Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт газар хөдлөлтийн долоон хагарал байна DNN.mn

Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Улаанбаатар болон хот орчмын бүс нутагт 404 удаа газар хөдөлсөн.

Үүнээс нэг магнитудын хүчтэй газар хөдлөлт 234, 1-1.9 магнитуд 148, 2-2.9 магнитудын газар хөдлөлт 18, гурваас дээш магнитудын газар хөдлөлт дөрвөн удаа болсон байна. Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд 12 мянга гаруй удаа газар хөдөлсөн. Үүнээс 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 68 удаа бүртгэгдлээ. Улаанбаатар хотод газар хөдлөлтийн долоон хагарал байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Р.Чойном агсны амьдралыг харуулсан кино бүтээхээр болжээ DNN.mn

Жүжигчин Б.Даваажав нэрт яруу найрагч Р.Чойном агсны амьдралаас сэдэвлэн бүрэн хэмжээний уран сайхны кино хийхээр болжээ.

Тэрээр Р.Чойном агсны амьдралыг кино болгохыг олон жилийн турш хүсэж ирсэн бөгөөд ойрын өдрүүдэд хамтын ажиллагааны уулзалтуудаа хийж эхэлжээ.

Жүжигчин Р.Даваажав тухайн бүтээлдээ Р.Чойном агсны амьдрал, уран бүтээлийн бодит түүхийг мэдэх, бүтээлийн дээжээс хадгалсан хүмүүс болон хамтран ажиллаж дэмжин туслах иргэд, ААН, уран бүтээлчидтэй хамтран ажиллахаа илэрхийлээд байна.

Categories
мэдээ нийгэм

УЕПГ: 324 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ DNN.mn

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 4 дүгээр сарын 10-наас 14-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.964, мөрдөн байцаалтын 2593 хэрэгт хяналт тавьж ажиллав.

Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 137, Өмчлөх эрхийн эсрэг 68, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 11, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Авлига, албан тушаалын эсрэг 1, Мөрийтэй тоглоом зохион байгуулах 3, Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх 1, нийт 324 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:

– Нийслэлийн прокурорын газраас Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ц нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, хяналт шалгалт явуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд бусдаас 37.000 ам.долларыг бэлнээр хахуульд авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дугаар зүйлийн 4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

– Дархан-Уул аймгийн прокурорын газраас иргэн Н, Б нар нь ашиг олох зорилгоор Скай зочид буудалд мөрийтэй тоглоом /покер/ зохион байгуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

– Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас иргэн В нь мөрдөн шалгах ажиллагааны явцад худал мэдүүлж, бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэсэн, гэрч Н-ыг өөрт нь болон гэр бүлийхэнд нь хүч хэрэглэхээр заналхийлж, сүрдүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 21.2 дугаар зүйлийн 2, 21.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус дүүрэг дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Бурхан багшийн их дүйчин өдөр зургадугаар сарын 4-нд тохионо DNN.mn

“Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн зуны тэргүүн сар тавдугаар сарын 20-ны Бямба гарагт эхэлнэ хэмээн Дорнын зурхайд тэмдэглэжээ.

Харин зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 4-нд тохионо. Энэ өдөр бүх нийтээрээ амрах хуультай ч Ням гарагт таарч байна.

Бурхан багшийн Их дүйчин өдөр 10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буяныг туурвих учиртай.

Тухайн өдөр хэрүүл тэмцэл хийх, хулгай хийх, амьтны амь таслах, өс хонзон санах, бусдыг доромжлон гүтгэх, өгөөгүйг авах зэрэг үйлийг цээрлэдэг байна.

Монгол Улс ёс суртахуунлаг өдөртэй болж, эх дэлхийгээ хайрлах, эцэг эх, үр хүүхэд гэр бүлээ энэрэн асрах, буян нүглээ эргэцүүлж, нигүүлсэнгүй байхад чиглэн Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амрахаар 2019 онд хуульчилжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-СУРВАЛЖЛАГА: Хотын ногоон байгууламжид жилд 70 мянган тонн цэвэр ус ашигладгаас 10 хувь нь саарал ус байна

Хотын цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр тарьсан мод нь агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээж байдаг. Ялангуяа навчит мод дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шорооны 21-70 хувийг өөртөө шингээдэг байна.

Өнгөрсөн жил Улаанбаатар хотод 17 зүйлийн 100 мянга гаруй ширхэг цэцгийг 4451 ам.метр талбайд тариалсан. Харин 2023 онд цэцгийн төрөл зүйл, чимэглэлийн шинж чанарыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зохион байгуулахаар болсон билээ.

Нийслэлд энэ онд 280 мянган ширхэг цэцгийн байгууламж байгуулна. Энэ нь “Монголд зочлох жилүүд”-ийн хүрээнд гадаадын жуулчдыг татах, мөн Улаанбаатарын оршин суугчдын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой аж.

Энэ жил олон наст болон нэг наст мандлын 20 төрлийн 31 зүйлийн 280 мянган ширхэг цэцгийг нийтийн эзэмшлийн талбайн 7 байршилд суулгаж тарихаар болжээ. Ингэхдээ гурван хэмжээст төмөр карказ бүхий полигон материалтай чимэглэлийн байгууламж байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байгаа аж.

Түүнчлэн 4 төрлийн, нийт 6000 ширхэг гоёлын модны бут, гоёлын цэцгийн булцууг бэлдсэн байна. Мөн гоёлын цэцгийн булцууг жил бүр тарих боломжтой болжээ.

Жил болгон хөрсөнд тарьдаг нэг наст цэцгийн мандлыг халж, орчин үеийн хийц бүхий орон зайн шийдэлтэй цэцгийн мандал болон цэцгийн гудамж байгуулах гэж буй нь энэ жилийн ногоон байгууламжийн онцлог болно.

Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгжүүлэхэд жилд хэчнээн тонн ус ашигладаг. Түүнчлэн усны нөөцөө хаанаас бүрлүүлдэг талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-ны мэргэжилтнүүдээс тодрууллаа.


УБЗАА-ны Нийтийн эзэмшлийн ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн С.Батзориг “Ургамал ургалтын хугацаа эхлэх үед буюу тухайн жилийн онцлогоос шалтгаалж 4 сарын 1-10 ногоон байгууламжийн арчилгааны ААНБ гэрээ байгуулж ажлыг эхлүүлдэг. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд 528000 ширхэг нэг болон олон наст цэцэг таригдана. Цэцэгний худалдан авалтыг ОНӨХБАҮХАТ хуулийн хүрээнд нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтаар хийгддэг. Энэ жилийн худалдан авалт зарлагдсан байгаа. Усалгаа гадаргын болон гүн усаар мөн саарал усаар хийгдэж байна. Саарал усны гэрээ хийгддэг жил бүр ашигладаг. Гэхдээ саарал усны нөөц хангалтгүй. Жилд хотын ногоон байгууламжид 50-70 мянган тонн цэвэр ус зарцуулагдаж байна. Үүний 10 хувь саарал ус ашигладаг. Ус нөөцөлдөггүй” гэлээ.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх ажлын хүрээнд цэцэг болон гоёл чимэглэлийн моднуудыг нэмэгдүүлэх ажил дээр анхааран ажиллаж байна.

Улаанбаатар хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, иргэдийг амгалан тайван орчинд амьдруулахад чиглэж 550.000 орчим голцуу гоёл чимэглэлийн олон наст буюу 2-3 жил ургадаг ургамлуудыг тарихаар төлөвлөж байна. Өмнөх жилүүдэд 180.000-200.000 орчим цэцэг таригдаж байсан. Энэ жилийн хувьд иргэн, хувийн хэвшлийн байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийслэлтэйгээ хамтран ажиллаж хотын өнгө зүсийг сайжруулах ажилд оролцож байна.

Одоогоор мод үржүүлэг, ургамлын чиглэлийн 15 аж ахуйн нэгж хамтран ажиллаж байна. Эдгээр аж ахуйн нэгжээс нөөц боломжоороо 168.000 орчим цэцэг тарина. Мөн хувийн хэвшлийн байгууллага буюу CU, GS 25 гэх мэт томоохон сүлжээ дэлгүүрүүд өөрсдийн 300-400 орчим салбарынхаа үүдэнд цэцэг тарина.

 Хотын байгууламжид жилд 450-500 цэцэрлэгч ажиллаж байна. Үүний 135 нь Хот тохижилтын газрын ажилчид бөгөөд 300 гаруй нь хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан байна.

51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөг тарина

Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажлын хүрээнд 51 байршилд  гоёлын ургамал, чимэглэлийн  бут сөөгийг тарьж, долоон байршилд  18 цэцэгт байгууламж хийнэ.

2023 онд ногоон байгууламж, цэцэрлэгжилтийн талаар нийслэлийн зүгээс хийх ажлууд:

Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажлын хүрээнд 23 багцын 51 байршилд 235.000 цэцгийн мандал байгуулна.

Нийтийн эзэмшлийн долоон байршилд 18 цэцэгт байгууламж хийж, нэг болон олон наст 316.000 цэцэг тарина.

Худалдаа үйлчилгээний байгууллага, есөн дүүргийн СӨХ, аж ахуйн нэгж байгууллагуудын орчны тохижилт, цэцэрлэгжүүлэлтийг сайжруулах хүрээнд гоёл чимэглэлийн мод сөөг, зүлэг тарьж, цэцгийн мандал байгуулах ажлыг зохион байгуулна. Улмаар зүлэгт талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна.

Цэцгийн аж ахуйг хөгжүүлэх, загвар шийдлийг нь олон улсын жишигт хүргэх, цэцгийн төрөл, зүйл тоо хэмжээг иргэдэд сурталчлах, үзэсгэлэн, сургалт, зөвлөгөө өгч, энэ чиглэлд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ

Ерөнхийлөгч нарын нэрэмжит “Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн”-г Баянзүрх хайрханд байгуулна

Нийтдээ долоон байршил дээр том, жижиг нийлсэн 16 ногоон байгууламжийг байгуулах бөгөөд иргэдэд цэцгийн ач холбогдлыг сурталчлах зорилготой цэцэгт гудамж байгуулах, 3D ногоон байгууламж буюу дүрс үүсгэсэн хэлбэртэй цэцгийн мандлыг 10 гаруй байршил дээр байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөжээ.

Түүнчлэн гаднын жишгээр өөрсдөдөө байгаа нөөц боломж, зай талбайг ашиглаж ногоон байгууламж байгуулж болно. Энэ чиглэлд цэцэг, ургамал тарьдаг аж ахуйн нэгжүүдээс шинэ санал санаачилга ирүүлэхийг албаныхан хүссэн юм.

Цаашлаад гэр хороололд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар туршилтаар 7-8 хороон дээр ажиллаж байгаа аж. Мөн айлуудыг хашаандаа мод тарих ажлыг урамшууллын системтэйгээр явуулахаар журам боловсруулж байгаа юм байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Баянзүрх хайрхныг түшиглэсэн үе үеийн ерөнхийлөгч нарын нэрэмжит “Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн”-г бий болгохоор болсон тухай яригдаж байсан. Энэ ажлын хүрээнд Баянзүрх хайрхныг нөхөн сэргээж, мод үржүүлж эхлүүлжээ.

Д.Баттогтох

Categories
мэдээ нийгэм

Үнсээ ил задгай асгаснаас үүдэж 200 га талбай түймэрт автжээ DNN.mn

2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цаг 18 минутад Сэлэнгэ аймгийн Жавхлант сум, Ханангийн энгэр гэх газарт тал хээрийн түймэр гарчээ.

Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тус газарт оршин суугч 41 настай, эрэгтэй “М” гэгч нь ил задгай үнс асгасны улмаас гал алдаж 200 га орчим талбайг хамарсан түймэр гарсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Тус түймрийг орон нутгаас 19 иргэн, цагдаагийн газраас 2 алба хаагч 2 тээврийн хэрэгсэлтэй ажиллан унтраажээ.

Categories
мэдээ улс-төр

О.Цогтгэрэл: Монголын өнөөгийн улс төрийн тогтолцоонд эрх барьж буй нам төр болоод хувирчихсан DNN.mn

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Үндсэн хуулийн асуудал бол чухал. Гишүүдийн тоо зэрэг олон зүйлийг агуулж байгаа учир уг асуудлаар намын Үндэсний бодлогын хороо улс төрийн шийдвэр гаргаж, бүлэгт чиглэл өгөх ёстой.

Ерөнхийлөгчөөс өргөн барьж буй Улс төрийн намын тухай хуульд бид олон санал өгсөн. Зарим санал тусгагдаагүй.

Монголын өнөөгийн улс төрийн тогтолцоонд эрх барьж буй нам төр болоод хувирчихдаг. Төр өөрөө намын нэг дэмжлэг үзүүлэх хэсэг болсон практик өнгөрсөн хугацаанд гүнзгий явж ирсэн. Жишээлбэл, эрх барьж буй намынхаа заавар шийдвэрээр нөгөө улс төрийн намынхаа дотоод үйл ажиллагаа, оршин тогтнох эсэхэд нь нөлөөлж болдог практикийг АН өнгөрсөн хугацаанд туулж өнгөрсөн.

Улс төрийн намын тухай хуульд эдгээр асуудлыг олон зүйл заалтаар хязгаарлах ёстой” гэдгийг хэлэв.

УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухайд “Гишүүдийн тоог 152 болгоно гэдэг бол том тоо. Ямар үндэслэлээр гаргасан тоо гэдэг нь тодорхойгүй. Уг асуудлаар дахин сайн ярилцах хэрэгтэй. Тэр тусмаа намын төлөөллийн төв байгууллага шийдвэр гаргах нь зүйтэй гэдэг байр суурьтай байна” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Умайн хоргүй хавдрыг түлэх эмчилгээг амжилттай хийжээ DNN.mn

“Амгалан амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг /ААГТМЭ/-ийн эмч мэргэжилтнүүд умайн хавдартай хоёр өвчтөнд хэт авиан хяналтан дор умайн хоргүй хавдрыг түлэх мэс заслын эмчилгээг энэ сарын 14-нд амжилттай хийлээ.

Мэс заслын багийг тус эмнэлгийн захирал, анагаах ухааны доктор, профессор, зөвлөх зэргийн эмч Ц.Батболд ахлан клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч Л.Долгоржав, ахлах зэргийн эмч Н.Ганболд, П.Бат-Ирээдүй, Б.Алтанцэцэг, сувилагч Д.Хаданцагаан, О.Гэрэлмаа, Ц.Оюунчулуун, техникч Д.Нацагдулам нар оролцсон байна.
Эмчилгээний үйл явцад оролцсон БНСУ-ын “RF Medical” төвийн дэд захирал Robert Yoo эмч нарын ур чадварыг сайшааж, энэхүү эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлэн, нутагшуулсан багт талархаж хамтран ажилласандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
“Амгалан амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь эмэгтэйчүүдийн эмчилгээний практикт Монгол Улсад анх удаа өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрыг түлж /Radiofrequency Myom Ablation/ өсөлтийг зогсоох, хавдрын хэмжээг багасгах эмчилгээг 2018 оны арваннэгдүгээр сарын 6-наас хийж эхэлсэн бөгөөд уг эмчилгээг нийт 50 гаруй эмэгтэйд амжилттай хийж, хянах явцад эмчилгээний үр дүн сайн байсан аж.

Түүнчлэн эмчилгээний дараа хавдар багасах, нөхөн үржихүйн эрхтэн умай хадгалагдан үлдэхээс гадна өвчтөнд зовиур бага илэрдэг, эмнэлгийн ор хоног богино зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Тус эмнэлэг нь 2018 оноос эхлэн БНСУ-ын “RF Medical” төвд өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрыг түлэх эмчилгээний технологид эмч нараа сурган бэлтгэсэн төдийгүй эмч нарын хамтарсан сургалтыг Улаанбаатар хотод хоёр удаа зохион байгуулсан. Эмчилгээний энэ аргадаа Монгол Улсын зохиогчийн эрхийн гэрчилгээг авч, эмчилгээний арга, үр дүнгээ онол практикийн хурлуудад танилцуулан хэлэлцүүлж, хэвлүүлж ирсэн.

Мөн эмчилсэн тохиолдлын тоо, үр дүн, туршлагадаа тулгуурлан ’’Өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдар болон эндометрийг түлэх эмчилгээний удирдамж’’ боловсруулж дараагийн шатанд хэлэлцүүлэх, батлуулах зорилттой бэлтгэл ажил хийгдэж буй юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг гадаадын иргэдийн тоо 46 хувиар өсчээ DNN.mn

Улсын хэмжээнд 99 улсын 5700 иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс олох зорилготойгоор ажил эрхэлж байна.

Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс таван хувь, өмнөх улирлаас 45.6 хувиар өсчээ.

Ажил эрхлэгч иргэдийн 85.2 хувь буюу 4900 иргэн нь эрэгтэй, 14.8 хувь буюу 800 иргэн нь эмэгтэй байна. Харин улс орноор нь жагсаавал,

  • БНХАУ 43 хувь
  • БН Социалист Вьетнам улс 8.9
  • ОХУ 6.4
  • БНЭУ 5.9
  • БНСУ 4.7
  • АНУ 4.4
  • БН Филиппин улс 4.4
  • Австралийн холбооны улс 3.1
  • ӨАБНУ 2.8
  • Бусад улсын харьяат иргэн 16.4 хувийг тус тус бүрдүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Хятадын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзав DNN.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Ли Шанфуг Москва хотод хүлээн авч уулзжээ. Энэ уулзалт БНХАУ-ын дарга Си Жиньпин ОХУ-д айлчилснаас ердөө сар хүрэхгүй хугацааны дараа болж байна. Өнгөрсөн ням гарагт Кремльд болсон уулзалтад ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мөн оролцжээ. Хоёр улс ашигтай мэдээлэл тогтмол солилцож, цэрэг техникийн салбарт хамтран ажиллан, тэнгисийн цэргийн болон хуурай газар, агаарын хамтарсан цэргийн сургуулилалт амжилттай явуулж ирснийг Путин уулзалтынхаа үеэр өндрөөр үнэлжээ.

Хятадын Батлан хамгаалахын сайд Ли Шанфугийн ОХУ-д хийх айлчлал гурав хоног үргэлжлэх юм. Хоёр улс АНУ болон барууны бусад улсуудын дарамт шахалтын эсрэгхамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг зорьж байна гэж ажиглагчид дүгнэж байна. БНХАУ Украины дайнд төвийг сахисан байр суурьтай байгаа бөгөөд ОХУ-д зэвсэг нийлүүлдэг гэх Барууны хардлагыг няцаасаар байгаа юм.

Г.АМАРСАНАА