Categories
мэдээ нийгэм

АТГ: Эрүүгийн 2, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт нийт 20 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 4 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 127 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 89 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 834 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 815 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 3 мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд эрүүгийн 2, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт нийт 20 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • “Д”, “Г” нар нь бүлэглэн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор “Г”-т албаны чиг үүрэг, бүрэн эрхтэй нь холбогдуулан хахууль өгсөн гэх;
  • Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан тушаалтан “М” нь “амины орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгнө” бусдаас хахууль авсан гэх;
  • Ховд аймгийн Жаргалант сумын удирдах албан тушаалтан “Т” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны албан тушаалан “Т” нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа бусдаас хахууль авсан гэх;
  • “Г” нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч “Г”-т сар бүр хахууль өгсөн гэх;
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан “Г” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэх.
Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Ашигт малтмалын ордын 2,598 лиценз эзэмшигчдийг зарлалаа DNN.mn

УИХ-ын гишүүн, сайд Н.Учрал өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Тэрбээр “Авлигын эсрэг шилэн ажиллагааны хүрээнд өнөөдөр ЦХХХЯ-наас нийт таван мэдээллийн сангийн хүрээнд 27,000 орчим мөр дата өгөгдлийг холбогдогч мэдээлэл хариуцагч байгууллагаас ирүүлснийг shilen.gov.mn цахим хуудсанд нийтэд ил болгоод байна.

Өнөөдөр ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл/лиценз/ эзэмшигчдийг төрийн болон хувийн, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийг гэж үл харгалзан мэдээллийг 100% нээж байгааг дуулгая.

Нийт 6.1 сая га газарт ашигт малтмалын лиценз олгогдсон байна. Үүнээс 4.3 сая га газарт хайгуулын 885 лиценз, 1.8 сая га газарт ашиглалтын 1,713 лицензийг олгожээ.

Нийт 2,598 лицензээс 41 нь идэвхгүй, 2,557 нь идэвхтэй. Нээлттэй мэдээлэл нь нийтийн хяналтад чиглэж байна.

ЦХХХЯ-наас уул, уурхайн компаниудыг сайн, суугаар нь ялгах эрх, үүрэг байхгүй, үйл ажиллагаанд нь дүн тавихгүй. Мэдээлэл харилцагчийн мэдээллийг инфографик байдлаар иргэдэд хүргэж байна.

Лиценз эзэмшиж, ашиглах нь гэмт хэрэг биш. Төрөөс зөвшөөрлөө авч, татвар хураамжаа төлөн ажлын байраар хангаж байгаа компаниудыг хавтгайруулан буруутгах нь эдийн засгаа хорлож байна гэсэн үг. Тиймээс энэхүү лицензийг ил болгосноор газрын хэвлий дэх баялгийг хэн эзэмшдэгийг иргэд үнэн зөвөөр нь мэдэх боломжтой.

Уг мэдээллийг УУХҮЯ, Ашигт малтмалын газрын тосны газраас ирүүлсэн болно.

Тухайлбал, Өмнөговь аймагт 158 лиценз эзэмшигч байдаг бол OPEN DATA-гаас эцсийн өмчлөгчийг хэн гэдгийг мэдэх боломжтой” хэмээн мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Ромын пап Монголд айлчилна DNN.mn

Ромын пап Франциск Монголд айлчилж магадгүй талаараа Африкт энэ оны хоёрдугаар сард айлчлаад буцах үеэрээ сэтгүүлчдэд анх ярьж байсан ч эцсийн шийдвэр хараахан гараагүй гэдгийг хэлж байсан. Тэгвэл Франциск Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаагаа баталжээ. Монгол улс нь 1500 хүрэхгүй католик шашинтантай хэдий ч Хятад улстай хиллэдэг тул Ромын Католик сүмийн хувьд стратегийн ач холбогдолтой юм. Тэрээр өнгөрсөн баасан гарагт агаарын тээврийн “ITA Airways” компанийн удирдлагууд болон ажилтнуудтай уулзах үеэрээ есдүгээр сард хийх айлчлалынхаа талаар баталжээ. “ITA Airways” нь Ромын папын албан ёсны тээвэрлэгч компани юм.Ромын пап, хоёр долоо хоногийн дараа миний бие 41 дэх мөргөлөө үйлдэхээр Унгарыг зорино хэмээн энэ сарын 28-30-нд Зүүн Европын оронд хийх айлчлалынхаа талаар дурдаад, “Дараа нь Марсель, Монгол болон хүлээлгийн жагсаалтад байгаа бусад орнуудад айлчилна” гэж хэлжээ.Франциск Марсель хотоос шууд Монголыг зорино гэдгээ мэдэгдсэн бөгөөд тэрбээр Марсельд есдүгээр сарын 23-нд хүрэлцэн очих юм. Өнгөрсөн наймдугаар сард Франциск архиепископ Жоржо Маренгог Монгол дахь анхны хамба ламаар томилсон юм.

Ватиканы зүгээс Хятадад католик шажинтнуудын байдлыг сайжруулахыг оролдож буй бөгөөд Монгол Улс нь тус улстай урт газраар хиллэдэг, нягт харилцаатай тул Ватиканы хувьд чухал ач холбогдолтой юм гэж “Reuters” мэдээжээ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно DNN.mn

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох дөрөвдүгээр сарын хуваарийг танилцуулж байна.

-Нийгмийн халамжийн тэтгэвэр, Асаргааны тэтгэмж, Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт, Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж, Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгийг дөрөвдүгээр сарын 14, 25-нд олгоно.

-Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг дөрөвдүгээр сарын 25-нд,

-Хүүхдийн мөнгөн тэтгэмж, Эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 20-нд олгох юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нөөцийн мах 7390 тонн үлдэгдэлтэй байна DNN.mn

Нийт 7900 тонн нөөцийн мах бэлдсэнээс өнөөдрийн байдлаар 510 тонн борлуулагдаж 7390 тонн махны үлдэгдэлтэй байна.

4-р сарын 16-ны өдөр 2808 ш гулууз буюу 64893 кг, нийт 35 байршилд 5634 ш гулууз буюу 128595,6 кг хонины мах борлуулагдлаа.

Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг хэрэгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас 2022 онд Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, “Гурил, махны үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 174 дүгээр тогтоолыг тус тус баталсан.

Уг тогтоолд нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжид 130.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 1 жилийн хугацаатай, жилийн 3 хувь хүүтэй олгож, зээлийн нийт хүүгийн 10.5 хувьтай тэнцүү хэмжээний хөнгөлөлтийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.

Үүний дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанктай хамтран нөөцийн мах бэлтгэлийн эх үүсвэрийг банкны саналд үндэслэн урт хугацаат репо арилжаагаар 2 банк (Хаан банк, Худалдаа хөгжлийн банк)-д 53.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг мах бэлтгэн нийлүүлэгч 12 аж ахуйн нэгжид тус тус олгосон. Тухайн санхүүжилтээр буюу 53.3 тэрбум төгрөгөөр 7858.6 тн мах бэлтгэж, нөөцөлсөн. Бэлтгэсэн нөөцийн махыг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үхрийн ястай махыг 10700 төг/кг, хонины ястай махыг 8600 төг/кг, ямааны ястай махыг 6400 төг/кг үнээр нийслэлийн 9 дүүргийн хүнсний 481 дэлгүүрээр татварын цахим төлбөрийн баримтын системд үндэслэн хүртээмжтэйгээр худалдан борлуулж байна.

Нөөцийн махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2023 оны 04 дүгээр сарын 15-наас 16-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд нийслэлийн 9 дүүргийн 35 байршил (БГД- 7, БЗД- 6, ЧД-5, СБД-3, СХД-5, ХУД-5, НД-1, БХД-2, БНД-1)-д өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Тухайн өргөтгөсөн худалдаагаар хонины гулууз махыг нэг килограмыг 8300 төгрөгөөр худалдана.

Нөөцийн махны худалдах үнийг Хүчит шонхор захын энэ оны 4 сарын 14-ний өдрийн бөөний дундаж үнэтэй харьцуулахад хонины ястай мах 2950 төгрөг буюу 35.5 хувиар, жижиглэнгийн дундаж үнэтэй харьцуулахад хонины ястай мах 4400 төгрөг буюу 53.0 хувиар тус тус хямд үнэтэй байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Он гарснаас хойш 5.6 мянган тонн хивэг экспортолжээ DNN.mn

2022 онд 33 тн хивэг экспортод гаргаж, 14.1 мянган тн хивэг тэжээлийн импортоор авч байсан бол

Мал аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд орон нутгийн түвшинд байгалийн хадлан 1.2 сая тн, сүрэл 15.0 мянган тн, ногоон тэжээл 258.2 мянган тн, гар тэжээл 47.9 мянган тн, дарш 13.1 мянган тн, эрдэс тэжээл 92.2 мянган тн, үйлдвэрийн тэжээл 32.4 мянган тн-ийг тус тус бэлтгэн нөөцөлсөн тоон мэдээлэл байна. Үүнээс харахад нийт бэлтгэхээр төлөвлөсөн байгалийн хадлан, тэжээлийн 80 гаруй хувийг бэлтгэсэн. Үүнээс:
Малчдын түвшинд 1.1 сая тн байгалийн хадлан, 15.0 мянган тн сүрэл, 88.0 мянган тн ногоон тэжээл, 32.4 мянган тн үйлдвэрийн тэжээл, 47.9 мянган тн гар тэжээл, 13.1 мянган тн дарш, 92.2 мянган тн давс, хужир шүүг тус тус бэлтгэн авсан байдаг. Энэ нь бэлтгэвэл зохих хадлан, тэжээлийн 84.5 хувийг бэлтгэсэн үзүүлэлт гарч байна.
Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд байгалийн хадлан 21.0 мянган тн, тэжээл 8.2 мянган тн-ыг бэлтгэсэн байна. Бэлтгэвэл зохих аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн өвсний 94.0 хувийг, тэжээлийн 69.0 хувийг бэлтгэсэн байна.
Дээрх хадлан, тэжээлийн нөөц бүрдүүлэлтээс гадна 2022 онд гурилын болон газар тариалангийн үйлдвэрлэлээс 210.5 мянган тн хүчит үйлдвэрлэж зах зээлд 1 тн хивгийг 520000-800000 төгрөгийн үнээр нийлүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гурил тэжээлийн үйлдвэрүүдэд 1263.2 тн хивэгний нөөцтэй байна. Үүнээс гадна хүчит тэжээл үйлдвэрлэж буй үйлдвэрүүдэд 200-350 тн багсармал, эрдэст тэжээлийн нөөцтэй байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Categories
гадаад мэдээ

Герман улс атомын цахилгаан станцуудаа хаав DNN.mn

Германы сүүлийн гурван атомын цахилгаан станцын үйл ажиллагаа зогсож тус улсын цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн 60 гаруй жилийн түүх дуусав. Эрх баригчид энэ сарын 16-ны ням гарагт шилжих шөнө ажиллаж байсан сүүлийн гурван атомын цахилгаан станц болох Бавари дахь “Исар-2”, Баден-Вюртемберг дэх “Неккарвесхайм 2”, Доод Саксонийн “Эмсланд-ыг сүлжээнээс салгасан байна.

Цөмийн энергийг эсэргүүцэгчид энэхүү түүхэн өдрийг Берлин болон бусад хотуудад өдөржингөө баярын жагсаал цуглаан хийж тэмдэглэв. Үүнтэй зэрэгцэн атомын цахилгаан станц хаасныг эсэргүүцсэн жагсаал ч болсон аж.

Хэдийгээр Германы цөмийн эрчим хүчийг үе шаттай зогсоох шийдвэр гарсан ч түүний эерэг болон сөрөг талуудын талаарх хэлэлцүүлэг үргэлжилсээр байгаа юм.

“Ногоонтнууд”-ын төлөөлөл ХБНГУ-ын Байгаль орчин, цөмийн аюулгүй байдлын сайд Штеффи Лемке цөмийн эрчим хүчнээс татгалзах нь Германыг аюулгүй болгоно гэдэгт итгэлтэй байна. Мөн тус улсын Ногоон намын дарга Рикарда Ланг “Цөмийн эрчим хүчнээс гарна гэдэг нь “сэргээгдэх эрчим хүчний эрин үе рүү орох эхний алхам гэсэн үг” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Германы эвслийн Засгийн газрын нэг хэсэг болох ХБНГУ-ын Чөлөөт ардчилсан нам(FDP)-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бижан Жир-Сарай цөмийн технологийг бүрмөсөн орхихгүй байхыг уриалав. Тэрээр “Цөмийн эрчим хүч зогссон ч Германы ирээдүй баталгаатай байх ёстой. Үүнд цөмийн эрчим хүчний судалгааг өргөжүүлэх, цөмийн задралын шинэ, аюулгүй технологийг ашиглах зэрэг багтана” гэж хэлжээ. Мөн Германы Сангийн сайд, “FDP”-ын дарга Кристиан Линднер гурван атомын цахилгаан станцыг нөөцөд үлдээж, татан буулгахгүй байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Германчуудын бараг гуравны хоёр нь Германы сүүлчийн атомын цахилгаан станцуудыг хаахыг эсэргүүцэж байна гэж “YouGov” социологийн хүрээлэнгээс явуулсан санал асуулгын дүн харуулсан байна. Санал асуулгад оролцогчдын 32 хувь нь АЦС-ын ашиглалтын хугацааг хязгаарлагдмал хугацаагаар, 33 хувь нь бүр хязгааргүй хугацаагаар сунгах шаардлагатай гэж үзсэн байна. Судалгаанд оролцогчдын дөнгөж 26 хувь нь Германд үлдсэн атомын цахилгаан станцуудыг нэн даруй хаах нь зөв гэж үзжээ Уг судалгааны үр дүнг энэ сарын 10-нд нийтэлсэн байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын хоногуудад ихэнх нутгаар шороон шуургатай, хуурайшил ихтэй байна DNN.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ :

Маргааш өдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай, хуурайшил ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 04 дүгээр сарын 18-наас 04 дүгээр сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-19-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 20-21-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нд ихэнх нутгаар сэрүүсэж Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -12…-17 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр хийгдэх засварын хуваарь DNN.mn

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 17-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.

Жич: Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг хөнцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье.

Тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Утаажилтын бүсээс 8 иргэнийг гаргажээ DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 25, аврах ажиллагааны 2 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, 8 иргэнийг утаажилтын бүсээс гарган, 900 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав.

Гал түймрийн 25 дуудлагын шалтгаан нөхцөл нь ил галаас 12, цахилгаан ашиглалтын буруугаас 5, цахилгаан угсралтын буруугаас 5, яндангийн цонолтоос 3 удаа гал түймэр гарсан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.