Categories
мэдээ нийгэм

​256 мянга орчим хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар зорьж байна

Сургууль, цэцэрлэгүүдийн шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын явц, хөрөнгө оруулалтын ажлын үр дүнтэй танилцах болон өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд найман ажлын хэсэг өчигдрөөс эхлэн дүүргүүдийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, хяналт хийж байгаа.

Салбарын сайдаар ахлуулсан ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн Тахилт, Эмээлт, 61-ийн гарам болон Жаргалант тосгон зэрэг алслагдсан хороодын 210, 228 дугаар цэцэрлэг болон 12, 62 дугаар сургуулиуд дээр ажилласан байна.

Сонгинохайрхан дүүрэгт 47 цэцэрлэг, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ үзүүлж байгаа аж. Цэцэрлэгүүдийн эрхлэгч нар сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллаж байгаагаа танилцуулсан юм. Түүнчлэн цэцэрлэгүүд үндсэн сургалтаас гадна “Гэр бүлэг” байгуулан ажиллаж байгаагаа ч хэлсэн ажээ.

Ажлын хэсгийн шалгалтаар зарим бүтээн байгуулалтын ажлын чанар дутагдалтай, стандарт хангаагүй гарсан тул тухайн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчдэд зөрчлийг арилгах чиглэл өгчээ.

Жишээ нь, өнгөрсөн онд ашиглалтад орсон Сонгинохайрхан дүүргийн 244 дүгээр цэцэрлэгийн барилгын дээврээс ус гоожиж буй нь барилгын чанар хангалтгүй, холбогдох стандартыг мөрдөөгүйтэй холбоотой гэж үзэж байгаа аж. Шинэ хичээлийн жилд ашиглалтад орох 228 дугаар цэцэрлэг борооны ус зайлуулах суваггүй, хүүхдийн гар угаах угаалтуур сургалтын орчны стандарт хангахааргүй хэт жижиг байгаа зэрэг дутагдал илэрчээ.

Өнгөрсөн хичээлийн жилд улсын хэмжээнд эх хүүхдүүдийн 81.5 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан байна. Энэ жилийн тухайд тус тоог 82 хувьд хүргэх зорилт тавьжээ.

Тодруулбал, улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой 2-5 насны 312611 хүүхэд байгаа бөгөөд үүний 82 хувь буюу 256 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдах аж. Мөн 2018-2019 оны хичээлийн жилд 70 орчим мянган сурагч нэгдүгээр ангид элсэн суралцах юм байна.

З.МӨНХСУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *