Categories
мэдээ спорт цаг-үе

ОУХМ Г.Ануужин Азийн аварга боллоо DNN.mn

БНСУ-ын Жинжү хотноо зохион байгуулагдаж байгаа хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд үндэсний шигшээ баг, ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Ануужин алтан медалийн эзэн боллоо.

Тэрбээр огцом өргөлтөөр 93 кг, түлхэлттэй өргөлтөөр 118 кг, нийлбэрээр 211 кг өргөсөн байна.

ОУХМ Г.Ануужин 2022 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс огцом өргөлтөөр хүрэл, нийлбэр дүнгээр мөн хүрэл медаль хүртэж байсан билээ.

Азийн аварга шалагруулах 2023 оны тэмцээнд 49 улсын 400 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд тэмцээн энэ сарын 14-нийг хүртэл үргэлжлэх юм гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Богд ууландаа амьдармаар байна DNN.mn

Дэлхийн улс орнуудыг анзаарахад ард түмэн нь байгалийн үзэсгэлэнт газрууддаа амьдардаг. Ямар л гоё нуур, мөрөн, гол байна, тэр болгоныхоо хөвөөн дээр нь хот суурингаа барьдаг. Ой, тайга, моддоор хучигдсан хөндий, бэлд суурьшицгаана. Мөн далай, тэнгисийн эрэг дээрээ том том хотуудыг сүндэрлүүлсээр. Энэ бол Ази, Европ гэж ялгах юм үгүй, дэлхийн хүн төрөлхтний амьдралын хэв маяг болчихсон. Энгийн жишээ гэхэд дэлхийн улс орнуудын аяллын бичлэг, зураг, танилцуулгыг харахад хотууд нь дандаа байгалийн үзэсгэлэнт газар, гол мөрний хөвөө, далайн эргийн ойролцоо оршдог, таатай уур амьсгалыг бүрдүүлсэн байдаг шүү дээ. Монголчуудын олноор зорчин очдог Сөүлийг хар. Хан мөрөн дундуур нь урсаж, эргээр нь тэр том хотын иргэд амьдарч байна. Далайн дулаан уур амьсгал түрж орж ирдэг Бээжин хотыг бас хар. Хойд хөршийн Москва хотын дундуур Москва гол урсдаг. За, тэгээд Америкийн том хотууд ч гол ус, далай, ойтой ойр. Дэлхийн хүн төрөлхтөн хүн амьдардаг, төвлөрсөн газруудаа ямагт байгалийн үзэсгэлэн бүрдсэн, ус рашаан ундарч урссан газруудад байгуулсаар иржээ.

Манай нийслэл хотын хувьд Өргөө гэж нэртэй байхдаа буюу 1639-1778 оны хооронд л гэхэд Орхон, Тамир, Туул голуудын хөндий дагуу 28 удаа нүүдэллэсэн түүхтэй. 1778 онд одоогийн байгаа газартаа буюу Алтан тэвшийн хөндийд Их Хүрээ нэртэйгээр тогтсон юм гэдэг. Уул ус, ургамал ногоо, ан амьтан нь тэгширсэн энэ сайхан хөндийг бидний өвөг дээдэс хожим холыг, өнөөдрийг харж шинжиж сонгож өгчээ. Энэ хөндийд суурьшсан үеэсээ нийслэлийн иргэд маань Богдхан уул руу, мод руу орж амьдрахааргүй байсан л даа. Учир нь малтай байсан. Малтай айл модноос хол амьдардаг. Хонь мал нь мод руу орчихвол харагдахаа байж бараа сураг нь тасардаг. Тийм болохоор малаа хөндий, усаа дагуулж харууцтай газарт амьдарсаар ирсэн. Харин одоо хотын иргэд цэвэр суурин амьдрал руу шилжиж, мал ахуйгаа хотоос гаргачихсан учир Богд ууландаа амьдрах цаг ирчихлээ. Цаг үеэ дагаж, иргэдийн амьдрах орчин өөрчлөгдөх нь жам ёсны асуудал.

Гол ус бараадуулсан хэд гурван аймгийн төв, Зүүн, Баруун харааг эс тооцвол аймаг, сумын төвүүд голдуу аль л усгүй, цулгуй, салхи, жаврын аман дээр шаваа тавьчихсан байдаг юм. Ялангуяа энэ өргөн уудам нутагт шагай шиг цацагдсан сумын ов товхон төвүүдийг сана. Хээр талд, халцгай, цагаан шороон дунд торойсон хэдэн байшин зэрэглээн дунд уйтгартай сүүмэлздэг. Яваад очихоор үнс шиг шороон дээр буудаг. Энэ бол нийтлэг төрх.

Нийслэл Улаанбаатар хотын урд орших Дархан Цаазат Богдхан уул бол 40 орчим амтай. Эдгээр амыг нь нар зөв тойрон нэрлэе л дээ. Их тэнгэр, Бага тэнгэр, Залаат, Залаатын богино, Хүрхрээ, Их бага хүрэл тогоот, Чулуут, Бумбат, Харганат, Төр хурах, Шажин хурах, Ширдэгт, Ширдэгтийн богино, Баянбулаг, Өгөөмөр, Зүүндэлгэр, Зүүн Зуунмод, Баруун Зуунмод, Баруун дэлгэр, Бөхөг-Түргэн, Өвгөнт өвөр Зайсан, Ар Яргайт, Тайн, Ноён, Жаргалант, Ташгай, Ихбулга, Өвөрсайхан, Нүхт, Арцат, Хүүш, Гурван зандмаан, Зандмааны богино, Ар Зайсангийн ам. Эдгээр нэрсийг уншихад арваадыг нь бол хүмүүс сайн мэдэх байх. Хүрэлтогоот орчмын хотхонууд, Асем веллагаас эхлүүлээд Их, Бага тэнгэрийн амны хотхон, суурингууд бий. Зайсан бол хүн ам ихээхэн төвлөрч, тэлж буй нэг аймгийн хэмжээнээс ч илүү хүн амтай болоод байгаа. Зайсангаас Богинын ам, Богинын амнаас Хийморийн овоо хүртэл Богд уул талдаа ямар гоё гоё хотхонууд сүндэрлэчихсэн гээч. Баруун тийшээ Вива ситигийн урд сүүлийн үеийн хийцтэй хотхон, хорооллууд босч тэнд нэг сумаас ч их хүн ам амьдарч байна. Арцат, Нүхт тэр чигтээ сайхан хотхонуудаар дүүрсэн. Тэр бүтээн байгуулалтыг Шинэ Яармаг хороолол залгуулж байгаа юм. Тэндээс Жаргалантын ам хүртэл барилгажиж, хөл хөдөлгөөнтэй газар болсон. Урагш давахаар сүүлийн үед хүмүүсийн нэршлээр Кувейтийн гэгддэг ам бий. Тэр хавьд суурингууд сайхан тэлж байгаа. Бугат велла гээд хотхонууд байгаа. Зүүн тийшээ Төр хурах, Шажин хурахын ам руу суурин, байшингууд түрж л байна. Хонхорын тэр хавь бол ер нь их сайхан агаартай, үзэсгэлэнтэй газар л даа. Ер нь ингээд Богдхан уулын зүүн, баруун, хойд талаас суурин амьдрал цагийн аясаар түрээд мод руу нь тулаад ирчихсэн байна.

Одоо энэ суурин болоод хотхонуудаа засмал болон дугуй, аялагчдын замаар холбох хэрэгтэй. Аялагч, дугуйчдын замынх нь дагуу боловсон бие засах газар байгуулж, халуун цай, түргэн хоолтой цэгүүд, гэрэлтүүлгийг нь байгуулаад өгчих. Ингэснээр энэ хотхонууд цогцоороо Богдхан уулыг бүрэн хамгаалалтад авснаас ямар ч ялгаагүй л дээ. Нэг ёсондоо энэ хайрхан байнгын хараа хяналт тавьдаг эзэн, байгаль хамгаалагчидтай болчихож байгаа юм.

Ой мод гэхээр “Байгаль сүйтгэчихнэ, түймэр тавьчихна” гэдэг ойлголт монголчуудыг олон жил дагаж айлгаж ирсэн. Түймэр тавина гэдэг ойлголт алга болж байгаа. Гэрээ шатааж суудаг хүн гэж байх уу. Энэ бол худлаа шүү.

Ой мод руу оруулдаггүй, ойртуулдаггүй байсан шалтгаан нь “Байгаль сүйтгэчихнэ, түймэр тавьчихна” гэдэг л сэрэмжлүүлэг байж. Орчин үеийн хүмүүс амарч зугаалах бүс, цардмал замтай амрах хэсэг, маршрут заасан жим замаар л явж салхинд гарна уу гэхээс зэрлэг, неандертал хүмүүс шиг зам, зүггүй газраар ууланд гүйж харайна гэж юу байх вэ. Шинэ цагийн хүүхдүүд ялаа, шумууланд хазуулна гэхээс төвөгшөөж, аалз хараад бархирцгаагаад модон дундуур алхахаа больчихсон. Явган аялагчдын гаргасан жимээс барагтай бол гарахгүй, сууж амардаг газарт нь л ирж түр амсхийж, барьж ирсэн хогоо зориулалтын саванд нь хийгээд хэвшчихсэн. Ийм байхад байгаль сүйтгэнэ, түймэр тавина гэж хориглох нь өөрөө хоцрогдсон асуудал

шүү.

Нөхцөл байдал өөрчлөгдөж, хүмүүсийн ойлголт, сэтгэхүй дээшилж, амьдрах орчноо хайрладаг болсон болохоор монголчуудыг, нийслэлчүүдийг, хүн ардаа Богд ууландаа амьдардаг болгоё оо. Нийт хүн амын гуравны нэгээс ч илүү нь амьдарч байна шүү дээ, Улаанбаатарт. Хэрвээ Улаанбаатарын иргэд Богд ууландаа амьдардаг болбол “Гадаа чинь гадаад шиг байна” гэж төсөөлөн боддог чинь Богд ууланд очиход биелнэ. Гадаадад юм шиг амьдрах уул нь бэлэн байна шүү дээ. Хэрэвзээ энэ бүхэн ажил хэрэг болоод Богд уул руу суурингаа тэлээд эхэлбэл, хоёр зүйл дээр анхаарах хэрэгтэй. Ил модон жорлон, утаат янданг тас хорих ёстой. Анхнаасаа л энэ хоёр шаардлагыг хатуу тавих нь зөв. Гэр хорооллыг л бий болгочихгүй байх хэрэгтэй.

Богд уулын бэлд суурьшсан иргэд, модон дотор байшинтай хүмүүс юу гэж байгаль сүйтгэх юм бэ, юу гэж шүдэнз асаагаад өвс, мод шатаах юм бэ. Гэр нь, амьдарч байгаа орчин нь тэр юм чинь байгалиа харин ч нэг хамгаална. Хотод шилжин ирэгсдийн хоёр, гуравдугаар үеийн хүүхдүүд буюу хотынхон л голдуу амьдрах байх. Түүнээс биш хамаг малаа зараад Богд ууланд байшин худалдаж авах малчин одоохондоо гарахгүй болов уу.

Өглөө хот руу ажилдаа ирцгээж, орой нь харина, амралтын өдрүүдээрээ зүлэгтэй талбай, амралтын тусгай газар, бүсэд ирж налайж амарч, алхаж агаарладаг юм билээ, гадныхны амьдралыг хараад байхад. Тэр жишгээр Улаанбаатарын иргэд ч амьдрах бүрэн боломжтой. Бид энэ их агаар, хүчилтөрөгч үйлдвэрлэгч Богдхан уул, ой модонд очиж амьдаръя л даа. Түүнээс энэ уулыг харж суугаад яах юм бэ. Богд уулыг харж суумааргүй байна. Хайрлах гэж байгаа бол очиж амьдарч байж хайрлана биз дээ. Тэртээ тэргүй амьдраад эхлэхээр хүн чинь орчин тойрноо, байгалиа хайрлаад эхэлдэг юм.

Байсхийгээд л Богд ууланд газар авлаа, Богд ууланд байшин барилаа гээд хэрэлдээд, нэгнийгээ чичлээд эхлэх юм. Ингэж хэрэлдэх нь буруу. Шажин хурахаас цааш урагш тойроод Өгөөмөрийн ам буюу Майдар сити, Зуунмодны ам гээд тойроод тосгон, суурин барьчихад 1.6 саяд хүрсэн Улаанбаатарын хүн ам тэр чигээрээ Богд ууландаа шингээд амьдарчихна.

Дэлхийн улс орнууд иргэдээ, хүнээ гоё амьдрах нөхцөлөөр нь хангаж, боломжийг нь бүрдүүлдэг, өгдөг. Манай сумдын байрладаг тэр халцгай, мод ургамалгүй, хөндий, тал шиг газруудаа тариалан, фермерийн аж ахуй зэргээр аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладаг юм билээ. Америкийн тэр алдартай, цуутай хөндийнүүдийг сонссон л байх, тэнд үйлдвэрлэл өрнөдөг. Харин хүнээ модтой, устай, байгалийн аль л сайхан газарт суурьшуулдаг. Тэндхийнхэн хөндийгөөс ажлаа тараад моддын дундах байшиндаа ирж, гадаанаа кофе оочлон сууж алжаалаа тайлж, ханатлаа хүчилтөрөгчөөр амьсгалдаг. Гэтэл монголчууд хүн төрөлхтний энэ эрүүл хэв маяг, жишгээс эсрэгээр амьдарч иржээ. Явж явж ядруу, хоосон байдаг нь байгальтайгаа ойр амьдардаггүй, стресс ихтэй байдагтай холбоотой ч байх.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Нүүрсний хэргээр МАН-аас хөөгдсөн гишүүд АН-д орохоор эргэлдэж байна гэв үү? DNN.mn

МАН-ын Хяналтын хороо саяхан хуралдаж долоо, найман хүнийг намаасаа хөөх шийдвэр гаргажээ. Энэ дунд нүүрсчид, Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон хүмүүс багтсан байна. Яг хэн, хэн МАН-аас хөөгдсөнийг одоохондоо албан ёсоор зарлаагүй байгаа. Гэхдээ Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд, Б.Ганхуяг, Н.Наранбаатар нарын нэрс хамгийн түрүүнд цоллогдсон гэх яриа Тусгаар тогтнолын ордноос сонсогдох болов.

МАН-ын Үндсэн дүрэмд “Илтэд ёс зүйн болон ашиг сонирхлын ноцтой зөрчил гаргасан, авлигын гэмт хэрэгт холбогдсон бол намын гишүүн байхыг хориглоно” гэж тодорхой заажээ. Улмаар “Нам болоод намын гишүүдийн нийтлэг эрх ашиг, нэр хүндийг хүндэтгэн гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ 30 хоногт багтаан гаргах ёстой” гэж шаарддаг юм байна. Иймд МАН-ын Хяналтын хороо нийгэмд ил зарлагдсан нүүрсчдээ намын дүрмийг уландаа гишгэсэн гэж үзэн хөөх шийдвэрт хүрсэн бололтой юм. Харин хөөгдсөн гишүүд нь Үндсэн дүрэмд заасанчлан 30 хоногийн хугацаанд өргөдлөө ирүүлэх учиртай. Одоогийн байдлаар таван хүн тайлбараа өгсөн сураг байна. Тэдний хувьд намаасаа бүр мөсөн явахаар хатуу шийдчихсэн гэх яриа сонсогдох болов. Энэ нь ч үнэний ортой байхыг үгүйсгэхгүй. МАН-аас хөөгдсөн нүүрсчид дараагийн нүүдлээ хийгээд эхэлсэн сурагтай. Улс төрийн хүрээнийхний ярьж байгаагаар тэд АН-д орохоор эргэлдэж байгаа гэх юм. Сайндаа ч биш, аминд тулсан үед АН-ын малгай дор хорогддог танил технологийг тэд хэрэглэж байна гэж зарим нь ярих юм билээ. Ялангуяа Т.Аюурсайханы хувьд АН-д орохоор нэлээд идэвхтэй сонирхож буй гэж дуулдана лээ. Харин Ж.Мөнхбат жаахан хойш суугаад байгаа бололтой шүү. Хашир юу ч болоо билээ гэж харзнаж байж ч мэднэ.

МАН-ын дүрэмд “Намын гишүүн нь авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр эцэслэн тогтоогдсон бол намын удирдах байгууллагад сонгогдох, бүх шатны сонгуульд намын нэрийн өмнөөс нэр дэвших эрх эдлэхгүй” гэсэн заалт байдаг. Гэвч өнгөрсөн хугацаанд МАН-ын дүрмийн энэхүү заалт бодитой хэрэгжсэн бил үү. Гэмт хэрэгт холбогдсон гишүүдийнхээ толгойг илсээр ирсэн нь худлаа биш. Бүхэл бүтэн зуун жилийн түүхтэй энэ том нам хариуцлага тооцохдоо хойрго гэх нийгмийн шүүмжтэй өнөөдрийг хүртэл нүүр тулсан. Тэгвэл одоо МАН-ын удирдах аппаратад үе шилжилт хийгдэж, 1980-аад оныхон гарч ирээд байгаа. Тэд цүнх барьж, сандал суудалтайгаа зууралддаг биш, эх орныхоо эрх ашгийг тэргүүндээ залсан бодлогын нам байх ёстой гэж үргэлж хэлдэг. Иймд МАН нүүрсчидтэйгээ, хулгайчидтайгаа хатуу тэмцэж, хариуцлага хүлээлгэнэ гэж хэдэнтээ мэдэгдсэн. Тэгэхээр намаасаа өршөөлгүй хөөгдөх нь тодорхой болсон нүүрсчид ирэх сонгуульд сойгдохын тулд АН-д орохоор оволзож байгаа нь тэр ажээ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Иргэн Д.Монголхүү: Хүний эрхийн төлөө бичдэг өдөр тутмын сонинтой байгаадаа баярлаж байна DNN.mn


Иргэн Д.Монголхүүгийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болов. Өглөө 09:00 цагт эхлэх ёстой байсан шүүх хурал түүний өөрийн биеэр оролцох хүсэлтийг харгалзан үзэж, 461 дүгээр ангиас шүүхийн байранд авчиртал түр хойшилсон юм. Улмаар үдээс хойш шүүх хурал үргэлжлэн хуралдаж, иргэн Д.Монголхүүг суллах шийдвэрийг гаргалаа. Иргэн Д.Монголхүүтэй холбогдон сэтгэгдлийг нь сонслоо.


-Шүүхийн шийдвэрийн талаарх байр сууриа эхлээд илэрхийлээч?

-Намайг хоёр үндэслэлээр буруутган хөдөлгөөн хязгаарлах ялыг биеэр эдлүүлэх ялаар сольсон. Тэрхүү хоёр үндэслэлийнх нь нэг нь Гэмтлийн эмнэлэг рүү очоогүй, явах замаа зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй, тогтоогдохгүй байна гэж үзсэн. Нөгөөх нь цахим гаваа унтраасан гэдэг нь тогтоогдсон. Хуулиараа эхний гурван сардаа хоёроос дээш зөрчил гаргасан нь тогтоогдвол хорих ялаар солино гэдэг юм билээ. Түүнийх нь нэг нь үндэслэлгүй байсан тул хорих ялыг буцаагаад хөдөлгөөн хязгаарлах ялаар сольсон шийдвэр сая гарлаа.

-Одоо танд дүүргээсээ гарахгүй хөдөлгөөний хязгаартай байх хэдэн сарын хугацаа үлдсэн бэ?

-Одоо таван сарын л хугацаа үлдсэн.

-Тэр хугацаанд нь дахиад зөрчил гаргасан тохиолдолд яана гэнэ?

-Сануулах арга хэмжээ л авах байлгүй. Би түүнийг нэг их сонирхсон ч үгүй. Угаасаа дүүргээсээ гарахгүй юм чинь.

-Хориход байхад тань манай сонин танаас яриа авсан. Тэр ярилцлагаа уншсан уу. Түүний дараа хорихын нөхцөл байдал ямар нэгэн хэмжээгээр өөрчлөгдсөн үү?

-Хорихын нөхцөл байдал өөрчлөгдөөгүй. Ярилцлагыг уншсан. Маш том, сайхан ярилцлага болсон байна лээ. Өчигдөр (уржигдар) манай өмгөөлөгч Б.Баяраатай хийсэн ярилцлагыг чинь бас уншсан. Өмгөөлөгчтэй маань хийсэн ярилцлагатай сониныг хурааж авчихаад өгдөггүй. Тэгэхээр нь тэр алба хаагчид өөрт нь хорихын дотоод журмыг ярьж өгөөд, “Хэрвээ та нар наадхаа цензурдэж оруулна гэвэл наадах дээр чинь эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж үзнэ. Чамд гомдол гаргана шүү” гэж байж авч уншсан шүү дээ. Харин чи бид хоёрын ярилцлага хүмүүст миний нөхцөл байдлыг сайн хүргэсэн байна лээ. Надтай маш олон хүн ирж уулзсан. Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, гавьяат жүжигчин Д.Сосорбарам ах гэх мэт. Юун түрүүнд намайг суллахад хүчин зүтгэл гаргасан танай сонины хамт олон болоод чамд маш их баярлаж байгаагаа илэрхийлье. Үнэхээр хүний эрхийн төлөө бичдэг өдөр тутмын сонинтой байгаадаа баярлаж байна. Мөн өмгөөлөгчдөдөө баярлалаа. Маш их баярлаад догдлоод байгаа учир жаахан тулгамдаад үг гарахгүй байна. Ойлгоорой (инээв).

-Та дүүрэгтээ байх хугацаандаа юу хийе гэж бодож байна. Цаашдын зорилго юу байна вэ?

-Үнэндээ хэлсээр байгаад ам чилж байна. Ардчилсан нийгмийн хуулийг тоталитор нийгмийн арга барил техник хэрэглэж, Монгол Улсыг дээвэргүй шорон болгож байгаа байдалтай үргэлжлүүлэн тэмцэх болно. Одоо бол би nonstop шүү дээ. Хаа хүрээд дуусах юм, тэр хүртэл нь явна.

-Танд авсан арга хэмжээг “No war”, “No double stan­dart” хөдөлгөөнийхөнд үргэлжлүүлээд байна шүү дээ?

-Ер нь хэрэг тохоод явуулдаг жишээ сая надаар харагдлаа шүү дээ. Тийм эрсдэл байгаа. Эд нар ямар ч зөрчил гаргаагүй байсан ч зөрчил зохиож байгаад, хорьж чадна. Түүнийх нь баталгаа нь би боллоо шүү дээ. Шүүх дээр нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж өгөөд, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гэмтэлд очоогүй, өөр газраар дэмий тэнэсэн гэх мэтээр мэдээлэл өгч байгаад намайг хорьсон. Тийм үйл ажиллагаа дахиад явагдахгүй гэх баталгаа алга. Тийм боломж тэдэнд бүрэн байна.

-Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?

-Сэтгэл санаа догдолчихсон байгаа болохоор өөр үг гарахгүй нь ээ. Ямар ч байсан та бүхэндээ, танай хамт олонд, намайг зорьж ирж уулзсан хүмүүс, ард нь сэтгэлээ дэвсээд сууж байсан бүх хүмүүст баярлалаа. Хүний эрхийн төлөөх үйл ажиллагаа, үг үзэл бодлоо илэрхийлэх, түүнд саад хийсэн бүхний эсрэг тэмцэх үйлсээ зогсоохгүй үргэлжлүүлэх болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

Аргын тооллын тавдугаар сарын 10, Буд гариг. Билгийн тооллын 20, суулга одтой, шар луу өдөр. Өдрийн наран 5:21 цагт мандан, 20:16 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабар “Болдогсон бол энэ дэлхийг ганц сайн өшиглөх юмсан​” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “Алсдаа
үйлдвэрлэгч орон болж
байж цаашдын хүндрэлийг
ажралгүй давна” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Дэлхийд тэргүүлэгч үл
хөдлөх хөрөнгө зуучлалын
“Найт Франк” (Knight
Frank) компанийн Монгол
дахь салбарын захирал Ө.Мөнгөнцацрал “Байр авах
хамгийн
ашигтай
байршил бол
Лондон” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Болдогсон бол энэ дэлхийг
ганц сайн өшиглөх юмсан” нийтлэл хэвлэгдлээ.

Нийгэм, сэтгэл судлалын
дээд сургуулийн Сэтгэл
судлал, нийгмийн ажлын
тэнхмийн эрхлэгч,
докторант Б.Баярмаа “Хүн бүрийн
хөгжил нийгмийн
генератор болж байдаг” гэснийг I, XI нүүрээс уншаарай.

Иргэн Д.Монголхүү “хүний эрхийн төлөө бичдэг өдөр тутмын сонинтой
байгаадаа баярлаж байна” гэлээ.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Хүний эрхийн
үндэсний комиссын гишүүн Д.Сүнжид “Гурван эмч, эмнэлгийн ажилтан тутмын хоёр нь ямар нэгэн
байдлаар дайралтад өртдө” хэмээв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
жинлүүр

2023-5-10

Аргын тооллын 5 сарын 10, Буд гараг. Билгийн тооллын 20, Суулга одтой, шар луу өдөр. Өдрийн наран 5 цаг 21 минутад мандан, 20 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан DNN.mn


Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Маргаашнаас нутгийн баруун хэсгээр дулаарах тул Алтайн уулархаг нутгаар орсон цас хайлж, шар усны үер буух нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна.


2023 оны тавдугаар сарын 09-ний 20 цагаас
2023 оны тавдугаар сарын 10-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 7-12 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 3-2 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 7-12 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.


2023 оны тавдугаар сарын 11-нээс
2023 оны тавдугаар сарын 15-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 6-11 метр, 13, 14-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 11-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм 17-22 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Хуурамч баримт, бичиг таних тоног төхөөрөмж гардууллаа DNN.mn

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бээжин дэх Элчин сайдын яамнаас хуурамч баримт бичиг таних, шалгах тоног, төхөөрөмжүүдийг өнөөдөр Гадаадын иргэн, харьяатын газарт хүлээлгэн өглөө.

Тус арга хэмжээнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, Герман улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын үүргийг түр хамаарагч Ёорн Розенберг, Холбооны цагдаагийн газрын Бээжин дэх Герман улсын ЭСЯ-ны виз, паспортын асуудал эрхэлсэн мэргэжилтнүүд оролцсон юм.

Энэ үеэр Герман улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын үүргийг түр хамаарагч Ёорн Розенберг эдгээр тоног төхөөрөмжүүд Монгол Улсад хууль бус, хуурамч баримт бичигтэй гадаадын иргэн нэвтрэхэд таньж шалган, зөрчлийг арилгахад та бүхний ажилд дэмжлэг болно гэдэгт найдаж байгаагаа дурдлаа.

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр “Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагааны 90 орчим хувь нь цахимжсан. Өдөрт дунджаар 1000 гаруй хүнд цахимаар үйлчилгээ үзүүлж байна. Энэ хэрээр иргэдэд үзүүлэх үйлчилгээг хөнгөвчилж буй хэдий ч хуурамч баримт бичиг үйлдэх эрсдэлийг тооцож, шалгах, нягтлах шаардлагатай байдаг. Та бүхний хандивлаж байгаа тоног төхөөрөмжүүд бидний үйл ажиллагаанд маш том тус болж байна. Мөн Монгол Улсын Засгийн Газраас 2023-2024 оны “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор Европын холбооны улсууд, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн. Цаашид Монгол Улсад оршин сууж буй Герман улсын иргэд тоо нэмэгдэж, үйл ажиллагаа явуулах байгууллагууд улам өргөжихийг хүсэж байна” гэв.

Мөн уулзалт, арга хэмжээний үеэр ижил чиг үүргийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсон хүчнийг сургах, давтан мэргэшүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар талууд санал нэгдлээ.

Түүнчлэн Холбооны цагдаагийн газрын Бээжин дэх Герман улсын ЭСЯ-ны виз, паспортын мэргэжилтэн Рейнер Кроп, Арон Бродер нар “Баримт бичгийн хуурмаглал” сэдвийн хүрээнд баримт бичгийн нууцлал, шенгений орны зорчих нөхцөл, аюулгүй байдлын талаар мэдээлэл өгч, тоног төхөөрөмж ашиглах, хуурамч баримт бичгийг илрүүлэх арга туршлагаасаа нийт албан хаагчдад хуваалцав.

Эх сурвалж: ГИХГ

Categories
мэдээ нийгэм

С.Адъяасүрэн: Зуслангийн замын гэрлэн дохионд зуны хөдөлгөөн зохицуулалтын тохируулга хийж байна DNN.mn

Зайсангийн замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан өнөөдөр нийслэлийн “Хангарди” ордонд мэдээлэл өглөө.

Уг өөрчлөлтийн талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн “Зайсан орчмын замыг нэг чигийн урсгалтай болгосноор 35 хувийн өөрчлөлт гарна гэсэн тооцоог анх гаргаж байв. Туршилтын хугацаанд 36.4 хувийн үр дүн гарсан.

Тухайлбал, Энхтайваны гүүрээр урагшаа зорчих хөдөлгөөн 40 орчим хувь, уулын зам буюу Дүнжингаравын замын зорчих хөдөлгөөний эрчим 47 хувиар тус тус сайжирсан байна. Өнөөдрийн байдлаар хөдөлгөөн тогтворжсон учир оргил цагийн ачааллыг өмнөх үетэй харьцуулахад 46 хувь сайжирчээ.

Бүтээн байгуулалтын ажилтай холбоотой Зайсан орчмын замын хөдөлгөөнд тодорхой цагаар өөрчлөлт оруулахаар болсон. Өнөөдөр холбогдох тэмдэглэгээг байршуулна.

Зайсангийн баруун талаар дээшээ өгсөж байгаа зам буюу Зайсангийн автобусны буудлын эцэс хүртэл мөн уулын замыг 23:00-06:00 цаг хүртэл эсрэг урсгалтай болгоно. Бусад хугацаанд одоогийн буюу Зайсан орчмын зам нэг чигийн хөдөлгөөн хэвээр үргэлжилнэ.

Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан хөдөлгөөний эрчим өссөн. Нөгөөтээгүүр хойшоо зуслангийн зам дагуух хөдөлгөөний шилжилт бий болж байгаа. Иймд зуны хөдөлгөөн зохицуулалтын гэрлэн дохионы тохируулга хийгдэж байна.

Энэ нь зуслангаас ирэх, буцах хөдөлгөөнийг дэмжих зорилготой. Гэрлэн дохионы горимын үзлэгийг япончуудтай хамтран хийхэд 85-90 хувьтай байгаа нь сайн үзүүлэлт” хэмээн мэдээлэв.