Categories
мэдээ нийгэм

Хуульд заасан үүргээ биелүүлж ажиллаагүй албан хаагчдад сахилгын арга хэмжээ тооцжээ DNN.mn

Прокурорын байгууллага 2023 оны I улирлын байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 21 хорих анги, 1 сургалт хүмүүжлийн тусгай байгууллага, 28 цагдан хорих байр, 27 баривчлах байр, мөн хорихоос өөр төрлийн ял, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьсан.

Тодруулбал, хорих ял эдэлж байгаа 4330, цагдан хоригдсон 2097, Зөрчлийн тухай хуульд зааснаар баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн 4868, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан 12.427 хүн, хуулийн этгээдийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хяналт тавьж, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээхэд анхаарч ажиллав.

Прокуророос 2023 оны I улирлын байдлаар ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлын явцад хорих ял, цагдан хорих, саатуулах, баривчлах шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа эсэхтэй 1624 удаа танилцаж, 251 шалгалт, судалгаа хийлээ.

Шалгах, танилцах ажиллагааны явцад ял эдлүүлэх ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 517 зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байх талаар 50 прокурорын шаардлагыг холбогдох байгууллагад нь хүргүүлсэн. Прокурорын шаардлагын мөрөөр хуульд заасан үүргээ биелүүлж ажиллаагүй 2 албан хаагчид сахилгын арга хэмжээ тооцсон байна.

Түүнчлэн цагдан хорих хугацаа нь хэтэрсэн, албадан саатуулагдсан хоногийг баривчлах шийтгэлд нь оруулан тооцоогүй зэрэг зөрчлийг илрүүлж, эрх нь зөрчигдсөн 27 хоригдол, ялтны зөрчигдсөн эрхийг сэргээсэн

Categories
мэдээ нийгэм цаг-үе

УБЦТС: Маргааш хийгдэх засварын хуваарь DNN.mn

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 28-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.

Жич: Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг хөнцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье.

Тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ.

Categories
мэдээ нийгэм

Ц. Оюунгэрэл: Нэгнээ сонсож, дэмждэг ажлын орчин бүрдүүлэх нь сэтгэцийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг DNN.mn

Ажлын байран дахь сэтгэцийн эмгэгийн талаар Сэтгэцийн эмч Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа


-Ажлын байран дахь сэтгэл гутрал гэж юу вэ?

-Ажлын орчинд сэтгэл гутрал янз янзаар илрэх нь бий. Магадгүй ажилдаа төвлөрч чадахгүй эсвэл унтаж чадахгүйгээс болж хэт их ядаргаанд орсон. Мөн байнга л уйлмаар санагдаж, сандарч, бүх зүйл хэтэрхий хурдан болоод байгаа мэт санагдаж болно. Энэ мэт мэдрэмж дан ганц сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөөлөөд зогсохгүй нийгмийн амьдрал, хөдөлмөрийн бүтээмжид шууд нөлөө үзүүлдэг. Улмаар сэтгэлзүйн болон бие махбодын ачаалал ихтэй, удаан хугацаагаар ажилласны улмаас сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд болон ажлаас халшрах хам шинж үүсдэг.

-Ажлаас халшрах, сэтгэл гутралд орсноор ажлын бүтээмжид нөлөөлөх үү?

– Удаан хугацаагаар үргэлжилбэл ажлаас халшрах байдалд хүргэж ч болно. Мөн энэ цаг хугацаанд нийгмийн харилцааны хэрэгцээ нь хумигдаж, стресст өртөх, ганцаардах, сэтгэл гутрах шинжүүд илэрч болзошгүй. Ажлаас халшрах хам шинж нь үндсэн гурван бүлэг шинжээр илэрдэг. Нэгдүгээрт тухайн хүнд сөрөг сэтгэл хөдлөлүүд бий болох айх, түгших, сэтгэл гутрах, эргэлзэх, тээнэгэлзэх зэрэг шинжүүд илэрдэг

-Тэгвэл ажилчин сэтгэцийн эрүүл мэнддээ хэрхэн анхаарах вэ?

-Өөрөөсөө дараах асуултуудыг асуугаад үзэх хэрэгтэй. Үүнд Би ажилдаа сэтгэл хангалуун байдаг уу, Юуны тулд би ажиллаж байна вэ, Яагаад заавал энэ байгууллагад би ажиллаж байна вэ, Надад тулгараад байгаа асуудал шийдэгдэх боломжтой юу?. Хэрэв таны хариултууд сөрөг байвал танд “Ажлын байрны стресс” тулгарчээ хэмээн ойлгож тодорхой арга хэмжээ авахыг зөвлөж байна. Өөрийгөө өөрчлөх, амьдралдаа шийдвэртэй алхам хийх боломж хүн бүрт бий. Сэтгэц эрүүл бол бие эрүүл гэдэг шүү дээ. Сэтгэцийн эрүүл мэнд сайнгүй байх нь хувь хүний ажлын гүйцэтгэл, бүтээмж болоод хамтран ажиллагсадтайгаа харьцах харилцаанд сөргөөр нөлөөлж байдаг. Байгууллага бүрд сэтгэл зүйч байдаггүй манайх шиг нөхцөлд хэнд хандахаа мэдэж байсан ч хамаг юмаа тоочиж ярих гэдэг амаргүй зүйл. Зарим хүн менежертээ хандахыг хүсдэг бол зарим нь албаны дарга, хүний нөөцдөө хандахыг илүүд үздэг. Энэ асуудлын хамгийн чухал нь өөрийн сэтгэл мэдрэмжээ бүрэн илэрхийлж, ойлгуулж чадах хүндээ хандах юм.

-Хамт олонтойгоо нэгдэж, нэг цул болохын тулд юун дээр анхаарах ёстой вэ?

-Харилцаа гэдэг хүний сэтгэл зүйд шууд нөлөөлдөг. Тиймээс нэгнээ сонсож, дэмжиж, хүндэтгэдэг ажлын орчныг бүрдүүлэх нь сэтгэцийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ.

Хамтран ажиллагсдад тань урам хэрэгтэй үед урам хайрлаж, магтаалаар дутсан үед нь дэмнэж, сэтгэлээр унасан үед нь сонсож ойлгох хэрэгтэй байдаг. Зарим үед хүнд хэн нэгнээс зөвлөгөө авахаас илүүтэй зүгээр л ярих хэрэгцээ байдаг гэдгийг санаж явах хэрэгтэй. Улмаар сэтгэл санаа нь таагүй байгаа хүний яриаг хэдхэн минут зарцуулж сонсож өгснөөр ихээхэн тус хүргэх ч боломжтой. Мөн ажил ихтэй нэгэндээ багахан туслах ч тэр хүнийг сэтгэл санаагаар дэмжсэн хэрэг болдог. Харин байгууллагын удирдлагын зүгээс ажлын байран дээр сэтгэцийн эрүүл мэндийн талаар ярих нээлттэй орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Үүнд ажилчдынхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд чиглэсэн сургалт авах, ажилчдынхаа сэтгэцийн эмгэгийн тухай ойлголтыг засах, шаардлагатай нөхцөлд сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг хүмүүстэй хамтран ажиллах зэрэг багтана.

-Шинэ ажилтан ажиллаа төвөгшөөх, үүрэг хариуцлага өгөхөд уцаарлах нь тухайн хүний сэтгэл зүйд ямар асуудал тулгарсныг илтгэдэг вэ?

-Нийт сэтгэцийн эмгэгийг шалтгаан нь тодорхойгүй буюу дотоод шалтгаантай, шалтгаан нь тодорхой буюу гадаад шалтгаантай гэж хоёр ангилдаг. Нойргүйдэл, хүчтэй стресс тодруулбал хүчирхийлэл, айдас, ганцаардал, хэт ачаалал ихтэй ажиллах, амьдралын буруу хэв маяг зэрэг байж болно. Хамгийн энгийн жишээ гэвэл хүн бүтэн сайхан унтаж амарч байх ёстой байдаг. Хоногт 6-8 цаг унтаад амарсан хэн ч сэтгэцийн эмгэг тусах эрсдэл нь бага байдаг. Нойрноос болоод дараа дараагийн асуудлууд үүсдэг. Түүнчлэн нийгмийн стресст бага өртөж, бухимдалгүй амьдрах хэрэгтэй. Анзаараад байхад хүмүүс их бухимдалтай, түрэмгий байна. Зүгээр л юм ярих гэхэд урдаас нь зүгээр хариулж чадахгүй байх жишээтэй. Нийгэм стресстэй гэж яриад байгаа боловч үүнийг хэн бүрдүүлж байна гэхээр хүмүүс өөрсдөө л бий болгоод байгаа шүү дээ. Хувь хүний боловсрол, хөгжил дутмаг байгаагийн нэг илрэл юм уу даа.

-Сэтгэцийн эрүүл мэнд нь биеийн эрүүл мэндийн байдалд нөлөөлдөг үү. Нөлөөлдөг бол яаж нөлөөлдөг вэ?

-Сэтгэцийн эрүүл мэндийн байдал нь биеийн эрүүл мэндийн байдалд нөлөөлдөг талаар судалдаг салбар шинжлэх ухааныг психосоматик салбар гэж нэрлэдэг. Сэтгэл санаа муу, зовуурьтай, стресстэй, ямар нэгэн тулгамдсан асуудалтай байх нь тодорхой хугацааны дараа ямар нэгэн өвчин болж илэрдэг. Тэр өвчин нь биеийн шинжээр эсвэл сэтгэцийн өөрчлөлтөөр илэрч болдог. Жишээ нь удаан хугацаанд стресстэй явснаар ходоод өвдөх, батгаших, ядрах, бэлгийн сулралд орох нөлөөллүүд үүсдэг. Биеийн өвчний 84 орчим хувь стрессээс үүсдэг гэсэн судалгаа ч байдаг.

-Стресс ямар төвшинд хүрвэл сэтгэцийн эмгэг үүсэж болох вэ?

-Энэ нь хүн болгонд өөр өөр, хүн болгон адилгүй гэдэг утгаар шүү. Сэтгэцийн өвчин үүсгэхэд нөлөөлөх хүчин зүйлийн хүч чухал байдаг. Гэхдээ тийм хэмжээнд хүрээд сэтгэцийн өвчин тусна гэсэн тодорхой ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл сэтгэцийн өвчин үүсгэх сөрөг хүчин зүйл ихэссэн байна уу гэдгийг мэдэхийн тулд л манай салбарт хандан, үйлчилгээ тусламж авах ёстой. Түүнээс ийм хэмжээнд хүрвэл өвчин үүснэ гэж хэлэх боломжгүй. Хүн болгоны өссөн орчин, темперамент зэргээс шалтгаалаад эмгэг үүсгэж чадах түвшин нь өөр өөр байдаг.

-Сэтгэл зүйч болон сэтгэцийн эмч хооронд ямар ялгаа байдаг вэ. Сэтгэл зүйчээс ямар тусламж, сэтгэцийн эмчээс ямар тусламж авах ёстой вэ?

-Сэтгэцийн эмч бол өвчинтэй илүү ажилладаг. Өөрөөр хэлбэл хэн нэгэн айдсын өвчтэй байлаа гэхэд түүнийг эмчилж эдгээх талаар сэтгэцийн эмч хүн ажиллана. Харин сэтгэл зүйч хүн бол тэр айдсын эмгэгийг үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлээс хэрхэн хол байх, хэрхэн урьдчилан сэргийлэх тал дээр ажиллах ёстой гэсэн үг. Нөгөө талаар сэтгэл зүйч бол сэтгэцийн эмгэгийн урьдчилан сэргийлэлт талаар ажилладаг бол сэтгэцийн эмч бол өвчнийг эмчилдэг гэсэн үг.

Д.БАТТОГТОХ

Categories
мэдээ нийгэм

Булган аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраажээ DNN.mn

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Мэргэний давааны-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 230 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 17:45 цагт ОБГ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд очиж ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 20:48 цагт цурамд оруулж, өчигдөр /2023.04.26/-ны өдрийн 10:30 цагт унтраасан байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 1000 орчим хүүхдийн тоглоомын талбай байна DNN.mn

Нийслэлд 1000 орчим хүүхдийн тоглоомын талбай байдаг. Эдгээрээс 60 орчим хувь нь стандартын шаардлага хангаагүй эвдэрч гэмтсэн байна. Мөн гэр хороолол орчимд тоглоомын талбайн хүртээмж муугаас шалтгаалж хүүхэд хөдөлгөөний дутагдалд орох дэлгэцийн хамааралтай болох зэрэг олон сөрөг үр дагавар үүсдэг байна.

Урин дулаан цаг ирж байгаа энэ үед хүүхдүүд гадаа талбайд тоглох нь ихэсдэг. Гэсэн хэдий ч тэдэнд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, бие бялдраа хөгжүүлэх орчин зай талбай хүртээмжгүй байна. Улаанбаатар хотод 1000 орчим тоглоомын талбай байдаг. Үүнээс нийт орон сууцны хорооллын 53 хороонд 569, гэр хорооллын 56 хороонд 142, холимог байршлын 32 хороонд 262 хүүхдийн тоглоомын талбай байдаг. Уг судалгаанаас харахад гэр хорооллын тоглоомын талбай орон сууцны хорооллоос 4 дахин бага буюу гэр хороололд хүүхдийн тоглоомын талбай маш бага байгаа юм.

Өсвөр насны 3 хүүхэд тутмын нэг нь өдөрт 3 ба түүнээс дээш цаг хөдөлгөөний идэвхгүй байж компьютер тоглоом тоглох, интернэт ашиглах зэргээр цагийг өнгөрүүлдэг байна. Ингэснээр хүүхэд хөдөлгөөний дутагдалд орох дэлгэцийн хамааралд өртөх зэрэг олон сөрөг үр дагаврууд илэрдэг байна.

Нийслэлд байгаа тоглоомын талбайн тал хувь нь элэгдэж муудсан тоног төхөөрөмж алдагдсан, цахилгааны утас ил гарсан зэрэг аюултай нөхцөл байдалтай байна.тиймээс цаашид тоглоомын талбайн стандартыг хангуулахаар төрийн бүхий л салбар нэгжүүд хяналт тавьж ажиллах юм байна.

Мөн сонгууль дөхөхөөр л тоглоомын төв цогцолбор байгуулах талаар яригддаг ч хийж хэрэгжүүлсэн ажил байдаггүй гэдгийг хэлж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас нэг хүн нас баржээ DNN.mn

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны “Задгай” /Сансар худалдааны төвийн урд талд/ суудлын автомашин, ачааны автомашинтай мөргөлдөж суудлын автомашины жолооч нас барсан тухай дуудлага Онцгой байдлын албанд өчигдөр /2023.04.26/ иржээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Төв аймгийн Баянхангай сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын “Хово” загварын өөрөө буулгагч автомашинтай Улаанбаатар хотоос Төв аймгийн Цээл сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ийн “Альфард” загварын суудлын автомашин мөргөлдсөн. Улмаар суудлын автомашины жолооч иргэн Б /44 настай, эрэгтэй/ нас барсан байв.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-ын буцаан олголтыг маргаашнаас иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ DNN.mn

2023 оны нэгдүгээр улирлын нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалтыг иргэн, аж ахуйн нэгжүүдэд хэзээ шилжүүлэх талаар Татварын ерөнхий газраас тодрууллаа.

Татварын ерөнхий газраас НӨАТ-ын буцаан олголтоор авах мөнгөн дүнгээсээ и-баримт апп-аар дамжуулан хөрөнгийн татвараа төлөх боломжийг бүрдүүлсэн. 2023 оны нэгдүгээр улиралд 54363 иргэн НӨАТ-ын буцаан олголтоосоо хөрөнгийн татварт 755 сая төгрөгийн татварыг шимтгэлгүй, хялбархан төлсөн байна.

Нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг 2023 оны дөрөвдүгээр сарын 28, 29-нд иргэдийн дансанд шилжүүлнэ гэж Татварын ерөнхий газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Морьт эргүүл” ажиллаж эхэллээ DNN.mn

Дулааны улирал эхэлж буй энэ үеэр голын эрэг дагуу иргэд олноор зугаалах, архидан согтуурснаас гэмт хэрэг, зөрчилд холбогдох, гол, усны осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Морьт эргүүл”-ийг ажиллуулж эхэллээ.

Морьт эргүүл нь тээврийн хэрэгслээр болон явган явах боломжгүй гэр хорооллын гудамж талбай болон голын ай сав газруудаар гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдийн дуудлага мэдээлэлд цаг алдалгүй түргэн шуурхай хүрч ажиллах, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгч ажиллах давуу талтай юм.

Шөнийн эргүүлийн хэлтсээс гэр хорооллын эмзэг цэг, байршил, бартаа саад ихтэй газарт морьт, нохойт, явган эргүүлээр цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж эхлэх бөгөөд ингэснээр гэр хорооллын гудамж талбай болон туул голын ай сав газарт үйлдэгэх гэмт хэргийн гаралт буурах эерэг үзүүлэлтийг үзүүлэх аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“KFC”-ийн уулзвараас Дүнжингаравын гудамж хүртэлх авто замыг засварлана DNN.mn

Нийслэлийн замын хөгжлийн газраас 2023 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 10:00 цагаас 16:00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан тойруугийн зүүн хэсэг “KFC”-ийн уулзвараас Дүнжингаравын гудамж хүртэлх авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Зам засвар, арчлалтын ажилтай холбоотой түр хөдөлгөөн зохион байгуулалттай танилцана уу.

Categories
мэдээ нийгэм

“Эрүүл монгол хүн” үндэсний чуулган зохион байгуулна DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний үзэл баримтлал, хамрах хүрээ, хэрэгжүүлэх үйл ажиллагааг үндэсний түвшинд танилцуулан хэлэлцүүлж, эрчимжүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Эрүүл монгол хүн” үндэсний чуулган энэ сарын 28-нд Төрийн ордонд болно.

Чуулганаар “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хамрах хүрээ, хэрэгжүүлэх арга зам, “Эрүүл хүүхэд залуус ба эрүүл мэндийн боловсрол”, “Архидан согтуурахаас үүдэлтэй нийгмийн хор уршиг, түүнийг бууруулах шинэ хандлага”, “Эрүүл зөв хооллолт”, “Иргэдийн идэвхтэй хөдөлгөөн, нийтийн биеийн тамирын нөхцөл байдал, цаашдын чиг хандлага”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний шалгуур үзүүлэлт ба Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалт зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Биеийн тамир, спортын улсын хороо хамтран зохион байгуулах бөгөөд эрүүл мэнд, боловсрол, спорт болон хууль сахиулах байгууллага, эрдэмтэн, судлаачид, иргэд, аж ахуйн нэгж, олон улсын байгууллагын төлөөлөл бүхий 800 гаруй хүн оролцох аж.