Categories
мэдээ нийгэм

28 автобусны буудлыг шинээр барина

Улаанбаатар хотын хэмжээнд энэ жил улс, нийслэлийн төсөв, замын хөрөнгөөр 47.92 км авто замыг шинээр ашиглалтад оруулж, 51.15 км авто зам, 481.7 метр урт гүүрийг өргөтгөн шинэчлэхээр ажлаа эхлүүлсэн юм.

Уг ажлын хүрээнд хэд, хэдэн газарт авто замыг түр хаагаад байна. Тодруулбал, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний авто замыг өнгөрсөн зургадугаар сарын 6-наас эхлэн хэсэгчлэн хааж шугам хоолойн ажил хийж буй. Энэ ажлын III үе шат буюу сүүлийн үе шатны ажил долдугаар сарын 13-ны 23:00 цагаас эхэлж Улсын их дэлгүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх авто замыг түр хаагаад байна. Шугам хоолойг өргөтгөх ажил ирэх наймдугаар сарын 14-ны 06:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Энэ онд Улаанбаатар хотод нийт 13.6 км авто замын гадаргуугийн ус зайлуулах далд шугамын ажил хийхээр төлөвлөжээ.

Үүнд 120 мянгат, 19-р хорооллын доторх зам талбайн борооны ус зайлуулах шугамын ажил хамаарч байна. Энэ нь борооны ус зайлуулах шугамын томоохон ажлуудад тооцогдож байгаа бөгөөд нийт 55 га талбайг хамарсан 4 салбар шугамаас бүрдсэн 4.6км шугам суурилуулах ажил аж. Одоогийн байдлаар шугамын угсралтын ажил 80-85 хувьтай юм байна. Гэрээнд зааснаар ажил ирэх наймдугаар сарын 1-нд дуусна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцны 7 дугаар хорооллын дотор баригдаж буй хатуу хучилттай авто замыг гадаргуугийн ус зайлуулах шугамтайгаар төлөвлөн хийлгүүлж байгаа аж.

Баянзүрх дүүргийн 20,23,28 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах Улиастайн уулзвараас Гачуурт чиглэлийн 11 км авто замын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Үйлсийн зам” компани шалгарчээ. Авто зам барихад 6.1 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардаж, нийслэлийн төсвөөс гаргаж буй юм байна. Энэ ажил ирэх наймдугаар сарын 30-н хүртэл үргэлжилнэ. Авто зам ашиглалтад орсноор одоогийн 7м-ийн өргөнтэй зорчих хэсгийг 8м болгон өргөтгөж , хуучин 1-ийн диаметртэй 9 ш хоолойг 18,36 у/м төмөр бетон гүүрийн хамт засварлана. Мөн авто замын суурийг цементээр бэхжүүлсэн хайрган сууриар сольж, асфальтобетон хучилт 5 см дэвсэх аж. Шинээр 28 автобусны буудал баригдана.

Дээрх авто замыг барихад авто замын трассын дагууд нийт 119 объект багтсан байна. Үүнээс замын хөвөө даланд орсон хашаа 95, байшин 22, зорчих хэсэгт орсон байшин 4, путк тампр 2 юм байна. Тиймээс газар чөлөөлөх байдлаар авто зам барих ажил үргэлжилж буй ажээ.

Олны нэрлэж заншсанаар 22-ын товчооноос Авто худалдааны цогцолбор хүртэлх 1,56 км авто замын барилгын ажил үргэлжилж байна. Уг авто замын ажлын гүйцэтгэгчээр “Готик голд” компани ажиллаж байна. Гэрээ ёсоор уг замыг ирэх наймдугаар сарын 25-нд ашиглалтад өгнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *