Categories
мэдээ нийгэм цаг-үе

Амралтын өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болох байршил DNN.mn

2023 оны тавдугаар сарын 6-7-ны өдрүүдэд буюу энэ амралтын өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг дараах байршилд зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хөвгүүдийн зөвлөл 20 байршилд сагсны талбайн самбар шинэчилнэ DNN.mn

Амьдарч буй орчноо тохижуулах, цэвэр, тухтай байлгахад уриалах зорилгоор Нийслэлийн хөвгүүдийн зөвлөл “Дэвшилтэт шийдэл” төсөлтэй хамтран нэгэн аяныг эхлүүлээд буй. Тодруулбал, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох, үүхдүүдэд чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх нөхцөл бүрдүүлэхээр нийслэлийн зургаан дүүргийн 20 байршил дахь сагсны талбайн самбарыг шинэчлэх, цагаригийг нь сольж засах ажлыг хийх юм. Тус зөвлөлийн төлөөлөл Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн хойно байрлах сагсны талбайд шинэ самбар байрлуулснаар аянаа эхлүүлэв. Нийслэлийн хөвгүүдийн зөвлөлийн Баянзүрх дүүргийн нарийн бичгийн дарга, 142 дугаар сургуулийн сурагч Б.Баяржаргал “Дэвшилтэт шийдэл” аяны хүрээнд анхны самбарыг бид байршууллаа. Амьдарч байгаа хот, цаашлаад дэлхийгээ сайхан болгохын тулд хамгийн түрүүнд өөрсдөөсөө, орчноосоо эхлэх ёстой гэж боддог. Хамгийн энгийнээр хог хаяхгүй байхаас энэ бүхэн эхэлнэ. Жижиг гэлтгүй хүн болгон өөрийнхөө чадах зүйлийг хийвэл нийгэмд эерэг өөрчлөлт гарна гэж аянаараа уриалахыг хүсэж байгаа. Амиа хорлож байгаа өсвөр насныхны олонх нь хөвгүүд байдаг учраас тэдэнд тулгамддаг асуудлыг ярьдаг, мөн ирээдүйнхээ төлөө хичээдэг болоход нь туслахад Нийслэлийн хөвгүүдийн зөвлөлийн ач холбогдол оршиж байгаа гэсэн юм

Categories
мэдээ спорт

Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчаар Г.Анар, зөвлөхөөр С.Дулам ажиллана DNN.mn

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертыг “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар найруулахаар болжээ.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдаж, салбар хороодын гишүүдийг шинэчлэн батлах, засвар, тохижилтын ажлыг эхлүүлэхтэй холбоотойгоор зохион байгуулалт болон төсвийн талаар хэлэлцсэн байна.

Урлаг соёлын салбар хороо наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа болон Төрийн хүндэтгэлийн концертыг зохион байгуулах найруулагчаар “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар, зөвлөхөөр Монгол Улсын Ардын багш С.Дуламыг ажиллуулахаар санал оруулж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд хэлэлцэн, баталжээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ зун дулааны 28.1 км шугамыг засварлаж, өргөтгөн шинэчилнэ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо. 2023 оны зуны их засварын хугацаанд өргөтгөл, шинэчлэл хийх болон татах дулааны гол шугам сүлжээний ажлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа танилцуулав.

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн эх үүсвэрийн хүчин чадал 2318 Гкал/цаг боловч өнөөдрийн байдлаар 31.8 хувийн хэтрэлттэй буюу 1085 Гкал/цаг-аар илүү ачаалалтай ажиллаж байна. Харин Улаанбаатар хотын түгээх сүлжээнд нийт 370 км урт дулааны гол шугам, даралт өргөх 10 насос станц, 15 магистраль шугам, дулааны 1380 худаг ашигладаг. Өнөөдрийн байдлаар дулааны гол шугам сүлжээний 20.4 хувь буюу 75.5 км шугамын ашиглалтын хугацаа дууссан. Мөн гэмтлийн тоо жил ирэх бүр нэмэгдэх болжээ. Ашиглалтын хугацаа дууссан шугам сүлжээг шинэчлэн солиход урьдчилсан тооцоогоор 403 тэрбум төгрөг шаардлагатай.

2023 оны зуны их, урсгал засварын хугацаанд Дэлхийн банк болон Европын сэргээн босголт хөгжлийн банк, улс, нийслэл, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн хөрөнгөөр нийт 28.1 км дулааны гол шугам сүлжээг засварлаж, өргөтгөн шинэчилнэ. Тодруулбал, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн хөрөнгөөр 750 метр хос шугамыг хэсэгчлэн солих юм.

Мөн улсын төсвөөр 7.4 км хос дулааны шугам сүлжээг шинээр татах, нийслэлийн хөрөнгөөр 3.4 км хос шугамыг өргөтгөн шинэчлэх ажлыг 2018 оноос хийж байгаа бөгөөд энэ онд 2.5 км хос дулааны шугамын угсралт хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр гурван км хос дулааны шугам шинээр татахаар төлөвлөн худалдан авах ажиллагааг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас зохион байгуулж байна. Үүнээс гадна Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр ашиглалтын хугацаа дууссан 15.7 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчилнэ.

Дээрх шугам сүлжээний барилга угсралтын ажлыг тавдугаар сарын 15-наас эхлэн наймдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөжээ. Ажлын талбайд өртсөн явган хүний зам, дугуйн зам, мод, бут, сөөг зэрэг ногоон байгууламжийг тавдугаар сарын 10-ны дотор зөөж шилжүүлэх шаардлагатайг хэлж байв. Шугам сүлжээг шинээр барьж, өргөтгөн шинэчилснээр хотын төвийн дулаан хангамж сайжирч, гэр хорооллыг орон сууцжуулж, түлшний хэрэглээ, яндангийн тоог бууруулах, шинээр барьсан барилга, байгууламжийг төвлөрсөн дулааны эрчим хүчээр хангах, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах боломж бүрдэнэ.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө дулааны шугам сүлжээний засвар хийгээд үргэлжлэх хугацааны тухай мэдээллийг иргэдэд тухай бүр өгч, тэдний саналыг тусгаж байх хэрэгтэйг хэлж байлаа.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дулааны шугам сүлжээний засвар болон өргөтгөл, шинэчлэлийн ажилд шаардлагатай дэмжлэг үзүүлж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Даваадорж: Ил болгоогүй оффтэйк гэрээнүүдийн ард жинхэнэ хулгай нуугдаж байгаа DNN.mn

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржтой нүүрсний асуудлаар яригдлаа.


-Нүүрсний салбар манайд бол нэлээд хөдөлгөөнтэй, үйл явдал өрнүүн байна. Олон улсын зах зээл дээр үнэ ханшийн мэдээлэл ямар прогнозтой байгаа талаар та товч мэдээлэл сонирхуулаач?

-Монгол уул уурхайн орон. Манай эдийн засгийг зэс ба нүүрс гэсэн бүтээгдэхүүн тодорхойлдог гэж хэлж болно. Нүүрс манай эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэнэ гэж тэртээ 2000 онд хэн ч төсөөлж байгаагүй биз. Хэрэв 2000 оны статистикийг сөхөж үзвэл манай улс зэсийн баяжмал 160 сая ам.доллар, харин нүүрсний 4200-хан ам.долларын экспорт хийж байж. Тэр үед төсвийн нийт орлого ердөө 343 тэрбум төгрөг байлаа. Тэгвэл 2007 онд зэсийн баяжмалаа 811 сая ам.доллараар, 2010 онд нүүрсээ 849 сая ам.доллараар борлуулж эхэлсэн тэр үеэс манай улсын эдийн засгийг энэ хоёр эрдэс бүтээгдэхүүн тодорхойлж эхэлсэн.

Өнөөдөр бидний гаднаас олдог 10 ам.доллар тутмын есөн ам.долларыг түүхий эдээс, тэр дотроо бараг найман ам.долларыг зөвхөн зэс, нүүрснээс олж байна. Хэрэв зэс, нүүрсний үнэ ханш дэлхийн зах зээл дээр нэмэгдвэл манай уул уурхайн салбар сэргэж улмаар тээвэр, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг бусад салбаруудаа тэтгэж сэргээнэ. Харин ханш унаад эхэлбэл эдийн засаг нь тэр даруйдаа хямардаг эмзэг эдийн засагтай орон юм.

Олон арван жилийн турш нүүрс нь дэлхийн олон улсад найдвартай эрчим хүчний эх үүсвэр болж ирсэн. Нүүрс нь олборлоход харьцангуй хямд, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд үр ашигтай, дэлхийн өнцөг булан бүрд олборлох боломжтой зэрэг олон давуу талтай. Дэлхий дээр цахилгаан эрчим хүчний хэрэглээ өдрөөс өдөрт өсч байна.

Урьдчилан таамаглаж байгаагаар 20 жилийн дараа дэлхийн эрчим хүчний хэрэглээ өнөөдрийнхөөс бараг 60 хувиар өсч, нүүрс нь түүний гол эх үүсвэр хэвээр байх болно. Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор 30 жилийн дараа олон улсын нүүрсний худалдааны хэмжээ өнөөдрийнхөөс бараг 1.5 дахин нэмэгдэж, худалдааны урсгал Ази руу шилжинэ. Тэгэхээр ойрын жилүүдэд нүүрсний худалдаа огцом буурахгүй. Ковидтой жилүүдэд 600 ам.доллар хүрсэн нүүрсний үнэ одоо буурч байгаа.

-Манай хоёр хөршийн хоорондын нүүрсний экспорт нэлээд эрчимжиж байгаа гэв үү?

-ОХУ-аас БНХАУ-д хийсэн нүүрсний экспорт өнгөрсөн 2022 онд 2021 онтой харьцуулахад 11.2 хувиар нэмэгдэж, 59.52 сая тоннд хүрчээ. ОХУ 2030 он гэхэд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад нүүрсний экспортоо 1.5-2 дахин нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. 2023 оны эхний хоёр сард ОХУ-ын нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг есөн хувиар нэмэгдэж, 33.7 сая тоннд хүрчээ. Бээжин 2020 онд Австралиас нүүрс импортлох албан бус хоригоо зөөлрүүлж байгааг “China Energy Invest­ment” Corp. Австралийн нүүрс импортлох захиалга өгсөн мэдээллээс анзаарч болно. Өөрөөр хэлбэл, нүүрсний худалдааны өрсөлдөөн ширүүсэх хандлага ажиглагдаж байна.

-Тэгвэл манай дотоодын нүүрсний экспорт хэр явж байна вэ?

-Дотоодын экспорт маш сайн байгаа мэдээ байна. Эхний улирлын статистик үзүүлэлтээр 14 сая тн нүүрс экспортолсон нь 2021 оны нийт дүнд ойртохоор байна. Борлуулалтын үнийн дүн нь 2.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ хурдаараа явбал энэ жил нүүрсний экспортоос түүхэн өндөр орлого олох нь. Нүүрсийг биржээр худалдаалж эхэлсэн нь үр дүнгээ өгч байгаа. Мөн нүүрсний хулгайн асуудал сөхөгдөж илэрсэн нь нүүрсний экспортын орлого нэмэгдэх бас нэг шалтгаан болсон байх. Гэхдээ оффтэйк гэрээнүүдэд төлөх данхар үнийн дүн хэвээрээ л байгаа шүү дээ. Нүүрсний хулгайн хэрэг гарсантай холбоотой энэ төлбөрүүдээ түр хойш тавьсан байх.

-Нүүрсийг биржээр худалдаалах шинэ зохицуулалтыг туршиж эхэлсэн. Нэлээд үр дүнтэй байгаа талаар албаныхан тэмдэглэж байгаа. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би дэмжиж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдаж, Монголын хөрөнгийн биржээр анхны туршилтын нүүрсний дуудлага худалдаа явуулж эхэлснээр эдийн засагт ч эерэг үзүүлэлтүүд бий болоод байна. Одоогоор нийт гаргаж буй нүүрснийхээ 10-15 хувийг л биржээр арилжиж байгаа. Энэ хэмжээ цаашид өсөх нь гарцаагүй. Аливаа шинээр эхлүүлж буй ажилд эерэг сөрөг үр дагавар гарах нь дамжиггүй. Уул уурхайн бирж нь худалдагч, худалдан авагчийг цуглуулаад нээлттэй дуудлага худалдаагаар бараа бүтээгдэхүүнээ арилжих л явдал шүү дээ.

-Нүүрсний уурхайн аман дээрх үнэ 100 ам.доллар гэж байгаа. Биржийн худалдаа 170-180 ам.доллараар нүүрсийг зарж байгаа гэх. Гэвч биржийн үнэ нь уурхайн аман дээрээс авах үнэ үү, Хятад руу хил рүү оруулах үнэ үү. Хэрэв Хятад руу оруулах үнэ юм бол зардалтайгаа аман дээрх үнээс дээрдэхгүй биш үү?

-Эрчим хүчний нүүрсийг уурхайн аман дээрээс 10 ам.доллараар худалддаг байсан бол хөрөнгийн биржээр арилжаалж эхэлснээс хойш 73 ам.долларт хүрчихлээ. Мөн коксжих нүүрсийг уурхайн амнаас 60-70 ам.доллараар арилжаалдаг байсан бол 187 орчим ам.долларт хүрч, үнэ гурав дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, Монголын хөрөнгийн биржээр нүүрсийг арилжаалж эхэлснээр далд эдийн засаг тодорхой хэмжээнд ил болж байгаа хэрэг. Үүнийг элдвээр эсэргүүцэж буруу зөрүүтэй тайлбарлах хүмүүс ч байгаа байх. Мэдээж өмнө нь хараа хяналтгүй урсаж байсан байгалийн баялаг ядахдаа бүртгэлтэй болж байгаа нь том амжилт. Нөгөө талдаа, АМНАТ, төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх эерэг үр дүн гарна. Хамгийн гол нь биржийн худалдаанд үйлдвэрлэгчид ба эцсийн хэрэглэгчид оролцдогоороо онцлог. Бид уурхайн амнаас худалдаа хийх нэрээр олон жил алдагдалтай ажилласан. Дэлхийн зах зээл дээр өнгөрсөн хоёр жил коксжих нүүрс 400-600 ам.долларын хооронд хэлбэлзсэн. Гэвч бид аман дээрээс нь 60 ам.доллараар зарж байсан. Эдийн засгаа сэргээж ДНБ-ий хэмжээг нэмэгдүүлэх сайхан боломжоо алдсан нь харамсалтай.

-Эрдэнэс Таван толгойн ногдол ашгаар нүүрс угаах үйлдвэр барих төсөл хэрэгжүүлэхээр яригдаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт ногдол ашиг тараах асуудал яригдаад хойшлогдлоо. Олон нийт нэлээд бухимдалтай байх шиг байна. Хэр зөв алхам болчихов оо?

-Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэж байсан. Гэвч одоогоор Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв дээр энэ хувьцааны бичилт хийсэн төдий байна. Эдгээр хувьцаа дотоодын зах зээл дээр хараахан арилжаалагдаж эхлээгүй байгаа учир өвлөх, шилжүүлэх, бэлэглэх, зарах, болон худалдан авах эрхүүд хаалттай байгаа нь иргэдийг хувьцаа эзэмшигч гэж ойлгох боломжгүй байдалд хүргэж байгаа юм.

2012 оны Засгийн газрын 116 дугаар тогтоолоор Хүний хөгжил сангаас хишиг, хувийг бэлэн мөнгөөр авах хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртсэн оюутан, 2016 онд “Сайн хувьцаа” нэрээр Засгийн газар иргэдийн хувьцааг эргүүлэн худалдаж авсан. Өөрөөр хэлбэл, улс төрийн хүчнүүд санал авах зорилгоор бэлэн мөнгөөр хувьцааг нь эргүүлэн худалдаж авч байв. Одоо тус компанийн нийт хувьцааны 14.7 хувь нь иргэдийн мэдэлд, 85.5 хувь нь Засгийн газрын, 0.05 хувь нь аж ахуйн нэгжүүдэд оногдож байна. 2016 оны сонгуулийн өмнө 300 мянган төгрөг авсан иргэдийн хувьцаа 750 ширхэг болсон. Ер нь Засгийн газар иргэдэд өгсөн 20 хувийн эзэмшлийн хувьцааныхаа 6.3 хувийг худалдаж авсан тооцоо байна. Үе үеийн эрх баригч хүчин УИХ-ын сонгуулийн өмнө иргэдийн санал авах хэрэгсэл болгон ашиглаж ирсэн. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударга хүртээмжтэй хуваарилах, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналт оролцоог нэмэгдүүлье гэж бодож байвал “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийг хуулийн дагуу хүртээх л ёстой.

-Нүүрсний хулгайн хэрэг гэж том хэрэг мандсан. Улстөрчдөөс эхлээд төрийн бүхий л шатны хүмүүс холбогдож, хуулийнхан шалгаж байна. Нүүрсний сонсгол нэг бус удаа хойшиллоо. Нүүрсний сонсголоор нэлээд зүйл тодорхой болох байх. Яагаад ингэж хойшлогдоод байна вэ?

-Яаж хэрхэн мандсан түүхийг нь хэлж өгье. Өнгөрсөн оны 10 сарын статистик үзүүлэлтээр нүүрсний борлуулалтаас таван тэрбум гаруй ам.долларын борлуулалт хийсэн мэдээ ҮСХ гаргасан. Гэвч 2022 оны есдүгээр сард манай улсын гадаад валютын нөөц дөрвөн тэрбумаас 2.6 тэрбум болтол буурч, валютын олдоц эрс багаслаа. Бүтэн жилийн хугацаанд ам.долларын ханш 20 хувиар чангарчихсан. Гэтэл 2019 оны нийт нүүрсний борлуулалт гурван тэрбум ам.доллар байхад ханш хэвийн байсан төдийгүй валютын нөөц дөрвөн тэрбумд дөхөж байсан. Тэгэхээр өнгөрсөн жилийн есдүгээр сар хүртэл манай зах зээлд их хэмжээний валют орж ирсэн нь үнэн үү гэдэг асуудал сөхөгдсөн хэрэг. Үүнд ОУВС анх хариу өгсөн байдаг.

2022 оны есдүгээр сард ОУВС-ын гаргасан тайланд “Төрийн өмчит компаниуд БНХАУ-ын зарим компанитай ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан тул Монгол Улсад орж ирэх байсан экспортын орлого буурсан. Эдгээр нь дэд бүтцийн төслүүд бөгөөд гэрээ улсын нууцад хамаарах тул бид илүү дэлгэрэнгүй мэдээлэлгүй байна. Эндээс мөнгө орж ирнэ гэж хүлээх хэрэггүй болжээ. Мөн эдгээр дэд бүтцийн төслүүд импортыг өсгөнө. Олон нийтэд эдгээр төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлж, яг одоо хэрэгжүүлэх ямар шаардлага байгааг сайтар тайлбарлах шаардлагатай” гэж анхны албан ёсны “шүгэл” үлээсэн. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компаниудын нүүрсний борлуулалтын хэмжээтэй дүйцэхүйц валют манай зах зээлд орж ирээгүй учраас гадаад валютын ханш өсч, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээ, хүнсний үнэ “тэнгэрт” хадсан учир шалтгааныг цүл пал хийтэл нь шууд хэлчихсэн юм. Иймээс эрх баригчид хүссэн ч эс хүссэн ч “нүүрсний хулгай”-н асуудлыг сөхөхөөс өөр арга байсангүй. Гадаад валютын ханшийн савалгаа, бүтэн жилийн өндөр инфляцид нэрвэгдэж олон компани хаалгаа барьж, иргэдийн амьдрал хүндэрсэн үед асар их хэмжээний мөнгөн дүнтэй ноцтой асуудлыг хав дараад өнгөрөх боломж үнэндээ байсангүй.

Тэгэхээр эндээс харвал, нүүрсний хулгайг эрх баригчид сөхсөн юм биш. Харин энэ олон оффтэйк гэрээний ард жинхэнэ хулгай нуугдаж байгаа. Өнөө хүртэл зарим гэрээ хав дараастай байна. Үүнийг эрх баригчдаас хараат хууль хяналтынхан илрүүлж чадахгүй. ЖДҮ санг дээрэмдсэн загвараар цөөн хэдэн хүнд ял оноосон болоод өнгөрнө. “Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн адгийн зүйл бол эх орноо тонон дээрэмдэх явдал” гэж нэг ухаантан хэлсэн байдаг. Гэхдээ Монголын ард түмний сонорт хүрсэн энэ хэрэг түүхэн тодорхой хугацааны дараа шийдэгдэх нь гарцаагүй.

-Нүүрсний сонсголыг хойшлуулах шалтгаан АТГ-аас үүдэлтэй гэж тайлбарлаж байгаа ч үнэндээ улс төртэй холбоотой гэж хардах хэсэг байгаа?

-Өнөөдөр Монгол Улсыг тамирдуулж, ард иргэдийн амьдралыг туйлдуулж байгаа гамшиг бол төрийн өмч дээр суурилсан авлигал, хулгай, луйвар юм. Энэ нь ЖДҮ зээлийг эрх баригчид хуваан хүртэхээс эхтэй, Газрын, Концессын, Хөгжлийн банкны, Төсвийн, Эрдэнэтийн, Нүүрсний, Төмөр замын, Тээврийн гэх мэт дуулиант хэргүүдээс харж болно. Сөрөг хүчингүй шахам, хэвлэл мэдээллийн бүх сувгуудыг “хулгайн” мөнгөөрөө угжсан эрх баригчид гэмт үйлдэл хийхдээ хэнээс ч, юунаас ч айхаа больсон нь өнөөгийн бодит гашуун төрх. Олон нийт төрийн оролцоотой дээрх гэмт хэргүүдийн шийдлийг нэн анхааралтай ажиглаж байна. Засгийн газар хийх ёстой ажлаа хийхгүй хууль хүчний байгууллагын дүрд тоглож байгааг ч хүн бүр харж байгаа байх. Засгийн хийх ёстой үнийн өсөлтийг хазаарлах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, валютын ханшийг тогтвортой байлгах зэрэг өөрсдийн хийх ёстой ажилдаа хуруугаа ч хөдөлгөхгүй сууж байна шүү дээ.

Categories
мэдээ нийгэм

Мазаалайд сансрын дохиололтой хүзүүвч зүүжээ DNN.mn

Говийн Их Дархан Цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа болон “Говийн баавгай” судалгааны баг хамтран мазаалай баавгайд сансрын дохиололт хүзүүвч зүүх, өвчлөлийн тандалт судалгаа хийхээр ажиллаж байна. Тэд өчигдөр /2023.05.05/ мазаалай барьж, сансрын дохиололтой хүзүүвч зүүжээ.

“Говийн Баавгай” төслийн удирдагч Харри Рейнолдс нь 2015 оноос эхлэн өнөөг хүртэл судалгааны ажлуудыг хийсээр байна. Энэ хугацаанд мазаалай баавгайн 19 бодгальд сансрын дохиололт хүзүүвч зүүж шилжилт хөдөлгөөн, амьдрах орчны судалгаа хийжээ.

Энэ удаад:

  • “Говийн Баавгай” төслийн удирдагч Харри Рейнолдс,
  • Норвегийн Их сургуулийн профессор Андреас Зедроссер,
  • Мечиганы Их сургуулийн профессор Жерролд Белант,
  • Мазаалай хамгаалах сангийн тэргүүн А.Баясгалан,
  • ШУА-ын Биологийн Хүрээлэнгийн ЭША Д.Дэлгэрчимэг,
  • ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн багш Ж.Гэрэлтуяа,
  • Мал эмнэлгийн хүрээлэнгийн ЭША Д.Баярмагнай нар болон ГИДЦГ-ын А хэсгийн хамгаалалтын захиргаа хамтран тавдугаар сарын 10-ныг хүртэл мазаалайд сансрын дохиололт хүзүүвч зүүх, өвчлөлийн тандалт судалгаа хийхээр төлөвлөсөн байна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Долоон буудал орчмын гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулна DNN.MN

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурал боллоо.

Хурлаар Сүхбаатар дүүргийн 14, 15-р хорооны нутаг дэвсгэр Долоон буудал орчимд шинээр гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоох тухай асуудлыгНийслэлийн Орон сууцны бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ганхүү хэлэлцүүлсэн юм.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2023 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад Улаанбаатар хотыг найман бүс, 47 нэгж хороолол болгон хөгжүүлэхээр тусгасан байдаг. Хойд бүсийн Сэлбэ дэд төв есдүгээр нэгж хороололд хамаарна. Тус дэд төвийг нийслэлийн хүн амын хэт төвлөрлийг сааруулах, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, агаар, хөрс, усны бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулах зорилгоор байгуулсан.

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр авто зам, дулаан, цахилгаан, холбоо, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, үерийн хамгаалалтын далан, тохижилт, ногоон байгууламжийн ажлуудыг хийсэн юм. Харин өдгөө Долоон буудал орчмын 162 га талбайг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршил болгохоор санал орууллаа. Дээрх байршилд 2082 нэгж талбар хамрагдаж байгаа юм.

Зөвлөлийн гишүүд мэдээллийг ил тод болгож, иргэд хохирох, залиланд өртөхөөс сэргийлэх хэрэгтэй гэдгийг хэлж байв. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоох асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр боллоо.

Categories
мэдээ улс-төр

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв DNN.mn

УИХ-ын өчигдрийн үдээс хойших хуралдаанаар /2023.05.04/ Засгийн газраас өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Тэрбээр, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”,“Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.” хэмээн заасан байдаг. Эл агуулгаар Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд бол эрх мэдэлтэн, албан тушаалтан гэхээс илүү олон нийтийн үйл хэрэг, нийгмийн сайн сайхны төлөө өөрийн сайн дурын үндсэн дээр иргэдийг төлөөлж буй ард түмний элч,төр-иргэнийг холбосон итгэлцлийн гүүр билээ. Улс орнуудын урагшлан хөгжсөн, уруудан доройтсон түүхэн сургамжуудын үндэс ч төр-иргэний итгэлцлийн цөм болсон авлигаас ангид засаглалтай шууд холбоотой нь ойлгомжтой.

Ард түмнээ төлөөлөх эрхэм үүргийг хувийн эрх ашгаа хангах эрх мэдэл хэмээн андуурсан авлигачид, тэдний эрх ашгаар томилогдсон бусармаг этгээдүүдийн харалган үйлдлээс болж, ардчилсан эрхзүйт төрийн амин сүнс болсон хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын нэр хүндийг унагаж буй үйлдлүүдийг нэн яаралтай таслан зогсоож, төр-иргэний итгэлцлийг эргэн сэргээж чадахгүй бол авлига ардчилсан парламентын засаглалын аминд хүрэх аюултай.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд өмч хувьчлалаас эхлээд ашигт малтмалын лицензүүд, нийслэл Улаанбаатар хотын газрын наймаанаас эхлээд төрийн тендерүүд, Хөгжлийн банкнаас эхлээд жижиг дунд үйлдвэрлэлийн зээл, нүүрс зэсийн хулгай зэрэг олон асуудалд төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцож, өөртөө болон гэр бүл, хамаарал бүхий этгээдүүддээ давуу байдал олгож, төлөөлөх ёстой иргэдийнхээ өнөөдрийн болон ирээдүйн боломжийг хулгайлсан ноцтой баримтуудыг Монгол Улсын Засгийн газар ил болгож, системийн авлигын эсрэг тууштай тэмцэж байна гээд Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигын гэмт хэргийг илчлэн “шүгэл үлээж”, хууль зөрчсөн албан тушаалтнуудыг нийтийн албанаас “шүүрдэж”, хилийн чанадад оргон зайлсан авлигачдыг эргүүлэн авчрах “шувуу” ажиллагааг зохион байгуулж, оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг “шилжүүлэн авчирч”, төрийн байгууллагын ил тод, “шилэн” байдлыг хангах зорилго бүхий “5 Ш” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа тухай танилцуулав. Тэрбээр цааш нь
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд авлигын эсрэг эрхзүйн багц шинэчлэлийг эхлүүлж, Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хууль, Шүүх байгуулах тухай хууль болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг Та бид хамтдаа энэхүү хаврын чуулганаар хэлэлцэн батлах болно.
Өнөөдөр энэхүү багц эрх зүйн шинэчлэлийн эхний хууль болох Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж байна гэв. Мөн энэхүү хууль батлагдснаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд,Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга болон түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн худалдан авалтад оролцох, аливаа хөнгөлөлттэй зээл тусламж, тэтгэлэг, батлан даалтад хамрагдахыг тус албан тушаалыг эрхэлж буй хугацаанд нь хориглохоор тусгалаа.
Энэхүү хуулийн төсөлд дээр дурдагдсан албан тушаалтнуудаас гадна Улсын Их Хуралд суудал бүхий намын дарга нар, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын Ерөнхий прокурор болон Төрийн албаны зөвлөл, Монголбанк, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зэрэг Улсын Их Хурал болон Засгийн газарт ажлаа тайлагнадаг байгууллагын дарга, орлогч нар, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд мөн адил хамаарах болно гэв.
Түүний дараа уг хуулийн төслийн талаарх УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа танилцууллаа.

УИХ-ын гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж хариулт авлаа. Гишүүдийн асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулж байв.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Ш.Адьшаа, М.Оюунчимэг С.Бямбацогт нарын гишүүд төрийн өндөр албан тушаалтын хүүхэд гэхээр сурч боловсрох эрхээ хасуулах, эхнэр, ах дүү нар албан тушаал хашиж болохгүй гэж хүний эрхийн асуудлыг хөндөж байгаа талаар асууж, төрийн өндөр албан тушаалтнуудыг ашиг сонирхлоос ангид байх, шударга ёсыг тогтоох, ёс зүй сахилга хариуцлагыг шинэ шатанд гаргах, төрийн нэр хүндийг хамгаалахад ахиц дэвшил авчрах хууль хэмээн үнэлж байв. Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь, Ц.Идэрбат, Ц. Цэрэнпунцаг, Б.Баярсайхан, Ц.Анандбазар нарын гишүүд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, нийгмийн шударга ёсыг тогтоох, төрийн өндөр албан тушаалтнууд манлайлал үзүүлэх зэрэгт энэхүү хуулийн төсөл шинэчлэл авчирна хэмээн дүгнэж, хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэн үг хэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд бол жирийн иргэдээс хамаагүй давуу эрхтэй, учраас тэр хэрээрээ хариуцлага хүлээх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. УИХ гишүүн бол сайн дурын үндсэн дээр Таныг төлөөлөх мандат авсан. Нэгэнт сайн дурын үндсэн дээр сонгогдсон бол хувийн эрх ашгаасаа буюу албан тушаал хашиж буй үедээ татгалзах ёстой. Гэр бүл, хамаатан садантайгаа ярилцаж, шийдвэр гаргах хэрэгтэй юм. Ингэснээр аливаа хардлага сэрдлэгээс ангид байх, албан тушаал эрх мэдлээ ашиглах бүх боломжийг хязгаарлагдана. Эцсийн дүндээ монгол төрийн нэр хүндийг хамгаалж, төлөөллийн ардчилал жинхэнэ агуулгаараа хэрэгжих соёлын эхлэл тавигдаж байна хэмээн ойлгож байна гэв.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, эрх мэдэл, албан тушаалтай бол бизнесээ хамгаалах, хөрөнгөжих эх сурвалж гэсэн ойлголт буй болж, УИХ, Засгийн газарт орж чадвал энэ бүхэн биеллээ олно гэж зүтгэж, хөрөнгө мөнгө зарж зүтгэж буй нь нууц биш. Харин эрх мэдлээ ашиглах санаархлыг энэхүү хуулиар хааж чадснаар парламент мэргэжлийн хүмүүсээр бүрдсэн, жинхэнэ төлөөллийн ардчилал буй болох боломж бүрдэнэ гэж харж байна гээд Монгол Улсын авлигын үзүүлэлтийг сайжруулахын тулд “Транспэрэнси интернэшнл” ямар зөвлөгөө өгсөн вэ гэсэн асуултад Хууль зүйн сайд Х.Нямбаатар, хариуллаа. Тэрбээр манай улс авлигын төсөөллийн индексээр 2022 онд 180 орноос 116 дугаар байр эзэлж, 33 оноо авсан. Байгалийн баялгийг тэгш шударга хуваарилах, олон нийтэд хүртээмжтэй болгох эрх зүйн зохицуулалт хийх, нийтийн албанд ажиллаж буй албан хаагчдын хандлагыг өөрчлөх, төрийн худалдан авалтыг ил тод болгох, иргэдийн үндсэн эрхийг хангуулах талд зөвлөгөө өгсөн. Бид долоо хоног бүр нэг төрийн байгууллагыг сонгон индексийн талаар болон бусад мэдээлэл өгдөг тогтолцоог бүрдүүлж ажиллаж байна гэв. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн 90,4 хувиар санал дэмжигдэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Түүний дараа Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг танилцуулсан.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хүний эрхийг хамгаалахад тус байгууллага хангалтгүй ажиллаж байгаа талаар шүүмжилж, Хүний эрхийн байгууллагын гишүүдийг сонгохдоо анхаарахыг хүслээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн согтууруулах эмгэгтэй болсон эцэг, эхчүүдийн хүүхдийн эрхийг хамгаалахад ямар ажил зохион байгуулж байгаа талаар асууж, хариулт авлаа. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дорнод аймагт болсон түймэрт 25 малчин өрхийн 16 орчим гэр, 1000 орчим мал өртжээ DNN.mn

Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн “Хавирга гоожуурын худаг” гэдэг газар энэ сарын 1-нд хээрийн түймэр гарсан.

Уг түймэр нийт Гурванзагал, Чулуунхороот сумыг хамарсан. Түймрийг унтаараахад 193 хүн, 27 автомашинтай ажиллажээ. Түймэрт 25 малчин өрхийн 16 орчим гэр, сууц, 20 хашаа хороо, 1000 орчим мал өртсөн байна.

Мөн түймэр голомтод ажиллаж байсан Хил хамгаалах газрын албан хаагчид түлэгдэж, Улаанбаатар хотод эмчлүүлж буй.

Дорнод аймгийн нийт нутгаар хуурайшилт их байна. Энэ хавар 24 удаагийн ой, хээрийн түймэр гарсан. Түймрийн хохирлыг тогтоох ажлын багууд тухайн газар оронд ажиллаж байгаа юм. Тухайлбал, Халхгол сумын нутгийн дийлэнхийг хамарсан томоохон түймэрт 3200 толгой мал шатаж, олон айл гэр орон, хашаа саравчгүй болсон.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр Олон улсын эх баригчдын өдөр DNN.mn

Олон улсын эх баригчдын өдрийг жил бүрийн тавдугаар сарын 5-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэ жил дэлхий нийтээр “Нотолгоог бодит хэрэг болгоход нэгдэцгээе” уриан дор тэмдэглэж байна.
ЭМЯ-наас энэ өдрийг тохиолдуулан “Эх баригч мэргэжлийн үнэ цэнэ, бие даасан байдал, манлайлал” зөвлөлдөх уулзалтыг “Холлидэй ин” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж байна.