Хятадын Шандунь мужийн Чишиа хотын ойролцоох алтны уурхайд энэ сарын 10-нд дэлбэрэлт болж, уурхайн гарцууд таглагдсаны улмаас 22 уурхайчин газрын гүнд гацсан билээ. Ослын үед нэг уурхайчин тархиндаа гэмтэл авсан. Өнгөрсөн баасан гарагийн үүрээр ухаан орохгүй байсаар амиа алдсан. Уурхайчид 600 орчим метрийн гүнд хоёр долоо хоног гацаж байгаа бөгөөд өнөөдөр /2021.01.24/ эхний 11 уурхайчныг эсэн мэнд гарган авсан байна. Уурхайн өөр нэг хэсэгт гацсан 11 уурхайчинтай аврагчид өнгөрсөн долоо хоногт холбоо тогтоож, тусгай хоолойгоор хоол хүнс, эм илгээсэн юм. Тэдний нэг нь шархаа дийлэлгүй нас барсан ба үлдсэн 10 нь дахин холбоогүй болж, тэдний хувь заяа хэрхэх нь тодорхойгүй байна.