Categories
мэдээ эдийн-засаг

Нийслэлд орон сууцны үнэ 9.9 хувиар өсчээ DNN.mn

Улаанбаатар хотын орон сууцны үнэ энэ оны 4 дүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 9.9, өмнөх сарынхаас 0.2 хувиар өссөн байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, энэ оны 4 дүгээр сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.53 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 3.84 сая төгрөг байв. Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.34 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн их буюу 4.17 сая төгрөг байлаа.

Categories
мэдээ нийгэм

Азийн Физикийн олимпиадыг Монголд зохион байгуулна DNN.mn

Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиад манай улсад 2023 оны тавдугаар сарын 22-30-нд болно.

Олимпиадыг зохион байгуулагч орон хоёр баг бүрдүүлэн оролцох боломжтой байдаг. Энэ зарчмын дагуу 16 сурагчийн бүрэлдэхүүнтэйгээр хоёр баг олимпиадад эх орноо төлөөлөн оролцох гэж байна.

Сурагчдын 10 нь Улаанбаатар хотын 1, 11, Сант, Орчлон, Шинэ үе, Шинэ Монгол сургуулиудад суралцдаг бол 6 сурагч орон нутгаас шалгарсан юм. Тэд Баян-Өлгий, Дархан-Уул, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудаас ирж оролцоно.

Олимпиадад оролцох сурагчдын хамгийн бага нь 2007 онд төрсөн бол хоёр эмэгтэй сурагч багт багтсан.

Монголын сурагчдыг МУИС болон Грийн сургуулийн багш нар дасгалжуулж байна.

Азийн 30 гаруй улсын 240 орчим сурагч, 60 гаруй чиглүүлэгч багш энэ удаагийн олимпиадад оролцох юм хэмээн БШУЯ мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

​Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Нарийн сухайтын төмөр зам” ХХК-д олгов DNN.mn

Хилийн Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК-д олголоо.

Засгийн газрын 2018 оны 232 дугаар тогтоолоор “Шивээхүрэн төмөр зам” ХХК-ийг байгуулан хувьцааны 51 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК, 49 хувийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК тус тус эзэмшихээршийдвэрлэсэн. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт байрлах Нарийнсухайтын нүүрсний орд газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг Шивээхүрэнгийн боомт хүртэл эхний ээлжид автомашинаар тээвэрлэн төмөр замд шилжүүлэн ачиж БНХАУ-д экспортлох, мөн БНХАУ-ын газар нутгаар дамжуулан гуравдагч зах зээлд хүргэх зорилготой юм.

Шивээхүрэн хилийн боомтод төмөр замыг барьж байгуулснаар “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминалуудыг байгуулах төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг хувийн хэвшилтэй хамтарч хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. 2023 оны гуравдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

Categories
мэдээ нийгэм

Галын аюулгүй байдлыг сайтар хангахыг анхааруулж байна DNN.mn

Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна. Хувийн өмчид гарсан галын дуудлага их байжээ. Тодруулбал,

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр багийн Их-Усын 6 дугаар гудамжинд малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 13:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиходиргэн Ц-ын 3х10 метрийн хэмжээтэй малын саравч хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын 5 метрийн урттай хашаа, 2х2 метрийн хэмжээтэй жорлон шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Рашаант багийн 43 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 14:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ын 4 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Шийрийн бригад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 12 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 16 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 15:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход малчин Х-ын өвөлжөөнд малын бууц шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн “4 дүгээр бригад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 37 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 15:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход малчин Б-ын өвөлжөөнд малын бууц шатаж байсныг 31 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 49 дүгээр гудамжинд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 20:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 0.5 га талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Баяндаваа хэсгийн 12 дугаар гудамжны задгай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 22:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан байна.

Иймд зуслан, ногоон бүсийн айл өрх, аж ахуйн нэгж байгууллага хашааныхаа өнжмөл өвсөө шатаахгүй байх, халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, тамхины ишийг бүрэн гүйцэд унтраах, гэр, байшингийн галын аюулгүй байдлаа сайтар хангахыг анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ажилгүй иргэн өмнөх улирлаас 22 хувиар өсчээ DNN.mn

Хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин 9.4 хувь болж, өмнөх улирлаас 0.1 нэгж хувиар өслөө.

Ажиллах хүчний судалгааны 2023 оны 1 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 1.2 сая нь ажиллах хүч байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар марафон”-ы бүртгэл үргэлжилж байна DNN.mn

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийг зургаадугаар сарын 3-нд нийслэл хотноо найм дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Тус марафонд гүйх иргэдийг https://ubmarathon.hipay.mn/ цахим хуудас болон “Hipay” аппликейшнаар тавдугаар сарын 30-ныг дуустал бүртгэх юм.

Гүйлтийг үндсэн таван төрлөөр зохион байгуулах бөгөөд хамгийн богино зайд буюу 1500 метрт гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой бол 5000 метрт 12-17 нас, 18 болон түүнээс дээш насны иргэд оролцоно. Энэхүү хоёр төрлийн гүйлтийн бүртгэлийн хураамж 5000 төгрөг байна.

Гүйлтийн 10,000 метрийн зайд 18-аас дээш насныхан оролцох бөгөөд бүртгэлийн хураамж 30 мянган төгрөг. Хагас марафон буюу 21,095 метрийн зайд 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насныхан, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой. Бүртгэлийн хураамж нь 50 мянган төгрөг байх юм.

Бүтэн марафон буюу 42,195 метрийн зайд 18-аас дээш насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд гүйх бөгөөд бүртгэлийн хураамж нь 60 мянган төгрөг байна.

Веб хуудсаар бүртгүүлэх заавар

Эрүүл мэндийн гүйлт буюу 5000 метрийн зайд оролцогчид бүртгэл, хураамжийг онлайнаар хийж, дараах штабуудаас энгэрийн дугаараа авч, бүртгэлээ баталгаажуулна.

-Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороо 99704438;

-Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хороо 88060874;

-Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо 95705607;

-Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо 85829111;

-Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хороо 88057467;

-Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороо 99072560;

-Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын хороо 88085975;

-Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо 99663717;

-Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо 88928787

Марафон гүйлтийн 42,195 метр, 21,095 метр, 10,000 метрийн зайн гадаад, дотоодын оролцогчдын бүртгэлийг баталгаажуулж, энгэрийн дугаар, чип, футболк олгох ажил Нийслэлийн Биеийн тамир, спортын газар (Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байрны нэг давхарт буюу “Зоос гоёл”-ын замын урд)-т тавдугаар сарын 25-30-ны 17:00 цаг хүртэл зохион байгуулагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг 7000-2785, 7766-7700, 11-312785 дугаарын утаснаас авах боломжтой.

Аппликэйшнээр бүртгүүлэх заавар

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зургаадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд бүртгүүлсэн 5000 метрийн зайд оролцох 12-17 насны хүүхдүүд болон 1500 метрийн гэр бүлийн гүйлтэд оролцогчдыг бүртгэлийн хураамжаас чөлөөлнө.

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой. Марафонд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж, иргэдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээний нэг болоод байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хятад Монголын цагдаа нар хүч хэрэглэн нутаг руу нь буцаасан хэмээн нийгмийн шуугиан болоод буй Өмнөд Монголын иргэн Аминбөхийн Лхамжавын эргэн тойронд DNN.mn

ТҮҮХЧ А.Пунсаг: А.Лхамжав “Би буцахгүй ээ, эндээ зохиол бүтээлээ амар тайван бичмээр байна. Монголдоо ясаа тавина” гэж надад хэлж байсан-

Сошиал орчинд Өмнөд Монгол иргэнийг Хятад Монголын цагдаа нар хүч хэрэглэн нутаг буцаасан хэмээх мэдээлэл гарсан. Уг мэдээллийн талаар сурвалжиллаа. Өмнөд Монголын зохиолч, Боржигон овогт Аминбөхийн Лхамжав нь 1944 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хишигтэн хошуунд төржээ. 12 настайдаа Хөөргө сүмийн бага сургуульд орж, Бяруу балгасны монгол дунд сургуулийг төгссөн байна. Өмнөд Монголын биеийн тамирын тусгай мэргэжлийн сургуульд суралцаж, Соёлын хувьсгалын уршгаар сургуулиа төгсөж чадалгүй, хөдөө гарсан гэх. 1965 онд Шилийн гол аймагт ирж, жолооч, тээврийн механикчаар ажиллаж эхэлсэн байна. Идэр залуу цагаасаа зохиол бичиж эхэлсэн ба “Чингис хааны түмэн хишигтний хойчис” зохиол нь Өмнөд Монголд маш алдартай ажээ. “Улаан хувьсгал” хэмээх номоо Соёлын хувьсгалд өртөж, хохирсон 500 гаруй амьд гэрчтэй уулзаж, сурвалжлан тэмдэглэсэн судалгаан дээрээ үндэслэн бичсэн байна.

Гадаадын иргэн, харьяатын газрын олон нийтийн харилцааны мэргэжилтэн н.Гантуяагаас тодруулахад “А.Лхамжав гэх хүн Монголд гуравдугаар сарын 6-ны өдөр орж ирсэн. Визний хүчинтэй хугацаа дуусахаас өмнө 30 хүртэлх хоногоор нэг удаа сунгуулсан. Монгол Улсын виз олгох журмаараа түр орших гадаадын иргэн Монгол Улсад байх хугацаагаа 30 хүртэлх хоногоор нэг удаа сунгуулж болдог. Тэр журмынхаа дагуу 2023 оны дөрөвдүгээр сарын 5-наас 2023 оны тавдугаар сарын 5-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаатай сунгуулсан байгаа. Тэгж сунгуулаад визнийхээ хугацааг дуусахаас хоёр хоногийн өмнө буюу 2023 оны тавдугаар сарын 3-ны өдөр Дорноговь аймаг дахь Замын-Үүдийн автозамын боомтоор БНХАУ руу гарах чиглэлд зорчсон гэсэн мэдээлэл бий. Сошиал орчинд яваад байгаа шиг баривчилсан, албадан гаргасан зүйл байхгүй. Авто замын боомтоор гарсан гэх мэдээлэл байгаа ч хэнтэй явсан тухай мэдээлэл байхгүй” гэв.

Албаны мэдээлэл авсны дараа А.Лхамжавтай Монголд байхад нь уулзаж байсан түүхч А.Пунсагтай холбогдон тодруулсан юм.

-Та А.Лхамжав зохиолчтой өмнө нь уулзаж байсан уу?

-Уулзаж байсан. Би мэднэ.

-Зохиол бүтээлүүд нь Өмнөд Монголдоо их алдартай гэх юм билээ?

-Улаан хувьсгалын талаарх ном зохиол бичсэн. Тэр нь тухайн хувьсгалд оролцсон 500 гаруй хүний ярьсан баримт дээр тулгуурласан ном л доо. Ер нь тиймэрхүү зохиол бичдэг. Түүхийн хамаатай нэлээд хэдэн ном бичсэн юм. Өөрөө түүхч хүн биш л дээ. Гэхдээ маш их судалсан, материал цуглуулсан. Түүнийгээ эмхэтгээд зохиол бүтээлээ гаргасан. 80 хүрч байгаа өвгөн шүү дээ. Тэр олон зохиолоос нь манайд ганц хоёр нь хэвлэгдсэн байх. Тэрхүү зохиол бүтээлүүд нь Хятадын бодлоготой таарахгүй гээд хязгаарласан, хорьсон, гэрийн хорионд байлгасан. Саяхан манайд ирээд, хүүхдүүд нь ирээд аваад явлаа л гэж би сонссон.

Монголд ирсэн хугацаанд нь та уулзсан уу?

-Би нэг удаа уулзсан.

-Тэгэхэд танд юу хэлэв. Буцна гэж байсан уу?

-Өөрөө бол буцахгүй, эндээ зохиол бүтээлээ амар тайван бичмээр байна. Монголдоо ясаа тавина гэж надад хэлж байсан. Би ч зав муутай явсан болохоор нарийн ярилцаж чадаагүй ээ. Хөгшин ах минь надад Монголд ясаа тавихаар ирлээ л гэж хэд хэдэн удаа хэлсэн.

-Гэрт нь сонсох төхөөрөмж, камер гэх мэт зүйл суулгасан гэж олон нийтийн сүлжээгээр яваад байсан. Тэр талаар юм дурссан болов уу?

-Түүнийг нь мэдэхгүй. Тэр талаар яриагүй. Нарийн ширийн юм ч ярьж амжилгүй салцгаасан.

-Хувь хүнийхээ хувьд А.Лхамжав гуай ямар хүн юм бол?

-Хятад чинь түүхийг үнэнээр нь бичиж болохгүй шүү дээ. Улаан хувьсгалд хичнээн хүмүүс хэлмэгдсэн, тэр тухай нь баримтаар тодорхой бичсэн. Би тэр номыг нь уншиж байсан. Түүнээсээ болоод л хэлмэгдсэн юм байна лээ.

Ингээд хүний эрхийн төлөөх байгууллагууд энэ хүний талаар ямар нэгэн мэдээлэлтэй байгаа эсэхийг тодруулсан юм. Монголын эмнести интернэшнл төрийн бус байгууллагаас асуухад “Бид бүхэнд сошиал орчинд байгаа мэдээллээс илүү мэдээлэл алга. Тантай яг ижилхэн мэдээлэлтэй байна” гэв. Хүний эрхийн үндэсний комисс руу холбогдон тодруулахад “Тодруулаад хариу хэлье. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл алга” гэх хариултыг өглөө.

Тухайн мэдээллийг сошиал орчинд шүүмжлэн мэдээлсэн “No double stan­dart” хөдөлгөөний гишүүн Б.Билгүүнтэй ярилцлаа.

-Японы сайтаар гарсан мэдээллийг та тодруулахгүй юу?

-Японы www.yomiuru.co сайтад гарсан мэдээллээр баригдсан нь нотлогдчихсон. Тэр хүн Монголд яах гэж ирсэн бэ гэдгээр хувь хүмүүсийн мэдээллийг таамаг байдлаар тавьсан байна лээ. Хятадын Засгийн газраас баривчилсан гэдэг мэдээллийг АНУ-ын Засгийн газрын харьяа “Чөлөөт радио” RSA мэдээлсэн байна. Энэ сарын 3-ны өдөр нутаг буцаасан гэх мэдээллийг АНУ-д төвтэй хүний эрхийн байгууллага болох Өмнөд Монголын хүний эрхийн мэдээллийн төвөөс гаргасан байна лээ. Тэгэхээр тэрхүү мэдээллийг АНУ-ын хүний эрхийн байгууллагын Өмнөд Монголыг хариуцсан төвөөс гаргасан гэсэн үг. Үүн дээрх ноцтой зүйл юу вэ гэхээр Улаанбаатараас Хятадын дөрвөн цагдаа хоёр тусдаа машинтай баривчилсан гэж тус төвөөс мэдээлээд, хүний эрхийн байгууллагууд хуурай газраар түүнийг Хятад руу буцаасан бөгөөд одоо Өөртөө засах муж буюу Шилийн хотод байгаа гэсэн байна лээ.

-Тухайн хүн Монголд ямар зорилгоор ирсэн юм бол?

-Хятадаас гарч Улаанбаатарт үлдсэн гэж Улаанбаатар дахь төрийн бус байгууллагын ажилтан сонинд мэдээлсэн. Дөрөвдүгээр сарын эхээр утсаар ярьсан эх сурвалжид “Би Хятад руу буцаж очихыг хүсэхгүй байна. Би чөлөөт оронд ном бичмээр байна” гэж хэлсэн байгаа юм.

-Тухайн зохиолч Хятадад ямар нөхцөл байдалтай байсан юм бол?

-2019 онд энэ хүнийг Соёлын хувьсгал буюу 1966-1976 онд болсон ард түмний улс төрийн хөдөлгөөний талаар бичсэнийх нь төлөө буруутгаж ял оноож байсан юм билээ. Тэр нь Соёлын хувьсгалын үед автономит мужуудад учруулсан хохирлыг хөндсөн, монгол хэл гэх өв соёлоо хамгаалахыг уриалж буй гэдэг үндэслэлээр ял оноосон гэж байгаа. А.Лхамжав гэдэг хүний талаар Испанид төвтэй “Safe­guard Defenders” хүний эрхийн байгууллагаас өнгөрсөн жил гаргасан тайландаа “Хятадын хилийн чанад дахь цагдаа нар Улаанбаатарт байрлаж байна” гэж мэдэгдсэн гэжээ. Дээрээс нь Өөртөө засах (Хятадын өөртөө засах захиргаанаас Японд улс төрийн орогнол хүссэн) бүсээс гаралтай Шизүока их сургуулийн профессор Yan Haiin хэлэхдээ “Өөртөө засах бүсээс хил давсан Хятадын албаныхан ноён А.Лхамжав зохиолчийг Монгол дахь гадаадын цагдаатай хамтран авч явсан байх магадлалтай” гэж байгаа. Мөн дээрээс нь Японы сайтын эх сурвалжаар “Монголын Улаанбаатар хотод Хятадын цагдаа нар байнгын үйл ажиллагаа явуулдаг байх өндөр магадлалтай” гэсэн мэдээллийг гаргасан байна лээ.

-Монголыг зориод ирсэн хэнийг ч хүлээж авах үүрэгтэй олон улсын гэрээ конвенцуудад манайх уг нь элссэн дээ. Гэвч энэ үйлдэл гэрээг зөрчсөн асуудлыг хөндөх боллоо шүү дээ?

-Энэ бол удаа дараа үйлдэгдэж байгаа. Хүмүүс санаж байгаа бол Халимагийн Баатар гэх иргэн Монгол Улсад нэвтэрч чадалгүй нисэх онгоцны буудлаас шууд Америк руу явсан шүү дээ. Тэр хүн олон нийтийн анхааралд өртөж чадсан учраас л Америк явж чадсан байхгүй юу. Түүнээс олон нийтийн анхааралд өртөж чадаагүй нь ингээд баривчлагдаад баригдаад явчихаж байгаа юм. Энэ хүн Монгол Улсад улс төрийн орогнол хүссэн үү. Тэр тухай Гадаадын иргэн харьяатын газар, Гадаад харилцааны яам гэх мэт албаны байгууллагууд мэдээлэл хийх ёстой. Энэ хүн тэнд очоод ял шийтгэл хүлээж ч магадгүй. Өөрөө их өндөр настай хүн байна лээ шүү дээ. Өмнөд Монголын үзэл санааны том том зохиолууд бичдэг, үзэл санааных нь том төлөөлөгч байгаа юм. Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, ял авч хавчигдаж явсан энэ хүний талаар мэдээлэлд албаныхан тайлбар мэдээлэл өгөх ёстой. Энэ хүний талаар Японы сайтуудаар болон АНУ-ын хүний эрхийн байгууллагуудаас л мэдээлж байгаа болохоос манайд ямар ч мэдээлэл алга. Холбогдох байгууллага энэ талаар мэдээлэл хийх байх гэж найдаж байна.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ нийгэм

Монгол орны нутаг дэвсгэрт 2011-2022 онд нийт 327.576 удаа газар хөдөлжээ DNN.mn

Онцгой байдлын ерөнхий газраас “Бэлэн бай” аяныг улсын хэмжээнд эхлүүлжээ. Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг таниулах зорилготой уг аян зургадугаар сарын 9-н хүртэл үргэлжилнэ.

Аяны хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу иргэдэд газар хөдлөлтийн аюул, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах талаар ойлголт, мэдээлэл өгөх юм. Мөн www.belenbai.mn сайтыг ашиглалтад оруулж, иргэд мэдээллийг нэг дор авах боломжийг бүрдүүлээд байна. Олон нийтийн газруудад байршуулсан “Бэлэн бай” сурталчилгааны самбар дээрх QR кодоор дамжуулан тус сайт руу мөн нэвтрэх боломжтой.

Монгол орны нутаг дэвсгэрт 2011-2022 онд нийт 327,576 удаагийн газар хөдлөлт болжээ. 2021 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, үүнээс үүдсэн давтан хөдлөлтүүд 137,849 удаа болсон нь өмнөх 10 жилийн дунджаас долоо дахин их үзүүлэлт юм.

Харин Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2011-2022 онд нийт 12,589 удаагийн газар хөдлөлт болсноос 5-5.9 магнитудын газар хөдлөлт нэг, 4-4.9 магнитудын газар хөдлөлт зургаа, 3-3.9 магнитудын газар хөдлөлт 61 бүртгэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд DNN.mn

Өнөөдөр буюу тавдугаар сарын 18-ны пүрэв гарагт хийх засварын хуваарийг хүргэж байна.

Хэрэглэгчид та бүхнийг засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу хэмээн УБЦТС ТӨХК-иас зөвлөлөө.

Дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж харна уу.

Categories
мэдээ эдийн-засаг

Экспорт 2.3 тэрбум төгрөгөөр өсчээ DNN.mn

Монгол Улс 2023 оны эхний дөрвөн сард нийт 134 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.7 тэрбум ам.доллар болжээ.

Үүнээс

  • Экспорт 5.1 тэрбум ам.доллар
  • Импорт 2.7 тэрбум ам.доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.6 (50.5%) тэрбум ам.доллароор, экспорт 2.3 (81.8%) тэрбум ам.доллароор, импорт 310.5 (13.2%) сая ам.доллароор тус тус өссөн аж.

Харин 2023 оны дөрөвдүгээр сард экспорт өмнөх сараас 198.7 (13.1%) сая америк доллароор, импорт 20.2 (2.7%) сая америк доллароор тус тус буурсан болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.