Categories
мэдээ эдийн-засаг

Нүүрсний хэрэгтэй холбогдуулан 10 057 хүнийг гэрчээр дууджээ DNN.mn

Нүүрс олборлох, тээвэрлэх, худалдах, худалдан авахтай холбоотой хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар Прокурорын байгууллагаас мэдээллээ.

Нүүрсний хэрэгтэй холбогдуулаад 10057 хүнийг гэрчээр дуудаж, АТГ-т 1151 ширхэг баримтыг хураан авсан байна. Харин Эрүүгийн цагдаагийн албанд 11 3000 хуудас баримтыг холбогдох этгээдүүдээс хураан авч, баримтжуулах ажиллагааг явуулжээ.

Одоогийн байдлаар эрх бүхий албан тушаалтнууд 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Үүнтэй холбогдуулан нэр бүхий яллагдагчдын дараах эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна. Үүнд:

  • Орон сууцны 84, оффисын тав, таван зогсоол, гурван агуулах
  • 48 тээврийн хэрэгсэл
  • Таван газар
  • Хоёр хуулийн этгээдийн хувьцаа
  • 35 иргэн, 43 хуулийн этгээдийн арилжааны банкны дансан дахь зарлагын гүйлгээ
  • Дөрвөн иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт, цаас бондыг хязгаарлажээ. Түүнчлэн бэлнээр 630 сая төгрөг, 230 мянган ам.долларыг бэлнэр хураан авчээ. Эх үүсвэрийг шалгах, тогтоох ажиллагаа үргэлжилж байгаа талаар мэдээлэв.
Categories
мэдээ улс-төр

НББХ: Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн заримыг дэмжлээ DNN.mn

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд Үндэсний зөвлөлийн даатгуулагч болон ажил олгогчдийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагыг төлөөлсөн гишүүдийг талуудын санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлөхөөр заасан. Нэр дэвшигчийн сонсголыг Нийгмийн бодлогын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу гуравдугаар сарын 15-ны хуралдаанаараа товлож, энэ сарын 10-нд зохион байгуулсан юм.

Нэр дэвшигчийн сонсгол явуулсан талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан, Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Б.Алтанхуяг нарыг, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ш.Зоригоо, Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Гэрэлмаа нарыг, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эрдмийн зөвлөлийн гишүүн Н.Одонгуаг тус тус нэр дэвшүүлснийг сонсголоор хэлэлцэхэд оролцогчид тэдний хөтөлбөр, зорилтын талаар асууж, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг зохистой, үр ашигтай, эрсдэлгүй зарцуулах, сангийн техникийн хороог байгуулж ажиллуулах, иргэдийн эрүүл мэндээс шалтгаалсан санхүүгийн дарамтыг хуваалцах бодлогын зохицуулалт, хэрэгжилтийг хангах зэрэг олон асуудлаар санал илэрхийлсэн юм.

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийн талаар мэргэжлийн, хараат бус шинжээч, доктор Л.Мөнх-Эрдэнэ ажлын хангалттай туршлагатай, тус тусын давуу тал, онцлог чанартай, мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүйн шаардлага хангасан, ашиг сонирхлын зөрчилгүй хэмээн дүгнэсэн бол тэднийг албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх магадлал тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийг АТГ-аас хувийн ашиг сонирхлын урдчилсан мэдүүлгүүдэд нь үндэслэн хийжээ. Харин Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ш.Зоригоог Улсын Их хурлын гишүүн С.Чинзориг, Ж.Чинбүрэн, сонсголд оролцсон иргэн н.Батбаяр нар ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Нэр дэвшигчийн сонсгол явуулсан тухай танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн, С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Д.Сарангэрэл, Д.Батлут нар асуулт асууж, үг хэллээ. Эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж буй гүйцэтгэлээр санхүүжүүлэх тогтолцооны дутагдалтай талыг засах, хэрэгжилтийн явцад гарч буй алдаа эндлийг залруулах, даатгалын сангийн тэнцлийг хангах, хяналтыг чангатгах, хуулийн хэрэгжилтийг сайжруулах зэрэг асуудлыг Улсын Их Хурлын гишүүд хөндөв. Мөн Үндэсний зөвлөл болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагааг сайжруулах, нийтээр дагаж мөрдүүлж буй журам, дүрмийг иргэд, олон нийтэд ойлгуулах гэх зэрэг асуудлаар нэр дэвшигчид тус тусын байр суурийг илэрхийлж, холбогдох журам, зохицуулалтыг сайжруулах, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлж, санхүүжилтийг оновчтой төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэх талаар гарц, шийдлүүдээ хэлсэн юм.

Энэ сарын сүүлээр Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн тайланг хэлэлцэнэ гэж тус Байнгын хорооны дарга П.Анужин танилцуулаад зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч тус бүрээр санал хураалаа. Хуралдаанд оролцон гишүүдийн олонх нь нэр дэвшигч С.Эрдэнэбат, Б.Алтанхуяг, Ж.Гэрэлмаа, Н.Одонгуа нарыг дэмжиж, Т.Баясгалан, Ш.Зоригоо нарыг дэмжсэнгүй. Үндэсний зөвлөлд шинээр томилох гишүүдийг дэмжсэнээр одоо ажиллаж буй гишүүдээс Ц.Цолмонгэрэл, Х.Амгаланбаатар, Д.Чимэддагва, Ц.Ганхүү нарыг чөлөөлөгдсөнд тооцож буй юм.

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж, нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулсан тухай Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

“Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв DNN.mn

Улсын Их Хурлын Эдийн засгийн болон Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2023.04.19) хамтарсан хуралдаан 11 цаг 25 минутад 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг даргаллаа. Засгийн газрын Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай саналыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.

Засгийн газраас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, экспортыг эрчимжүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилон ажиллуулж байгаа юм. Онцгой дэглэм тогтоох үед “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүгийн нөхцөл байдал хүнд, үйл ажиллагаа ил тод бус, санхүүжүүлж буй төсөл хөтөлбөртэй холбоотой мэдээллийг нууцад хамааруулсан, ажлын гүйцэтгэл хоцрогдолтой байсныг тэрбээр танилцуулав. Түүнчлэн тус компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, шаардлагагүй алба, нэгжийг татан буулгах, ажилтнуудын сахилга хариуцлагыг сайжруулах шаардлагатай байсан гэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч нүүрс олборлолт тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангуулах, нүүрсийг хил нөхцөлөөр биржээр арилжих, шаардлагатай төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн тодорхой үр дүнд хүрээд байгаа гэлээ. Тухайлбал, нүүрсийг биржээр хил нөхцөлөөр борлуулж, нүүрсний үнэ, борлуулалтыг нэмэгдүүлсэн байна. Нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр тэдний төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгджээ. Компанийн тусгай зөвшөөрлийн талбайгаас нүүрс дутсан асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байна. Нүүрс худалдах, худалдан авах гэрээний нөхцөлийг өөрчлөн, уурхайн ам нөхцөлөөс хил нөхцөлд шилжүүлсэн, уулын ажлын зардлыг бууруулсан, компанийн өр төлбөрийг барагдуулж ашигт ажиллагааг нэмэгдүүлсэн болохыг Д.Амарбаясгалан сайд танилцуулав.

Түүнчлэн ил тод байдлыг хангах үүднээс нууцад хамааруулсан гэрээнүүдийг ил болгож, төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлсэн, компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох ажлын хүрээнд шаардлагагүй алба, нэгждийг татан буулгаж, удирдах ажилтны тоог бууруулсан, хууль зөрчсөн байж болзошгүй тохиолдлуудыг хяналт шалгалтын байгууллагад гомдол гарган шилжүүлсэн зэрэг үр дүнгүүд гарч эхлээд байгаа аж. Онцгой дэглэмийн хугацаанд 1,260.6 сая ам.долларын үнэлгээтэй 13 сая тонн нүүрс борлуулсан нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн түүхэн дээд амжилт болсон ба энэ нь 2022 оны борлуулалтын орлогын дүнгээс илүү байгаа аж.

Онцгой дэглэмийн хугацаанд сарын дундаж үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлт өмнөх үетэй харьцуулахад эрс сайжирсан байна. Борлуулсан нүүрсний хэмжээ 4.1 дахин, тээвэр 3.9 дахин, экспорт 2 дахин, орлого 3.9 дахин, олборлолт 2.7 дахин тус тус өсчээ. Компани 500 сая ам.доллароос багагүй орлого олж гадаад валютын нөөц нэмэгдүүлэх үүргийг давуулан биелүүлж, 588 сая ам.долларын орлого олж, 416.6 сая ам.долларыг Монголбанканд тушаасан байна.

Тус компани 2022 онд түүхэндээ хамгийн өндөр орлого, ашгийг олсон байна. Цэвэр ашиг нь 1.3 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд энэ оны эхнээс гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 765.2 сая ам.долларын үнэлгээтэй 7.5 сая тонн нүүрс борлуулжээ. Үүнээс 445.6 сая ам.долларыг дансанд төвлөрүүлж, бондын 120 орчим сая ам.долларын үндсэн болон хүүгийн эргэн төлөлтийг үйл ажиллагааны орлогоор төлөх боломжийг бүрдүүлэн, худалдан авагчдад төлөх өр төлбөрийг 169.2 сая ам.доллароор бууруулсан байна.

Нийт 7 удаагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулж 224000 тонн коксжих нүүрс, 192000 тонн эрчим хүчний нүүрс, нийт 416000 тонн нүүрсийг биржээр хил нөхцөлөөр амжилттай борлуулсан. Нүүрс олборлохоос экспортлох үе шатыг ил тод болгон, төсөвт төвлөрүүлэх татвар хураамжийн төлөвлөгөөг 1.6 дахин буюу 470.5 орчим тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ. Мөн тээврийн тендерийг амжилттай зохион байгуулж “С” зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод болгож, нүүрсийг хил хүртэл тээвэрлэх, борлуулах бэлтгэлийг хангуулсан байна. Биржээр борлуулсан нүүрсийг 2023 оны гуравдугаар сарын 3-ны өдрөөс “Ганц мод” боомтод хүргэж эхэлсэн байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн үед шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр компанийн санхүүгийн нөхцөл байдал сайжирч, гадаад валютын орох урсгал нэмэгдсэн. Гэсэн ч Тавантолгой нүүрсний ордын эдийн засгийн өгөөж үр ашгийг сайжруулах, нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх нүүрсний олборлолт, тээвэрлэлт, борлуулалт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, өртөг зардлыг бууруулах, нээлттэй ил тод байдлыг хангуулах, нүүрсийг хил нөхцөлөөр, биржээр арилжих зэрэг үйл ажиллагааг жигдрүүлэх, тогтвортой хадгалах, цаашид улам сайжруулж, үүссэн нөхцөл байдлыг бүрэн арилгах шаардалаг бий. Иймээс “Эрдэнэс Тавантолгой” ХК тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага бий хэмээн Д.Амарбаясгалан сайд танилцууллаа. Иймд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлжээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, М.Оюунчимэг, Ц.Анандбазар, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, С.Ганбаатар, Т.Энхтүвшин, Д.Батлут, Г.Ганболд, Ц.Цэрэнпунцаг нар асуулт асууж, үг хэлэв. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлаад 31 жил болж байгаа бөгөөд түүнтэй нийцээгүй хууль хүчингүй болгох, Үндсэн хуульд нийцсэн хууль тогтоомжийг батлах эрх зүйн шинэтгэлийн үйл явц тасралтгүй явагдаж байгааг Б.Энхбаяр гишүүн хэллээ. Зарчмын хувьд Үндсэн хуульд нийцээгүй хууль тогтоомжийг мөрдөхгүй байх ёстой ч шинэ Үндсэн хуулиас өмнө батлагдсан, одоо хэр нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хууль, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн гэрээг тэрбээр онцлон дурдав. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийг сунгах асуудлыг 1991 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр Улсын Бага Хурлаас баталсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль дахь “Үйлдвэрийн газар, байгууллагад тогтоосон онцгой дэглэм, түүний хэрэгжилтийн явцыг сар бүр Улсын Бага Хурал, олон түмэнд мэдээлж байх, тухайн үйлдвэрийн газар, байгууллагад онцгой дэглэм тогтоосон нөхцөл байдал арилаагүй бол хугацааг нь сунгах тухай саналаа уул хугацаа дуусахаас 10 хоногийн өмнө БНМАУ-ын Бага Хуралд оруулж байхыг БНМАУ-ын Засгийн газарт даалгасугай. БНМАУ-ын Бага Хурал зайлшгүй шаардлагатай гэж үзвэл онцгой дэглэмийг нэг удаа 6 сар хүртэл хугацаагаар сунгаж болно” гэх заалтыг үндэслэн хэлэлцэж байгааг дурдаад, тодруулга хийсэн юм. Монгол Улсын эрх зүйн орчинд 1992 оноос өмнө батлагдсан хэд хэдэн хууль тогтоомж хүчин төгөлдөр үйлчилж байгааг Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан хэлээд, эдгээрийг шинэчлэн найруулах, өнөөгийн нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх шаардлага бий гэв. Судлаачид, мэргэжилтнүүдтэй энэ талаар санал солилцож, судалгаа дүгнэлт гаргуулсан бөгөөд Засгийн газар өнөөдөр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд, Үндсэн хуульд нийцсэн шийдвэрүүдийг гаргуулахаар Улсын Их Хуралд төслийг өргөн мэдүүлсэн байна. Энэ төслийн зэрэгцээ Ерөнхий сайдаас Хууль зүй, дотоод хэргийн сайдад дээрх хуулиудын шинэчилсэн найруулгыг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулах үүргийг өгсөн талаар мэдээлэл өгөв. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг 3-5 жилээр хянаж байх шаардлагатай бий бөгөөд ирэх оны төсөвт үүнтэй холбоотой төлөвлөлтийг тусгана гэдгийг Д.Амарбаясгалан сайд хэлсэн.

Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилсон нь оновчтой байсныг үр дүнгийн мэдээллээс харж болно гэж М.Оюунчимэг гишүүн хэлээд, онцгой дэглэмийн үеэр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тодруулж, мэдээлэл авсан юм. Тогтоолын төслийг дэмжиж байгаагаа Ц.Анандбазар гишүүн илэрхийлээд, онцгой дэглэмийн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд бий болсон хөрөнгө, орлогыг зохистой зарцуулж, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн хэлбэрээр эргэлтэд оруулах нь зүйтэй гэдэг санал хэлсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК тогтоосон онцгой дэглэмийн үед гарсан үр ашгийг тогтворжуулах зорилгоор хугацааг нэг удаа сунгах нь зүйтэй гэдэг байр суурийг Ж.Батжаргал гишүүн илэрхийлээд, гэхдээ цаашид эрх зүйн орчныг бүрдүүлээд, удирдлагаас үл хамааран үйл ажиллагаа нь тогтовортой үргэлжилж байх шаардлагатай гэлээ. Тиймээс эрх зүйн орчныг бүрдүүлэхээр Эдийн засгийн байнгын хороо Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны талаарх хууль тогтоомжуудыг нэн яаралтай шинэчлэн, өргөн мэдүүлж, батлуулах нь зүйтэй гэдэг саналыг хэлсэн. Хувьцааны ноогдол ашиг тараах эсэх асуудал дээр хууль тогтоомжийнхоо хэрэгжилтийг хангах нь зүйтэй гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлэв. С.Ганбаатар гишүүн тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, үндэслэлээ тайлбарласан юм. Нүүрсний үнийг богино хугацаанд, ханшийн өөрчлөлттэй уялдуулан өөрчилж байх шаардлага, үндэслэлийн талаар Г.Ганболд гишүүн санал хэлэв. Түүнчлэн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг урд хөршийн төмөр замын сүлжээтэй холбох, олборлолтын талбарт лаборатори барьж, нүүрсээ ангилж, тэр бүрд тохирсон үнээр худалдаалах нь зүйтэй гэдэг саналуудыг мөн хэлсэн. Онцгой дэглэм тогтоосон үед байгуулсан гэрээ болон тухайн үеийн нөхцөлд хийсэн хөндлөнгийн аудитын дүгнэлт бий эсэхийг О.Цогтгэрэл тодрууллаа.Онцгой дэглэмийн үед нэг ч гэрээ байгуулаагүй гэдгийг Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат хэлээд, өмнө нь “нууц” гэдэг ангиллаар гэрээ байгуулдаг байсныг өөрчилсөн гэв. Тухайн компани дээр нууцад хамааруулж ажил, арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн болохоо хэлэв. Борлуулалтын олборолтын хугацаа нь дууссан гэрээнүүдийг дуусгавар болгоод, хугацаа нь болоогүй гэрээнүүдийг хил нөхцөл рүү шилжүүлэх байдлаар худалдан авагчидтайгаа хэлцэл хийж байгаа гэлээ. Тодруулбал, уурхайн ам нөхцөлтэй 103 гэрээнээс хугацаа нь болоогүй байгаа 87 гэрээг хил нөхцөл рүү шилүүлээд байгаа гэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК дээр үүсээд байсан нөхцөл байдлыг өөрчлөх, засах зорилгоор Засгийн газраас онцгой дэглэм тогтоон, бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулаад ажиллуулсны үр дүнд борлуулсан нүүрсний хэмжээ 4.1 дахин, тээврийн хэмжээ 3.9 дахин, экспорт 2 дахин, орлого нь 3.9 дахин олборлолт нь 2.7 дахин тус тус өссөн гэдгийг Д.Амарбаясгалан сайд хэллээ. Өнөөдөр ердийн горимоор шууд гүйцэтгэх захирал томилоод ажиллуулахад энэ богино хугацаанд урьд өмнө нь давтагдаж байсан алдааг засах бүрэн нөхцөл боломж бүрдээгүй гэж Засгийн газар үзсэн байна. Олон улсын аудитын байгууллагыг оруулж бүх үйл ажиллагаанд аудит хийлгэж, эрх зүйн орчныг нь сайжруулсны үндсэн дээр удирдлагыг нь улс төрөөс хараат бусаар томилогдон, ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг чухалчилж байгаа гэлээ. Аудитын тайланг үндэслэн олон улсын менежментийн компани, менежментийн багийг ажиллуулах ч боломжийн талаар судалж байгаа гэлээ. Онцгой дэглэмийг сунгах хугацаанд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу биржээр худалдаалж байгаа үйл ажиллагаагаа жигдрүүлчих, тээвэрлэлтийн асуудлыг дотооддоо бүрэн зохион байгуулах, улмаар татварын орлогыг нэмэгдүүлэх бодлогоо хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэв. Эдгээрийг ажил хэрэг болгох үүднээс бүрэн эрхт төлөөлөгчийн хугацааг сунгаж ажиллуулах саналтай байгаа гэдгээ Д.Амарбаясгалан сайд гишүүдийн асуултад хариулах үеэрээ тайлбарласан.

Онцгой дэглэмийн хугацааг сунгах Засгийн газрын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн бөгөөд Засгийн газрын эл саналд үндэслэн Байнгын хорооноос боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг үндэслэн Байнгын хорооноос боловсруулсан “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин танилцуулсан. Нүүрсийг биржээр дамжуулан хил нөхцөлөөр борлуулах үйл ажиллагааг тогтворжуулах, гадаад валютын орох урсгал нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгахаар төсөлд заажээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 57.9 хувийн саналаар дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-СУРВАЛЖЛАГА: Улсын хэмжээнд 44.314 өрхийн 242 мянга гаруй хүн “Хүнсний талон” авч байна DNN.mn

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөр” буцалтгүй тусламжийн хэлэлцээр, Засгийн газрын 2008 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Нийгмийн эмзэг бүлэгт хоол, тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр”-ийн дагуу “Хүнсний талон олгох журам”-ыг баталсан байдаг. Тухайн өрхийн насанд хүрсэн иргэн сар бүр 16 мянга, хүүхэд 8000 төгрөг авдаг байсан бол, цар тахалтай холбогдуулан зорилтот бүлгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор тус үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэдийн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний үнийг хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Тодруулбал хүүхэд 16 мянга, том хүн 32 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн авч байна.

Өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгаагаар 310-аас доош үнэлгээтэй гарсан өрх хүнсний талон авдаг.

Уг мөнгөөр мах, сүү, гурил, цөцгийн тос, элсэн чихэр, хүнсний ногоо, будаа, ургамлын тос, өндөг, жимс зэрэг импортын бус 10 төрлийн бүтээгдэхүүнийг авах боломжтой. Хүнсний талоны эрхийн бичгийн картаар тухайн дэлгүүрээс сарын хугацаанд бүтээгдэхүүн авдаг.

Улсын хэмжээнд 44314 өрхийн 242 мянга гаруй иргэнд хүнсний талон олгосон. Үүгээр дамжуулан улсын хэмжээнд 798 хүнсний дэлгүүрээр 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг сар бүр айл өрхөд олгож байгаа юм.

Нийгмийн халамж дундаас хамгийн оновчтой нь гэгддэг хүнсний талон авдаг иргэдийн тоо жилээс жилд өссөөр байгаа аж.

Импортын хүнс, тансаг хэрэглээнд тооцогдох хүнс авах эрхгүй

Хүнсний гол нэрийн 10 бүлгийн тодорхой заагдсан бүтээгдэхүүнээс кг, ширхэг, боодлын үнэ хамаарахгүйгээр сонгож болох ч импортын болон тансаг хэрэглээний хэмээгдэх бүтээгдэхүүн сонгохыг хоригложээ. 

Хүнсний талоноор хүссэн бүтээгдэхүүнээ авна гэсэн үг биш. Тухайлбал мах, дайвар бүтээгдэхүүний хувьд гэхэд хиам болон лаазалсан, дахин боловсруулсан махан бүтээгдэхүүн авах эрхгүй. Энэ нь тансаг хэрэглээ хэмээн ялгахаас илүүгээр эрүүл мэндэд сайнгүй, өдөрт авах илчлэг болон өрхийн хүнсний хэрэглээг хангахуйц хэмжээний биш гэж үзсэнтэй холбоотой. Мөн архи, тамхи олгодоггүй аж.

Хүнсний талоноор үйлчилгээ үзүүлдэг хүнсний дэлгүүрүүдийг зорилоо

“Энхмэнд” хүнсний дэлгүүрийн эзэн З.Оюунтуяа ““Манай дэлгүүр 71 өрхийн 405 иргэнд 10 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг санал болгодог. Үүнд гурил будаа, мах махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, өндөг, сүү тараг, боов боорцог багтана. Үйлчлүүлэгчид маань хамгийн ихдээ 128 мянга, хамгийн багадаа 32 мянган төгрөгөөр сарын хүнсээ базаадаг. Сар бүрийн 15-нд эдгээр айлуудын төрийн банкны картанд мөнгө нь ордог гэсэн. Манай дэлгүүр гэрт нь ойрхон болохоор гурил будаагаа усны тэргэнд ачаад баярлаж, талархсан сэтгэлээ илэрхийлээд явдаг” гэлээ.

Энхжин” дэлгүүрийн худалдагч А.Нямаа “Нийгмийн халамж хавтгайрсан гэж би бодохгүй байна. Хүнсний талон зорилтот хүндээ хүрч байх шиг харагддаг. Хүнсний талон барьж ирсэн хүмүүс ядруу л харагддаг. Гэхдээ хүнсний талоноор үйлчлүүлж байгаа юм чинь аль болох хямдаас нь олон килограммаар авах болов уу гэж бодож байсан. Тэгтэл хүмүүс талоноор авч байгаа ч гэлээ өндөр үнэтэй биш ч аль гайгүй чанартайгаас нь сонгодог, хүүхдүүддээ хэрэгтэй гээд сүүн бүтээгдэхүүн, тараг сонгож авч байгаа нь эрүүл мэнддээ анхаардаг болжээ гэж дүгнэхээр харагддаг шүү” хэмээлээ.

“Алтан Хайрхан” дэлгүүрийн худалдагч С.Жаргал “Бид жагсаалтад багтсан бүтээгдэхүүнээс хүссэнээрээ сонгох эрхийг үйлчлүүлэгчдэдээ олгодог. Үхрийн мах авах хүн ер нь ховор доо. Нэг килограммын үнэ нь өндөр болохоор талоных нь үнийн дийлэнхийг авчих гээд байдаг юм. Хүмүүс элдэв л юм гуйдаг. Гэхдээ бид дүрэм, журмаа бодоод өгдөггүй. Өнөөдөр нэг гуйлтыг нь биелүүлэхэд маргааш хоёр зүйл гуйна, тэгээд цаашлаад нэмээд л байх янзтай. Түүнчлэн архи, дарсыг хүнсний талоноор өгдөггүй” хэмээн ярилаа.

Тус дэлгүүрт цагаан будаа 3-5 төрлөөр, үйлдвэрлэсэн улс, чанараасаа шалтгаалан 1 кг нь 3800-5600 төгрөгийн үнэтэй. Мөн адуу, үхэр, хонь, гахай, тахианы мах ястай, ясгүй гээд бүх төрлөөр нь талоноор олгодог гэдгийг худалдагч онцоллоо.

Иргэдийн хувьд хүнсний бус ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн авах хүсэлтэй байдаг аж.

Дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт хүнсний талоноор үйлчилж буй дэлгүүрийн сарын тайланг, иргэдийн авсан барааны хэвлэгдсэн талонтой хавсарган авч, хянаж шалгадаг байна. Улмаар жагсаалтад багтаагүй бүтээгдэхүүн олгосон бол дээр дурдсанчлан торгууль ногдуулахаас эхлээд хүнсний талоноор үйлчлэх эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авдаг аж.

Д.БАТТОГТОХ

.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 13 ажил, үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ DNN.mn

Монгол Улсын Засгийн газар 2022 онд Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний тухай 340 дүгээр тогтоолыг баталсан. Уг тогтоолын дагуу төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор төрийн зарим чиг үүрэг, ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр болсон юм.

Нийслэлийн зүгээс тогтоолын хэрэгжилтийг хангаж, хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой ажлын ачааллыг бууруулах, үйлчилгээг сайжруулах бэлтгэл ажлыг хангаад байна. Тодруулбал, УБЗАА, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв болон таван дүүргийн 11 ОНӨААТҮГ-ын 13 ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр холбогдох судалгааг хийж байна. Ингэхдээ сонгон шалгаруулалтын үндсэн дээр зохих хууль, журмын дагуу тэнцсэн иргэн, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах юм.

Хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх үйлчилгээнд дараах ажлууд хамаарна. Үүнд:

  • Нийтийн бие засах газрын үйлчилгээ
  • Гудамжны дүрс бичлэгийн техник хэрэгслийн арчилгаа, засварын үйлчилгээ
  • Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хог цуглуулалт, тээвэрлэлтийн үйлчилгээ
  • Хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээ
  • Хог ачих, буулгах, ангилан ялгах, хогийн сав байршуулах
  • Дахин боловсруулахтай холбоотой сургалт зохион байгуулах зэрэг орох юм.

Тухайлбал, УБЗАА-наас автобусны эцсийн болон дундын буудлуудын орчны тохижилт, нийтийн бие засах газрын үйлчилгээ, үйл ажиллагааг сайжруулахын тулд үйлчилгээ эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг сонгон шалгаруулж байгаа. Тус чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд нь нийтийн бие засах газар, автобусны эцсийн болон дундын буудлуудыг түшиглэн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, реклам, сурталчилгаа явуулж, ашиг орлого олох, олсон орлогоосоо тус объектын ашиглалтын зардлыг санхүүжүүлэх юм. Мөн үйл ажиллагаа явуулж байгаа байгууламжийг өргөтгөх, сэргээн засварлах, буулгаж газар дээр нь шинээр байгууламж барих боломжтой. Гэхдээ тухайн газар нь нийслэлийн өмчлөлд байх бөгөөд газар ашиглалтын урт хугацааны гэрээ байгуулах юм. Түүнчлэн нийтийн бие засах газар байхгүй, хүн ихээр зорчдог газруудад нийтийн бие засах газар шинээр барьж, хамтран ажиллаж болно.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтэс /11-315333/-т хандан дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Зөгийн аж ахуй эрхлэгчдэд 3 тэрбум төгрөгийн зээлийн дэмжлэг олгоно DNN.mn

Нийт зөгийн аж ахуй эрхлэгчдэд 3 тэрбум төгрөгийн зээлийн дэмжлэг олгоно.

Манай улсад 2017 оноос зөгийн аж ахуй эрчимтэй хөгжиж эхэлсэн ч жилд 350 тонн зөгийн бал үйлдвэрлэж байна. Тухайлбал, 2022 онд 2 тонн зөгийн бал экспортлосон.
Дотоодын хэрэгцээг нэмэгдүүлэх, экспортын нэмэгдүүлэх үүднээс нэг зээлдэгчид 500 сая хүртэл төгрөгийн зээл олгоно.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг чөлөөлж, хаалт хийжээ DNN.mn

Нийтийн тээврийн автобус чөлөөтэй явуулах зорилгоор эхний ээлжид Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж, хаалт хийжээ. Нэгдүгээр эгнээгээр автобус чөлөөтэй зорчуулахын тулд өмнө нь цагдаагийн хүчээр хяналт тавьж байсан юм. Тухайн үед автобусны дундаж хурд 12-13км/цагаас 18км/цаг орчим болж нэмэгдсэн. Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, автобус хүлээх хугацаа ч багасгах зорилгоор энэхүү арга хэмжээг авч буй талаар Нийслэлийн засаг даргын тамгын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө DNN.mn

НЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулдаг.

Энэ удаагийн өдөрлөгийг маргааш буюу дөрөвдүгээр сарын 19-ний 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулна. Иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож, мөн Нийслэлийн Үйлчилгээний нэгдэн төвүүдээс иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Мазаалайд сансрын дохиололтой хүзүүвч зүүх ажил үргэлжилж байна DNN.mn

“Gobi bear” төслийн хүрээнд гадны судлаачид мазаалайг багагүй хугацаанд судлаад буй. Эл төслийн удирдагч Харри Рейнольдс 2005 оноос жил бүрийн хавар, намар Монголд ирж, говийн баавгайд сансрын дохиололтой хүзүүвч зүүдэг байсан. Гэвч коронавирусийн улмаас Улс орон бүр хөл хорио тогтоож, Харри болон олон улсын бусад судлаачид Монголд ирэх боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, төслийн судалгааны ажил 2019 оноос хойш гурван жил завсарласан юм.

Тэгвэл энэ сард “Gobi bear” төслийн багийнхан Монголд иржээ. Тэд мазаалайд сансрын дохиололтой хүзүүвч зүүхээр Говийн их дархан цаазат газрыг зорьсон байна. ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судлаач Г.Дэлгэрчимэг “Энэ жил Олон Улсын баавгай судлалын нийгэмлэгийн профессор Андреас Зедроссер, Жерри Белант болон ХААИС, “Мазаалай хамгаалах сан” ТББ, ГИДЦГ-ын “А” бүсийн хамгаалалтын захиргаа, ШУА-ийн хамтарсан баг судалгаанд оролцож байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Он гарсаар 24.540 толгой хонь, ямаа, адуу экспортолжээ DNN.mn

Манай улс мал, махны эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор он гарснаас хойш 24 540 толгой хонь, ямаа, адуу, мөн 24.2 мянган тн мах экспортлоод байна.

Адуу, хонь, ямааны махыг квотгүйгээр, үхрийн 13 мянган тн махыг экспортлохоор шийдсэн билээ. Энэ хүрээнд 2022 онд 16.1 мянган тн мах, дайвар бүтээгдэхүүн экспортолсны 10 мянган тн-ыг нь 11, 12 дугаар сард гаргажээ. Мөн онд 28503 толгой мал экспортолсныг ХХААХҮЯ мэдээлэв.