Categories
мэдээ нийгэм

“Лидерспортинг Монголиа” ХХК Эрдэнэт Miners багийн тамирчидтай хамтран ажиллахаар боллоо DNN.mn

Лидерспортинг Монголиа ХХК нь 2008 онд Хятад улсын Li-ning брэндийн албан ёсны дистрибьютор болж одоогоор 15 дахь жилдээ ажиллаж байна.

Энэ хугацаанд клубууд, баг, тамирчидтай хамтран ажиллаж байсан бол өнөөдөр Эрдэнэт Miners-н тамирчид болох Г.Баттөр болон Г.Ган-Эрдэнэ нартай хамтран ажиллах гэрээ үзэглэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Хуланд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно DNN.mn

Яруу найрагч, зохиолч Ц.Хуланд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Түүнийг 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр 48 цагийн хугацаатай түр саатуулж, нэгдүгээр сарын 20-ноос цагдан хорьсон. Сүүлд хоёр удаа цагдан хорих хугацааг нэг сараар сунгасан юм.

Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнийг “гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” гэх хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нийт 1832 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1462 гэмт хэргийн шинжтэй 112 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Ой, хээрийн түймэрт өртсөн 15 айлд гэр олгохоор болжээ DNN.mn

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Халхгол, Матад сумдыг хамарсан түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоохоор Дорнод аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 12-15 гэр (сууц), 16 хашаа (саравч), 1 автомашин өртсөн.

Үүнтэй холбогдуулан гэр нь шатсан 15 айлд улсын Онцгой комиссоос гэр олгож, тээвэрлэн хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Нүүрс экспорт 4.6 дахин өсчээ DNN.mn

Гуравдугаар сарын 31-ээс дөрөвдүгээр сарын 6-ны өдрүүдэд нүүрс экспортын 8583 автомашин, 1443 чингэлэг тээвэр, 1020 AGV тээвэр хийгдсэн байна. Тайлант хугацаанд 1,161.9 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 442 хувь буюу 4.4 дахин өссөн. Оны эхнээс 15,021.1 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 12,322.2 мян.тн-оор буюу 4.6 дахин өссөн байна.

Харин 384 автомашин, 150 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолсон байна. Оны эхнээс нийт 356.6 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 8 хувиар өсжээ.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 89 автомашин, 1469 чингэлэг тээвэр хил нэвтэрсэн. Оны эхнээс нийт 1,388.6 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 100.6 хувиар өсөв. Тайлант 7 хоногт 111.8 мян.тн төмрийн хүдэр, баяжмал хилээр гарчээ.

Төв банк оны эхнээс 4 сарын 6-ны өдрийн байдлаар 2.65 тонн алт худалдан авсан байна.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 32 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 41.2%, зэсийн баяжмал 27.7%, төмөр 16.5%, алт 13.3%, газрын тос 18.8%, цайр 59.9%, хайлуур жонш 46.7% тус тус байна.

Categories
мэдээ цаг-үе

АИ-92 шатахууны 21 хоногийн нөөцтэй байна DNN.mn

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар нийт 97,675 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 5,399 тн буюу 32 хоногийн, АИ-92 автобензин 26,592 тн буюу 21 хоногийн, АИ-95 автобензин 2,870 тн буюу 22 хоногийн, ДТ 59,062 тн буюу 24 хоногийн, онгоцны түлшний 28 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 50,720 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,002 тн, АИ-92 автобензин 13,541 тн буюу 14 хоногийн, АИ-95 автобензин 1,528 тн буюу 21 хоногийн, ДТ 31,331 тн буюу 26 хоногийн хэвийн нөөцтэй байна.

Манай улс он гарсаар нийт 532.4 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 6.5 мян.тн, АИ-92 автобензин 154 мян.тн, АИ-95/98 автобензин 5.9 мян.тн, ДТ 304 мян.тн, онгоцны түлш 10.6 мян.тн, Жет А-1 14 мян.тн, бусад 37 мян.тн байна.

Эх сурвалж: УУХҮЯ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нэг сарын хугацаанд нийтийн тээврийн автобусанд бэлэн мөнгөөр зорчсон 12.219 зөрчил илэрчээ DNN.mn

Нийслэлийн Нийтийн тээврийн газраас автобусны үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалтыг хийж байна.

Гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл буюу нэг сарын хугацаанд бэлэн мөнгөөр зорчиж буй 12,219 зөрчил, картын үлдэгдэл хүрэлцэхгүй 7,635, нийт 19,854 зөрчил илэрсэн байна.

Хамтарсан шалгалт нь зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавьж, хууль дүрэм таниулах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулахад оршиж байгаа аж.

Иймд иргэдийг смарт картаа хэрэглэж хэвшихийг Нийслэлийн нийтийн тээврийн газраас санууллаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Энхболд: Баривчилгаа бүрийг шүүх мэдэж байх ёстой. Гэвч баривчилгааны 73 хувийг шүүх мэдэхгүй өнгөрч байна DNN.mn

ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор Б.Энхболдтой ярилцлаа.


-ХЭҮК-оос УИХ-д өргөн барьсан 2022 оны хүний эрхийн нөхцөл байдлын талаарх илтгэлээс хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн асуудал анхаарал татаж байгаа. Тэр дундаа сэжигтэн, яллагдагчийг шүүхийн шийдвэргүйгээр баривчилдаг явдал маш өндөр хувьтай байна. Гэхдээ үүнийг ярихын өмнө сэжигтэн, яллагдагч ямар эрхтэй байдаг юм бэ, тэдний эрхийг яагаад чухалчлах ёстой талаар тодруулахгүй юу?

-Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн асуудлаар дөрвөн ойлголтыг хөндөж оруулсан. Тодруулбал, шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, бүх насаар хорих болон ганцаарчлан хорих ял эдлүүлж байгаа практик, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ гэсэн хүний эрх чөлөөг хязгаарладаг онцгой арга хэмжээний талаар энэ удаагийн илтгэлд онцолсон.

Ер нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрх, ялангуяа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрхийг хангах асуудал Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенциор хүлээсэн үүрэг байдаг.

Хүн төрөлхтний хөгжлийн түүхээс харахад гэмт хэргийг нотлохын тулд эрүүдэн шүүдэг, үүний улмаас хүний эрүүл мэнд, амь нас хохирдог бүдүүлэг хүний эрхийн зөрчлийн дунд хэдэн зуун жил явж ирсэн байдаг. Үүнээс татгалзаж, гэмт хэрэгт холбогдсон хүнийг ямар ч тохиолдолд төр гарцаагүй нотолдог байх ёстой, ингэхдээ эрүүдэн шүүж биш мөрдөн шалгах ажиллагааны тактик арга зүйгээр гарцаагүй нотолдог байх ёстой гэдэг зарчмыг хэрэглээд хэвшсэн. Энэ зарчмын агуулга нь нэгдүгээрт, гэм буруугүйд тооцох, хоёрт, мэтгэлцэх, гуравт, хүн өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх гэсэн хүний эрхийн үндсэн зарчмууд бөгөөд эдгээрийг Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудууддаа зааж өгсөн.Нөгөө талаас гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа гэдэг нэг талд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч буюу нэг хүн, нөгөө талд мөрдөх байгууллага, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гэсэн дөрвөн том тогтолцоо ажиллаж байдаг. Тийм учраас энэ том тогтолцооны өмнө тухайн хүнд бүхий л арга хэрэгслээр өөрийнхөө эрх, ашиг сонирхлоо хамгаалах бололцоог олгох ёстой. Энэ үүднээс сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрхийг хуулиар тодорхойлж, хангах зайлшгүй шаардлага тавигддаг.

-За, илтгэл рүү оръё. Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа нийт баривчилгааны 99 хувийг эзэлж байгаа нь тогтоогдсон байна. Үүний ард хүний эрхийн зөрчил байна гэж хардаж байгаа. Зөв үү?

-Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа ЭХХШТХ-д сэжигтнийг баривчлах хоёр төрлийг хуульчилсан. Нэгд, шүүхийн зөвшөөрөлтэй баривчлах, хоёрт, шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах гэсэн хоёр төрөл. Эндээс сүүлийн үед анхаарал татаад байгаа асуудал нь шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах ажиллагаа маш их байна. Энэ нь бараг 98-99 хувьтай байна гэдэг шүүмжлэл гарч байгаа. ХЭҮК-ын судалгааны дүгнэлтээс үзэхэд шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах ажиллагааг яах аргагүй 98-99 хувьтай хэрэглэсэн болох нь харагдсан.

Гэхдээ 99 хувийн шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах гэдэг ойлголт нь ямар ч хүний эрхийн хяналтгүйгээр хэрэгжиж өнгөрдөг процесс гэсэн үг биш юм. ЭХХШТХ-д хэрэв сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилж байгаа бол баривчилсан даруйд прокурорт мэдэгдэж, прокурор тухайн мөрдөгчийн тогтоолыг шүүхэд хүргүүлэн, шүүх 24 цагийн дотор энэ асуудлыг шийдвэрлэнэ гэж тодорхой заагаад өгчихсөн. Тэгэхээр ямар ч хяналтгүйгээр явагдаж байна гэж үзэх нь учир дутагдалтай. Учир нь гэмт хэрэгтэй тэмцэх үүднээс тухайн үед нь гарцаагүй тохиолдолд баривчлаад, баривчилсан тогтоолыг нөхөж прокурорт мэдэгддэг тогтолцоо явж байгаа юм. Эндээс харахад шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах гэдэг нэр томъёо нь Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн олон улсын пакт, Үндсэн хуулийнхаа зарчимтай нийцэж байна уу, үгүй юу гэдгийг эргэж харах шаардлагатай. Дээр нь шууд харахад хууль зөрчсөн шинжтэй томъёоллыг тусгасан байна гэж ХЭҮК дүгнэж байгаа.

-НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг шүүхийн шийдвэргүй баривчилдаг явдал 99 хувьтай байна гэж нийтэд зарласан. Комиссын шалгалтын үр дүн ч үүнийг баталсан байсан шүү дээ?

-Өнгөрсөн оны аравдугаар сард НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг ажиллаад 98-99 хувь нь шүүхийн зөвшөөрөлгүйгээр хавтгайруулан баривчилж байна гэдэг урьдчилсан дүгнэлтийг гаргасан. Комиссоос энэ удаагийн судалгааны үр дүнгээр үнэхээр бодитой хавтгайруулан баривчилж байгаа асуудал байна уу, үгүй юу гэдгийг тогтоох зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 461 дүгээр цагдан хорих төвд сүүлийн гурван жилд шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдаад суллагдсан 864 кейс дээр нэгбүрчлэн дүн шинжилгээ хийж үзсэн. Ингэхдээ шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан тохиолдол бүрийг хууль бус гэж дүгнэх боломжгүй. Харин үүн дотор хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж, процессын ажиллагааг хуулийн дагуу явуулахгүйгээр баривчлах ажиллагааг явуулсан тохиолдол 60 орчим хувьтай байна гэж тогтоогдсон.

-Мөрдөгчид яагаад шүүхийн шийдвэргүйгээр баривчлах ажиллагааг илүү сонгоод байдаг юм бол. Нийт баривчилгааны 99 хувь нь бүгд оргон зайлахыг завдсан, баримт нотолгоогоо устгах эрсдэлтэй, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй нөхцөл байдалтай байна гэж харагдаад байна. Гэхдээ амьдрал дээр арай тийм биш биз дээ?

-Монгол Улсад жилд 71 мянга орчим хүн гэмт хэрэгт ямар нэгэн байдлаар холбогдож шалгагдаж байна. Эдгээрээс 2020 онд 798 хүнийг баривчилсан. 2021 онд 821 хүнийг баривчилсан. 2022 онд 1075 хүнийг баривчилсан. 2020 онд баривчилсан 798 хүнээс шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан нь 793 буюу 99 хувь нь болчихоод байгаа юм. Гэхдээ энэ нь нийт гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 99 хувийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр хавтгайруулан баривчлаад байна гэсэн үг биш шүү дээ. Олон нийт энэ талаас нь хараад байж болзошгүй. 71 мянган хүний 99 хувийг баривчилна гэвэл зах замбараагүй юм болно. Энэ баривчилгаа нь Монгол Улсад жилд эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нийт хүний 1-1.5 хувийг эзэлж байгаа юм.

Комиссын хийсэн судалгаанаас тэд эрхийн эсрэг гэмт хэрэг дээр 46.3 хувь, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт 16.1 хувь нь баривчлагдсан байна. Эндээс харахад Монгол Улсад хамгийн түгээмэл үйлдэгддэг гэмт хэргүүд дээр баривчилгааг хийж байна дүгнэж болно. Яг кейсүүдийг уншаад үзэхээр баривчлахаас аргагүй нөхцөл байдалтай хэргүүд шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан ажиллагааны 80 орчим хувийг эзэлж байгаа юм. Харин 20 орчим хувь нь магадгүй шаардлагагүй үед баривчилчихсан юм биш биз, эсвэл нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулаагүй, сэжиг таамгаар, хэн нэгэн хүний нэрлэн зааснаар баривчилсан байхыг үгүйсгэхгүй байдал илэрч байгаа. Үүн дээр ХЭҮК баривчлах ажиллагааны дөрвөн үндэслэлийг нарийвчлаач гэдэг шаардлагыг тавьж байгаа юм

-Хойшлуулшгүй ажиллагаа гэх үндэслэлээр ихэнхдээ баривчилдаг юм байна. Энэ нь хэт ерөнхий байгаагаас хүний эрх зөрчигдөх байдал гарч болзошгүй гэж та бүхэн дүгнэсэн байсан уу?

-Жишээ нь, хойшлуулшгүй тохиолдол гэдэг бол хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал илэрсэн бол сэжигтнийг баривчилж болно гэж үздэг. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад зааснаар баривчлах үндэслэл нь хэт ерөнхий байж болохгүй гэдэг. Өөрөөр хэлбэл, дураараа тайлбарлаж хэрэглэх бололцоог олгохгүйгээр хуульчилсан байх ёстой. Бидний судалгаагаар хойшлуулшгүй тохиолдол хэт ерөнхий шинжтэй байна, энэ нь хүнийг шаардлагагүй тохиолдолд баривчлах хандлага байж болзошгүй байна. Хоёрдугаарт, гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч хохирогч шууд заасан гэдэг үндэслэл нь өргөн хүрээнд байж болзошгүй. Учир нь тэр хүн тэр гэмт хэргийг үйлдсэн гэж хэлэхээр шууд баривчлах үндэслэл бүрдээд байгаа учраас үүн дээр тодорхой хязгаарлалтыг тогтоож өгөөч гэдэг шаардлагыг тавьж байгаа.

-Илтгэлд ажлын бус цагаар болон оройн цагаар баривчилдаг явдал нэлээд өндөр хувьтай дурдагдсан байсан. Бас л хүний эрхийн зөрчлийн нэг хэлбэр гэж харж болох юм?

-Ажлын бус, шөнийн цагаар баривчилсан статистик өндөр харагдаж байгаа нь үнэн. Энэ нь магадгүй үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шинж чанар, онцлогтой холбоотой байхыг үгүйсгэхгүй. Учир нь нийт баривчилсан тохиолдлын 46 хувь нь хулгайлах гэмт хэрэг, 16 хувь нь хүний амь нас эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, найман хувь нь хүний эрүүл мэндэд халдсан гэмт хэрэг, 12 хувь нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байна. Судалгаанаас харахад шөнө оройн цагаар үйлдэгдсэн байдаг. Энгийнээр ярихад баар ресторанд согтууруулах ундаа хэрэглэдэг, гараад зодолддог, нэгнийхээ эрүүл мэндэд хутга мэс хэрэглэж гэмтэл учруулдаг. Хууль сахиулагчид тэр үед нь таслан зогсоож баривчилж таарна. Хулгайлах гэмт хэрэг гэхэд аль болох хүнийг унтаж амарч байх үед, эзгүй байхад удаа дараагийн хулгай хийх нөхцөл үүсдэг учраас баривчилж байгаа цаг хугацаа нь тэгж таарч байж болзошгүй. Түүнээс гадна ХЭҮК-т хүний нэр, хаяг, ажлын газар, оршин суугаа газар нь тодорхой байгаа, дуудсан цагт асуудалгүй хүрэлцэн очих боломжтой хэргийн холбогдогч нарыг заавал ажлын бус цагаар, гэр орноос нь, эсвэл өөр газарт байхад нь баривчлах хандлага гараад байна гэдэг гомдлыг ирүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор бид мөрдөх байгууллагуудаас тайлбар дүгнэлтүүдийг гаргуулж авсан. Ямар төрлийн гэмт хэрэг вэ гэдгээс хамаарч мөрдөн шалгах байгууллагуудын нарийн тактикийн асуудал байдаг юм билээ. ХЭҮК кейс бүр дээр ингэж болохгүй гэж зөвлөх нь хуулиар хязгаарлагдмал.

Харин бид олон улсын гэрээ конвенци, мөрдөн шалгах ажиллагаанд хүний эрхийг дээдэлдэг дэлхийн улс орнуудын сайн туршлага, практикуудыг нэвтрүүлэх талаар зөвлөмж өгч байгаа. ХБНГУ, Франц, Япон зэрэг улс орнуудад тодорхой хязгаарлалтуудыг зааж өгсөн байдаг. Хэрэв сэжигтэн оршин суугаа хаяг нь тодорхой, оргон зайлах бодит үндэслэл байхгүй, ажил хөдөлмөр эрхэлдэг байвал аль болох ажлын бус цагаар баривчлахгүй байх, тэдгээрийн гэр бүлийн хүмүүс хамаарал бүхий хүмүүст сэтгэл зүйн болон бусад дарамтыг учруулахгүй байхаар мөрдөн шалгах ажиллагааг явуулах зохицуулалтуудыг хуульчилж өгсөн. Үүнийг бид судалж ЭХХШТХ-д хязгаарлалттайгаар оруулж өгөх нь хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцнэ гэж дүгнэж байгаа.

-48 цагийн баривчилгааны талаар тодруулахгүй юу. Баривчилсны дараа 24 цагийн дотор үргэлжлүүлэх эсэхийг шийдэх ёстой гэдэг. Гэвч олон нийтэд ил болсон кейсүүд дээр 48 цаг баривчилна гэдэг ойлголт хэвшмэл харагддаг. Энэ нь юунаас үүдэлтэй вэ?

-2017 оны ЭХХШТХ-ийн нэг дэвшилтэт заалт бол сэжигтнийг баривчлах дээд талын хугацаа 48 цаг гэсэн нь өмнөх хуультай харьцуулахад хугацааг богиносгосон зохицуулалт болсон. Гэтэл судалгааны явцаас харахад 50 орчим хувь нь заавал 48 цаг тулгаж асуудлыг шийдвэрлэдэг, эсвэл сэжигтнийг сулладаг хандлага байна. Гэтэл ЭХХШТХ-ийн үзэл баримтлал нь аль болох богино хугацаанд, хамгийн цаад тал нь 48 цаг шүү гэдэг үзэл санаагаар бичигдсэн. Бүр сэжигтнийг баривчилсан даруйд үндэслэл нь хууль ёсны эсэхийг шүүх 24 цагийн дотор шийдвэрлэнэ гэж заасан. Бүр тодруулбал, 24 цагийн дотор шүүхийн хяналтанд энэ үйл ажиллагаа орсон байх ёстой, шүүх суллах, эсвэл 48 цаг хүртэл сунгах шийдвэрийг гаргаж байх хуультай.

Гэтэл энэ хуулийн заалт практик дээр төдийлөн сайн хэрэгжихгүй байна. Үүнтэй холбоотойгоор магадгүй 48 цаг хүртэл байх ёстой гэдэг хандлагууд гараад байхыг үгүйсгэхгүй. Цаашид баривчлах ажиллагааны 48 цаг гэдэг бол туйлын заавал байх ёстой цаг биш, аль болох богино хугацаанд үргэлжлүүлж цааш нь цагдан хорих уу, эсвэл өөр таслан сэргийлэх арга хэмжээ авах уу гэдгийг шүүх нэн даруй шийдэж байх ёстой. Ийм үзэл санааг ЭХХШТХ-д хуульчилчихсан. Энэ нь хүний эрхийн зарчмын хэм хэмжээндээ нийцсэн нэлээд дэвшилттэй зохицуулалт. Харин хэрэгжилт хангалтгүй байна гэж Комисс дүгнэж байгаа.

-Хууль хүчний байгууллагуудын хүний эрхийн мэдрэмж, хандлагын асуудал сүүлийн үед ихээр хөндөгдөж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Хэд, хэдэн асуудал гарч ирж байгаа юм. Нэгд, хуулийнхаа үзэл санааг бүрэн ойлгож, хэрэгжүүлэхгүй байна. Хоёрт, хүн хүчний нөөц дутагдал, ажлын зохион байгулалттай холбоотойгоор хуулийг тэр бүр дагаж мөрдөхгүй байна. Ялангуяа шүүх ажлын бус цагаар, амралтын өдрүүдэд ажиллахгүй байгаатай холбогдуулаад мөрдөх байгууллагууд, прокуророос нэн даруй шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн энэ шийдвэрүүдийг хянаж шийдвэр гаргах ажиллагаа удаашралтай байгааг засах шаардлагатай.

Түүнээс гадна мөрдөх, хяналт тавих, шүүх эрх мэдлийн албан хаагчдын хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, ялангуяа хүний эрхийг хязгаарлаж байгаа энэ арга хэмжээ маш онцгой төрөл. Баривчилгааг эцсийн арга хэмжээ болгож хэрэглэх ёстой юм. Хэрэглэсэн тохиолдолд аль болох шуурхай шийдвэрлэх ёстой гэдэг хандлага дутмаг байна уу гэж харагдаж байна. Тэгэхээр хууль эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй, мөн алба хаагчдын энэ талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлэх нь зүйтэй. Дээр нь иргэд өөрсдийнхөө эрхийг хамгаалах чиглэлээр, хэрэв өөрийг нь хууль зөрчиж баривчилсан гэж үзэж байгаа бол энэ талаар гомдол мэдээллээ гаргадаг соёл хандлагыг төлөвшүүлэх шаардлагатай.

-Хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэж та хэллээ. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд яах ёстой юм бэ. Эцсийн дүндээ энэ нь монгол хүний эрх, эрх чөлөөний чухал асуудалтай холбогдож байгаа шүү дээ?

-Баривчилсан тогтоолыг прокурор нэн даруй шүүхэд хүргүүлнэ. Шүүх тухайн асуудлыг 24 цагийн дотор шийдвэрлэнэ гэж заасан. Эндээс үзэхэд сэжигтнийг баривчилж байгаа тохиолдол бүрийг шүүх мэдэж байх ёстой болно. Ингэж байж шүүхийн хяналт бүрэн тогтоно. Гэтэл өнөөдөр манай практикаар шүүх баривчилгааны 73 орчим хувийг мэдэхгүй өнгөрч байна. Үүнийг арилгах ёстой. Яагаад мэдэгдэхгүй байна вэ гэхээр сэжигтнийг баривчилсан тогтоол шийдвэрийг шүүхэд хүргүүлэхгүй байх тохиолдол түгээмэл байна. Угтаа хуулиараа заавал хүргүүлж шүүх шийдвэрээ гаргаж байх ёстой.

Түүнчлэн 48 цагийн хугацаа дуусаад дараа нь суллах тухай асуудал яригддаг. Комиссын хийсэн судалгаанаас үзэхэд нийт сэжигтний 864 кейсийн 231-ийг шүүгч сулласан. 529 нь прокурор тогтоолоор сулласан, 102-ыг нь хорих ангийн дарга сулласан, байна. Эндээс харахад баривчлагдсан хүмүүсийн 73 орчим хувийг шүүхээс бусад субьектууд сулласан гэсэн үг. Нэг ёсондоо ийм тооны кейс шүүхэд хянагдахгүй байна гэсэн утга. Уг нь бүх суллах ажиллагааг шүүх шийдвэрлэсэн байх ёстой шүү дээ.

ХЭҮК-оос Иргэний олон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, гадаадын сайн туршлагуудыг судалж үзэхэд ийм тохиолдол дэлхийн улс орнуудад гардаг. Үүнийг яаж зохицуулдаг вэ гэхээр хэрэв шүүгчид мэдэгдээгүй бол яагаад мэдэгдээгүй тухай шалтгаанаа үндэслэл бүхий тайлбартайгаа тухайн арга хэмжээг хэн, ямар албан тушаалтан, хэзээ хэрэгжүүлсэн бэ гэдгийг 30 хоногийн дотор шүүхэд нөхөж мэдүүлдэг процесс явагддаг юм байна. Ийм эрх зүйн зохицуулалтыг тусгаж өгөх нь хүний эрхийг хангаж хамгаалахад ач холбогдолтой гэж дүгнэж байгаа юм.

-Сүүлд нь нэг зүйл тодруулахад баривчлагдсан иргэд өөрийг нь ямар хэрэгт холбогдуулж шалгаж, баривчилж байгааг мэддэггүй. Зарим нь хэвлэл мэдээллийн хэрэгслээс өөрийнхөө мэдээллийг авдаг гэж ярьсан байсан. Сэжигтэн яллагдагчийн эдлэх эрх баривчлагдах үеэс эхлээд зөрчигддөг юм биш биз?

-Иргэний олон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Монгол Улсын Үндсэн хуульд сэжигтнийг баривчлах үед нь ямар хэрэгт холбогдсон болон баривчилж байгаа шалтгаан үндэслэлийг заавал тайлбарлана гэдэг. Ингэснээр тухайн хүн ямар хэрэгт холбогдсоноо мэдэх, мэдсэнээр баривчилгаа нь хууль ёсны болон хууль бус гэдэгт үнэлэлт дүгнэлт өгч шүүхэд гомдол гаргах эрхийг нь баталгаажуулдаг. Тодруулбал, баривчлах ажиллагааны явц ил тод бөгөөд таныг ийм хэрэгт холбогдуулж, ийм үндэслэл байгаа учраас баривчилж байна гэдгийг маш тодорхой, мэддэг хэлээр нь баривчлах ажиллагааны явцад тайлбарлана гэдэг олон улсын зарчим бий. Үүнийг ЭХХШТХ-д тусгачихсан. Энэ эрхийн хэрэгжилт хэр зэрэг байна вэ гэдэгт үнэлэлт дүгнэлт өгсөн. Зарим тохиолдолд ямар хэрэгт холбогдсон талаар танилцуулга, мэдэгдэх ажиллагаа учир дутагдалтай байна гэдэг нь тодорхой болсон. Энэ нь хүний эрхийг хангах соёл, хандлагатай шууд холбоотой.

АНУ-д маш алдартай кейс байдаг. Мирандагийн зарчим гэж. Баривчлах үед нь ямар хэрэгт холбогдсон талаарх мэдээллийг өөрт нь өгөөгүйгээс ганцхан тэр процессын алдаанаас болж хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан алдартай түүх. Тухайн хэрэгт баривчлагдсан шалтгаан нөхцөлийг нь тайлбарлаагүй учраас тухайн хүнд хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж шүүх дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэ бол дэлхий нийтэд хүний эрхийг хангах зарчимд том хувьсал авчирсан тохиолдол юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Халхгол сумын малчин Н.Сайнтөгс: Битүү утаа, харагдах орчин хязгаарлагдмал хоолой хорсоод, нүд аргаад нөхцөл байдал хэцүүхэн байна DNN.mn

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадынбулаг багийн Уртынцагаан гэдэг газар энэ сарын 8-ны өдөр ой хээрийн түймэр гарсан. Энэ талаар ОБЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Цэндээс тодруулахад “Түймрийг хяналтад авч, тархалтыг зогсоогоод байна” гэсэн мэдээллийг өгч байгаа юм. Түймрийн голомтод ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболдоор ахлуулсан ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад ажиллаж байгаа аж. дэд хурандаа П.Соронзонболд ярихдаа “Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, Дорнод, Сүхбаатар аймгуудын Хилийн цэргийн ангиуд, Дорнод аймгийн Матад, Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гишүүд, иргэд гээд нийт 200 гаруй хүн, 20 гаруй техник хэрэгсэлтэйгээр галын голомтод ажиллаж байна. Өнгөрсөн шөнө түймрийн голомтод салхи, шуурга ихтэй ч агаарын температур хүйтэн хоносон. Энэхүү цаг агаарын нөхцөл байдлыг ашиглаж, түймрийн голомтыг хязгаарлах, хумих ажлуудыг зохион байгуулж, түймрийг хяналтандаа авлаа. Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүргийн дагуу ЦУОШГ, Дорнод аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв, аймгийн Байгаль орчны газар, аймгийн Онцгой комиссоос урьдчилсан экспедицийг гаргаж, Халхгол, Нөмрөг орчимд байрлуулсан.

Мөн энэ хугацаанд үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг зохион байгуулснаар Халх голын сав нутгаар цас орж, цасан шуурга шуурч байна. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр, маргааш зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи шуургатай, түймрийн эрсдэл өндөр хэвээр байгаа тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна” гэлээ.

Галд өртсөн иргэдэд үзүүлэх тусламжийн талаар Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэнгээс тодруулав. Тэрбээр “Гал түймрийн аюулд өртсөн иргэд, малчдад туслах, хохирлыг багасгах ажлыг зохион байгуулах, хариу арга хэмжээ авах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Улаан загалмайн хороо, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сум, багийн Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, Халхгол суманд газар дээр нь ажиллахаар ирээд байна. Бид Улсын Онцгой комисс, Халхгол сумын Онцгой комисстой хамтран дараахь ажлуудыг шуурхай зохион байгуулна. Үүнд: Гал түймрийн аюулд нэрвэгсэн 10 орчим малчин иргэдэд Улсын нөөцөөс гэр олгохоор болсон. Мал сүрэг, төл малд хэрэгцээт өвс тэжээлийн нөөц бүрдүүлж малчдад хуваарилалт хийн өгөх. Түймэрт өртсөн малчин өрх айлуудыг малын бэлчээртэй газарт нүүлгэн шилжүүлэлт хийх. Мал сүрэг нь түймэрт өртсөн иргэдийг малжуулах төсөлд хамруулах. Түймэрт гэр, сууц, малын хашаа хороо нь өртсөн иргэдэд гэр, дулаан хувцас, эд хогшил олгох, малын хашаатай болгох ажлыг зохион байгуулах.

Түймрийн аюулд нэрвэгдэгсдэд сэтгэлзүйн олон талт дэмжлэг үзүүлэх. Зэрлэг амьтдын талаар авах арга хэмжээний санал боловсруулах ажлыг хэрэгжүүлнэ. Ирэх өдрүүдэд малчдыг нүүлгэхэд хүн хүч, ачааны автомашин, мал сүрэгт өвс тэжээл зэрэг нэн хэрэгцээтэй болж байна” гэв.Орон нутгийн иргэдийн аж байдал ямар байгаа талаар Дорнод аймгийн Халхгол сумын малчин Н.Сайнтөгстэй ярилцлаа.

-Та галын голомтоос ирсэн гэсэн үү. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Тэгсэн өчигдөр (уржигдар) гэр маань галд өртөөд Онцгой байдлынхан яаралтай ирж биднийг авсан. Бидний нөхцөл байдал хүндхэн байна. Одоогоор хотоос хүмүүс ирээд аймгийн Онцгой байдлынхан, сайн дурынхан, бусад аймгуудаас ирсэн хүмүүс галыг цурманд оруулсан гэж дуулсан. Мал амьтан тэнд хуйгаараа өртөж байна. Миний мэдэхийн манай зүүн дээд талд буусан саахалтынх бас өртсөн сурагтай.

-Танайх ам бүл хэд вэ. Бүгд эсэн мэнд үү. Одоо хаана байрлаж байгаа вэ?

-Манайх ам бүл зургуулаа. Хүүхдүүд аймгийн төвд сургуульд сурдаг. Манай хүн бид хоёр дүүтэй маань гурвуулаа байсан. Ямар нэгэн байдлаар бэртэж гэмтээгүй эрүүл саруул гарсан. Одоогоор сумын төвд хадмын талын эгчийндээ байгаа. Түймэр унтраад байдал тогтворжвол арга нь олдох байх аа.

-Мал сүрэг тань ямар байгаа вэ?

-Яг тийм гамшиг гэнэт тохиолдсон үед юун мал хуй өөрсдийгөө л амь бүтэн, эрүүл саруул аваад гарахаа боддог юм байна. Одоо гал сөнөөгч нар цурманд оруулаад тогтворжуулсан учраас очиж мал хуйгаа эргэе гээд бэлдээд гарах гэж байна. Эрүүл саруул үлдсэн хойно мал хуй болно доо гээд л сэтгэлээ тэжээж явна даа.

-Сумын төвд байдал ямар байна вэ?

-Битүү утаа. Харагдах орчин хязгаарлагдмал хоолой хорсоод, нүд аргаад нөхцөл байдал хэцүүхэн байна. Байгалийн гамшигт өртсөн хүмүүс сэтгэл санаа хүнд байлгүй яахав дээ. Ойр дотныхон хамаатан садных нь мал хуй нь галд өртсөнийг дуулаад хэцүү л байгаа. Бидний амьдрал энэ хэдэн мал шүү дээ. Нэлээд мал галд өртсөн шиг дуулдана лээ.

-Цаг уурын газраас үүлэнд нөлөөлж цас оруулсан гэсэн. Гал унтраахад нэмэр болж чадсан болов уу?

-Үүрээр цас орж эхэлсэн. Газар сайхан чийгшээд, тэр нь нэмэр болж цурманд оруулсан байх. Түрүүхэн цас зогссон дахиад орох бололтой бүрхэгдүү л харагдана. Гэхдээ жаахан салхитайдуу байна.

-Аймгийн Засаг даргын тамгын газар, Улсын онцгой комисстой хамтраад галд өртсөн айлуудад гэр өгөх болон малжуулах ажил зохион байгуулах тухай мэдээлэл байна. Танайд тусламж очих байх аа…

-Ээ яасан сайхан мэдээ вэ. Тэгвэл үнэхээр түмнийхээ буянд талархаж явах болно. Цаашид яах билээ. Айлын хаяанд хэр удаан байх уу гээд толгой гашилж л суулаа. Баяртай мэдээ дуулгасанд баярлалаа.

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газрын хуралдаанаар түгжрэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.

Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай, “Тавантолгой дулааны цахилгаан станц” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай зэрэг асуудалтай хэлэлцэх болон танилцаж буй.

Өнөөдрийн хуралдаанд нийт 29 асуудал орж ирсэн байна.