Categories
мэдээ спорт

Катарын ДАШТ-нд Монголын 18 жүдоч зодоглоно DNN.mn

Нэг хоногийн дараа буюу маргааш Катарын нийслэл Доха хотод жүдо бөхийн 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Тэмцээнд манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй есөн жүдоч эх орноо төлөөлөн оролцоно. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд 98 орны 649 тамирчин оролцох юм.

2023 оны жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулэх тэмцээнд оролцох Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид

Эрэгтэй

  • -60 кг Э.Ариунболд, нас 27
  • -66 кг Б.Эрхэмбаяр, нас 27
  • -66 кг Ё.Басхүү, нас 29
  • -73кг Ц.Цогтбаатар, нас 27
  • -73 кг Б.Эрдэнэбаяр, нас 23
  • -81 кг Г.Болор-Очир, нас 22
  • -90 кг Г.Алтанбагана, нас 27
  • -100 кг Б.Гончигсүрэн, нас 23
  • +100 кг О.Цэцэнцэнгэл, нас 23

Эмэгтэй

  • -48 кг Г.Наранцэцэг, нас 28
  • -48 кг Б.Баасанхүү, нас 23
  • -52 кг М.Нандин-Эрдэнэ, нас 18
  • -52 кг Л.Сосорбарам, нас 22
  • -57 кг М.Ичинхорлоо, нас 25
  • -57 кг Л.Энхрийлэн, нас 24
  • -70 кг Б.Ням-Эрдэнэ, нас 18
  • -78 кг О.Хүслэн, нас 18
  • +78 кг А.Адъяасүрэн, нас 23
Categories
мэдээ нийгэм

Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны гишүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг хэлэлцэв DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай нар холбогдох албаныхны хамт Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо /МТИҮХ/-ны гишүүдтэй “Асуудал шийдэл” хэмээх хэлэлцүүлгийг өрнүүллээ. Энэ үеэр тулгуур эрхтний бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүмүүст тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар сонсон, тусгай хэрэгцээт иргэдийн байр суурийг салбарын бодлого, шийдвэрт тусгахаар санал солилцсон юм.

МТИҮХ нь тэргэнцэртэй болон тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний эрхийн төлөө тэгш оролцоот, хүртээмжтэй нийгмийг бий болгох, эрх ашгийг нь хамгаалахаар 2005 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй. Мөн тус холбооны зүгээс үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад тулгарч буй гол асуудал нь ажлын байр гэдгийг онцолж байв. Тухайлбал, тэргэнцэртэй иргэдийн сурч хөгжиж, ажиллаж хөдөлмөрлөх хүртээмжтэй орчин хомс, өвчин гэмтлийн дараах өвчин зовуурь, сэтгэл гутралд анхаарах хэрэгтэйг хэлж байлаа.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө:

-Бид аль ч шатандаа хандлагаа өөрчлөх шаардлагатай тулгарч байна. Өөрөөр хэлбэл, тусгай хэрэгцээт иргэд нь төрдөө гомдоллодог, эргээд төр нь шийдвэр гаргахдаа тэднийхээ үзэл бодол, санал хүсэлтийг тусгадаггүй байдлыг өөрчлөх хэрэгтэй. Тиймээс ч бодлогын хэрэгжилт анхан шатандаа ямар байгааг эргэн нэг харах зорилгоор уг уулзалтыг зохион байгуулж буй. Эл уулзалтыг тусгай хэрэгцээт иргэдийн төвүүд дээр цуврал болгон зохион байгуулна. Ингэснээр нийгэмд түгсэн ойлголтын асуудлыг нэгтгэнэ гэж харж байна. Мөн та бүхний гаргасан төсөл хөтөлбөрийг дэмжин ажиллана. Харин байрны асуудлыг судалж, нэгдсэн байдлаар шийдье” хэмээсэн юм.

Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор:

-Манай холбооны зүгээс бодлогод нөлөөлөх чиглэлийн хүрээнд салбарын яамд дээр байгуулагдсан тусгай хэрэгцээт иргэдийг дэмжих дэд зөвлөлүүдэд орж, бодлого төлөвлөлтөд нөлөөлж ажилладаг. Мөн тусгай хэрэгцээт иргэдийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр Хотын стандарт, хяналтын газартай хамтран барилга хүлээж авах улсын комиссын багт багтан ажиллаж байгаа нь бидний хийж буй томоохон ажлуудын нэг юм. Хамгийн гол асуудал нь тэргэнцэртэй болон тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэхэд ажлын байр шаардлагатай байгаа. Хэрвээ ажлыг байрыг нь шийдээд өгвөл бид урсгал зардлаа өөрсдөө шийдэн, үйл ажиллагаагаа тогтвортой явуулахын сацуу тусгай хэрэгцээт иргэдээ хөгжүүлэх боломжтой болох юм.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын хуулийн зөвлөх Б.Галсанжамц:-Одоогоор нийслэлийн хэмжээнд өдөрт 900 гаруй тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй. Үүнээс 30 гаруй хувь нь парк шинэчлэлийн хүрээнд орж ирсэн шинэ автобус юм. Мөн Засгийн газраас нэмэлтээр 800 гаруй автобус нэмэн нийтийн тээврийн парк шинэчлэлийг 100 хувьд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Эдгээр бүх автобусаар тусгай хэрэгцээт иргэд саадгүй үйлчлүүлэх боломжтой. Гэвч жолоочийн хандлагаас үүдэн тэргэнцэртэй иргэд саадгүй зорчих боломж тэр бүр алга. Энэ тохиолдолд тухайн иргэн автобусны бүхээгийн хажууд бичээстэй тусгай утсанд санал гомдлоо илгээх хэрэгтэй. Ингэснээр эрх нь зөрчигдөх магадлалтай иргэдийг ч мөн давхар хамгаалж чадаж байгаа юм гэлээ. Мөн тусгай хэрэгцээт иргэдэд хэрхэн үйлчлэх талаарх уулзалтыг автобус нэгтгэлийн компаниудад зохион байгуулахаа мэдэгдлээ.

Хотын стандарт, хяналтын газрын Хотын хөгжлийн стандартын хэлтсийн дарга Б.Ариунтуяа-Улаанбаатар хотын хувьд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, сайжруулах үүднээс нийт 22 бүлэг, 97 стандартыг батлан мөрдөхөөр төлөвлөж буйн эхний 52 стандартыг батлаад буй. Үүнээс 19 стандартад тусгай хэрэгцээт иргэдийн хүртээмжийг хангах тухай заалтууд туссан. Сүүлд нэмэгдсэн 14 стандартын хоёр нь зөвхөн тусгай хэрэгцээт иргэдийн хүртээмжтэй байдлыг хангахад чиглэсэн байгаа.

Уулзалтын төгсгөлд холбогдох албаныхан МТИҮХ-ны гишүүдийн асуултад хариулж, санал, хүсэлтийг хүлээн авч, бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Мөн чиг үүргийн бус асуудлыг холбогдох байгууллагын удирдлагуудад уламжлахаа мэдэгдсэн юм

Categories
мэдээ нийгэм

Ойн хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна DNN.mn

Он гарсаар улсын хэмжээнд /2023.05.02/ Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл Баян-Өлгий, Увс зэрэг 10 аймгийн 28 суманд 49 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 22 гэр, (сууц) 19 хашаа (саравч), 1 автомашин, 3273 мал, ойн 3296 га, хээрийн 356,510га, нийт 359,505га талбай өртжээ.

Иймд ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цог Жавхлант Хаан III Чарльзтай уулзана DNN.mn


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Лондон хотноо болох Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс /ИБУИНХУ/-ын Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльзийг хаан сэнтийд залах төрийн ёслолд оролцоно.

Төрийн ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльзтай уулзаж, Монголын ард түмний нэрийн өмнөөс Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд баяр хүргэнэ.

Цог Жавхлант Хааныг сэнтийд залах төрийн ёслолд гадаадын улс орны төр, засгийн 2000 гаруй төлөөлөгч оролцоно.

Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байна.

Монгол Улс Британи Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай бөгөөд Британи нь барууны орнуудаас хамгийн түрүүнд манай улстай дипломат харилцаа тогтоосон, ардчилал шинэчлэлтийн үйл явцыг эхнээс нь дэмжиж ирсэн улс юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын 9-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно DNN.mn

Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст бороо, нойтон цас орж, сэрүүхэн байна.

2023 оны 05 дугаар сарын 07-ноос 05 дугаар сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

7, 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +14…+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +18…+23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

ХЭҮК-оос Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуульд шалгалт хийжээ DNN.mn

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа, Судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Ёндонжамц, ахлах референт Б.Мөнх-Эрдэнэ, референт Д.Ариунбилэг, мэргэжилтэн Л.Мөнхтулга нар Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн сурагчдын сурч боловсрох, халдашгүй, чөлөөтэй байх, хүнлэг бус, хэрцгий харьцаа, шийтгэлээс ангид байх эрхийн нөхцөл байдлыг 2023 оны тавдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд шалгалаа.

Шалгалтын явцад хөндлөнгийн шинжээчээр П.Оюунбаяр ажилласан бөгөөд сурагчдын сурах бичиг үг, үсгийн алдаатай, хэвлэлийн стандарт хангалтгүй, номын сан дахь хичээлийн холбогдолтой ном, сурах бичиг хадгалалтын шаардлага хангахгүй, сургууль, дотуур байранд харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан орчныг бий болгосон байдал дутмаг байгаа талаар дүгнэсэн.
Тухайлбал, хичээлийн хуваарь, сургуулийн 1, 2, 3 дугаар давхрын шатны эхлэл, төгсгөл, анги, танхим, багш ажилтны өрөө тасалгааг заасан тэмдэглэгээ, хаягжилтыг брайль үсгээр хийгээгүй байв.
Тус сургуульд 2022-2023 оны хичээлийн жилд харааны бэрхшээлтэй (сул болон тэг хараатай) 129 хүүхэд суралцаж, нийт 72 багш, ажилтны бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.
Шалгалтын бүрэлдэхүүн тус шалгалтын урьдчилсан дүнг 2023 оны тавдугаар сарын 5-ны өдөр сургуулийн нийт алба хаагчдын хуралд танилцуулж, нэн даруй авах арга хэмжээний талаар зөвлөв.
Шалгалтын дүнг тавдугаар сарын 15-ны дотор эцэслэн гаргаж, сургуулийн удирдлага, эрх бүхий холбогдох байгууллага болон олон нийтэд танилцуулна.
Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: Ургамлын харшил жил бүрийн 4-9 сард үргэлжилдэг DNN.mn

Монголчуудын хувьд хамгийн түгээмэл тохиолддог харшил нь ургамлын харшил юм. Ургамлын харшил нь жил бүрийн 4-9 сард үргэлжилдэг бөгөөд эдгээр саруудаас бусад үед эмчилгээ хийлгэх, сорил тавиулж, харшлаа тодорхойлуулаад харшилтай зүйлсээсээ зайлсхийх хэрэгтэй.

Лууль, шарилж, өлөн тоос шороо болон бусад ямар нэгэн ургамлаас үүсэж, хамрын салст бүрхэвч нь гадны хүчин зүйлийн сэдэлтийг маш соргогоор хүлээн авч хариу урвал гарч байгаа үзэгдлийг ургамлын харшил гэнэ.

Хамар битүүрэх, найтаах, нус, нулимс элбэгших, нүд тагнай загатнах, хүндэрвэл хоолой сэрвэлзэн ханиах, салст бүрхэвч улайж, хавагнах, амьсгал авч чадахгүй болох, арьсан дээр ямар нэгэн харшлын сэжиг илрэх, самалдаг зузаарах байдал үргэлж тохиолдоно.

Зовуурь нэгэнт илэрсэн бол хувийн хамгаалах хэрэгсэл болох малгай, бээлий, маск, нүдний шилийг зүүж хэвших хэрэгтэй.

Өглөөний 04:00-10:00, оройны 17:00-20:00 цагуудад агаарт ургамлын тоос их дэгддэг нь судалгаагаар тогтоогдсон.

Тиймээс ургамлын гаралтай харшилтай бол энэ цагуудад аль болох гадуур явахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Мөн бороо орсны дараа нар гарсан үед ургамлын тоос их дэгддэг. Тэр үеэр ч гэсэн гадуур явахгүй байх, цонх хаалгаа битүүлж хаах хэрэгтэй.

Ургамлын тоос нь хүний бие, хувцсан дээр наалддаг тул гаднаас орж ирээд боломжтой бол усанд орох, ам хоолойгоо зайлах, хувцсаа тайлж далд шүүгээнд хийх хэрэгтэй.

Агаар цэвэршүүлэгчийг жилийн дөрвөн улирлын турш хэрэглэж элдэв тоосыг шүүж болно.

Categories
мэдээ улс-төр

ҮХНӨ-ийг хоёр болон гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх УИХ-ын тогтоолын төслийг батлав DNN.mn

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.04.05) нэгдсэн хуралдаан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг нэг дэх хэлэлцүүлэг буюу хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2023 оны тавдугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа, Улсын Их Хурал 2023 оны тавдугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, төслийг хоёрдахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасны дагуу төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг дурдлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 77.6 хувь нь дэмжив.

Уг тогтоолын төсөлд Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд ахалж, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ж.Батсуурь Т.Доржханд, Х.Нямбаатар, Д.Сарангэрэл, Д.Тогтохсүрэн О.Цогтгэрэл, Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгажээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлгийн бэлтгэлийг холбогдох хуульд заасан хугацаанд багтаан хангаж ажиллахыг Ажлын хэсэгт, уг Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлж ажиллахыг УИХ-ын Тамгын газарт даалгаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн үе шат хооронд төслийг иргэдэд танилцуулах, санал бодлыг сонсох, ажилд зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх, холбогдох зардлыг гаргахыг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгохоор заасан байна. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг харьяалах засаг захиргааны нутаг дэвсгэрийн хариуцан зохион байгуулж ажиллахыг холбогдох Засаг дарга нарт үүрэг болгохоор тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд 36 хүүхэд Монгол хэл бичгийн шалгалтдаа 800 оноо авчээ DNN.mn

Боловсролын үнэлгээний төсөөв Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарсан талаар цахим хуудастаа мэдээлжээ. Шалгалтын дүнг www.eyesh.eec.mn сайтаас авах боломжтой юм. Энэ жил Монгол хэл бичгийн шалгалтад 30,879 шалгуулагч хамрагджээ.

Үүнээс 4,856 шалгуулагч босго оноо хүрээгүй буюу 400-аас бага оноо авчээ. Шалгалт өгсөн нийт сурагчийн 15 орчим хувь нь босго оноо даваагүй байна. Шалгалтын босго оноо болох 400 онооны босго хүрээгүй аймгийг Баян-Өлгий тэргүүлж байна. Улсын хэмжээнд 36 хүүхэд Монгол хэл бичгийн шалгалтдаа 800 оноо авчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болж байна DNN.mn

2023 оны тавдугаар сарын 6-7-ны өдрүүдэд буюу энэ амралтын өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг дараах байршилд зохион байгуулж байна.