Categories
мэдээ нийгэм

358 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав

АТГ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дэх зүйлийн 2 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу харъяаллын гэмт хэргүүдийг шалгах, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэд, байгууллагаас авлигын холбогдолтой гомдол, мэдээллийг хүлээн авч, гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тохиолдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж ажиллалаа.

2018 оны 5 дугаар сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй нийт 85 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 29 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 27 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 7 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн шалгасан.

Энэ сард Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын болон прокурорын байгууллагаас шалгуулахаар харъяалал тогтоосон нийт 358 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай, 26 хэргийг хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн. Одоо 318 эрүүгийн хэрэг мөрдөн шалгаж байна.

Хэрэг бүртгэлтийн шинээр нээсэн зарим хэргийн товч мэдээлэл:

  • Төрийн өмчийн хороо нь “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдах тухай тогтоолыг гаргахдаа ямар ч үнийн судалгаа хийлгүйгээр төрийн өмчит компанийг хэт хямд үнээр зарсан байж болзошгүй үйлдэлд,
  • Авто тээврийн үндэсний төвийн эрх бүхий албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж МБА-наас шилжилт хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон байхад тээврийг хууль бусаар шилжүүлж улсын дугаар олгосон үйлдэлд,
  • Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын эрх бүхий албан тушаалтан нь сүүлийн 1-2 жилийн өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр ажилласан мэтээр цалин бодсон, түүнчлэн ажиллаагүй алба хаагчдыг ажилласан мэтээр цалин нэмэгдэл бодож хувьдаа завшиж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан байж болох үйлдэлд,
  • Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны захирагчийн ажлын албаны эрх бүхий албан тушаалтнууд нь 2016 онд Дундбаяны голын 10 тонн даацтай гүүрийн засварын ажлын тендер сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийг зөрчиж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд,
  • Дорноговь аймгийн Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эрх бүхий албан тушаалтнууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил,үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдлыг бий болгосон гэх үйлдэлд,
  • Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сэврэй сумын нутагт газрын хэвлийг хууль бусаар ухаж алт олборлосон талаарх мэдээлэл өгсөн иргэнд олгосон урамшууллын мөнгөнөөс 6.4 сая төгрөгийг бусдаар дамжуулан авч өөртөө давуу байдал бий болгосон, мөн Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хууль бусаар хийж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй зэрэг гэмт хэргийн шинжтэй мэдээллийг иргэн, байгууллагаас хүлээн авч илрүүлэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээлэл:

  • ДЦС-4 ТӨҮГ-ын эрх бүхий албан тушаалтнууд нь тээрмэрийн салхилуурын сэлбэг нийлүүлэх тендерт өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийг шалгаруулсан, түүнчлэн тендерт шалгарсан хуулийн этгээдийн төлөөллөөс 100 сая төгрөгийн хахууль авсан, мөн өөрийн хамаарал бүхий компанид давуу эрх олгож тендер сонгон шалгаруулалтад нөлөөлж албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн.
  • БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д нь А-аас бусдаар зуучлуулан 150 сая төгрөгийг хээл хахуульд авч самрын яс экспортлох зөвшөөрлийг олгосон үйлдлийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн.
  • Багануур ХК-ийн охин компани болох “Багануур илч” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Батболд нь компанийн хөрөнгийг хувьдаа завшиж, тус компанийг санхүүгийн хүнд байдалд оруулсан асуудлыг шалгуулахаар Прокурорын байгууллагад санал хүргүүллээ.
  • Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Э нь өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр “River garden” цогцолбор хотхоноос 1.1 тэрбум төгрөгийн үнэтэй 344.8 мкв талбай бүхий орон сууцыг худалдан авсан боловч энэ тухайгаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй, хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 7 дахь удаагаа шилжүүлээд байна.
  • Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Б нь 2016 онд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *