Саяхан эртний Египетийн үеийн соёлд хамаарагдах хүрэл муур дуудлага худалдаагаар орж 52 мянган еврогоор зарагдсан байна. Энэхүү хүрэл муурыг эрдэмтэд 2500 жилийн настай хэмээн тодорхойлсон бөгөөд Английн баруун Корнуолл орчмоос олсон аж.
Дуудлага худалдаанд оролцогч ноён Дэвид Лэйгийн ярьснаар хүрэл муурийг анх олж, эзэмшиж байсан Дуглас Лидделл 2003 онд нас барсан байна. Тэрээр өмнө нь “Spink & Son” хэмээх эртний Египет эдлэлүүдийг арилжаалдаг фирмийн захирлаар ажиллаж байгаад 1987 онд тэтгэвэртээ гарч Корнуолл руу нүүжээ. Гэвч түүнийг нас барсны дараа эзэмшиж байсан хүмүүс хүрэл муурын үнэ цэнийг төдийлөн мэддэггүй байсан учир байшингийн агуулахад хаясан байжээ.
Их Британийн музейн мэргэжилтнүүд энэхүү хүрэл муурыг МЭӨ 700-500 жилийн үед Египетийн сурвалжит гаралт язгууртнуудын захиалгаар хийлгэсэн бүтээл хэмээн таамаглаж байна.