Categories
мэдээ нийгэм

5-11 насны хүүхдүүдийн Covid-19-ийн өвчлөл 45 хувь байна

Улаанбаатар хот

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Covid-19 халдварын нөхцөл байдлын энэ долоо хоногийн тоон мэдээг гаргажээ. Тоон мэдээнээс харахад 5-11 насны хүүхдүүдийн дунд халдварын тархалт өндөр байгаа аж. Тодруулбал, хүүхдийн өвчлөл нийт батлагдсан тохиолдлын 22.2 хувь буюу 190 мянга 256 байна. Хүүхдийн өвчлөлийг насны бүлгээр нь авч үзвэл:

  • 0-4 насны хүүхэд 51 мянга 126- 26.9 хувь
  • 5-11 насны хүүхэд 86 мянга 316- 45.4 хувь
  • 12-15 насны хүүхэд 36 мянга 802- 19.3 хувь
  • 16-17 нас 16 мянга 12 буюу 8.4 хувь байна.

Монгол Улсад одоогийн байдлаар омикроны 36 тохиолдол батлагдсан. Гэхдээ энэ нь лабораторийн хэмжээнд баталгаажуулсан сорьц. Харин эрсдэл өндөр, сэжигтэй кластер тархалтуудад батлагдаагүй омикрон байх эерэг тохиолдол олон бий. Мөн сар шинийн золголттой холбоотойгоор тархалт нэмэгдсэн байх эрсдэл өндөр. Одоогийн байдлаар хоногт батлагдах халдварын тархалтын тоон мэдээ 1000 даваад буй юм. Харин 1-2 долоо хоногийн дараа энэ тоо хэд дахин нэмэгдэх эрсдэлтэй аж. Учир нь шинжилгээгээр батлагдаагүй ч шинж тэмдэгтэй омикрон байх магадлалтай гэж үзэж буй хүмүүс өрхийн эмнэлэгт хандах нь өдөр ирэх бүр нэмэгдэж буй юм байна. Эдгээр шалтгаанаас үүдэж иргэдийн дунд омикрон хувилбар энгийн ханиадтай ижил гэсэн ойлголт түгээмэл байгаа юм. Эрдэмтэн, судлаачид энэ талаар нэгдсэн мэдээлэл өгч, Covid-19-ийн омикрон хувилбар энгийн ханиад биш гэдгийг анхааруулж байна. Улсын хэмжээнд одоогийн байдлаар 5873 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас ХӨСҮТ-ийн клиникт хэвтэн эмчлүүлж байгаа 244 хүн байгаа аж.

ХӨСҮТ-д хэвтэж байгаа хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл 16 нь нэн хүнд, 70 хүн нь хүнд, 144 хүн нь хүндэвтэр, 14 нь хөнгөн байна. Эдгээр хүмүүст шаардлагатай эмчилгээг хийж байгаа чхавсарсан, суурь өвчтэй хүмүүст эмчлэгдэх хугацаа урт байна гэжээ.

Covid-19-өөс гадна томуу, томуу төст өвчний идэвхжилт өндөр байгааг ЭМЯ-наас анхааруулж буй. Тухайлбал, 16 хүртэлх насны хүүхдүүдээс 1901 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Иймд улирлын болон томуугийн цар тахлын үед халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар барих нь чухал байна. Учир нь халдварын тархалт вакцингүй бүлэг рүү идэвхтэй чиглэж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *