Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг ирэх сард улирлаар нь олгохоор болсон. Тэгвэл ирэх сараас эхлээд тэтгэлгийн журмыг чангалж, голч оноог нэмэхээр болсон билээ. Тухайлбал, бакалаврын хөтөлбөрт суралцагч 2.0-иос дээш голчтой бол 70 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг байсан. Тэгвэл үүнийг 3.0-иос доошгүй голчтой оюутанд олгохоор болжээ. Харин магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн бакалаврын дипломын голч дүн 2.8-аас доошгүй байсныг 3.2-оос доошгүй байх. Докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн 3.0-оос доошгүй байсныг 3.5-аас доошгүй гэж заажээ.
Тэгвэл үүнийг дагаад урамшууллын тэтгэлэг буюу 70 мянган төгрөг дээрээ нэмж 50, 75 хувийн урамшуулал олгох голчийг ч нэмжээ. Тухайлбал, 50 хувийн урамшууллын тэтгэлэг авах суралцагчийн голч дүн 3.4 болон түүнээс дээш байсныг 3.6 болон түүнээс дээш, 75 хувийн урамшууллын тэтгэлэг авах өдрийн ангийн магистрант, докторантын голч дүн 3.6-аас дээш байсныг 3.8-аас дээш болгон тус тус өндөрсгөсөн байна.