Categories
мэдээ нийгэм

Хоёр байршилд их багтаамжийн зогсоол байгуулна DNN.mn

Авто замын түгжрэлийг бууруулахаар хотын төвд их багтаамжийн зогсоол барихаар төлөвлөөд буй. Энэ хүрээнд эхний ээлжинд хувийн хэвшилтэй хамтран хоёр байршилд зогсоол байгуулахаар сонгон шалгаруулалт зарлан, зургаадугаар сарын 5-ныг өдрийг хүртэл материалыг нээлттэй хүлээн авч байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Циркийн зүүн талд болон ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ард талд гэсэн хоёр байршлыг нийслэлийн зүгээс тодорхойлоод буй. Их багтаамжийн зогсоолын барилгын ажил, менежментийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж хариуцан ажиллах бөгөөд үнийн хувьд нэг цагийн мянган төгрөг байхаар урьдчилан тогтоогоод байгаа юм.

Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг “Төслийн сонгон шалгаруулалтыг Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК хариуцан ажиллаж байна. Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, менежментийг сайжруулахад онцгой анхаарах ёстой. Энэ нь түгжрэлийг бууруулахад томоохон нөлөө үзүүлнэ” хэмээлээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

“Допинг ба спортын авлига” сэдэвт хэлэлцүүлэг болов DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шүгэл ажиллагаа”-ны ажлын хэсгээс зохион байгуулсан “Допинг ба спортын авлига” сэдэвт хэлэлцүүлэгт Монголын Үндэсний Бөхийн Холбооны Тэргүүн Ц.Магалжав, Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл, Гүйцэтгэх захирал И.Доржсамбуу нар оролцож, зохион байгуулагчдын хүсэлтийн дагуу “Допингийн зөрчлүүд ба хор нөлөө тэдгээрийг хэрхэн багасгах” сэдвээр мэдээлэл өгөв.

Энэхүү хэлэлцүүлэгт:
– Хууль зүй, дотоод хэргийн яам
– Цахим хөгжил, харилцаа холбооны яам
– Авлигатай тэмцэх газар
– Монголын Үндэсний Олимпын хороо,
– Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитр,
– Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын төлөөллүүд болон улс, аймгийн цолтой бөхчүүд оролцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд DNN.mn

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны тавдугаар сарын 16, 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг танилцуулж байна.

МЯГМАР ГАРАГ /2023.05.16/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

14.00

“Их хуралдай”


БААСАН ГАРАГ /2023.05.19/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

· Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл /Засгийн газар 2023.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

· Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

10.00

“Их хуралдай”

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар дулаахан байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ:

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар дулаахан байна.


Энэ сарын 14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 17-нд Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 14-нд ихэнх нутгаар, 15,16-нд говь, тал, хээрийн нутгаар, 17-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-наас ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +14…+19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +21…+26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +7…+12 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Автомашины үнэгүй зогсоолуудыг төлбөртэй болгоно DNN.mn

Автомашины үнэгүй зогсоолуудыг төлбөртэй болгоно.

Энэ талаар НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Нийслэлийн мэдэлд байгаа 48 зогсоолыг нэгдсэн удирдлагад оруулж, үйл ажиллагааг нь хувийн хэвшилд хариуцуулах юм.

Ингэснээр иргэдийн цаг завыг хэмнэсэн, олон улсын стандартад нийцсэн байдлаар үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Ерөөс хотын төвийг машинд бус иргэдэд, тэр дундаа явган зорчигчдод ээлтэй болгох бодлогыг нийслэлийн зүгээс баримталж ажиллана” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2023 оны улсын шалгалтын хуваарь DNN.mn

2023 оны бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдээс авах улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарлаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Соёл: Ганцхан сувилагч гурван хүний ажил хийж байна DNN.mn

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос сувилагч болон эмнэлгийн бусад мэргэжилтнүүдийн үйл ажиллагааг олон нийтэд таниулж, тэдэнд урам зориг өгөх зорилгоор шилдэг сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтэн шалгаруулах анхны “Эрдэнийн чагнуур” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг өчигдөр зохион байгууллаа. “Эрдэнийн чагнуур”-т ерөнхий мэргэжлийн сувилахуй, хүүхэд, нярай, эх хүүхдийн сувилахуй, мэс засал,

гэмтэл согогийн сувилахуй, нүүр ам, нүд, чих, хамар хоолойн сувилахуй, мэдрэл, сэтгэцийн сувилахуй, сэргээн засал, уламжлалт анагаах ухааны сувилахуй зэрэг 13 төрөлд цомын эздийг тодруулсан юм. Энэ үеэр “Ерөнхий мэргэжлийн сувилахуй” төрлөөр “Эрдэнийн чагнуур” цом хүртсэн Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн Диабетийн төвийн сувилагч, чихрийн шижин өвчний сургагч багш Б.Соёлтой ярилцлаа.


-Ерөнхий мэргэжлийн сувилахуй төрөлд анхны “Эрдэнийн чагнуур” цомын эзнээр шалгарсанд нь баяр хүргэе?

-Маш их баярлалаа. Монгол Улсад энэ жил анх удаа сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд эмч нарын дунд шилдгийг тодруулдаг “Алтан чагнуур” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ шиг “Эрдэнийн чагнуур” гэж ёслолыг хийж шагнал гардуулж байна. Өөрийн хийсэн бүтээсэн ажлаа тайлагнаж илгээн анхны “Эрдэнийн чагнуур” шагналын эзэн боллоо. Анхны “Эрдэнийн чагнуур” шагналын эзэн болсондоо маш их баяртай байна.

-Та сувилагч мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байна вэ?

-Сувилагч мэргэжлийг эзэмшсэнээсээ хойш улсад тасралтгүй 24 жил ажиллаж байна. 2005 онд чихрийн шижингийн сургагч багшаар мэргэшсэн. Түүнээс хойш Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд чихрийн шижингийн сургагч багшаар ажиллаж байна. Ажиллах хугацаандаа олон улсад диабетийн төвийн зарчмаар ажилладаг туршлагыг Монголд нэвтрүүлэхийн тулд Сүхбаатар дүүрэгтээ анхдагч болж диабетийн төвийг нээж байсан. Өөрөө төсөл бичиж 5000 ам.долларын төсөл авч, төслөөрөө 2016 онд Диабетийн төвийг нээсэн. Нээгдсэн цагаасаа хойш Диабетийн төв олон улсын зарчмаар хөгжиж ажиллаж байгаа. Бусад дүүргүүдэд хийгддэггүй бүх сургалт, үзлэг, шинжилгээнүүд бүгд хийгддэг, нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг багаар үзүүлж чаддаг онцлогтой дүүрэг юм. Энэхүү хөдөлмөрөө үнэлүүлж чадсандаа маш их баяртай байна.

Ажиллах хугацаандаа төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдий

хэрэгжүүлэхийг хичээж ирсэн. Хамгийн сүүлд 2022 онд чихрийн шижинтэй үйлчлүүлэгчийн амны хөндийн эрүүл мэндэд 16.5 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлж үр дүнг тооцож ажилласан. Ер нь судалгаа дүгнэлттэй ажиллахыг хичээдэг дээ. Монгол Улсад анхдагч болж чихрийн шижингийн сургагч багш мэргэжлийг эзэмшсэн учраас ижил мэргэжилтнээ сургаж ажиллахад хувь нэмрээ оруулан явж байна. Увс аймгийн нийт 20 гаруй сургагч багшийг эмнэл зүйн тойролтоор дагалдуулан сургадаг. Түүнчлэн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Ач анагаах ухааны их сургууль, Этүгэн их сургуулиудын оюутнуудыг дадлагажуулан сургадаг. Диабетийн төвийг сургалтын бааз эмнэлэг гэж үздэг учраас сурагчид чихрийн шижингийн тойролтоо манайд хийж, сургалтыг нь удирдаж, сургадаг.

-Сувилагчаар 24 жил ажилласан гэлээ. Анх сувилагч мэргэжлийг хэрхэн сонгох болсон бэ?

-Би багаасаа эмч мэргэжилтэй болно гэж боддог байсан юм. Ингээд эмчийн мэргэжилдээ конкурс өгөөд тэнцэж чадаагүй. Эмнэлгийн мэргэжилтэн болж энэ салбарт ажиллах хүсэлтэй байсан учраас эмчийн мэргэжлээ авч чадаагүй ч сувилагчаар суралцъя гэж конкурс өгч, эхний гуравт орж мэргэжлээ сонгож байсан. Түүнээс хойш сонгосон мэргэжилдээ одоог хүртэл үнэнчээр ажиллаж байна. Би намайг дагалдаж буй оюутан, шавь нартаа “Сувилагч мэргэжилдээ үнэнч, тууштай байж хичээгээрэй. Нэг өдөр л хөдөлмөрийн чинь хариу болж шагнал ирнэ шүү” гэж хэлж зоригжуулдаг.

-Сувилагч мэргэжлийн сайхан болон хүнд хэцүү зүйлээс та хуваалцахгүй юу?

-Олон жил мэргэжлээрээ ажиллаад ирэх үед хүн маш их туршлагатай, мэргэшсэн болдог. Эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүдийн хамгийн ойрын хүн бол сувилагч байдаг шүү дээ. Эмч нэг өвчтөнд үзлэг хийж 10-15 минут л харьцаж чаддаг бол сувилагчид тухайн хүнтэй хоёр, гурван цаг ярилцаж, зөвлөн тусалж, үйлчилгээ үзүүлдэг. Хэвтэж эмчлүүлж буй хүмүүст 10-20 хоног үйлчилдэг хүн бол сувилагч л байдаг. Тиймээс өвчтөний хамгийн ойрын туслагч, найдвартай тусламж үйлчилгээ үзүүлж буй анагаах ухааны баримт нотолгоонд

суурилсан хэрэгцээтэй тусламж үйлчилгээг гардан үзүүлдэг хүмүүс бол сувилагчид юм.

Одоогийн байдлаар сувилагчдын ажлын ачаалал маш их болж нэмэгдсэн. Өдөрт 30-40 хүнд үйлчилж, тусламж үйлчилгээг үзүүлэх ёстой байтал одоо дунджаар 70-80 гаруй хүнд үйлчилж байна. Ажлын ачаалал, ажлаас халшрах хам шинж их байна. Миний хувьд “Ковид-19” цар тахлын үед улаан бүс рүү нийтдээ таван удаа орж ажилласан. Тэр үед улаан бүс рүү өдөрт 4-5 удаа

орж ажиллаж буй хүмүүс сувилагчид л байсан шүү дээ. Эмч нар өдөрт 1-2 удаа ороход, сувилагчид өвчтөнүүдийнхээ эмчилгээг хийхийн тулд 4-5 удаа орж ажилладаг, улаан бүсэд хамгийн их цаг өнгөрүүлдэг байсан. Сувилагчдаа хайрладаг, ажлын ачаалал тэнцвэртэй, ажлын ачаалалдаа тохирсон цалин хөлсийг аваасай гэж боддог. Ингэж байж л сувилагч мэргэжлийн үнэ цэнэ нэмэгдэх байх. Үүнд төр засаг анхаарч сувилагч мэргэжлийн цалин хөлсийг нэмж, ар гэр амьдралын баталгааг сайжруулбал энэ мэргэжлээр хүмүүс дуртай ажиллах байх. Одоо сувилагчдын дунд ажлаас халшрах хам шинж 80 хувьд бий байх. Бид маш их ачаалалтай ажиллаж байгаа. Олон улсад Монголын нэг сувилагчийн ажлыг бараг 10 сувилагч хувааж хийдэг.

-Таны бодлоор сувилагчдын ажлын ачааллыг бууруулахад юу хийх хэрэгтэй вэ?

-Хамгийн эхний ээлжинд хүний нөөцийн асуудалд анхаарах хэрэгтэй. Хүний нөөц маш их дутагдалтай байгаа учраас Монгол Улсад нэг эмчид гурван сувилагч ногдох ёстой байтал нэг эмчид нэг сувилагч ноогдож байна. Ганцхан сувилагч гурван хүний хийх ёстой ажлыг хийж байна шүү дээ. Ирээдүйд сурагчдыг сувилагч мэргэжлийг сонгох хүсэл эрмэлзэлтэй, сонирхолтой болгоход төрөл бүрийн хөшүүргүүд хэрэгтэй. Тухайлбал, цалин өндөр байх, ажлын ачааллыг зохицуулах, ажлын байрыг сайжруулах, ар гэр нийгмийн асуудлыг шийдэх зэрэг олон асуудалд анхаарвал сувилагч мэргэжлээр ажиллах сонирхолтой болж магадгүй. Сувилагч мэргэжлийг сонгох хүн маш ховор байна гэсэн судалгаа ч байдаг.

-Сувилагчийн мэргэжилд юу хамгийн чухал байдаг вэ?

-Мэргэжилдээ ур чадвартай, тууштай, хайртай дуртай байх нь хамгийн чухал. Өөрийн мэргэжилдээ дуртай байж мэргэжлийн үнэ цэнэ харагдана. Ур чадвар, мэдлэгтэй байх ёстой. Чадвартай байж өвчтөнүүддээ тусламж үйлчилгээг оновчтой зөв үзүүлдэг. Чадваргүй байж алдаа гаргавал түүний цаана хүний амь нас яригдах учраас ур чадвартай, хүнлэг энэрэнгүй, өвчтөнөө ойлгодог, мэргэжлээ мэдэрдэг байх хэрэгтэй гэж боддог.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баярмаа: Хүн бүрийн хөгжил нийгмийн генератор болж байдаг DNN.mn

Нийгмийн инженерчлэлийн тухай Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн Сэтгэл судлал, нийгмийн ажлын тэнхмийн эрхлэгч, докторант Б.Баярмаатай ярилцлаа.


-Нийгмийн инженерчлэлийн тухай асуухын тулд нийгмийн хөгжил гэж юуг хэлдэг тухай эхэлж сонирхмоор санагдлаа. Бид яг ямар хэмжүүрийг харж нийгэм хөгжиж байна, зөв зүйл рүүгээ явж байна гэж ойлгож болох юм бэ?

-Нийгмийн хөгжлийг бүрдүүлэгч нь бие хүн байдаг. Хувь хүн биш. Хувь хүн бие хүн болж төлөвших үйл явц маш чухал. Бие хүн нийгмийн бүрэлдэхүүн хэсэг болоод ирэхээрээ нийгэмд тодорхой хэмжээгээр үүрэгтэй, хариуцлагатай, оролцоотой ийм хэсэг болоод явчихдаг. Тэр бие хүмүүсийн бөөгнөрөл нь тухайн нийгмийг бүрдүүлж байгаа гэж үзнэ. Бид ямар нийгмийг бүрдүүлж байгаа вэ гэдгийн цаана ямар хувь хүний хөгжил явагдаж байна вэ гэдгийг харж болно гэсэн үг. Тэр зүйл нь хүмүүс хоорондын харилцаагаар дамжиж илэрнэ. Хувь хүний өөрийнх нь харилцаа хандлага, бие хүн болж төлөвших үйл явц үүн дээр чухлаар яригдах болно. Цаад тулгуур нь тухайн улс үндэстний хөгжилтэй холбоотой болж томорч ирнэ гэсэн үг.

-Бие хүний хөгжлөөс нийгмийн хөгжлийг харж болно гэж ойлголоо. Өнөөдөр монголчууд сошиалд ярьж бичиж, хуйларч байгаа сэдвүүд сайн гэхээсээ илүү сөрөг, асуудалтай тал руу хэлтийсэн. Бас дээр нь байсхийгээд л нэг сэдвээр дуулиан дэгдээх юм. Тэгмэгц тийшээ хуйлраад л. Энэ үйлдэл ер нь зөв юм уу?

-Анхаарал хаана төвлөрнө, тэнд мэдрэлийн эсүүд идэвхжиж байдаг гэж үздэг.

Хувь хүн дээр аваад үзэхэд тухайн хүн өөрийнхөө сайн тал дээр төвлөрч байна уу, муу тал дээр төвлөрч байна уу гэдгээс хамаарч хөгжил нь ч явагдаж байдаг. Сайн талаа илүү хөгжүүлэхийн тулд анхаараад, муу талаа багасгах зорилготой байвал хувь хүнийхээ хөгжилд ч ахиц дэвшилт явагдана.

Улс үндэстний хувьд бид сайн тал дээрээ анхаарч байна уу, муу дээрээ төвлөрч байна уу гэдгийг эндээс ялгаад харчихаж болно. Ихэнх тохиолдолд хүмүүс сенсаци, хэцүү төвөгтэй байдал үүсгэсэн зүйлүүд рүү, асуудлууд руу анхаарал хандуулж байна. Нийгэм өөрөө асуудлууд руу явж байна, нийгмийн сэтгэхүй асуудлын хойноос хөөцөлдөж байна.

Тэр нөхцөлд сайн зүйлийг хүлээж авахгүй. Яваандаа бидний тархи, сэтгэхүй муу зүйлдээ дасал болж, муугийн хойноос хөөцөлддөг, муу зүйлсийг сонсч байж таашаал авдаг болж эхлэх аюултай. Шүүж тунгаах тал дээр ч мууг олж хардаг. Сэтгэхүйн хүрээний зүйл ч зарим тал дээр муу зүг рүү явж өөрчлөгдөж эхэлж байна гэсэн үг.

Анхаараад үзвэл үг хэл гэдэг зэвсэгтэй адил. Сошиал дээр хүнийг өвтгөх, хэцүү болгох, босч ирэхээргүй болтол аюултай үгсийг замбараагүй бичиж байна. Бид хэл сэтгэхүй хоёр холбоотой гэж ярьдаг. Харин өнөөдөр сошиал дээрх үг хэллэгээр бол монгол хүний сэтгэхүйн цар хүрээ хогийн савтай зүйрлэж болохоор болчихоод байна. Уг нь түүний эсрэг сайныг хэлж түгээж байгаа, сайн харилцааг бий болгож бие биедээ хүндэтгэлтэй хандаж байгаа зүйлс өчнөөн бий. Сайн муу хоёрыг ялгаж салгах зүрх сэтгэлтэй, боловсролтой, мэдлэгтэй, төлөвшилтэй болох нь маш чухал болсон цаг ирж байна.

-Тэгвэл нийгмийн инженерчлэл гэж юу юм бэ. Монголчуудын барьж явах гол шугам юу байж болох вэ. Бид тэр шугамаа барьж чадаж байна уу?

-Бид ямар шугам барьж явах, бидний нийгмийн инженерчлэл юу байх вэ гэдгийг мэдэх нь монгол үндэстэн ямар үндэстэн бэ гэдгээ ойлгож таньж мэдэхээс эхэлнэ. Бид үндэстнээ таньж мэдэхийн гол ач холбогдол бол бид бусад үндэстнээс юугаараа давуу талтай, онцлогтой вэ, юугаараа сул талтай вэ гэдгээ маш сайн мэддэг байх ёстой. Монгол хүн өөрөө ямар онцлогтой юм бэ гэдэг зүйл дахиад гарч ирнэ. Түүхэн цаг үеийн хувьсалтай холбоотой, хүний зүрх сэтгэл, сэтгэц бол тодорхой хэмжээнд хувьслын үр дүнд өөрчлөгдөж, шинэчлэгдэж явдаг. Тэгэхээр түүхэн цаг үе рүүгээ өндийх ёстой.

Монгол үндэстэн хаашаа явж байна вэ гэж та асуусан. Англи хэлтэй холбоотой зүйл дээр асуудал үүслээ шүү дээ. Энэ тухайд эцэг эхчүүд хүүхдээ “Чи англи хэлгүй амьдрахгүй”, “Чи англи хэлгүй ирээдүйд хэцүүднэ” гэх мэтээр ярьдаг. Гэтэл монгол хүн 13 хэлээр чөлөөтэй ярих боломжтой. Бямбын Ренчин гуай өрнийн найман хэл, дорнын таван хэлтэй байсан. Чой.Лувсанжав гэдэг хүн бол түүнээс ч олон хэлээр ярьдаг байсан гэдэг. Монгол хүн ийм олон хэлийг эзэмшиж чаддаг юм байна, хэл сурах гэдэг үндэстний чухал соёл юм, тэр дотор эх монгол хэлээ цэвэр сайхан сурах нь чухал юм гэдэг ойлголтыг танин мэдүүлэх явц л буруу явж байгаагийн илрэл өнөөдрөөр харагдаж байна. Тиймдээ ч өнөөдрийн шуугиан, эсэргүүцэл үүсч байгаа юм шүү дээ.

Мөн монгол хүн бол соёлын хувьд хоцрогдсон, монгол үндэстэн сул дорой, хулгайчдаар дүүрч байна гэдэг хандлага их яваад ирэхээр дараагийн үе, шинэ үеийнхэн хүлээн зөвшөөрөхгүй болдог, үзэн яддаг. Эндээс үүдсэн үе хоорондын зөрчлүүд ч гарах эрсдэлтэй. Бидний гол ойлгуулах ёстой зүйл бол сайн мууг ялгаж салгаж сурах. Хэрэв үндэстнийхээ өмнө муу зүйл хийсэн байвал хариуцлага хүлээдэг хууль, дэг, журамтай байх ёстой. Нийгэм өөрөө маш том хүрээлэл байдаг учраас хуулиас илүү нийгмийн хандлага чухал. Өөрөөр хэлбэл, нийгмээрээ хүлээн зөвшөөрөхгүй байх, нийгмээрээ эсэргүүцэх явдал гардаг. Солонгост гэхэд амжилт, ялалттай байсан хүн ямар нэгэн алдаа гаргахад хуулийн шүүлтүүрээс илүү нийгмийн шүүлтүүр хэцүү байх жишээтэй. Монголд тэр зүйл дутагдаж байна. Нийгэмд хэцүү бэрхшээлтэй зүйлүүд байгаад, хариуцлага сул байх тусам сайн муугаа ялгахаа больдог. Энэ нь үндэстэн хөгжихгүй байх, шавар шавхай руугаа шигдэх гол нөхцөл болж байдаг.

-Хариуцлагатай гэдгээс гадна хэрсүү иргэд болох ёстой гэж бид үргэлж хөндөж уриалж бичдэг. Хэрсүү иргэн байхын ач холбогдлыг мэргэжлийн хүний хувьд та юу гэж харж байна?

-Монголчууд үндэстнээрээ хэрсүү, бодлоготой, нухацтай, нарийн шинж чанартай үндэстэн юм, уг нь. Хүний өвийн тэр шинж чанар алга болгоод арилгаад явчихдаг зүйл биш юм. Магадгүй түүхэн цаг үетэй холбовол Манжийн дарлалд байсан 200 жил гэдгээс улбаалж тодорхой хэмжээнд хүний сэтгэцэд үүссэн өөрчлөлттэй холбоотой зүйл үлдчихсэн байж болох. Тэр нь өөрөө хүнийг дагадаг, цаана нь байгаа мөн чанараа гаргаж чадахгүй болсон хэмжээнд хүргэсэн байж болно. Түүнийг бид нарийн судлах хэрэгтэй. Хэрсүү зан чанарыг суулгана гэдэг шүүмжлэлт, бүтээлч сэтгэхүйг суулгах тухай яригдана. Сэтгэхүй яаж төлөвшдөг вэ гэхээр хэл яриа сэтгэхүй хоёр холбоотой гэж үздэг. Сэтгэхүйн гүн зүйл үйлээр дамжиж явагддаг. Ээж, аавууд, өвөө, эмээ нарын үр хүүхэдтэйгээ хамтарч даган дуурайж хийдэг зүйл үйлээр дамжуулан сургах маш том боловсрол явагдаж байсан. Энэ зүйл одоо алсраад алдагдсан учраас тодорхой хэмжээнд хэрсүү байх зүйл алдагдаж байна гэж харагддаг байгаа юм. Монгол хүний хэрсүү чанар алга болчихоогүй, гол нь түүнийг төлөвшүүлэх л хэрэгтэй. Бүхий л зүйл хэлтэй холбоотой учраас эх хэлний асуудлыг хэзээ ч орхигдуулж болохгүй.

-Шийдэл нь юу байж болох вэ?

-Монгол гэдэг нэг үндэстэн учир бид нэг завин дээр суусан. Хүн бүр сайн руу чиглэсэн зүйл рүү явах ёстой. Би хүүхдээ сайн хүмүүжүүллээ, эсрэг талд өөр нэг нь хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй. Гэвч тэд хоорондоо харилцана. Тэгэхээр нийгмийн хариуцлага хүнийг эвддэг. 1990-ээд онд ардчилал, зах зээлтэй холбоотойгоор хүмүүс ганзагын наймаанд явсан. Монголын өнөөгийн том бизнесүүд тэр үед бий болсон. Нөгөө талд тухайн үед сэтгэл зүй бэлтгэгдээгүй гэр бүлийн харилцаатай холбоотой зүйл дээр асуудал гарч ирсэн. Наян хэдэн оны хүүхдүүдэд гэр бүлийн салалт их гарч ирж байгаа шүү дээ. Тэнд явагдсан алдаатай зүйл өнөөдөр үр дагавар нь гарч байна. Тэр үед ээж аав нь хамт байгаагүй, гэр бүл яаж бий болдгийг ойлгоогүй мэдрээгүй бол эргээд гэр бүл бүтээхэд нөлөөлж байдаг.

Тиймээс бид үндэстнийхээ соёлыг ойлгох ёстой, зовлонг ч ойлгох ёстой. Үнэ цэнийг мэдэх ёстой, болж байгаа зүйлийг ойлгох ёстой. Монгол хүн бүр үндэстнийхээ хөгжилд оролцоотой байх ёстой. Энэ нь УИХ-ын 76 гишүүний асуудал биш. Хүн бүрийн хөгжил нь нийгмийн инженерчлэл, генератор болж хөдөлж явахад чухал нөлөөтэй. Өвөг дээдсийн хүчирхэг суурь өгөгдөл бидэнд байсаар байгаа. Чингис хааны үг бий шүү дээ.

Холын зорилго үгүй бол ойрын зовлон эхэлнэ гэж. Өнөөдөр бид ойрын зовлон дундаа л хутгалдаж явна. Холын зорилготой болох асуудал дутмаг байгаагийн илрэл. Монгол хүн ямар байх монгол мөрөөдлийг бий болгож, түүнийг бүтээх хэрэгтэй. Монгол хүн бүр тэр мөрөөдлийн төлөө зүтгэдэг байх хэрэгтэй. Тэр нь өөрөө нийгмийн инженерчлэл юм

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр хонь өдөр DNN.mn

Аргын тооллын тавдугаар
сарын 13, Санчир гариг. Билгийн
тооллын 23, чөдөр одтой ,
цагаагчин хонь өдөр. Өдрийн
наран 5:18 цагт мандан, 20:20
цагт жаргана. Тухайн өдөр
туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг
сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу
нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж,
биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын
үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа
арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших,
хишиг даллага дуудуулах, насан бүтээл
хийлгэх, мал худалдан авах, мал түгээх,
сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх,
хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг
гадагш өгөх, уул овоо тахихад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой,
бич, нохой, гахай болой. Хол газар яваар
одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
эд, эдлэл, идээ, ундаа олно.

Categories
мэдээ нийгэм

СЗХ-ноос Хас, Худалдаа хөгжлийн банкны нийтэд санал болгон гаргах хувьцааг бүртгэжээ DNN.mn

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Хас банк” ХХК болон “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ. Дээрх хоёр банкны нийтэд санал болгон гаргаж буй хувьцааг өнөөдрийн хуралдаанаар бүртгэснээр системийн нөлөө бүхий бүх банк нийтэд санал болгон гаргаж буй хувьцаагаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж дууслаа.

Тодруулбал, системийн нөлөө бүхий нийт таван банк Банкны тухай хууль тогтоомжид заасан хугацаанд нээлттэй хувьцаат компани болох нөхцөл ийнхүү бүрдэж, банкны реформ амжилттай хэрэгжиж буйн нэг илрэл болж байна. Үүнийг дагаад хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөх, хөрвөх чадвар сайтай шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэх, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоо сайжрах, банкнуудын үйл ажиллагаа илүү ил тод, нээлттэй болох, урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр бий болохоос гадна олон тулгуурт санхүүгийн тогтолцоог бүрдүүлэх боломж бүрдлээ.

Мөн хуралдаанаар хоёр компанийн нийтэд санал болгон гаргаж буй өрийн хэрэгсэл болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэж, нэг хөрөнгө оруулалтын менежментийн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө. Түүнчлэн нэг компанид даатгалын байгууллагад аудит хийх эрх, дөрвөн компанид банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх, хоёр компанид банк бус санхүүгийн төлбөр тооцооны хэрэгсэл гаргах үйл ажиллагаа эрхлэх мөн банк бус санхүүгийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх, нэг компанид банк бус санхүүгийн факторингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл болон төлбөрийн баталгаа гаргах үйл ажиллагаа эрхлэх энгийн зөвшөөрөл нэмж олгохоор тус тус шийдвэрлэв.

Харин үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид олгохоор шийдвэрлэсний зэрэгцээ нэр бүхий таван компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр боллоо.

Эх сурвалж: СЗХ