Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Уянга: Шууд хэлэхэд ОХУ-ын захиалгаар хүчний байгууллага хөдөлж намайг айлгахаар оролдож байна DNN.mn

“Элийрэгч” Ц.Уянгатай ярилцлаа.

-Эх орноосоо урвасан гэх үндэслэлээр таныг шалгаж байна гэх мэдээлэл гарлаа. Юу болоод байна вэ?

-ТЕГ-аас хоёр удаа утсаар ярьж мэдүүлэг өгөхийг шаардсан. Ямар үндэслэлээр буруутгаж байгааг нь тодруулахад тавдугаар сарын 17-ны өдөр хийсэн жиргээтэй холбоотойгоор н.Батзориг гэх иргэн гомдол гаргасан гэхээс бусдаар тодорхой мэдээлэл хэлэхгүй юм. Иргэний гаргасан гомдлын мөрөөр л мэдүүлэг авахаар болсон юм шиг байна. Хэн нэгний гомдлоор ТЕГ шалгаж байгааг нь хараад гайхлаа.

-Ямар жиргээнд үндэслэж гомдол гаргав?

-Би тавдугаар сарын 17-ны өдөр твиттерт жиргэсэн бүх жиргээгээ шүүж үзлээ. Шүүсэн постуудаа нэгтгээд олон нийтийн сүлжээнд нийтэлж, алийг нь эх орноосоо урвасан гэж үзэж байгааг ойлгохгүй байна гэдгээ ч бичсэн. Магадгүй жаахан ёжлол маягийн пост хийсэн. Бидний зүгээс бие даасан улс орны байдалд түрэмгийлэгч орон хөндлөнгөөс оролцож байгааг эсэргүүцсэн. Нэг хэсэг Засгийн газраас МҮОНРТ-ээр мэдээлэл хийж, иргэдийг буруутгаж байсныг ёжолж хэлсэн төдий. Тэр нь эх орны аюулгүй байдалтай холбогдож, би эх орноосоо урвах үйлдэл мөн үү. Би ойлгохгүй байна.

-Та мэдүүлэг өгөв үү?

-Шалгаж байгаа үндэслэлээ надад тодорхой тайлбарлахгүй байна л даа. Прокуророос тогтоол гаргаж албан ёсоор надад мэдэгдэх ёстой. Хэн нь мэдэгдэхгүй хүн залгаад л ирж мэдүүлэг өгөхийг шаарддаг үзэгдэл байж болохгүй. Ийм тодорхой бус асуудалд очих боломжгүй гэдгээ ч илэрхийлсэн. Энэ чинь өөрөө хууль бус үзэгдэл шүү дээ. Ирж мэдүүлэг өгөхгүй бол дараагийн арга хэмжээг авна гэж хэлж байна лээ.

-Иргэний гаргасан гомдлоор ТЕГ хөдөлдөг болчихсон юм уу?

-Хувийн үзэл бодлоо илэрхийлсний төлөө иргэний гомдлоор ТЕГ хөдөлж байгааг үнэхээр гайхлаа. Оросын элчингийн албан тушаалтан хэн нэгний турхиралтаар л иргэнийг айлгах ажиллагаа явж байна л даа. Миний харж байгаагаар ОХУ-ын захиалгаар л хүчний байгууллага хөдөлж, намайг оролдлоо. Хүчний байгууллагууд ийм хэмжээнд хүртэл ялзарч, үхэжсэн байна.

-Та юм бүхэнд шүүмжлэлтэй хандаж, дайрч доромжилж байгаа харагддаг. Энэ чинь ямар зорилготой юм бэ?

-Нийгмийн болж бүтэхгүй асуудлыг эсэргүүцэхдээ алдаа гаргаж бусдын нэр хүндэд халдсан, гүтгэсэн асуудал бий. Энэ асуудлаар дуудагдаж мэдүүлэг өгч л байсан. Иргэний эрх зүйн шугамаараа асуудлаа шийдвэрлээд л явдаг. Дайныг эсэргүүцсэний төлөө түрэмгийлж байгаа улсынх нь захиалгаар ч юм уу, бидэнд янз бүрийн л арга хэмжээ авлаа. Жагсаал цуглааны тухай хууль зөрчсөн л гэж байна. Өөрсдийгөө эрүүгийнхэн гэж нэрийдсэн бүлэглэлүүдээр дамжуулж биднийг дарамтлуулж л байна. Энэ ажиллагааны хажуугаар төр нүд нь балай, чих нь дүлий л царайлж байгаа нь хачирхалтай. Дайны эсрэг дуугарсан иргэдийг л энэ мэтээр залхаан цээрлүүлж байна л даа. Оросын эсрэг дуугарах л юм бол хэн юу хэлж байгаагаас үл хамаарч амыг нь барьдаг болж. Бидний зүгээс ОХУ-ыг үзэн ядаад, хөөж гарга гэх асуудал хөндөөгүй. Хууль хүчний байгууллага ингэтлээ сандарч Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байгаа нь эргэлзээ төрүүлж байна.

-Та бүхний No war хөдөлгөөнийг хүмүүс янз бүрээр л хүлээж авч байх шиг. Хаа байсан Украины асуудалд хөндлөнгөөс бид оролцож энд янз бүр болох хэрэггүй гэх байр суурийг илэрхийлэх нь түгээмэл байна л даа.

-Манайх Үндсэн хуулиараа ч, нэгдсэн орсон конвенциудаараа дайныг үл тэвчих үүрэг хүлээдэг. Хүн төрөлхтний эсрэг түрэмгийлэл үйлдэх, улс үндэсний дотоод хэрэгт хөндлөнгөөс дээрэнгүй бодлого явуулах, дайн өдөөсөн улс орныг үл дэмжих үүргүүд хүлээдэг. Үүнийг ч үндэсний үзэл санаандаа тусгасан байдаг. Бидний үйл ажиллагааны тухайд аливаа дайны үйл ажиллагаанд санхүүжүүлэх, сурталчлах байр суурь илэрхийлэх, өдүүлэгч талд хамтрагч байхгүй байх гэсэн л агуулгатай. Хэдхэн хүн дайнаа боль гэхэд л хаа байсан Сирийн дайныг ярихгүй яасан юм гэх. Бид улс төр нийгэм, эдийн засгийн бүх талаараа Оросын дарамтад байгаа. Улс төрийн шууд нөлөөтэй улсын тухайд дуугүй суух нь эрсдэлтэй. Болоод өнгөрсөн үйл явдлыг анзаарахад Оросын зааварчилгаагаар Монголын эдийн засагт хор хохирол учруулсан, өөрийн талын улстөрчдийг илэрхий санхүүжүүлсэн, иргэдийг хооронд нь хагалан бутаргаж, нэгийг нь нөгөөгөөр нь айлгадаг, үзэл бодлыг нь хавчдаг үзэгдэл олон жил явж ирлээ. Яг ийм л нөхцөл байдал Украинд гарсан. Олон жил ингэж яваад нэг л өдөр дотоодын үндсэрхэг үзэлтнүүдийг нь дэмжиж, санхүүжүүлж, үндэстэн доторх үндэстэн хоорондын мөргөлдөөн үүсгэж, үүнд хөндлөнгөөс оролцоод эхэлсэн. Энэ бүхэн суртал ухаалгаар манайд тохиолдох бүрэн боломжтой. Хаа байсан нөгөө тивд байгаа асуудал огт биш. Бид яг одооноос энхийн талд үзэл баримтлалаа тодорхойлж, зоригтой дуугарч олон улсад зарлах ёстой.

Өнөөдөр л гэхэд РЦНК дахь Худалдааны төлөөлөгчийн газраар дамжуулж дайны хамтрагч улс мэтээр хүүхдүүдэд сурталчилж, ухуулга хийж байгаа нь гутамшигтай үйлдэл. Ийм асуудалд иргэд үзэл бодлоо илэрхийлж л таарна. No war биш юм аа гэхэд өөр хэн нэгэн үүнийг эхлүүлэх л байсан. Эхлүүлсэн нэгнийг цагдаа, тагнуулаар дарамтлуулаад байвал юу болох вэ. Оросын дам болон дам бус нөлөөгөөр иргэдээ нухчин дардаг ийм асуудал байж хэрхэвч болохгүй.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгэлзүйч Б.Өнөбилгүүн: Хардалт гэдэг нь хэт төсөөлөн бодох сэтгэл зүйн өвчний нэг хэлбэр DNN.mn

Гэр бүлийн сэтгэлзүйч Б.Өнөбилгүүнтэй ярилцлаа.


-Хардалт гэдэг нь сэтгэл зүйн өвчин мөн үү?

-Хардалт гэдэг нь хэт төсөөлөн бодох сэтгэл зүйн өвчний нэг хэлбэр. манайхан ерөнхийдөө хайртай бол хартай гэх мэтээр байх ёстой юм шиг үздэг. гэтэл энэ нь сэтгэцийн маш хүнд өвчин. хүндрэх хэлбэр нь хүний аминд хүртэл хүрдэг. Жишээ нь, өнгөрсөн долоо хоног буюу тавдугаар сарын 23-ны өдөр хоригдож байсан хүн эргэлтээр очсон эхнэрийнхээ амийг хөнөөж, өөрийнхөө амийг егүүтгэсэн хэрэг гарсан байна лээ. Хардалт бол энэ түвшинд очих хүртлээ хүндэрдэг. Өөрийгөө егүүтгэх, бусдын аюулгүй байдалд халдах, эхнэрийн буюу хамтран амьдрагчийнхаа орон зайд бүдүүлгээр орж ирэх, хүн амины хэрэг гарч байгаа шалтгаан нь 100 хувь хардалттай холбоотой гэж хэлж болохгүй ч ерөнхийдөө хувь хэмжээний хувьд өндөр холбогдолтой юм.

-Бусдын эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах хүртлээ хардалт нь ямар шат дамжлагаар яаж явагддаг юм бол?

-Ерөнхийдөө хардалт маш багаас эхэлдэг. Хосуудын харилцаа эхэндээ бие биедээ маш халамжтай, хэн хэнийгээ харамлаж байгаа мэтийн сэтгэгдлийг төрүүлдэг. Тэр нь хэзээ ч нэг хэмжээндээ байдаггүй. Байнгын ихэсч байдаг. Хардалт нь хий төсөөлөн бодох, түүндээ итгэдэг өвчин. Энэ нь байнга л нэмэгдсээр байна. Хүний тархинд ямар процесс явагдаад байна гэхээр эхлээд хүн хий төсөөлөн бодно. Түүнийгээ баталгаажуулах хүсэл цаанаасаа маш их төрдөг. Баталгаажуулах процесс хийж байж хүний тархинд допомайн (Dopomine) буюу тамхи татсаны дараа, эсвэл секс хийсний дараах тайвширсан мэдрэмжийг төрүүлэх гормон ялгардаг.

Тэгэхээр нэг үгээр хэлбэл эхнэрийгээ өөр хүнтэй уулзаж байгаа даа хэмээн хий төсөөлөн бодож буй бодолдоо өөрөө бүрэн итгээд, утсан дээр нь тэр хүнтэйгээ харилцсан ямар нэгэн мессэж байгаа хэмээн өөртөө итгүүлчихэж байгаа гэсэн үг.

Түүнийгээ шалгаж байж тэрхүү допомайн ялгарч тайвширдаг. Өөрөөр хэлбэл, тамхи татах гээд хүсээд хайгаад байдагтай адилхан түүнийг шалгах боломж нөхцөлийг хайж байдаг. Түүнийгээ баталгаажуулаад шалгасны дараа тамхи татаад тайвширдаг шиг допомайн ялгарч тайвшралыг авдаг. Энэ нь олон удаа давтагдаад ирэхээр донтолт болдог гэсэн үг. Тэгэхээр тухайн хүн эхнэрийнхээ бүх зүйлийг шалгаж үздэг, бүх зүйлийг баталгаажуулдаг, бүх зүйлд нь чек хийж байж тайвширсан мэдрэмж авдаг. Энэ нь нэг талаас сэтгэцийн өвчин ч нөгөө талаас донтолт гэсэн үг.

-Хүн өөрийнхөө сэтгэхүйд ийм тал байна шүү хэмээн анзаараад, түүнийгээ донтолт болгохгүйн тулд ямар нэгэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч болох уу?

-Үүнд ерөнхийдөө мэргэжлийн хүмүүс л туслалцаа үзүүлж чаддаг. Хүн өөрөө анзаарвал хамгийн эхэнд тэр хүн асар их зүйлийг боддог болчихдог. Дээрээс нь маш таагүй, тавгүй мэдрэмжийг мэдэрдэг.

Одоо ажил руугаа явсан болов уу, очсон болов уу, ажил дээрээ байгаа болов уу гээд алхам тутмыг нь боддог. Түүнийгээ баталгаажуулах зүйлээ хийх гээд л эрж хайж байгаа үйлдэл илрээд эхэлбэл “За би сэтгэцийн хувьд ийм өвчтэй болж байгаа юм байна” гэдгээ анзаарч ойлгоно. Гэхдээ энэ өвчин хоёр тохиолдолд илэрдэг. Нэгдүгээрт, тухайн хүн маш багаас эхлүүлээд өөрөө мэдэхгүйгээр тэр өвчин даамжираад яваад байдаг. Хоёрдугаар тохиолдол нь маш хүнд цохилтоос болж сэтгэцийн өвчтэй болдог.

Жишээ нь, тэр нь гэр бүлийн араар тавилт хууралт ч юм уу, маш их итгээд явж байсан хүн нь хуурчихсан ч юм уу, араар тавьсныг өөрөө гарцаагүй байдлаар мэдчихсэн ч юм уу тохиолдлууд бий. Араар тавилтын дараа хүний оюун санаанд маш хүчтэй цохилт орж ирдэг. Энэ цохилт нь сэтгэцийн эрүүл мэндийн гурван үндсэн дамжлагын хамгийн сүүлийн том шатанд орохоор хүнд хэмжээний цохилт байдаг. Хайртай хүнээ алдах, маш хүнд өвчин туссанаа мэдэх, эсвэл гэнэтийн байдлаар маш хүнд шоконд орох хэмжээний мэдээлэл авах гэх мэтэд хүний сэтгэл зүй маш хүнд цохилтод ордог. Сэтгэл зүйн хамгийн сүүлийн шатанд очтолоо хүн сэтгэл санаагаар унадаг. Жишээлбэл, хүүхэд нь нас барчихсан мэдээг гэнэт дуулсан хэмжээний хүнд цохилтыг хүн авдаг. Үүнээс үүдээд хардалтын цочмог үүсэл болох тохиолдол байдаг.

-Хүн архины хамааралтай болсноо хүлээн зөвшөөрдөггүй шиг хардалттай гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй байх. Тийм үү?

-Хардалттай гэдгээ мэдсэн хэрнээ ихэнх хүмүүс хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр хамгийн эхний процесс би хардалттай юм байна. Энэ бол сэтгэцийн өвчин, донтолт юм аа гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрөх, өвчин гэдэгтэйгээ эвлэрэх шаардлагатай. Ихэнх хүмүүс хүлээн зөвшөөрдөггүй учраас энэ өвчний эсрэг ямар нэгэн үйлдэл хийдэггүй. Эхний ээлжинд тэр хүн ийм өвчтэй гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Түүний дараа нөгөө хүнтэйгээ, гэр бүлийнхээ хүнтэй, хамтран амьдрагчтайгаа маш сайн ярилцаж, өөрсдийн гэсэн хил хязгаарыг тогтоох ёстой. Нэг ёсондоо эхнэр болгоод авчихлаа гэсэн шиг тэр хүний орон зайд хязгааргүйгээр нэвтэрч болохгүй. Тэр соёлыг гэр бүл дотроо бий болгох ёстой. Би чиний эхнэр, би чиний нөхөр гэхээрээ л бүх зүйлд нь оролцоод, хувийн орон зай гэдэг зүйлийг өгдөггүй, бүх зүйлд нь дураараа нэвтэрдэг, дураараа халддаг. Энэ нь нөгөө хүнийг маш их нервтүүлдэг. Бид мэдрэлийг мэрнэ гэж ярьдаг. Байнга тухайн хүнээ нервтүүлж мэрдэг, стресстүүлдэг. Ийм үзэгдлүүд манай нийгэмд, Монголын нөхцөлд маш түгээмэл. Энэ нь гэр бүл дотор байх ёстой юм шиг байдаг болчихлоо. Үүнийг таслан зогсоохын тулд анхнаасаа яах ёстой вэ гэвэл гэр бүл өөрсдийн гэсэн соёлтой байх ёстой. Энэ нь юу вэ гэхээр хувийн орон зай гэдгийг хүндэтгэх ёстой. Үүнийг сүүлийн үед Зөрчлийн хуулиар ч гэсэн хуульчлаад өгчихлөө. Гэр бүл харилцан ярилцах, өөрийгөө хүлээн зөвшөөрөх, дээрээс нь гэр бүл дотор тодорхой хэмжээний дүрэм журам, соёл гэдэг зүйлийг нэвтрүүлж байж энэ зүйлийн эсрэг дорвитой зогсох боломжтой болдог. Нөгөө гаргалгаа нь мэргэжлийн сэтгэлзүйчид хандаад, эхнэр нөхөр хоёр хамтдаа курс эмчилгээ, ярилцлагуудад яваад, бага багаар даалгавар давж, хамтдаа хийж байж энэ өвчнөөс салах боломжтой.

-Нөгөө талаас эхнэр нь нөхрөө, нөхөр нь эхнэрээ намайг хардаад байна гэдгийг ямар үйлдлээс нь харж анзаараад, бие биеэ эмчлүүлэх эсвэл ярилцах боломжтой вэ?

-Ерөөсөө гэр бүлийн сэтгэл зүйн тавгүй байдал. Тэр хүн аз жаргалтай бус байгаа байдал. Мөнгө төгрөг, гэр оронд нь байх ёстой бүх зүйл байгаад байдаг. Үр хүүхэд нь байгаад байдаг. Гэтэл тэр эхнэрээсээ, нөхрөөсөө мэдрэх сэтгэл зүйн амар амгалан байдлыг мэдрэхгүй байгаа бол хардалттай тодорхой хэмжээний холбоотой байдаг. Нөгөө талаас жишээлбэл, үзэл бодлын зөрчилдөөн байна. Гэхдээ үзэл бодлын зөрчилдөөн бол түр зуурынх. Нэг сэдэв дээр ойголцохгүй асуудал гардаг бол хардалт нь тийм биш. Байнгын цаг мөч бүхэнд тухайн хүнийг тавгүй байдалд өртүүлдэг. Үүгээрээ ялгаатай. Таныг цаг мөч тутамд үгээр идээд ч юм уу, сэтгэл санаагаар мэрээд л, нервтүүлээд байх юм бол энэ нь хардалттай холбоотой байх магадлал маш өндөр гэсэн үг. Энэ тохиолдлыг хүмүүс өөр дээрээ тусгаж бодоод хэрэв хоёр дахь тохиолдол нь байх юм бол манай гэр бүл дотор хардалтын сэтгэцийн өвчин байгаа юм байна. Үүнийг мэргэжлийн хүнд хандаж, энэ асуудлаар зөвлөгөө мэдээлэл авч эмчлүүлэх ёстой юм байна гэдгээ таньж байгаа юм. Нөгөө талаар манай нийгэмд мэргэжлийн сэтгэлзүйч дээр очоод цагийн төлбөрийг нь төлөөд, зөвлөгөө мэдээлэл аваад байх чадамж ихэнхэд нь алга. Манай сэтгэлзүйчдийн төлбөр бас өндөр шүү дээ. Үүнийг төлөөд эмчлүүлээд явах гэр бүл цөөхөн байна. Тэгэхээр гэр бүлийнхэн өөрсдийгөө анзаараад, хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрөөд хоорондоо маш сайн ярилцах хэрэгтэй. Тодорхой хэмжээнд гэр бүлийнхэн дотроо жижигхэн дүрэм хэрэгжүүлээд, өөрсдөдөө менежмент хэрэгжүүлээд сурчих хэрэгтэй. Эмнэлгийн анхан шатны тусламж гэдэг шиг гэр бүлдээ авах арга хэмжээний бяцхан арга юм.

-Хардалтыг эмчлэхгүй удвал ямар үр дагавартай вэ?

-Хардалт гэдэг нь хэзээ ч сайн үр дүнд хүргэдэггүй. Заавал нэг сөрөг үр дагаврыг авчирч байж хосуудын харилцаа дуусах болдог. Ихэвчлэн салалтаар дуусдаг. Хардалт нэг талаас хэт өмчлөх сэтгэлгээ юм. Энэ хүн 100 хувь минийх гэсэн өмчлөх сэтгэлгээ маш их ноёрхсон хүнд ерөнхийдөө хардалтын шинж тэмдгүүд нь маш хурдан өсч хөгждөг. Нөгөө талаас хүний хувийн орон зай гэдэг зүйлийг үгүйсгэдэг. Тухайн хүнтэйгээ миний өмч хөрөнгө, эд зүйл мэтээр харьцаж эхлэхээр тухайн соёлоосоо үүдээд хардалт маш аймшигтай үр дүнг авчрах магадлалтай. Бас нэгэн хардалтыг авчирдаг зүйл нь алдахаас айх мэдрэмж. Энэ хүнийг алдчих вий дээ гэсэн алдахаас айх айдас байдаг. Энэ алдахаас айх айдсын нэг үндэс нь өөртөө итгэлгүй байдал. Өөртөө итгэлгүй хүн хажуудах хүнээ алдахаас маш их айдаг.

Алдахаас айгаад ирэхээр хардалт гэдэг зүйл бий болдог. Үүн дээр хэт өмчлөх сэтгэлгээ нэмэгдээд ирэхээр хардалт нь цааш даамжирдаг. Үүнээс үүдээд нөгөө хүн нь хажууд нь байгаа ч гэсэн хардах тоолондоо тэр хүнээ нэг алхмаар өөрөөсөө холдуулж байдаг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр луу өдөр DNN.mn

Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 03. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 14. Санчир гараг. Онгоц одтой, зургаан цагаан мэнгэтэй хар луу өдөр. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан DNN.mn

2023 оны 06-р сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулал ирэх сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ DNN.mn

Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 2023 оны тавдугаар сарын 29-өөс зургаадугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулна.

Зорилтот бүлгийн нас:

Улаанбурхан, улаануудын эсрэг хавсарсан вакцины нэмэлт дархлаажуулалтад улсын хэмжээнд 10 сартайгаас-8 настай хүүхдүүд хамрагдана.

Сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэгэн вакцин, иммуноглобулин тариулсан хүүхдэд улаанбурхан, улаануудын эсрэг хавсарсан вакциныг хойшлуулж сарын зайтай тарина!

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах 20 байршил DNN.mn

Энэ амралтын өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг дараах 20 байршилд зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн шилдэг сурагчид тодорчээ DNN.mn

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жил бүр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит “Шилдэг сурагч” шагналыг улс, олон улсын чанартай олимпиад, уралдаанд өндөр амжилт гаргасан сурагчдад олгодог уламжлалтай. Тэгвэл өнөөдөр уг шагналыг 19 сурагчдад гардуулав.

Тодруулбал, 2022-2023 оны хичээлийн жилд улсын төрөлжсөн олимпиадад 38.600 сурагч оролцсоноос нийслэлээ төлөөлөн оролцож, аваргаар шалгарсан сурагчид болон олон улсын чанартай олимпиадад өндөр амжилт гаргасан сурагчид “Шилдэг сурагч” шагналыг хүртлээ. Шагналыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар гардуулсан юм. “Шилдэг сурагч”-аар шалгарсан сурагчид сэтгэгдлээ хуваалцлаа.

“Шинэ эрин” сургуулийн сурагч М.Гантигмаа:

-Миний хувьд АНУ-д зохион байгуулсан Олон улсын математикийн “АМО” олимпиадад оролцож, алтан медаль хүртсэн. 12 жил нэг хамт олон болж, найзалж нөхөрлөсөн ангийнхандаа, мөн биднийг үргэлж дэмжиж, тусалж байдаг ангийн багшдаа баярлалаа. Маргааш болох хүүхдийн баярын мэнд хүргэе.

“Шинэ зуун билэг” сургуулийн сурагч Ц.Улсболд:

-Улсын техник, технологийн олимпиадын “Авто загвар”-ын төрөлд оролцож, түрүүлсэн. Би сургуулиа төгсөөд инженер болохоор зорьж байгаа. Аавынхаа нэрийг дуудуулаад “Шилдэг сурагч”-ийн шагналаа гардаж авахад өөрөөрөө бахархах сэтгэл төрлөө.

14 дүгээр сургуулийн сурагч М.Болорханд:

-Миний хувьд Улсын техник, технологийн олимпиадад оролцож, “Дүрслэх урлаг”-ийн төрөлд тэргүүн байр эзэлсэн. Хамгийн түрүүнд сургуулийнхаа гар зургийн багшид талархлаа илэрхийлмээр байна. Үргэлж зөвлөж, дэмжиж, урам өгч байдагт баярлалаа. Ангийнхан, сургуулийн найзууд, захиралдаа бас баярлалаа гэж хэлмээр байна.

“Оюунлаг” сургуулийн сурагч А.Тэргэл:

-Би Нийслэлийн мэдээллийн технологийн олимпиадад оролцоод, тэргүүн байр эзэлсэн. Юун түрүүнд ангийнхан, багш нартаа, гэр бүлдээ талархмаар байна. Мөн “Accepted” сургалтын төвийн багшдаа, сургуулийнхаа мэдээлэл зүйн багш нартаа баярлалаа. Үргэлж дэмжиж байдагт баярлаж явдаг шүү хэмээв.

Ташрамд дурдахад, өнгөрсөн жил “Шилдэг сурагч”-аар Ази тивийн болоод олон улсын физик, хими, математик, биологийн хичээлийн олимпиадад Улаанбаатар хотоо төлөөлөн оролцсон сурагчид төдийгүй Москва хотноо зохион байгуулсан Олон улсын мегаполис хотуудын VI олимпиадад ганцаарчилсан болон багийн дүнгээр медаль хүртсэн сурагчид тодорч, 26 сурагч уг шагналыг хүртэж байсан билээ. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 364 мянган хүүхэд суралцаж байгаа бөгөөд төгсөх ангид 14.340 сурагч суралцаж байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх амралтын өдрүүдийн цаг агаарын төлөв DNN.mn

Мэдээ.МН

Малчид, иргэдэд анхааруулах мэдээ:

Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булганы нутгаар орж буй ахиухан хэмжээний бороо шөнөдөө үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2023 оны 05-р сарын 31-ний 20 цагаас 06-р сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутаг, Халх голын сав газраар +8…+13 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +5…+10 градус, Орхон, Сэлэнгэ, Халх голын сав газар, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +20…+25 градус, Их нууруудын хотгор, Эг, Үүр, Хэрлэн, Туул голын хөндийгөөр +14…+19 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +14…+16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +2…+4 градус, өдөртөө +12…+14 градус дулаан

2023 оны 06 дугаар сарын 02-ноос 06 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

2-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -3..+2 градус, өдөртөө +7…+12 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +17…+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +21…+26 градус, бусад нутгаар шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +13…+18 градус дулаан байна. 3-наас баруун аймгуудын нутгаар, 4-нөөс нийт нутгаар дулаарна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд сургуулийн өмнөх боловсролын насны 208,891 хүүхэд байна DNN.mn

Цэцэрлэг нээхэд ямар бичиг баримт шаардлагатай вэ. Орон сууц, байшинд  хувийн цэцэрлэгийг эхнээс нь хэрхэн нээх вэ

Нийслэлд сургуулийн өмнөх боловсролын насны 208,891 хүүхэд байна. Үүнээс 107,092 буюу 49% нь эмэгтэй хүүхэд бол 101,799 буюу 51% нь эрэгтэй хүүхэд байна. Харин ерөнхий боловсролын сургуулийн насны 379,515 хүүхэд байгаагаас 185,692 буюу 49% нь эмэгтэй хүүхэд, 193,823 буюу 51% нь эрэгтэй хүүхэд байна.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй барьсан 101 гараашийг буулгав DNN.mn

Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын алба Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай А/321, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Газар чөлөөлөх тухай А/250, А/251, А/252, А/253 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 101 ширхэг тоосгон гараашыг буулган, нийтийн эзэмшил газрыг чөлөөлөх ажил явагдаж байна.