Categories
мэдээ нийгэм

Шаардлага хангахгүй шугам тавьсан аж ахуйн нэгж, хүлээн авсан албан тушаалтнуудыг шалгуулна DNN.mn

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооллуудын зэвтэй усны асуудлаар мэдээлэл өгч, уг шугам сүлжээг тавьсан аж ахуйн нэгж, хүлээн авсан албан тушаалтнуудыг хуулийн байгууллагад шалгуулахаар болсон талаар мэдээллээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Стандартын шаардлага хангаагүй ус дамжуулах хоолой, орон сууцны хорооллын доторх шугам сүлжээ, тоноглолыг солих арга хэмжээг даруй авах шаардлагатай байна. Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ханбогд”, “Арцат”, “Богд вилла”, “Велмонте”, “VIP резиденс”, “Хүннү вилла”, “Хангарьд-1”, “Хангарьд-2”, “Нью гарден” зэрэг 20-иод хороололд 25 мянга гаруй хүн амьдардаг. Эдгээр хотхоны халуун, хүйтэн ус зэвтэй байна гэсэн 400 гаруй гомдол УБЗАА-нд ирсэн. Мөн ашиглалт үйлчилгээ хариуцдаг орон сууцны конторууд, Ус сувгийн удирдах газар болон холбогдох байгууллагуудад өнгөрсөн оны зургаадугаар сараас ирэх болсон. Энэ дагуу Ажлын хэсэг байгуулаад холбогдох чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Ажлын хэсэг ус зэвтэй гарч байгаагийн шалтгааныг тодруулах арга хэмжээг нэн тэргүүнд авсан. Ингэхдээ насос станцаас гарч байгаа цэвэр усны шугамууд, хэрэглэгчийн салаа болон салбар худаг шугамууд, ус хэмжүүрийн зангилаа болон айл өрхийн сантехникийн хэрэгслээс Ус сувгийн удирдах газар хими, бактериологийн дээж авч шинжиллээ.

Мөн тухайн цэгүүдээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын лаборатори, Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн лаборатори, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн лабораториудад усны дээж, ус дамжуулах шугам хоолойн дээжийг тус тус шинжлүүлсэн. Эдгээр шинжилгээний дүгнэлтээр усан дахь төмрийн агууламж ихэссэн, өнгө өөрчлөлттэй гэсэн хариу гарсан. Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн шинжилгээгээр ус Яармагийн ус хангамжийн эх үүсвэрээс хэрэглэгчдэд хүрэхдээ манган, төмөр, цайрын агууламж нэмэгдэж байгаа нь усыг дамжуулж буй шугам хоолойноос хамааралтай гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, шугам хоолой нь ундны ус дамжуулах шаардлагыг хангаагүй гэсэн үг. Тэгэхээр “Пума констракшн”, “Пи Ай Эм Эм” ХХК-ийн хөрөнгөөр барьсан ф200 мм голчтой хоёр км шугам, “Ар Ий Си” ХХК-ийн “Шинэ өргөө” хорооллын гаднах ф200 мм-ийн шугам болон орон сууцны хорооллын доторх шугам сүлжээ, тоноглолыг стандартад нийцүүлэн солих шаардлага гарч байна.

Шугамын зэвийг арилгахаар шугам, хоолой, нийт тоноглолыг угаах зэрэг арга хэмжээ авч байгаа ч төдийлөн үр дүнд хүрээгүй. Энэ бол иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхэнд шууд халдсан нөхцөл байдал. Тиймээс стандартын шаардлага хангаагүй шугам хоолой тавьсан, угсралт хийсэн компаниудтай уулзаж, гаргалгаа, шийдэл ярихаар урьсан ч ирээгүй. Иймээс дараагийн арга хэмжээг авахаас аргагүй. Шугам угсралтын ажилтай холбоотой захиалагч гурав, угсралт хийсэн хоёр компани байгаа. Мөн хүлээж авсан эрх бүхий 10 албан тушаалтан бий. Эдгээрийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна. Хүлээж авсан, угсарсан материал нь чанарын шаардлага хангаагүй. Иймээс солиулах ажлыг хийнэ” гэлээ.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Categories
мэдээ нийгэм

АНУ руу шууд нислэгтэй болно DNN.mn

Монгол Улс Дундад Азийн олон улсын агаарын тээврийн дамжин өнгөрөх зангилаа  төв болох боломжтой

Манай улс АНУ руу шууд нислэгтэй болохоор яриа хэлэлцээ хийж байна. Энэ хавар OPEN SKY хэлэлцээрийг үзэглэсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д айлчлах үеэр хэлэлцээрт гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм. Энэхүү ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны Хойд Азийн бүс хариуцсан ахлах төлөөлөгч Ноэл Арбис, гадаад харилцааны мэргэжилтэн Ёлында Кю нартай уулзаж, санал солилцжээ.

Уулзалтаар талууд хоёр улсын хооронд шууд нислэг хийх бэлтгэл ажлыг шуурхайлахад анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хэлэхдээ “Ази дахь ардчиллын арал болсон манай улсын хувьд гуравдагч хөрш болсон АНУ руу шууд нислэгтэй болох нь улс төр, нийгэм эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой. АНУ-д ажиллаж амьдарч буй 50 гаруй мянган монгол иргэний маань хувьд ч, үндэсний авиа компаниудын хөгжилд ч, иргэдийн цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэхэд шууд нислэг өгөөжөө өгнө” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нөөцийн махыг өргөтгөсөн худалдаагаар борлуулж байна DNN.mn

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжлэх талаар ХХААХҮЯ, нийслэлийн захирагчийн Ажлын албанаас мэдээлж байна. Өргөтгөсөн худалдааны үеэр махыг гулуузаар борлуулж байгаа бол хүнсний дэлгүүрүүдэд жижиглэнгээр худалдаж байгаа юм. Гулуузаар хонины махыг кг-ыг нь 8300 төгрөгөөр худалдах аж.

Нийслэлд нөөцийн махыг хүнсний 481 дэлгүүр, сүлжээгээр борлуулж байна. Харин өргөтгөсөн худалдааг ажлын өдрүүдэд 10 байршилд, амралтын өдрүүдэд 33-35 байршилд зохион байгуулж байна.

Нөөцийн махны нийлүүлэлт, хүртээмж, чанар, аюулгүй байдлыг УБЗАА, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Татварын хэлтэс хамтран байнга хянаж байна.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний номын баяр энэ сарын 26, 27, 28-нд болно DNN.mn

Жил бүрийн хавар, намар уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний номын баяр 5 дугаар сарын 26, 27, 28-нд нийслэлд болохоор товлогджээ.

2021 оны УИХ-ын чуулганаар “Номын баяр”-ын тогтсон өдрүүдийг “Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрийн хууль”-д нэмэлт өөрчлөлтөөр оруулж, улс орон даяар тэмдэглэдэг болсон. Хуульд заасны дагуу энэ жил 5 дугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдэд Номын баяр орон даяар эхлэх бөгөөд нийслэлд Сүхбаатарын талбайд 26, 27, 28-ний өдрүүдэд үргэлжлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Нүхтийн замыг хааж, засварлана DNN.mn

Богдхан уулын Нүхтийн аманд авто замыг хааж, замыг өргөсгөх засварын ажил 2023 оны тавдугаар сарын 8-ны өдрөөс эхэлнэ. Богдхан уулын Арцатын аманд шинээр зам, талбай нээгдэх ажил хийгдэж, газар чөлөөлөлтийг хийж байгаа юм. Ингэснээр Хан-Уул дүүргийн 23-р хороонд Арцатын амнаас Жет, Томьёо сургуулиудаас Наадамчдын төв зам руу шууд холбогдож байна. Замын трасс татах, зам засах ажлыг “Мегатитан” ХХК зам эхлүүлээд байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 998.7 кг үнэт металл худалдан авлаа DNN.mn

Монголбанк 2023 оны 4 дүгээр сард 998.7 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 3.2 тонн үнэт металл худалдан аваад байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 234.3 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 360.0 кг үнэт металл тус тус худалдан авсан.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны 04 дүгээр сард дундаж үнэ 224,794 төгрөг байв.

Эх сурвалж: Монголбанк

Categories
гадаад мэдээ цаг-үе

Коронавирусийн цар тахал өндөрлөснийг ДЭМБ зарлалаа DNN.mn

Covid-19 нь дэлхий нийтийг хамарсан эрүүл мэндийн аюул занал биш болсныг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр зарлажээ.

Ингэснээр гурван жил гаруй хугацаанд үргэлжилж, 6.9 сая гаруй хүний амийг хөнөөсөн цар тахлыг өндөрлөсөнд тооцож болох юм.

ДЭМБ-ын дэргэдэх шуурхай хороо 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр анх Covid-19 халдварт өвчнийг дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул заналд тооцох шийдвэр гаргаж байжээ.

Тэгвэл тус хороо Пүрэв гарагт хуралдахдаа уг статусыг цуцлах шийдвэр гаргасан байна.

“Covid-19 дэлхийг, бас биднийг өөрчилсөн. Ингэх нь ч зүй ёсны хэрэг. Хэрвээ бид өөрчлөгдөөгүй бол алдаанаасаа суралцаж чадахгүй, ирээдүй хойч үеэ хамгаалж чадахгүй байлаа” гэж ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Адханом Гебрейесус өчигдөр мэдэгджээ.

Цар тахалтай холбоотой нас баралтын тоо 2021 оны нэгдүгээр сард буюу оргил үедээ долоо хоногт 100,000 давж байсан бол өнгөрсөн долоо хоногт 3,500 гаруй болж буурсан байна.

ДЭМБ нь цар тахал эхэлсэн болон дууссаныг албан ёсоор зарладаггүй. Гэхдээ 2020 оны гуравдугаар сараас Covid-19 өвчинд ийм нэр томьёо ашиглаж эхэлсэн юм.

Харин дэлхийн бусад улс орнууд өмнө нь цар тахал өндөрлөснийг ээлж дараалан зарлаж байлаа.

Тухайлбал АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден цар тахал дууссаныг өнгөрсөн онд зарлаж, цар тахалтай холбоотой хорио цээрийн арга хэмжээнүүдээ цуцалж байв.

Covid-19 өвчний статусыг ДЭМБ өөрчилснөөр уг өвчинтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагаа, санхүүжилт дуусгавар болох эсвэл өөр чиглэлд ашиглагдахаар болж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол хэл, бичгийн шалгалтад 36 сурагч 800 оноо авчээ DNN.mn

Дөрөвдүгээр сарын 22-нд Монгол хэл, бичгийн шалгалтыг зохион байгуулсан. Тус шалгалтанд нийт 32 600 шалгуулагч оролцохоор бүртгүүлсэн боловч 30 879 нь шалгалт өгчээ. Түүнчлэн шалгалтын хариу өчигдөр гарч, өнөөдрөөс батламжаа тарааж эхэлсэн байна. Улсын хэмжээнд 30 879 шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдсанаас 26 000 гаруй шалгуулагч босго оноогоо давжээ. Энэ жилийн тухайд 36 хүүхэд Монгол хэл бичгийн ЭЕШ-даа 800 оноо авсан байна. Харин Монгол хэл бичгийн шалгалтыг гүйцэтгэлийн хувиар тооцож үзвэл улсын дундаж 68 хувьтай гарсан талаар Боловсролын Үнэлгээний Төвийн захирал Л.Ганбат мэдээллээ.

Шалгуулагч тус бүр өөрсдийнхөө оноог цахимаар харах боломжтой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

УЕПГ: Зөрчлийн хэргийн гаралт өнгөрөгч сард буурсан DNN.mn

2023 оны 4 дүгээр сард улсын хэмжээнд 201.652 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн. Энэ нь 3 дугаар сартай харьцуулахад 25.5%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нийт хэргийн 96.1 хувийг Цагдаагийн байгууллага, 0,09 хувийг Гаалийн байгууллага, 0,08 хувийг Татварын байгууллага, 0,09 хувийг Гадаадын иргэн, харьяатын газар, 0,04 хувийг Онцгой байдлын газар, 3,3 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэсэн байна.

Улсын хэмжээнд өнгөрөгч 4 дүгээр сард 193.967 хүн, 412 хуулийн этгээдэд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болон шүүхээс Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан. Өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 26.3 хувиар, хуулийн этгээд 3.33 хувиар тус тус буурчээ.

Зөрчил үйлдсэн хүмүүсийн 77,2 хувь нь эрэгтэй, 64,7 хувь нь 26-45 насны хүмүүс байна.

Дөрөвдүгээр сард үйлдэгдсэн зөрчлийг гуравдугаар сартай харьцуулахад Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 17 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил болон Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил тус бүр 18.9 хувиар өссөн байна.

Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 43.2 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 38.2 хувиар, Гаалийн тухай хууль зөрчих зөрчил 19.4 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 27.9 хувиар тус тус буурчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Ulaanbaatar cup” тэмцээний Багануур дүүргийн шилдгүүд тодров DNN.mn

Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбоо болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хамтран зохион байгуулж буй “Ulaanbaatar cup” тэмцээний Багануур дүүргийн шилдгүүд өчигдөр тодорлоо.

Тус дүүргийн аварга багаар “Баруун Туруун” шалгарсан бол хоёрдугаар байрт “Zaisan” баг шалгарч финалд оролцох эрх болон мөнгөн шагналаар шагнуулжээ.

Энэхүү тэмцээний аварга баг нь ирэх долдугаар сард болох FIBA 3×3 их дуулгад оролцох эрх авах юм.

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн аварга багууд тодорно гэж Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос мэдээлэв.