Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Улаан бич өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 8, Санчир гариг. Билгийн тооллын 17, онгоц одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 6:17 цагт мандан, 19:31 цагт жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ихэнх нутгаар дулаарна DNN.mn

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2023 оны 04-р сарын 07-ны 20 цагаас 04-р сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө бүх нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -17…-22 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -11…-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, говийн нутгийн баруун өмнөд хэсгээр -2…+3 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 0…+5 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар +15…+20 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8…-10 градус, бусад хэсгээр -3…-5 градус хүйтэн, өдөртөө +12…+14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -10…-12 градус хүйтэн, өдөртөө +10…+12 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн нэгдсэн систем www.smartcar.mn шинэчлэгдлээ DNN.mn

Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn/ систем, аппликейшний 3.0 хувилбар шинэчлэгдэж, хэрэглээнд нэвтэрлээ.

Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүд тээврийн хэрэгсэлтэй холбоотой 19 төрлийн үйлчилгээ болон бусад хэрэгцээт мэдээллийг нэг эх үүсвэрээс авах боломжтой болж байна. Тухайлбал,

  • Тээврийн хэрэгслийн татвар төлөх
  • Тээврийн хэрэгслийн торгуулийн төлбөр төлөх
  • Хот хоорондын авто зам ашигласны хураамж төлөх
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэх эрх бүхий “ЕC” зөвшөөрөл цахимаар авах
  • Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар зорчуулах түр зөвшөөрөл цахимаар авах
  • Ажилчдын автобусны зөвшөөрөл авах
  • Хүүхдийн автобусны зөвшөөрөл авах
  • Жолоодох эрхийн оноо шалгах
  • Засвартай болон түр хаасан замыг мэдээлэх
  • Тээврийн хэрэгслийн албан журмын даатгалын мэдээлэл
  • Оношилгоо, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл
  • Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээлэл
  • Зогсоолын мэдээлэл
  • Замын эвдрэл, гэмтэл мэдээлэх зэрэг үйлчилгээ, мэдээллийг шинэ хувилбараас авч болно.

Түүнчлэн шинэ хувилбараар дамжуулан иргэд санал хүсэлт, өргөдөл гомдлынхоо явцын мэдээллийг харах боломжтой. Тодруулбал, танилт, нэвтрэлтийн ДАН системээр дамжуулан иргэд өргөдөл, гомдол, талархал илгээснээр холбогдох чиг үүргийн байгууллагууд санал хүсэлтийг шийдвэрлэх юм.

Smartcar.mn системд ДАН хэрэглэгчийн эрхээр нэвтэрсэн байдал:

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, түгжрэлийг сааруулах, төвлөрлийг багасгах, хяналт, удирдлагыг сайжруулах, зам тээврийн нэгдсэн тогтолцоог бий болгох хүрээнд https://smartcar.mn/ тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний системийг 2013 онд хэрэглээнд нэвтрүүлсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 14-нд бүх нийтийн их цэвэрлэгээтэй DNN.mn

Нийслэлийн хэмжээнд зургаан 7 хоногийн турш үргэлжлэх цэвэрлэгээний аяныг эхлүүлээд байгаа билээ. “Хотоо угаая” аяны хүрээнд Монголын Сууц өмчлөгчдийн холбоонд бүртгэлтэй 1,300 орчим СӨХ-ны 315 орчим нь тоглоомын талбайд угаалга цэвэрлэгээ, эвдрэлтэй тоглоомд засвар үйлчилгээг хийжээ.

Өнгөрсөн хугацаанд 925 автобусанд давхардсан тоогоор 5,112 удаагийн угаалга, цэвэрлэгээ, ариутгал хийгээд байна.

Мөн автобусны 242 буудалд хөөстэй угаалга, 425 мэдээллийн самбар, 9,900 метр урт хайс хашлага болон хотын хэмжээний бүх хөшөө дурсгалыг угааж цэвэрлэсэн байна.

Хуваарийн дагуу дөрөвдүгээр сарын 14-нд буюу ирэх Баасан гарагт “Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна.

Дөрөвдүгээр сарын 1, 2-нд орсон цаснаар Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК, гэрээт аж ахуйн нэгж, байгууллагуудын зам, талбайн 818 үйлчлэгч тусгай зориулалтын 120 машин техниктэй ажиллажээ.

Замын нуух, мөсжилт үүссэн газруудыг цэвэрлэх ажил одоо ч үргэлжилж байгаа юм. Мөн зам, талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, 266 тонн бодис, 250 тонн давс цацсан байна. Чанарын шаардлага хангахгүй давс нийлүүлсэн аж ахуйн нэгжийн давсыг буцааж, оронд нь сайн чанарын давс авсан гэдгийг мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Явган хүний зорчих хэсэг, замын трасс дээр байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэнэ DNN

Нийслэлд байгаа зарим ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх асуудал буй. Энэ талаар холбогдох албанаас мэдээллээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Хотын төв магистраль зам, явган хүний зам, автобусны буудал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй байгаа ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатайг ТҮЦ ажиллуулдаг иргэд, холбоодтой уулзаж хэлсэн.

Явган хүний зорчих хэсэг дээр ТҮЦ тавьчихдаг нь энгийн иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд саад болдог. Автобусны буудал дээр ТҮЦ-үүдийг шахаж тавьснаас иргэд авто зам руу орж нийтийн тээвэрт суудаг байна.

Ногоон байгууламж дээр, 2023 онд хийх гэж буй замын трасс дээр байршуулсан ТҮЦ-үүдэд шаардлагаа тавьсан.

ТҮЦ-тэй байх үгүй нь дүүргийн асуудал, эрх нь тэнд бий” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хахууль авсан албан тушаалтанд гурван жилийн хорих ял оноожээ DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс “Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуунсухайт боомтын зөвлөлд хамаарагддаг байгууллагуудын нэр бүхий албан тушаалтнууд нь нүүрс ачилтын богинын тээвэрт явж байгаа тээврийн хэрэгслүүдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх дэс дараалалд оруулж батлуулах нэрийн дор бөмбөлөг гэх шинэ нэршлийг үүсгэж аж ахуйн нэгжүүдээс хахууль авч үйлчилгээний дэс дарааллыг алдагдуулсан, өөрийн хамаарал бүхий компанийг хилээр нэвтрүүлэх зорилгоор шинжилгээний багт нөлөөлсөн” гэх гомдол, мэдээллийн мөрөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Автотээврийн үндэсний төвийн Цогтцэций салбарын дарга С.Давааням нь эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд үргэлжилсэн үйлдлээр нийт 16 компанийн 1551 тээврийн хэрэгслийн бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр бусдад давуу байдал бий болгож, нийт 121,100 юань, 36,500,000 төгрөгийн хахууль авсан нь тогтоогдов.

Тухайлбал, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр нэр бүхий 4 компанийн 197 тээврийн хэрэгслийг техникийн үзлэг, оношилгоонд оруулахаар 20,100 юань хахуульд авсан, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нэр бүхий 11 компанийн 930 тээврийн хэрэгсэлд автотээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулахаар 101,000 юань хахуульд авсан, 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр нэр бүхий 5 компанийн 424 тээврийн хэрэгсэлд автотээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулахаар 37,500,000 төгрөг хахуульд авсан. 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн байрны төлбөрөө төлүүлэхээр иргэн Ө-гээс 1,000,000 төгрөг шаардаж хахуульд авсан нь нотлох баримтаар тогтоогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд, С.Даваанямыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 7 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, мэргэжилтэн Б.Оргилболд, инженер Э.Шарав-Арилдий нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 4 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасаж, 18 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, иргэн С, Э нарыг хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 10 сая төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийн лавлагааг цахимаар авах боломжтой DNN.mn

ХЗДХ-ийн сайдын тушаалаар “Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд оршин суух, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, тэдгээрийг эзэмших, хадгалах, ашиглах журам”-ыг шинэчлэн баталсантай холбогдуулан гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг шинэчиллээ.

Тодруулбал, оршин суух үнэмлэхийг олон улсын жишигт нийцүүлж, аяллын баримт бичгийн бүтэц, стандартыг хангасан NFC технологи, MRZone, QR код, гадаадын иргэнд олгож буй F-register буюу дахин давтагдахгүй 13 оронтой дугаар бүхий оршин суух үнэмлэхийг энэ сарын нэгнээс олгож эхлээд байгаа.

Мөн журмын 1.3-д “Албан болон хувийн хэргээр Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэнд “Гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-аас оршин суух үнэмлэхийн лавлагаа олгож болно” гэж заасны дагуу https://eimmigration.mn/ хуудаснаас цахим лавлагаа авч, ашиглах боломж бүрдүүлжээ. Дээрх цахим лавлагааг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суух үнэмлэхийн адил ашиглах бөгөөд улсын хилээр орох, гарах тохиолдолд оршин суух үнэмлэхийг эх хувиар зайлшгүй шаардах юм.

Журмыг шинэчилсэнтэй холбогдуулан энэ сарын 10-ны өдрөөс оршин суух зөвшөөрлийн 7 төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулж байна. Үүнд оршин суух зөвшөөрлийн хүсэлт гаргах, оршин суух зөвшөөрлийн хэлбэр өөрчлөх, оршин суух зөвшөөрлийн сунгалт хийх, оршин суух зөвшөөрлийн хасалт хийх, паспортын мэдээллийн өөрчлөлтийг бүртгүүлэх, оршин суух хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх, хаясан, гээгдүүлсэн оршин суух үнэмлэхийг дахин авах хүсэлт гарах зэрэг нийт 7 төрлийн үйлчилгээ багтаж байна. Энэ цахим үйлчилгээг Гадаадын иргэн, харьяатын газрын https://immigration.gov.mn/mn/residence-permit/# цахим хуудаст хандаж авах боломжтойг ГИХГ-аас мэдээлэв

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал: Монголын шүүх нөхрийг минь гурван өдөр хоол ундгүй тамлаж ял оноолоо DNN.mn

Консул асан Д.Мөнх-Эрдэнэ нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн шүүхэд гурван өдөр үргэлжилж, өчигдөр шийдвэрээ гаргалаа. Шүүх бүрэлдэхүүн Д.Мөнх-Эрдэнийг нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасч, гурван жил 10 сар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийн талаар түүний өмгөөлөгч Л.Баттогтох “Шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. Бид дараагийн шатанд гомдол гаргана” гэсэн байр суурийг илэрхийлэв.


Д.МөнхЭрдэнийн эхнэр Д.Баянжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Шүүх хурал гурван өдөр үргэлжилж, хорих ял оноох шийдвэрийг гаргалаа. Ар гэрийнхний хувьд хүнд туссан байх…?

-Монголын шүүх нөхрийг минь бүхэл бүтэн гурван өдрийн турш хоол ундгүй тамлаж, ял оноолоо. Үнэхээр муухай санагдаж байна, харамсаж байна. Хүүхдүүд маань маш их хямарч байна. Тэднийгээ улам хямраачих вий гэж айгаад хажууд нь нулимсаа залгиад уйлж ч чадахгүй сууна.

-Өмгөөлөгчдийн зүгээс Д.Мөнх-Эрдэнийг буруугүй гэж үзэж байсан. Тиймээс ял авна гэж төсөөлөөгүй байх?

-Ямар муухай шударга бус байгааг нь Монголын ард түмэн бүгд харлаа, мэдэрлээ. Төрийн том албан хаагчид, дарга сайд нар авилгад авсан мөнгө нь гарч ирэхийг ард түмэн нийтээрээ харж байсан ч 40 сая төгрөгөөр торгуулаад л эрх чөлөөтэй явж байна.

Тэгэхэд төсөвлөсөн зардлыг нь авах ёстой хүмүүст нь олгосны төлөө нөхөр маань дөрвөн жил шоронд хоригдоно гэдэг үнэхээр доромжилж даапаалж байгаа хэрэг боллоо. Зарим нь бүр 17 тэрбум төгрөгийг улсад хохирол учруулчихаад “Төлж чадахгүй” гэж пээдийж байдаг. Үнэхээр Монгол Улсад дабл стандарт гэж утгаараа хэрэгждэг юм байна.

-Хорих ялаас гадна нэлээд их хэмжээний торгууль төлөхөөр болох шиг боллоо?

-82 сая төгрөгийн төлбөр төл гэнэ. Хөх хотод ажиллаж байсан ажилчдын хүүхдүүдийн сургалтын төлбөр, нутаг буцсан хүмүүсийн авсан замын зардал, орчуулгын 3000 юань, байрны зардлыг бид хоёр төлөх нь. Хорон муу санаатай хүмүүсийн увайгүй явуулгаар ял авч байгаа нь өөрөө шударга ёсонд нийцэхгүй. Хов живээр ажлаа явуулдаг Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр, Үндэсний аудитын газрын н.Оюунбилэг гэх эмэгтэйгээр хуурамч дүгнэлт гаргуулаад яллаж байгаа нь шударга ёс биш.

-Үзэл бодлоо илэрхийлж, нийгэмд болохгүй байгаа асуудалд шүгэл үлээсэн хүн гэж Д.Мөнх-Эрдэнийг үзэж байгаа. Шүүхийн шийдвэрийг олон ч хүн эсэргүүцэж байх шиг байна?

-Тэгэлгүй яахав дээ. Миний хань хичнээн лайв хийж орилж, хашгачиж үнэнийг хэлж байсан ч цаанаа их өрөвч, цайлган хар буруу санадаггүй хүн.

Өөрийн толгой байхгүй, эрхтэн ямбатангуудын харцаар хөдөлж ажлаа явуулсан прокурор, шүүгч нарт харамсаж байна. Тэд даалгавраа маш сайн биелүүллээ. Харамсалтай байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Явган хүний замд байрлуулсан гэрлийн шонг чөлөөлнө DNN.mn


Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд явган хүний зорчих хэсэгт гэрлийн болон троллейбусны 1299 шон байрлаж байна. Нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлгийг 16 аж ахуйн нэгж хариуцан ажилладаг. Эдгээр аж ахуйн нэгж хариуцсан нутаг дэвсгэрийнхээ явган хүний замын зорчих хэсэгт байрлаж байгаа гэрлийн шонг шилжүүлж, зорчих хэсгийг чөлөөлнө. Мөн гэрэлтүүлгийн байгууламжийн засвар үйлчилгээ, угаалга цэвэрлэгээг үргэлжлүүлэн хийх юм.

Categories
мэдээ спорт

3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийнхныг хүлээн авч уулзлаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид, багш, дасгалжуулагчийг хүлээн авч уулзлаа.

Сингапур Улсад зохион байгуулагдсан FIBA 3X3 сагсан бөмбөгийн 2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 24, эмэгтэй 18 баг өрсөлдсөнөөс Монгол Улсын үндэсний шигшээ эрэгтэй баг 1 дүгээр байр, эмэгтэй баг 6 дугаа байранд орсон юм.

Монгол Улсын тамирчид багийн спортоор түүхэн амжилт гаргаж, Ази тивийн хошой аварга болсонд Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Монголын 3х3 сагсанбөмбөгийн шигшээ багийн багш, дасгалжуулагч, тамирчдын нөр их хөдөлмөр зүтгэл, эв нэгдлийн хүчээр тус спортод амжилтаа ахиулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Г.Батцэнгэл сагсан бөмбөгийн холбоодын асуудал цэгцэрч, сагсчид Монгол гэдэг нэрийн дор нэгдэж чадсанаар тив, дэлхийн түвшинд өндөр амжилт үзүүлэх итгэл дүүрэн байгааг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдын олимпын эрх авах, оноо цуглуулах тэмцээнүүдэд нь амжилт хүслээ.

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ эрэгтэй баг дэлхийд 5, Ази тивд 1 дүгээр байрт, үндэсний шигшээ эмэгтэй баг дэлхийд 11, Ази тивд 3 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.