Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Болд: Баруунд сурсан анхны 35 хүүхдээс гурав нь цаазлуулж, найм нь 3-25 жилийн ял эдэлж, тав нь сэжиг бүхий нас барсан байдаг DNN.mn

1926-1930 онд Герман, Франц улсад суралцсан сурагчид.

ЗХУ-ын Ленинград хотын Гүнзэчойнэй хийдийн өмнө. 1926 оны тавдугаар сар

Өдгөөгөөс бараг 100-гаад жилийн өмнө монгол охид хөвгүүд баруунд сурахаар оджээ. Герман, Францад суралцахаар явсан анхны 35 хүүхэд байдаг, араас нь их Д.Нацагдорж тэргүүтэй зургаан хүүхэд нэмэгдэж очжээ. Тэдний амьдрал, хувь заяа хэрхсэн талаар судлаач Чимэд-Осорын Болдтой ярилцлаа.


-Монголоос анх баруунд сурахаар явсан хүүхдүүдийн талаарх судалгааг та нэлээн олон жил хийсэн. Яагаад манайхан Герман, Франц руу хүүхдүүд сургахаар болсон юм бол…?

-Ардын засаг мандсаны дараа манайхан гуравдахьч хөршийн эрэлд гарсан байдаг юм. Хэнийг түших вэ, яах вэ, улс орноо яаж хөгжүүлбэл зөв зүйтэй болох талаар судалсан. 1923 онд болсон Монгол Ардын Намын II их хурлаар “Эдийн засгийн үндсэн бодлого” хэмээх баримт бичгийг баталсан байдаг. Уг баримт бичиг батлагдсанаас хойш хоёр жилийн дараа МАХН-ын Төв Хорооны дарга Ц.Дамбадорж Өрнөд Европын 10 улсад айлчилсан байдаг юм. Тухайн үеийн нам, засгийн удирдагчид дунд эзэмшсэн мэргэжил боловсрол, гадаад хэлний мэдлэгээрээ товойн ялгарч байсан тэрээр 1925 онд Дундад Иргэн Улсад, 1926 онд Герман, Франц зэрэг улсад айлчилсан нь “Эдийн засгийн үндсэн бодлого” хөтөлбөрийн заалтуудыг хэрэгжүүлэхээр элдэв арга зам эрэлхийлж явсан хэрэг болов уу.

Ингээд Ардын Засгийн газрын 1925 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хуралдсан 42 дугаар хуралдаанаас “хичээл сурлагадаа шалгарсан, биеийн эрүүл мэндийн хувьд тэнцэх дунд сургуулийн төгсөх ангийн 35 сурагчийг сонгон авч Герман, Франц улсад явуулж дунд, лицей болон тусгай мэргэжлийн ажилтан бэлтгэх төрөл бүрийн сургуульд суралцуулах” тухай шийдвэр гаргажээ.

-Дунд сургуульд хүртэл сургасан юм уу?

-Энд дунд сургуульд сурч байсан 14 настай хүүхдүүдээс сонгож авсан болохоор бүрэн дунд сургууль болон бидний ярьдгаар ТМС-д сургаж тусгай мэргэжлийн хүмүүс бэлтгэж авахаар шийдсэн юм билээ. 19 настай залуучууд ч мөн явсан.

-Баруунд явсан энэ хүүхдүүдийн зургаас харахад ижилхэн хувцас хийж өгсөн байна…?

-Энэ хувцаснуудыг хүрээнд байдаг гадаадын пүүсээс худалдаж авсан байдаг юм. Хүүхдүүдийг хариуцаж байсан Далай багш хувцас хунарын сонголт хийсэн байдаг. Энэ багш Японд сургууль төгссөн, япон, хятад, орос хэлтэй, Эндрюсын экспедицэд хүртэл ажиллаж байсан маш өндөр боловсролтой залуу.

-Сонгон шалгаруулалтыг ер нь яаж явуулсан юм бол. Танд мэдээлэл байна уу. Одоогийнхтой адил хөрөнгө мөнгөтэй, албан тушаалтай хүмүүсийн хүүхдүүд явсан болов уу?

-Содном гуайн дурсамж байдаг юм. “Би зүгээр нэг явчихаагүй ээ. Би Сүхбаатар жанжны хүү Галсантай, Ерөнхий сайд Цэрэндоржийн хүү Юндэнтэй өрсөлдөөд шалгараад явсан юм гэсэн байдаг. Ингээд харахаар сонгон шалгаруулалт үнэхээр шударга болсон юм байна л гэж боддог.

-Ингэхэд таны өвөө эмээ ч юм уу, ямар нэгэн хамааралтай хүн энэ 35 дотор байсан уу. Яагаад энэ талаар судалж эхэлсэн билээ?

-Би 1992 оноос хойш бараг 30 жил түүхэн гэрэл зураг цуглуулж байна. “Гэрэл зураг түүх өгүүлнэ” гээд буланг “Өнөөдөр” сонинд хөтөлж байсан. Гэрэл зураг цуглуулж байхад анх баруунд сурахаар явсан хүүхдүүдийн энэ гэрэл зургийг санаандгүй олж, сонинд гаргасан. Тэгсэн хүмүүс надаас зураг дээрх хүмүүсийг хэн хэн болохыг асуугаад эхэлсэн. Би алийг нь ч хэн гэж хэлж мэддэггүй ээ. Зургийн баруун буланд дээлтэй таван охин байгаа. 35 хүүхдийн тав нь эмэгтэй, 30 нь эрэгтэй байж. Тэгээд энэ зургаас үүдэн сонирхол татаад хүн нэгбүрчлэн судалж эхэлсэн. Яг энэ сэдвээр судалгаа хийгээд 15 жил болж байна.

Баваасан, Г.Базарням, Б.Гомбо нар. 1929 он

-35 хүүхдийн талаар бүгдийг нь судалчихсан уу?

-Үгүй ээ. Гэхдээ би хоёр ном гаргасан, “Алс газар сурахаар одогсод” гээд. Эхний номд эдгээр хүүхдүүдийн талаар ерөнхий мэдээллийг оруулсан. Мөн хүүхдүүдийг хариуцаж явсан багш нарын талаарх мэдээлэл оруулсан. 35 хүүхдээс дөрөв нь Францад сургуульд сурсан байдаг. Энэ дөрвөн хүүхдийн түүх намтрыг мөн нэгдүгээр дэвтэрт багтаасан. Хоёрдугаарт дэвтэрт Германд сурсан 31 хүүхдийн 13-ынх нь түүх намтрыг бичиж оруулсан. Одоо гуравдугаар дэвтэрээ гаргах гээд сууж байна.

-Үлдсэн хүүхдүүдийнх нь талаар гарах уу?

-Бас болоогүй. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд би зөвхөн 10-хан хүүхдийн хувь заяаг тодруулж байна. Эрж хайж бүхий л эх сурвалжуудтай уулзаж, архивт сууж 10 хүүхдийг тодорхой болгосон.

-100 жил өнгөрсөн ч анх л Монголоос албан ёсоор гадаадад сургуульд явуулсан хүүхдүүд юм чинь түүх намтар нь тодорхой байдаггүй юм уу?

-Байхгүй. Овгийн эхний үсэг нь ч тодорхой бус хүүхдүүд байна, Сумьяа, Сумади гээд. Сумьяа, Самади гэж хэн юм, ирээд хаана ажиллаж байв гээд архивт ч байхгүй, хаачсан юм бүү мэд.

-Германд сурсан 31, Францад сурсан дөрвөн хүүхдийн нэрс дотор Д.Нацагдоржийн нэр алга байх юм…?

-Энэ 35 бол анхны явсан хүүхдүүд. 1926 оны дөрөвдүгээр сард явсан. Тэр оныхоо аравдугаар сард нь Д.Нацагдорж, Пагмадулам нарын дөрвөн хүүхэд араас нь нэмэгдэж очсон. Жилийн дараа Баваасан, Б.Цэдэндамба нар очсон. Одоо гарах гуравдугаар дэвтэр дээрээ 10 хүүхдийн талаар оруулж байгаа. Цаана нь дахиад 10 гаруй хүүхэд үлдэж байгаа юм. Миний судалгааны зорилго бол аль болох өмнө нь судлагдаагүй, хүмүүс мэдэхгүй, эсвэл хань ижил үр хүүхэдтэй болоогүй, надаас өөр бичих хүнгүй тийм хүмүүсийг түрүүлж бичихээр сонгон авч байгаа. Биеийн амраа харсан бол Нацагдорж, Пагмадулам нарыг л түрүүлээд шүүрч авах байсан. Жишээлэхэд, анхны 35-ын дотор Дугаржав гээд хүүхэд байна. 1926 оны дөрөвдүгээр сард Германд очоод 11 дүгээр сард нь нас барсан. Тийм учраас энэ хүнийг надаас өөр дурсах хүн байхгүй. Судлаачийн зорилго бол энэ хүний түүх намтарыг олж гаргаж ирэх. Ийм эмгэнэлтэй хувь заяатай улс нэлээн бий. Энэ хүүхдүүдээс дөрөв тав нь цаазаар авахуулсан байдаг.

Францад сурч байсан дөрвөн хүүхдийн нэг Ж.Дүгэрсүрэн Монголын анхны геологийн ухааны доктор болсон. Уртнасан 1936 онд нас барсан. Т.Аюурзана бол Монголын анхны малзүйч, төрийн шагналт хүн. Орхон үүлдрийн хонийг бий болгосон. Зохиогчийн эрхийн 0001 дугаартай гэрчилгээ энэ хүн дээр байдаг. Л.Намсрай цэргийн театрт зураач, найруулагчаар ажиллаж байгаад цаазаар авахуулсан. Монголын хэлмэгдэгсдийн түүхэнд гурван улсын тагнуул гэж цаазлуулсан ганц хүн байдаг нь Л.Намсрай. Япон, Франц, Германы тагнуул гэж хэлмэгдүүлсэн.

-Герман, Францад явсан хүүхдүүд хэдэн жил болоод буцаж ирсэн юм. Бүгд сургуулиа төгссөн үү?

-Төгсөөгүй. Наваан-Юндэн, Нацагдорж, Хаалаа, Цэрэнханд нарыг тайж угсаатай, гадаадын хөрөнгөтнүүдтэй сүлбээтэй болж магад гэж 1929 онд хамгийн анх эргүүлэн татсан байдаг. 1930 онд үлдсэн хүүхдүүдийг бүгдийг нь эргүүлэн татсан.

-Герман, Францад олон хотод сурч байсан юм болов уу?

-Манай сурагчид Герман улсад очоод Берлин, Лайпциг, Летцлинген, Айзенах, Фрайберг, Коттбус, Викерсдорф зэрэг хотод улсын болон хувийн дунд сургууль, техник мэргэжлийн сургуульд суралцаж, төрөл бүрийн үйлдвэрийн газарт дадлагажигч-сурагчаар ажиллаж байсан юм билээ. Сонирхуулж хэлэхэд, Герман, Франц улсад суралцсан нэг сурагчийн жилийн зардал нь 2230 төг, 21 мөнгө байсан нь тухайн үед Москва, Ленинград, Эрхүү хотод сурч байсан сурагчдад оногдох мөнгөн дүнгээс хэд дахин их байжээ. Тухайн үеийн төр засгийн бодлогоор тэднийг хүн, малын эмч, хууль цааз, эм зүйч, уул уурхай, газар тариалан, арьс шир, түүхий эд боловсруулах, эд таваар үйлдвэрлэх, хэвлэл, гар урлалын зүйл, цахилгаан, машин, барилга, эрдэм боловсролын ухаан зэрэг төрөл бүрийн мэргэжлээр сургахаар төлөвлөж байсан байгаа юм.

-Ингэж их зардал мөнгө гаргаж явуулчихаад сургуулийг нь төгсгөлгүй эргүүлэн татсан шалтгаан нь юу юм бол…?

-Учир нь тэднийг Герман, Франц улсад сургахаар илгээсэн МАХН-ын Төв Хорооны дарга Ц.Дамбадорж, АГЯ-ны сайд Эрдэнэбатхан, Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Ж.Цэвээн нарыг “баруунтан” хэмээн буруутгаж, албан тушаалаас нь зайлуулаад байв. Энэ бүх хэргийн учир зангилаа нь тухайн үед БНМАУ-ын дотоод хэргийг бүрэн атгаж байсан Коминтерн болон ЗХУ-ын гадаад бодлогоос ихээхэн хамаарч байсныг архивын баримт нотлон харуулдаг юм. Нэг маш нууц тогтоол сонирхуулъя. 1930 оны гуравдугаар сарын 31-ний өдөр ЗСБНХУ-ын Гадаад хэргийн ардын комиссариатын газрын даргад Тагнуулын даргаас нь дараахь шаардлага очсон байдаг. Энэ нь “Бидэнд байгаа мэдээгээр МАХН-ын эрх барьж байсан баруунтны удирдагчид хөрөнгөтөн орнуудын сургуульд 25 сурагч илгээжээ. Үүнээс тав нь Парисийн эдийн засгийн сургуульд, 20 нь Германы янз бүрийн сургуульд сурдаг.Тэд нийгмийн гарал үүслийн хувьд Монголын түшмэд-дээдсийн гаралтай аж. Эдүгээ Монголоос гадаадад суралцагчдын дийлэнх нь манай иргэний болон цэргийн сургуулиудад суралцаж байгаа. Монголын боловсон хүчнийг бусад оронд сургах нь бидний хувьд хүлээн авч эс болох зүйл! Цэрэг, далайн цэргийн ардын комиссарын орлогч Уншлихт Монголын Засгийн газарт зохих хэлбэрээр “даралт” үзүүлж, Франц, Германд суралцаж буй монголчуудыг татуулан, улмаар залуучуудыг тэдгээр оронд сургуульд цаашид илгээхээс татгалзуулах нь чухал гэж үзэж байгааг танд мэдэгдье” гэсэн байдаг.

Франц улсад суралцсан Ж.Дүгэрсүрэн, Л.Уртнасан, Т.Аюурзана, Л.Намсрай нар Парис хот. 1927 он

-Дуудаж авчраад тагнуул туршуул гээд л хэлмэгдүүлээд эхэлсэн юм аа даа…?

-Герман, Франц улсад суралцаж байсан оюутан, сурагчдыг эх орондоо эргэн ирсний дараа “үндсэрхэг үзэлтэн”, “хувьсгалын эсэргүү”, “Германы тагнуул” гэсэн элдэв зохиомол хэрэг үүсгэн МХЗЭ, МАХН-аас хөөж, сонгуулийн эрхийг нь хасаж, улмаар баривчлан байцааж эхэлсэн юм. 1932 оны дөрөвдүгээр сард “үндсэрхэг үзэлтэн, хувьсгалын эсэргүү” хэмээн Д.Нацагдорж, Т.Нацагдорж, Б.Гомбо, Д.Намдаг нарыг баривчлан хорьжээ. 1941 оны зургадугаар сард Герман улс ЗХУ-д халдан довтолсныг далимдуулан урьд Германд сурч байсан С.Бавуу, Ц.Бадарч, Н.Бат-Очир, М.Гомбожав, Б.Доржсүрэн, Д.Намдаг, Т.Нацагдорж, Ш.Цэвэг, Г.Цэвээн нарыг ДЯЯ-наа баривчлан авчирч, “фашист германы тагнуул”-ын хэрэг үйлдсэн гэсэн ял тулган хүлээлгэхийн тулд хатуу ширүүн аргаар мөрдөн байцаажээ. “Бат-Очир, Наваан-Юндэн нар нь 1937, 1939 онуудад Герман улсын Берлин, Лайпциг хотуудаас буцаж ирээд тэр үед Монгол Улсад оршиж байсан Германы тагнуулын байгууллагын бусад этгээд нар лугаа нэгдэж мөнхүү тагнуулын хэрэгт гишүүдийг элсүүлэх, тагнуулын харилцаа барих зэргээр тус Монгол Улсын дотор хувьсгалын эсэргүү тагнуулын ажил хийж байжээ” гээд тус бүрийн үйлдлийг дурдаад Н.Бат-Очирыг 25 жил, Д.Наваан-Юндэнг 20 жил, Т.Нацагдоржийг 10 жил, Д.Намдагийг долоон жил, Д.Гомбыг найман жил, Г.Цэвээнийг долоон жил тус тус хорьж шийтгэсэн байдаг. 1926-1930 онд Герман, Франц улсад суралцсан анхны 35 хүүхдээс гурав нь цаазлуулж, найм нь 3-25 жилийн ял эдэлж, тав нь тодорхой хугацаагаар мөрдөгдөн байцаагдаж байгаад сэжиг бүхий үхлээр нас барсан буюу сураггүй алга болсон сурагч хоёр байдаг. Тэднийг удирдан авч явсан таван багшийн гурав нь цаазлуулж, нэг нь хоёр жил зургаан сарын хугацаагаар хоригдох ял эдэлж, нэг нь учир битүүлгээр нас барсан байдаг.

-Эмэгтэйчүүдээс нь хэлмэгдсэн хүн бий юу?

-Хамгийн тод жишээ төв номын сангийн эрхлэгч байсан Сурмаажав гуайг байцаахдаа “Герман руу яаж холбоо барьдаг вэ” гэж олон удаа асуужээ. Нэг удаа адраад “би Улаанбаатараас дугуйгаар Завхан руу давхин очоод Отгонтэнгэрийн орой дээрээс морзоор мэдээгээ дамжуулдаг” гээд хэлчихэж. Байцаагч нь бөөн баяр болж тэмдэглэж аваад орос сургагчдаа хэлээд өөрөө балрах дөхсөн гэдэг. “хөхүүл хүүхэдтэй эмэгтэй хүн дугуйгаар Отгонтэнгэр хүрч тэр цас мөсөн оргилоос мэдээ дамжуулна гэж юу байдаг юм. Герман, англи хэлтэй боловсролтой энэ эмэгтэй чамайг даапаалж байгааг мэдэхгүй байна уу” гэж маш их уурласан гэдэг. Саяын мартын 8-нд Хаалаад дурласан Герман залуу зориулж шоколад хийсэн гээд баахан яваагүй юу. Тэр Хаалаа чинь өөрийн шоколадны үйлдвэртэй герман айлд амьдардаг. Айлын залуу Хаалаад дурлаж, өөрсдийн хийдэг нэг шоколадаа Хаалаа гэж нэрлэж байж. Хаалаа ирээд Наваан-Юндэн гуайтай сууж байгаад нөхрийгөө шоронд байхад нь залуугаараа нас барсан. Сурмаажав, Уртнасан хоёр мөн суусан байдаг.

Хэлмэгдээгүй үлдсэн цөөн хэдэн хүүхдүүдээс их зохиолч Д.Нацагдорж, Төрийн хошой шагналт, зохиолч Д.Намдаг, Ардын багш Г.Батсүх, Төрийн шагналт, Ардын зураач Л.Намхайцэрэн, Гавьяат багш С.Бавуу, Монгол киноны анхны найруулагч Т.Нацагдорж, Б.Гомбо, геологийн ухааны анхны доктор Ж.Дүгэрсүрэн, зохиолч, яруу найрагч, орчуулагч Н.Наваан-Юндэн, номын сангийн ахмад ажилтан Д.Сурмаажав, Д.Цэрэнханд, Аж үйлдвэрийн комбинатын ууган ажилтан Х.Юмбүү, аман зохиол судлаач, зохиолч, эрдэмтэн Б.Содном, Улсын хэвлэх үйлдвэрийн ууган инженер Ц.Баатарсэнгэ, М.Лувсаннамжил, Герман-Монгол толь бичиг зохиогч Ш.Цэвэг, анхны токарьчин Б.Сэдэд зэрэг алдартнууд төрсөн юм. Хэрэв бүгдээрээ амьд сэрүүн, хэлмэгдээгүй бол Монгол Улсын хөгжил дэвшилд ямар их нөлөө үзүүлэх байсан бол гэдэгт би маш их харамсдаг даа.

-Монголчууд Герман, Францад оюутан илгээсний 100 жилийн ой тун дөхөж байгаа юм байна даа…?

-Наадахаас чинь өмнө буюу 2024 оны нэгдүгээр сард Монгол Герман улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болно. Энэ үеэр 100 жилийн өмнө та нар монгол хүүхдүүдийг сургаад өгсөн юм шүү, баярлалаа гээд хэлчих хэмжээний мэдлэг мэдээллийг манайхан авч байгаасай гэж бодож байна. 2026 онд баруунд оюутан илгээсний 100 жилийн ой болно. Өдгөө энэ 35 хүүхдээс хэн нь ч байхгүй. Тэдний үр хүүхдүүд буюу надад аман хууч маягаар мэдээлэл өгч, зураг хөрөг, баримт өгч тусалдаг үр хүүхдүүд нь ч цөөрсөөр байгаа нь харамсалтай.

-Энэ 35 хүүхдээс хоёр хос гарсан юм байна. Бусад нь ирээд хэр холбоотой байсан юм бол…?

-Тэднийг ирсний дараахан барьж, заримыг нь цаазалсан. Заримыг нь шоронд хорьсон. Байцааж байхдаа тэднийг хооронд нь хагалах, яс хаях аргыг их хэрэглэсэн байдаг юм билээ. Тийм учраас хоорондоо ойлголцохгүй их олон жил бие биенээ муугаар бодож бэтгэрч явсан. Энэ олон жил болоход амьд үлдсэн хэд нь 1964 онд ганцхан удаа цуглаж уулзсан байдаг. Дахиад хэзээ ч уулзалдаагүй. Тэгэхээд До яамныхан тэдний хооронд ямар муухай яс хаяж байсан нь харагдана. Дийлэнх нь Германд сурч байсан тухайгаа ярьдаггүй, их нуудаг байсан гэж хүүхдүүд нь ярьдаг.

Ийм л нэг сонин эмгэнэлтэй хувь заяа байдаг юм. Монгол Улсын түүхийн ботид энэ хүүхдүүдийн тухай ганцхан жижиг догол мөр байдаг юм. Монголын түүхэнд маш бүдэг, судалгаа байдаггүй. Би одоо энэ талаар гурван ном гаргаад байна. Дөрөв дэх номоо гаргахад ер нь 15 жилийн судалгааны үр дүн маань гарч, энэ бүх хүүхдийн түүх намтар тодорхой болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цагаагчин гахай өдөр DNN.mn

2023.4.23, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 3

ХАВРЫН АДАГ УЛААН ЛУУ САР
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.4.23, Ням гараг
  • Наран ургах шингэх: 05.49-19.52
  • Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -13…-18 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -7…-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0…+5 градус дулаан, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр +3…+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14…+19 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9…-11 градус, бусад хэсгээр -4…-6 градус хүйтэн, өдөртөө +9…+11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -7…-9 градус хүйтэн, өдөртөө +9…+11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -10…-12 градус хүйтэн, өдөртөө +8…+10 градус дулаан байна

Categories
мэдээ нийгэм

Дурсгалын зооснууд шинээр худалдаанд гаргав DNN.mn

Монголбанкнаас эрхлэн гаргадаг франчайз дурсгалын зоосны ээлжит цувралыг танилцуулж байна.

Үүнд: “Монгол шонхор” 1 унцын мөнгөн зоос, “Монгол шонхор” 1/10 унцын алтан зоос, “Ойн жирх” 1 унцын мөнгөн зоос, “Mystic wolf” 1 кг-ын мөнгөн зоос, “Фаберже Цараевич” 2 унцын мөнгөн зоос.

Эдгээр зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг coin.mongolbank.mn сайт болон 11-329677 дугаарын утаснаас тодруулж, худалдан авах боломжтой.

“Монгол шонхор” франчайз зоос:

  • Нэрлэсэн үнэ: 500 төгрөг
  • Жин: 31.1 гр
  • Металл: Мөнгө
  • Сорьц: 0.999
  • Хэмжээ:38.61 мм
  • Цуврал: Wild Mongolia

“Монгол шонхор” франчайз зоос:

  • Нэрлэсэн үнэ: 1’000 төгрөг
  • Жин: 3.11 гр
  • Металл: алт
  • Сорьц: 0.9999
  • Хэмжээ: 16 мм
  • Цуврал: Wild Mongolia

“Ойн жирх” франчайз зоос:

  • Нэрлэсэн үнэ: 500 төгрөг
  • Жин: 31.1 гр
  • Металл: Мөнгө
  • Сорьц: 0.999
  • Хэмжээ:38.61 мм
  • Цуврал: Woodland Spirits

“Mystic wolf” франчайз зоос:

  • Нэрлэсэн үнэ: 20’000 төгрөг
  • Жин: 1 кг
  • Металл: Мөнгө
  • Сорьц: 0.999
  • Хэмжээ: 100 мм
  • Цуврал: Wild Mongolia

“Фаберже Цараевич” франчайз зоос:

  • Нэрлэсэн үнэ: 1’000 төгрөг
  • Жин: 62.2 гр
  • Металл: Мөнгө
  • Сорьц: 0.999
  • Хэмжээ: 38.61 мм
  • Цуврал: Fabergé Eggs
Categories
мэдээ нийгэм

Үхрийн баасыг биотехнологийн аргаар боловсруулж, метан хий гарган өрхийн халаалтыг шийдвэрлэнэ DNN.mn

Органик хог хаягдал буюу үхрийн баасыг биотехнологийн аргаар боловсруулж, метан хий гарган өрхийн халаалтыг шийдвэрлэх туршилтыг Өвөрхангай аймгийн Хархорин суманд амжилттай хэрэгжүүлж байна.

Франц Улсын иргэн Дидье Буссьер /Didier Boissiere/ зах зээлд буй барилгын материалыг ашиглан биогазын загвар үйлдвэрийг Хархорин суманд байгуулж, эрчим хүч, дулаан гаргаж авах ажлыг өнгөрөгч есдүгээр сараас эхлэн туршиж байгаа юм.
Энэхүү бага оврын үйлдвэрээс гарган авч буй метан хийгээр аж ахуйн нэгжийн жижиг обьектыг халааж байна.
Үүнтэй зэрэгцэн МУИС-ийн профессор, доктор Б.Алтангүл, Б. Очирхуяг, Ч. Сономдагва, магистр Д.Тэргэл нар Хархорин сум дахь хог хаягдалд судалгаа хийж, ТЭЗҮ-ийг боловсруулж байна
Дээрх биогазын үйлдвэрийн туршилт болон энэхүү судалгааны ажлын үр дүнд Хархорин сум хогийн цэгээ нүүлгэн шилжүүлэх, ландфиллийн аргаар цэгцлэх, улмаар органик хог хаягдлаа дахин боловсруулж, метан хийн үйлдвэр байгуулан эрчим хүч, дулаан гаргаж авахыг зорьж байгаа юм
Энэ нь Монгол Улсад жишиг ажил болох төдийгүй бусад аймаг, сумдад түгээн дэлгэрүүлэх сайн туршлага болно гэж үзэж байна.
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дэлхийн хамгийн чинээлэг иргэдтэй хотуудын жагсаалтыг Нью-Йорк дахин тэргүүлэв DNN.mn

Хамгийн чинээлэг иргэдтэй хотуудын жагсаалтын эхний 50-д БНХАУ-ын 5 хот, Австралийн 4 хот багтжээ

“Henley & Partners”-ийн гаргадаг дэлхийн хамгийн чинээлэг иргэдтэй хотуудын жагсаалтыг нийт 58 тэрбумтантай, 340 мянган саятантай Нью-Йорк хот дахин тэргүүлсэн бол Токио, Сан-Франциско орчмын бүс, Лондон, Сингапур удаалжээ.

Түүнчлэн жагсаалтын эхний 50-д АНУ-ын 10 хот, БНХАУ-ын таван хот, Австралийн дөрвөн хот багтсан нь анхаарал татаж байна. Харин Ази тивд саятнуудын тоогоор Сингапур тэргүүлсэн бөгөөд нэг сая ам.доллароос дээш хөрөнгөтэй 240 мянга гаруй оршин суугчтай байгаа нь Хонгконгоос бараг хоёр дахин илүү үзүүлэлт болжээ.

2012-2022 онд их хэмжээний хөрөнгөтэй оршин суугчдын тоо Нью-Йоркт 40 хувиар өссөн байна. Сингапурт ч мөн энэ хэмжээний өсөлт ажиглагджээ. Харин Шанхай, Хьюстон, Дубай, Мумбай зэрэг хотод үүнээс ч өндөр өсөлттэй байсан байна. Их хэмжээний хөрөнгөтэй оршин суугчдын тооны 10 жилийн өсөлтөөр Ханжоу хот 105 хувь, Остин 102 хувийн өсөлттэйгөөр тус тус тэргүүлжээ.

Тэрбумтных нь тоог авч үзвэл алдарт Цахиурын хөндийн эх нутаг, Калифорнийн Бэй Ареа 63 тэрбумтантайгаар жагсаалтыг тэргүүлж байгаа аж. Араас нь Нью-Йорк, Бээжин, Лос-Анжелес, Шанхай зэрэг хот бичигдэж байна.

Харин Украины дайныг, үүнийг дагасан барууны орнуудын хоригийн улмаас ОХУ-аас чинээлэг эрхмүүд олноороо дайжсаныг судалгаа харуулж байна. Өнгөрсөн онд Москва хотын саятнуудын тоо 10 жилийн өмнөх үеэс 44 хувиар, Санкт-Петербург хотынх 38 хувиар буурчээ.

Эх сурвалж: BloombergTV

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад худалдаа 1.8 тэрбум долларын ашигтай гарчээ DNN.mn

Монгол Улсын нийгэм, эдийн засаг 2023 оны эхний улирлын байдлаар ямар байгааг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Эндээс эдийн засагт сэргэлт ажиглагдаж эхэлснийг илтгэх зарим үзүүлэлтийг онцолж байна.

Монгол Улс 2023 оны эхний улиралд 170 гаруй оронтой 5.7 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийсэн байна. Үүнийг задалбал, экспорт 3.8 тэрбум ам.доллар, импорт 1.9 тэрбум ам.доллар болж гадаад худалдаа 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гадагшаа хийсэн худалдаа гадаадаас авснаасаа хэд дахин давжээ. Гадаад худалдааны тэнцэл 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны үеийн 7.9 дахин буюу 1.6 тэрбум ам.доллараар өссөн эерэг үзүүлэлт аж. Ашигтай гарахад түүхий эдийн экспорт, тэр дундаа нүүрсний экспорт жин даржээ. Монгол Улс 2023 оны эхний улиралд 1.6 тэрбум ам.долларын нүүрс экспортолсон байна. Уул уурхайн бус салбараас лаазалсан бүтээгдэхүүний экспорт 56 сая ам.доллараар нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

DNN-СУРВАЛЖЛАГА: “Тээврийн хэрэгсэлд хяналт тавихдаа ямар яндантай байгаагаас үл хамаарч ялгарч байгаа утааны хорыг л шинжилдэг” гэв

Hийслэлийн агаарын бохирдлын багагүй хувийг эзэлдэг нэг томоохон эх үүсвэр нь автомашинаас гарах утаа. Гэр хорооллын утаа өвөлдөө агаарын бохирдлын дийлэнх нь болдог ч авто тээврийн хэрэгслээс олон төрлийн хорт бодис бүхий утаа 24 цаг, 365 хоногийн турш гарч, хотын агаарыг бохирдуулж байна. Түүнчлэн Приус” маркийн машины жолооч нар техникийн үзлэгт орохдоо таньдаг хэн нэгнийхээ нүүрсэн янданг түр зуур хэрэглэх явдал хэвийн үзэгдэл болсон гэнэ. Энэ талаар авто оношилгооны төвүүдээс сурвалжлага бэлтгэлээ.


Нийслэлийн автозамын хөдөлгөөнд оролцож байгаа олон мянган автотээврийн хэрэгслээс ялгарч буй утаа, угаарын хий нь агаарын бохирдлын 10 хувийг эзэлдэг ч хор хөнөөлийн хэмжээгээр дээгүүрт бичигддэг байна.

Оношилгооны төвийн инженер С.Анхбаяр “Энэ жил нүүрсэн яндангүй “Приус” машин цөөхөн ирсэн. Тухай бүрийнх нь утааг тестлээд л тэнцэхгүй бол буцаадаг. Ихэвчлэн оригинал яндангаа хулгайд алдчихсан. Хятад нүүрсэн яндантай автомашинууд л их ирж байна. Энд техникийн үзлэгт ирж буй тээврийн хэрэгслийг шалгахдаа утааны ангиллыг нь шалгаж үздэг. Стандартаа хангаж байвал оношилгоонд тэнцэнэ.Түүнчлэн бензин хөдөлгүүрт автомашины утаанд хорт бодисын хэмжээг үздэг стандарт бий. CO2 нь 0.3-аас ихгүй, CH нь 250-иас ихгүй байх ёстой. Ийм байхад л ямар ч яндантай байсан хэвийн гэж үзнэ. Харин хэвийн бус байвал янданг нь шалгаж үзээд оношилно. Техникийн үзлэгт орж буй тээврийн хэрэгсэлд хяналт тавихдаа ямар яндантай байгаагаас үл хамаарч ялгарч байгаа утааны хорыг л шинжилдэг” гэлээ.

Автомашины нүүрсэн яндангийн цэвэрлэгээний газрын эзэн М.Наранбаатар “Жолоочид яндан бөглөрөөд байна гээд угаалгахаар ирдэг. Гэтэл заримынх нь машин шүүлтүүргүй байдаг. Яагаад алга болсныг ч мэддэггүй. Уг нь яндангаа гаднаас нь тогшоод мэдчих боломжтой. Хөндий дуугарч байвал шүүлтүүр байхгүй гэсэн үг. Мөнгөнөөс болоод хүмүүс өөрсдөө оригинал яндангаа зараад хятад яндан тавих тохиолдол их байна. Үйлдвэрийн яндан нь биш учраас мэдээж сөрөг нөлөө үзүүлнэ. Катализатор бол машинаас ялгарч буй хорт утааг саармагжуулах чухал үүрэгтэй эд анги. Үүнээс гадна хятад яндантай машины компьютер эвдрэл их авдаг” хэмээлээ.

"Приус" маркийн машины яндан хамгийн өндөр үнэтэй, эрэлт ихтэй байдаг байна. Тодруулбал, яндангүй автомашин 300 орчим хорт бодис ялгаруулж, агаар орчныг тэр хэрээр бохирдуулдаг байна.

Олны нэрлэж заншсанаар нүүрсэн яндан гэдэг нь автомашины катализатор юм. Энэ нь дотроо үнэт металл буюу цагаан алт, хөнгөн цагааны исэл зэргийг бага хэмжээгээр агуулдаг аж. Тиймээс азотын давхар ислийн нэгдэл, угаарын хий, нүүрстөрөгчийн ялгарлыг түргэн хугацаанд багасгах зориулалттай. Катализатор нь хөдөлгүүрээс шатаад гарч буй хортой хийг шүүгээд, дуу намсгагч яндангаар гадагшлуулах үүрэгтэй байдаг аж.

Нүүрстөрөгчийн дутуу исэл: Амьсгалаар дамжиж цусны урсгалд орж, эсэд хүчилтөрөгчийн зөөвөрлөдөг гемоглобинтой нэгдснээр хүний эд, эрхтэнд очих хүчилтөрөгчийн хэмжээг багасгадаг. Зүрх судас, амьсгалын замын архаг хууч өвчтэй хүмүүс, нярай хүүхэд нүүрстөрөгчийн дутуу исэлд илүү өртөмтгий байдаг.

Азотын давхар исэл: Уушигны эдийг цочроох бөгөөд амьсгалын замын халдварт өртөмтгий байдлыг нэмэгдүүлнэ. Мөн гуурсан хоолойн багтраа болон бронхитыг сэдрээдэг.

Хүхэрлэг хий: Уушигны хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг.

Хүнд металл: Хүний биеийн уургийн бүтцийг өөрчилснөөр эд эсүүд өөрт хэрэгтэй тэжээлийг авах, хорт бодисоо гадагшлуулах, нөхөн төлжих үндсэн үйлдлээ гүйцэтгэж чадахгүй болдог.

Үйлдвэрийн янданд үнэт металл ямар хэмжээтэй ордог вэ?

Он, загвараас хамаарч харилцан адилгүй байдаг ч дунджаар нэг катализаторт:

3-7 грамм цагаан алт

2-7 грамм палладий

1-2 грамм родий

Нүүрсэн яндангүй автомашинаас ялгарч байгаа утаа нь газраас дээш 20-30 см буюу хүний амьсгалах түвшинд дэгддэг аж.

Ялангуяа хүйтний улиралд агаар нягтардаг хөөрч замхрахгүй орчиндоо бөөгнөрдөг байна. Улмаар бага насны хүүхдэд аюултай юм. Нүүрсээ түлэхгүй байсан ч нийслэлийн тээврийн хэрэгслийн түлшний шаталтаас үүдэлтэй агаарын бохирдол аль ч улиралд ч их байгааг судлаачид тодорхойлсон. Тиймээс “Утааны улирал дуусч, урин цаг ирлээ” гэх нь андуу ташаа ойлголт” болох биз.

Д.Баттогтох

Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулган, Байнгын хороогоор хэлэлцэх асуудлын тов DNN.mn

Ирэх долоо хоногт УИХ-ын байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалт гарчээ.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Эдийн засгийн байнгын хороо

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

09.30

“Үндсэн хууль”

2

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

Хууль тогтоомжийн хэрэгжилтийн мөрөөр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын үйл ажиллагаатай танилцах

13.00

Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб

3

Эдийн засгийн байнгын хороо

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

4

Төсвийн байнгын хороо

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.30

“Үндсэн хууль”

5

Эдийн засгийн байнгын хороо

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.30

“Их засаг”

ГУРАВ.СОНСГОЛ

1

Төрийн байгуулалтын байнгын хороо

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

МЯГМАР ГАРАГ /2023.04.25/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Төсвийн байнгын хороо

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

08.30

334 тоот

2

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

3

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төсвийн байнгын хороо

Байнгын хорооны тогтоолын төсөл /Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн бодлого, төсвийн тэнцэлд дүн шинжилгээ хийх, цаашид баримтлах төсвийн бодлогын талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай/

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

09.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагаас Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнд хандаж “Монгол Улсад баригдсан болон баригдаж буй орон сууц, барилга байгууламж нь газар хөдлөлтөд тэсвэртэй эсэх” талаар тавьсан асуултын хариуг сонсох

11.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Хууль зүйн байнгын хороо

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн дараах сэдвийг хэлэлцэх. Үүнд:

1. Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал;

2. Хүүхдийн эрхийн зарим асуудал;

3. Ахмад настны эрхийн хэрэгжилт;

4. Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдал сэдвийг хэлэлцэх;

14.00

“Их Эзэн Чингис хаан”

4

Эдийн засгийн байнгын хороо

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

14.30

“Жанжин Д.Сүхбаатар”

ЛХАГВА ГАРАГ /2023.04.26/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Төсвийн байнгын хороо

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

2

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн дараах сэдвийг хэлэлцэх. Үүнд:

1. Халдашгүй чөлөөтэй байх эрх;

2. Иргэний оролцооны эрх зүйн зохицуулалт;

3. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн зохицуулалт;

Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хэлэлцэх

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Түр хороо /Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн/

Түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах цогц арга хэмжээ авах талаарх мэдээлэл сонсох

13.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Төрийн байгуулалтын байнгын хороо

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тайлан гаргах /хаалттай/

14.00

“Их засаг”

4

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

“Биеийн тамир, спортын салбарын 2022-2023 оны үйл ажиллагаа” сэдвээр Монгол Улсын сайд, Олимп, ниймийн биеийн тамир, спортын үндэсний хорооны даргын мэдээлэл сонсох

15.00

“Их Эзэн Чингис хаан”

5

Хянан шалгах түр хороо /Хүний эмийн чанарын асуудлаар/

Явцын тайлан хэлэлцэх

15.30

“Жанжин Д.Сүхбаатар”

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Төрийн байгуулалтын байнгын хороо

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг

09.00

“Их Эзэн Чингис хаан”

ПҮРЭВ ГАРАГ /2023.04.27/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

11.00

“Их засаг”

ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2023.04.27, 04.28/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцэх /Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2023.03.29-ний өдөр ирүүлсэн/

Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлан хэлэлцэх /Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээс 2023.03.30-ны өдөр ирүүлсэн/

Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягаас Эрчим хүчний сайдад хандаж “Эрчим хүчний хангамжийн найдвартай байдлын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох

10.00

“Их хуралдай”

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зорчигчийн галт тэрэг энэ сарын 29-нөөс зуны цагийн хуваарьт шилжинэ DNN.mn

2023 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 05:00 цагаас эхлэн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн зуны цагийн хуваарьт шилжинэ.