Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“The Hu” хамтлаг Монголд анх удаа бүрэн хэмжээний тоглолт хийнэ DNN.mn

Дэлхийн монгол хамтлаг “Хү” анх удаа эх орондоо тоглохоор боллоо. Тэд экстрим, энтертайнмент, экспо гурвыг хослуулах “POWER EXPO & FEST” наадмын тайзнаа тоглох юм байна. Тодруулбал, тус фестиваль 2023 оны зургаадугаар сарын 1-4-ний хооронд буюу дөрвөн өдрийн турш үргэлжилнэ.

Өөрөөр хэлбэл “The HU” хамтлаг эх орондоо анх удаа бүрэн хэмжээний задгай талбайн тоглолтоо хийхээр болж буй нь энэ юм. “Хү” хамтлагийн хувьд ирэх зургаадугаар сард Европын орнуудаар урт хугацааны аялан тоглолтоо хийхээр төлөвлөөд буй.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаанаар ҮХНӨ-ийн төслийг хэлэлцэж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна.

Хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл, Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээ, Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдалтын явц, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт зэрэг асуудлыг хэлэлцэх тов гарчээ.

Нийт 31 асуудлыг хэлэлцэх ба 14 цагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх аж.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.6 тэрбум ам.доллараар өсчээ DNN.mn

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2023 оны эхний 4 сарын гүйцэтгэлээр 7.7 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны дүнгээс 50.4 хувиар буюу 2.6 тэрбум ам.доллараар өссөн байна. Үүнд экспортын 2.3 тэрбум ам.доллар импортын 0.3 тэрбум ам.доллар нөлөөлжээ.

Экспортын дүн импортын дүнгээс 2.4 тэрбум ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.
Монгол Улс дээрх хугацаанд дэлхийн 125 улстай худалдаа хийснээс 54 улсад бараагаа экспортолж, 121 улсаас бараа импортолсон байна.

Экспорт:

Экспорт 5.1 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 2.3 тэрбум ам.доллараар буюу 81.6 хувиар өссөн байна. Үүнд эрдэс бүтээгдэхүүний экспортын 2,2 тэрбум ам доллар буюу 95,1 хувиар өссөн өсөлт шууд нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт нь нийт экспортын 88,7 хувийг дангаараа эзэлж байна. Эрдэс бүтээгдэхүүний гол бүтээгдэхүүн бол чулуун нүүрс бөгөөд нийт эрдэс бүтээгдэхүүний экспортын үнийн дүнгээр 67,9 хувийг, нийт экспортын 60.2 хувийг дангаар эзэлсэн байна. 2022 онд чулуун нүүрс нь нийт экспортын 51.8 хувийг эзэлж байсан бол 2023 оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 60.2 хувь болж 8.4 функтээр өссөн байна.

Чулуун нүүрсний хувьд эхний 4 сарын байдлаар 19.0 сая тонн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.2 сая тонноор буюу 5.0 дахин өссөн байна. Тухайлбал Гашуунсухайт боомтоор 10.4 сая тонн экспортолсон байна энэ нь өмнөх оноос 8.3 сая тонноор буюу 5 дахин өссөн, Шивээхүрэн боомтоор 4.8 сая тонн, Ханги боомтоор 1.6 сая тонн экспортолсон өмнөх оноос 1.3 сая тонноор буюу 5,3 дахин өссөн, Булган боомтоор 809.1 мянган тонн экспортолсон өмнөх оноос 58.8 мянган тонноор буюу 7.8 хувиар тус тус өссөн байна.

Зэсийн баяжмалын хувьд эхний 4 сарын байдлаар 483,3 мянган тонныг экспортолсон нь 2022 оны мөн үеэс 14,1 мян.тн-оор буюу 3,0 хувиар өссөн байна.

Импорт:

Импортоор нийт 2,7 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 оны мөн үеийн гүйцэтгэлээс 311,0 сая ам.доллараар буюу 13,2 хувиар тус тус өссөн байна. Үүнд нефтийн бүтээгдэхүүний импорт 44.8 хувиар,

Машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэгийн импорт 31,5 хувиар өссөн нь шууд нөлөөлжээ.

Импортын бүтцийг авч үзвэл нийт импортын 10.8 хувийг хүнс, 21.1 хувийг нефтийн бүтээгдэхүүн, 37.3 хувийг автомашин, техник тэдгээрийн эд анги, үлдсэн 30,8 хувийг бусад бараа бүтээгдэхүүн эзэлж байна.
Импортын гол бараа бүтээгдэхүүний мэдээллийг хүргэе. 2023 оны эхний 4 сарын байдлаар 18781 ш суудлын автомашин, 5712 ш ачааны автомашин импортлогдсон байна.

Мөн 215,2 мянган тонн автобензин 394,0 мянган тонн дизель түлш импортлогдсон байна.

Categories
мэдээ улс-төр

Унгар улсын Үндэсний ассамблейн дарга Көвер Ласло Монгол Улсад хийх айлчлал маргааш эхэлнэ DNN.mn

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Унгар улсын Үндэсний ассамблейн дарга Көвер Ласло тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Унгар улсын Үндэсний ассамблейн дарга Көвер Ласло нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Унгар улсын Үндэсний ассамблейн дарга Көвер Ласлод бараалхана.

Монгол Улс Унгар улстай 1950 оны дөрөвдүгээр сарын 28-нд дипломат харилцаа тогтоосон. Энэхүү айлчлал нь Унгар улсын Үндэсний ассамблейн даргын түвшний Монгол Улсад хийх хоёр дахь айлчлал бөгөөд манай хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Тариаланч Х.Даваахүү: Тавдугаар сардаа дулаарахгүй бол үр тариа соёолохгүй, гарц муудах байх DNN.mn

-ТАВДУГААР САРЫН 10-НААС ТАРИАЛАЛТ ЖИГДЭРНЭ-


Энэ жилийн хаврын тариалалтын талаар болон цаг агаарын хувьд ямархуу шинж төлөвтэй байхыг тодрууллаа. Эхлээд тариалангийн бүс нутгуудын хур тунадасны талаар Монгол Улсын гавьяат агрономич, ХААИС-ийн доктор, профессор Б.Дорж гуайгаас тодруулсан юм.


-Энэ жил бүс нутгуудын хувьд тариалалт хийхэд ямар байх вэ. Тавдугаар сарын хувьд олон жилийн дунджаас сэрүүхэн гээд байгаа. Хаврын тариалалт цагтаа эхэлж чадах болов уу?

-Энэ жил ер нь жаахан эвгүй л байна. Зүүн аймгийн нутаг Дорнод талын бүс рүү, Хэнтий, Сүхбаатар, Халхын гол зэрэг газруудад олон жилийн дунджаас бага тунадастай байгаа. Энэ бол нэлээд ноцтой асуудал. Төвийн бүсэд арай гайгүй. Олон жилийн дунджийн орчим, зарим газраараа жаахан илүү ч тунадас унах төлөвтэй гарсан. Ер нь газар тариалангийн суулгацын ажлыг тавдугаар сардаа багтаагаад дуусгах хэрэгтэй гэдэг. Гэтэл ингэж хүйтэрч байгаа нь тариалалтыг гаргахгүй бариад байх нь. Хүйтэн хөрсөнд унасан үр соёолдоггүй. Тэгэхээр энэ жил жаахан явдалтай байна л даа.

-Нутгийн хойд хэсгээр ямар байх бол?

-Булган, Хөвсгөл рүү тунадас гайгүй унах төлөвтэй. Булган аймгийн тариалалтын компаниуд гайгүй гэж төлөвлөөд байгаа боловч бас л хүйтний асуудал хэцүү байна л даа. Тэнд бүр илүү хүйтэн байх төлөвтэй.

-Баруун бүс рүү ямар байх вэ?

-Баруун бүсэд ноднин ч олигтой байгаагүй. Хамгийн их тариалалт нь 20 гаруй мянган га талбайтай Увсын Баруунтуруун юм. Тэнд угтвар ч хийгдэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, одоо хөрсөнд байх чийгийг бид угтвар чийг гэдэг. Тэр нь үрийн соёололт хийгддэг ач холбогдолтой. Гэтэл тэр нь баруун бүсэд хүрэлцээ муутай. Ерөнхийдөө зургадугаар сарын тунадас Хөвсгөлдөө арай гайгүй. Баруунтуруунд олигтой юм байхгүй төлөвтэй. Энэ нь сэтгэл зовоосон асуудал болоод байна.


Агрономич Б.Дорж гуай ийнхүү урьдчилсан төлөвт сэтгэл зовж буйгаа илэрхийлсэн юм. Ингээд энэ жилийн тариалалтын ажил эхэлсэн эсэх, ямар нөхцөл байдалтай байгааг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнээс тодрууллаа.


-Энэ жилийн тариалалт хэзээ эхлэх вэ?

-Ерөнхийдөө ганц нэг газруудад тариалалт эхэлчихсэн. Яг жигдэрч эхлээгүй л байна. Эрт тариалдаг Хэнтий аймагт одоогоор эхлээд явж байгаа. Тавдугаар сарын аравд гаргаад ерөнхийдөө тариалалт жигдэрч эхэлнэ. Технологийн хугацаа нь тэр.

-Хичнээн га талбайд тариа буудай тарих уу. Төмс хүнсний ногоогоо яаж тариалах вэ?

-Энэ жил 390 мянга гаруй га-д үр тариа тарина. Төмс 20 мянга орчим га-д, хүнсний ногоо 12 мянган га-д тариална. Тэжээл 70 мянга орчим, тосны ургамал 60 мянга орчим га-д тариалахаар төлөвлөсөн.

-Тавдугаар сарын цаг агаарын байдалд тариаланчид их санаа зовж байх шиг байна. Хугацаандаа эхлэх боломжтой юу?

-Хугацаандаа тариалалтаа эхэлнэ. Цаг агаар олон жилийн дунджаас жаахан сэрүүхэн байх магадлалтай байгаа. Гэхдээ тавдугаар сараас гайгүй болох байх. Технологийн хугацаа нь арай болоогүй. Температур шөнөдөө 10 градус орчим хүрсэн тохиолдолд илүү эрчимжээд явдаг.

-Түлш шатахуунтай холбоотой асуудал бий юу. Хүрэлцээ хэр байгаа вэ?

-Мэргэжлийн байгууллагууд нь гайгүй л гэж үзээд байгаа. Шатахуун импортлогч компаниуд хангалттай байгаа гэсэн.

Хүнс хөдөө аж ахуйн яамнаас албан мэдээллийг ийнхүү авлаа. Тариаланчдын нөхцөл байдал ямар байгаа талаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэр Баруунхараад тариалалт эрхэлдэг “Түмэнботь” компанийн захирал Х.Даваахүүтэй ярилцлаа.

-Танай нутгаар хаврын тариалалт ямархуу нөхцөл байдалтай байна вэ?

-Одоогоор эхлээгүй байна. Тавдугаар сарын 5-6-ны өдрүүдээс эхэлнэ дээ. Цаг агаар одоохондоо хувьсгануур, таатай биш, хөрсний температур 10 градус хүрэх яагаа ч үгүй байна. Өчигдөр (уржигдар) л жаахан нар гарлаа. Бусад үед сэрүүвтэрхэн л байна. Гэхдээ ажлаа 5-6-наас эхлүүлнэ ээ.

-Танай компани энэ жил хичнээн га-д тариалалт хийх вэ. Энэ жил сэрүүхэн байх төлөвтэйг цаг уурчид анхааруулж байна. Та бүхэн яаж төлөвлөж байна вэ?

-Зуны улиралдаа гайгүй болчихно байх аа. Тавдугаар сард л хувьсгануур сэрүүхэн байх шинжтэй. Тэгэхээр соёо жаахан оройтож л гарах байх гэж бодож байна.

-Техник технологийн хувьд ямар байгаа вэ. Түлш шатахууны олдоц хэр байна вэ?

-Хөдөө аж ахуйг дэмжих сангаас дэмжлэг өгдөг байснаа больсон. Хуучин жаахан юм өгдөг байсан юм. Энэ жил гэрээ хийх газар олдоогүй гээд өгөөгүй юм гэнэ лээ. Тийм учраас өөрсдөө шатахуунаа авч байгаа. Шатахууны бөөний үнэ 1 тн нь 3.180.000 төгрөг байна лээ. Хүн болгон л өөрсдийнхөө нөөц бололцооны хэмжээгээр шатахуунаа авч нөөцөлж байх шиг харагдана лээ. Түүнээс шатахуун дутсан, гацсан асуудал алга шиг байна. Тариаланчдад зориулж улсаас бага хүүтэй зээл өгч байгаа шүү дээ. Би Сангийн зээл аваагүй. Улсууд нэлээд зээл авч байх шиг байна. Баруунхараагаар миний таньдаг мэддэг хүмүүс ажил үйлдвэрлэлээ явуулах л юм ярьж байгаа болохоос тэр нь дутуу, энэ нь хүрэлцээгүй гэж ярих нь харьцангуй гайгүй л байна. Цаг уурын хувьд байгалийн үзэгдлийг яаж ч чадахгүй шүү дээ. Тавдугаар сардаа дулаарахгүй хүйтэн байгаад байвал үр тариа соёолохгүй гарц жаахан муу л болох байх даа. Яадаг шуу юм байгаа юм дээ.

-Тэгэхээр тавдугаар сард сэрүүхэн байвал намар ургац муу авна гэсэн үг үү?

-Ургацын хувьд таатай зүйл биш. Муу л юм болох байх. Тавдугаар сардаа дандаа хүйтэн байгаад байвал сайн зүйл ч болохгүй л дээ. Гэхдээ түүнийг урьдчилж хэлэх аргагүй. Дулаан өдрийн тоо нь сэрүүнээсээ олон байвал тэгээд болох л байх. Тэгэхгүй бол хөрсөнд 10 градусын дулаан буюу түүнээс дулаан байж л ургац соёолох нөхцөл бүрдэнэ шүү дээ. Дөрөвдүгээр сард ерөнхийдөө сэрүүхэн байлаа. Өдийд уг нь хөрс сайхан халчихсан байдаг. Цаашдаа гайгүй дулаарах байлгүй дээ.

-Өөр тулгамдсан асуудлууд байгаа юу?

-Одоохондоо харьцангуй гайгүй байна гэж би ойлгоод байгаа. Аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга биш учраас бүгдийг нь сайн мэдэхгүй юм. Өөрийн хэмжээнд уулзаж, ярьж байгаа Номгон, Хушаатын таньдаг хүмүүс маань үндсэндээ 10-наас, 5-наас эхэлнэ л гэж ярьж байна лээ. Шатахуун түлшний хувьд хүрэлцээтэй байх шиг ажиглагдсан. Бага хүүтэй зээлийг овоо өгч байгаа учраас мөнгө нь байвал шатахуун нь байна гэсэн үг. Бусдаар дутуу зүйл алга.

-Цаг агаар л сайхан байвал тариаланчдад бусад зүйл асуудалгүй л байгаа юм байна. Тийм үү?

-Тариаланчдын хувьд мөнхийн хоёр л сэдэв байдаг. Нэгдүгээрт, хөрсний үржил шим жилээс жилд муудаж байгаа. Жил бүр бордоо хийх ёстой. Гэтэл 1 тн бордоо 2.8 сая төгрөг. 1 га-д доод тал нь 50-60 кг-ыг хийхгүй бол болдоггүй. Тэгэхээр 100 га-д ядахдаа 6 тн бордоо авна. 6 тн бордоо 18 сая орчим төгрөг болно. 100-хан га-д шүү дээ. Тиймээс нөгөө тариаланчид нь бордоогоо авч хүчирдэггүй. Түүнийгээ жил болгон хийх ёстой. Жил бүр хийдэг учраас их зовлонтой. Бид чинь төрийн газрыг эзэмшиж байгаа шүү дээ. Жил болгон бордоогоо хийж чадахгүй учраас хөрсний үржил шим жилээс жилд муудаж байгаа. Газар, шороо, хөрс төрийн өмч учраас төр үүнд их бага хэмжээгээр анхаарах ёстой. Жил болгон урамшуулал гэж өгч байхаар бордоо юм уу, эсвэл бордооны үнийг хөнгөлдөг юм уу нэг шийдтэй юм хиймээр байна. Тэгэхгүй бол намайг анх тариаланч болж байх 1970-аад оны сүүлчээр хөрсний шим тэжээлт өнгөн хэсэгт 28 см байсан. Одоо үндсэндээ 12 см буюу түүнээс бага болж байна. Агрономын хуулиар “Хөрснөөс чи юу авна тэр хэмжээгээр эргүүлж өг” гэдэг. Бид хөрснөөс авсан хэмжээгээрээ эргүүлж бордох ёстой. Гэтэл тэгж чадахгүй, хөрсний шим тэжээл улам л муудаж байна. Сүүлийн 30 жил хөрсөндөө бордоо олигтой хийсэнгүй. Буудайныхаа өөрийн өртөгтэй бараг тэнцэхүйц хэмжээний үнээр бордоо авдаг учраас тариаланчид бордоогоо авч чадахгүйд хүрсэн. Тариаланчид яаж байна гэхээр ургамалдаа ургах нөхцөлийг бүрдүүлдэг шингэн бордоо хийж байна. Тэр нь хямдхан. Тэр бол хөрсөндөө ач холбогдол багатай. Хоёрдугаарт, бидний шийдэх боломжтой асуудал. Мал тарианы зовлон гэж айхавтар юм бий. Нөгөө тариан талбай руу чинь мал ороод, тарьсан тариа таримлыг идэж устгахаас гадна хөрсний үржил шимийг улам муутгадаг. Мал дээр нь яваад байхаар хөрс сийрэг болдог. Тэгэхээр ус салхи зэрэг байгалийн элэгдэл төдий чинээгээр их ордог. Дээр нь “Тэг технологи” гэж бий. Бид хэрэглэдэг. Тэр нь яадаг гэхээр сүрлэн хучлага талбай дээрээ үүсгэх ёстой. Ажиллах бололцоо нь доогуураа явж байдаг химийн аргаар хийдэг технологи. Хөрс нь дагтаршиж 5-7 см үүсэхгүй учраас салхины элэгдэл маш их ордог. Гэтэл нөгөө сүрлийг нь мал өвөлдөө идчихээд байна. Энэ бол мөнхийн сэдэв. Үүнийг уг нь шийдэх боломжтой. Дээхнэ үед Засгийн газрын тогтоол гаргаад Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг гэж тогтоол гарсан мөртлөө тогтоол гараагүй аймагтайгаа малын тоо нь тэнцүү. 1980-аад онд намайг аймгийн Мал аж ахуйн газрын дарга байхад 400 мянга гаруй толгой малтай байсан. Одоо 1.6 сая гаруй толгой малтай. Малын тоо нь дөрөв дахин өсчихсөн. Тариа тарьдаг талбай нь хэвээрээ. Тэгэхээр мал тариа хоёр багталцахгүй. Тийм учраас сүрлэн хучлага үүсгэх нөхцөл бололцоог нь бүрдүүлэхгүй байна. Дээр нь ургасан тариаг нь намар мал нь их иддэг. Үүнийг тариаланчид байнга хэлдэг. Төр засаг түүн рүү л гол анхаарлаа хандуулмаар байна.

Categories
мэдээ нийгэм

Сумдын эрүүл мэндийн төвүүдийн цалингийн дундаж 1.2-1.4 сая төгрөг байна DNN.mn

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр (2023.05.02) хуралдлаа.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” тус Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Цаглаварт, Нийгмийн даатгалын багц хуулийн болон Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэхтэй холбоотой ажлуудыг тусгасан байна.

Цаглавар батлахтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ц.Идэрбат нар Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг иргэд, олон нийт хүлээж буйг сануулаад, тэдгээрийг хэлэлцэн шийдвэрлэхэд тулгарч байгаа асуудлын талаар Байнгын хорооны даргаас асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч П.Анужин, төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажил ямар шатанд явааг танилцуулж, Сангийн яамтай төсөв, зардлын дүнг нэгтгэх, салбарын яамны шинэ удирдлагатай уулзаж ярилцах шаардлагатайг дурдсан юм. Ийнхүү “Цаглабар батлах тухай” Байнгын хорооны тогтоолыг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжиж, баталлаа.

Дараа нь Байнгын хорооны хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, тус салбарын хүний нөөц, сургалт, цалин хөлсний талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр мэдээлэлдээ, эрүүл мэндийн салбарт нийт 63340 хүн ажиллаж байгаагийн 81.9 хувь нь эмэгтэйчүүд, 24.7 хувь нь эмч байгаа талаар дурдаад, манай улсад эмч, сувилагчийн харьцаа 1:1 буюу нэг эмчид нэг сувилагч оногдож байна гэсэн юм. Энэ үзүүлэлт олон улсын жишигт 1:3 буюу нэг эмчид гурван сувилагч оногддог талаар тэрбээр тайлбарлаад, 2022 оны байдлаар манай улсын 10 000 хүн тутамд 189.6 эрүүл мэндийн ажилтан оногдож буйн 41.8 нь сувилагч, 41.9 нь эмч байгааг судалгаа, статистик эш татан танилцуулсан юм.

Эмч, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн өмнөх сургалт явуулж буй 14 их, дээд сургуулийг 2022 онд төгсөгчдийн 52.0 хувийг их эмч, 20.8 хувийг эм зүйч, 22.5 хувийг сувилагч, эх баригч, 3.7 хувийг эм найруулагч,1.02 хувийг хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч эзэлж байна. Цаашдаа эмч, мэргэжилтэн бэлдэж буй их, дээд сургуулиудыг магадлан итгэмжилж, чанаржуулах шаардлагатайг сайд тэмдэглээд, зарим хувийн сургуульд ердөө нэг анги хичээллэж байгааг жишээлэн дурдав.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2200 орчим резидент эмч төгсөлтийн дараах сургалтад суралцаж буй бөгөөд төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтад суралцагчдын тоог аймгуудын саналд үндэслэн тогтоож, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлдэг байна. Төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн төгсөгчдөөс 350 орчим хүн гэрээнийхээ дагуу захиалга өгсөн орон нутагтаа очиж ажиллахгүй байна гэсэн судалгаа гарчээ.

Анхан шатны буюу сумын эрүүл мэндийг төвүүдэд сувилагчдын хэрэгцээ хамгийн өндөр байгааг сайд мэдээлэлдээ дурдаад, сувилагчдыг нэмэгдүүлэх хэд хэдэн арга хэмжээ авч байгаа ч өргөн цар хүрээтэй болж чадахгүй байна хэмээгээд тэрбээр Өвөрхангай аймагт хоёр жилийн хугацаатай дипломын сувилагч бэлтгэж байгаа болон эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй үйлчлэгч, бусад туслах ажилтан, бүрэн дунд боловсролтой иргэдээс туслах сувилагч бэлтгэж байгаа талаар танилцуулсан юм. Мөн эмчийн хэрэгцээ шаардлага өндөр байгааг ч дурдлаа. Салбарын төрийн захиргааны төв байгууллага, агентлаг, харьяа газруудын боловсон хүчний томилгоо ихээхэн удаашралтай байгаа нь мөнхүү хүндрэл үүсгэж буйг ярив.

Эдгээрийн зэрэгцээ томоохон эмнэлгүүдийн бүтцийг шинэчлэн баталж, мөрдүүлэх, боловсронгуй болгох шаардлагатайг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэлдээ дурдаж, Эрүүл мэндийн тухай болон Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдэд яамдаас санал авч, Улсын Их Хуралд өргөн барихад бэлэн болоод байгааг онцолж, хуулийн төсөлд төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээтэй холбоотой асуудалд өөрчлөлт оруулахаар тусгасныг дэмжиж өгөхийг хүсэв. Эрүүл мэнд, эмнэлгийн байгууллагуудад ТУЗ байх шаардлагагүй гэж сайд үзэж буй аж.

Эрүүл мэндийн салбарын цалин хөлсний сан 2016 оноос өнөөдрийг хүртэл үндсэндээ хоёр дахин нэмэгджээ. Засгийн газрын 107 дугаар тогтоолоор цалингийн доод жишгийг тогтоосон бөгөөд одоогийн байдлаар эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсний дундаж хэмжээ 1.5 сая төгрөг байна. Үүний дотор өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилтнуудын цалингийн дундаж 2.3 сая төгрөг буюу салбартаа хамгийн өндөр байгаа аж. Харин сумдын эрүүл мэндийн төвүүдийн цалингийн дундаж 1.2-1.4 сая төгрөг байна. Иймд сумдын эрүүл мэндийн төвийн эмч нар, үйлчилгээний ажилчдын цалинг энэ оны долдугаар сараас 30 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулав.

Цаашид холбогддох хууль, тогтоомжид зохих өөрчлөлтүүдийг оруулж, аймаг, сумдын эрүүл мэндийн газар, эмнэлгийн удирдлагуудыг тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлэх, салбарын ажилтнууын эрсдлийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, байгууллагын болон мэргэжилтний хариуцлагын даатгал бий болгох талаар Санхүүгийн зохицуулах хороотой, мэргэжлийн чиглэл, индексийг шинэчлэх, эмч, сувилагчийн харьцааг 1:3 болгож бэлтгэх, сургалтын орчныг сайжруулах талаар Боловсрол, шинжлэх ухааны яамтай, хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай тус тус хамтран ажиллаж байгаагаа тэрбээр танилцуулав. Эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Худалдаа хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна.

Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн хийсэн тус салбарын хүний нөөц, сургалт, цалин хөлсний асуудлаарх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Д.Батлут, Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, Ц.Сандаг-Очир, Б.Жаргалмаа нар асуулт асууж үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд сувилагч бэлтгэж буй бодлого, сургалтын тогтолцоо, эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн баталгаа, орон сууцны хангамж, амьдрах нөхцлийг сайжруулах талаар авч буй арга хэмжээ, боловсон хүчний дутагдалтай байдалд орсны шалтгаан, түүнийг арилгах, эрүүл мэндийн анхан шатны байгууллагын удирдлага, зохион байгуулалт, тэднийг чадавхжуулах, салбарын хүний нөөцийн бүртгэл, цахимжилт, төгсөлтийн дараах сургалтын зарчим, санхүүжилт, чиг хандлага зэрэг олон асуудлаар асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүдийн асуултад Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, түүний зөвлөх Ц.Эрдэмбилэг, АШУҮИС-ийн дэд захирал Б.Дамдиндорж, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа, Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг нар хариулт өгөв.

Эрүүл мэндийн салбарт сүүлийн 80 жилд бэлтгэгдсэн нийт боловсон хүчний 90-ээс дээш хувийг 1942 онд байгуулагдсан АШУҮИС бэлтгэсэн бөгөөд сүүлийн таван жилд тус сургуулийн элсэгчдийн тоо тасралтгүй өссөөр байгаа юм. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх төгсөлтийн өмнөх сургалт Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд явж буй бол төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалт Эрүүл мэндийн сайдад харъяалагдаж байна. Үүнээс болж боловсон хүчнийг салбарын хэрэгцээнд суурилж бэлтгэх бодлого алдагдаж, эмч, сувилагч, мэргэжилтнүүдийн харьцаа ихээхэн алдагдаад байгаа юм. Иймд Дархан-Уул аймаг дахь АШУҮИС-ийн харъяа сургуулийн зөвхөн сувилагч бэлтгэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажээ.

Эрүүл мэндийн сайд болон Ажлын хэсгийн мэдээллийг сонссоны дараа Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин үг хэлж, 2020-2022 онд Японд өндөр настныг асрах ажил хийхээр 90 орчим сувилагч гарч явсан, КОВИД19 цар тахлын ажлын ачааллаас шалтгаалан 600 гаруй эмч, сувилагч ажлаасаа гарсан гэх мэт тоо баримтыг дурдан, зөвхөн энэ салбарт бус нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт тулгараад байгаа алдсан хүний нөөцийг нөхөх, нийгмийн баталгааг хангах, цалин хангамжийг шийдвэрлэх зэрэг асуудлуудаар идэвх санаачлага гаргаж ажиллахыг Байнгын хорооны гишүүдэд зөвлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр ​Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр DNN.mn

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр бол асуудал дэвшүүлэх, эрхээ баталгаажуулах эв санааны өдөр юм!

МСНЭ-ээс өнөөдөр /2023.05.03/ өдөр Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний форум, Хэвлэлийн эрх чөлөөний төлөөх нэгдсэн акц үйл ажиллагааг зохион байгуулж байна.

“Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг дэлхийн улс орнууд жил бүр өөр, өөр сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд тухайн жилдээ салбартаа хамгийн тулгамдсан асуудлыг авч хэлэлцэж, шийдэл хайсаар ирсэн.

Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблей 1993 оны энэ өдөр Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тэмдэглэхийг тунхагласан бөгөөд энэ өдрийг дэлхий нийтээрээ 30 дахь жилдээ тэмдэглэж байна.

Иргэдийн мэдэх эрхийн төлөө таны үйлс үргэлж зөв шударгын талд байх болтугай.

Монгол Улсад 2022 оны байдлаар 486 хэвлэл мэдээллийн хэрэгсэл тогтмол ажиллаж байгаагаас сонин 64, сэтгүүл 46, радио 50, телевиз 135, мэдээллийн сайт 191 байна.

“Баримт үгүй бол үнэн үгүй. Үнэн үгүй бол итгэл үгүй. Итгэл үгүй бол бидэнд нийтлэг бодит байдал, ардчилал байхгүй бөгөөд цаг уур, коронавирус, үнэний төлөөх тэмцэл гэх мэт дэлхийн оршин тогтнох асуудлыг шийдвэрлэх боломжгүй болно” Мария Ресса, 2021 оны Нобелийн энх тайвны шагналын эзэн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Нулимсны замын шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө DNN.mn

Нулимсны замын шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.

ЭМДЕГ-ын даргын 2022 оны “Жагсаалт батлах тухай” А/53-р тушаалаар нүдний эмгэгийн багажийн оношилгооны нулимсны замын шинжилгээг 30 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.
“Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт”

Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар-Эрхүү чиглэлд галт тэрэг аялж эхэллээ DNN.mn

Энэ сарын 2-ноос эхлэн Улаанбаатар-Эрхүү чиглэлийн РЖД 305-р галт тэрэг нэмэлтээр Мягмар гараг бүр аялж эхэллээ гэж Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.

Улаанбаатар-Эрхүү чиглэлийн №305-р галт тэрэг 2023 оны 05-р сарын 01-ний өдрөөс эхлэн мягмар, бямба, ням гарагуудад Улаанбаатараас 15:22 цагт явж, Эрхүү хотод Лхагва, Ням, Даваа гарагийн 10.18 цагт хүрнэ.

Эрхүү-Улаанбаатар чиглэлийн №306-р галт тэрэг 2023 оны 05-р сарын 01-ний өдрөөс эхлэн даваа, мягмар, баасан гарагуудад Эрхүү хотоос 02:57 цагт /москвагийн цагаар/ явж, Улаанбаатарт Мягмар, Лхагва, Бямба гарагийн 06:38 цагт ирнэ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барина DNN.mn

Үндсэн Хуулийн Нэмэлт Өөрчлөлт(ҮХНӨ)-ийн төслийг өчигдөр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл(ҮАБЗ) хэлэлцэн дэмжсэн байна.

Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг төслийг хэлэлцэн дэмжсэнээр УИХ-д өнөөдөр өргөн барихаар болжээ.

ҮХНӨ-өөр Улсын Их Хурлын гишүүдийн тоог шинэчлэх асуудлыг хөндөж буй. Тодруулбал, 21 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт “Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна” гэдгийг өөрчлөн “УИХ-ын гишүүдийн далан зургааг мажоритар, далан зургааг пропорционал аргаар сонгоно” хэмээн төсөлд тусгажээ.