Categories
мэдээ нийгэм

Р.Дагва: Түгжрэлийг бууруулахад зам уртасгах, гүүр барихаас илүү боловсролын салбарт хийх шинэчлэл чухал байна DNN.mn

Түгжрэлийг бууруулах хүрээнд их, дээд сургуулийг хотын зах руу нүүлгэх саналыг Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвөөс дэвшүүлэв.

Учир нь оюутнууд хичээлдээ явахын тулд өглөө бүр хотын бүх хэсгээс Бага тойргийг зорьж, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлж байгааг тус төвөөс хийсэн судалгаанд дурдав. Иймд сургуулиудыг нүүлгэж, оюутнуудыг дагасан худалдаа үйлчилгээ, кофе шоп зэрэг бусад бизнесийн байгууллага хотын төвөө нүүвэл хөдөлгөөн ихээхэн сарнина хэмээн үзсэн байна.

Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн дарга Р.Дагва “Төрийн өмчийн таван их, дээд сургуулийг Дэд төвүүдийг түшиглэн, гэр хорооллын хэсэгт нүүлгэхэд Засгийн газраас онцгой анхаарч, кампусыг нь барих мөнгийг шийдэх хэрэгтэй гэж үзэж байна” гэсэн юм.

Ийнхүү их, дээд сургуулийг нүүлгэснээр гэр хороололд хэрхэн нөлөөлөх талаар мөн судалж үзжээ.

Энэ талаар тэрбээр “Таван их сургуулийг тойроод хоёр километрын радиус дотор ерөнхий боловсролын 28 сургууль байна. Тэнд 72 мянган хүүхэд суралцдаг. Эдгээр сургуулийг лицей сургууль болгох, лицей болсноор сургуулиудын чанар сайжрах, эцэг эхчүүд хүүхдээ сургах сонирхол хандлага нэмэгдэж, төв рүү чиглэсэн хөдөлгөөн саарна” хэмээв.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Татварын орлого 1.2 их наяд төгрөгөөр өсөв DNN.mn

ҮСХ-ны мэдээллээр, татварын нийт орлого энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 4.5 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.2 (34.8 хувь) их наяд төгрөгөөр өсөв. Үүнд:

  • Орлогын албан татварын орлого 604.3 (73.1 хувь) тэрбум төгрөг,
  • НӨАТ 158.4 (19.2 хувь) тэрбум төгрөг,
  • Нийгмийн даатгалын орлого 198.7 (31.3 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин онцгой албан татвар 89.5 (35.0 хувь) тэрбум төгрөгөөр буурчээ.

Татварын нийт орлогод орлогын албан татварын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 7.0 нэгж хувиар, бусад татвар, төлбөр, хураамжийн орлогынх 0.6 нэгж хувиар тус тус өсөв. Харин НӨАТ-ынх 2.8 нэгж хувиар, гадаад үйл ажиллагааныорлогынх 0.4 нэгж хувиар, нийгмийндаатгалынорлогынх 0.5 нэгж хувиар, онцгой албан татварын орлогынх 3.9 нэгж хувиар тус тус буурсан байна.

Татварын нийт орлого энэ оны 3 дугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 930.6 (91.8 хувь) тэрбум төгрөгөөр өсөв. Үүнд, орлогын албан татварын орлого 542.8 (7.8 дахин) тэрбум төгрөг, НӨАТ 72.7 (23.4 хувь) тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 126.5 (57.2 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин онцгой албан татвар 6.9 (8.8 хувь) тэрбум төгрөгөөр буурчээ. Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэрзээлийн хэмжээ оны эхний улиралд 4.1 их наяд төгрөг болж,өмнөх оны мөн үеэс 315.5 (8.3 хувиар) тэрбум төгрөгөөр өсжээ.

Зарлагын өсөлтөд хүүгийн зардал өмнөх оны мөн үеэс 163.0 (96.1 хувь) тэрбум төгрөг, бараа үйлчилгээний зардал 176.0 (23.1 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Урсгал зардалд бараа үйлчилгээний зардлын эзлэх хувь оны эхний улиралд өмнөх оны үеэс 2.8 нэгж хувиар, хүүгийн зардал 4.0 нэгж хувиар өсөж, харин урсгал шилжүүлгийн эзлэх хувь 6.1 нэгж хувиар, татаас 0.7 нэгж хувиар буурчээ.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 зөрчил бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нийт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1410 гэмт хэргийн шинжтэй 105 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дундговь аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Дундговь аймгийн Өлзийт сумаас зүүн зүгт 57 километрийн зайд өчигдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 19:00 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Сүүлийн 10 жилд нийслэлд 12 мянга гаруй удаа газар хөдөлснөөс 3.5 магнитудаас дээш хүчтэй нь 68 удаа бүртгэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна DNN.mn

Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн “Дөрвөлжийн хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 90 км, сумын төвөөс зүүн урд зүгт 45 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 17:04 цагт ОБГ хүлээн авсан байна.

“Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, орон нутгийнхан ажиллаж түймрийг 18:40 цагт цурамд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна” гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд 5.3 сая төл мал бойжиж байна DNN.mn

Мал төллөлт, хорогдолтын энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Улсын хэмжээнд 2022 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 30.9 сая хээлтэгч малын 5.5 сая буюу 17.9 хувь нь 2023 оны эхний улиралд төллөсөн байна. Тухайлбал хонины 20.6, ямааны 19.0 хувь, ингэний 9.4 хувь, үнээний 6.1 хувь, гүүний 2.3 хувь нь төллөжээ.

Эхний улиралд гарсан төлийн 97.3 хувь буюу 5.3 сая төл мал бойжиж байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс гурван сая буюу 35.8 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Том малын зүй бус хорогдол 2023 оны эхний улиралд улсын хэмжээнд 957.3 мянга болж, өмнөх оны мөн үеэс 890.1 мянгаар буюу 93 хувиар өсөв.
Харин энэ оны гуравдугаар сард 389.6 мянган мал хорогдсон нь эхний улиралд хорогдсон малын 40.7 хувийг эзэлж байгаа бөгөөд хоёрдугаар сард хорогдсон малаас 106.5 мянгаар буюу 37.6 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.
Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл,
Ямаа 427.2 мянга,
Хонь 391.1 мянга,
Үхэр 88.5 мянга,
Адуу 49.6 мянга,
Тэмээ 0.8 мянгаар хорогджээ.
Нийт хорогдсон малын 44.6 хувийг ямаа, 40.9 хувийг хонь эзэлж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдийн сэтгэлзүйч С.Хулан: Инстаграмын барби эмэгтэйчүүд өсвөр үеийнхэнд төсөөллийн дүрийг бий болгож, сэтгэл зүйг нь гэмтээдэг

Бага болон өсвөр насны хүүхдүүдэд сошиал хэрэглээ ямар үр дагавар бий болгож байгаа талаар хүүхдийн сэтгэлзүйч С.Хулантай ярилцлаа.


-Айл бүрд хүүхдийн гар утасны хэрэглээний асуудал хөндөгддөг боллоо. Тэд гар утас байнга үзэх нь ямар үр дагавартай вэ?

-Ковидоос хойш гар утасны хэрэглээ эрс нэмэгдсэн. Зөвхөн бага нас гэлтгүй өсвөр насныханд ковидын хөл хорионы үед хамгийн чухал зүйл нь найз нөхдийн харилцаа байсан. Тэд үе тэнгийнхэнтэйгээ харилцмаар байсан, тоглож наадмаар байсан. Түүнийг нь эцэг эхчүүд нөхөж чадахгүй байсан учраас өсвөр насныхан тик ток, фэйсбүүк, инстаграм зэргийг үзэж хэрэгцээгээ нөхөх болсон.

ДЭМБ-аас хийсэн судалгаагаар хамгийн өндөр сошиал хэрэглээтэй хүүхдүүд азиуд байна гэж дүгнэсэн. Тэр дунд монгол хүүхдүүд багтаж байгаа шүү дээ. Хүүхдүүд дунджаар 7-8 цагийг сошиалд өнгөрөөдөг. Бараг бүтэн цагийн ажил хийх хугацааг зарцуулж байна гэсэн үг. Ялангуяа хөл хорионы үеэр цахимаар хичээллэх болснооор сошиал хэрэглээ бүр нэмэгдсэн. Нөгөө талаар эцэг, эхчүүд нь ярилцах, ойлголцох хэрэгцээг нь хангаж өгч чадаагүй. Ийм хоёр үндэслэл хүүхэд багачуудыг гар утасны хэрэглээнд улам донтуулсан. Одоо бол хүүхдүүд дунд утас оролдохгүй л бол болохгүй зуршил тогтоод байна.

-Бага насны хүүхдээс эхэлье л дээ. Гар утас тогтмол үзэх нь тархинд муугаар нөлөөлдөг гэх юм?

-Бага насны хүүхэд, тэр дундаа ковидын үед төрж өссөн хоёр настнууд энэ жил цэцэрлэгт орсон шүү дээ. Бид бага насны хүүхдүүдэд ковидын үед зан үйлийн өөрчлөлт орсон эсэхийг судлахаар Улаанбаатар хот болон хөдөөгийн хоёр аймгийг сонгож аваад судалгаагаа явуулсан. Тэгэхэд багш нарын өгч байсан мэдээлэл анхаарал татаж байлаа. Хоёр настнуудад гар утасны хэрэглээ маш сөргөөр нөлөөлдөг. Цэцэрлэгийн хүүхдүүд багшаасаа гар утас нэхдэг. Гар утсыг нь булааж аваад нээж өг гэж хуруугаараа товшиж уурладаг, уйлдаг болчихсон.

Эрүүл мэндийн хувьд нүдний хүүхэн хараа ойртчихсон хүүхдүүд маш олон болсон. Өмнө нь ийм байгаагүй гэж багш нар онцгойлон хэлж байсан. Хуруугаараа утас товшиж байгаа юм шиг дадалтай. Уурлахаараа гар утас нэхдэг зан үйлийн өөрчлөлтөд орсон байгаа юм. Энэ нь мэдээж зуун хувь эцэг эхчүүдийн буруу гэж хэлж болохгүй. Ковидын үед анх хүүхэд төрүүлсэн ээж, аавууд хүүхэдтэйгээ яаж харилцахаа мэдэхгүй, гар утасны хамааралтай болгочихсон.

-Нийслэл болон орон нутагт судалгаа хийсэн гэлээ. Ялгаа байх юм уу?

-Бага зэргийн ялгаа ажиглагдсан. Хотын хүүхдүүд гар утасны нэлээд өндөр хамааралтай. Орон нутгийн хүүхдүүд нийгэмшихүйн хөгжлийн хувьд арай дээр. Яагаад гэвэл хөл хорионд нэг их ороогүй, үе тэнгийнхэнтэйгээ уулзаж харилцаж байсан.

-Өсвөр насны хүүхдүүд сошиал орчинд хамааралтай байх нь өөрийгөө голох мэдрэмжийг авдаг. Ялангуяа инстаграмын зургаар нийгмийг, үеийнхнээ төсөөлдөг. Тэгээд өөрийгөө тийм гоё сайхан биш гэж голдог сэтгэл зүй бий болсон талаар эцэг, эхчүүд онцолж байгаа. Яагаад тийм сэтгэл зүй бий болдог вэ?

-Өсвөр насны хүүхдүүдэд цахимаас хамааралтай холын зайны харилцаа ажиглагдаж байгаа. Тэдний хайр дурлал, үерхэл шохоорхол цахим байдлаар явагдаж байна. Ингэхдээ охид, хөвгүүд өөрийгөө жинхэнэ төрхөөрөө биш төсөөллийн биеийг үүсгэдэг. Бодит бус дүрд тоглоод эхэлж байна гэсэн үг. Жинхэнэ биш өөр, төсөөллийн дүрээрээ бусадтай харилцдаг. Нөгөө талд нь ийм төсөөллийн дүрд нь татагдсан өсвөр үеийнхэн байна.

Ингээд тэд уулзахаараа “Би түүнд таалагдахгүй байвал яах вэ”, “Юу ярихаа мэдэхгүй байна” гэдэг асуудал гарч эхэлсэн. “Амьдрал дээр би хөөрхөн биш, хөгжилтэй биш” гэж гутрах болсон. Өсвөр үеийнхэнд хайр дурлал, үерхэл шохоорхол маш чухал шүү дээ. Гэтэл хэтэрхий их сошиал хэрэглээ ийм нөлөө үзүүлж байна. Харагдаж байгаа, бий болгож байгаа дүрэх төрх бодит амьдарлаас өөр байгаад ирэхээр төөрөгдөлд орж байна.

-Инстаграмын зургууд шиг байх хүсэл, бодит амьдрал хоёр өөр байгаа нь өсвөр үеийнхэнд хүнд тусч байна уу?

-Мэдээж шүү дээ. Жишээ нь, барби хүүхэлдэй анх гараад багагүй эсэргүүцэлтэй тулсан. Хэзээ ч хүнд байхгүй дүр төрх бий болчихсон. Гэтэл өсвөр насны хүүхдүүд барби шиг болохыг хүсдэг. Бүр маш олон удаа мэс засалд ороод барби шиг болсон эмэгтэйг дэлхий нийтээрээ мэднэ шүү дээ. Ерөөсөө тийм л нөлөө үзүүлж байгаа юм. Гол нь үүн дээр сэтгэл зүйн дархлааг л бий болгох ёстой.

-Сэтгэл зүйн дархлааг хэрхэн бий болгох вэ?

-Өсвөр насны хүүхдүүд бүгд хямралд ордог гэж эцэг эхчүүд андуурч боддог. Өсвөр насны хямрал гэнэт гарч ирдэггүй. Хүүхдийг хэвлийд олсон цагаас 1000 хоног гэдэг ганц хууль л үйлчилдэг. 1000 хоног гэдэг хүүхдийг бараг гурван нас хүртэлх хугацаа шүү дээ. Энэ хугацаанд эцэг эхчүүд хүүхдийг ээнэгшилтэй өсгөх ёстой гэж үздэг.

Ээнэгшил гэдэг эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ найдвартай хайрласан, анхаарал халамжтай, бат бөх харилцааг бий болгохыг хэлж байгаа юм. Уйлж байгаа хүүхдийг орхичих, өөрөө уйлахаа болино гэдэг хүмүүс байдаг. Үгүй юм. Ямар нэгэн хэрэгцээ байгаа учраас хүүхэд уйлдаг. Тэвэрч өг, чанартай хоолло, хөхөөрөө хоолло гэдэг ээнэгшил, хүүхдийн сэтгэл зүйн дархлааг бий болгож байгаа явдал юм. Энэ хэрэгцээ нь хангагдаагүй болохоор л хүүхэд гадаад ертөнц аюултай, ээж аав надад хайргүй, намайг тоодоггүй гэдэг ойлголт бий болчихдог. Хангагдаагүй хэрэгцээ янз бүрээр илэрдэг. Ганцаардах, бусдын хайр халамжийг татах, уурлах, гомдох, айх гэх мэт. Ингээд ирэхээр магадгүй бусдын анхаарал халамжийг татах гэж, бусдыг байлдан дагуулж өөрийгөө чухал хүн гэж ойлгуулахын тулд янз бүрийн үйлдэл хийдэг. Сошиал орчинд юу ч хамаагүй хийдэг. Тэр нь эргээд үзэж байгаа хүүхдүүдэд муугаар нөлөөлдөг. Гэхдээ бас хүүхэд бүрд муугаар нөлөөлдөг гэж үзэж болохгүй. Бас л нөгөө ээнэгшил дутсан, хэрэгцээ нь хангагдаагүй хүүхдүүдэд илүү сөргөөр нөлөөлнө. Тиймээс хүүхдийг багаас нь сайн анхаарах нь чухал.

-Нөгөө талаар хүүхдүүдэд гоё сайхан харагдаж байгаа бүхэн сайн сурвал, сайн хөдөлмөрлөвөл ийм амжилтад хүрнэ гэдэг хандлагыг бий болгох ёстой биз дээ?

-Ер нь гоё сайхан байх ямар шаардлагатай юм бэ. Хүн ямар ч байж болно. Бидний зүгээс үйлчлүүлэгчдэд байгаагаараа гоё, онцгой, хөөрхөн бай гэж зөвлөдөг. Түүний эргэн тойронд байгаа хүмүүс ч ингэж зөвлөх ёстой. Бид “Ид шидийн дэлгүүр” гэдэг аргыг ашигладаг. Жишээ нь, та өөрийнхөө онцгүй, үүнийг л сольчих юмсан гэж боддог зүйлээ хэлэхгүй юу?

-Би юу….шүдээ гоё болгохыг хүсдэг.

-Тэгвэл таны хамгийн гоё гэж боддог зүйл чинь юу вэ?

-Нүд байх. Энэ тийм чухал уу?

-Ид шидтэн таны өөрчлөхийг хүсдэг зүйлийг гоё болгоод өгье. Хариуд нь өөрийнхөө гоё гэж боддог гэж зүйлээ өг гэвэл та зөвшөөрөх үү?

-Үгүй…

-Энэ шүү дээ. Хүүхдүүдэд бид энэ аргыг л ашигладаг. Өөрийгөө голдог, муухай гэж боддог зүйл тань тийм ч чухал биш, танд түүнээс ч илүү гоё зүйл байна. Хүүхдэд ингэж итгүүлдэг. Энэ бол хүүхдийн сэтгэл зүйд маш нөлөөтэй арга.

Эсвэл эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ өөр нэг тоглоом тоглож болно. Хүүхэдтэйгээ харилцан нэгнийхээ сайн чанар, гоё зүйлийг нэрлэнэ. Миний охины үс гоё шүү, хүү маань маш ухаалаг яриатай шүү гэх маягаар. Хүүхдүүд сэргээд л ирдэг. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ сэтгэлийн савыг дүүртэл хэлж өгөх ёстой. Заавал бага наснаас гэлтгүй одоо ч оройтохгүй. Ер нь хүүхэдтэй харилцахын тулд, ялангуяа сошиал хэрэглээнд хамааралтай болсон хүүхдүүдэд амьдрал дээр буусан алхмууд л тус болно.

Эцэст нь бас нэг зөвлөгөө өгье. Хүүхдэдээ өдөр бүр 30 минутыг зарцуул. Эхний 10 минут сонсч, ярилцаарай. Дараагийн 10 минутанд хамт тогло. Түүний дараагийн 10 минутанд тайвшруулж унтуулаарай. Ядаж л сонсч, ярилцах хэрэгцээг нь хангаад өгчихөд, хайрлагдах хэрэгцээг нь хангахад хүүхэд утас руу гүйгээд байдаггүй. Ямар нэгэн хэрэгцээ нь хангагдаагүй учраас түүнийг нөхөх зүйлс рүү тэмүүлдэг.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн аутизмын оношилгоог ЭМД-ын сангаас бүрэн хариуцна DNN.mn

Хүүхдийн аутизмын оношилгоог ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.

ЭМДЕГ-ын даргын 2022 оны “Жагсаалт батлах тухай” А/53-р тушаалаар хүүхдийн аутизмын оношилгоо 120 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.
Харин Монгол Улсад түр болон урт хугацаанд оршин суух эрхтэй бусад улсын хүүхэд энэхүү тусламж, үйлчилгээг хамтын төлбөртэйгээр буюу нийт зардлын 30 хувийг өөрөө хариуцан төлнө.
“Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт”
Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 656.6 тэрбум төгрөгийн ашигтай гарав DNN.mn

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2023 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.1 их наяд төгрөг болжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 29.6 хувиар, тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 4.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 34.4 хувиар тус тус өссөн үзүүлэлт аж.

Өөрөөр хэлбэл, манай улсын нэгдсэн төсвийн нийт орлого өмнөх оны мөн үеэс 29.6 хувиар өслөө.

Тэгвэл нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ оны эхний улиралд 4.1 их наяд төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 656.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ҮХНӨ-ийг энэ хавар хэлэлцэж, УИХ 152 гишүүнтэй болж Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болно DNN.mn

УИХ-ын энэ удаагийн хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд дунд олны анхаарал татаж буй хэд хэдэн хууль, хуулийн төслүүд байгаагаас ҮХНӨ (Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт)-ийг хүн бүр харж байна. Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэж байгаа учир Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өөр аргагүй гэдгийг эрх баригч намынхан тайлбарлаад байгаа. Тэдний хувьд ҮХНӨ-ийг хийхдээ аль болох удаан хугацаанд тогтвортой байх өөрчлөлтүүдийг оруулна гэж буй.

Өнгөрсөн долоо хоногт ҮХНӨ-тэй холбоотой хүний эрх, хотын эрх зүйн байдал, гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоо гэсэн үндсэн агуулгыг багтаасан төслийг Ерөнхий сайдад танилцуулсан нь Үндсэн хуулиа энэ хавар хэлэлцэх нь тодорхой боллоо гэсэн үг.

ҮХНӨ-ийн төслийг Ерөнхий сайдад танилцуулсны дараахан Засгийн газар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл”-д иргэдээс албан ёсоор санал аваад эхэлсэн нь энэ ажлыг шуурхайлж байгаа хэрэг.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг сонирхож үзлээ. Төсөлд, Нэгдүгээр зүйлд дараах хоёр өөрчлөлтийг багтаажээ. Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг: “1.Улсын Их Хурал нэг танхимтай байна. Улсын Их Хурлын гишүүдийн далан зургааг мажоритар, далан зургааг пропорциональ аргаар сонгоно”. Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг: “1.Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай маргааныг уул эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэний өргөдлөөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу магадлан шийдвэрлэж эцсийн шийдвэр гаргана”. Хоёрдугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “төрийн дээд байгууллагууд” гэснийг “төрийн эрх барих дээд байгууллага” гэж, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “томилно” гэснийг “томилох бөгөөд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэгээс илүү удаа дахин томилохыг хориглоно” гэж, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр” гэснийг “Улсын Их Хурал, түүний нийт гишүүний аравны нэгээс доошгүй гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр Үндсэн хуулийг зөрчсөн тухай” гэж тус тус өөрчилсүгэй гэжээ. Гуравдугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван ес дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай гэсэн бол дөрөвдүгээр зүйлд ҮХНӨ-ийг Дагаж мөрдөх хугацааны тухай тус тус тусгасан байна.

Нэгдүгээр зүйлд гишүүдийн тоо, хүний эрхийн талаар гэсэн хоёр асуудлыг оруулжээ. Мажоритар сонгуулийн тогтолцоо нь иргэдийн санал гээгдэх, тойргийн явцуу ашиг сонирхол улс орны эрх ашгаас өндөрт тавигдах, олон нийтэд танигдсан, хөрөнгө санхүүгийн боломжтой хүмүүст давуу байдал үүсгэх зэрэг сөрөг талыг бий болгож ирсэн. Үүнийг шийдвэрлэх арга зам нь мажоритар болон пропорциональ аргын давуу талуудыг тусгасан сонгуулийн холимог тогтолцоо юм. Үндсэн хуульд энэ тогтолцоог заах нь сонгуулийн хуулийг тогтвортой байлгах, намууд сонгуульд шударгаар өрсөлдөх, иргэдэд ойлгомжтой байх, гадаадад байгаа иргэний сонгох эрхийг баталгаажуулах сайн талтай гэж үзэж гишүүдийн тоог Засгийн газраас 76+76=152 болгох саналтайгаар төслөө боловсруулсан нь энэ. Жагсаалтаар орж ирэх гишүүний тоог 76 байлгаснаар газар нутаг, нийгмийн бүлгүүд, эмэгтэйчүүдийн төлөөллүүдийг хангалттай хэмжээгээр парламентад оруулах боломжтой гэж тооцсон байна.

Энэ зүйлд, Дээд шүүхийн шийдвэр хүний эрх зөрчсөн гэж үзвэл Үндсэн хуулийн Цэцэд хандаж, Цэц хүний эрхийн шүүх болох бөгөөд өмнө нь ярьж байсан хүний эрхтэй холбоотой зүйл заалтыг оруулж ирэх юм байна. Ингэснээр Үндсэн хуулийн Цэц зөвхөн Үндсэн хуулийн биелэлт дээр хяналт тавьдаг байсан бол хүний эрхийг хамгаалах үүрэгтэй болох нь.

Хоёрдугаар зүйлд хотын эрх зүйн байдлыг шинэ түвшинд гаргах тухай тусгажээ гэж харлаа. Тодруулбал, нийслэл Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэлийг бууруулах чиглэлээр хотын эрх зүйн байдлыг дээшлүүлэх, илүү тодорхой болгож, засаг захиргааны нэгжийг нарийвчилж өгөх гэнэ. Үндсэн хуульд ийм өөрчлөлт оруулснаар нийслэл төдийгүй бусад хотуудын ч эрх зүйн байдал нэмэгдэж, төвлөрөл буурна гэж үзжээ. Үндсэн хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэдэг нь “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн” гэсэн заалтыг хэлж байгаа юм. Энэ заалтад “Төрийн дээд байгууллагууд” гэснийг “төрийн эрх барих дээд байгууллага” гэж өөрчилж байгаа юм байна. 65.1, 66.2 дахь хэсэг нь Цэцтэй холбоотой заалтууд. ҮХНӨ-ийн төсөлд тусгагдсан гуравдугаар зүйлд 19.2-ыг хүчингүй болгох тухай тусгажээ. Энэ нь “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн заалт юм байна.

Мэдээж аливаа эрх барьж буй нам сонгуулийн өмнө дахин ялахын тулд Сонгуулийн тухай хуулиа өөрчилдөг нь тогтсон ёс болчихоод байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна гэдэг агуулгыг ийнхүү төсөлд тусгаж чаджээ. УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, Ерөнхийлөгчийг парламентаасаа сонгодог болох ийм том зураг дээрх ҮХНӨ-ийн төслийн ерөнхий агуулгаас харагдаж байна. Хэрвээ Ерөнхийлөгчийг парламентаас сонгохгүй бол УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг дэмжихгүй гэдэг зүйлийг МАН-ынхан өнгөрсөн жилийн өдийгөөс эхэлж дотроо ярьцгааж, тохироо хийсэн гэж хардацгааж байсан нь үнэн болж таарлаа.

ҮХНӨ-ийн хүрээнд хотын эрх зүйн байдлыг шинэ түвшинд гаргана гэцгээж байгаа. Хархориныг шинэ нийслэлээр зарлаж, тэнд төрийн ажил хэрэг явуулдаг байх тухай яриа хөөрөө хэдэн сарын өмнөөс хүчтэй яригдаж эхэлсэн. Үүн дээр иргэд айхавтар санал талцаагүй ч нийслэлээр оролдохгүй байх нь одоохондоо хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлцгээж байгаа. Хэрвээ “Төрийн дээд байгууллагууд” гэснийг “төрийн эрх барих дээд байгууллага” гэж өөрчлөх нэрийн дор Үндсэн хуулиас Улаанбаатар гэх нэрийг аваад хаячихвал та нарыг Монгол Улсын хүн амын тал нь шахуу амьдарч байгаа мега хот болох Улаанбаатарын оршин суугчид, иргэд хормын дотор л үнс нурам болгож, улс төрийн тавцангаас зайлуулах байх шүү.

Түгжрэлийг бууруулж байна гэх шалтгаар Улаанбаатарыг нийслэл хот гэх статусаас нь хэрхэвч салгаж болохгүй. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн” гээд заачихсан байгааг дахин сануулъя. Ер нь нийслэлийг нүүлгэх тухай яриа үе үе гарч л байдаг. Нийслэлийг нүүлгэнэ гэж амныхаа зоргоор бурсан улс төрч тун удахгүй амаа хамхиад алга болчихдог. Учир нь нийслэлийг нүүлгэнэ гэвэл Үндсэн хуулиа зөрчсөн хэрэгт орчихно гэдгээ мэдсэн нь тэр байдаг л даа. Гэтэл одоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хэн нэг нь Улаанбаатар гэх нэрээр “оролдвол” нийслэлийг “Хархоринд төвлөрүүлнэ”, “Үгүй ээ, Улаангомд байгуулна”, “Үгүй шүү, манай Чингис хотыг нийслэл болгоно” гэж нийслэлээ дуртай газрууд руугаа зөөж аваачна аа л гэсэн үг. Хуульд өөрчлөлт, нэмэлт оруулж болох ч оролдож болохгүй зүйл, заалт байдаг гэдгийг ҮХНӨ-ийг хэлэлцэхийн өмнө анхаарч үзүүштэй.

ҮХНӨ-өөр ийнхүү олон жил яригдсан УИХ-ын гишүүдийн тоо нэмэх эсэх асуудал нэг тийшээ шийдэгдэж 76-аас 152 болж нэмэгдэж, Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог болох шинэ тогтолцоо руу орох нь ээ.