Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөө шөнө зүүн аймгуудын нутгийн зарим газраар цасан шуурга шуурна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө зүүн аймгуудын нутгийн зарим газраар цасан шуурга шуурч, маргааш өдөртөө Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

2023 оны 04 дүгээр сарын 12-ноос 04 дүгээр сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12, 13-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, 14-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 15-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -13…-18 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2…-3 градус хүйтэн, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Түймрийг цурманд оруулж, унтраалаа DNN.mn

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Хадын булаг” багийн “Уртын цагаан” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км-т, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т дөрөвдүгээр сарын 8-ны өдөр гарсан хээрийн түймрийг хяналтад авч, тархалтыг зогсоогоод байна.

Түймрийн голомтод ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболдоор ахлуулсан ОБЕГын харьяа Үндэсний аврах бригад, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, Дорнод, Сүхбаатар аймгуудийн Хилийн цэргийн ангиуд, Дорнод аймгийн Матад, Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гишүүд, иргэдийн нийт 200 гаруй хүн, 20 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Өнгөрсөн шөнө түймрийн голомтод салхи, шуурга ихтэй ч агаарын температур хүйтэн хоносон. Энэхүү цаг агаарын нөхцөл байдлыг ашиглаж, түймрийн голомтыг хязгаарлах, хумих ажлуудыг зохион байгуулж, түймрийн хяналтандаа авлаа.
Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүргийн дагуу ЦУОШГ, Дорнод аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв, аймгийн Байгаль орчны газар, аймгийн Онцгой комиссоос урьдчилсан экспедицийг гаргаж, Халх гол, Нөмрөг орчимд байрлуулсан. Мөн энэ хугацаанд үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг зохион байгуулснаар Халхголын сав нутгаар цас орж, цасан шуурга шуурч байна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр, маргааш зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи шуургатай, түймрийн эрсдэл өндөр хэвээр байгаа тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Categories
мэдээ нийгэм

ЗЭРЭГЦЭН АМЬДАРЪЯ: Зэрлэг амьтдад зориулсан гарц шаардлагатай байна DNN.mn


Улаанбаатар-Замын Үүдийг холбосон төмөр замыг 1955 онд барьсан бөгөөд галт тэрэгний хөдөлгөөнийг чөлөөтэй байлгах, ослоос урьдчилан сэргийлэхийнтулд хоёр талаар нь өргөст тор босгожээ. Үүний улмаас зүүнээс баруун тийш чиглэсэн цагаан зээрийн нүүдэл зогсож, Монгол орны баруун хэсгийн цагаан зээрийн популяци тархац нутгийнхаа ихэнх хэсэгт устсан гэж судалгаанд дурджээ.

Төмөр замын өргөст тор нь дэлхийд ховордсон хулан, хар сүүлт, цагаан зээр, аргаль хонины шилжилт хөдөлгөөнийг хязгаарладаг байна. Түүнчлэн авто болон төмөр замаар зэрлэг амьтны нүүдэл, шилжилтийг чөлөөтэй нэвтрүүлэх бодлого Монгол Улсад байхгүйн улмаас шинээр барих авто болон төмөр замд зэрлэг амьтанд зориулсан гарц, гарам төлөвлөх боломжгүй байв.

Тэгвэл манай улс Азийн орнуудаас анх удаа “Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн нүүдлийн зэрлэг амьтдад зориулсан гарц, Ерөнхий шаардлага MNS 6735:2018” болон “Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц” MNS 6515:2015 стандартыг баталсан. Үүнийг хэрэгжүүлснээр дэлхийд ховор хулан, хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир, монгол бөхөн зэрэг амьтдын нүүдлийн замд саад учруулахгүй байх боломж бүрдэж буй юм.

Зэрлэг амьтдад зориулсан гарц, гармын стандартын хэрэгжилт ба өнөөгийн байдал

Стандартын хэрэгжилт ямар байгааг холбогдох эх сурвалжуудаас тодрууллаа.


ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын газрын харилцаа байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Батзориг:

Стандартын дагуу гурван төрлийн буюу гүүрэн, нүхэн, нэг түвшний гарц, гармыг байгуулах ёстой. Манай улс одоогоор гүүрэн гарц нэгийг ч хийгээгүй байна. Үүнд 3-4 тэрбум төгрөг шаардлагатайг нарийвчилсан зургаар гаргасан. Тиймээс санхүүжилтийг шийдэх боломжуудыг судалж байна.

Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 416 км замд нэг түвшний 12 гарц болон нүхэн гарц байгуулсан. Таван толгой-Гашуун сухайт чиглэлд 30-50 метр өргөн нэг түвшний гарц 10 байршилд, мөн 3-4 м өндөртэй хоолойнуудыг зэрлэг амьтад гарах боломжтой гэж үзэж байгуулсан. Ингэхдээ амьтдын нүүдлийн эрчимтэй цэгтэй уялдуулж гаргасан” гэлээ.

Харин судлаачид шинээр барьсан авто болон төмөр замуудад амьтдад зориулсан гарц цөөхөн, зай нь ихээхэн хол байгааг онцолжээ.

Тодруулбал, БОАЖЯ-ны захиалгаар 2021 онд баруун, төв болон зүүн бүсийг дамнасан шугаман дэд бүтцийн төслүүдийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, түүний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийжээ. Авто замын тав, төмөр замын хоёр төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд хийсэн шинжилгээгээр нийт 336 шалгуураас 164 буюу 48.8 хувь нь дутмаг гэж үнэлсэн байна. Энэ дүн шинжилгээгээр зэрлэг амьтдын гарц, гарам байгуулах Монгол Улсын MNS 6515:2015 болон MNS 6735:2018 стандартууд батлагдсанаас хойш хийсэн шугаман дэд бүтцийн төслүүдийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд дээрх хоёр стандартын дагуу зэрлэг амьтдын нүүдэл шилжилтийн судалгаанд үндэслэн гарц, гармыг барих тохиромжтой байршил, гарц гармын төрөл, тоог тогтоох, барьсны дараах гарц гармын мониторинг хийх зэрэг төслийг хэрэгжүүлэх, бүтээн байгуулалт дууссаны дараа үйл ажиллагааг хариуцан явуулах тухай маш чухал шаардлагатай мэдээлэл, зөвлөмжүүдийг огт тусгаагүй болохыг тогтоожээ.

Мөн дүн шинжилгээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр болон авто зам, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замууд нь бүс нутгийн болон дэлхийд ховор хуланболон хар сүүлт зээрийн амьдрах орчныг хэсэгчлэн хуваах замаар олон жижиг популяци үүсгэж, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах эрсдэл бий болгож байгааг онцолсон байна.

БОАЖЯ-аас зэрлэг амьтдад зориулсан гарц, гармыгнутгийн иргэд, орон нутгийн захиргаадын санал, инженерийн шаардлагаас гадна зэрлэг амьтдын нүүдэл, шилжилтийн судалгаанд үндэслэн тохиромжтой байршилд баталсан стандартын дагуу хангалттай тоогоор байгуулахгүй бол сүргээр бэлчдэг, хэрмэл зэрлэг амьтдад маш аюултай дэд бүтэц болох эрсдэлтэйг онцоллоо.

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Ц.Уранчимэг:

“Зэрлэг амьтдад зориулсан гарц, гармын стандартыг 2015, 2018 онд баталсан боловч үүнийг хангасан бүтээн байгуулалт одоогоор алга байна. Гүйцэтгэгч тал дэд бүтэц барихдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг БОАЖЯ-аар батлуулдаг. Үүнийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн бүтээн байгуулалтын ажлыг гацаах учраас шаардлагатай өөрчлөлтийг явцдаа нэмэлтээр оруулах боломж олгоод баталчихдаг байсан.

Энэ нь стандартыг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлсөн гэж дүгнэж байна. Тиймээс сүргээр бэлчдэг, хэрмэл амьтдад маш аюултай дэд бүтэц барьж байна. Авто болон төмөр замд гарч буй олон осол, эндэгдэл бол гармыг зөв шийдээгүйтэй холбоотой бидэнд учирч буй гарз, хохирол юм. Иймд бид дэд бүтцийн зураг төслийн үе шатаас эхлэн стандартын дагуу гарц, гарам төлөвлөхийг шаардана. Үгүй бол цаашид байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг батлахгүй. Өөрөөр хэлбэл байгаль орчинд ээлтэй байх шаардлагыг хангаж байж аливаа бүтээн байгуулалтыг хийх учиртай.

Гүйцэтгэгч талууд төмөр болон авто замын дээгүүр гүүрэн гарц барихад зардал өндөртэй гэж байна. Гэвч нэгэнт хийж байгаа бол аливаа бүтээн байгуулалтын урт хугацааны нөлөөлөл, тогтвортой байдлыг тооцох ёстой” гэлээ.

Сүүлийн үед барьсан дэд бүтцүүдэд амьтдад зориулсан гарц, гарам цөөн байгаагаас гадна хоёр талаараа өргөст торон хашаатай байгаа нь амьтдын амьдрах орчныг хувааж, үхэл хорогдол үүсгэсээр байгааг судлаачид хэлж байна.

Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын ахлах судлаач Б.Бүүвэйбаатар:

“Цогтцэций-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам дагуу өргөст тор татсан. Гэтэл хуурай, гандуу уур амьсгалтай манай орны хувьд хэрэн бэлчдэг амьтдын мэнд үлдэх хамгийн гол байгалийн зохилдлогоо нь нүүдэл юм. Үүнийг өргөст тортой төмөр болон авто замаар хаших нь ган, зудтай жил идэш тэжээлтэй газар руу явж чадалгүй өлдөж үхэхэд хүргэдэг. Тал хээрийн хэрмэл амьтдад явдаг тогтсон жим гэж байхгүй. Хаа сайгүй явдаг тул авто болон төмөр замын гарц, гармыг 10-20 км тутамд гаргах, хүн мал, сууринаас зайдуу зэлүүд газруудад төмөр замын өргөст торыг буулгах нь зүйтэй” гэв.

Төмөр замын хориг хашаа буюу өргөст торны стандартын талаар ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын газрын харилцаа байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Батзориг хэлэхдээ “Хөдөлгөөгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор төмөр замын хоёр талаар хамгаалалтын хориг хашаа хийх шаардлага үүсдэг. Энэ нь бэлчээрийн мал төмөр зам уруу орохоос хамгаалж буй ч зэрлэг амьтдад сөргөөр нөлөөлж байна. 2018 онд хийсэн судалгаагаар 8000 орчим цагаан зээр говийн бүсэд төмөр замын өргөст торонд орооцолдож хорогдсоныг тогтоосон. Монгол Улсад хашааны стандарт байхгүй бөгөөд үүнийг яаралтай боловсруулахаар ажиллаж байна. Мал аж ахуй хосолсон манай орны хувьд төмөр зам дагуух торыг бүрэн авах нь хөдөлгөөний аюулгүй байдал талаасаа тохиромжгүй байгаа тул хамгийн зөв шийдэл нь авто болон төмөр замд гарам, гарц байгуулах юм” гэлээ.

Монгол Улс нүүдлийн зэрлэг амьтдыг хамгаалах олон улсын конвенц(CMS)-д 1999 онд нэгдсэнээр нүүдлийн зүйл амьтдын нүүдэлд саад болохуйц сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, арилгах үүргийг олон улсын өмнө хүлээсэн. Тиймээс эдгээр зүйл амьтны нүүдэл, шилжилт, байршлыг алдагдуулахгүйн тулд зэрлэг амьтдыг чөлөөтэй нэвтрүүлэх гарам, гарцыг дэд бүтцийн төсөлд анхнаас нь зөв тусгах нь чухал юм.

ХБНГУ-ын Сенкенбэргийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Нандинцэцэг:

Монгол Улс хүний нөлөөлөл, тэр дундаа хашаа, зам, дэд бүтэц багатай уудам орон буюу онгон зэрлэг байгальтай үлдсэн цөөн орнуудын нэг юм. Тодруулбал бид үүгээрээ илүү онцгойрч, үнэлэгдэж буй. Гэтэл зэрлэг амьтдад зориулсан гарцгүй авто болон төмөр зам, өргөст тор олноор барьж энэ онцлогоо сүйтгэж байна. Иймээс Монгол Улс урт хугацааны хөгжлийнбодлогодоо дэд бүтцийг байгальд ээлтэй төлөвлөх талаар тодорхой тусгах нь нэн чухал. Туурайтан амьтдын амьдралын хэв маягийг харгалзахгүйгээр дэд бүтцээ хөгжүүлснээс Европын олон орон цөөн зүйлийн амьтантай үлдсэн. Тиймээс тэдгээр амьтдын амьдрах орчин болоод тэдгээрийг сэргээн нутагшуулахад асар их хөрөнгө, цаг хугацаа, хөдөлмөр зарцуулж байна. Үүнийг давтахгүй байх боломж бидэнд байна” гэлээ.

Зэрлэг амьтанд ээлтэй гарц, гармын стандартуудыг 2015, 2018 онуудад баталсан ч холбогдох байгууллага, иргэдийн мэдлэг дутмаг байгаа нь стандартуудын хэрэгжилт сул байхад хүргэж, нүүдлийн зэрлэг амьтдад сөргөөр нөлөөлсөөр байна. Иймд хэрмэл амьтдыг хамгаалах тухай асуудлыг олон нийтийн анхааралд оруулж, байгальд ээлтэй шугаман дэд бүтцийг зэрлэг амьтдад ээлтэйгээр гол нүүдлийн замаас нь зайчлан барих болон стандартын дагуу төлөвлөн хэрэгжүүлэхэд шийдвэр гаргагчдын оролцоо чухал юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д шүгэл үлээгчийн булан нээлээ DNN.mn

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, төсвийн хяналтыг сайжруулах талаар Өдрийн сонин дөрөв дэх засаглалынхаа үүргийг нэр төртэй гүйцэтгэж ирсэн билээ. Тэгвэл энэ удаа бид төрийн болон хууль хүчний байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагаа нь олон нийтийн эрх ашгийг хөндсөн баримт, нотолгоог Өдрийн сониноор дамжуулан ил болгож, шүгэл үлээх боломжийг уншигч танд олгож байна.

Улс төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагчдын авлига, албан тушаалын наймаа, цагдаа, хууль хүчний байгууллага иргэнийхээ эрхийг ноцтой зөрчдөг асуудал сүүлийн жилүүдэд нийгэмд ихээр хөндөгдөх болсон. Үүнийг баталгаажуулсан баримт нотолгоог ил болгож чадсанаар төсвийн хяналт сайжирч, монгол хүний эрх зөрчигдөхгүй байх боломж бүрдэх юм. Энэ тухай баримт нотолгоог иргэн та олон нийтэд хүргэхийг хүсвэл “Өдрийн сонин”-ы редакцид биеэр хүрэлцэн ирж хандаарай.

Таны шүгэл үлээж буй асуудал хөдөлшгүй баримт, нотолгоотой байх ёстойг анхаарна уу. Бид таны нэр болон холбогдох мэдээллийг чанадлан нууцалж, “Шүгэл үлээгч” гэх автораар нийтлэх болно.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 2024 оны есдүгээр сард дуусах хугацаатай “Maxim mocha gold” кофе худалдаалаагүй DNN.mn

Сүүлийн өдрүүдэд БНСУ-ын “Dongsuh Foods” компанийн Чанвон дахь үйлдвэртээ хийсэн “Maxim Mocha Gold” кофены найрлагад силиконы агууламж илэрсэн тухай шуугиан дэгдэж, ийм төрлийн кофе хэрэглэгчдийг чамгүй бухимдуулж, силиконы агууламжтай кофе Монголд орж ирсэн, худалдаалагдсан бол хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг асуулт хувь хүн, хэвлэл мэдээллийн байгууллагаас олон ирсэн.

Тиймээс энэ мэдээллийн дагуу хяналт шалгалтын ажил хийсэн ЭМЯ-ны Салбарын хяналтын газраас тодруулахад дараах мэдээллийг өгсөн юм.

БНСУ-ын “Dong Suh foods Changwon” үйлдвэр нь өөрийн нэрийн бүтээгдэхүүн Maxim кофены гурван сарын хяналтын 18 дээжид силикон илэрсэн нь үйлдвэрлэлийн явцад үйлдвэрийн тоног төхөөрөмжид хэрэглэсэн силиконоос бохирдсон. 2024 оны есдүгээр сарын 19-26-ны хооронд дуусах хугацаатай “Mocha gold mix” кофег татан авч цаашид үйлдвэрлэл, чанарын хяналтаа сайжруулж ажиллахаа илэрхийлсэн мэдээллийг өөрийн вэб сайтад байршуулсан байна. Тус гадны биет болох силикон нь нунтаг бус 2-4 мм хэмжээтэй усанд уусахгүй тунах тул хүнд харагдах боломжтой гэсэн байна.

Монгол Улсын Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн кофены импортын сүүлийн таван жилийн мэдээллээс харахад тус нэрийн кофег 2023 онд нэр бүхий нэг компани гурван удаа импортолсон байна.

Мэдээллийн дагуу шалгахад 2024 оны есдүгээр сарын 19, 20, 21, 22, 26-ны өдрүүдэд дуусах хугацаатай “Maxim mocha gold mild” нэрийн кофе илрээгүй.

Гэвч иргэдийг “Maxim mocha gold mild” нэрийн кофе худалдан авахдаа 2024 оны есдүгээр сарын 19, 20, 21, 22, 26-ны өдрүүдэд дуусах хугацаатай эсэхийг нягтлан харж сонголтоо хийхийг сануулан, сэрэмжлүүлэх нь зөв гэлээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуулийн байгууллага гэмт хэрэгтнүүддээ хойд эх, хонгор ээж шиг ялгаатай хандаж байна DNN.mn

Саяхан жагсагч Д.Монголхүү, лайвчин Д.Мөнх-Эрдэнэ нарыг ноцтой гэмт хэрэгтнүүд гэж үзэн шүүхээс ял оноож шоронд явууллаа. Тухайлбал, иргэн Д.Монголхүүг эмнэлэг ороод харихдаа зөвшөөрөлгүй өөр замаар явсан гээд, энэхүү үйлдлийг нь онц аюултай гэж үзээд ял оноолоо. Яллагдагч Д.Монголхүүгийн хувьд зургаан цагдаа зодсон гэх хэргээр нэг жилийн хугацаанд зорчих эрхээ хязгаарлуулаад байсан. Тэгэхдээ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс хаашаа ч явахгүй байх шийтгэл хүлээж цахим гав зүүсэн. Гэтэл зөвшөөрөлгүй замаар явлаа гээд ялтан боллоо.

Лайвчин Д.Мөнх-Эрдэнийн тухайд дөрвөн зүйл ангиар ялын тогтоол уншуулсан.

Түүнийг Хөх хотын ерөнхий консулаар ажиллаж байхдаа өөрт оногдуулсан байраа томсгосон, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн, дэд консулдаа 700 мянган төгрөг, Бямбаа гэгч хүнд 300 мянган төгрөг, өөрийн эхнэр Бямбажаргалд 500 мянган төгрөг илүү олгосон, нийтдээ улсад 82 сая төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн. Мөн Гадаад хэргийн яамны ажилчид, хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэж Эрүүгийн хуулийн 23.1.1 гэсэн зүйл ангиар буруутгасан. Энэ нь мэдээж Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн хүү, ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга н.Анхбаярт салаавч гаргасан асуудал. Дээрээс нь Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга асан С.Оюунбилэг гэж хүнийг Ц.Нямдоржийн нууц амраг гэж гүтгэсэн, худал мэдээлэл тараасан гэж үзсэн. Ингээд дөрөвт нь “Евро сервис” компанийн газартай холбоотой маргаан, УИХ-ын даргын хэвлэлийн албыг хариуцаж байсан Б.Эрдэнэбаяр гэгчид 30 сая төгрөгийн авлига өгсөн гэх асуудлаар Эрүүгийн хуульд заасны дагуу яллаж гурван жил 10 сарын ял оноосон юм.

Ар гэрийнх нь зүгээс “Гурав, дөрвөн жилийн өмнөх консулын асуудлыг одоо сөхөж гаргаж байгаа нь энэ бол захиалгатай ял гэдэг нь харагдаж байна. Ц.Нямдорж гэж хүний захиалгаар Д.Мөнх-Эрдэнийг 90 хоног хорьсон. Одоо дөрвөн жилээр яллаж байна” гэж эсэргүүцлээ илэрхийлсэн бол өмгөөлөгч нь “Хүүхдийн сургалтын төлбөрийн асуудал, галт тэргээр явах байсныг нь онгоцоор ниссэн гээд бас 500 мянган төгрөгийн асуудал гэдэг ч юм уу үнэн инээдэмтэй жижигхэн юмаар яллачихлаа. Тав хоногийн дотор 82 сая төгрөгийн асуудлыг барагдуулах хууль эрх зүйн хувьд боломжтой, гэвч шүүхээс энэ боломжийг нь өгөлгүй шууд ялыг нь өгөөд явууллаа” гэдгийг хэлсэн.

Ийнхүү Монголын хуулийн байгууллагыг хэн нэгэн албан тушаалтан, эрх мэдэлтэн, нам улс төрийн хүчин, өөрийн хувийн байгууллага шигээ удирдаад ардчиллын дуу хоолой болсон, шударга ёс, тэгш эрхийн төлөө үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг яллалаа. Олон нийтийн зүгээс ингэж эсэргүүцэж байна. Хувийн хэвшлийн эзэн өөрийн байгууллагыг удирдахдаа бүх л зүйлийг өөрийнхөө хүссэн, санасны дагуу явуулдаг. Тэрийг тэгж хийнэ, энийг ингэж өөрчилнө гээд өөрийнхөө санасны дагуу хийдэг. Хэрвээ хэн нэгэн санаа бодлыг нь эсэргүүцвэл түүнтэй хамтарч ажиллахаасаа татгалздаг. Яг үүн шиг эрх баригч нам, эрх мэдэлтэй албан тушаалтнууд хуулийн байгууллагыг хувийн байгууллага шигээ удирдаж, хэнийг хорьж, хэрхэн яаж яллахыг санасныхаа дагуу шийдчихэв үү хэмээн хардахад хүргэлээ. Д.Монголхүү, Д.Мөнх-Эрдэнэ нарын шүүх хурал үүнийг бататгаад өгөх шиг боллоо.

Хуульч Ж.Баярмаа “Д.Мөнх-Эрдэнэд ял оноосон асуудалд шүүх хэн нэгэн хүний, улстөрчдийн магадгүй эрх баригч МАН-ын захиалгаар шүүх ажиллагаагаа явуулж байгааг үгүйсгэхгүй ийм байдалд хүрлээ. Та бүхэн сонссон байх. Шүүгч Отгонцэцэг нь Архангайгаас ирж томилогдоод, хэрвээ ял оноох юм бол хотод үлдэнэ гэсэн яриаг Мөнх-Эрдэнэ өөрөө хэлсэн, протоколд үлдсэн. Мөн прокурор Ганхөлөг гэдэг хүн ял өгөхгүй бол болохгүй байна. Дээрээс намайг ял өг гэж шахаад байна гэдэг зүйлийг хэлснийг Мөнх-Эрдэнэ бас өөрөө хэлсэн. Тэгэхээр шүүх ажиллагаа нь бүхэлдээ шүүгчид, прокурорынхны албан тушаал ахидаг хэрэгсэл болж хувирах вий. Мөнх-Эрдэнийн ярианаас маш ноцтой зүйл сонсогдож байна. Шүүгчийн албан тушаал ахих, прокурорын албан тушаал ахих асуудлыг шүүх ажиллагааны хэрэгсэл болгож болохгүй. Ард түмэн шүүхэд улам итгэх итгэлгүй болно. Монголын шүүх өнөөдөр МАН-ын даалгаврыг биелүүлээд байгаа юм биш байгаа гэх хардалтыг төрүүлж байна” гэж хэлсэн. Шүүхээс 82 сая төгрөгийн хохирол учруулсан гэж Д.Мөнх-Эрдэнэд дөрвөн жилийн ял оноолоо. Тэгвэл 40 их наядаар нь идэж, улс орноо тоносон нүүрсний хулгайчдын хэрэг, 3.2 их наядын чанаргүй зээлийн асуудалтай Хөгжлийн банкийг тоносон хулгайчдын хэрэг, мөн ЖДҮ-гээс зээл нэрээр улс орноо тоносон албан тушаалтнууд, дарга сайд нартайгаа Монголын шүүх хэрхэн тэмцэж байгаа билээ.

Хөгжлийн банкнаас зээл олгоход эрх мэдэл давуу байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Хөгжлийн банкны зээлдэгчээс авлига авсан гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарыг яллагдагчаар татлаа гээд байсхийгээд мэдээлдэг. Гэвч асуудал нь хуулиар шийдэгдсэн нь хэн байна. УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд байсан Б.Батзориг эрх мэдлээ ашиглан 8.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь шүүхээр тогтоогдсон.

Мөн тэрээр УИХ-ын нэр бүхий 49 гишүүнд ЖДҮ-ийн зээл олгосон асуудалд холбогдсон байдаг. Гэвч түүнд Монголын шүүх 40 сая төгрөгийн торгууль оногдуулаад ялаас мулталж байсан. 82 саяын хохирол учруулсан Д.Мөнх-Эрдэнэ дөрвөн жилийн ялтай, 8.6 тэрбумын хохирол учруулсан Б.Батзориг 40 саяар торгуулаад ялгүй салж байгаа нь тэгээд шударга уу. Албан өрөөнөөс нь 10 мянган доллар, 10-аад сая төгрөг гарсан, авлига авсан нь батлагдсан Д.Хаянхярваа 40 саяар мөн торгуулаад ялгүй мултарсан.Мөн ЖДҮ-гээс тэрбум тэрбумаар нь зээл авсан Х.Болорчулуун, Б.Саранчимэг гээд гишүүн сайдууд өнөөдөр хууль батлаад, яам удирдаад явж байна. Хөгжлийн банкинд өндөр алба хашиж байхад нь хулгайн хэрэг дэгдсэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнэ гэгч хуулийн байгууллагад шалгуулж байгаа, үгүй нь мэдэгдэхгүй дархан эрхтэй байж байна.

Дээрээс нь нүүрсний 40 их наядын хулгайн хэрэг байна. Нүүрсний хулгайн асуудал хий л нийгмийн дуулиан болоод байгаагаас яг хууль шүүхээр шийдэгдсэн, ял зэм хүлээсэн нь хэн байгаа юм бэ. Д.Мөнх-Эрдэнийн жишгээр бол С.Батдөл 249 жил найман сар, Б.Батзориг 294 жил 4 сар, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар 479 жил 2 сар гэх мэтчилэн хоригдох байжээ гээд хүн бүхэн тооцоо судалгаатай гаргаж ирээд нийтийн сүлжээнд бичиж байна. Үүнийг эрх баригчид эрхбиш харж байгаа байх.

“Авлига, хулгайн ноцтой хэргээр шалгагдаж буй этгээдүүд гадуур дотуур сул чөлөөтэй явж байхад Д.Монголхүү гэж энэ залууг барьж хорьсон нь зөв, шударга шийдвэр болж гэж гадна дотны хэнд ч харагдахгүй. Ер нь түүнийг яагаад хорьсон бэ. Украинд өдөөсөн дайныг иргэнийхээ хувьд эсэргүүцсэн учраас уу” гэж Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн бодлоо илэрхийлсэн байсан. Д.Монголхүүгийн тухайд бол цагдаа зодсон гэх асуудал нь өөрөө хачирхалтай. Төрсөн эгчийнх нь хэлж байгаагаар бол “Цагдаа нар өөрсдөө нийлж зодоод давсаг, түрүү булчирхайг нь гэмтээсэн, гэрт нь орж тав, зургуулаа нийлж зодсон. Ах дүүсийг нь ална, хядна, голомтоор нь устгана гэж байнга дарамталдаг” гэсэн. Тэгэхээр шуудхан хэлэхэд, “No Double standart” хөдөлгөөний залуусыг Оросын Элчингийн шахалтаар яллаж байна гэж олон нийтийн хардаад байгаа үнэний ортой.

Энэ бүхнээс харахад Д.Монголхүү, Д.Мөнх-Эрдэнэ нарт тулгасан ял хэн нэгэн албан тушаалтан, эрхтэн дархтан, эрх баригч намын шийдвэрээр явсан байх магадлалтай нь харагдаж байна. Ер нь хууль шүүхийн байгууллагыг хувийн байгууллага шиг болгосны нэг илрэл Т.Бадамжунай дээр айхтар мэдрэгдэнэ билээ. Түүнийг шүүх шүүгчид олдохгүй байсныг юу гэж ойлгох уу.

Д.Мөнх-Эрдэнэ гэх залууг улсын мөнгөөр хүүхдээ сургуульд сургасан, эхнэртээ 500 мянган төгрөг илүү өгсөн гэж ял оноож байгаа хууль, шүүхээс одоо ЖДҮ-гийн хэрэг, нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэргийг яг ийм зарчмаараа түргэн шуурхай шийдвэрлэхийг ард түмэн одоо шаардах хэрэгтэй. Хичнээн их наядаар нь улс орноо цөлмөсөн эрх баригчид нь албан үүргээ гүйцэтгээд явж байдаг, нийгэмд шударга ёс тэгш эрхийн тухай үгээ хэлж, эрх баригчдыг хатуу шүүмжилж, үнэн мөнийг нь хэлсэн нэг нь ялтан болж байдаг. Монголын хуулийн байгууллага гэмт хэрэгтнүүддээ ингэж зарим нэгд нь хойд эх шиг хатуу хахирган, зарим нэгд нь хонгор ээж шиг нь өр зөөлөн хандаж, алаг үзэж болохгүй ээ. Хууль шүүх бүх хүний ижил тэгш эрхтэй байх үндсэн зарчмаа хадгалах ёстой. Хуулийн байгууллага нь ингэж хэн нэгэн албан тушаалтан, эрх баригчдын дохио зангаагаар хөдөлж, хувийн байгууллага шиг нь байх юм бол улс орон гэж байхын хэрэг байна уу.

Д.Батболд

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Дугаржав: төмрийн хүдрийн баяжмалыг биржээр арилжаалж ил тод болгоно DNN.mn

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагаар томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Таныг томилогдсоны дараахан улсад учирсан хохирлын талаар цочирдмоор дүнгүүдийг Засгийн газрын зүгээс олон нийтэд мэдээлсэн. Үйлдвэрийн үйл ажиллагаа, нөхцөл байдал мэдээж хүнд байдалд байна уу?

-Засгийн газар ямар учраас концессийн гэрээгээ цуцлах болсон, гэрээ хэрэгжүүлэгч тал ямар нөхцөл байдал үүсгэсэн талаар олон нийтэд мэдээлж болох бүх мэдээллийг хангалттай өгсөн гэж бодож байна. Хууль хүчний байгууллагаар шалгагдаад, нотлогдоод явж байгаа асуудал дээр одоо тэр тэгсэн, ингэсэн гэж ярих нь зохимжгүй. Товчхондоо 805,8 тэрбум төгрөгийн өртэй компани хүлээж авсан. Одоогоор 700 тэрбумын хохирол тогтоогдсон хэрэг прокурорын байгууллагад шилжсэн байгаа.

-Энэ их хуримтлагдсан өр төлбөртэй компани үйл ажиллагаа явуулах, өсөж дэвжих боломж байна уу? Компанийн үйл ажиллагааг сайжруулахаар таныг томилсон байх. Таны харж байгаа ойрын ирээдүй ямар байна?

-“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК бол Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн байгуулсан 30 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхай, гангийн үйлдвэрлэл бүхий манай үндэсний томоохон компани. Байгалийн баялагтаа түшиглэн 100 гаруй жил олборлолт, баяжуулалт хийж эцсийн бүтээгдэхүүн гаргах боломжтой. Компанийн мэдэлд 25 сая тоннын нөөцтэй Төмөртолгой, 229,3 сая тоннын нөөц бүхий Төмөртэйн уурхай байдаг, 12,6 сая тоннын нөөц бүхий ашиглаагүй Хуст-Уулын орд газар, жилд 100 мянган тонн ган хайлуулах хүчин чадалтай үйлдвэр бий. Ийм компанид яагаад өсөж дэвжих боломж байхгүй гэж. Миний хувьд өнөөдрийн нөхцөл байдлыг ярьж гоншигономооргүй байна. Надад Засгийн газраас өөрийн мэдлэг туршлага, арга барилаа ашиглаад байгалийн баялгаас нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, импортыг орлон дотоодын зах зээлийнхээ 50-иас дээш хувийг хангах “Монгол ган цогцолбор I” төслийг хэрэгжүүлэн, төмрийн хүдрээ боловсруулах цогцолбор бүтээн байгуулах үүрэг өгсөн. Энэ үүргээ би баг хамт олныхоо хамт биелүүлэхээр чармайж байна, ажиллаж байна. Нэг их хол ойрын ирээдүй гэхээс илүүтэй заавал хийх ёстой ажил, бүтээх учиртай төсөл маань гэж боддог.

-“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн одоогийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу. Яагаад ингэж асууж байна гэхээр зарим нэг төрийн өмчит компаниудыг төр буцаан авснаар байдал дордлоо гэх яриа мэр сэр сонсогддог?

-Манайх үйлдвэрлэл, уурхай гэсэн хоёр үндсэн үйл ажиллагаатай. Яг үнэнийг хэлэхэд өмнөх концесс хэрэгжүүлэгчид хамаг байгалийн баялгаа сорчилж олборлоод экспортлоход л гол анхаарлаа хандуулж үйл ажиллагаагаа тийш нь чиглүүлж байснаас биш уулын ажлын төлөвлөгөөний дагуу хийх ёстой хайгуул, бусад технологийн ажлаа орхигдуулж үйлдвэрлэлийг бол бүр зогсох хэмжээнд хүргэсэн байсан. Концессийн гэрээг цуцалж Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төр буцаан авахад буюу 2022 оны 4-р сард Гангийн үйлдвэр бүрэн зогссон, хаягдал төмрийн нөөцгүй болсон байсан. Техникийн эвдрэл, засвар үйлчилгээ, хаягдал төмрийн нөөц бүрдүүлэлт гээд нэлээд ажилласны хүчинд өнгөрсөн оны сүүлчээс эхлэн бид ямартай ч гангийн үйлдвэрийн төлөвлөгөө нормоо 100 хувьдаа хүргэж тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж чаддаг болсон. Уулын ажлын технологио жигдрүүлсэн. Энэ жил бид 33 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 392 тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн. Өмнөх оныхоос 64 хувиар орлогын хэмжээгээ нэмэгдүүлж болохоор харагдаж байгаа.

Төр аваад дордуулсан гэдэг ярианы тухайд энд нэг ойлголтын зөрүү байдаг юм. Төр хувийн компанийг булаагаад авчихсан юм шиг тэр ойлголтыг олон нийтэд хүчээр суулгачихсан. Үнэн хэрэгтээ анхнаасаа хувийн компани байгаагүй, төр хувийн хэвшилтэй хамтран ажиллах гэрээ хийж тодорхой хугацаатай, болзолтойгоор компани удирдах эрхийг түр зуур өгсөн. Тухайн хувийн хэвшил даалгавраа биелүүлээгүй. Тиймээс төр гэрээгээ цуцалж, компанийн удирдлагаа авсан. Ийм л процесс явагдсан. Нарийн яривал 2,5 жил сул зогсолт хийгээд сул зогсолтынх нь нөхөн олговрыг олгоогүй байсан гэх мэт зөндөө л асуудал байсан байна лээ. Яг үнэндээ компанийн удирдлага хэн байх нь ажилчдад нэг их сонин биш шүү дээ. Цалин мөнгө, нийгмийн асуудал, тогтвортой ажлын байр, хувь хүний өсөж дэвжих боломж л чухал болохоос. Компанийн удирдлагын хувьд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын дунджаас харьцангуй бага түвшинд байгаа цалингаа үе шаттайгаар нэмэгдүүлж дундаж түвшинд аваачих бодлого барьж, өөрийн тань хэлснээр төр авснаас хойш буюу өнгөрсөн нэг жилийн хугацаанд 38 хувиар нэмэгдүүлсэн. Жилийн үр дүнгийн нэмэгдэл 13 дахь сарын цалингаа бүх ажилтнууддаа олгосон. Цаашдаа зөвхөн үр дүн, ур чадвар, санаачилга дээр суурилсан цалин нэмэгдүүлэх бодлого барьж ажиллана. Төр авснаас хойш дордлоо гэж над дээр манай 1500 гаруй ажилтнуудаас нэг ч хүн орж ирээгүй л байна, одоогоор. Ажилчдын нэр барьсан ийм явуулга цаанаа санаа зорилготой байдаг байх аа.

-Төрийн өмчит үйлдвэрийн газрууд ашиггүй ажилладаг, цалингаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зээлж тавьдаг гэдэг шүүмжлэл сүүлийн үед гарах болсон. Танай тухайд?

-Бид Эрдэнэт үйлдвэртэй “зээлийн” биш худалдааны гэрээтэй. Эрдэнэтийн үйлдвэрлэлийн гол түүхий эд ган бөмбөлгийн бэлдэцийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр нийлүүлдэг. Манайх энэ жил 22 мянган тонн ган бөмбөлгийн бэлдэц нийлүүлж 80 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийх гэрээ Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан. Өнгөрсөн жил Эрдэнэт үйлдвэрт 60 орчим тэрбум төгрөгийн ган бөмбөлгийн бэлдэц нийлүүлж байсан бол энэ онд борлуулалт 20 гаруй тэрбумаар өссөн байгаа. Бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийнээс ч илүү, сайн яваа. Манай гангийн үйлдвэрлэл I улиралд төлөвлөгөө нормоо 102,7 хувьтай биелүүлсэн. Бид энэ жил гангийн үйлдвэрлэлээ 37 хувиар нэмэгдүүлж байна. Уурхай, хүнд үйлдвэрийн үйл ажиллагаа харьцангуй тогтворжиж их хэмжээний өртэй байдлаас ашигтай ажиллаж эхэлсэн төлөв рүү шилжсэн. Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн биелэлт, валютын нөөц бүрдүүлсэн байдлаараа энэ жил бид Эрдэнэт үйлдвэр, “Эрдэнэс таван толгой”-н араас буюу гуравдугаарт явж байна. Дээрх үр дүнгүүд бол бидний экспортоо амжилттай эхлүүлсэн, үйлдвэр уурхайн үйл ажиллагаагаа тогтворжуулж ашигтай ажиллах хэмжээнд хүрснийг нотлох жишээ гэж би бодож байна.

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн ажилчдын нийгмийн асуудал хамгийн анхаарал хандуулах асуудлын нэг байдаг. Та энэ тал дээр цалин нэмэгдүүлэхээс өөр хийж байгаа ажил байгаа юу?

-Тэгэлгүй яахав. Олон хоногоор ар гэрээ орхиод уурхайд ажилладаг хүмүүс ардаа санаа зовохгүй байж л ажлаа хийж чадна шүү дээ. Энэ жил бид ажилчдаа хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Одоо нийтдээ 800 айлын орон сууц барих ажил эхэлж байна. Ажилчиддаа аль болох хөнгөлөлттэй нөхцөлөөр байртай болох боломжийг нь бүрдүүлэхээр Зээлийн батлан даалтын сантай хамтарч урьдчилгаа төлбөрийг 30 хувиас 12 хувь хүртэл бууруулахаар хамтарч ажиллаж байгаа. Манайхан маш өндөр сэтгэгдэлтэй байгаа шүү.

-Валютын нөөц нэмэгдүүлэх тухай Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж буй төрийн өмчит компаниудын дотор танайх нэлээн дээгүүр байгаа харагдсан. Богино хугацаанд ам.доллар төвлөрүүлэх даалгавраа яаж биелүүлэв?

-Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилт 2023 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар 3.4 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны есдүгээр сарын эцэстэй харьцуулахад 21 хувиар өссөн дүнтэй байгааг холбогдох албанаас мэдээлсэн. “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”,”Дархан төмөрлөгийн үйлдвэр”, “Монголросцветмет” он гарснаас хойш 443.1 сая ам.долларын орлого төвлөрүүлж чадсан. Ажилд томилогдсон даруйдаа нэг жил гаруй зогссон байсан экспортоо яаралтай эхлүүлсэн. Гадаад дотоодын харилцагч нартаа үнэн бодитой мэдээлэл өгч албан журмаар харилцаж тэдний итгэх итгэлийг сэргээх тал дээр нэлээн ажилласны үр дүн гарсан болов уу гэж бодож байна. Амаргүй байсан. Өмнөх өр алхам тутамд нэхэгдээд хэцүү л байна. Гэлээ гээд яахав дээ. Би тэр зэргээс эмээх байсан бол анхнаасаа томилолт авч ирэхгүй байсан.

-Төмрийн хүдрийн баяжмалыг тойрсон нэг биш асуудал яригддаг. Ялангуяа тээвэртэй холбоотой. Яригддаг асуудлууд хэр үнэний ортой вэ. Тухайлбал, вагоны давхар түрээс гэх мэт?

-Зөв асуулт байна. Шалгадаг газрууд нь шалгаад тогтоох ёстой асуудлууд бол байсан. Экспорт зогссон үед вагонуудыг түрээслэдэг байсан юм билээ. Ингэхээс ч өөр арга байгаагүй. Харин бид экспортоо эхэлсэн учраас түрээсээ зогсоож өөрсдөө тээвэрлэлтээ хийх шаардлагатай болж эхлэхэд буцааж авч таарна биз дээ. Давхар давхар түрээслэсэн, буцааж өгөхгүй байх сонирхолтой зөндөө тулгарсан. Хатуу тэмцсэн. Өөртөө их дайсан хураасан ч би байр суурин дээрээ хатуу зогссон. Одоо вагон түрээслэх тухай ойлголт манай компанид нэг мөр байхгүй болж бүх асуудал цэгцэрсэн. Баяжмалын экспортын тухайд асуудлыг шийдэх гарц бол биржээр буюу олон улсад дуудлага худалдаагаар арилжаа хийх явдал юм. Бид бэлтгэлээ хангаж байна. Тун удахгүй ирэх долдугаар сараас төмрийн хүдрийн баяжмалаа биржээр арилжаална. Үүн дээр бид анхдагч болж ажиллахдаа маш их баяртай байгаа. Уурхай дээр олборлогдсон төмрийн хүдрийн баяжмал хилээр ачигдаад гарах энэ бүх үйл ажиллагааг цахимжуулж, бүртгэлжүүлнэ. Цахим арилжаагаар худалдахдаа хийсэн гэрээн дээр суусан нөхцөлийн дагуу л тухайн баяжмал экспортлогдоно гэсэн үг. Ингэж чадвал дундын элдэв зуучлалгүй, уурхайн амнаас хил хүртэлх бүх зүйлийг цахимжуулж, хардлага сэрдлэггүй болно. Хичнээн тонн төмрийн хүдрийн баяжмал, ямар компанийн ямар гэрээгээр, ямар нөхцөлтэй гарч байгаа вэ гэдгээ бүгдийг нь бүртгэлжүүлж, нээлттэй болгоно. Гэрээнүүд бүгд ил тод болно. Баяжмалаа дэлхийн зах зээлийн үнээр зардаг болно. Үнэ өснө. Энэ бол зүгээр нэг процессын төдий ажил биш, энэ салбарт удаан бугшсан авлигын, хүнд суртлын эсрэг хийж байгаа “тэмцэл” юм. Төрийн алба, түүний албан хаагч авлига ашиг сонирхлоос ангид байх Засгийн газрын бас миний хүсэл зоригтой нийцсэн маш том дэвшил учраас би баяртайгаар үүнийг хийж байгаа.

-Шинэ гангийн үйлдвэр юу болж байна. “Монгол ган цогцолбор I” төслийнхөө талаар мэдээлэл өгөхгүй юу. Энэ төслөөс монголчууд юу хожих вэ?

-Шуудхан хэлэхэд Монголчууд байгалийн баялгаа түүхийгээр нь бас хагас боловсруулснаар нь гадагшаа гаргадаггүй л болно гэсэн үг. Төсөл маань овоо урагштай явж байна. Төслийнхөө ТЭЗҮ-г Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулаад авсан. Саяхан бид орон нутгаас төсөл хэрэгжих талбай газрын асуудлаа шийдүүлж 77.7 га газрыг өөрийн болгож авлаа. Дотоод зохион байгуулалтын асуудлаа нэлээн шийдээд ямар ч байсан үйл ажиллагаа маань хэвийн явж байгаа учраас одоо том төсөл рүүгээ анхаарлаа хандуулж чадахаар болоод байна.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжих “Монгол ган цогцолбор I” төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ 500 орчим сая ам.доллар. Гангийн үйлдвэрлэлийн технологи, хөгжлөөрөө тэргүүлж байгаа дэлхийн томоохон компаниуд энэ төслийг сонирхож байгаа. Тухайлбал, сонирхогч талд Хятад, Япон, Солонгос, Энэтхэг, Канад улсын салбартаа тэргүүлэгч томоохон компаниуд байна. Бидэнд манай улсад хамгийн тохиромжтой, эдийн засгийн үр өгөөж сайтай, байгальд ээлтэй, урт хугацаанд үр ашгаа өгөх тэр хөрөнгө оруулалтын хувилбарыг сонгохын тулд сонирхогч талуудтай уулзаж саналыг нь сонсох, судлах ажлууд их байна. За ингээд хөрөнгө оруулалтаа улсдаа ашигтай байдлаар шийдчихвэл эх орныхоо төмрийн хүдрээс импортыг орлох эцсийн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодын зах зээлийн 50-иас дээш хувийг хангах боломж бүрдэнэ гэсэн үг. Төслийг дагалдан шинээр 1600 гаруй ажлын байр нэмэгдэж татварын орлого 11,2 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ. Жилд 350 мянган тонн иржгэр ба гөлгөр ган туйван, булан төмөр, швеллер, төмөр утас үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрлэлийн цогцолбор байгуулагдана. Шинэ гангийн үйлдвэрийг дагаж бусад жижиг, дунд үйлдвэрүүдийн кластер хөгжих боломж бүрдэж, ширмэн цутгуур, төмөр утсан хийц, металл боловсруулах, зормол эд анги, давтмал эд анги хийх үйлдвэр, боловсруулсан шаарыг авто зам, цементийн үйлдвэрт ашиглах, барилга, өндөр хүчдэлийн тулгуурын металл хийцийн үйлдвэрүүд ч хөгжих боломжтой болох юм.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр могой өдөр DNN.mn

Аргын тооллын
дөрөвдүгээр сарын 11,
Ангараг гариг. Билгийн
тооллын 20, гар одтой,
шарагчин гахай өдөр. Өдрийн
наран 6:12 цагт мандан, 19:35 цагт
жаргана. Тухайн өдөр хонь, туулай
жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй
тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд
хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх,
мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх,
нялхсын хурим хийх, хийморийн дарцаг
хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах,
гөлөг тэжээх, уул овоо тахихад муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь,
хонь, нохой, гахай болой. Хол газар
яваар одогсод урагш мөрөө гаргавал
зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу
засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө +4 хэм дулаан DNN.mn

Хур тунадас: Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун хойноос, өдөртөө нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө говь, тал, хээрийн нутгаар, өдөртөө Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -16…-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…-6 градус, Дорнодын тал нутаг, Улз, Халх голын хөндийгөөр -5…-10 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -3…+2 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +2…+7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12…+17 градус, бусад нутгаар +6…+11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Өдөртөө их төлөв цэлмэг. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -16…-18 градус, бусад хэсгээр -12…-14 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Өдөртөө их төлөв цэлмэг. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -12…-14 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Өдөртөө их төлөв цэлмэг. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -16…-18 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Матаачид манддаг цаг ирдэг л юм байна” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн,
Төрийн байгуулалтын
байнгын хорооны дарга Н.Энхболд “Холимог тогтолцоог 2012 оноос хойш
тууштай явуулсан бол өдийд нийгэм, улстөрчдийн
сэтгэлгээ, хандлага өөр болчих байлаа гэснийг II нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

“Өдрийн сонин”-д
шүгэл үлээгчийн
булан нээлээ

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Матаачид манддаг цаг
ирдэг л юм байна” хэмээн өгүүллээ.

Сэтгэл зүйч Т.Мөнхнаран “Эрчүүд
хөгшрөхөөр гэр бүлийн, төрийн
ямар ч халамжийг хүртэж чаддаггүй” гэв.

Жагсагчид: Шаардлагынхаа хариуг
хүлээж авах хүртлээ өдөр бүр
жагсана

Эдийн засагч Г.Батзориг “Төсөв ашигтай гэхээсээ илүүтэй
зарлага талд хэр их хэмжээний мөнгө
зарцуулагдаж байгаагаас хамаарч эдийн
засагт үзүүлэх нөлөө мэдрэгдэнэ” гэлээ.

Уламжлалт анагаах
ухаан, технологийн
хүрээлэнгийн үйлдвэрчний
хорооны дарга, ахлах
зэргийн эмч Н.Мөнхбат “Манай улс ойролцоогоор 300-400
орчим нэр төрлийн уламжлалт тантай” хэмээв


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ