Categories
мэдээ цаг-үе

60 секундын дотор унтуулах амьсгалын дасгал

Бид амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг. Амьд организмын эрч хүчийг тэтгэж байдаг чухал хүчин зүйлсийн нэг бол яах аргагүй нойр юм. Хүн байгальтайгаа зохицсон био хэмнэлтэй байдаг учраас сарны хүч ид дэлгэрсэн үед буюу 23:00-05:00 цагийн хооронд унтаж амарч байх ёстой. Энэ үед унтаж чадахгүй бол нойргүйдэлд өртдөг. Нойргүйдэл нь маш олон өвчний эх үүсвэр болдог төдийгүй сэтгэцийн хямралд орох томоохон шалтгаан болдог. Хүн нойроо хангалттай авч чадахгүйгээс болж хийн гол эрхтэн болох зүрхэнд өөрчлөлт орно. Ингэснээр амин судасны хий хямарч улмаар сэтгэл санаанд муугаар нөлөөлж, сэтгэл тогтворгүйтдэг. Энэ нь сэтгэлийн гүн хямралд орохын эхлэл юм. Сүүлийн үед амьдралын буруу хэвшлээс болж нойргүйдэх өвчин маш эрчимтэй явагдаж байна. Хүмүүс завгүй ажилласнаас болж хэт орой хоолоо идэх болсон. Нийгмийн янз бүрийн стрессийг буруу аргаар, архи тамхи зэргээр тайлж байна. Мөн ухаалаг утасны буруу хэрэглээнээс болж маш олон хүн нойргүйдэх өвчнөөр шаналж буй.

Ерөнхийдөө нойргүйдэл гэдэг нь унтаж чадахгүй байх юм уу унтах хугацаа багасах, нойр хүрэхгүй байх, хангалттай хугацаанд унтсан ч бат бөх нойрсоогүйн улмаас амарч чадалгүй сэрэх зэргээс шалтгаалан өдрийн цагаар эрч хүчгүй болж бие сульдах үйл явц юм. Нэг сараас дээш хугацаагаар үргэлжилсэн нойргүйдлийг архаг нойргүйдэл гэдэг бөгөөд эмчлэхэд цаг хугацаа, хүчин чармайлт ихээхэн шаарддаг. Тиймээс анхнаасаа л нойргүйдэлд орохгүйн тулд амьдралдаа зөв хэвшлийг дадуулах хэрэгтэй. Нойрны эм сөрөг нөлөөтэй байдгийг бид нэгэнт мэдэх болохоор эрүүл, энгийн аргаар нойргүйдлээс салах аргуудыг эрэлхийлэх нь зүйтэй. Бясалгал хийх, хөөрүүлсэн бүлээн сүү уух, тайвшруулах үйлчилгээтэй цай уух зэрэг аргууд байдаг ч төдийлөн үр дүнгүй байдаг шүү дээ. Тэгвэл 4-7-8 нэртэй дасгалыг унтахын өмнө хийснээр таны нойр найдвартай хүрч эхлэх нь ээ. Энэ дасгалын бичлэгийг маш олон хүн үзэж, татан авч байгаа нь нойргүйдэл ямар их газар авсныг гэрчилж байна хэмээн мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Та хэрвээ нэгэнт нойргүйдэлд өртсөн бол, нойр чинь хулжиж сайн амарч чадахгүй байгаа бол дараахь дасгалыг туршаад үзээрэй. Энэ дасгал мөн сэтгэл гутралыг эмчлэхэд тустай гэсэн.


4-7-8 ДАСГАЛЫГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

Энэхүү дасгалыг анх Аризонагийн их сургуулийн Нэгдсэн анагаах ухааны төвийг үүсгэн байгуулагч Доктор Эндрью Вэйл зохиожээ. Амьсгалах 4-7-8 арга нь урт, гүнзгий амьсгаа авахад анхаарлаа хандуулахыг шаарддаг. Амьсгалаа зөв хуваарилснаар тайвширдаг тул бясалгал болон йогийн дасгалын гол хэсэг нь амьсгалаа мэдэрч удирдах байдаг. Энэ дасгалыг эхлүүлэхийн өмнө өөрт тухтай байрлалд суух хэрэгтэй.

1. Хэлээ дээд үүдэн шүднийхээ ар хэсэгт наагаад огт салгаж болохгүй.

2. Хамраараа дөрвөн секундын турш гүнзгий амьсгаа авна. Дотроо тоолж хугацааны баримжаа авахыг зөвлөж байна.

3. Ингэж хуримтлуулсан амьсгалаа долоон секунд түгжинэ.

4. Дараа нь амьсгалаа найман секундын турш гадагшлуулаарай. Ингэж байхдаа “вүүүүүүү” гэсэн авиаг гаргах хэрэгтэй гэнэ.

Яг энэ дарааллаар дөрвөн удаа давтан хийснээр нэг минутын дасгал дуусах юм байна. Үр дүнг хурдан мэдэрье гэвэл өдөрт дор хаяж хоёр удаа хийх хэрэгтэй хэмээн дасгалыг зохиосон Доктор Вэйл зөвлөдөг. Анх хийж байгаа хүмүүс эвтэйхэн байрлалд сууж юм уу хэвтэж байхдаа хийгүй бол толгой эргэх, ухаан балартах зэрэг шинж тэмдэг илэрч магадгүй гэнэ. Амьсгалаа удаан барьж чаддаггүй хүмүүс арай хурдан хугацаанд үргэлжлэх хувилбарыг бас сонгож болох аж. Энэ нь хамраараа хоёр секундын турш амьсгал аваад 3.5 секунд түгжээд буцаагаад дөрвөн секундын дотор гадагшлуулах арга.

4-7-8 нэртэй энэхүү амьсгалын дасгалыг нойргүйдэл болон сэтгэл гутралыг эмчилж байна уу гэдэг дээр анагаахынхны судалгаа байхгүй. Үр дүн нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжаар хязгаарлагддаг гэдгийг энд дурдах нь зөв байх.

Гэхдээ амьсгалын зөв хуваарилалт нь хүний биед ямар гайхалтай эерэг нөлөөлөл үзүүлдэг болох талаар анагаахын судалгаа, нотолгоонууд бол байдаг. Хэдийгээр 4-7-8-ыг нойргүйдлийн эмчилгээнд албан ёсоор бүртгээгүй ч эерэг үр дүнгийн талаарх хэдэн сая сэтгэгдэл байдаг нь энэ дасгалын ач холбогдлыг харуулж байна. Уг дасгалыг заах, зөв хийх дараалал бүхий гар утасны аппликэйшн хүртэл зохиогджээ. Ийм төрлийн аппликэйшн нь дасгалаа хийх цагийг сануулдаг юм билээ.

А.МӨНХЗУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *