Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймгийн Асгат суманд 200 га талбай шатжээ DNN.mn

Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн Ямаатын сэрвэн гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ хээрийн гал түймэр гарсан байна.

Энэ тухай дуудлага тавдугаар сарын 09-ний өдрийн 20:09 цагт ОБГ хүлээн авсан бөгөөд Асгат сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 21:30 цагт хээрийн гал түймрийг цурамд оруулж, 22:50 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 200 га талбай шатжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дорнод аймаг гал түймрээс урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ DNN.mn

Дорнод аймаг гал түймрээс урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.

Аймгийн Онцгой комиссын 13 дугаар хуралдаан болж дараах шийдвэрүүд гарлаа.
-Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн хуурайшилтын зэрэглэлээр тооцоолсон түймрийн эрсдэлийн үнэлгээгээр бүх сум нэн аюултай түвшинд хүрсэн тул аймгийн хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх.
-Бүтээгдэхүүн хуваах гэрээт 19, 21 дүгээр талбайд гамшгаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах чиглэлээр Байгаль хамгаалагчийг ээлжээр ажиллуулах цаашид бусад аж ахуй нэгж, байгууллагуудад ажиллуулах төсөв, тооцоо, судалгааг гаргах.
-Байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагуудыг хуурайшилт ихтэй үе буюу хавар, намрын улиралд байнгын томилгоожуулж ажиллуулах.
-Бүтээгдэхүүн хуваах гэрээт 19,21 дүгээр талбай, Улааны орд, Алтан Цагаан-Овоо, Хашаатын цав ордуудыг түшиглэн, хуурайшилт ихтэй үе буюу хавар, намрын улиралд гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх мэргэжлийн бүлгүүд ажиллуулна.

Categories
мэдээ нийгэм

Он гарснаас хойш унадаг дугуйн 16 осол гарчээ DNN.mn

Өнгөрсөн оны байдлаар унадаг дугуйтай холбоотой 89 осол гарч байсан бол он гарсаар нийт 16 ослын тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн гэр хороолол, хотхон дотор автомашинд мөргүүлэх тохиолдлын тоо нэмэгдсэн байна.

Тээврийн цагдаагийн албаны хэвлэл мэдээллийн ажилтан Т.Отгонтамир “Замын хөдөлгөөний тухай дүрэмд зааснаар 0-10 хүртэлх насны хүүхэд, аюулгүй газар эцэг эх, асран хамгаалагчийн хамтаар унадаг дугуй, скүүтер, рольктой зорчих боломжтой. 10-14 насны хүүхэд унадаг дугуйн замаар асран хамгаалагчийн хамтаар явж болно” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Канадын консулыг хөөжээ DNN.mn

Канадын парламентын гишүүнийг айлгах гэж оролдсон Хятадын дипломатчийг эх оронд нь илгээсний хариуд БНХАУ Шанхай дахь консулыг хөөлөө.

Канад улс Хятадын дипломатч Жао Вэйг “тааламжгүй этгээд” хэмээн зарлаж, тус улсаас гарахыг шаардсан юм. Үүний хариуд БНХАУШанхай дахь консулын ажилтан Женнифер Линн Лалондег хөөж буйгаа зарласан байна.

Уйгар үндэсний цөөнхийн эсрэг явуулж буй Хятадын бодлогыг идэвхтэй эсэргүүцэгч Майкл Чонгийг айлган сүрдүүлж, түүний Хонконг дахь төрөл төрөгсдийн талаар мэдээлэл цуглуулж байсныг Канадын тагнуулын алба тогтоосон юм. Хятадын дипломатууд Канадын парламентын гишүүн Майкл Чонгийг айлган сүрдүүлсэн нь ийнхүү ил болсны дараа Оттава болон Бээжингийн харилцаа эрс хурцдаад байгаа билээ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ спорт

Б.Чинзориг, Б.Мишээлт нар ДАШТ-ий хүрэл медалийн төлөө тулалдана DNN.mn

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Узбекистаны нийслэл Ташкент хотод арав дахь өдрөө үргэлжилж байна.

Манай улсаас ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, зөвлөх дасгалжуулагч узбекистан мэргэжилтэн Аброр Турсунпулатов, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор 10 боксчин тус ДАШТ-ийг зорьсон юм.

Есөн өдрийн дараах байдлаар манай улсын хоёр боксчин тэмцээнээ үргэлжлүүлж байгаа бол үлдсэн найман тамирчин ДАШТ-ийг өндөрлүүлсэн.

Манай улсын хоёр тамирчин хүрэл медалийн төлөө өнөөдөр тулалдана. Үүнд

  • -67 кг жинд Баттөмөрийн Мишээлт Венесуэл улсын тамирчин Палацио Кристиантай,
  • -63.5 кг жинд Баатарсүхийн Чинзориг Кубын боксчин Алвераз Эстрадатай тулалдах юм.
Categories
мэдээ нийгэм

“730 автобусыг гурван үе шаттайгаар оруулж ирнэ” гэв DNN.mn

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, хийж буй ажлын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлэл өглөө.

Тэрбээр “Улаанбаатарын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд дөрвөн бүлэг, 12 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж буй. Энэ чиглэлд 2022 оноос нийт 11 байршилд зам, замын байгууламж, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн оны хувьд дөрвөн байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгсөн. Энэ жил үлдсэн долоон байгууламжийн ажил үргэлжилж байна. Үүнээс гадна олон улсын зээл, санхүүжилтээр хэрэгжүүлэх зарим төслийн ажил эхэлж буй. Тухайлбал, нүхэн гарцны төсөл, дүүжин тээврийн хоёрдугаар шугамын бүтээн байгуулалт, Сэлбэ сэргэлтийн төслийн барилга угсралт, их багтаамжийн авто зогсоол байгуулах зэрэг ажлууд эхэлнэ. Өөрөөр хэлбэл, хийхээр төлөвлөсөн нийт ажлын 45-50 хувийг өнгөрсөн онд гүйцэтгэсэн, үлдсэн хэсгийг энэ жил хийх юм.

Улаанбаатарын түгжрэлийг бууруулах чиглэлд хийж байгаа нэг томоохон ажил бол нийтийн тээврийн парк шинэчлэл юм. Парк шинэчлэлийн хүрээнд хотын хэмжээнд нийт 1370 автобусыг оруулж ирсэн.

Энэ жил дахин 730 автобусыг гурван үе шаттайгаар буюу зургаа, найм, есдүгээр сард оруулж ирнэ.

Түүнчлэн тээврийн хэрэгслүүдийг цахим гэрчилгээжүүлэх ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд хатуу дэд бүтцийг бий болгосон. Тодруулбал, 161 байршилд RFID уншигчуудыг суурилуулж, програм хөгжүүлэлтийг бүрэн хийж дууссан. Мөн тээврийн хэрэгслийг цахим гэрчилгээжүүлэх ажил Улаанбаатар хотоос эхэлж буй. Эхний ээлжинд таг буюу тээврийн хэрэгсэлд наах 447 мянган гэрчилгээг хийх гэрээг гүйцэтгэгчтэй байгуулаад үе шаттай хэрэгжүүлээд явна. Энэ хүрээнд “UB Cab” буюу такси дуудлагын үйлчилгээ, нийтийн тээвэр, төрийн үйлчилгээний автомашинуудыг нэн тэргүүнд гэрчилгээжүүлнэ. Цаашлаад төвийн зургаа, алслагдсан гурван дүүрэг зэргээр үргэлжлээд наймдугаар сард Улаанбаатар хотын хэмжээнд дуусгахаар төлөвлөж байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

​Баян-Өлгий аймагт электрон тамхи худалдан борлуулахыг хоригложээ DNN.mn

Баян-Өлгий аймагт цахилгаан тамхи худалдан борлуулахыг хоригложээ.

Тодруулбал аймгийн Засаг даргын орлогчийн А/205 дугаар захирамжаар утаат болон электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдах, худалдан борлуулахыг тавдугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хориглосон шийдвэр гарсан байна.

Иргэд, өсвөр үе, залуучуудыг тамхинаас үүдэлтэй өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагууд утаат болон электрон тамхи (сордог электрон тамхи) түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглосон гэдгийг цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Холбогдох хууль тогтоомж захирамжийн хэрэгжилтэд хяналт тавихыг холбогдох хэлтэс, агентлагийн дарга нарт үүрэг болгожээ.

Categories
мэдээ нийгэм

Сургуулилт хийж байсан нисдэг тэрэг унаж, осолджээ DNN.mn

Өнөөдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Буянт-Ухаа орчимд нисдэг тэрэг унаж, осолджээ.

Тодруулбал, ОБЕГ-ын дадлага, сургуулилтын нисдэг тэрэг бэлтгэл, сургуулилалт хийж, газардах үедээ унасан байна. Албан эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн нисдэг тэрэгт нисгэгч ганцаар байсан бөгөөд бэртэж, гэмтээгүй гэлээ.

Ослын шалтгааныг тогтоохоор цагдаа, прокурор, онцгой байдлын алба хаагчид газар дээр нь ажиллаж байна.

Categories
гадаад мэдээ

DW: Рашизм гэж юу вэ? DNN.mn

Оросын түрэмгийллээс хойшхи нэг жил гаруйн хугацаанд “рашизм” гэдэг үг Украины хэвлэл мэдээллийн хүрээнд баттай байр суурь эзэлсэн юм. Орос болон фашизм гэсэн үгсийг нэгтгэснээр үүссэн энэ нэрийг Украины Дээд Рада саяхан албан ёсны нэршил болгон баталгаажуулсан байна. Энэ сарын 2-ны өдөр батлагдсан уг тогтоолд “рашизм”-ыг “Орос фашизм” гэж тайлбарласан байна. Иймээс бид олон улсын мэргэжлийн шинжээчдэд “Рашизм гэж юу вэ?” гэсэн асуулт тавьж хариулт авлаа.

Харвардын их сургуулийн профессор, Америк-Украины түүхч Серхи Плохи DW-д “Украины нийгэмд Оросын түрэмгийлэгчдийг бусдаас ялгаж нэрлэх шаардлага үүсээд байсан бөгөөд энэ нь Дээд Радын энэхүү тогтоол гарахад гол түлхэц болсон” гэсэн байна. Украины парламентын уг тогтоолын хоёр хуудас эх бичвэрт “Рашизм нь ерөнхийлөгч В.Путины шууд удирдлагаар ОХУ-д бий болсон. Рашизм нь ЗСБНХУ-ын коммунист дэглэм ба үндэсний социализмын туршлагаар бий болсон шовинизм ба империализмын уламжлалд үндэслэсэн, Оросын одоогийн дэглэмийн үндэс болсон тоталитар үзэл суртал, практикийн шинэ хэлбэр” гэж тодорхойлсон байна.

Украины депутатууд рашизмыг “хүний эрх, үндсэн эрх чөлөөг системтэйгээр зөрчих”, “давуу эрх мэдлийг тахин шүтэх, милитаризм”, “удирдагчийг тахин шүтэх замаар дарангуйлагч төрийг ариун дагшин хэмээн Орос ба оросуудыг бусдаас илүү гэж өргөмжлөх”, “хүчирхийлэл дарангуйллын аргаар бусад ард түмний оршин тогтнолыг үгүйсгэх” зэрэг шинж тэмдгүүдийн нэгдэл гэж дүгнэсэн билээ.

Стокгольм дахь Зүүн Европ судлалын төвийн шинжээч Андреас Умланд “Энэ бол түүхч, дипломатч, сэтгүүлчдийг гайхшруулсан ер бусын алхам. Гэхдээ энэ нь утга учиртай зүйл. Энэ нь Оросын онцлогийг харгалзан үзсэн “нэр томьёо” бөгөөд Германы үндэсний социализмтай нийтлэг зүйл байгаа ч шууд адилтгаж болохгүй гэдгийг харуулж буй явдал” гэж DW-д ярьжээ.

Өнгөрсөн зууны эхний хагаст Италид үүсч улмаар Герман, Испани болон барууны бусад зарим оронд тархсан үзэл суртлыг “фашизм” гэсэн нэр томьёогоор тайлбарладаг. Гитлерийн Германд байсан фашизмыг Зөвлөлтийн уламжлалаар фашизм биш, харин Үндэсний социализм гэж нэрлэдэг. Тэгвэл Германы түүхч, Мюнхений их сургуулийн профессор, Зүүн Европын шинжээч Мартин Шульзе Вессель “рашизм” гэсэн нэр томьёог бүрэн үндэслэлтэй зүйл гэж үзсэн байна. “Энэ бол дайны үед гаргаж буй Украины парламентын улс төрийн шийдвэр” гэж Шульце Вессель хэлжээ. Түүний хэлснээр, “рашизм” гэсэн нэр томьёо нь “фашизмтай ижил төстэй Оросын онцлогийг онцлон тэмдэглэж байгаа явдал. Фашизмтай олон талаар ижил төстэй байгаа боловч яг адил зүйл биш гэсэн үг” юм гээд Вессель Шульзе “Рашизм нь удирдлагаа хүчээр хэт өргөмжлөн түүний хувийн зан чанарыг шүтэх, хүчирхийллийг тахин шүтэх, тодорхой хэмжээгээр милитаризмыг өөгшүүүлэн дэмждэг гэсэн фашизмтай ижил төстэй талуудтай байна гэдгийг илэрхийлж буй явдал” гэсэн байна. Үүний зэрэгцээ энэхүү түүхч Үндэсний социализмын жүүдийн эсрэг үзлийг рашизм агуулдаггүй гэдгээр нь ялгаатай гэжээ. Мөн рашизмд “Программчилсан антисемитизм” байхгүй нь “маш их ялгаа” гэж Германы нийтлэлч Винфрид Шнайдер-Детерс онцлон дурдсан байна.

Штайдер Детерс “Оросын рашизм гэдгээс гадна Путинизм гэсэн бас нэг өөр ойлголт бий гэдгийг бид ойлгож байх ёстой” гээд “Путинизмыг Оросын фашизм буюу Италийн эх хувилбарын салбар хувилбар гэж ойлгох ёстой” гэсэн байна. Харин Андреас Умланд өөр нэг ялгаа байгааг тодруулан дурдаж “Фашизм нь шинэ “хувьсгалт” үзэл суртал байсан учир улс орныг шинэ формацид оруулж, шинэ институцүүдийг бий болгосон бол. Орост ийм зүйл байхгүй. В.Путин А.Хитлерээс ялгаатай нь тэрээр Зөвлөлтийн дэглэмийн хуучин төлөөлөгч бөгөөд түүний харц өнгөрсөн үе рүү их, ирээдүй рүү маш бага хэмжээтэй чиглэдэг” гэж хэлэв.

Украины парламент “рашизмыг үзэл суртал төдийгүй практик үйлдэл” хэмээн буруушааж, НҮБ болон бусад олон улсын байгууллага, засгийн газар, парламентыг ч мөн адил Оросын төр, засгийн одоогийн үйл ажиллагааг рашизм хэмээн тодорхойлохыг уриалж байна. Энэ нь Украины Рада зөвхөн “Оросын гэмт хэргийг дэлхий дахинд сануулах” гэсэн найдлага төдийгүй энэхүү шийдвэр нь Оросын өнөөгийн удирдагчдыг шүүхийн өмнө аваачих нэг том алхам болж магадгүй байна.

“Рашизм” гэсэн нэр томьёо нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж тархах эсэхэд ач холбогдол өгөх хэрэггүй гэдэгт эдгээр шинжээчид санал нэгдэж байгаа аж. Тухайлбал, Мартин Шульзе Вессел “Оросын өнөөгийн удирдагчид хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь л Олон улсын шүүхийн хувьд маш чухал асуудал юм. Харин шинэ нэршил учир рашизм нь яваандаа олон улсын албан ёсны хэрэглээ болохыг үгүйсгэхгүй” гэж хэлэв. Харин Винфрид Шнайдер-Детерс Украинд “Путины дайн” үргэлжилж байхад одоогоор сэтгүүл зүйд л хэрэглэгдэж байгаа “Путинизм” “Рашизм” гэсэн нэршлийн шинжлэх ухааны үндэслэлтэй эсэх нь огт хамаагүй зүйл. Учир нь дайн дууссаны дараа түүхчид, улс төр судлаачид үүнийг хийх болно” гэж онцлов.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны тавдугаар сарын 1-5-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 152 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 24 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

-Т.Аюурсайхан нь Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх;
-Б.Ганхуяг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, шүүхэд шилжүүлсэн байна.