнгээ би өнгөрсөн жил Франц улсад дэлгэсэн юм. Тэр үеэр Францын нэг хүн над дээр ирж, Чингис хааныг би яаж тийм том гүрнийг гагц эр, бяртай цэрэг, эрэмгий хурдан хүлгийнхээ тусламжтай эзэлсэн юм бол гэж өнөөг хүртэл гайхдаг байлаа. Энэ үзэсгэлэнг үзээд миний эргэлзээ бүрмөсөн тайлагдлаа. Ийм аугаа их бичиг үсгийн соёлтой улс тийм том их гүрнийг байгуулахгүй гээд ч яах билээ ” гэсэн хэмээн бахдангуй ярьсан юм.

Ингээд үзэсгэлэнгийн сонин хачин зүйлийг үзэж сонирхохоор цааш явлаа. Шилэн хоргонд байсан бас нэг сонирхол татсан эд зүйл бол бар сийлбэрийн долоон төрлийн багаж хэрэгсэл өврийн хайрцгийн хамт байх. Сайтар харвал шөвөг шиг хэдий ч долоон багаж бүрийн хошуу нь урт, богино, бүдүүн, нарийн эсвэл яг л цаасны хутга шиг хавтгай гээд төрөл бүрийн хэлбэртэй юм. Тэдгээрийг өврийн хайрцагтаа хийгээд авч явдаг байсан аж. Магадгүй эдгээр хэрэгсэл мужаан, дархан хүмүүсийн гар доорх зэвсэг байсныг илтгэх мэт. Энэ мэтчилэн бэхийн түрхүүл болон хос хумх, хулсан үзгийн хуй тугтуунууд, гарын тэмдэг, номын тамга, модон тамга гэх мэтчилэн эртний монголчуудын бичиг үсгийн соёлыг илтгэх олон төрлийн хэрэглэгдэхүүнийг дэлгэжээ.

Тэрчлэн монголчууд эрт дээр үеэс л цэвэрч нямбай байсныг илтгэх чагтан шахлагын тухай дурдахгүй өнгөрч боломгүй. Энэ шахлага нь тамгыг тэгш, зөв дарахад хэрэглэхээр бүтээсэн тусгай зориулалтын мод аж. Мөн үхрийн эврээр шугамны ором гарган эвэр зуруул хийсэн нь монголчуудын дундаршгүй их суу ухааныг илтгэж буйг академич Р.Отгонбаатар онцолсон юм.

Харин хананд өлгөсөн бүтээлүүд нь ихэвчлэн судар бичигтэй холбоотой байв. Соёмбо Сүлд тэмдгийн бар, Хэвтээ дөрвөлжин, Тод болон Соёмбо үсгийн цагаан толгой, үйсэн дээр бичсэн тарни мөргөлийн бичиг гээд ховор нандин дурсгалууд байна. Эдгээрээс 700 орчим жилийн өмнөх дөрвөлжин үсэгтэй цаасан мөнгө нь монголчуудын мөнгөн тэмдэгтүүдийн түүхэн дурсгалт бичээс болж, өнөө хэр хадгалагдсаар байгааг харуулна. Мөн 1268 онд Хубилай хаан Пагва лам Лодойжалцангаар зохиолгосон Дөрвөлжин үсгийн цагаан толгой нь Монголын нэгэн зүйл үсэг бөгөөд түүний хожуу үеийн бичмэл цагаан толгойнуудыг тэнд дэлгэсэн байлаа. Үүнээс гадна Энэтхэг, Төвдийн хувилгаадын намтар шастирыг өгүүлсэн номлолууд ч байх юм. Хамгийн сонирхол татсан нь тэртээ 19 дүгээр зууны үед Там ба Бэрдийн орны байдлыг монголчууд хэрхэн төсөөлөн зурсан байгааг таван цуврал өнгөт зургаас харж болно. Тамд очвол хэрхдэг, Бэрдийн оронд ямар байдгийг ийн төсөөллөөр зурсан байлаа. Энэхүү сонирхолтой “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” нэртэй үзэсгэлэн 16 хоногийн турш Төрийн Түүхийн музейд үнэ төлбөргүй дэлгэгдэх тул эцэг эхчүүд болон хүүхэд залуусыг үзэж сонирхохыг уриалъя.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *