Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр хонь өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 19, Буд
гариг. Билгийн тооллын 29,
дэлгэрүүлэгч одтой, улаагчин
хонь өдөр. Өдрийн наран
5:56 цагт мандан, 19:47 цагт жаргана.
Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа
үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь
жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд
хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл
өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа
хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал
үйлдэх, мал худалдан авах, мал түгээх,
хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил
санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул
овоо тахихад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой,
бич, нохой, гахай болой. Хол газар яваар
одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Улс орныг сүйрүүлэхэд ганц удирдагч хангалттай” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, эдийн
засгийн шинжлэх ухааны
доктор Б.Баттөмөр “Төгрөгийн ханшийг илүү
чангаруулъя гэвэл баялгийн менежмэнтээ
зөв хийх хэрэгтэй”
гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

7.3 тэрбумын С.Батдөл суллагдах уу?

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Улс орныг сүйрүүлэхэд ганц удирдагч хангалттай” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Соёлын гавьяат зүтгэлтэн, физикматематикийн ухааны доктор, Нийгмийн гэгээрлийн холбооны дэд тэргүүн Д.Данзан “Гэгээрэлд хүрэх нь энгийн дадлаас л эхэлнэ. Тийм хэцүү зүйл биш шүү дээ” гэв.

Ховдын нутгаар хүчтэй шороон шуурга үргэлжилж байна


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хууль тогтоогч, гавьяат хуульч, академич, судлаач нарыг ажлын хэсэгт орж ажиллахыг урив

УИХ-аар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр хуульч, судлаачдын төлөөлөлтэй уулзаж, санал солилцов.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулж, эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Улс төрийн намын тухай хуулийн төслүүд чухал ач холбогдолтой болохыг онцолсон. УИХ-аас хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгүүдийг энэ долоо хоногт байгуулах бөгөөд эдгээр ажлын хэсгүүдэд орж ажиллахыг урив.

Мөн тэрбээр, “Мөнгөний” сонгуулийг өөрчилж, намын дотоод ардчиллыг бэхжүүлж, бодлогын намуудыг төлөвшүүлэх, улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох замаар хууль, эрх зүйн шинэчлэлийг хийхийг зорьж байна. Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуулиуд салшгүй холбоотой учраас тунхгийн шинжтэй хууль батлахаас зайлсхийж, процесс бүрийг нарийвчлан тусгахад эрдэмтэн судлаачид, хуульчдын саналыг сонсох ёстой гэдгийг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар танилцуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн нэгдэл болох улс төрийн намын эрх зүйн шинэтгэлд анхаарал хандуулж парламентад суудалтай намууд болон бусад нам, эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06 дугаар захирамжаар байгуулсан гэв. Уг ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулах хүрээнд парламентад суудалтай намууд болон бусад нам, эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын төлөөллийг хангасан 14 удаагийн хэлэлцүүлэг, уулзалт, ярилцлага хийсний зэрэгцээ Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 улс төрийн намаас санал авчээ. Хуулийн төсөлд,

-Улс төрийн намын хариуцлагыг дээшлүүлэх,
-Улс төрийн нам бодлогын институт болон төлөвших,
-Намын санхүүжилтийн ил тод байдлыг хангаж, хяналтыг сайжруулах,
-Намын гишүүдийн тэгш оролцоог хангах,
-Улс төрийн намуудын дотоод ардчиллыг хөгжүүлэх зэрэг үндсэн таван онцлох зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан уулзалтад оролцогчид байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, Ардын Их Хурлын депутат, Монгол Улсын гавьяат эдийн засагч Т.Очирхүү, Үндсэн хууль судлаач Д.Ламжав нар “Улс төрийн намын хатуу гишүүнчлэлийг зохицуулж байгаа нь зүйтэй. Сонгуулийн ерөнхий хороонд аливаа улс төрийн маргааныг хянан шийдвэрлэх бие даасан бүтцийг оруулах хэрэгтэй” гэв.

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Философийн ухааны доктор, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, Улс төрийн намын тухай хуулийн төслийн хүрээнд том шинэчлэл хийхээр байгааг онцлоод, тунхгийн шинжтэй хууль болохоос сэргийлж, процессын нарийвчилсан зохицуулалтыг оруулах ёстойг хэллээ. Мөн хуульч Б.Гүнбилэг хуулийн төсөлд улс төрийн намуудын дүрэмд зааж болох, эс болох асуудлуудыг тодорхой тусгахгүй бол Үндсэн хуулиар олгогдсон төрийн эрх мэдэлд халдах эрсдэл үүсэж болзошгүйг хэлсэн юм.

Харин академич С.Нарангэрэл ард түмнийг төлөөлөх чадвар бүхий нэр дэвшигчидтэй байх нь улс төрийн намуудын гол зорилго учраас хүний нөөцийг чадавхжуулах, дотоод ардчиллыг бэхжүүлэх тодорхой зохицуулалтыг хийх шаардлагатай талаар байр сууриа илэрхийлсэн. Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн ухааны доктор, профессор Н.Жанцан, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, дипломатч Ц.Гомбосүрэн нар хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлж, “Улс төрийн намуудын тогтворгүй байдлыг халах хууль болох ёстой. Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангаж, хяналтыг сайжруулах чиглэлд гол анхаарлаа хандуулах нь зүйтэй” гэлээ.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль, эрх зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Их сургуулийн Эмерит профессор, академич С.Нарангэрэл, Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн ухааны доктор, профессор Н.Жанцан, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, дипломатч Ц.Гомбосүрэн, Ардын Их Хурлын депутат, Монгол Улсын гавьяат эдийн засагч Т.Очирхүү, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Философийн ухааны доктор, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, Ардын Их Хурлын депутат, Үндсэн хууль судлаач Д.Ламжав, Хууль зүйн ухааны доктор, хуульч, судлаач Б.Гүнбилэг, Монгол Улсын Их сургуулийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, профессор, судлаач Д.Бумдарь нар оролцов.

Categories
мэдээ нийгэм

ТХЯ: Хяналт шалгалт үргэлжилж байна DNN.mn

Зам тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газраас Авто зам, авто тээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2020 стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-тай хамтран олон улс, улсын чанартай авто замаар тээвэрлэлт эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгслийн бүх жин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж, зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулахаар Нийслэлийн ойролцоох авто замын хяналтын постууд болох Түргэн, Хоолт, Эмээлтийн цэгүүдэд хоёр дахь өдрөө ажиллаж байна.

Хяналт шалгалтын үеэр шалгалтаас зайлсхийж зориулалтын бус замаар тээвэрлэлт хийх зөрчил илэрч байна. Дээрх төрлийн зөрчилд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хариуцлага тооцон сануулах арга хэмжээ авч ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Л.Энхбаатар: Япон улсаас импортолсон барааны 67.3 хувийг суудлын автомашин эзэлдэг DNN.mn

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас ААН-үүдийн “Экспортын сэдэвчилсэн судалгаа”-г танилцуулав.

Энэ үеэр ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын ахлах эдийн засагч Л.Энхбаатар Монгол Улсын 2022 оны экспорт, импортын мэдээлэл өглөө.

Тэрбээр “Сүүлийн 30 жилийн байдлаар Монгол Улсын нийт экспортын 93.7 хувийг уул уурхайн салбарын гаралтай бараа бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Үүний 52 хувийг чулуун нүүрс, 25.9 хувийг зэсийн баяжмал эзэлдэг. Нийт экспортын 84.2 хувийг БНХАУ-руу, 0.7 хувийг ОХУ-руу , 8.2 хувийг Швейцар улс руу, 2.8 хувийг Сингапур улс руу, 2.2 хувийг БНСУ-руу гаргадаг.

Уул уурхайн экспорт 1995 онд 65.5 хувийг эзэлдэг байсан бол өнгөрсөн онд 93.1 болж өсжээ. 1989 онд экспортын 0.6 хувийг БНХАУ, 77 хувийг ОХУ эзэлж байсан бол 2022 онд БНХАУ 84.2 хувь, ОХУ 0.8 хувийг эзэлдэг болж өөрчлөгдсөн. Уул уурхайн бус бүтээгдэхүүн гэвэл мал, амьтны самнаагүй, үс хялгас төрлийн 3.1 хувийн экспорт хийж байна.

Мөн экспортын 64.5 хувь нь авто тээврээр, 24.9 хувь нь төмөр замаар, 10.6 хувь нь агаар ба бусад тээврээр хийгддэг. Манай улс 1995 онд дэлхийн экспортын салбарын 0.01 хувийг, 2021 онд 0.043 хувийг эзэлж байна. Энэ нь экспортын үнийн дүнгээр 1995-2021 онд 19.5 дахин өссөн үзүүлэлт юм.

1989 онд БНХАУ импортын 2.1 хувийг, ОХУ 79.9 хувийг эзэлж байсан бол өнгөрсөн онд БНХАУ 35 хувийг, ОХУ 30 хувийг бүрдүүлж байна.

ОХУ-аас импортолсон барааны 60.6 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон улсаас импортолсон барааны 67.3 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 10.2 хувийг ачааны автомашин, 4.3 хувийг цахилгаан эрчим хүч тус эзэлдэг” хэмээн ярилаа.

Categories
мэдээ нийгэм

Буянт-Ухаа, Агросити, Налуу-Ухаа зэрэг дагуул хот байгуулахаар судалж байна DNN.mn

Түгжрэлийг бууруулах дунд хугацааны зорилтын хүрээнд дагуул хотууд байгуулах талаар албаныхан онцолж байна.

Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвөөс танилцуулснаар Хөшигийн хөндий дэх шинэ дагуул хотоос гадна

  • Ар гүнтэд Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Хүнсний хувьсгалын хүрээнд Агросити,
  • Налайхад зүүн бүсийн терминал Налуу-Ухаа,
  • Хан-Уул дүүргийн дөрвөн хороог хамруулсан Буянт-Ухаа дагуул хотыг байгуулах судалгааны ажлыг тус тус эхлүүлжээ.

Сонирхуулахад, Буянт-Ухаа дагуул хотыг мэдээллийн технологийн чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн дарга Р.Дагва “Дагуул хотууд 50 километрийн радиустайгаар байгуулагдана. Эдгээрт эдийн засгийн кластеруудын бий болгох хэрэгтэй. Хүнсний, технологийн чиглэлээр нь кластер үүсгэн хөгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Дагуул хотуудад хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжүүдийг эрх зүй, бодлого татварын талаас нь ямар дэмжлэг үзүүлэхээ бодолцох ёстой. Улаанбаатар хотын эдийн засгийн таталцал нь 200 километр дотор байдаг юм байна. Тэгэхээр 200 километр радиус дотроо ямар байдлаар харилцан эдийн засгийн ашигтай ажиллах вэ гэдгээ тодорхойлно.

Жишээлбэл, 50 километрийн радиус дотор Төв аймгийн 27 сум бүгд багтана. Газрын бүтэц, хөрсний чийг гэхчлэн бүх зүйлийг нь судлахаар баруун таван суманд нь хүнсний ногоо тариалахад хамгийн тохиромжтой гэж тодорхойлогдсон. Тэнд хүнсний ногоо тариалсан хүмүүсийг дэмжихийн сацуу нийслэлийн иргэдийг дөрвөн улирлын турш эрүүл хүнсээр хангахын тулд Улаанбаатарт тусгай агуулахуудыг байгуулах шаардлага байна. Үүнд хувийн хэвшилтэй хамтарч, бодлогоор яаж дэмжихээ бас тодорхойлох хэрэгтэй.

Ингэснээр бүгд Барс, Нарантуул руу ирж бөөнөөр нь бараагаа татаж зөөх биш тус тусдаа агуулахуудаас нь авах боломжтой байх юм. Хадгалах горимоос нь шалтгаалсан тус тусдаа агуулахуудыг хотын зах хэсгээр байгуулснаар тэр чигт урсгал бий болгоно” гэлээ.

Нийслэлчүүд жилдээ 45 мянган тонн хүнсний ногоо хэрэглэдэг байна. Иймд нийт 50 мянган тоннын хүчин чадалтай 19 агуулах барьснаар замын хөдөлгөөний ачаалал 8.2 хувиар буурах тооцоолол байна. Эдгээр агуулах нь дунджаар 3 га орчим талбайг эзэлсэн, худалдаа үйлчилгээний төв болгон хөгжүүлэх боломжтой гэж үзсэн байна.

Categories
мэдээ нийгэм

УБЦТС: Маргааш хийгдэх засварын хуваарь DNN.mn

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 19-ний Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

С.Эрдэнэсайхан: Улаанбаатарт 32 га талбайд мод үржүүлгийн ажил эхлүүлж, хайлаас, улиас тарьж байна DNN.mn

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан нийслэл мод үржүүлгийн газартай болсон талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нийслэлд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 120 сая мод тарих амлалт аваад хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнээс 55 сая модыг ногоон бүсэд, 65 саяыг нь хотын суурьшлын бүсэд тарих юм. Хот суурин газарт 25 сая жимсний мод тарихаар төлөвлөж байна.

Хотын хувьд мод үржүүлгийн газартай болсон. Нийт 32 га талбайд мод үржүүлгийн ажлыг 2022 онд эхлүүлээд байна. Хайлаас, улиас зэрэг модыг тарьж эхэлсэн” хэмээв.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох үеэр 15 аж ахуйн нэгжтэй хамтраад дээрх ажлыг эхлүүлсэн гэдгийг С.Эрдэнэсайхан нэмж хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Гэрээсээ гараад сураггүй болсон 37 настай иргэнийг хайж байна DNN.mn

Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн Мэргэн гэдэг газарт Иргэн А дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 19:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага өчигдөр аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд иргэн 37 настай А-г эрэн хайх ажиллагааг тус багийн Мэргэн-Уул, Баруун-Ураа, Зах-Ус, Цагаантүнгэ, Цоохор нуур, Цоохор нуурын баруун хөвөө гэдэг газруудаар 120 км-т зохион байгуулсан. Өнөөдөр эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлэх байна.

Categories
мэдээ нийгэм

Оюутны аварга шалгаруулах таеквондогийн тэмцээний аваргууд тодорлоо DNN.mn

Монгол Улсын оюутны аварга шалгаруулах таеквондогийн тэмцээний аваргууд тодорлоо. Тэмцээн ХААИС-ийн спорт зааланд болж, 11 их дээд сургуулийн 80 гаруй оюутан тамирчин, шүүгч, дасгалжуулагч, зохион байгуулагч оролцсон юм.

Тамирчид эмэгтэй, эрэгтэй тус бүр таван жинд хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноос Үндэсний биеийн тамирын дээд сургууль дөрвөн алтан медаль хүртэж тэргүүн байр, Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын боловсролын их сургийн баг тамирчид тус бүр хоёр алтан медаль хүртэж удаалав.

Тэмцээний шилдэг эмэгтэй тамирчнаар МУБИС-ийн тамирчин Л.Бадам, шилдэг эрэгтэй тамирчнаар МУИС-ийн тамирчин Г.Энхбаяр, шилдэг шүүгчээр Монгол Улсын шүүгч Ж.Хуншагай нар шалгарлаа.

Эмэгтэй

-46 кг

Алт – Л.Бадам (МУБИС)

Мөнгө – Э.Номин-эрдэнэ (ХААИС)

Хүрэл – А.Ачбилэг (МУИС)

Хүрэл – П.Одончимэг (ИЗОУИС)

-49 кг

Алт – А.Азжаргал (ИЗОУИС)

Мөнгө – Ж.Энхгэрэл (МУИС)

Хүрэл – А.Нинжбадам (ИЗОУИС)

-57 кг

Алт – Б.Намуун (МУИС)

Мөнгө – Д.Номин-эрдэнэ (ХААИС)

Хүрэл – Д.Халиун (ИЗОУИС)

Хүрэл – Б.Уранчимэг (ИЗОУИС)

-67 кг

Алт – Д.Бямбажаргал (ҮБТДС)

Мөнгө – Ичинхорлоо (МУБИС)

Хүрэл – Б.Сүрэн (Мон-Алтиус ДС)

Хүрэл – Б.Анхбаяр (ИЗОУИС)

+67 кг

Алт – Сайнзаяа (МУБИС)

Мөнгө – М.Хонгорзул (АШУҮИС)

Хүрэл – С.Янжинлхам (МҮИС)

Хүрэл – М.Чанцал-цолмон (ИЗОУИС)

Эрэгтэй

-54 кг

Алт – М.Өсөхбаяр (ХААИС)

Мөнгө – Х.Ялалт (Мон-Алтиус ДС)

Хүрэл – Ч.Хүрэлбаатар (ИЗОУИС)

Хүрэл – М.Баяржавхлан (ХААИС)

-58 кг

Алт – С.Ган-эрдэнэ (ҮБТДС)

Мөнгө – Ө.Өлзий-орших (ИЗОУИС)

Хүрэл – Э.Ганзориг (ИЗОУИС)

Хүрэл – Б.Мөнхгал (ХААИС)

-68 кг

Алт – Д.Чинзориг (ҮБТДС)

Мөнгө – Н.Энхбаяр (СЭЗИС)

Хүрэл – Н.Мөнхбаяр (ХААИС)

Хүрэл – Э.Эрдэнэ-очир (МУБИС)

-80 кг

Алт – Г.Энхбаяр (МУИС)

Мөнгө – Т.Одбаяр (Мон-Алтиус ДС)

Хүрэл – Н.Батхишиг (ИЗОУИС)

Хүрэл – А.Азбаяр (ХААИС)

+80 кг

Алт – Б.Гантулга (ҮБТДС)

Мөнгө – А.Билгүүн (Этүгэн ИС)

Хүрэл – Э.Ганзориг (МУИС)

Хүрэл – Б.Очирбат (ИЗОУИС)

Монголын Оюутны Спортын Холбоо