Categories
мэдээ нийгэм

397 албан хаагч дэслэгч цол хүртлээ

Ардын хувьсгалын 97 жилийн ойг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Цагдаа” цогцолборт цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо.

ЦЕГ-ын Хүний нөөцийн дарга, хурандаа Н.Баясгалан “Төрийн одон, Хууль зүй дотоод хэргийн яамны шагналаар шагнагдсан алба хаагчдын шагнал гардуулах ёслол боллоо. Цагдаагийн алба хаагчдад жил бүрийн долдугаар сард хугацааны цолыг олгодог. Энэ уламжлалаар цагдаагийн дэслэгч цолоор шагнуулж офицерын бүрэлдэхүүнд орж байгаа алба хаагчид цолоо гардан авлаа. Мөн хугацааны ээлжит цолоо авч буй албан хаагчдад цол гардууллаа. Нийт цагдаагийн дэслэгч цолоор 397, хурандаа цолоор найман албан хаагч шагнууллаа. Мөн шинэ хошууч, ахлах дэслэгч, ахлагч, ахмад цолтнууд төрлөө. Түүнчлэн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн албан хаагчдад тухайн орон нутагт цол, шагнал гардуулах ёслол болж байгаа” гэв.

Хугацааны цолоо гардан авч буй Дотоодын цэргийн 805-р ангийн эргүүлийн офицер, харуулын дарга З.Бат-Эрдэнэ: Цагдаагийн байгууллагад 15 жил ажиллаж байна. Урьд нь 2005 онд академи төгсөж дэслэгч цол авч байсан. Өнөөдөр цолоо ахиулж байгаадаа баяртай байна. Хүрэлцэн ирсэн гэр бүлийнхэндээ баярлалаа.

Цагдаагийн албан хаагчийн эхнэр Б.Одонжаргал: Манай нөхөр тусгай ажиллагааны газарт 10 дахь жилдээ ажиллаж байна. Өнөөдөр хошууч цол авч байгаад маш их баяртай байна. Төрийн албыг нэр хүндтэй хашиж байгаад нь нөхрөөрөө маш их бахархдаг.

ЦЕГ-ын хяналт шалгалт, үнэлгээ, дотоодын аудитын хэлтсийн ахлах байцаагч дэд хурандаа Т.Цэрмаа “Цагдаагийн байгууллагад 17 дахь жилдээ ажиллаж байна. Цэргийн хүндэт медалиар шагнуулж байгаадаа баяртай байна. Нийт цагдаагийн бие бүрэлдэхүүндээ эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе” гэв.

Э.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *