Categories
мэдээ нийгэм

Нүүрсний экспорт 4 дахин өсчээ DNN.mn

Нүүрс борлуулах үйл ажиллагааны журам | Tavantolgoi

Дөрөвдүгээр сарын 28-аас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд нүүрс экспортын 4,286 автомашин, 1,045 чингэлэг тээвэр, 483 AGV тээвэр хийгдсэн байна. Тухайн хугацаанд 590.9 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 60 хувь өссөн. Оны эхнээс 19,774.7 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 15,742 мян.тн-оор буюу 4 дахин өссөн байна.

Харин 215 автомашин, 222 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолсон байна. Оны эхнээс нийт 495.1 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 2 хувиар өсжээ.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 34 автомашин, 1,317 чингэлэг тээвэр хил нэвтэрсэн. Оны эхнээс нийт 1,784.8 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 70 хувиар өсөв. Тайлант 7 хоногт 96.4 мян.тн төмрийн хүдэр, баяжмал хилээр гарчээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 4-ний өдрийн байдлаар 3.27 тонн алт худалдан авсан байна.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 41 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 54.2%, зэсийн баяжмал 35.4%, төмөр 21.2%, алт 16.3%, газрын тос 24.9%, цайр 69.4%, хайлуур жонш 64.3% тус тус байна.

Categories
мэдээ нийгэм

Нэг сартай зээ охиноо малын тэжээлээр дарж амь насыг нь хохироосон гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

FACEBOOK ХУУДАСНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ | Улсын Ерөнхий Прокурорын Газар

Ховд аймгийн Мянгат суманд хоёр сартай нярайг малын тэжээлээр дарж, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй хэргийн талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.

Тэгвэл Ховд аймгийн прокурорын газраас дээрх хэрэгт буюу иргэн Т.Ц-д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, тус прокурорын газраас Ховд аймгийн Мянгад сумын иргэн Т.Ц нь 2023 оны нэгдүгээр сард өөрийн нэг сартай зээ охиныг унтаж байхад малын тэжээлээр дарж амьсгалыг нь бүтээж, амь насыг нь хохироосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 /Хүнийг алах/ дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Ховд аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Гэм бурууг тогтоох шүүх хуралдаан энэ сарын 19-ний өдөр товлогдсон байна.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газар

Categories
мэдээ нийгэм

PISA буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд Монгол Улс 2025 онд хамрагдах хүсэлтээ илэрхийлжээ DNN.mn

“Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалт”-ын үеэр Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг(OECD)-ийн захирал Андреас Шлейчертай уулзжээ.

Ингэхдээ 2025 онд зохион байгуулагдах PISA үнэлгээнд Монгол Улс хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн байна.

PISA олон улсын үнэлгээ нь гурван жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд 2022 онд манай улсын 196 сургуулийн 15 настай 9,600 сурагч хамрагдаж байв. Сурлагын амжилтын олон улсын үнэлгээний тайлан энэ оны арванхоёрдугаар сард зарлагдана.

Уг үнэлгээгээр тухайн улсын боловсролын салбар ямар хэмжээнд байгааг олон улсын түвшинд харьцуулан тайлагнадаг. Өөрөөр хэлбэл бид боловсролын салбарын ололт болон алдаагаа энэ тайлангаас мэдэж авах, засах боломж бүрдэнэ гэж Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Дөрөвдүгээр сарын инфляц 11.3 хувьтай гарлаа DNN.mn

Инфляцийн түвшин 2023 оны дөрөвдүгээр сард 11.3 хувьтай гарлаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 4 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 11.3 хувь, өмнөх оны эцсээс 4.7 хувь, өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна. Өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өсөхөд,

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 17 хувь,
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.1 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 13.2 хувь,
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувь,
  • Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 13 хувь,
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувь,
  • Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 4 хувь,
  • Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 24 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Categories
мэдээ нийгэм

Булчингийн цахилгаан бичлэгийн 84 мянган төгрөгийг даатгалаас хариуцна DNN.mn

Булчингийн цахилгаан бичлэг (EMD)-ийн 70 хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлнө.

ЭМДЕГ-ын даргын 2022 оны “Жагсаалт батлах тухай” А/53-р тушаалаар булчингийн цахилгаан бичлэгийг 120 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг бүрэн хариуцна.

“Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт”-тай ЭНД дарж танилцаарай.

Дээрх үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллагуудтай ЭНД дарж танилцаарай.

Categories
мэдээ нийгэм

АИ-92 шатахууны 30 хоногийн нөөцтэй байна DNN.mn

АМГТГ: Дизель түлш, АИ-92 шатахуун хомстсон гэх мэдээлэл худлаа

Улсын хэмжээнд тавдугаар сарын 4-ний өдрийн байдлаар нийт 119,460 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 4,508 тн буюу 27 хоногийн, АИ-92 автобензин 38,107 тн буюу 30 хоногийн, АИ-95 автобензин 3,940 тн буюу 30 хоногийн, ДТ 69,062 тн буюу 28 хоногийн, онгоцны түлшний 28 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 65,558 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 602 тн, АИ-92 автобензин 21,383 тн буюу 23 хоногийн, АИ-95 автобензин 2,585 тн буюу 35 хоногийн, ДТ 37,994 тн буюу 35 хоногийн хэвийн нөөцтэй байна.

Манай улс он гарсаар нийт 730.4 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 7.5 мян.тн, АИ-92 автобензин 214.9 мян.тн, АИ-95/98 автобензин 6.1 мян.тн, ДТ 414.1 мян.тн, онгоцны түлш 14.8 мян.тн, Жет А-1 14 мян.тн, бусад 56.1 мян.тн байна.

Эх сурвалж: УУХҮЯ

Categories
мэдээ нийгэм

Ч.Батзориг: Зайсан орчмын зарим замыг өнөөдрөөс эхлэн 23:00-06:00 цагийн хооронд эсрэг урсгалтай болгоно DNN.mn

Зайсан тойруугийн зам нэг чигийнх болсноор хөдөлгөөн нэвтрүүлэх чадвар 40  орчим хувиар нэмэгдлээ

Зайсан орчмын замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулах гэж буй талаар холбогдох албаныхан өнөөдөр нийслэлийн “Хангарди” ордонд мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг “Энэ оны нэгдүгээр сараас эхлэн Зайсан орчмын нэг чигийн хөдөлгөөнд өөрчлөлт оруулсан. Одоо урин дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан хөдөлгөөний зохион байгуулалтад өөрчлөлт оруулах шаардлага үүслээ.

Тухайлбал, уг бүсэд барилга угсралтын ажлууд эхэлж, том оврын болон хүнд даацын машин, механизм зорчих шаардлагатай болсон. Иймд Зайсан орчмын зарим замд 23:00-06:00 цаг хүртэл эсрэг урсгал хийхээр төлөвлөж байна.

Уг өөрчлөлтийн тавдугаар сарын 9-10-нд шилжих шөнө ТЦА-тай хамтран хийнэ. Өөрөөр хэлбэл, Зайсангийн баруун болон хойд талаар явж байгаа замуудыг эсрэг урсгалтай болгоно. Ингэснээр тухайн замаар хүнд даацын машин, механизм зорчих боломж үүсэх юм.

Тухайн бүсэд оршин суугчдын уур бухимдлыг хүргэж байгаа нэг асуудал нь хотхон руу ордог холбоос замын эвдрэл гэмтэл. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн авто замын хөгжлийн газраас 750 метр замыг зассан.

Харамсалтай нь энэ зам дээр дахин хөдөлгөөний ачаалал авсан учир хүнд даацын машин, механизм явуулах боломжгүй байна. Нийслэлийн авто замын газраас өргөтгөл шинэчлэлийг хийж, том оврын машин зорчих боломжтой болгох тал дээр ажиллаж байгаа” хэмээв.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

​Юу гэж л “Тосоор гоож” гэж хэлээд бидний стресс тайлагдах вэ дээ… DNN.mn

Хараалын үг стресс тайлах хамгийн ойр, хамгийн хурдан, хамгийн сайн арга гэж эрдэмтэд үзэх болжээ. Харамсалтай нь хятад, орос, англи, франц… хэлэнд байдаг шиг хараалын үгээр монгол хэл арвин баялаг биш юм. Ямар сайндаа л бид орос хэлнээс п… гэдэг үгийг авсан байх билээ. Оросоос орж ирсэн п… нь эх орны дайны жилүүдэд үзэгдээд, сүүлд Афганий дайнаар оросын цэргүүдэд өргөнөөр хэрэглэгдсэн байна. Дайны үеийн тэр их стресс, нервээ энэ үгээр л хоромхон зуурт тайлдаг байсан бололтой. Ер нь иймэрхүү хараалын үгс дэлхийн 1, 2 дугаарын дайны жилүүдэд Орост өргөнөөр бий болжээ.

Оросын нөлөө гэж наад зах нь энэ. Өнөөдөр та бүхэн ажигласан бол бидний дунд хамгийн их стресстэй байгаа хүмүүс өдөржин п… гээд ярьчихдаг.

Тэгээд л стрессээ давж байгаа бололтой. Юм энгийнээс эхэлж ойлгогддог шүү дээ. Хараалын үгс хажууд их сонсогдвол хэлж байгаа хүнийг нь ойлго. Сэтгэл санаа нь тайван бус байна гэсэн үг. Монголчууд өнөөдөр бүтэн өдөржин гудамж талбайгаас хараалын үг сонсож байгаа. Тэгэхээр Монголын нийгмийн сэтгэл зүй ямар их бухимдалтай байгаа нь тодорхой. Харин монголчуудын зэвүүрхэл, дургүйцлийн илэрхийлэл болсон “Тосоор гоож” “Нохойн баас” гэх мэт үгсээр өнөөдрийн хүмүүсийн стресс тайлагдахгүй юм байна. Нэг л хүчгүйдээд байгаа биз дээ.

Манай өвгөд бол эдгээр үгээр зангирлаа тайлж чаддаг байж. Одоо бол бид өөр болсон. Бидний гэх юм бүгд хувьсан өөрчлөгдөж, монгол биш болцгоож байгаа. Жишээ нь эдгээр үг юм. Тосоор гоож, П… Аль үг аманд чинь ойрхон байна даа. “Тосоор гоож” гэдэг үг уурласан үед чинь орж ирэхгүй байгаа биз дээ.

Categories
мэдээ эдийн-засаг

ГЕГ: Импорт 13.2 хувиар өсчээ DNN.mn

2023 оны эхний 4 сарын дүнгээр импортоор нийт 2660.4 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 оны мөн үеэс 720.7 сая ам.доллараар буюу 13.2 хувиар өссөн байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны 96.6 хувийг валютын төлбөртэй худалдаа, 1.0 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.3 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.6 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.2 хувийг реимпорт эзэлж байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 483.9 сая ам.доллар буюу 18.2 хувь, эрдэс бүтээгдэхүүн 644.6 сая ам.доллар буюу 24.2 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 562.5 сая ам.доллар буюу 87.3 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 287.8 сая ам.доллар буюу 10.8 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 507.9 сая ам.доллар буюу 19.1 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 208.8 сая ам.доллар буюу 7.8 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 153.2 сая ам. доллар буюу 5.8 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 82.4 хувь ногдож байна.

Манай улс дэлхийн 130 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 38.7 хувь; ОХУ-д 26.7 хувь; Япон-д 7.7 хувь; БНСУ-д 4.3 хувь; АНУ-д 3.1 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 80.5 хувийг эзэлж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

13 настай охиныг хүчиндэж, хөнөөсөн этгээдийг мотоциклийнх нь мөрөөр туршилт хийн илрүүлжээ DNN.mn

-Хэрэгтэн хүчингийн хэргээр хоёр удаа ял эдэлж гарч ирээд долоо ч хонолгүй талийгаач охиныг онилжээ –

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг Товго уул гэх газраас хонио хариулж явсан 13 настай М охин 2018 оны наймдугаар сарын 7-ны өдөр сураггүй алга болсон байдаг. Охиныг тухайн үед аймаг, сумын цагдаа, онцгой, захиргааны ажилтнууд, нутгийн иргэд нэгдэж хайсан ч олж чадаагүй юм.

Тэгвэл энэ хэргээс хойш таван жилийн дараа цагдаагийн байгууллага охины цогцсыг олж, хэрэгтэн байж болзошгүй этгээдийг баривчилснаа өнгөрсөн долоо хоногт зарлав.

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газартай холбогдоход “Сэжигтнийг баривчилж ирсэн. Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Цагдаагийн байгууллага энэ хэрэг дээр таван жилийн хугацаанд ажилласан. Мөн Улаанбаатар хотоос Эрүүгийн цагдаагийн албанаас дэмжлэг авдаг байсан. Бид ямар нэгэн хэрэг гарлаа гэхэд илрэхгүй байна гээд орхидоггүй. Байнгын хяналт шалгалт үргэлжилж байдаг. Үүний үр дүнд 13 настай охин сураггүй алга болсон хэргийг илрүүлэн шалгаж байна” гэсэн юм.

Энэ тухай Ренчинлхүмбэ сумын нэгэн иргэнээс цөөн асуултад хариулт авлаа.


-Ноцтой хэрэг таван жилийн дараа илэрлээ. Охин харамсалтайгаар нас барсан нь тодорхой боллоо. Нутгийнхан юу ярьж байх юм бэ?

-Ямартай ч цагдаагийн байгууллагад л ихээхэн баярлацгааж буйгаа байна. Өнгөрсөн хугацаанд ар гэр нь лам, бөөгөөр их явсан. Удахгүй олдоно л гэж ярьдаг хэлдэг юм билээ. Гэвч худлаа байж гэдэг нь тодорхой боллоо.

-Хэрэгт сэжиглэж баривчилсан хүнийг та таних уу?

-Танилгүй яахав. Нэг нутаг усны хүмүүс. Өмнө нь бас хүчингийн гэмт хэрэг үйлдээд ял эдэлж байгаад гарч ирсэн нөхөр.

-Тийм мэдээллийг цагдаагийн байгууллага бас өгсөн л дөө. Хохирогч нь бас бага насны хүүхэд гэв үү?

-Тийм ээ. Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн хэрэгт орооцолдсон. Дөрөв таван жил шоронд суугаад гарч ирсэн байх. Яг суллагдаж гарч ирсэн жил нь энэ 13 настай талийгаач охин алга болсон байдаг.

-Сэжигтэн этгээд юу хийдэг хүн бэ. Гэр бүлтэй байсан уу?

-Мал маллаж, айл амьтан хэсч явдаг л нөхөр байсан даа. Уг нь гэр бүлтэй байсан. Өмнө нь хүчингийн хэрэгт холбогдоод салсан юм шиг байна лээ гэв.

Мөн энэ талаар Ренчинлхүмбэ сумын ЗДТГ-ын нэгэн ажилтантай ярилцлаа. Тэрбээр нэрээ хэлэхийг хүсээгүй юм.


-Охин алга болоход томоохон эрлийн баг гарсан байдаг. Тэр үед ямар нэгэн сэжүүр олдоогүй хэрэг үү?

-Талийгаач охин алга болох үед 30-50 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг 14 хоног тасралтгүй эрэн хайсан. Гэвч үр дүнд хүрээгүй. Түүнээс хойш жил бүр аймгийн Цагдаагийн газраас хүмүүс хэргийн газарт ирж үзлэг хийдэг байсан. Орон нутгийн зүгээс охины ар гэрт сэтгэл санааны болон зарим эд материалын тусламж үзүүлдэг байлаа.

-Ар гэрийнхэн нь хэрэг илэрснийг дуулаад юу гэж байх юм бэ?

-Ээж нь угийн үг дуу цөөтэй хүн байдаг. Охин нь сураггүй болсноос хойш бүр ч сэтгэл санааны хямралд орж, дуугаа хураах болсон. Мэдээж охин хүүхэд нь нэг л өдөр алга болчиход эх хүнд ямар байх вэ дээ. Бид ч охиныг тань хайж байгаа, цагдаа нар хэргийг хаагаагүй гэж хэлж ярьж тайлбарлаж ирсэн. Гэхдээ бас хүн л юм хойно горьдлого тээгээд, амьд олдох байх гэж хардаг, нэг ёсондоо амьдын хагацал үзсэн дээ. Хэрэг илэрсэн талаар дуулаад ямартай ч тайвширсан болов уу.

-Сэжигтэн өмнө нь ч давтан хэрэгтэй байсан гэж байна. Ийм явдалтай хүн сум орон нутгийнханд хэцүү байсан байх?

-Өмнө нь бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэгт ял эдэлж байгаад гарч ирээд дахиад мөн тийм хэрэг хийхийг завдсан гэдгээр шоронд орсон санагдаж байна. Суллагдаж гарч ирээд долоо ч хоноогүй энэ хэргийг үйлдсэн байгаа юм.

-Сэтгэцийн хувьд эрүүл хүн үү?

-Илт харагдах сэтгэцийн өөрчлөлтгүй. Гэхдээ давтан давтан ийм аймшигт хэрэг үйлдэж, эцэст нь хүн хөнөөнө гэдэг яавч эрүүл хүний сэтгэхүй биш байх. Хэлэх ч үг алга.

-Хэргийг яаж илрүүлэв ээ?

-Энэ хэрэг цагдаа нарын сэтгэл зүтгэл, авьяас чадвараар илэрсэн гэж хэлнэ. Цагдаа нар үе үе ирж охин алга болсон газар, түүний ойр орчимд үзлэг, туршилт хийдэг байсан. Ингээд тэр туршилтынхаа үр дүнд хэрэгтнийг олж чадсан гэж сонссон. Нарийн мэдээллийг бидэнд хэлэхгүй шүү дээ.

-Яг ямар туршилт хийсэн юм бол?

-Сэжигтнийг анх хэрэг гарах үед ч сэжиглэсэн юм шүү дээ. Ер нь хамгийн гол сэжиглэх хүн байсан. Дээр хэлсэн. Хүчингийн хэргээр ял эдэлж байгаад дөнгөж гарч ирсэн нөхөр байсан гэж. Тиймээс охин алга болоход түүнийг хамгийн гол сэжигтэн гэж харж байсан. Тиймээс түүнийг мөрдөж шалгаж байсан. 2018 оны тэр өдөр охин алга болдог газраас чанх хойшоо мотоциклийн сэжигтэй мөр явсаар эрэг давж, мод руу орсон байдаг. Нэлээд бартаатай хад чулуутай хэсэг рүү ороод мөр баларчихсан. Бид ч тэр мөрөөр эрлийг хийсэн. Гэхдээ мөр баларсан учраас мухардсан.

-Охины цогцсыг модонд өлгөсөн байсан гэсэн үнэн үү?

-Тийм нарийн зүйлийг хэлж мэдэхгүй. Ямартай ч яг тэр мөр баларсан, бидний эрэл хийж байсан газраас охины цогцос олдсон гэнэ лээ.

-Дахиад асууя, хэрэгтнийг яаж илрүүлсэн юм бол?

-2018 онд цагдаа нар сэжигтнээс байцаалт авсан. Тэр нөхөр мотоциклиор тийшээ, ийшээ явсан, бензин авсан гэж маршрутаа зааж ярьж байсан. Тиймээс цагдаа нар яг тэр маршрутаар нь мотоциклийг нь унаад өөрийнх нь хэлж байснаар бензинийг нь хийж яваад туршилт хийж үзсэн гэж ойлгосон. Түүний үр дүнд л хэрэгтэн энэ нөхөр мөн болж таарсан бололтой. Цагдаа нар туршилт, үзлэг шалгалт хийж байхад тэр нөхөр говь руу ажилд явлаа гээд л явж байсан.

-Сэжигтний ар гэрийн байдал ямархуу юм бэ?

-Аав ээж нь амьд сэрүүн хүмүүс бий. Талийгаач бүгд л нэг багийн хүмүүс шүү дээ. Гурван ч хүүхэдтэй байх. Энэ хэрэг бол манай суманд маш том кейс болж үлдлээ. Бид өнгөрсөн хугацаанд энэ хэргээс улбаалж ард иргэдэд байнгын сонор сэрэмжтэй байхыг анхааруулж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй явуулахыг, олон талт үйл ажиллагаа зохион байгуулж ирсэн. Эцэст нь хэрэг нэг тийш шийдэгдэж байна даа гэсэн юм.

13-хан настай жаахан охин зэрлэг балмад этгээдийн гарт цаг бусаар ийнхүү хорвоог орхижээ. Охин алга болоод таван жилийн дараа ийнхүү хэрэгтэн илэрч, хэргийн учиг зангилаа тайлагдаж эхэллээ. Талийгаач охины адилаар сураггүй болсон охид нийслэл болон бусад орон нутагт олон бий. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2017 онд найман настай Д.Сэржмядаг охин сураггүй алга болсон. Охины хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй ч хэзээ нэгэн өдөр охины сураг гарч, хэрэг илэрнэ. Хэн нэгэн буруутай этгээд ийм хэргийн ард байгаа бол хэрэг хуучирдаггүй, хэрэгтэн олдоно. Хариуцлагаа хүлээж л таарна гэдгийг хуулийн байгууллага хэлсээр байгаа юм.