Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өмнөговь, Дундговийн нутгаар салхи секундэд 24 метр хүрч ширүүснэ DNN.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Говь-Алтай, Өмнөговь, Дундговийн нутаг, Баянхонгорын өмнөд, Өвөрхангайн өмнөд болон зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Маргааш нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс сэрүүсэж, нутгийн хойд хэсгээр нойтон цас орох тул замд халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна.


2023 оны 05 дугаар сарын 19-нөөс 05 дугаар сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21,22-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бороо, нойтон цас орно. Салхи 19,20-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +15…+20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +10…+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Батлан хамгаалахын дэд сайд, “Хөдөөгийн сэргэлт”-ийн Ажлын хэсгийн дарга Б.Баярмагнай: Үг, үйлдэл, үр дүн яв цав нийцэж байж олны итгэл сэргэнэ DNN.mn

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан цогц зургаан асуудлын нэг нь “Хөдөөгийн сэргэлт” билээ. Үүний ажлын хэсгийг ахалсан Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайтай ярилцлаа.


-Тантай уулзсаных Батлан хамгаалах салбараас ярилцлагаа эхэлье. Өнөөдөр Монголын Батлан хамгаалах салбарын үүрэг хариуцлага ямар түвшинд байна вэ. Нийгэмд харьцангуй хаалттай салбар болохоор нээлттэй мэдээлэл авч төдийлөн чадахгүй юм л даа?

-Юуны өмнө танай сонины хамт олон болон уншигчдынхаа энэ өдрийн амар мэндийг эрье. Манай салбарын хувьд хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд бүхий л үйл ажиллагаагаа нээлттэй байлгах боломж харьцангуй хязгаарлагдмал.

Ер нь ардчилсан улс орнууд батлан хамгаалах салбартаа баримталж буй бодлого, үйл ажиллагаагаа нээлттэй байлгахыг зорьдог. Монгол Улсын хувьд ч хууль эрх зүйн орчин, зэвсэгт хүчний бүтэц зохион байгуулалтаа өнөө цагийн жишигт нийцүүлэн сайжруулсаар өдийг хүрсэн. Ерөнхийдөө өргөн утгаараа Батлан хамгаалах тогтолцоо бүх нийтийн оролцоо, бүх нийтийн бэлэн байдал дээр суурилдаг гэдгийг бид сайн ойлгох ёстой. Иргэн, аж ахуйн нэгж, төр захиргааны байгууллага гээд бүхий л субъектууд өөр өөрийн хүлээх хариуцлага, эрх үүргээ сайтар мэдэж, ойлгож, бэлэн байх нь аливаа үүсч болзошгүй эрсдэлийг хохирол багатай сөрөн гарах нөхцлийг бүрдүүлдэг. Батлан хамгаалах бодлогод хамаарахгүй салбар гэж үндсэндээ байхгүй. Тухайлбал Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад байгаль орчныг нөхөн сэргээх, цөлжилтийг бууруулах, хүүхэд, залуучуудад экологийн боловсрол олгох гэх мэт өргөн хүрээг хамарсан асуудлуудад салбар маань манлайлан оролцож байна. Тэгэхээр Батлан хамгаалах салбарыг явцуу хүрээнд ойлгох нь өрөөсгөл. Миний хувьд ч салбартаа томилогдохоос өмнө дүүргийн засаг даргын албаас авахуулаад тодорхой улс төр, төрийн албыг хашиж ирсэн. Улс орныг батлан хамгаалах талаарх ойлголт маань томилогдсоноос хойших гурван жилийн хугацаанд илүү тэлсэн нь надад олдсон ховор завшаан хэмээн бодож, хичээн ажиллаж байна. Ер нь шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй хүн манай салбарт ажиллах боломж олдвол өөрийгөө их азтайд тооцох ёстой шүү. /инээв/

-Нийгэмд зарим нэг хүмүүс “Монголд цэрэг арми байх шаардлагагүй” гэсэн байр суурийг илэрхийлдэг. Үүн дээр ямар бодолтой байдаг вэ?

-Дэлхийн дийлэнх улс орнууд өөрийн орны онцлогт тохирсон Зэвсэгт хүчинтэй байдгийг та бид мэдэж байгаа. Тусгаар тогтносон улс орны хамгийн тод нүүр царай. Мэдээж цаг үеэ дагаад цомхон, чадварлаг, зохион байгуулалт сайтай, технологижсон зэвсэгт хүчинтэй байх ёстой. Монгол Улс энхийг эрхэмлэсэн орон. Өнөө цагт цөөнгүй улс орнууд насанд хүрсэн иргэд нь цэргийн албыг заавал хаах хууль эрх зүйн орчинтой. Энэ нь хэн нэгэнтэй байлдах тухай асуудал гэхээс илүүтэй цэргийн албаар дамжуулан тодорхой хүмүүжил төлөвшлийг олгоход чиглэж байна. Цэргийн албыг ингэж ойлгох нь чухал. Ерөнхийдөө цэргийн алба залуучуудад маань хувь хүний сахилга, зохион байгуулалт, сэтгэл зүйн болон бие бялдарын хат суулгах, хүнээс үг сонсож сурах, ах захаа хүндлэх, эрэмбэ дараагаа ойлгох гэх мэт өнөөгийн нийгэмд үгүйлэгдээд байгаа олон зуршлыг суулгахад ихээхэн дөхөм болдгийг иргэд, олон нийт сайтар ойлгодог болсон байна. Энэ ч утгаараа сүүлийн жилүүдэд цэрэгт явах, оюутан цэрэгт алба хаах сонирхолтой хүүхэд залуусын тоо эрс нэмэгдсэн.

-Гэвч эцэг эхчүүд хүүхдээ цэрэгт явуулахдаа эрсдэлийг нь эхэлж хараад байх шиг байна?

-Олон аав, ээжийн хүүхдүүд дунд хаа нэг болохгүй, бүтэхгүй асуудал гарч байна. Өнөөдөр нийгмийн сүлжээ аливаа асуудлыг тэр дор нь ил гаргаад нийгэмд хүргэчихдэг болж. Энэ нь сайн муу үр дагавар үзүүлдгийг олон нийт ялгаж ойлгодог болсон гэдэгт миний бие эргэлзэхгүй байгаа. Батлан хамгаалах салбарын хувьд ч засч сайжруулах, олон нийтийн дунд үүссэн зарим нэг таагүй ойлголтыг эерэгшүүлэх нь цаашдын Монгол Улсын язгуур эрх ашиг, аюулгүй байдалд чухал нөлөөтэй. Иргэдийн дунд яригддаг бие биенээ дэглэхээс авахуулаад, эрүүл мэндэд нь хохирол учруулах асуудал сүүлийн жилүүдэд эрс буурч байгааг судалгааны дүнгүүд харуулж байгаа. Цэргийн нэгтгэл, анги, салбарыг үе шаттайгаар иж бүрэн камержуулж хяналтын системийг сайжруулсан, ажиллаж, амьдрах орчин нөхцлийг өнөө цагийн шаардлагад нийцүүлэх ажлыг эхлүүлсэн, хил хамгаалахаас бусад хугацаат цэргийн албыг жилд нэг удаа татахаар зохион байгуулсан зэрэг шат дараатайгаар авч буй олон олон арга хэмжээний үр дүн гэж ойлгож болно. Салбарын маань хамт олны хичээл зүтгэл ч чухал нөлөө үзүүлж байгаад миний бие талархаж байгаа. Ерөнхийдөө Батлан хамгаалах салбар өргөн агуулгаараа монгол эр хүнийг, өрхийн тэргүүнүүдийг бэлдэх ёстой гэсэн концепцоор ажиллаж байна. Бидэнд цаашид хийх ажил их бий.

-Манай Энхийг сахиулагчдын мэргэжлийн ур чадвар Олон улсад Монголын нүүр царай болж байна. Олон улсын аль ч том хурал чуулганд очихдоо манай улстөрчид эхлээд энхийн сахиулагчдаа ярьдаг, дараа нь ажил төрөлдөө ордог гэх юм билээ?

-Тантай санал нэг байна. 20 гаруй жилийн өмнөөс Монгол Улс дэлхийн энх тайвны үйлсэд бодит хувь нэмрээ оруулах боломж бий болж, үе үеийн төр засгийн удирдлагууд, энхийг сахиулагчдын маань хичээл зүтгэлийн үр дүнд өнөөдөр Монгол Улсын нэр хүнд Олон улсын түвшинд өндрөөр үнэлэгдэж байгаа нь монгол хүн бүрийн ярих ёстой, бахархах ёстой амжилт мөн. НҮБ-ын удирдлагууд Монгол Улсын дэлхийн энх тайвны төлөө оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлдэгээ байнга илэрхийлсээр ирснийг та бид мэднэ. Аль ч улс оронд Монголын Батлан хамгаалах салбарын төлөөлөл ажлын айлчлал хийхэд өндөр түвшинд хүлээж авч хамтран ажиллах санал тавьдгаас бас харагддаг. Одоогийн байдлаар Батлан хамгаалах салбар дэлхийн 30 гаруй улстай хамтын ажиллагаатай байна.

-Та Батлан хамгаалахын дэд сайдаас гадна Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжиж буй “Хөдөөгийн сэргэлт”-ийн Ажлын хэсгийг ахалж байна. Саяхан нийслэлд том чуулган боллоо. Үргэлжлүүлээд Дорноговьд “Хөдөөгийн сэргэлт” эхлэв бололтой. Энэ сэдвээр…?

-“Хөдөөгийн сэргэлт” бол мөн л бүх нийтийн оролцоонд тулгуурлаж байж үр дүнд хүрэх ажил. Төрийн бүхий л салбаруудын хоорондын ажлын уялдаа их чухал. Ажлын хэсэг маань салбар яамдын дэд сайд нар, аймаг, нийслэлийн засаг даргын орлогч нар, Олон улсын байгууллага, төрийн бус байгууллага болон хувийн хэвшлийн төлөөлөл багтсан өргөн бүрэлдэхүүнтэй. Хөдөөг сэргээх асуудал бол өргөн утгаараа тухайн орон нутгийн эдийн засгийг тэлэх, эрүүл мэнд, боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх улмаар хот хөдөөгийн амьдралын чанарыг тэнцвэржүүлэхэд чиглэсэн Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн томоохон зорилт юм. Хөгжиж буй бүхий л улс оронд их бага хэмжээгээр тулгамдаж буй энэхүү томоохон сорилт бидэнд ч бас сүүлийн жилүүдэд хурцаар мэдрэгдэж байна.

-Энэ бүх ажлын суурь судалгаа, тооцоолол, харьцуулалт, загварууд танай Ажлын хэсэг дээр нэгтгэгдэж байна уу?

-Маш олон төрлийн судалгаанууд өнгөрсөн жилүүдэд хийгдсээр ирсэн. НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагаас хийсэн судалгаанаас харахад иргэдийн дийлэнх хэсэг нь эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, амьдрах орчин нөхцөл зэрэг тодорхой асуудлуудаас шалтгаалан нутаг орноо орхин шилжиж байна. Монгол Улсын Засгийн газраас шилжилт хөдөлгөөнийг саармагжуулахад чиглэсэн арга хэмжээг энэ оноос хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан. Тухайлбал орон нутагт гурван хувийн хүүтэй ипотекийн зээл, бизнесийн хөнгөлөлттэй зээлүүд, тухайн орон нутагт шилжин үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд татварын шаталсан хөнгөлөлтүүдийг үзүүлэх зэрэг шийдвэрүүдийг гаргаж эхлээд байна. Мөн тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлийг өөрийн төсөвтэй уялдуулан 80 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжийг олгосон. Дээрх ажил, арга хэмжээний хүрээнд нааштай үр дүнгүүд зарим аймгуудад гарч эхлээд байна.

-Хөдөө орон нутаг бие даан хөгжих боломжийг нэмэгдүүлэхэд өөрсдөд нь эрх мэдэл, хариуцлагыг өгөх үйл явцын эхлэл тавигдлаа гэж үзэж болох уу?

-Өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд аймаг орон нутаг бие даан хөгжих талаар төдийлөн хангалттай ажиллаж чадаагүй. Олон учир шалтгаантай байх. Цаг үе биднээс харилцаа, хандлагаа өөрчлөхийг шаардаж байна. Улсын төсвөөс татаас авах төдийхнөөр хязгаарлагдалгүй өөрсдийн нөөц бололцоо, онцлогт тулгуурлан аялал жуулчлал, ХАА, газар тариалан, уул уурхай, хүнд хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар орон нутгийнхаа орлогыг нэмэгдүүлэхэд зорьж ажиллахыг Засгийн газрын зүгээс үүрэг болгосон. Идэвх, санаачилгатай ажиллаж буй аймгийг дэмжинэ гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд илэрхийлсэн. Аймаг, орон нутгийн удирдлагууд маань ч орон нутгаа хөгжүүлэх хөтөлбөрүүдээ иргэд, аж ахуйн нэгж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдадаа нээлттэйгээр танилцуулах ажлууд ид өрнөж байна. Энэ бол хөдөөг сэргээх сайн алхамуудын нэг гэж үзэж байгаа.

-Өнөөдөр 21 аймгийн хэд нь бие даасан төсөвтэй байна вэ?

-Зургаан аймаг л өөрсдийн төсвийн орлогоо бие даан бүрдүүлж байна. Цаашлаад Булган аймгаас маань авахуулаад нэмэгдэхээр нөхцөл бүрдэж байна. Энэ бол сайн жишиг. Бүхий л аймаг орон нутаг тодорхой эдийн засгийн чадамжтай, санхүүгийн чадавхитай болж иргэд олон түмний амьдрал ахуйд тулгамдаж буй бэрхшээлийг бие даан шийддэг байх нь том зургаараа улс орны хөгжил хурдтай урагшлахад их дөхөм үзүүлнэ. Үүнийг хаа хаанаа сайн ойлгож ажил хариуцаж байгаа бүхий л талууд идэвхи, санаачлагатай ажиллаж бодит үр дүн гаргах нь бидний өмнө тавигдсан томоохон зорилтуудын нэг юм.

-Орон нутаг дахь боловсон хүчний бодлого дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Судалгаагаар хөдөөд боловсон хүчний хүрэлцээ тун дутмаг байдалтай байна. Эрүүл мэнд, боловсрол, ХАА, газар тариалан, уул уурхай, барилга, үйлчилгээний гээд дийлэнх салбарт ажиллах хүчний хомсдол бий болоод байна. Тухайлбал боловсролын салбарт гэхэд л 1500 орчим ажлын байрны сул орон тоо байна. Тэгэхээр орон нутагт ажиллаж амьдрах нөхцлийг сайжруулах, эрчим хүч, дэд бүтцийн найдвартай эх үүсвэрүүдийг үе шаттай нэмэгдүүлэх, орон нутаг руу чиглэсэн хүлээгдэж буй томоохон бүтээн байгуулалтуудыг цаг алдалгүй эхлүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг төрөөс бодитоор дэмжих, төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн баталгааг хангах гэх зэрэг олон асуудлыг цогц байдлаар шийдвэрлэснээр хөдөө орон нутаг дахь ажиллах хүчний хомсдол багасна гэж бид үзэж байгаа. Эдгээр ажлуудыг богино хугацаанд үр дүнд хүргэхэд мэдээллийн нээлттэй байдал, тал бүрийн оролцоо, харилцан ойлголцол, хамтын ажиллагаа нэн чухал.

-Өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбарыг дагасан томоохон бүтээн байгуулалтууд эрчимтэй өрнөсний дүнд Өмнөговь, Дорноговь зэрэг зарим аймгуудад хүн амын төвлөрөл бий болж эерэг сөрөг үр дагаварууд ихээр ажиглагдах боллоо?

-Төвлөрөл бий болж байгаа нь бодит зүйл, үүнээс үүссэн сөрөг үр дагавараас бид сургамж авах ёстой. “Хүн нэмбэл Хүнс нэмнэ” гэсэн үг бий, аймаг бүр өөрийн онцлогт тохирсон төлөвлөлтийг Засгийн бодлоготой уялдуулан хийж, хүн амаа, аж ахуйн нэгжээ зохистойгоор нэмэгдүүлэх нь шилжилт хөдөлгөөнийг удирдахад ихээхэн ач холбогдолтой. Тухайлбал жил бүр орон нутгаас нэгдүгээр курстээ суралцахаар 17 мянга орчим оюутан Улаанбаатар хотыг зорин ирж байна. Гэтэл найман аймагт төрийн өмчийн оролцоотой их дээд сургуулийн салбарууд үйл ажиллагаагаа явуулж байна. БШУЯ-наас эдгээр сургуулиудад нэгдүгээр курстээ суралцвал оюутнуудын сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлөх шийдвэрийг гаргасан. Хоёрдугаар курсээсээ Улаанбаатар хотод суралцаад явах боломжтой. Оюутны энэхүү урсгалыг эдгээр найман аймаг руу чиглүүлэх нь тухайн аймгийн нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх нэг алхам. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг зарим байгууллагуудыг ч орон нутаг руу шилжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Мөн түүнчлэн нутаг орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахаар шилжин очиж буй иргэд, аж ахуй нэгжүүд хаана хэнд хандаж, холбогдох мэдээллээ хэрхэн авах арга замыг тодорхой болгож байна. Энэ хүрээнд аймаг бүр “Нээлттэй аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Цаашид орон нутгийн бүх мэдээллийг нэгтгэсэн “Хөдөө.мн” сайтыг ашиглалтад оруулахаар Цахим хөгжлийн яам ажиллаж байна. Аймгуудын өрсөлдөх чадвар, эдийн засгийн нөөц, ажиллах хүчний мэдээлэл, хөгжлийн концепциуд гэх мэт өргөн хүрээний мэдээллийг багтаахыг зорьж байна.

-Үнэндээ орон нутагт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд олон байдаг шүү дээ. Үр дүнгийнх нь талаар товч мэдээлэл өгч болох уу?

-Нилээд олон төсөл хөтөлбөрүүд орон нутагт өнөөг хүртэл хэрэгжиж байна. Иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар манай ажлын хэсэг судалгаа хийгээд эхэлсэн. Жишээлбэл: 2021, 2022 онуудад гадаад, дотоодын санхүүжилтээр орон нутгийн төсөл, арга хэмжээнд 1,2-1,8 их наяд төгрөгийг зарцуулсан. Малжуулах, газар тариаланг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орон нутгийг хөгжлийг дэмжих зэрэгт чиглэсэн олон төсөл, арга хэмжээг дурдаж болно. Төдийлөн бодит үр өгөөжөө өгсөн нь одоогийн байдлаар олон биш байна.

-Ингээд яриад байвал Хөдөөг сэргээхэд чиглэсэн нөр их ажил, цаг хугацаа ч их шаардагдах бололтой. Дээр нь танд салбарын ажил, үүрэг бий. Эдгээр үүрэг хариуцлагыг төр засгийн зүгээс туршлагатай хүмүүстээ даалгадаг гэж би ойлгодог. Ингэхэд та ажлын туршлага, замнал гээд өөрийн хувь намтраа товч танилцуулж болох уу?

-Оюутан цагаасаа улс төрийн амьдралд идэвхтэй оролцож, Монгол Ардын намд улс төрийн ажилтнаар, мөн намын дэргэдэх оюутан, залуучуудын байгууллагын удирдах бүрэлдэхүүнд цөөнгүй жилийг ажиллаж өнгөрүүлсэн. Төрийн ажлын гараа маань дүүргээс эхлэлтэй. Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч, Сүхбаатар дүүргийн засаг дарга, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2016 хүртэл ажилласан.

-Та чинь нийслэлийн хамгийн хөлтэй, хөдөлгөөнтэй, асуудал ихтэй Сүхбаатар дүүргийг хариуцаж байсан даа?

-Дүүргийн ажил иргэдийн маань өдөр тутмын амьдралд шууд мэдрэгдэж байдаг онцлогтой. Тиймээс тухайн ажлыг хариуцаж буй аливаа хүн сайшаал магтаал, хурц шүүмжлэл, хатуу үгэн дунд төрийн хүн болж өсч торниход их чухал, хариуцлагатай ажил гэж би боддог. Бүхий л салбарын зовлон жаргалыг иргэд, хамт олонтойгоо цэгцлэхийн төлөө зүтгэсэн он жилүүд маань надад үнэлж баршгүй туршлага, сургамжийг өгсөн.

-Та сүүлд 21 аймгийг тойрч лекц уншсан санагдана?

-Улс оронд, иргэдийн дунд итгэл, хүндлэл алсрахад тухайн нийгэм эмх замбараагүй байдал руу шилжин орох магадлал өндөрсөж, үндэстний дархлаа сулрах аюултай гэж миний бие үздэг. Өнөөгийн бидний хөгжиж дэвших, гундаж уруудахын аль нь ч итгэл, хүндлэлийн үнэ цэнэ дээр оршдог. Иргэд нь төр засагтаа итгэл алдрах, бие биедээ үл итгэх байдал улам бүр газар авбал, ижий ааваасаа авахуулаад хэнийг ч хүндлэхээ болих тэр мөчид хөгжил дэвшлийн тухай ярих боломж огт байхгүй болно. Би танд ганцхан жишээ дурдъя. Бид эрүүл мэндийн байгууллагадаа итгэл алдарснаар гадаадын улс орны эрүүл мэндийн байгууллагад жил бүр хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулалтыг хийдэг. Үүний цаана манай эрүүл мэндийн байгууллагын өсч дэвжих, эмч нарын маань чадвар чансаа сайжрах талаар ярихад хүндрэлтэй болно. Ингээд яриад байвал олон салбарт жишээ дурдаж болно. Үүнийг л олон түмэнд ойлгуулахын төлөө хэсэг нөхдийн хамт 21 аймгаа тойрохоор сэтгэл шулуудаж ард нь гарсан. Миний хувьд ч хувь хүний амьдралд тод дурсамжийг үлдээсэн. Ойрын үед энэ лекцээ улам баяжуулаад олон түмэндээ хүргэх бодол бий. Бид маргаашаа мартталаа амьдарч болохгүй.

-Энэ бол Таны төрийн хүний, улстөрч хүний тань хувьд баримталдаг итгэл үнэмшил, үзэл санаа гэж ойлгож болох уу?

-Өнөө үед улам бүр үгүйлэгдэж байгаа зүйл гэдэгт би хэзээ ч эргэлздэггүй. Хүн хоорондын харилцаанд ч тэр, бизнесийн харилцаанд ч тэр, улс хоорондын харилцаанд ч тэр Үг, үйлдэл, үр дүн гурав яв цав нийцэж байж итгэл, хүндлэл сэргэнэ. Энэхүү зарчмууд маань “Хөдөөгийн сэргэлт”-д ч маш чухал байна (инээв).

-Тийм байна. Ингэхэд таны уугуул гарвал, удам судар тань хаанах билээ?

-Аав маань Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул. Ээж маань Говь-Алтай аймгийн Баян-Уул сум, Хүйсийн говийн хүн. Манай Дашинчилэн чинь шүдлэн говь гэгддэг нутаг. Тэгэхээрээ аав ээж хоёр минь говь талдаа л хүмүүс юм даа.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

-Энэхүү ярилцлагаар дамжуулан уншигч олон түмэнтэй маань уулзуулах боломжийг олгосон та бүхэндээ баярлалаа. Та бүгдийн ажилд амжилт хүсье.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

НББХ: Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв DNN.mn

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар 2023 оны тавдугаар сарын 17-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёрдугаар, хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 13.2-т, Бусад Байнгын хороо уг төслийн талаар тус тусын санал дүгнэлтээ Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцэж Төрийн байгуулалтын байнгын хороонд өгнө гэж заасан. Үүний дагуу Байнгын хороод Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж санал, дүгнэлтээ гаргахаар гэж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-ээр зохицуулсан.

Эдгээр зохицуулалтын дагуу Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 03-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж буйг Байнгын хорооны дарга П.Анужин танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн асуултад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, МУИС-ийн шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Н.Ууганбаатар, Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргал нар хариулав.

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар ард иргэдийн санал бодлыг хэр харгалзан үзэж байгаа талаар асууж, иргэдийн бараг 99 хувь нь эсрэг байна гэлээ. Мөн тэрбээр, олон нийт 152 гэсэн тооноос татгалзсан нь 126-г дэмжиж байна гэсэн үг биш. Иймд ард түмний бүрэн эрхэд халдахгүйн тулд энэ асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж хариулт авав. Түүний асуултад дэд сайд Ж.Эрхэмбаатар, “Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн ард нийтийн санал асуулга явуулах Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын нийт гишүүдийн 2/3-оос доошгүй саналаар шийдвэрлэх нь нээлттэй гэсэн хариулт өгсөн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, хууль санаачлах эрх бүхий субьектууд төсөл санаачлах, Улсын Их Хурлын 25-аас доошгүй гишүүн ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төсөл санаачилж батлуулах гэсэн хоёр аргаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэх хуультай. Энэ удаагийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг эхний аргаар буюу хууль санаачлах эрх бүхий субьектуудын нэг болох Засгийн газар санаачлан өргөн мэдүүлсэн. Хоёр арга зөрчилдөөнтэй тул нэгэнт эхний аргаар өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцээд явж байгаа тохиолдолд ард нийтийн санал асуулга явуулах боломжгүй” гэлээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126-гаар тогтоохоор парламент дахь нам, эвслийн бүлэг, төлөөллүүд зөвшилцөөд явж байна. Энэ тоог хэрхэн тогтоосон бэ гэсэн асуулт тавьсан юм. Мөн төрийн албан хаагчид, тэр дундаа соёлын салбарынхны цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар Засгийн газар хэрхэн ажиллаж байгаа талаар асуув. Үүнд Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, анх 1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байхад төсөл санаачлагчид 102 гишүүнтэй байх санал оруулж ирсэн байна. Үүнийг Ардын их Хурлын детутатууд хэлэлцээд, хэтэрхий олон байна гэж үзэн, 51 болгох санал гаргасан байгаа юм. Тэгээд зөвшилцлийн ажлын хэсэг байгуулж ажиллаад 102, 51 гэсэн саналуудын дундаж хувилбар болох 76 гэсэн тоог гаргаж ирсэн. Харин 152 гэдэг тоог шинжлэх ухааны үндэслэлтэй буюу куб язгуурын аргаар тогтоосон. Иргэд, олон нийтээс өгч байгаа саналын дагуу энэ тоог бууруулах нь зүйтэй гэж үзэн, 126 гэсэн тоог гаргаж ирсэн. Мөн пропорциональ болон мажоритар тогтолцоогоор сонгогдох гишүүдийн харьцааг одоогийн тойргийн төлөөллийн түвшинг бууруулахгүй байх, мөн Улсын Их Хурал дахь Ардчилсан намын санал болгож буй хувь тэнцүүлсэн тогтолцоогоор буюу намын жагсаалтаар орж ирэх гишүүдийн харьцааг 40 хувиас дутуугүй түвшинд байлгах зарчим баримталсан гэлээ. Түүнчлэн тэрбээр, Монгол Улсын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 1992 оныхоос 17 дахин нэмэгдсэн ч ядуурлын түвшин зургаахан хувиар буурсан нь том төслүүдээ хөдөлгөөгүй, эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтыг нэмэгдүүлээгүй, төсвийг тойргоор хуваарилж байсан зэрэг алдаатай бодлогоос шалтгаалсныг дурдсан юм. Мөн, төрийн албан хаагчдын цалингийн асуудлыг Засгийн газар хэлэлцээд, энэ оны зургадугаар сард улсын төсөвт тодотгол хийж, цалин, тэтгэврийн ялгамжтай байдлыг арилгахаар тогтсон гэдгийг тэрбээр мэдээлэв.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсэн, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бол найман жилийн дотор дахин оруулахгүй гэх заалт хэрхэн хангагдаж байгаа талаар асуув. Сайд Х.Нямбаатар Засгийн газар төслийг Улсын Их Хурлын 2022 оны 54 дүгээр тогтоолоор өгсөн чиглэлийн дагуу санаачлан, өргөн барьсан хэмээн хариуллаа. Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, Д.Батлут нар гишүүдийн тоог ямар судалгаа тооцоонд үндэслэн тогтоосон талаар асууж, хариулт авсан юм. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн гишүүн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Н.Ууганбаатар 126 гэсэн тоо судалгаагаар бус зөвшилцлөөр гарч ирж байгаа гэдгийг дурдсан юм.

Байнгын хорооны хуралдаанд асуулт асуусан гишүүд тойрог тойрогтоо ажиллаж, иргэд, сонгогчдоос санал авсан талаараа ярьж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас илүүтэй үнийн өсөлт, цалин хөлсний хангалтгүй байдалд санаа зовж буйг дурдсан юм. Энэ талаар Хууль зүйн дотоод хэргийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Нямбаатар, Х.Булгантуяа нар хариулт өгч, боловсрол, соёлын салбарын ажилтан, албан хаагчдын цалин хөлсний ялгамжаатай байдлыг арилгах талаар арга хэмжээ авахаар болсныг ярьсан юм. Энэ арга хэмжээг авахдаа үнийн өсөлтийг улам нэмэгдүүлэхгүй байхад анхаарч, холбогдох тооцоо судалгааг хийж байгаа хэмээн хариуллаа.

Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа уг төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжье гэсэн санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжлээ.

Дараа нь Нийгмийн бодлогын Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-д заасны дагуу зүйл бүрээр нь хэлэлцэв. Хуулийн төсөл гурван зүйлтэй бөгөөд, эхний зүйлд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн эхний зүйл Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Улсын Их Хуралд хамаарахгүй тухай, хоёрдугаар зүйлд, Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөх тухай, гуравдугаар зүйлд, Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацааг тус тус заасан байна. Хуулийн төслийн дээрх зүйлүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асуугаагүй, мөн зарчмын зөрүүтэй санал ирээгүй тул уг асуудлыг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

“Төрийн ордны тамхины цэг”-ээс: Л.Оюун-Эрдэнийг дарах дараагийн дайралт гадаадаас ирнэ гэв үү DNN.mn

Хэдхэн жилийн өмнө “Улс төрийн нууц мэдээллүүд Төрийн ордны тамхины цэг дээр яригддаг” гээд бөөн л яриа болж байв. Тэр үнэн бололтой. Сүүлийн өдрүүдэд тэр тамхины цэг хавиар сүрхий сүрхий мэдээллүүд нэлээд л яригдаж байна. Нэгийг нь онцолъё.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой нэг зүйл нэлээд газар авч тарж буй ажээ. Сарын өмнө Шүүхийн ерөнхий зөвлөл түүний үйлдлүүд шүүхэд халдсан гээд арга хэмжээ авахуулах талаар хэлэлцсэн. Бид мэдээлсэн. Үүнтэй холбоотой асуудал хэдэн хүний хооронд яригдаж, тэр нь улс төрийн хүрээнд задраад, улмаар тамхины цэг рүү гарсан бололтой.

Саяхан шүүхийн нэг том хүн хүмүүст хэлж байна гэнэ. “Л.Оюун-Эрдэнэ рүү Шүүхийн ерөнхий зөвлөлөөр хийсэн дайралт бүтэлгүйтчихлээ. Одоо ямар ч хийгүй хийх хэрэгтэй байна. Олон улсын байгууллагатай хамтарч хийх 2-3 санал байна. Тэд биднийг дэмжиж, хамгаална гэсэн. Тэндээс ерөнхийдөө гурван арга зам байна гэсэн зөвлөмж өгсөн. Би бэлдэж боловсруулаад явуулъя. Хамгийн зөвийг нь сонгоё. Тэгэхгүй бол хүндэрлээ. “Шүүр” ажиллагаа нь манай дээр яваад эхэллээ. Энэ хүрээнд одоо шүүгчдийн Хөрөнгө орлогын мэдүүлэг энэ тэр гээд шалгаж байна. Тэр нэлээд юм болох байх. Цаашаа шүүх дээр байгаа хэргүүд шалгагдана гэсэн үг. Удахгүй дарж байгаа хэргүүд гээд баахан юм зарлана. Үүнээс өмнө Л.Оюун-Эрдэнийг зайлуулах хэрэгтэй байна. Бүх зүйл ил болно” гэжээ.

Тамхины цэг хавиарх энэ мэдээлэл дунд яригдаж буй “Шүүхийн ерөнхий зөвлөлөөр хийсэн дайралт” гэдэг нь тус зөвлөлийн 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны хурлыг хэлж байгаа бололтой. Тэр хуралдаанаар дөрвөн “үйлдэл”-ийг авч хэлэлцсэн. Үүний гурав нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй, нэг нь ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатартай хамаатай байсан гэдэг. Нэгдүгээрт Л.Оюун-Эрдэнэ нь 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд Сүхбаатарын талбай дээр гарч, жагсагчидтай уулзсан. Тэгэхдээ “Шүүх засаглал энэ хэргүүдийг хэрхэн шийдэхийг хамтдаа нүд цавчилгүй харцгаая. Засгийн газар шахаж ажиллая. Та бүхэн маань ч шахаарай. Энэ жагсаалыг харж байгаа шүүхийн удирдлагууд өнөөдрийг хүртэл гацсан хэргүүдээ шийд. Хэрвээ шийдэхгүй бол ард түмэн бухимдаж байна” гэсэн. Хоёрдугаарт, 2023 оны хоёрдугаар сарын 19-нд МҮОНТ-ээр “Энэ асуудлууд шүүх дээр байгаа. Яаж шийдэхийг нь нүд цавчилгүй харах хэрэгтэй. Мөрдөх байгууллагууд ажлаа хийдэг. Харин шүүх дээр гацдаг. Шүүхийн томилгоо шударга байсан уу. Шүүх томилсон хүмүүсийнхээ эсрэг шийдвэр гаргаж чадах уу. Нэг сонгуулийн дараа банкны захирлууд сууж байгаад шүүгчдийг хувааж авч болохгүй” гэж ярьсан. Гуравдугаарт, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нь 2023 оны дөрөвдүгээр сарын 10-нд хэвлэлүүдэд мэдээлэл өгөхдөө “Кёкүшюзан Д.Батбаяртай холбоотой хэргийг шүүх дээр жил гаруйн хугацаанд байлгаж байгаад хэрэгсэхгүй болголоо. Т.Бадамжунайг ирдэг өдөр ингээд хаачихаж байгаа юм. Тэгсэн атлаа Д.Мөнх-Эрдэнийн хэрэгт алх цохидог. Шүүх засаглал цэвэр тунгалаг байхгүйгээр шударга ёс тогтохгүй. Энэ талаар зургаа, долоон жил ярьж байна. Цаашдаа ч ярихгүй бол эздэдээ үйлчилдэг шүүх байсаар байна. Тод жишээ нь Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчид боллоо. Хэргүүдийг Кёкүшюзан Д.Батбаярынх шиг шийдээд байвал бүх зүйл хэцүү болно. Би өөрөө Шүүхийн сахилгын хороонд хандана” гэж мэдэгдсэн. Дөрөвдүгээрт 2023 оны дөрөвдүгээр сарын 7-нд нэр бүхий хэвлэлүүдэд Л.Оюун-Эрдэнэ “И-бизнес” платформын нээлтийн үеэр сэтгүүлчдэд “Шүүх дээр байгаа бүх хэргийн он,сар, өдрийг сурвалжлаач та нар. Шилэн болгох хэрэгтэй. Тэгэхээр шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарт гаргасан бяраа жинхэнэ авлигачдад яаж гаргахыг нь харцгаахгүй юу” гэсэн байна. Улмаар “Энэ нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан тул Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулахаар Улсын дээд шүүхэд хүргүүлэх хэрэгтэй” гэсэн асуудлыг хэлэлцжээ.

Харин Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2023 оны тавдугаар сарын 1-нд “Тус зөвлөлийг Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг огцруулах талаар хэлэлцэж шийдвэрлэсэн мэтээр зарим хэвлэл мэдээлжээ. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах талаар шинэчлэн батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд шинэ зохицуулалт тусгагдсан. Тус хуулийн 73.2. дахь хэсэгт “Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол Ерөнхий зөвлөл даруй хуралдаж, Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулах саналыг Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. Улсын дээд шүүх Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийн Цэцэд хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлнэ” гэж заасан байдаг. Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай асуудлыг хурлаараа нээлттэй хэлэлцсэн бөгөөд хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй гэж үзсэн болно. Тус зөвлөл нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг огцруулах, огцруулах эсэх асуудлаар хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах боломжгүй” гэсэн тайлбар мэдэгдлийг гаргасан байдаг.

Ө.Бааст

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нэг өрхийн сарын дундаж орлого 47.500 төгрөгөөр буурчээ DNN.mn

Үндэсний статистикийн хорооноос өрхийн орлого, зарлагын энэ оны эхний дөрвөн сарын мэдээллийг өнөөдөр танилцууллаа.

2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 101.1 (5.7%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 39.9 (2.2%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого буюу үнийн нөлөөллийг арилгасан хэмжээ энэ оны нэгдүгээр улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 47.5 (3.9%) мянган төгрөгөөр буурсан байна.

Харин өмнөх улирлаас 13.5 (1.2%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар буурахад тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 52.6 (15.9%) мянган төгрөгөөр буурсан нь гол нөлөө үзүүлснийг тайланд дурдав.

Түүнчлэн өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2023 оны нэгдүгээр улиралд 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 134.3 (8.2%) мянган төгрөгөөр нэмэгдсэн аж.

Мөн энэ оны нэгдүгээр улирлын байдлаар сард 500-900 мянган төгрөгийн мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын 59.2 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлж байгаа аж.

зураг

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүний эрхийн хуульч Р.Булгамаа: Хууль зүйн туслалцаа үзүүлэх механизм шуурхай ажиллаагүй учраас Өвөрхангайд хүчингийн гэмт хэргийн хохирогч амиа хорлосон сөрөг үр дагавар бий болж байгаа юм DNN.mn

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 15 настай охин өндрөөс унаж амиа хорлосон хэрэг гараад найм хонож байна. Талийгаач охин хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон талаар ээж нь өнгөрсөн хоёрдугаар сард аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан байдаг. Цагдаагийн байгууллага охиныг хохирогчоор тогтоон хэргийн мөрдөн байцаалтыг эхлүүлж, охиноос хоёр удаа мэдүүлэг авсан гэж байгаа юм. Гэвч хэрэг мөрдөн байцаалтын явцад охин амиа хорлосон харамсалтай явдал боллоо. Энэ хэрэгт анхаарал татаж байгаа нэг зүйл бол охинд хууль зүйн туслалцаа үзүүлэх албан ёсны өмгөөлөгч байгаагүй явдал юм. Насанд хүрээгүй хүүхэд хүчингийн гэмт хэргийн хохирогч болчихоод байхад хууль зүйн туслалцааг бүрэн дүүрэн үзүүлж чадаагүй явдал охиныг амиа алдахад хүргэсэн байж болзошгүй юм.

Хүчингийн гэмт хэргийн хохирогчийн сэтгэл зүй ямар болдог, тэдэнд хууль зүйн туслалцаа ямар ач холбогдолтой байдаг талаар хүний эрхийн хуульч Р.Булгамаатай ярилцлаа.

-Өвөрхангай аймагт бэлгийн хүчирхийлэлд өртсөн 15 настай охин амиа хорлосон харамсалтай явдал болоод байна. Охин сэтгэл зүйн болон хууль зүйн туслалцаа авахаас эхлээд олон эрх нь зөрчигдсөн байж болзошгүй харагдаж байгаа. Ер нь энэ төрлийн хэргийн хохирогчид хамгийн түрүүнд ямар тусламж үйлчилгээ шаардлагатай байдаг вэ?

-Юуны өмнө хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй дархан байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч болсон хүүхдэд нөхцөл байдлын үнэлгээ хийж, улмаар эрх зүйн туслалцаа үзүүлэх ажлыг яаралтай зохион байгуулах учиртай. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар “Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний зардлын норматив”-ыг баталсан журам байдаг. Энэ журмын хүрээнд гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдэд сэтгэл санааны болон хууль зүйн үйлчилгээ үзүүлж гарах зардлыг тооцон олгох зохицуулалттай болсон.

Тиймээс энэ журмын хүрээнд хүүхэд хамгааллын асуудал хариуцсан байгууллага, хуулиар үүрэг хүлээсэн субъектүүд маш шуурхай ажиллах бүрэн боломжтой. Ер нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй дархан байдлын эсрэг гэмт хэргийн тоо жил ирэх тусам өсч байгаа харамсалтай тоон үзүүлэлт гардаг боллоо. Дөрөв, таван жилийн өмнө жилд энэ төрлийн хохирогч 240-250 орчим байдаг байсан бол 2022 оны байдлаар энэ төрлийн гэмт хэрэг 700 гаруй гарч, хохирогчдын 60 гаруй хувь нь өсвөр насны охид байна гэсэн мэдээллийг УЕПГаас мэдээлсэн байдаг.Өнгөрсөн онд л гэхэд 345 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх гомдол бүртгэн, шалгагдсан байдаг ба хохирогч болсон хүүхдүүдэд холбогдох байгууллагуудаас нөхцөл байдлын үнэлгээ хийж, сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, жилд дунджаар 400-450 охид энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байгаа үйл баримтууд байна.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх дундаж хугацаа 26 долоо хоног, бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хүүхдийг нөхөн сэргээх дундаж хугацаа долоо хоног зайлшгүй хэрэгтэй гэсэн судалгаа байдаг.

Үүний цаана ямар үр дагавар үүсдэг вэ гэхээр хохирогчид насанд туршдаа мартахын аргагүй сэтгэл санааны маш том хүнд гэмтлийг авсан байдаг. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон охидын хувьд сэтгэл санааны маш хүнд гэмтлийг авахаас гадна энэ гэмт хэргийн хохирогч болсон тухай үйл баримтаа эсрэг хүйсний мөрдөгчид ч илэрхийлж гаргах нь маш том айдас, дарамт байдаг. Тиймээс өмгөөлөгч нь хүртэл ижил хүйснийх байх хэрэгтэй, энэ хэргийг шалгаж мөрдөгч нь ч ижил хүйснийх, эсвэл хүүхдийн эрхийн хамгааллын чиглэлээр мэргэшсэн, хүүхдийн ертөнц, сэтгэл зүйг мэддэг алба хаагч байхыг шаарддаг. Цаашлаад энэ төрлийн хэргийн талаар, хохирогч болсон талаар үйл баримтыг ярих орчныг ч бүрдүүлж өгөх ёстой юм. Нэг хэсэг Цагдаагийн хэлтсүүдэд хүчирхийлэлд өртсөн хүүхдээс мэдүүлэг авах өрөө гэж сүрхий тохижуулаад ажил хэрэг болгож байсан ч өнөөдөр өнгө зүс нь гундаж, зарим газар тэр өрөөний зориулалт өөрчлөгдсөн байдалтай л байна. Дээрээс нь гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийн нэр төр алдар хүндийг чандлан нууцлах асуудал бол нэн чухал. Учир нь хохирогч “Ингээд би гэмт хэргийн хохирогч болчихлоо” ангийнхан, найз нөхөд, хэн нэгэн мэдээд элэг доог болгох вий гэдэг байдлаар өөрийгөө маш их буруутгадаг сэтгэл зүйн түгшүүрт байдалд орсон байдаг. Гэтэл хувийн байдлын тогтоож байна гээд л сургуулийнх нь багш, найз нөхдийн дуудаж мэдүүлэг авахаас эхлээд нууцлал алдагдах сэжим үүсдэг. Гэрчүүдэд маш сайн анхааруулж, хуулийн зүйл заалтыг тайлбарлаж өгөөгүйгээс ямар хэрэг дээр гэрч болсноо сайрхан ярих байдлаар хувь хүний нууцын гэх мэдээлэл алдагдаж, энэ нь эргээд хохирогчид асар том дарамт, сэтгэлийн шаналан үүсгэж байдаг.

-Гол нь хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон гомдлыг хуулийн байгууллага эрт хүлээж авсан. Хэргийг шийдвэрлэж амжаагүй байхад хохирогч охин амиа хорлосон нь анхаарал татаж байгаа?

-Амиа хорлох хэмжээний шийдвэр гаргана гэдэг тэр хүүхдийн нэр төр, алдар хүнд, холбогдсон үйлдэлтэй холбоотой амиа хорлохгүй байхын аргагүй нөхцөл байдал, дарамтууд ийм шийдвэр гаргасан байж болзошгүй юм.

Нэг зүйлийг бид ойлгох хэрэгтэй. Ийм төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийн сэтгэл зүй маш эмзэг болсон байдаг. Гаднаас нь бид өнгөц байдлаар дүгнэдэг байдлаа болих хэрэгтэй. Гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй байж зөвхөн камерын бичлэгийн хүрээнд охид өөрсдөө л дагаж гүйгээд, охид өөрсдөө баяр баясгалантай нь аргагүй хамт явж байгаа дүр төрхтэй байна ш дээ гэдэг хандлага байдаг.

Хүүхэд гэдгийг харгалзаж үзэх хэрэгтэй. Хүүхэд эрх зүйн бүрэн чадамжгүй, хийж байгаа үйлдлийн үр дагаварыг бүрэн ухамсарлах чадваргүй субъект. Өөрөөр хэлбэл, томчуудын үйлдэлд хөтлөгдөж явдаг. Хүүхэд уруу татагдсан үйл баримт нь хүүхэд хүссэндээ биш, хор уршиг үр дагаврыг мэдээгүйдээ, ямар нэгэн амлалт, итгэл үнэмшилд нь хууртагдсан байдаг. Үүнд мөрдөгч, прокурор маш хянамгай хандах хэрэгтэй. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хэрэг дээр ажиллаж байгаа мөрдөгчийн зүгээс охидыг “Чи өөрөө зөвшөөрсөн, чаталсан, хамтдаа кофе шоп орсон байна ш дээ, хохирогч болсон бол тэр даруй мэдэгдэхгүй яасан юм, намайг авраарай гэж хашхирахгүй яасан юм бэ” гэсэн хандлагаар л ханддаг. Нөхцөл байдлыг бүрэн тогтоохгүйгээр өнгөц байдлаар үнэлэлт дүгнэлт өгдөг явдал хэрхэвч байж болохгүй.

-Хохирогч охин сэжигтэнтэй зочид буудалд хамт орсон бичлэг байгаа гэх мэдээлэл түгсэн. Энэ мэдээллийг уншсан хүмүүс талийгаачийг буруутгах хандлага гаргаж байх шиг байна. Магадгүй таны сая өгүүлсэн нөхцөл байдал байхыг үгүйсгэхгүй юм. Нөгөө талаар талийгаач охин сэтгэл зүйн болон хууль зүйн туслалцаа бүрэн дүүрэн авч чадаагүй гэдэг маш ноцтой асуудал яригдаж байгаа юм. Хохирогчид сэтгэл зүйн болон хууль зүйн туслалцаа ямар ач холбогдолтой юм бэ?

-Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон охид бүсгүйчүүдэд хугацаа алдахгүй сэтгэл зүй, хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг, эрхийг нь хамгаалдаг тогтолцоо манайд чухал байна. 2022 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Хууль зүйн туслалцааны тухай хуулиар улсын өмгөөлөгчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудалд эрх зүйн дэвшил гарсан. Гэр бүлийн хүчирхийллийн, бэлгийн шинжтэй үйлдлийн хохирогчдод улсын өмгөөлөгчид хууль зүйн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг зохицуулалт энэ хуулиар шинээр бий болсон нь манай хохирогч хамгааллын салбарт хүний эрхийг хангуулах тал дээр дэвшилттэй зохицуулалт болсон гэдгийг онцолж хэлмээр байна.

Энэ хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 дугаар бүлэг буюу хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй дархан байдлын эсрэг гэмт хэрэг, 14 дүгээр бүлэг буюу ялгаварлан гадуурхах, 16 дугаар бүлэг буюу хүүхдийн эсрэг гэмт хэргийн 18 насанд хүрээгүй хохирогчийн тухайд, мөн 11.7 буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн хохирогч, 13.1 буюу хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон иргэдэд хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх боломжтой болгосон. Харамсалтай нь хууль батлагдаад улсын өмгөөлөгчид ажиллаж байгаа хэдий ч иргэдэд энэ мэдээлэл төдийлөн сайн хүрэхгүй байна.

Өвөрхангайд гарсан энэ хэргийн тухайд хохирогч охин хуулиар хамгаалагдсан эрхээ эдэлж, хуульч өмгөөлөгчийн туслалцаа авах бүрэн боломжтой байсан. Харамсалтай нь хуульд орсон нэмэлт өөрчлөлт, иргэний эрхийг хангуулсан зохицуулалтуудыг сурталчлах, таниулах ажил учир дутагдалтай явсны тод жишээ. Тэгэхээр охид энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд өмгөөлөгчөөр хангах тал дээр хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын мэргэжилтнүүд маш шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй байсан. Тухайн байгууллагад хуульчид өмгөөлөгчдийг бүртгэл тодорхой байх ёстой. За, энэ аймагт, энэ багт ийм гэмт хэрэг гарлаа, хүүхэд хохирогч боллоо, үүн дээр хууль зүйн үйлчилгээг яаж үзүүлэх вэ, хүүхдийн эрхийг хангуулах тал дээр хамтран ажиллах өмгөөлөгч хэн байна вэ гэж маш шуурхай механизмаар явахгүй бол Өвөрхангай аймагт гардаг жишээ шиг ийм сөрөг үр дагаврууд бий болж байгаа юм.

-Улсын өмгөөлөгчид хууль зүйн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх боломжтой байжээ дээ?

-Тийм. Бүрэн боломжтой. Саяхнаас Хууль зүй дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс хүчирхийллийн хохирогчид хууль зүйн туслалцаа үзүүлэхэд өмгөөлөгч, прокурор, мөрдөгч ямар зүйлийг анхаарах ёстой вэ ойлголт мэдээллийг нэгтгэх үүднээс “Хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сургалтыг нийслэл болон орон нутагт бүсчилсэн байдлаар зохион байгуулж эхлээд байна. Энэ бол маш үр дүнтэй үйл ажиллагаа гэж харж байгаа.

Дээр нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэхээс эхлээд тухайн хүнийг түр хамгаалах байранд авах уу, Гэрч хохирогчийг хамгаалах хуулинд зааснаар ямар арга хэмжээг авах шаардлагатай байна вэ гэдгээс эхлээд маш олон аргачлал алхмуудыг нэг мөр ойлгох хэрэгцээ шаардлага их байна. Магадгүй харамсалтайгаар амиа хорлодог охиныг аль эрт гэрч хохирогчийг хамгаалах байранд авчихсан бол, төрийн хараа хяналтыг бий болгочихсон байсан бол хүний амь нас үрэгдэхгүй байсан болов уу даа.

-Гэмт хэрэгтэн хохирогчийг дарамталдгаас хор хохирол даамжрах шалтгаан болоод байна уу?

-Хохирогч болсон хүүхдүүдэд гэмт хэрэгтнүүд дараа дараагийн дарамт шахалтыг үзүүлдэг. Чи намайг шоронд явуулах гэж байна, чи насаар минь хатаах гэж байна. Би хэдхэн жил суугаад гарч ирээд гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ, би шийдсэн хүн шүү гэж айлгадаг. Энэ байдал дахин хохирох сэтгэл зүй, тасралтгүй дарамтанд байх орчин нөхцөл байдлыг бий болгож байдаг.

Гэмт хэрэгтнүүдийн хэв шинжийг хараад байхад сэтгэл зүйн тодорхой өөрчлөлтөд орсон, өмнө нь энэ тэрлийн гэмт хэрэг үйлдэж байсан, хэн нэгэн хэзээ ч мэдэхгүй гэж хөнгөмсөгөөр найдсан хүмүүс үйлдээд байна уу гэж дүгнэхэд хүрч байгаа. Физиологийнхоо эрэлт хэрэгцээг хангах арга хэрэгслийг хүүхдүүд болгож харж байгаа нь маш хэрцгий үйлдэл. Ийм төрлийн хэрэг дээр олон жилийн турш ажиллаж байгаа хуульч хүний хувьд эрэгтэй хүмүүсийн физиологийн хэрэгцээг хангадаг, албан ёсны төрийн байгууллагын зөвшөөрөл, дэг журмынх дагуу хяналт дор үйлчилгээ үзүүлдэг тусгай газар байх ёстой юм уу ч гэж бодоход хүрч байгаа юм. Биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэргийн хохирогч болж байгаа, өөрөө биеэ үнэлэлтэнд яваад орчихсон охид бүсгүйчүүдэд хууль зүйн үйлчилгээ үзүүлж байхад энэ төрлийн үйлчилгээг албажуулах ёстой юм байна гэдэг бодол удаа дараа төрж байсан. Аргаа барахдаа тэгж бодож байна. Эмэгтэй хүний хувьд биеэ үнэлэлтийг албан ёсоор зохион байгуулдаг газар байх ёстой гэж хэлэхэд хатуу байна. Гэхдээ физиологийн хэрэгцээ, эрэлт шаардлагаа хүүхдээр гаргаж байна гэж мэдүүлэг өгч байгаа хүмүүсийг харахаар яалт ч үгүй ингэж бодохоос аргагүй нөхцөл байдалд хүрч байна.

-Тэгвэл энэ төрлийн гэмт хэргийн хүлээлгэж буй хариуцлага ямар түвшинд байна вэ?

-Хуулийн хариуцлагын асуудлыг өөр түвшинд гаргаж тавихгүй бол болохгүй болсон. Би энэ тухай олон ч жил ярьж хэлж байна. Эрүүгийн хуулийн 12.1.4 буюу бага насны хүүхдийг хүчиндсэн, түүний улмаас хүүхэд нас барсан бол 12-20 жилийн хорих ял оногдуулж байгаа. Хүчиндэх гэмт хэргийн тухайд 15 жилийн хорих ялтай, хүндрүүлэх нөхцөлтэй бол эрүүгийн хариуцлага нэмэгдүүлдэг. Гэтэл бодит байдал дээр гэмт хэрэгтнүүд хорих ялаас айж эмээхгүй дүр төрх нийтлэг байсаар байна. Эрүүгийн хариуцлага гэдэг тухайн гэмт хэрэг үйлдсэн субъектэд хүлээлгэх хорих ялаас гадна урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байх ёстой. Ийм гэмт хэрэг үйлдвэл би эрхээ ийм хэмжээгээр хасуулах нь гэдэг үр нөлөө, бодлогыг агуулсан байх ёстой. Гэтэл энэ төрлийн гэмт хэрэгт хүлээлгэж байгаа хууль зүйн хариуцлагын тухайд төдийлөн үүргээ биелүүлэхгүй байгаа явдал нь гэмт хэрэг жилээс жилд өсч байгаа тоо баримтаас харагдаж байна.

Жилд 400 гаруй охид хүчиндэх гэмт хэргийн хохирогч болж байгаа хэдий ч яг амьдрал дээр үүнээс өндөр тоо баримт байх магадлалтай. Тодруулбал, шүүх эмнэлэг дээр бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон гэж шинжилгээ хийлгэхээр очиж байгаа охид бүсгүйчүүдийн тоо шүүхээр орсон тооноос 23 дахин их байдаг. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэргүүд нуугдмал байгаа, хохирогчид дарамт шахалтын улмаас гомдлоо татдаг, гомдол өгдөггүй зэрэг нөхцөл байдлууд байгаа юм. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн субъектыг өршөөлд оруулдаггүй, ямар нэгэн магадланд хамруулдаггүй байх ёстой.

Миний хувьд бэлгийн хүчирхийллийн шинжтэй, ялангуяа хүүхэд хүчирхийлээд байгаа энэ гаж донтонуудад, бэлгийн ёс бус үйлдэл удаа дараа давтан үйлдээд байгаа нөхдөд химийн тариа тарих хэлбэрээр хөнгөлөх дэлхийн улс орнууд хэрэгжүүлээд байгаа арга хэлбэрийг нэвтрүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байдаг. Тэд хорих ялаас айхгүй байна. Хөнгөлөх хэлбэрээр хариуцлага хүлээлгэх нь маш сайн сэрэмжлүүлэг болдгийг энэ төрлийн хариуцлагын тогтолцоог нэвтрүүлсэн улс орны жишгээс тодорхой харагддаг. Хүмүүс “Чи эрчүүдийг хөнгөлнө гэж хүний эрхийн ноцтой асуудал ярьж байна” гэж буруутгадаг. Тэгвэл хүчиндүүлээд насанд туршийн гэмтэлтэй үлдсэн, бүр амь насаа алдсан охидын эрхийг яагаад бодохгүй байгаа юм бэ. Яг цаг дээрээ өөрсдийнх нь үр хүүхэд дээр ийм асуудал тулахад яаж галзуу юм шиг босч ирэх бол. Яагаад хүний хүүхдийг хайрладаггүй юм бэ гэж би зөрүүлээд асуудаг.

-Та энэ чиглэлээр сургуулиудад сургалт зохион байгуулж байгаа гэв үү. Сургалтын ач холбогдол нь юу юм бэ?

-Бид гал унтраасан арга хэмжээнээсээ салах цаг болсон. Тийм учраас Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлд хандаж өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүний эрх, эрх зүйн боловсрол олгох, ялангуяа охидод хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдээлэл түгээх сургалтыг зохион байгуулъя гэж хандсан. Ингээд одоогийн байдлаар Улаанбаатар хотын 20 гаруй сургуулийн 2000 гаруй хүүхдэд хүрч ажиллаад байна. Хуульч өмгөөлөгчид нийлсэн 10аад гишүүнтэй баг хуваарилагдан ажиллаж байна. Бидний анхны зорилт бол зөвхөн охид гэмт хэрэгт өртөөд байгаа учраас тэдэнд хүний эрх, эрх зүйн боловсрол олгож, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэдээлэл түгээх сургалтыг зохион байгуулъя гэж эхэлсэн. Гэтэл зөвхөн охидод энэ чиглэлийн мэдээлэл өгөөд орхих бус хөвгүүдэд ч ийм асуудал чухал юм байна гэдгийг олж харсан. Тиймээс өмгөөлөгчдийн багаа өргөтгөж нийгмийн сайн сайхны төлөө, нийгмийн хариуцлагын хүрээнд хамтад нь хийвэл үр дүнтэй гэдэг үүднээс хөвгүүдэд чиглэсэн сургалтыг мөн зохион байгуулж байгаа. Бид өсвөр насны 10.000 хүүхдэд хүний эрх, эрх зүйн боловсролыг олгож, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэдээлэл түгээх сургалтыг зохион байгуулах зорилготой. Одоогоор ажил маань 20 хувьтай явж байна. Цаашид бид орон нутгийн дотуур байрны хүүхдүүдэд сургалт мэдээллийг өгөх зорилттой. Өсвөр насныханд энэ төрлийн ойлголт мэдээллийг сайн өгөөд байвал далд нуугдмал байдалтай гэмт хэргийг илрүүлэх, хүүхдүүдийг өөрийгөө хамгаалах боловсролтой болгох, асуудал тулгарвал хаана хандах мэдлэг мэдээлэлтэй болгох ач холбогдолтой юм. Сургалтын хамгийн гол ач холбогдол олон охидыг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж байгаа юм.

Миний хувьд хуульч мэргэжлийнхээ нийгмийн хариуцлагын хүрээнд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон бага насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй хууль зүйн өмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ гэдгээ илэрхийлж, сүүлийн зургаан жил яг энэ чиглэлээр мэргэшин ажиллаж байна. Хамгийн сүүлд зургаахан настай хүүхэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хэрэг дээр ажиллаж, бүх шатны шүүхээр эрхийг нь хангуулаад байна. Яг одоогоор гар дээр маань 20 гаруй охидын өмгөөлөгчөөр ажиллах материал байна.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр хулгана өдөр DNN.mn

Аргын тооллын тавдугаар
сарын 18, Бархасбадь гариг.
Билгийн тооллын 29, Гоё
хүүхэн одтой, улаан хулгана
өдөр. Өдрийн наран 5:11 цагт
мандан, 20:27 цагт жаргана.
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг
хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой
жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд
хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл
өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс
халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд
барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба
байр авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах,
хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл,
төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй
газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр,
туулай, морь, бич, тахиа болой. Хол газар
яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал
зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Туг, салхи хоёр” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Эдийн засагч Ч.Отгочулуу “Гаалийн татвар
дээр нэмж авч байгаа
НӨАТ-ыг зогсоох ёстой”
гэснийг VII нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Зохиолч,
сэтгүүлч
До.Цэнджав “Уран зохиолын
хичээлийг
байхгүй
болгосны
балгаар хүүхэд
залуус эх хэлээ
ойлгохгүйд хүрч
байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Туг, салхи хоёр” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Хятад, Монголын цагдаа нар хүч
хэрэглэн нутаг руу нь буцаасан
хэмээн нийгмийн шуугиан болоод буй
Өмнөд Монголын иргэн Аминбөхийн
Лхамжавын эргэн тойронд

“Төрийн ордны тамхины цэг”-ээс:
Л.Оюун-Эрдэнийг дарах
дараагийн дайралт
гадаадаас ирнэ гэв үү


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу


“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Японд ирэх сараас цахилгааны төлбөр нэмэгдэнэ DNN.mn

Ирэх сараас эхлэн Японд цахилгааны төлбөр нэмэгдэхээр болжээ. Энэ нь Японы засгийн газар эрчим хүчний томоохон компаниудаас тавьсан үнэ нэмэх хүсэлтийг баталсантай холбоотой байна.

Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуногийн мэдээлснээр, эрчим хүчний компаниудын үнэ тарифын өсөлт 14-42 хувьд хэлбэлзэх юм байна. “Түлшний үнэ болон бусад хүчин зүйлийг анхааралтай судалж үзсэний үндсэн дээр үнийг өсгөхөөр шийдвэрлэлээ” гэж Аж үйлдвэрийн сайд Нишимура Ясутоши мэдэгджээ. Эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлсний түвшин ч бас анхаарах ёстой асуудлуудын нэг болсныг Сайд дурдсан байна. Айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг нэмэхэд засгийн газрын шийдвэр шаардлагатай байдаг журамтай байна. Токиогийн эрчим хүчний компани зэрэг долоон компани Засгийн газраас төлбөрөө нэмэх зөвшөөрөл хүсч ханджээ. Дулааны цахилгаан үүсгүүрүүдэд ашигладаг байгалийн хийн үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор үр ашигтай ажиллагаа нь доголдсоныг эрчим хүчний компаниуд мэдэгддэг байна.

Цахилгааны үнийн дундаж өсөлт 15 хувиас эхлэх бөгөөд эрчим хүчний компани тус бүрээр харилцан адилгүй байх юм байна. Аж үйлдвэрийн яамны шийдвэр нэгэнт батлагдсан тул шинэ үнэ тарифыг ирэх 6-р сараас мөрдөх юм байна.

Цахилгааны төлбөр нэмэгдсэнээр үнийн өсөлтөд улам нэрмээс болох магадлалтай учир Японы төв банк ирэх зун зохицуулалт хийх үүднээс инфляцын байдлыг анхааралтай ажиглаж байна.

Categories
мэдээ нийгэм

Малын удмын сангийн үндэсний төвд 9641 толгой мал, амьтан бүртгэлтэй байна DNN.mn

Мал аж ахуй

Малын удмын сангийн үндэсний төв 2022 онд дотооддоо 22 мянган тун үр үйлдвэрлэж, гадаад улсаас 16 мянган тун үр импортолсон байна. Энэ жил 24 мянган тун үр үйлдвэрлэж, 1000 тун үр импортлох юм.

Богино хугацаанд өндөр ашиг шимтэй мал гарган авах, нэгэн жигд өнгөтэй 14-15 микрон нарийнтай ноолуур өгдөг ямаа олноор үйлдвэрлэх, дурангийн аргаар зохиомол хээлтүүлэг хийх зэрэг төсөл хэрэгжүүлж байна.

2024 он гэхэд Монгол Улсад баталгаажсан 56 үүлдэр, үүлдрийн хэсэг, омгийн стандарт, шаардлагад тэнцсэн хээлтүүлэгчээс үр үйлдвэрлэн үндэсний генийн санд бүрэн хадгалж дуусахаар төлөвлөжээ.

Тус төвийн удирдлагууд “Малын үржүүлэг, биотехнологийн ололтыг ашиглан тооноос чанарт шилжиж бэлчээр нутгаа хамгаалах бүх нийтийн аян”-г Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар орон даяар өрнүүлэх санал гаргалаа.

Мөн 2026 оноос өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг хэлбэрт шилжүүлэхийн тулд Малын генетик нөөцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Цөм сүргийн салбар нэгжийг бүх аймагт байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.