Categories
мэдээ нийгэм

Хамтын ажиллагааны хороо амжилттай ажиллаж байна DNN.mn

Увс аймгийн Бөхмөрөн сумын Хамтын ажиллагааны хорооны дарга Н.Баттулгатай ярилцлаа.


-Хамтын ажиллагааны хороо хэдэн онд ямар шаардлага, зорилгоор байгуулагдсан бэ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн хэрэгжүүлсэн төслийн үр дүнд байгуулагдах нөхцөл бүрдсэн гэж сонссон. Энэ талаар ярина уу?

– Уул уурхайн Хамтын ажиллагааны хороо анх 2017 онд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд үүсэн байгуулагдсан. Тус төслийн зорилго нь манай сумын нутаг дэвсгэрт буй нүүрсний уурхайнуудтай хамтын ажиллагааны хүрээнд хариуцлагатай уур уурхайг хөгжүүлэх, нөхөн сэргээлтийг хууль журмын хүрээнд хийж хэвшүүлэх, мөн дүйцүүлэн хамгааллын үйл ажиллагааг хэрэгжүүлэх механизм бүрдүүлэх явдал байсан юм. Үүний хүрээнд Хамтын ажиллагааны хорооны ажиллах журмыг харилцан ярилцаж зөвшилцөн баталж, одоог хүртэл мөрдөн амжилттай ажиллаж байна. Хамтын ажиллагааны хорооны хурал жилд 2-оос доошгүй удаа болж тухайн жилд хийсэн ажлаа дүгнэж, ирэх жилд хийх ажлынтөлөвлөгөөг баталж, Засаг даргатай гэрээ байгуулснаар гэрээний үүргээ хэрэгжүүлж ажилладаг.

-Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй вэ, хэрхэн сонгодог, олон нийтийн оролцоог хангаж чаддаг уу?

-Хамтын ажиллагааны хорооны журамд заасны дагуу Уул уурхайн компанийн төлөөлөл 2 хүн, ЗДТГ-ын төлөөлөл 3 хүн, тухайн нөлөөллийн бүс буюу Хар алтат багаас 2 хүнийг сонгодог. Багийн иргэд ИНХ-аараа Хамтын ажиллагааны хорооны гишүүнийг хэн байхыг санал хурааж шийддэг юм. Хорооны гишүүдээ жил бүр шинэчлэн баталдаг. Шинэ гишүүд хуралдаж хорооны даргаа сонгодог.

-Уул уурхайн ямар компаниудтай хамтран ажиллаж байгаа вэ?

Манай сумын Хар алтат багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хотгор, Жанат, Хотгор шанага зэрэг компаниудтайхамтран ажиллаж байна.

-Өнгөрсөн хугацаанд тэдний зүгээс хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бэ, ямар ажлыг санхүүжүүлэв, ер нь санхүүжүүлэх ажлаа хэрхэн сонгодог вэ?

-Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд тухайн уурхайнуудтай хамтран нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Уул уурхайн хамтын ажиллагааны хорооны ирэх жил хэрэгжүүлэх ажлын саналыг багийн ИНХ-ын хуралдаан дээр очиж иргэдээс, мөн цахимаар санал авдаг. Хамтын ажиллагааны хорооны журамд ямар ажил санхүүжүүлэхийг тусгасан байдаг бөгөөд байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалах, сум орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлийн ажил хийхээр тусгасан байдаг.

-Бөхмөрөн сумын хувьд нутгийн иргэд уул уурхайн шийдвэр гаргалтад оролцож, байгалийн баялгаасаа хувь хүртдэг сайн жишиг тогтсон гэж ойлгож болох уу? Ер нь Хамтын ажиллагааны хорооны ач холбогдлыг хэрхэн тодорхойлох вэ?

-Хамтын ажиллагааны хороо үйл ажиллагаа явуулаад зургаан жил болж байна. Хамтын ажиллагааны хорооны төлөөлөл болох төр захиргааны байгууллага, уул уурхайн компани, нөлөөллийн бүсээс буюу иргэдийн төлөөлөл хуралдаанаараа харилцан ойлголцож, зөвшилцөж, журмын хүрээнд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэж, ирэх жилийн ажлаа төлөвлөж үйл ажиллагаа нь жигдэрч хэвшил болсон сайн талтай.Мөн Хамтын ажиллагааны хорооны жил бүрийн ажлын төлөвлөгөөний гэрээнд сумын нийт өрх айл бүрд 2 тонн нүүрс үнэгүй олгож байхаар тусгасан. Ер нь хамтын ажиллагааны хорооны ажилд иргэд сэтгэл өндөр байдаг бөгөөд жил бүрийн ИНХ-ын хуралдаан, сумын ИТХ-д хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар тайлан тавьж хэлэлцүүлж ирсэн.

-Хамтын ажиллагааны хорооны гишүүдийн санал зөрөлдөөнтэй асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Хамтын ажиллагааны хүрээнд харилцан зөвшилцөх, үл ойлголцох асуудлууд гарч ирдэг л дээ. Журамд заасны дагуу бол зарчмын санал зөрүүтэй асуудлууд гарч ирэх, харилцан ойлголцож, гэрээ байгуулах хэмжээнд хүрэхгүй бол хорооны хурлыг шийдвэр гарах хүртэл хэдэн ч удаа хуралдуулж болно гэж заасан байдаг. Иймд бид харилцан ойлголцох, тал бүрийнхээ эрх ашгийг хүндэтгэн үзэж, хурлаараа асуудлаа шийддэг.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн эзэмшлийн газарт барьсан 32 гараашийг чөлөөлжээ DNN.mn

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Газрын зөрчил арилгах А/321 дүгээр захирамж гарсан.

Энэ дагуу Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, долдугаар байрны хойд талын нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан 32 гараашийг буулгаж, газар чөлөөллөө. Чөлөөлсөн талбайд оршин суугчдын хүсэлтийн дагуу ногоон байгууламж, тохижилтын ажил хийх юм.
Categories
мэдээ нийгэм

Малчин О.Одгэрэл: Хилийн цэргийнхэн хил зөрчигчийг зодож хөнөөсөн хэргийн төлөөсөнд нутагтаа ханаа тойруулах газаргүй боллоо DNN.mn


Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум дахь Хилийн цэргийн 0258 дугаар ангийн нэгдүгээр заставт 2020оны нэгдүгээр сард хил зөрчигч амиа алдсан хэрэг гарчээ.

Амиа алдсан иргэнийг хил хамгаалах байгууллагад матсан хэмээн малчин О.Одгэрэлийг нутгийнхан нь буруутгах болжээ. Тэрбээр энэ хэргээс улбаалж хэдэнтээ нутаг сэлгэж, хүүхдүүд нь сургууль соёлгүй үлдэн, хэдэн мал нь ч үрэгдэж дуусахдаа тулжээ. Энэ тухай малчин О.Одгэрэлтэй ярилцлаа.


-Малчин хүн гэр бүлээрээ нутаг орноосоо хөөгдөх ямар хэрэг мандав?

-Манайх үе удмаараа Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Хаснагтын Улаан хад гэдэг газарт малаа маллаж амьдарч ирсэн айл юм.

Нутаг ус, айл саахалтууд ямар байдаг тэр л малчин ухаанаар малаа өсгөж, нутаг орондоо сайхан амьдарч байлаа. Тэр газар маань хилтэй ойрхон. Хилийн цэргийн 0257 дугаар ангийн нэгдүгээр застав байдаг. Гэтэл 2020 оны нэгдүгээр сарын сүүлчээр Хилийн застав дээр хил зөрчигч нас барсан хэрэг гарсан. Бид энэ талаар сүүлд л дуулсан. Нутгийн найман хүн хил зөрчсөн, тэднийг хилийн цэргийнхэн саатуулсан.

Гэтэл Застав дээр тэдгээр хүмүүсээс нэг нь нас барсан юм байна. Хавар нь би сумын төв орж машин тэргээ засуулж байтал таарсан хүн болгон “Чи нутгийнхаа хүнийг Цэргийн ангид матаж бариулсан гэсэн. Шанд нь олон сая төгрөг авсан гэнэ лээ. Хэдийг авав”, “Чи хил зөрчсөн хүнийг цэргийн ангид матсанаас болж амиа алдлаа” гээд санаанд буухгүй зүйлс хүмүүс ярьж, гадуурхаж хэлэх хэлэхгүйгээр доромжилсон. Ингээд л ерөөсөө ийм яриа сумын төвөөр нэг тарчихсан. Айл саахалтууд ч ингэж яриад л, нөгөө Застав дээр амиа алдсан хүний ар гэрийнхэн ч үзэхээ байсан.

Гэтэл бид чинь тэр талаар ямар ч мэдээлэлгүй, хэзээ хойно нь хил зөрчигчдийн талаар хүмүүсийн амнаас сонссон хүмүүс.

Нутгийн хүмүүсийг матаад явах ёс зүй, хүмүүжил байхгүй. Өмнөхөө л хийж ирсэн. хэдэн хүүхэд хэдэн малаа л гэж явсан айл.

Гэнэт л тогоо хөмөрсөн юм шиг хүний амь нас хохироосон хэрэгт холбогдчихсон. Өнөөдөр хүртэл гурван жилийн хугацаанд манайх гэдэг айл хийгээгүй, хэлж яриагүй хэрэгтээ гүтгэгдэж, очиж буугаагүй сум нутаг гэж үгүй болсон. Хэдэн хүүхэд маань сургууль, сургууль дамжиж сурч мэдсэн зүйл байхгүй, хэдэн мал маань хорогдсоор ямар ч хөрөнгө мөнгөгүй хоосорч үлдчихээд байна. Энгийн мөрөөрөө малчин айлыг ийм ноцтой хэрэгт холбосон газар бол Хилийн цэргийн 0257 дугаар ангийн нэгдүгээр застав гэж бид үзэж байгаа.

-Ямар учраас вэ. Тодорхой баримттай ярих уу?

-Хилийн цэргийнхэн застав дээр нь хүн нас барсан хэргийн мөрийг баллах гэж манайхыг гүтгэсэн. Хэрэг гарсны дараахан Заставын дарга Мөнхтөр манайхаар ороод гарсан юм.

Тэр үеэр “Энэ асуудал дээр та бид хоёрын нэр л их гарч байна даа” гэж битүүлэг зүйлс ярьсан. Би ч “Юу яриад байна вэ, ахын дүү. Мөрөөрөө яваа хүнийг юунд хутгаад байна вэ” гэхэд дорвитой юм ярихгүй яваад өгсөн. Ингээд л удалгүй манайх хүн матсан хэрэгтэн болж, нутгаар нэг ярьж эхэлсэн.

Биднийг арга буюу нутгаасаа нүүхэд Цэргийн ангийн дарга Төмөрчөдөр манай нутгийн залууст “Манай үнэнч мэдээлэгч нүүж байгаа юм байна” гэж хэлсэн байдаг. Энэ бол баримттай. Цэргийн ангийнхан өөрсдөө ингэж ярьж байхад ард олон үнэмшихгүй яах вэ дээ. Бид Застав дээр олон удаа очиж, учир байдлаа ярьсан.

“Би энэ хэрэгт хамаагүй” гэхэд тэд “Тийм ээ” гэдэг. Тэгээд бүр надад “Энэ хүн энэ гэмт хэрэгт хамаагүй” гэж албан бичиг хүртэл бичиж өгсөн, энэ байна (албан бичиг харуулав). Тэгсэн хэрнээ тэр тухайгаа ард түмэнд хэлээд өгөөч, багийн хурал дээр танилцуулаад өгөөч гэхээр “Бид олон түмнээс айж байна” гэдэг. Өмнө нь малчид, хилийн цэргийнхэн, Засаг дарга гэсэн гуравласан хурал жил бүр болж, хилийн цэргийнхэн үйл ажиллагаагаа танилцуулдаг байсан. Гэтэл тэр хэргээс хойш тэд ард иргэдтэй уулзахаа больсон.

-Хилийн цэргийн ангийнхан яагаад заавал танайхыг гүтгэнэ гэж?

-Нас барсан хил зөрчигчийг өөрийгөө боомилж золгүй байдлаар нас барсан гэж хилийн цэргийнхэн ар гэрт нь хэлсэн гэдэг. Үнэн хэрэгтээ зодуулж нас барсан гэж нутгийнхан ярьдаг юм билээ. Тухайн үед талийгаачтай хамт саатуулагдаж байсан Дашрэнчин гээд залуу “Тэр өдөр хилийн цэргийнхэн биднийг хээр аваачаад нэг, нэгээр нь зодсон. Хэн зодож байгааг мэдэгдүүлэхгүйн тулд нүдийг маань боож байгаад зодож байсан” гэж надад хэлж байсан.

Мөн хэрэг гарах үед багийн эмч дуудлагаар цэргийн анги дээр явж очиход талийгаачтай хамт саатуулагдсан хүмүүс бүгд халуун паарнаас хүлээстэй, уйлж орилсон нүд халтирмаар угтсан гэсэн. Эмч цэргийн ангийн хүмүүсийг уурлаж загнаж байж тэр хүмүүсийн хүлээсийг нь тайлуулсан байдаг. Тэдний дунд байсан хөл муутай залуутай дараа нь эмнэлэг дээр таарсан. Зодуулаад хөл нь бүр дордчихсон явсныг харсан.

Талийгаачийг боомилж нас барсан гэх шрүпп хүн даах битгий хэл гарын аясаар унаад ирж байна гэж хүмүүс ярьдаг. Тиймээс хил зөрчигч цэргийн анги дээр амиа хорлоогүй, зодуулж нас барсан байх магадлалтай. Ийм ноцтой хэргийг дээдэл байгууллага Хил хамгаалах ерөнхий газар нь мэдэхгүй өнгөрсөн болов уу.

Хилийн цэргийн 0257 дугаар анги дээр хил зөрчигчийг зодож танхайрсан тохиолдол өмнө нь гарч байсан. Бүр энэ тухай цэргийн ангийн ахлагч надад ярихдаа “Хил зөрчигчийг хуулийн дагуу барьж авсан. Цэргийн анги дээр авчраад хүлээлгэж өгсний дараа дарга нар тэднийг зодсон. Тэр хэрэг эргээд дарга нарыг ороож, хил зөрчигчдийг асуудал гаргах вий гээд ямар ч хариуцлага хүлээлгэхгүйгээр суллачихлаа” гэж ярьж байлаа.

Хил зөрчигч цэргийн анги дээр нас барснаас болж ард иргэд жагсаал зохион байгуулж эсэргүүцэл илэрхийлж байсан. Тиймээс тэд нэрээ цэвэрлэж хариуцлагаас бултахын тулд гэмгүй номхон ард руу буруугаа тохож, ард олны уур бухимдлыг өөр тийш эргүүллээ гэж хардаж байна. Ингэхээс аргагүй бодит нөхцөл байдал өнгөрсөн гурван жилийн хугацаанд өрнөж, таван нялх хүүхэд ядарсан малчин айл очих нутаглах нутаггүй болж явна шүү дээ. Хил хамгаалах байгууллагад маш их гомдолтой байна. Бид чинь хүн матах битгий хэл хил рүү ойртох эрхгүй. Тэнд хэн яаж юу хийж явааг хэн мэдэх билээ.

-Талийгаач ямар хүн байв. Ар гэр нь юу гэх юм бэ?

-Б гэдэг, 50 гаруй насны хүн байсан. Бид энгийн л гэмгүй харьцаатай нутгийн хүмүүс байлаа. Бидэнд өш хонзон байхгүй. айл саахалт амьдарч ирсэн хүмүүс. Ар гэрийнхэн нь мэдээж хүнээ алдсан хүмүүс ямар л сайн байх вэ.

Ялангуяа манайхыг матсан гэдэг худал гүтгэлгийг дуулаад дагаад л биднийг буруутгаж байсан. Үнэхээр тэд ч бас хүнийхээ амийг хил хамгаалах байгууллагаас нэхэх хэрэгтэй.

-Олон газраар нүүж суудалласан гэлээ. Үнэхээр хэрэг хийгээгүй л бол нутагтаа амьдарч болоогүй хэрэг үү?

-Хийгээгүй хэргийн төлөө амтай бүхэн ярьж хэлж, “Зайлаач та нар, матаачид” гэж байнга дарамтлуулах хэзээ ч хүлээн зөвшөөрч тогтох боломжгүй болдог юм байна. Мэдээж бид нутагтаа төрж өсөж үе дамжин амьдарч ирсэн. Тэндээ л идээшсэн хүмүүс холдохыг хүсэхгүй шүү дээ.

Байнгын хүмүүсийн дарамт, шахалт, хүүхдүүдийг маань ч үг хэлээр доромжлох газар нутагт амьдарч болохгүй намар нь Бүрэнтогтох сум руу аавынхаа нутаг руу нүүж очсон. Ах дүү нар маань ч хүлээж авдаггүй. “Миний аав мөрөөрөө хүн байсан. Гэтэл чи эцэг эхийнхээ нэрийг гаргалаа. Тэр нутагт олон жил амьдарчхаад бүхэл бүтэн айл сүйрүүлчхээд чи ирдэг” гээд нөгөө яриа ахиад л эхэлсэн.

Тэгэхээр нь Арбулаг сум руу нүүж үзлээ. Тэндээ очоод 4-5 cap боломжийн гайгүй амьдарч байтал нөгөө яриа ахиад л тараад “Зайл нүдний, булайнууд. Орох байх газраа олж яваа юм билээ. Мөнгөө багтааж ядаж яваа гээ биз дээ. Ядарч биш задарч яваа улсууд гэсэн байх аа” гэсэн яриа гарч эхэлсэн. Арга буюу буцаад өөрийн нутагтаа очлоо. Өвөлжөөг маань худалдаж авсан айл ээжийн маань өвөлжөөг харж үлдсэн юм. “Болохгүй бол буцаад эндээ ирээрэй” гэж байсан хүмүүс эргээд очтол нөгөө л ярианд автчихсан хөөж тууж эхэлсэн.

Ингэж явах чинь айл гэрт их л хор хохиролтой юм байна. Хэдэн мал маань хорогдож малчин хүнд үнэхээр хэцүү болдог юм байна. Бүр нутагтаа ханаа тойруулах газар ч олдохгүй явна.

-Таван хүүхэдтэй гэв үү. Хүүхдүүдийн хичээл сургууль ч нэлээд завсарджээ?

-Тэр ч бүр аюултай. Нэг сумаас нөгөө сум руу яваад сургуульд оруулдаг. Хэдэн cap ч болохгүй дахиад өөр сум руу явдаг. Ингэж явсаар багш нар нь ч хүлээж авахаа больдог юм байна. Хүүхэд ч сурсан зүйл байхгүй, хичээлийн дүн нь гарахгүй.

Эхнэр маань айлын өргөмөл ганц хүүхэд. Хадам ээж маань бие муутай, биднийг дагаад л настай хүн нүүдэллэсээр ирлээ. Өвчтэй настай хүнд маш хэцүү байдаг бололтой. Уйлаад л суух юм. Эхнэр маань энэ хүнд нөхцөл байдалд байнгын сэтгэлийн хямралд байсаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлэхдээ туллаа. Эмчлүүлж гарч ирээд ч нэмэргүй, хүний хэлж ярихыг ч ойлгохгүй амьдралаараа тоглуулж явна, ах нь.

-Заавал нутагтаа гэхгүйгээр өөр газар нутагт сайхан идээшээд амьдарч болохгүй хэрэг үү?

-Арга буюу Улаанбаатар хотыг бараадаж, Төв аймгийн Эрдэнэ суманд нүүж ирсэн. Үлдсэн хэдэн малаа нутагтаа айлд гуйгаад л үлдээсэн дээ. Авч ирэх зардал мөнгө, авчраад өвөлжөө бууц гэж байхгүй. Хүүхдүүдээ Улаанхуарангийн сургуульд оруулсан боллоо. Ингээд хийж чадах зүйл бидэнд чинь мал маллах л учраас ажил хайж үзлээ. Манай нутгийн нэгэн компанийн захиралтай овоо сайн ойлголцоод малыг нь маллахаар болтол гэнэт л больчихлоо. Сураг дуулах нь ээ, манай сумын Засаг дарга биднийг “Сайн хүмүүс биш” гэсэн бололтой. Хил хамгаалах байгууллагаас улбаатай ийм нэгэн аюултай гүтгэлэг явсаар биднийг хаана ч ажил хөдөлмөр эрхлэх, амьдрах эрхгүй болгочхоод танай сонинд хандаж байна.

Энэ нөхцөл байдлыг маань Хил хамгаалах ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар анхааралдаа авч, шийдвэрлэж өгөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Бид хилийн цэрэгт хил зөрчигчийг матаагүй. Үүнийг албан ёсоор нутгийн хүмүүст маань хэлж ярьж өгөхийг л хүсэж байна. Өмнөх шигээ гэр бүлээрээ малаа маллаад нутагтаа л сайхан амьдармаар байна даа. Өөр хүсэх зүйл алга, ахад нь.

Categories
гадаад мэдээ

​Хаан сэнтийд залах ёслол DNN.mn

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хаан III Чарльзыг хаан сэнтийд залах ёслол Лондон хотын Вестминстерийн сүмд ёслол төгөлдөр боллоо.

Хаан Чарльз гэргий Камиллагийн хамтаар Букингемийн ордноос баяр хүргэсэн олны дундуур морин тэргээр Вестминстерийн сүмд хүрэлцэн ирсний дараа ёслолын үйл ажиллагаа орон нутгийн цагаар 11 цагт эхэлсэн юм. Өдгөө 74 насыг зооглож буй III Чарльз 1066 оноос хойш Вестминстерийн сүмд хаан сэнтийд заларч буй 40 дэх хаан болж байгаа бөгөөд хамгийн сүүлийн титэм өргөх ёслолыг 70 жилийн тэртээ буюу одоогийн удирдагчийг дөрвөн настай байхад зохион байгуулагдаж байжээ.
Вестминстерийн сүмд III Чарльзыг тангараг өргөсний дараа Кентерберигийн хамба Жастин Уэлби Гэгээн Эдвардын титмийг хааны тэргүүнд залжээ. Энэхүү ёслолд дэлхийн 100 орчим улс орны төр, засгийн тэргүүн нар, 203 орны 2000 гаруй зочид төлөөлөгчид оролцсон байна.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Тоглоомын талбайд хүүхэд зодсон гэх иргэнээс мэдүүлэг авч байна DNN.mn

Цахим сүлжээнд “Тоглож байгаад өөрийнх нь хүүхдийг санамсаргүй оносны төлөө өсвөр насны хүүхдийг зодсон” гэх тайлбартай дүрс бичлэг цацагдсан.

Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Тоглоомын талбайд хүүхдүүдийн биед халдсан эрэгтэйг тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байгаа гэв.

Иргэнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас дуудан тайлбар, мэдүүлэг авч байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ойрын хоногуудад баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно.

2023 оны 05 дугаар сарын 09-нөөс 05 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд нутгийн зарим газраар, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -6…-11 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +3…+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +7…+12 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +2…+7 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +22…+27, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улсад нийт 1.2 сая иргэн ажил хөдөлмөр эрхэлж байна DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын байгууллагууд болон дотоодын аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн менежерүүдтэй уулзаж байна.

Уг уулзалтаар дэлхий нийт, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулж, салбарын нөхцөл байдлын талаар ярилцаж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Монгол Улсад нийт 1,2 сая хүн ажил хөдөлмөр эрхэлж байгаагийн 26 хувь төрд, 74 хувь нь хувийн хэвшилд ажиллаж байна. Төрийн албаны тухайд албан хаагчдын ялгаатай цалинг багасгах, цалин хөлсөнд эзлэх нэмэгдлийн хэмжээг хязгаарлах, төрийн үйлчилгээний албыг гүйцэтгэлд суурилсан санхүүжилтэд шилжүүлэх, цалин хөлсний асуудлыг зохицуулсан салбарын хуулиудад өөрчлөлт оруулах, төрийн захиргааны албаны цалингийн тогтолцоог шинэчлэх шаардлагатай байна.

2023 онд ажил олгогчийг дэмжих арга хэмжээнд 15 тэрбум төгрөг зарцуулахаар тусгаад байна” гэв.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Хөгжлийн банкны шүүх хурал 16 дахь өдрөө үргэлжилж байна DNN.mn

Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд 16 дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ долоо хоногийн шүүх хуралдаанаар хохирогч иргэний нэхэмжлэгч болон иргэний хариуцагч байгууллагын төлөөллөөс асуулт, хариулт авах ажиллагаа явагдана.

Өнөөдрийн шүүх хуралдаанаар хохирогч Хөгжлийн Банкнаас прокурорууд асуулт асууж байна.

Прокуророос байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох тус шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа юм.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Монголхүүгийн өмгөөлөгч Б.Баяраа: Монгол Улс албан ёсоор улс төрийн хоригдолтой болсон DNN.mn


Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлсэний төлөө ял шийтгүүлж шоронд хоригдоод байгаа иргэн Д.Монголхүүгийн өмгөөлөгч Б.Баяраатай ярилцлаа.


-Юуны өмнө иргэн Д.Монголхүүд зорчих эрх хязгаарлах эрүүгийн ял шийтгэсэн хэргийн талаар тодруулмаар байна?

-Иргэн Д.Монголхүүг Монгол Улсын жирийн иргэний хувиар үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрх чөлөөгөө эдэлсэний хариуд цагдаагийн байгууллагаас хүч хэрэглэн баривчилсан. Д.Монголхүүгийн хувийн өмч, жагсаал цуглаанд ашиглах гэж байсан хүүхдийн хувцсыг цагдаагийн байгууллагаас хурааж, хувийн өмчид халдаж, хууль бус шаардлага тавьж, улмаар биед нь хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулан баривчилсан. Гэтэл Д.Монголхүүг хохироосон цагдаа нарын талаарх гомдлыг огт хэрэгсэхгүй атлаа хариуцлага хүлээх үндэслэлтэй хууль сахиулагчид нь эсрэгээр хохирогчийн дүр эсгэж улмаар шүүхээс Д.Монголхүүг хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэж үндэслэлгүй ял шийтгэн, нэг жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн. Энэ үйл явдлыг бид бүгдээрээ харсан, ямартай ч Д.Монголхүү нь цагдаа нарын хууль бус шаардлагыг биелүүлэхээс татгалзсан нь зөв үйлдэл юм, харин цагдаа нарыг илт эсэргүүцэж идэвхитэй довтолсон үйлдэл гаргаагүй. Цагдаа нарт ч гэмтлийн зэрэг тогтоогдоогүй.

-Үүний дараа цагдаагийн албаны нэр хүнд иргэдийн дунд их унасан санагдаж байна?

-Тийм, Монголын зургаан цагдаа Д.Монголхүү гэх ганц хүнд зодуулсан хэмээн хүн үнэмшимгүй хэрэг зохиогдож улмаар хохирсон гэх цагдаа нар нь нэрэлхээд шүүх хуралдаа ирээгүй

Цагдаагийн албаны нэр хүндээр шал арчсан үйл явдал болсон, үнэндээ бол Д.Монголхүүд зодуулсан үйл явдал болоогүй, хүч хэрэглээд албадаад аваад явсан байдаг.

-Ингэхэд шүүхээс нэг жилийн хугацаатай зорчих эрх хязгаарлах ялд Д.Монголхүү яаж хандаж байв?

-Хэдийгээр шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үздэг ч нэгэнт хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс өөр сонголтгүй. Д.Монголхүү өөрөө дабль стандартыг эсэргүүцдэг тул хууль адилхан үйлчлэх ёстой гэж шүүхийн шийдвэрийг хүндэтгэн зохих ёсоор хэрэгжүүлж байсан.

-Ямар үндэслэлээр зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар сольсон бэ?

-Д.Монголхүү нь зорчих эрхээ хязгаарлуулсан хугацаандаа аливаа зөрчил гаргаж байгаагүй. Түүний хувьд 2020 онд гэмтлийн улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт мэс засалд орж, удаан хугацаанд эмчилгээ хийлгэж эдгэсэн байсан хэдий ч цагдаа нарын хүч хэрэглэсэн баривчилгааны үеэр хуучин гэмтэл нь сэдэрсэн.

Ингээд прокурорын зөвшөөрлөөр гэмтлийн эмнэлэгт үзүүлээд буцахдаа зам товчлон зорчсоныг зориуд буруутган буруу гудамжаар зорчсон зөрчил гаргасан гэж үзсэн. Ер нь эмнэлгийн үйлчилгээ авахад анхнаасаа нарийвчилсан маршрут тогтоох үндэслэл шаардлага байхгүй. Жишээ нь, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авбал прокурорын маршрутаар түргэний тэргийг зорчих ёстой гэж тулгаж болохгүйтэй адилхан. Д.Монголхүү нь прокурорын зөвшөөрөлд заасан хугацаанд зөвхөн гэмтлийн эмнэлэг болон гэр гэсэн хоёр үндсэн чиглэлд л зорчсон.

орчих маршрутыг нарийвчлан тогтоох үндэслэл нь хохирогч гэрчийг дарамтлах, дахин гэмт хэрэг үйлдэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой арга хэмжээ юм. Эрүүл мэндийн шалтгаанаар буюу өвдсөн зовсоныг далимдуулан маршрут зөрчсөн гэж үзэх нь хуулийн үндэслэлгүй төдийгүй хүн ёсны хувьд ч байж боломгүй бусармаг явдал юм.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Д.Монголхүүг гэмтлийн эмнэлэгт очоогүй гэсэн мэдээллийг олон нийтэд өгсөн санагдаж байна…

-Энэ бол цэвэр гүтгэлэг гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Энэ гүтгэлгийн шинжтэй мэдээллийг залруулахыг даалгах, худал мэдээлэл болохыг тогтоолгох, мөн хариуцлагагүй мэдэгдэл гаргасан албан тушаалтнуудад хуулийн хариуцлага тооцуулах шаардлагыг удахгүй шүүхэд гаргах болно. Зөвхөн Д.Монголхүүгийн талаар худал мэдээлэл цацаад зогсохгүй шийдвэр гүйцэтгэгчид Гэмтлийн эмнэлэг ороогүй гэх хуурамч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэмжээний ноцтой үйлдэл юм. Д.Монголхүү нь Гэмтлийн эмнэлэг рүү хамт явсан гэрчтэй, мөн түүнтэй уулзсан Гэмтлийн их эмчийн албан ёсны тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл шүүхээс зөвхөн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуурамч баримтыг үнэлж, хэт нэг талыг баримтлан Д.Монголхүүгийн ялыг сольсонд гомдолтой байгаа. Сансрын хиймэл дагуулын систем GPS-ийн технологиор хянаж байдаг цахим гавны маршрутаас зөвхөн Гэмтлийн эмнэлэгт очсон хэсэг нь алга болсон гэх хүн үнэмшимгүй тайлбарыг жишим ч үгүй шүүхэд гаргасан.

-Д.Монголхүүгийн цахим гавны цэнэг дууссан нь бас нэгэн зөрчил болсон тул хорих ялаар сольсон гэж шүүхийн мэдээнд дурдсан байсан?

-Иргэн Д.Монголхүүгийн цахим гавны цэнэг дууссан хэдхэн цагийн хугацааг ноцтой зөрчил гаргасан гэх шалтгаанаар зорчих эрхийг хорих ялаар сольсон нь үндэслэлгүй юм. Учир нь цахим гав бол зөвхөн зорчих эрх хязгаарлах ялыг техникийн тусламжтай хянах хэрэгсэл болохоос цахим гавны цэнэг дуусах гэдэг зөрчил байхгүй. Цэнэг дуусах нь хүний хүчин зүйлээс шалтгаалахгүй. Иргэн Д.Монголхүүгийн цахим гавны цэнэг дууссан байх хугацаанд Баянзүрх дүүргээс гарахгүй байхыг даалгасан үндсэн зорчих эрх хязгаарлах ялыг зохих ёсоор хэрэгжүүлж байсан тул ямар ч зөрчил яригдахгүй.

Цахилгаан төхөөрөмжийн хувьд цэнэг хураах боломж маш муу буюу дээд тал нь зургаан цаг тутамд дуусдаг байсан. Иймд техникийн шаардлага стандарт хангахгүй цахим гавнаас шалтгаалан эрүүгийн хамгийн хүнд ял болох хорих ял оногдуулах нь илэрхий үндэслэлгүй юм. Бүтэн 24 цаг цэнэгээ барьдаг гар утасны цэнэг дуусч унтрах нь амьдралд хэвийн үзэгдэл шүү дээ. Цаг тутам цахим гавны цэнэг дуусч байна уу гээд нүд цавчихгүй ажиглаад суух боломжгүй, амьдрал баян тул ажил амьдралтай хэний ч хувьд санамсаргүй цэнэг дуусахыг анзаарахгүй өнгөрөөж болно. Хамгийн гол нь шүүхээс ногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг зохих ёсоор Баянзүрх дүүргээс гарахгүй хэрэгжүүлж байсан нь нотлогддог, дүүрэгтээ байх хугацаанд цахим гавны цэнэг хэд дуусч, хэд цэнэглэх нь ердийн үйл явдал тул үүнээс болж хүнийг буруутгаж болохгүй.

-Таны ярианаас үзэхэд Д.Монголхүүгээс шалтгаалах нөхцөл байдал үүсээгүй юм байна гэж ойлголоо?

-Яг тийм. Иргэн Д.Монголхүүгийн тухайд зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийх, ял эдлүүлэх ажиллагаанд зориуд саад учруулах үйлдлийг нэг ч удаа гаргаж байгаагүй болохыг цохон тэмдэглэмээр байна. Харамсалтай нь шүүхээс түүний энэ хувийн байдлыг огт харгалзан үзсэнгүй. Ганцхан удаа прокурорын урьдчилсан зөвшөөрлөөр дүүргээсээ гарч эмнэлэг ороход нь хүртэл зөрчилд холбогдуулах нь хүний ёсонд нийцэхгүй. Өвдсөн зовсон, эмнэлэг орох хэрэгцээ шаардлагыг нь далимдуулан хаана хэзээ хазгай гишгэх вэ гээд ул шагайж хөөцөлдөх хуулийн байгууллагын ажилтнуудад хүний эрхийн мэдрэмж огт алга. Цахим гавны тухайд ч эвдэж гэмтээх, оролдох үйлдэл огт гаргаагүй төдийгүй цэнэглээд зөрчлийг нь газар дээр нь арилгаад ойлголцоод л явсан байдаг.

-Д.Монголхүүгийн кэйс Монгол Улсыг улс төрийн хоригдолтой болгосон гэх шүүмжлэл олон нийтийн дунд өрнөж байна шүү дээ?

-Олон улсад үзэл бодол, итгэл үнэмшлийнхээ төлөө хоригдсон хүнийг улс төрийн хоригдол гэж нэрлэдэг. Монгол Улсын иргэн үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрх чөлөөгөө эдэлснийхээ төлөө шоронд хоригдсон нь Монгол Улс албан ёсоор улс төрийн хоригдолтой болсоныг илтгэж байна. Учир нь өөр нэмж тохсон хэрэг алга. Энэ бол зөвхөн Д.Монголхүүгийн асуудал биш. Монгол Улсын иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө албан ёсоор шоронд хоригдоод байна шүү дээ. ОХУ-ын иргэн А.Навальныйг шоронд хорьсонтой ижил үйл явц Монгол Улсад өрнөж байна. Иргэн Д.Монголхүүгийн гэр бүлийн зүгээс энэ бүх мэдээллийг олон улсын хүний эрхийн байгууллага, ардчилсан бүх улсын элчин, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүргүүлэхээр ажиллаж байна. Цаашдаа ийм хууль бус, бусармаг хэлмэгдүүлэлтийг хавтгайруулахгүйн тул олон улсад хүний эрхийн шүгэл үлээх цаг нэгэнт болсон байна.

-Иргэн Д.Монголхүү нь зайлшгүй шоронд хоригдох хэмжээний гэмт хэрэгтэн биш баймаар юм?

-Тийм ээ, Д.Монголхүү бол нийгмээс зайлшгүй тусгаарлах шаардлагатай хүнд гэмт хэрэг үйлдсэн, нийгэмд аюултай этгээд огт биш гэдгийг та бид бүгдээрээ мэдэж байгаа. Зайлшгүй засан хүмүүжүүлэх шаардлагатай этгээд ч биш юм. Олон нийтийн эрх ашгийн төлөө дабль стандартыг эсэргүүцсэн, мөн Монгол Улсын ардчиллын нүүр царай болж дайныг эсэргүүцсэн эгэл жирийн иргэн, дөрвөн хүүхдийн эцэг хүн өнөөдөр шоронд хоригдож байгаа нь ардчилсан Монгол Улсын хувьд эмгэнэл юм даа.


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

С.Молор-Эрдэнэ: Сайхан цаг ирэхгүй. Түүнийг авчирдаг DNN.mn


Философич С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа.


-Хүүхдээ 18 нас хүрэв үү, үгүй юу “Хүнтэй суу” гэнэ. Хорь гарчихвал “Чи оройтлоо” гээд хүүгээ, охиноо ямар ч хамаагүй айлын хүүхэдтэй бушуухан гэрлэхээс өөр аргагүй зам руу түлхдэг. “Миний охин, миний хүү эхлээд боловсор, хорвоог, өөрийгөө тань. Яаран битгий гэрлэ” гэж байгаа эцэг эх цөөн?

-Хүнийг хүн гэж хүндлэх хүндлэл монгол хүнд байдаггүй л дээ. 18 нас хүрсэн хүүхдээ хүндлэхгүй байгаа юм.

Ерөнхийдөө цаагуураа “Чи гараад яаж ийгээд л хулгай хийж ир” гэсэн юмаа ойлгуулчихаж байгаа юм. Яаж ийгээд амьдар, хажуугаар нь биднийг харж үз, мөнгө явуул гэнэ. 18, 19 нас хүрээд өнөө хүүхэд чинь амьдралтай ид зөрчилдөж эхэлж байгаа байхгүй юу. 25 нас хүртэл нь хүүхдийг гэрээсээ гаргах хэрэггүй юм байгаа юм. Яг ээж аавын дэргэд хоол ундыг нь идүүлээд. Монгол амьдралд.

Яахав тэр, барууны хөгжчихсөн газруудад өөр л дөө. Манайд бол хүүхдээ 25 нас хүртэл нь гэртээ байлгах ёстой. Даанч ээж аавууд өөрсдөө осолтой учраас ээжээс холдсон нь дээр, охид. Уул нь болдог бол ээж аавууд нь хүүхдээ дэргэдээ хоол унд, мөнгө төгрөгөөр хангаад учир зүггүй наймаа ярихгүй, хариу нэхэхгүй 25 нас хүртэл нь тайван байлгачихаад гэрээсээ гаргавал шууд, яаран хүнтэй сууж, шууд айлын гэрт орохгүй юм байгаа юм. Айлын гэрт орно гэдэг чинь орон сууц хайж л орж байна гэсэн үг шүү дээ.

Тийм тийм.

-Өөрөө орон сууцгүй учраас.

-Тийм жишээ олон мэдэх юм.

-Эмэгтэйчүүд бол бушуухан нэг эрэгтэйг барьж авахгүй бол манайд ялангуяа хүнтэй суугаагүй эмэгтэйчүүдийн хүчирхийлэл их учраас тэр хүчирхийлэлд автахгүйн тулд бушуухан нэг залууг дэгээдээд авдаг. Тэгж байж хүчирхийллээс холдож байгаа юм. Эрчүүдийн дур тачаалын хүчирхийлэл их. Эмэгтэй хүнийг харлаа, тэгээд л ойлгомжтой. Ажилд нэг шинэ эмэгтэй орж ирлээ, шууд ойлгомжтой.

-Адгууслаг.

-Адгууснаас долоон дор. Адгуус чинь өвдөнө, ичнэ, зовно шүү дээ. Монгол хүн чинь ичиж зовохгүй, тийм аймаар байна аа гэдэг чинь адгуусны түвшний ч ёс суртахуунгүй байна.

Тэгэхээр бид чинь маш их асуудалтай. Энэ асуудлаа шийдэх ёстой. Хийх ажил их байна. Философийг төрийн хэмжээний түвшинд аваачих шаардлага байна. Би хэлээд байгаа шүү дээ, Бал дарга сууж байсан хуучин хоёр давхар байгаа шүү дээ. Нэгдүгээр сургуулийн хажуу талын хашаан дотор. Хоёр давхар цагаан байшингууд байдаг даа.

-Байдаг байдаг.

-Одоо тэр байшин хоосон. Тэнд намайг суулгачих ёстой байхгүй юу. За, Монголын философийг наанаа сууж байгаад гаргаж ир гээд хоолны л мөнгө өгчихнө биз. Тэртээ тэргүй миний хэрэгцээ дууссан. Миний хэрэгцээ дуусчихсан шүү дээ. Гадаад явах сонирхол дуусчихсан, олон орноор явчихсан. Янз бүрийн юм идэж уугаад дуусчихсан. Илүү дутуу янз бүрийн хувцас хунар өмсөөд дуусчихсан. Одоо зүгээр л философио л хийх юмсан. Тайван, чөлөөтэй. Монголын төлөө. Монголын философио л хийх юмсан, өөр юм байхгүй. Энэтхэгт Энэтхэгийн философи хийж, хятадууд Хятадын философио хийж, Иран нь Ираныхаа, Араб нь Арабынхаа философийг хийж, Казахстан нь Казахстаныхаа философийг хийж байна. Тэгвэл Монголын Молор-Эрдэнэ би яагаад Монголын философио хийгээд сууж болохгүй гэж, яг эд нартай адилхан. Дээр дурдсан орны философичдыг хаан нь, төр нь хамгаалалтдаа авчихсан. Би чинь ямар ч хамгаалалтгүй. Надтай ямар ч хүн яриад, уулзаад мэтгэлцэх гээд байгаа шүү дээ. “Молор-Эрдэнэ гуай, тантай сайхан суугаад ярилцчих юмсан” гэдэг. Хятад, Солонгос, Япон, Араб, Казахстан зэрэг орнуудын ард түмэн чинь философичидтойгоо хамаагүй хүнийг уулзуулдаггүй. Холхон бай, чи энэ хүнтэй уулзаж ярихын тулд ядаж хоёр, гурван ном уншчихсан бай гэдэг. Тэгээд тэр хоёр, гурван номыг нь унших гэхээр 10 жил хэрэгтэй. Надтай уулзахын тулд, нэг түвшинд ярилцахын тулд тэр хүнд 10 жил хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр манайд, төр ч юм уу, дээгүүр байгаа нөхөд “Молор-Эрдэнэ гуайг орлочих хүн байна уу” гээд хайвал байхгүй. “За тэгвэл чи хурдхан шиг философи сураад тэр хүний түвшинд яриадах” гэвэл тэр хүнд 10-15 жил хэрэгтэй. Тэгэхээр Молор-Эрдэнийн түвшний хүнтэй болохын тулд 15 жил хүлээх нь байна шүү дээ. Тэгж цаг алдаж, мөнгө үрэх хэрэг байна уу.

-Таны “Өдрийн сонин”-д 10 жилийн өмнө өгсөн ярилцлага фэйсбүүкт одоо ч явж л байх юм?

-Сэтгэгдэл дээр нь “Энэ их сайхан залуу” гэчихсэн байгаа юм чинь. Би одоо залуу байхаа больчихсон шүү дээ (Инээв). Үс мүс минь бууралтчихсан байгааг харж байгаа биз дээ.

-Таны ярилцлагыг хэсэгчилж аваад, эш татаад гаргаж ирээд байна гэдэг нь Монголын нийгэмд, монголчуудад С.Молор-Эрдэнийн хэрэгцээ байна аа гэсэн үг дээ?

-Байхгүй яах юм. Ганц философич нь юм чинь. Түүхэндээ ганц удаа, анх удаа Монголын ард түмэн нэг философичтой танилцсан. Уул нь үүндээ баярлах ёстой. Яахав эхний үед уурласан. Одоо бол яах юм. Бууж өгөхөөс өөр аргагүй. Мэдлэг гэдэг чинь, хүний эрдэм гэдэг чинь ийм хүчтэй байхгүй юу. Надад улс төрийн ямар ч эрх мэдэл байхгүй. Ямар ч боссын хэдэн сая долларын хөрөнгө байхгүй. Надад цэрэг арми байхгүй. Би зүгээр л ганцаараа, тусалж дэмждэг залуучуудтай, номоо бичээд сууж байна. Энийг чинь жинхэнэ эрх мэдэл гэдэг байхгүй юу (Инээв). Үүнийг power гэдэг. Оюуны power гэдэг чинь ийм хүчтэй байхгүй юу. Би зөвхөн толгой доторхио л зараад явж байгаа хүн шүү дээ. Өөр юм байхгүй.

-Тэр сэтгэгдлүүд дунд “Би Молор-Эрдэнийн ярилцлагыг унших дуртай. Энэ нийгэмд ингэж ярьдаг ганц ч болтугай хүн байгаад баярладаг” гэх утгатай үгсийг хүмүүс олон бичсэн байдаг?

-Хэл гэдэг чинь ийм чухал. Бид хэлийг дэндүү муухай хэрэглэж, дэндүү бохир болгож байгаа л даа. Дээр үеийн хэдэн эрдэмтэд нь монгол хэлийг бүр баллаад хаячихсан, эзэгнэчихсэн. Хэл гэдэг чинь хоёр гурван хүний өмч биш шүү дээ. Чи, бидний өмч. Чи, биднийг ярьж байгаа цагт монгол хэл амьдарна. Нөгөө талаар монгол хэлийг философийн түвшинд ингэж гаргаж ирж болж байна шүү дээ. Олон ард түмнүүд, нүүдэлчдийн холимог хэл учраас философидож болж байна.

-Монголчууд ярьдаг шүү дээ, цус хол тусмаа сайн гэж. Тал бүрээс нүүж ирсэн ард түмнүүд, нүүдэлчид нэгдэж Монголыг үүсгэсэн юм бол хэрвээ нэгдэж чадвал маш оюунлаг түвшний хүмүүс гарч ирэх нь дээ?

-Хөндлөн гулд хоорондоо сууцгаагаад л хүүхэд гаргацгаасан. Социализмын үед чинь баруун, зүүн тийш аймгууд руу илгээгээд холилдуулдаг байлаа шүү дээ. Тэр бол маш сайн. Одоо чинь тэгэхээ болиод хажуу талын айлынхтайгаа суучихдаг болсон. Цус ойртсон сумд ч бий. Ингэж болохгүй. Энэ бол гэмт хэрэг. Энийг төр засч янзлах ёстой. Цус ойртоод байгаа нь аргагүй шүү дээ, худал үг, худал зан заншил, худал уламжлал, худал монгол ёс яваад байна. Худал монгол ёс бол хүнийг идэвхигүй, бүдүүлэг болгож, доод түвшинд аваачиж байна. Бид XXI зуунд байна шүү дээ. Бид соёлжих, соёлтой болох ёстой. Тийм учраас чи бид хоёрын арван жилийн өмнө хийсэн ярилцлага өнөөдрийн бидний асуудлыг хэлээд л байна, хуучраагүй байна. Тэгэхээр энэ 10 жил дотор ямар ч, нэг ч алхам урагшлаагүй байна. Энэ ард түмэн, энэ улс орон чинь. Бараг л хойшоо ухарсан байна. Бөхчүүд үзэгчид рүү боорцог цацаад байна гэдэг чинь 150 жилийн өмнө оччихлоо гэсэн үг. Түрүүлсэн морины хөлсийг долоох гээд гүйж байна, цагдаа хамгаалаад дийлэхгүй байна. Тэрийг долоож яах гээд байгаа юм. Нэл хир, хөлс долоож яах гээд байгаа юм. Амьдрал нь яачихсан болоод, гэр орон нь яачихсан болоод тэгдэг юм.

-Хийморио сэргээнэ гээд тэгээд байдаг шүү дээ?

-Тийм хийморьгүй амьтан юм уу. Өөрийнхөө хийморийг өөрөө сэргээдэг болохоос биш хөлс долоож хийморь сэргэдэг юм уу. Хир новш, шороо, нян долоовол хийморь сэргэх байтугай уруудна шүү дээ (инээв). Шороонд даруулж соёлжино гэж хаашаа харсан юм байдаг юм. Усанд орох хэрэгтэй. Усанд орвол соёлжино. Хийморио сэргээе гэвэл тоосонд орж байснаас усанд орсон нь дээр.

Хөлс долоосноос хөлсөө угаасан нь дээр. Тэр хачин хачин монгол ёс гэдэг юм дотор нөгөө л хачин хачин мухар сүсэг чинь яг хэвээрээ. Мухар сүсгийг өдөөдөг гурав, дөрвөн төрлийн хүмүүс байна шүү дээ. Лам нар, улс төрчид, яруу найраг, шүлэг бичдэг баахан нөхөд байгаа шүү дээ, чи мэднэ дээ. Еэ бурхан минь. Зохиолчид мохиолчид гээд түүхэн роман бичээд л хачин хачин нөхөд бий. Тэд чинь мухар сүсгийг өдөөж өгч байна. Энэ гурвыг яаж дийлэх вэ. Яруу найрагч, зохиолчдыг урлагийнхан л гэчихье л дээ. Хамгийн боловсролгүй хүмүүс шүү дээ. Бүдүүлэгтэх гэж байгаагаа урлаг гэдэг. Дээр нь лам нар байна. Ядаж л шашинлаг байсан бол лам нар туранхай байх байсан. Лам хоол бага иддэг, ховдог байж болдоггүй. Хүсэл, шунал нь аль эрт дарагдчихсан байх ёстой байсан. Бүх шашинууд сэтгэлзүйн цэвэрлэгээнүүд хийдэг. Манайд мухар сүсэг болоод ороод ирчихсэн. Салсан нөхрийг минь авчирч өгөөч гээд уйлагнаад байдаг. Ийм хачин болчихсон. Мөнгө ярина, орлого ярина гэдэг шашинтай огт хамаагүй байхгүй юу. Азийн зарим оронд лам нар нь сав барьчихсан ард түмнээс өгсөн хоолыг иддэг. Өөрөө хоол олж идэх шаардлагагүй гэж байгаа шүү дээ. Тэр ямар гоё вэ.

-Монголчууд хэр боловсролтой ард түмэн бэ?

-Боловсрол ярих ямар ч боломжгүй.

-Яагаад?

-Монгол Улсад боловсрол байх ч үгүй. Юун Боловсролын яам, юун Боловсролын сайд. Тийм инээмдэмтэй юм ярьж болохгүй.

-Юу! Бүр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай шүү?

-Шинжлэх ухаан бол тэртээ тэргүй Монголд байхгүй. Яахав гадаадын энд тэндхийн лабораторид ганц хоёр жил болчихоод, гадаадынхнаас ганц хоёр юм сонсч, цээжилчихсэн хүмүүс байгаа. Гэхдээ Монгол Улсын, Монгол орны шинжлэх ухаан байх ёстой. Бидний шинжлэх ухаан, бидний философи байх ёстой. Тэр байтугай би хэлээд байгаа шүү дээ, Бидний Буддизм байх ёстой. Төвөдүүд аваад Төвөдийн Буддизм болгочихсон. Японууд аваад Японы Буддизм болгочихсон. Солонгосууд аваад Солонгосын Буддизм болгочихсон. Хятадууд аваад Хятадын Буддизм болгочихсон. Бид ч бас тэгэх ёстой. Монголын Буддизмтай болох ёстой.

Боловсрол гэхээр зүгээр л диплом. Дипломын л төлөө байна шүү дээ. Дипломоо л авах гээд байна. Тэр хичээл, ном яах вэ, дипломоо л авах нь чухал. Тэр хичээлийг зааж байгаа багш нь ч тэр инээдэмтэй. Би Хөвсгөлд явж байгаад хоёр залуутай уулзсан. Нэг нь зах дээр наймаа хийгээд мөнгөтэй болчихсон. Нөгөөх нь ШУТИС төгссөн. Уулзаж юм ярьж байгаад “Чи тэрийг уг нь мэдэх ёстой доо, ШУТИС-ийг төгссөн, дипломтой хүн” гэсэн чинь “Мартчихжээ” гэж байгаа юм. Тэгэхээр нь “Тэгвэл чи зах дээр наймаа хийж амьдарч байгаа энэ залуугаас ямар ялгаатай байгаа юм” гэж асуусан. Сурсан эрдэм байсан бол мартахгүй шүү дээ. Сая нааш ирэхдээ таксины жолоочтой үг солилоо. Арван жилийн сургуулиа төгсөөд шууд ажил дээр гарсан гэж байна. “Чи нэгээс аравдугаар анги хүртлээ юу юу сурч байснаа санаж байна уу” гэж асуутал “Ёстой санахгүй байна” гэж байгаа юм. Тэр 10 жилийн боловсрол нь хааччихав. ШУТИС-д сурсан залуугийн дөрөв, таван жил хаачсан бэ? Энийг юу гэж ойлгох вэ?

-Диплом л авах ганц зорилготой ёстой байсан.

-МУИС, ШУТИС чинь 18 нас хүрсэн залуучуудын өдөр өнжүүлэх газрууд. Зөвхөн ирцээ бүртгүүлээд явах нь чухал. Хичээл дээрээ чихэвчээ зүүчихнэ. Ирцийн кредитийн оноо нь ороод ирэхээр түүн дээрээ цээжилчихсэн жаахан юмнуудаа огьж гараад л явчихаж байгаа шүү дээ (инээв).

-Таныг саяхан Төрийн ордонд явж байгааг харсан. Зөвлөлдөх санал асуулгад төлөөлөгчөөр сонгогдсон юм уу даа гэж таамагласан л даа?

-Тэрэнд орсон шүү дээ. Намайг хараагүй юм уу. Үндэсний телевизээр гарсан. Анх удаагаа Үндэсний телевиз намайг гаргалаа. Гоё байлаа. Ихэвчлэн хувийн хэвшлийн телевизийнхэн ирж яриа авдаг байсан бол энэ удаад Үндэсний телевиз ярилцлага авсан. Андуурсан уу, яасан. Цаанаасаа тушаалаа сонссонгүй юу, тэнд нэг алдаа гарсан байх аа (инээв).

-Та юу ярьсан юм?

-Ерөнхийдөө шударга ёсыг ярьсан. Уул уурхайгаас орж ирж байгаа энэ их орлогыг яаж ард түмэндээ хуваарилах вэ. Шударга ёсоор хуваарилах ёстой. Хэнд хэрэгтэй байна вэ, тэдэнд хурдан мөнгө өг. Тэр их чухал. Нэгэнт мөнгөтэй бололцоотой баячуудад мөнгө өгөх хэрэггүй. Бололцоо багатай хүмүүст өгөх чинь шударга ёс. Түүнээс биш Монголын хүн болгонд өгнө гэдэг утгагүй. Маш их мөнгөтэй хүнд нэмж мөнгө өгөөд яах гээд байгаа юм. Хэрэгцээтэй хүнд нь өг.

-Шударга ёсыг яаж тогтоох вэ?

-Хүмүүсийнхээ орлогоор л тогтоочихно. Сүүлийн 10 жилийн орлогыг нь хараад л, дансны орлого, зарлагыг нь харахад л дороо гараад ирнэ. Наад айлдаа, наад залуудаа хурдан өгөхгүй бол хэцүүдлээ гээд бүх юм тодорхой байх болно.

-Жагсаалын үеэр залуустай уулзахад “Монголд шударга ёс байхгүй учраас эх орноосоо явах шийдвэрт хүрч байна” гэж ярьцгаасан. Тэдний амнаас мөнгө хэрэгтэй байна, өлсөж байна гэсэн үг биш, шударга ёс хэрэгтэй байна гэсэн үг гарч байсан?

-Yes!

-Шударга ёс байхгүй учраас бид эх орноосоо явж байна гэсэн?

-Шударга ёс гэж хэнд юу ногдсон, тэрийг нь өгөх ёстой. Тэр залуус чинь авлагатай хүмүүс байхгүй юу. Шударга ёс гэдэг чинь өгөө, аваа тэнцэх ёстой. Өгсөн бол авна, авсан бол өгнө. Ард түмний баялгийг авчихсан байна. Одоо тэд яах ёстой вэ. Өгөх ёстой. Гэтэл өгөхгүй байна. Тийм учраас шударга ёс биелэгдэхгүй байна. Өгөө аваа тэнцэх ёстой. Хайр дээр ч гэсэн тийм байх ёстой. Би хэн нэгнийг нэг жил хайрлалаа, хариуд нь тэр хүн хайрлах ёстой. Үгүй гэвэл, баяртай. Би хэн нэгний асран хүмүүжүүлэгч юм уу, би эмээ нь юм уу. Тэр л байхгүй юу. Шударга ёс бол тэр. Авах ёстой бол авах л ёстой. Өгөх ёстой бол өгөх л ёстой. Тийм учраас энэ уул уурхай нүүрсний хулгайч нар байна шүү дээ, та нар авч болсон. Одоо өгч болох л байх. Өгөө аваа тэнцэх л ёстой. Авсан шигээ өгч болно. Өгсөн шигээ авч ч болно. Түүнээс биш зөвхөн авдаг, өгдөггүй. Эсвэл өгдөг, авдаггүй бол шударга ёс алдагдаж байгаа юм. Тийм учраас тэр залуучууд маш их авлагатай залуучууд байсан. Авлагыг нь өгөөгүй учраас “За явлаа”. Явахаас өөр арга байхгүй.

-Сүүлийн үед монголчууд гадагшаа маш ихээр гарч байна, ажил хийж, мөнгө олох гэж тэр шүү дээ?

-Гадаад руу гарсан хэдэн зуун мянган монголчууд бол гомдолтой хүмүүс байхгүй юу. Төрдөө, улс орондоо гомдож явдаг хүмүүс. Доголон нулимстай л явж байдаг хүмүүс. Дотор нь байгаа бидэнд нулимс гарах ч зав алга (Инээв).

-Сайхан цаг ирнэ ээ л гэж бодож дотор нь явж байна даа?

-Сайхан цаг ирэхгүй. Сайхан цагийг авчирдаг байхгүй юу.

-…

-Сайхан цагийг авчирна аа. Шаардана аа.