Categories
мэдээ цаг-үе

300 хүүхдийн аюулгүй амьдрах эрх зөрчигдөж байна, Б.Чойжилсүрэн гишүүн ээ?

-“ЕСӨН-ЭРДЭНЭ ХОРООЛЛЫН ИРГЭД БОЛООД “НАРАН” СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХИЙГ ЗӨРЧИЖ “ХУРД ГРУПП” ХХК ТООСГОН ХАНА БАРЬЖЭЭ”-

Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2014 оны зургадугаар сарын 17-ны өдрийн захирамжаар “Эм Би Би Ди” ХХК-д орон сууцны зориулалтаар газар эзэмших эрх олгожээ. Үүний дагуу 12 давхар 642 айлын орон сууц, дөрвөн давхар үйлчилгээний барилга барих зөвшөөрлийг олгосон байна. Тэгэхдээ “Эм Би Би Ди” ХХК-ний Есөн-Эрдэнэ хотхоны болон үйлчилгээний төвийн барилгын орц гарцыг Нарны хорооллын хойд зам руу гарахаар ерөнхий төлөвлөгөөг баталсан аж. Гэвч “Хурд групп” ХХК Нийслэлийн ерөнхий төлөвлөөгөөний газраас баталсан зургийг өөрчилж, тодруулбал “Есөн-Эрдэнэ” хороолол, “Наран” ерөнхий боловсролын дунд сургуулийн урд талаар гурван метр өндөртэй тоосгон хана барьсан байна.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа энэ асуудлыг бид сурвалжилсан юм. Ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, мөн байгалийн гэрэл үзэх эрх зөрчигдөж буйтай “Өдрийн сонин” тэмцэхээр “Цонхоо нээе” хөдөлгөөнийг хэдэн жилийн өмнө эхлүүлсэн. “Цонхоо нээе” төрийн бус байгууллага байгуулан ажиллаж байгаа билээ. Биднийг очиход тоосгон ханаа эрчимтэйгээр босгож буй дүр зураг харагдсан. Мөн хичээлийнхээ байранд хаалгаар орох боломжгүй болсон “Наран” сургуулийн сурагчид тоосгон ханыг жижиг хэмжээтэй нүхэлж, нэг хүүхэд багтах хэмжээний зайгаар цүнхээ тэврээд орж, гарч байгаа нь харагдсан юм.

“Есөн-Эрдэнэ” хорооллын дөрвөн давхар үйлчилгээний төвийн баруун жигүүрт үйл ажиллагаа явуулж буй тус сургуульд 300 гаруй сурагч суралцдаг байна. Эдгээр сурагчдын дунд Хурд хороолол, Нарны хорооллын 40 гаруй өрх айлын 60 гаруй хүүхэд суралцдаг гэсэн албан мэдээлэл бий. Эрдэм ухаанд шамдаж яваа энэ олон сурагч тоосгон хананаас үүдээд сургууль руугаа чөлөөтэй орж гарахгүй боломжгүй болжээ. Тоосгон хашааг буулгаж гарц гаргаж өгөх талаар эцэг эхчүүд удаа дараа санал хүсэлтээ гаргасан гэнэ. Мөн тус сургуулийн удирдлагууд “Хурд групп”-ийн захиргаанд 40 орчим эцэг эхийн гарын үсэгтэй албан бичгийг хүртэл хүргүүлж байсан удаатай аж. Гэвч сургуулийн удирдлага, сурагчид болоод эцэг эхчүүдийн хүсэлтийг “Хурд групп” ХХК-ийн удирдлагууд хүлээж авдаггүй байна.

“Хүүхдүүд маань сургууль руугаа орж гарах эрхээ хасуулснаас гадна хагас километр тойрч явж одоогийн орж байгаа компанийн хаалганд хүрч байгаа юм. Ингэж тоосгон ханыг тойрч явахдаа машин зам сүлжиж байгаа нь сургуулийн удирдлага болон эцэг эхчүүд биднийг айдаст автуулаад байна. Сургууль цэцэрлэг заавал тусдаа орж гарах хаалгатай байх ёстойг хуулиараа журамласан байдаг. Гэтэл нэг компанийн балгаас болж түмний хүүхэд эрдэм мэдлэг олж авахын тулд хэдэн давхар хаалга дамжиж цаашид амь насанд эрсдэлтэй замаар өдөр бүр цаг тутам алхаж байна. Бид арга барагдахдаа “Байгууллагын эрх ашиг бидэнд хамаагүй сургуулийн үүдний хэдхэн метр тоосгыг сургуулийн ажилчид болон эцэг эхчүүд өөрсдөө буулгаад янзалья гэсэн хүсэлтийг ч гаргаж байлаа” хэмээн эцэг эхчүүдийн төлөөлөл хэлсэн юм.

“Есөн-Эрдэнэ хорооллын урд талаар барьсан тоосгон хашааг буулгаж орц гарцыг чөлөөлөхийг мэдэгдэж байна” хэмээн “Хурд групп” ХХК-д Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.уртнасангийн гарын үсэгтэй албан тоотыг 2016 оны наймдугаар сард өгчээ. Гэвч одоо болтол гарц нээж өгөөгүй, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын үсэгтэй албан тоот хэрэгжээгүй л байгаа нь харамсалтай. Тоосгон хашаагаар “нүдээ таглуулж”, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ зөрчүүлж, орц гарцаа хаалгуулсан “Есөн-Эрдэнэ” хорооллын иргэд уИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Нийслэлийн Засаг дарга бөгөөд улаанбаатар хотын захирагч с.Батболд гээд хандаагүй газар, уулзаагүй хүн ховор гэдгийг хэлж байна.

Уг хорооллын оршин суугчдыг төлөөлж Н.Энхчимэг “Миний бие нь Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт Есөн-Эрдэнэ хороололд орон сууц худалдан авч амьдарч байна. Тус хороолол нь 642 айлын орон сууц, дөрвөн давхар үйлчилгээний барилга байгууламжтай. 2015 оны долдугаар сард ашиглалтанд орсон. Анх байр худалдан авахад орон сууц үйлчилгээний төвийн орц гарцыг хааж “Хурд групп” тоосгон хашаа барьсан байсан. Энэхүү тоосгон хашааны талаар тус хорооллыг барьсан “Эм Би Би Ди” ХХК-ний удирдлагуудаас асуухад, удахгүй буулгана гэсэн хариулт өгсөн. оршин суугчид бид дээрх хоёр компаний шийдвэрийг хүлээж багагүй хугацаа өнгөрлөө” хэмээн харамсангуй өгүүлсэн.

Мөн тэрээр “Миний бие оршин суугчдаа төлөөлж Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар өргөдөл гаргахад өргөдлийн хариуд “Хурд групп” ХХК-д тоосгон хашааг буулгаж орц гарцыг чөлөөлөх мэдэгдэл өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл орц гарц гаргахгүй байгаа нь иргэн бидний аюулгүй амар тайван амьдрах нөхцлийг хааж чирэгдэл учруулж байна. Иймд миний асуудлыг зохих хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэж Нийслэлийн засаг дарга С.Батболд болоод тухайн үед Д.сарангэрэл сайдыг дарга байхад нь өргөдлийн байнгын хороонд хүртэл мэдэгдсэн. Монгол улсад төр гэж байдаг бол, хууль журам гэж байдаг бол энэ асуудал хуулийнхаа хүрээнд шийдэгдэж иргэн бидний, мөн сургуулийн сурагчдын ая тухтай амьдрах эрх нээллтэй болно гэдэгт итгэлтэй байна” гэв. Мэргэшсэн архитектур Ж.Санчир, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж, Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга о.одбаяр нарын гарын үсэгтэй ерөнхий төлөвлөгөөний схем зургийг хүртэл оршин суугчид үзүүлж байлаа.

Энэхүү сурвалжлагын төгсгөлд “Есөн-Эрдэнэ” хорооллын удирдлагууд “Хурд группыг уИХ-ын гишүүн, сангийн сайд асан Б.чойжилсүрэнгийнх гэдгийг хүн бүхэн мэднэ. Б.чойжилсүрэн гишүүнийг төрийн тулхтай түшээ гэх нь бий. Тиймээс төрийн түшээгийн зангараг үзүүлж, хууль журмаа дээдэлж, иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хүндэтгэж үүсээд буй асуудлыг зөв талаас нь авч үзнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн юм.

Ө.Манлай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *