Categories
мэдээ нийгэм

Ц.Гэрэлт-Оюу өсвөрийн шатарчдын дэлхийн аварга боллоо DNN.mn

Грек улсын Родес хотноо өсвөрийн шатарчдын ДАШТ зохион байгуулагдаж буй. Тус тэмцээнд дэлхийн 53 орны 519 тамирчин долоон насны 14 ангилалд бүтээлч сэтгэлгээ, оюун ухаан, ур чадвараа сорьсон билээ. Тэгвэл Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн тавдугаар ангийн сурагч Д.Буянхишиг, анхны шатрын их мастер Б.Хатанбаатарын шавь, “Их мастер” академийн өсвөрийн шатарчин 7 настай Ц.Гэрэлт-Оюу нар амжилттай оролцлоо.

Д.Буянхишиг өөрийн насны ангилалдаа есөн өрөг тоглохдоо 8 хожиж, нэг тэнцсэн бол Ц.Гэрэлт-Оюу өөрийн ангилалдаа нэг ч хожигдолгүй Дэлхийн аварга болж ялалт байгуулжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Төгрөгийн хадгаламж өмнөх оноос 620 тэрбумаар буурчээ DNN.mn

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, төгрөгийн хадгаламж энэ оны гуравдугаар сарын эцэст 13.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 1 хувь буюу 129.2 тэрбум төгрөгөөр өсч, өмнөх оны мөн үеийнхээс 4.5 хувь буюу 620 тэрбум төгрөгөөр буурчээ.

Төгрөгийн хадгаламжийн 11.8 (89.9 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 1.3 (10.1 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх юм байна.

Валютын хадгаламж 6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 176.9 (3.1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.7 (39.1 хувь) их наяд төгрөгөөр өсчээ.

Ханшийн хувьд, Монголбанкаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш энэ оны гуравдугаар сард 3524.98 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 623.15, өмнөх сарынхаас 16.92 төгрөгөөр суларсан байна.

Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш дээрх сард 511.39 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 54.14 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 2.41 төгрөгөөр чангарчээ.

Төв банкаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш энэ оны гуравдугаар сард 46.26 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 18.42 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 1.89 төгрөгөөр чангарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Нийт 150647 тээврийн хэрэгслийг бүртгэлийн сангаас хасчээ DNN.mn

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг тооллогыг зохион байгуулж буй. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1,138.337 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа бол орон нутгийн хэмжээнд нийт 130236 тээврийн хэрэгсэл шинэчилсэн бүртгэлд хамрагдах ёстой аж.

2023 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн байдлаар нийт 11146 тээврийн хэрэгсэл буюу 8.6 хувь нь шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байна. Үүнээс өмчлөгчийн мэдээллийг шинэчилсэн 4948, техникийн үзлэгт хамрагдсан 2579, хасуулах хүсэлт өгсөн 2335, журмын хүрээнд хассан 1351, худалдах худалдан авах гэрээ, итгэмжлэлээр тээврийн хэрэгслээ бусдад шилжүүлсэн боловч худалдан авсан иргэн өөрийн нэр дээр бүртгэл хийлгээгүй 696 тээврийн хэрэгсэл байгаа аж.

2022 оны жилийн эцсийн байдлаар нийт 1,264,000 тээврийн хэрэгсэл бүртгэлийн санд бүртгэлтэй байсан. Үүнээс нийслэлд 72001, орон нутагт 90007 нийт 162008 тээврийн хэрэгсэл нь татвар, даатгал төлдөггүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тул улсын бүртгэлээс хасна гэсэн судалгаа гаргасан.

Энэ дагуу Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас ирүүлсэн чиглэлийн хүрээнд 150647 тээврийн хэрэгслийг бүртгэлийн сангаас хассан бөгөөд өмчлөгчийн хүсэлтээр 4972 тээврийн хэрэгслийг хасчээ.

Categories
мэдээ нийгэм

Шилдэг байгаль хамгаалагчдыг шалгаруулав DNN.mn

Монгол Улсын хэмжээнд шилдэг байгаль хамгаалагчаа тодрууллаа. Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчдийг нийт долоон шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулав.

Тодруулбал, байгаль хамгаалагчдын ур чадвар, шинэлэг санаачилга, технологийн шийдлийг хэрхэн ашигласан, мониторинг судалгаа, зөрчлийг таслан зогсоосон байдал зэрэг шалгуур үзүүлэлтийг хангасан байдлыг үнэлсэн.
Материал илрүүлсэн нийт 20 байгаль хамгаалагчаас Нэгдүгээр байрт Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Т.Отгонбаяр,
Хоёрдугаар байрт Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль хамгаалагч З.Гэрэлчимэг,
Гуравдугаар байрт Говийн Их Дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Б.Ганзориг шалгарсан бол
Тусгай байрт Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль хамгаалагч Ч.Хөхрий шалгарав.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дулаарна DNN.mn

Дөрөвдүгээр сарын 24-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
25-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
27-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи ихэнх хугацаанд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -12…-17 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан байна.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зорчигчийн галт тэрэг дөрөвдүгээр сарын 29-нөөс зуны цагийн хуваарьт шилжинэ DNN.mn

2023 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 05:00 цагаас эхлэн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн зуны цагийн хуваарьт шилжинэ.

Categories
мэдээ цаг-үе

Дөрөвдүгээр сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда энэ сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийж Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Олимп, Их Монгол Улсын гудамж замуудыг түр хугацаагаар хязгаарлалт хийгдэнэ.

Иймд замын хөдөлгөөнд түгжрэл, саатал үүсэж, ачаалал нэмэгдэж болзошгүй тул иргэд та бүхэн бусдад хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хамгаалалт зохицуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, Замын хөдөлгөөнд оролцоно уу?

Categories
мэдээ цаг-үе

Нөөцийн махыг амралтын өдрүүдэд 34 байршилд худалдаж байна DNN.mn

Нөөцийн мах: Үхрийн мах 8900, хонины мах 8300 төгрөгөөр худалдаанд гарлаа |  Mand.mn

Нөөцийн махны хүртээмжийг нэмэх зорилгоор энэ сарын 22-23-нд буюу амралтын өдрүүдэд нийслэлийн 9 дүүргийн 34 байршил (БГД- 8, БЗД- 6, ЧД-4, СБД-4, СХД-5, ХУД-6, БНД-1)-д өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.

Тухайн өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар 8300 төгрөгөөр худалдаж байгаа юм.

Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжид 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 1 жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй олгож, зээлийн хүүгийн 10.5 хувьтай тэнцүү хэмжээний хөнгөлөлтийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр болсон билээ. Энэ дагуу ХХААХҮЯ, Монголбанк хамтран нөөцийн мах бэлтгэлийн эх үүсвэрийг банкны саналд үндэслэн 53.3 тэрбум төгрөгийг мах бэлтгэн нийлүүлэгч 12 аж ахуйн нэгжид олгожээ. Энэ санхүүжилтээр 7858.6 тн мах бэлтгэж, нөөцөлснийг 3 дугаар сарын 15-ны өдрөөс үхрийн ястай махыг 10700 төг/кг, хонины ястай махыг 8600 төг/кг, ямааны ястай махыг 6400 төг/кг үнээр хүнсний 481 дэлгүүрээр борлуулж байна.

Нийт бэлтгэсэн нөөцийн махнаас өнгөрсөн долоо хоногт 510 тонныг борлуулжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Наранжаргал: Яг үнэндээ одоо тэтгэвэртээ суугаад жүжгээ бичмээр байна DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…


“Глоб интернэшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргалтай уулзаж ярилцлаа. Тэр эмэгтэйн мэдлэг дэндүү арвин, миний мэдэхгүй юм асар их болохоор ярилцлага маань нэлээд сунжирсан. Тэр бүхнийг уншигчдадаа хүргэх сэн гэж хорхойсовч сонины зай талбайг бодолцох хэрэгтэй байсныг нуух юун. Ингээд түүний ярианд анхаарлаа хандуулна уу.


Ингэхэд та ямар мэргэжилтэй вэ. Сэтгүүлч үү?

-Би улсад яг 30 жил ажиллаж байна. Тэрнийхээ 16 жилийг нь Монгол телевизэд ажилласан. Хүмүүс намайг сэтгүүлч гэж боддог байх. Би уг нь дулааны инженер мэргэжилтэй хүн шүү дээ. Гэхдээ бүр жаахан байхаасаа сэтг үүлч болохыг мөрөөддөг байлаа. Аав минь сэтгүүлч Хашхүү гэж хүн байсан шүү дээ. “Улаанбаатарын мэдээ” сонинд ажиллаж байсан, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Явуухулан гуайн шавь байсан. Тийм болохоор манайд сэтгүүлч, зохиолчид их ирнэ, орж гарна. Өссөн орчин бас нөлөөлсөн л байх. Намайг долдугаар ангид байхад Лениний мэндэлсний 100 жилийн ой болж зохион бичлэгийн уралдаан зарлахад би “Лениний харандаа” гэсэн өгүүллэг бичээд нэгдүгээр байрт орж байлаа. Бас ангийнхаа нэг дуулдаг охины тухай “Пионерийн үнэн” сонинд бичсэн. Тэгээд л сэтгүүлч болно гэж мөрөөдөж эхэлсэн. Харамсалтай нь гадагшаа сэтгүүлчийн сургуульд явна гэж бодож байтал тийм хуваарь манай сургуульд ирээг үй.

-Та аль дунд сургуулийг дүүргэсэн бэ?

-Нийслэлийн хоёрдугаар сургуулийг төгссөн. Манай сургууль жанжин Сүхбаатарын нэрэмжит гээд алдартай сургууль байлаа шүү дээ. Тэгээд хуваарь байдаггүй яая даа гэтэл манай ангийн багш надад зөвлөсөн юм. Би тэгэ хэд хоёр сайнтай бусад хичээлдээ онц төгсч байлаа. Багш маань “Чи нэгэнт гайгүй төгслөө. Дүнгээр жагсаахад ч дээгүүр орж байна. Тэгэхээр ЗХУ-д явж сурвал яасан юм бэ, хэл ч сурна. Бас соёл сурна” гэсэн. Тэгээд би ээж, аавдаа хэлтэл аав маань жаахан дурамжхан байсан. Харин ээж дэмжсэн. Тэгээд би ер нь явъя гэж шийдсэн. Ингээд Үйлдвэрийн гоо зүйн чиглэлээр явсан. Одоогийнхоор дизайны сургууль юм даа. Гэхдээ тэр сургуульд зургаар шалгалт авдаг байлаа. Гэтэл би чинь хүний хамар ч зурж чадахгүй хүн шүү дээ. Ингээд биднийг өөрчилсөн юм. Би Түлш эрчим хүчний яамны нэр дээр явсан болохоор Уралын Политехникийн их сургуулийн дулааны инженерийн ангид сурах болсон. Манай тэр сургууль бол маш том сургууль л даа. Нийгмийн ухааны факультеттэй. Би сургуульдаа сүүлийн хоёр жилд нь хоёр мэргэжлээр давхар суралцаж сэтгүүлч, дулааны инженер гэсэн хоёр дипломтой төгссөн юм. Оюутан байхдаа би сургуулийнхаа сонинд олон л юм бичиж байлаа.

-Тэгээд л сэтгүүлч болчихсон уу?

-Мэдээж би сэтгүүлчээрээ л ажиллах сонирхолтой. Хойно сургууль төгсч ирсэн оюутнуудыг тэр үед Төв хорооноос хуваарилдаг байлаа. Тэгэхэд үзэл суртлын хэлтсийн эрхлэгч нь Даваадаш гэж хүн байсан юм. Тэр хүнд би сэтг үүлчээр л ажилламаар байна гэж хэлсэн. Тэгтэл надаар орос хэл дэр “Осень” гэж зохион бичлэг бичүүлсэн атлаа дулааны шугам сүлжээний газарт хуваарилсан л даа. Тэр чинь долдугаар сар байсан юм. Гэтэл арваннэгдүгээр сард Монгол телевизээс Жаргал гэж хүн ярьж байна аа. “Хэрвээ сэтгүүлч болох хүсэл чинь хэвээрээ бол ирж уулзаач” гэсэн. Тэгж л Монгол телевизийн Хүүхдийн редакциас сэтгүүлч болох гараагаа эхэлсэн юм даа.

-Тэнд ажиллаж байхдаа таны хамгийн сайхан үе байсан гэдэгт итгэж байна.?

– Тэгэлгүй яахав. Телевиз бол миний амь амьдрал минь байлаа. Би телевиздээ одоо ч хайртай. Хэрвээ телевиз сайн байвал би баярлана. Муу бол гутарна. Сэтгэл зүрх минь телевизтэйгээ явсаар өдий хүрлээ дээ. Би тэнд 16 жил ажилласаар программын хэлтсийн дарга болсон. Хүүхдийн нэвтрүүлэг, хөрөг нэвтр үүлэг, асуудал хөндсөн нэвтрүүлэг хийж байлаа. Ерөнхийдөө телевизийн бараг бүх жанраар нэвтрүүлэг хийсэн дээ.

-Тэгээд яагаад та телевизээсээ явах болов оо?

-1993 онд бид Монгол телевизийг Олон нийтийн телевиз болгон өөрчлөх хөтөлбөр боловсруулсан юм. Одоо энэ телевизийн Золоо, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Сараа, Мөнхтөр, Пунсаа бид хэд. Тэгээд боловсруулсан хөтөлб өрөө ажилчдадаа танилцуултал 90 гаруй хувийн дэмжлэг авлаа. Тэгтэл удирдлагын зүгээс асар их эсэрг үүцэлтэй тулсан. Манай дарга бол намайг өөрөө телевизийн дарга болохын тулд л ийм ажил зохион байгуулсан гэж бодсон л доо. Гэхдээ одоо бодоход манай дарга бид хоёрын дундуур нэг хар муур гүйчихсэн л байх. Тэгээд яахав тэрнээс хойш байсхийгээд л Наранжаргалыг программын хэлтсийн даргаас солих уу яахав гэсэн асуудлыг хэлэлцэж байдаг болсон. Сүүлдээ миний гаргасан шийдвэр бүхэн заавал цуцлагддаг болж ажил ч урагшлахаа байлаа. Тэгээд би өргөдөл бичээд албан тушаалаа өгчихлөө. Тэгэхэд энэ “ДАНИДА”-гийн “Чөлөөт хэвлэл” төсөл хэрэгжиж байсан юм. Гэтэл нэг өдөр тэр төслийн дарга утасдаад “Та манайд ирж сонины хэвлэх үйлдвэрийн даргаар ажиллаач. Таныг Сэтгүүлчдийн холбооноос нэрийг чинь дэвш үүлж байна” гэсэн. Хэдийгээр би эргэлзэж байсан ч ярилцлаганд нь ороод тэнцчихлээ. Ингээд л “Чөлөөт хэвлэл” сонины үйлдвэрийн захирлаар ажилласан даа. Тэр төсөл Монголд хэвлэлийн эрх чөлөөг хөгжүүлэхэд чухал хувь нэмэртэй байсан учраас би ажилласан юм. Дөрвөн жил ажиллаад үйлдвэрийн үйл ажиллагаа жигдрээд, баг нь бүрдээд эхэлсэн. Тэгээд би бодсон. “Би бол хэвлэлийн менежер биш. Тийм учраас одоо миний гүйцэтгэх үүрэг дууслаа. Ажлыг нь хүлээлгэж өгье” гэж. Тэр үед би телевиз рүү очиж болох байсан. Гэхдээ тухайн үед телевизийн дарга байсхийгээд л солигддог тогтворг үй, маш их улстөржсөн газар болсон байсан учраас би санасан бодсоноо ард түмэнд хүргэж чадах эсэхдээ эргэлзэж байлаа. Өөрөөр хэлвэл би тэнд очоод хэнээс ч хараат бусаар ажиллаж чадахгүй юм байна гэдгээ ойлгосон л доо. Бас Монголд хэвлэлийн хараат бус байдлыг бий болгож, хэвлэлийн эрх чөлөөг дархлахад хийх ажил маш их байсныг би мэдэрсэн. Ингээд л “Глоб интернейшнл” төрийн бус байгууллагаа байгуулсан.

-”Глоб интернейшнл” бол одоо нэр хүндтэй байгууллага. Байгуулагдаад 10 жил болчихож. Анх байгуулахад хэцүү байсан уу?

-Хэцүү байсан. Бүр маш хэцүү байсан. Гэхдээ тэр бүхнийг давж гарсан даа. Одоо би энэ хийсэн ажлаараа, хамт олноороо бахархдаг. Монголын чөлөөт хэвлэлд “Глоб интернейшнл” хувь нэмрээ оруулж чадсан. Тийм болохоор үнэхээр сэтгэл хангалуун байна.

-Та их сонин хүн. Ямар нэг зүйлд уягдаж баригдаж чаддаггүй юм шиг санагддаг?

-Тиймээ. Би аль нэг зүйлээс хараат байж чаддаггүй. Би эрх чөлөөг эрхэмлэгч. Эрх чөлөө гэснээс сүүлийн үед нэг зүйлд маш их санаа зовдог боллоо. Би ихэвчлэн таксигаар явдаг л даа. Тэгээд таксины жолооч нартай юм яриад явж байхад зарим хү- мүүс эрх чөлөөнөөсөө залхаж эхэлсэн байна. “Бид арай дэндүү их эрх чөлөөтэй байна. Хэтэрхий замбараагүй болчихож. Монгол хүнд диктатур хэрэгтэй “ гэж ярьдаг хүмүүстэй нэлээд хэд тааралдлаа. Энэ бол аймшиг. Эрх чөлөө гэдэг юмыг чинь нандигнан хайрлаж байх ёстой. Гэтэл хүмүүсийн сэтгэл зүй эрх чөлөөнөөсөө залхаад буцаад диктатур руу тэмүүлнэ гэдэг байж боломгүй зүйл шүү дээ. Өчигдөрхөн би энэ үгийг хүмүүстэй ярилцаж байгаад бас дахин сонслоо. Монголчууд амны билэг гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр бас хамаагүй ингэж ярьж болмооргүй л санагдах юм.

-Бас нэг сонин дүгнэлт нийгэмд бий болсон байна. Сэтгүүлчид дандаа болж бүтэхгүй юм бичиж байдаг. Сайн сайхан зүйлийг олж харахгүй байна гэж. Гэтэл сэтгүүлчид чинь нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлийн хажуугаар нүдээ дараад өнгөрч болохгүй биз дээ?

-Эртээд би нэг телевиз үзээд сууж байтал шууд утсаар иргэдээс дандаа сайн сайхан мэдээ авна гэж байна. Нэвтрүүлгийн санаа агуу байж болно л доо. Гэтэл нөгөө утсаар сайн сайхан юм ярьж байгаа хүн ерөөсөө байгаагүй. Дандаа л болж бүтэхгүй зүйл ярьж бухимдлаа илэрхийлж байсан. Тэгэхээр нийгэм бүхэлдээ бухимдуу байгаа юм болов уу даа. Гэхдээ арай ч бүгд тийм биш л дээ. Амьдрал баян болохоор сайн сайхан юм зөндөө байгаа. Гэхдээ хүний нийгмийн болж бүтэхг үй байгаа юм бүхэн ногооны талбайд ургасан зэрлэг өвс л гэсэн үг. Түүнийг түүж цэвэрлэж байх ёстой. Сэтгүүлчид л энэ үүргийг сайн гүйцэтгэдэг. Хэрвээ сэтгүүлчид ажлаа хийхээ болиод үнэнийг бичихгүй юм бол нийгмийг хэн эмчлэх билээ. Тийм үү. Сэтгүүлч хүн бол хэзээ хэн нэгнээс, аль нэг төрийн байгууллагаас хараат байх учиргүй. Тийм болохоороо л сэтгүүлчдэдээ эрх чөлөөтэй байж хараат бус сэтгүүл зүйг хөгж үүлээсэй гэж бодсондоо энэ “Глоб интернейшнл” ТББ-аа байгуулсан. Ер нь би багаасаа тийм байсан юм шиг ээ. Олон нийтийн ажилд их идэвхитэй оролцдог байсан. Гэхдээ одоо би үнэндээ залхаж байна. Чин үнэнийг хэлэхэд одоо тэтгэвэртээ гармаар санагдах боллоо. Гэртээ нам суугаад ном бичмээр, бас жүжгээ бичмээр байна.

-Та бол жүжгийн сайн зохиолч. Тэгэхээр уран бүтээл рүүгээ тэмүүлж байгаа юм байна л даа?

-Сайн зохиолч энэ тэр нь ч юу вэ. Зүгээр л номоо, жүжгээ бичээд санаа амар суумаар санагдах боллоо.

-Жүжгийн зохиолчийн хувьд, театрын уран сайхны зөвлөлд байдгийн хувьд манай театрт хөгжил ямархуу шатандаа явна гэж боддог вэ?

-Нэг зүйлд их сэтгэл дундуур байна. Манай жүжигчид их сайн,чадварлаг хүмүүс. Жишээ нь Сувд бол гайхамшигтай сайн жүжигчин. Бас Цэрэндагва гуай. Гэтэл энэ хүмүүсийн гайхамшгийг зөвх өн Монгол мэдэж байгаа нь харамсалтай. Уг нь тэднийг дэлхийн тавцанд гаргамаар байна. Театр бол хөгжим, дуу, бүжгээсээ ялгаатай л даа. Заавал англи хэл дээр жүжиг тавьж байж дэлхийн тавцанд гарна. Энэ чиглэлээр төсөл бичсэн боловч мөнгө нь олдохг үй юм. Ийм сайн жүжигчдээ дэлхийд таниулах юмсан. Би бүр Америкийн “Форд” сан руу хэдэн жил дараалан захиа бичээд “Уучлаарай бид Монголд үйл ажиллагаа явуулах боломжгүй” гэсэн хариу авсан даа.

-Форд гэж нөгөө машин үйлдвэрлэдэг газар уу? Тэд ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

-Тиймээ, Форд машиныг үйлдвэрлэдэг компани. Тэднийх Форд сантай. Тэгээд жилд бүр нэг сая долларыг урлагт зориулдаг юм билээ. Харамсалтай нь тэд Монголыг тоохгүй юм. Бас манай улс ч өөрөө урлаг руугаа анхаарахг үй байна. Жилд төсөв батлахдаа театрт зориулж их бага мөнгө төсөвлөдөг. Тэгээд уран бүтээлчийн шагнал бичихээр тэрийг нь Сангийн яамнаас хасаад хаячихдаг.

-Жүжигчний шагналыг уу?

-Тиймээ, жүжигчний дүр бүтээсэн уран бүтээлийн шагналыг.

-Арай үгүй байлгүй дээ. Жишээ нь алдарт Цэрэндагва гуай нэг дүр бүтээгээд тэрэнд нь зориулсан шагнал бичихээр Сангийн яамны нэг түшмэл хасаад хаячихдаг хэрэг үү?

-Тэгдэг шүү дээ. -Яасан харамсалтай хэрэг вэ. Тэр түшмэл уран бүтээл ойлгохгүй шүү дээ? -Ийм л байна даа.

-Шагнал гэснээс та ер нь төрийн одон медаль авч байсан уу?

-Өө би шагнал урамшуулал дээр огт өөр эсрэг бодолтой байдаг. Надад тэр төрийн одон медаль огт хэрэгг үй. Би тэр нэг хачин заншлаас ичдэг хүн. Ер нь тэгээд хүмүүсийн хийж бүтээснийг төр дүгнээд шагнаад ирэхээр л хүмүүсийг хооронд нь муудалцуулж, хэрэлдүүлж, атаа жөтөө үүсгэж байгаа юм шүү дээ. Одоо төрийн байгууллагуудад ажиллаж байгаа олон мянган хүмүүс шагнал авахын төлөө уралдаж, өөрийгөө элдвээр магтуулж байна. Энэ бол ичиж үхмээр зүйл. Одоо бүр нийгмийн өвчин болж даамжрах шинжтэй. Яахав надад бол мэргэжлийн маань бүх шагнал бий. Тэр л хангалттай.

-Та ер нь ямар ч амбицгүй хүн байх аа?

-Амбиц гэдэг юмыг зөв тийш нь хөтөлбөл их сайн үр дагавартай юм шиг байгаа юм. Бас “Би бүхнийг чадна” гэсэн америк маягийн итгэлтэй байж аливаа зүйлийг хийж давж гардаг юм шиг байгаа юм. Харин би бол өөрийгөө их голдог доо. Ер тэгээд одоо үед даруухан байна гэдэг дутагдал гэж ойлгогддог болжээ. Тэгэхээр би их сул талтай хүн дээ.

-Та ном их уншдаг байх аа? Гадаад явж байхдаа хүүхнүүд элдэв чамин зүйлийн араас хошуурч дэлг үүр хэсдэг байхад та ганцаараа номын дэлгүүр хэсээд алга болчихдог шүү дээ?

-Би очсон орон бүхнээсээ заавал ном худалдаж авдаг. Миний ачаа ерөөсөө л ном болчихдог юм. Учир нь би ном уншихгүй бол нойр хүрдэггүй. Заавал шөнийн хоёр гурван цаг хүртэл ном уншиж байж сайхан амардаг.

-Та шашин шүтдэг үү?

-Үгүй. Би шашингүй хүн. Гэхдээ бараг бүх шашны номлолыг, шашин судлалыг уншсан. Далай ламыг би хүнийх нь хувьд шүтдэг. Тэр бол асар их ухаантай хүн. Далай лам “Хэрвээ хүний амьдралын утга учрыг олж амьдрахын ухааныг ойлгосон хүн бол заавал шашин шүтэх албаг үй” гэж хэлсэн байдаг. Буддын шашны тэргүүн тэгж хэлсэн байгаа юм шүү. Тэгэхээр заавал шашин шүтэх албагүй. Бүр шашнаа ойлгохг үйгээр мухар сүсгээр шүтэж бүр ч болохгүй. Гадны улс орнуудаар явж байхад шашных нь сүм хийдээр би бишгүй л орж үзсэн. Тэнд ороход энэ бол үнэхээр ариун газар юм гэсэн сэтгэгдэл төрдөг л дөө. Гэтэл манайд Ганданд яваад очиход ямар байдаг билээ. “Хулгайчаас болгоомжил” гээд бичиг хадчихсан байдаг шүү дээ. Хулгайч, худалч хүмүүс тэр бурхан номын газраас айхгүй орж байхыг бодоход тэр газар хүний сэтгэлийг ариусгаж чадахгүй байна л гэсэн үг.

Таныг хүндэтгэдэг хүмүүс их олон. Энэ бол ойлгомжтой. Монголын сэтгүүл зүйд та тод мөрөө үлдээсэн. Харин та хэр олон дайсантай вэ?

-Хүн ер нь ажлаа сайн хийж байгаа бол өөрөө ч мэдэхг үй дайсантай болчихдог юм. Тэр жил ОНРТ-ийн хэсэг сэтгүүлчид удирдлагынхаа эсрэг суулт зарлаад дараа нь түүнийгээ үргэлжүүлж өлсгө- лөн зарлалаа шүү дээ. Тэгэхэд би гадаадад явж байгаад интернэтээр тийм юм болж байгааг олж уншсан. Гэтэл явж явж тэр өлсгөлөнг би зохион байгуулсан гэж хардагдсан шүү дээ. Би л телевизийн дарга болох гээд тийм зүйл хийсэн юм байх аа. Ер нь телевиз дээр удирдлагын эсрэг ямар нэг юм болвол би сэрдэгддэг юм. Харин надад тийм санаа огт байхгүй. Би дарга болж хүн удирдахаас залхаж байна. Насаараа л удирдах ажил хийлээ. Тийм болохоор манай телевизийнхэн надаас айх хэрэггүй ээ. Хамтарч ажиллъя. Надад энд ажил их байна. Тэнд очиж дарга болох сонирхол алга. Энэ ажлаа дийлэхгүй суухад тэнд очихын хэрэг юу байна.

-Сэтгүүлчдийг улстөрчд өд худалдагдчихлаа гэх нийтлэг ойлголт урам их хугалах юм. Та энэ талаар юу хэлмээр байна вэ?

-Сэтгүүлч хүнийг улстөрчид өөрийнхөө дуу хоолой болгон ашиглахыг л үеийн үед хичээсээр ирсэн. Тэгээд ч манай улсад ардчилал хөгж өөд удаагүй байгаа болохоор сэтгүүлчид маань улстөрчидтэй уулзахдаа зарим нэг алдаа гаргаж байгаа нь харагддаг. Үнэхээр худалдагдаад тэдний үзэл бодлыг номлож байгаа сэтгүүлчид олон. Энэ бол манай балчирхан байгаа сэтгүүл зүйг мөхөл рүү л түлхэнэ. Нөгөө талаас нэг хандлагыг сэтгүүлчид маань өөрчилмөөр санагдаад байдаг юм. Тухайлбал, ямар ч юмыг заавал улстөрчдөөс очиж асуудаг. Ингэхээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд төрийн дуу хоолой давамгайлж байгаа юм. Жирийн ард түмэн, эрдэмтэн, судлаач, иргэний нийгмийн дуу хоолой ямагт дутагдаж байгаа нь мэдрэгддэг. Бүр хэвлэлийн эрх чө лөөний өдөр хэн нэгэн УИХын гишүүнээс гүйж очоод “Монголд хэвлэлийн эрх чөлөө байна уу” гэж асууж байх жишээтэй. Байгаа үгүйг тэр эрхэм гишүүн мэдэх юмуу. Харин байгаа үгүйг бид нар өөрсдөө л мэднэ шүү дээ. “Энэ хууль нь болохгүй байна. Тийм учраас үүнийгээ өөрчил” гээд өөрсдөө ярих ёстой биш гэж үү. Монголд хэвлэлийн эрх чөлөө боогдмол байгааг өнгөрсөн долдугаар сарын 1 харууллаа шүү дээ. ОНРТ-ийн тухай хууль нь батлагдаад хэрэгжиж байхад Ерөнхийлөгчийн нэг зарлиг гарахад л хүмүүс ОНРТ-ийн дуу хоолойг барьчихаж байгаа байхгүй юу. Бүр мэдээллийг нь цензурдээд тархи угааж эхэлсэн. Тэгэхээр хэвлэлийн эрх чөлөө ямар эмзэг байгааг харуулсан хэрэг юм. Би бас нэг юмыг их гайхсан. Онц байдал тогтоосон зарлиг гараад ОНРТ-ээс бусад бүх телевизүүдийн дуу хоолойг хааж байхад Телевизүүдийн холбоо түүнийг дэмжсэн хэвлэлийн бага хурал хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө хараат бус сэтгүүл зүй, нөгөө хэвлэл мэдээллийн эрх чөлөө хаана байна. Байхгүй шүү дээ. Манайхаас энэ талаар мониторонг хийсэн. Долдугаар сарын 1-ний өдрөөс эхлээд болж буй үйл явдлыг цацаж байхдаа ямар нэгэн цензургүй байсан атлаа яг онц байдал тогтоосны дараагаас эхлээд зөвхөн албаны эх сурвалжаас мэдээ дамжуулж эхэлсэн. Тэгэхээр цензур байсан нь харагддаг л даа.

-Мэдээллийн эрх чөлөөний хуулийг яагаад гацаачихсан бэ? Танайх энэ хуулийг лоббидож байгаа хэвээрээ юу?

–Манайх, Нээлттэй нийгэм форум хоёр энэ хуулийн араас уйгагүй хөөцөлдөж байгаа. Мэдээллийн эрх чөлөөний хуулийг заавал батлуулах тухай ярихаасаа өмнө би Польшийн жишээг яримаар байна. Польшийн улс төрийн үйл явц яг манайх шиг байсан. Хоёр том нам нь ээлжлэн төр барьж байгаад хоорондоо зөвшилцөж тохироонд хүрч л дээ. Тэр нь яасан бэ гэхээр 2004 онд манайд улстөрийн хүчний харьцаа тэнцсэний үр дүнд ОНРТ-ийн хуулийг баталсан шиг Польшид Мэдээллийн эрх чөлөөний хуулиа баталсан байгаа юм. Тэгснээр сэтгүүлчдэд далд байсан бүх мэдээллийг олж авах эрх нь нээгдсэн. Гэтэл манайд бол энэ хуулийг бид 2001 оноос хойш лоббидож байна. УИХ-ын хэлэлцэх дэгд их олон удаа орсон. Харин одоо ямар шатандаа явна гэхээр энэ оны хоёрдугаар сард бид хууль санаачлагч зарим УИХ-ын гишүүдтэйгээ уулзсан. 2007 оны тавдугаар сард өргөн барьсан хувилбартаа өөрчлөлт оруулъя гэж тохиролцсон. Өөрчлөөд боловсруулалтаа нарийн болгож, үл хамаарлын зарчмыг оруулахаар болсон. Одоо боловсруулаад бэлэн болгочихсон байгаа. Хэрвээ УИХ-д өргөн баригдсан хуулийн 30-аас дээш хувийг дахиж боловсруулж өөрчилсөн бол хуулиа татаж аваад дахин өргөн барих шаардлага байдаг юм байна. Одоо дахиад бас хэдэн гишүүд нэмэгдсэн. Тэгэхээр батлагдах найдвар бас их болсон шүү.

-Баярлалаа, танд амжилт хүсье.

Л.МӨНХБАЯСГАЛАН

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Л.Алтанцэцэг: Олимпийн аварга болохыг мөрөөдөж байна DNN.mn

Түүхэндээ Монголын анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн эмэгтэй боксчин болсон үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер ОБЕГ-ын харьяа “Аврагч” спортын хорооны 120 дугаар ангийн тамирчин Ахлагч Л.Алтанцэцэгтэй ярилцлаа.


-Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон XIII дахь удаагийн эмэгтэй боксчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэнд нь баяр хүргэе. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар тодруулахгүй юу?

-Энэтхэгт болсон боксын 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэндээ маш их баяртай байгаа. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн миний тав дахь удаагаа оролцож буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Тиймээс өөртөө заавал медаль авна гэсэн зорилготойгоор бэлтгэл сургуулилтаа сайн бэлтгэсэн. Эхний тулаандаа Францын тамирчинтай таарч 5:0 харьцаатайгаар ялсан. Түүний дараа Хятадын хоёр талаараа өрж тоглодог, адилхан солгой тамирчинтай таарч 5:0 харьцаатайгаар ялж, хүрэл медалийн төлөө Узбекистаны тамирчинтай тоглож 5:0 ээр хожин хүрэл медалийн болзол хангасан. Мөнгөн медалийн төлөө Марокко улсын тамирчинтай таарч 5:0 харьцаатайгаар ялж мөнгөн медалийн болзлыг хангасан. Финалын тоглолт дээр Энэтхэгийн тамирчинтай таарч Энэтхэгийн тамирчин намайг зуурч, цохиж тоглолтыг маань гаргуулаагүй. Тэгээд 5:0 харьцаатайгаар хожигдсон.

-Энэ удаагийн тэмцээнд анх удаа сэтгэл зүйчтэй оролцсон шүү дээ. Сэтгэл зүйчтэй хамт тэмцээн, уралдаанд явж хамтран ажиллах нь ямар байсан бэ?

-Анх удаа сэтгэл зүйчтэй тэмцээнд оролцоход өмнөх тэмцээнүүдийг бодоход илүү өөр байсан. Бидний дотоод сэтгэлдээ болон анхаарах зүйлс, ринг дээрээ ямар сэтгэл зүйтэй гарах, багш нарынхаа заавар зөвлөгөөг хэрхэн анхаарч авч ажиллах гээд бүх зүйлсд зааж зөвлөсөн. Түүнчлэн эмч Ч.Насанбат эмч маань сэтгэл зүйчтэй хамт нэг хүн шиг л хамтран ажилласан учраас өнөөдрийн амжилтад хүрсэн байх. Бидний бүх зүйлийг анхаарч бэртэл, гэмтлээс болгоомжилж, ханддаг эмч хүн үгүй бол амжилтад хүрэхгүй байх гэж боддог. Сэтгэл зүйч Б.Золзаяа эгч маань бидэнд өөрсдийн хийж чадах бүх зүйлсээ хийж хурцалж, сэтгэл санааг өргөхөд анхаарч ажилласан.

-Боксын спортыг анх хэрхэн сонгох болсон бэ. Энэ спортоор хичээллэхэд юу нөлөөлсөн бэ?

-Анх спортоор хичээллэж эхлэх үедээ өөрийн биеэ хамгаална л гэж бодож суралцаж эхэлж байсан. Энэ спортоор цаашид хичээллэж тэмцээн, уралдаанд оролцож тамирчин болно гэж орж байгаагүй. Тэр үедээ шатар, жүдогоор хичээллэж байгаад боксын спортыг сонирхож хичээллэн гараагаа эхлүүлж байсан. Анхны тэмцээндээ мөнгөн медаль хүртэж, түүний дараагаар тэмцээнүүдэд оролцдог болж боксын спорт надад тохирох спорт юм байна гэдгийг мэдэж өнөөдрийг хүртэл хичээллэж байна.

-Эмэгтэй хүний хувьд боксын спортоор хичээллэх үед бэртэл гэмтэл авах үе бишгүй олон байх. Тэр үед ар гэрийнхэн нь хэрхэн хүлээж авдаг вэ?

-Энэ спортоор хичээллээд гэмтэл бэртэл авах үед “Миний охин хичээллэхээ болих юм уу” гэж ээж минь хэлдэг. Боксын спортдоо өөрөө их сонирхолтой, хайртай болохоор ямар нэгэн гэмтэл, бэртэл авахгүйн тулд хичээнгүйлэн бэлтгэл, сургуулилтаа хийдэг.

-Шавийн эрдэм багшаас гэдэг шүү дээ. Та багшийнхаа талаар ярихгүй юу?

-2010 онд Дорнод аймгийн “Талын бүргэд” клубт элсэн орж анхны багш Т.Эрдэнэбаяр дасгалжуулагчийнхаа заавар зөвлөгөөгөөр хичээллэж эхэлсэн. Багш минь тэр үед намайг спортод авьяастай хүүхэд байна гэж хэлсэн. Тэр үеэс хойш энэ спортоороо хичээллэж эхэлсэн дээ. 2013 онд авто осолд орж түүнээс хойш спортоо нэг жилийн хугацаанд орхисон. Тэр үед багш минь намайг орхилгүй өдийг хүртэл дэмжиж хамт явсан. 2017 онд Үндэсний шигшээ багийн тамирчин болж, 2019 онд “Аврагч” спорт хороонд тамирчнаар орж байсан юм.

Мэдээж энэ миний биш бидний амжилт. Намайг энэхүү амжилтад хүрэхэд тусалж дэмжсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа.

“Өдрийн сонин”-оор дамжуулан анхны багш дасгалжуулагч Т.Эрдэнэбаяр, Монгол Улсын гавьяат эмч Ч.Насанбат, сэтгэл зүйч Б.Золзаяа, Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Энхтөр, Б.Эрдэнэбаяр, Ж.Еркин, О.Батхүү, Ц.Даваацэрэн, Г.Мөнхжаргал, М.Буянжаргал болон нийт баг тамирчид, гэр бүл, найз нөхөд гээд намайг сэтгэлээрээ дэмжиж ирсэн бүх хүмүүстээ маш их баярлаж талархсанаа илэрхийлье. Бид яг л нэг хүн шиг, атгасан гар шиг байж чадсан.

Түүнчлэн Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар, тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх, дэд ерөнхийлөгч М.Баянмөнх нийт удирдах зөвлөлийн гишүүд, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч С.Баясгалан, Монголын боксын холбоо, Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, ОБЕГ, Хошууч генерал Г.Ариунбуян, Аврагч бокс” клубын тэргүүн Бригадын генерал М. Энх-Амар, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврагч биеийн тамир техник спорт хороо 120 дугаар ангийн дарга Дэд хурандаа П.Бүрэнтөгс нартаа баярлаж талархсанаа илэрхийлье.

-Та одоо ямар тэмцээн уралдаанд оролцохоор төлөвлөж байгаа вэ. Дараагийн тань зорилго 2024 оны Парисын олимп уу?

-Одоо энэ есдүгээр сард Азийн наадам зохион байгуулагдана. Азийн наадамд эхний дөрвөн байрт шалгарвал олимпод оролцох эрхээ авна. Одоогийн байдлаар тус тэмцээнд амжилттай оролцож 2024 оны Парисын олимпын эрхийг авах зорилготой байна. Азийн наадмын дараа олимпын эрхийн тэмцээн хоёр удаа зохион байгуулагдана. Тус олимпын эрхийн тэмцээнээс ч мөн олимпын эрхээ авах зорилготой байгаа. 2024 оны Парисын олимпод оролцож Олимпын аварга болохыг мөрөөдөж байна.

-Таны хувьд тэмцээний өмнө өөрийн сэтгэл зүйдээ хэрхэн анхаардаг вэ?

-Миний хувьд тэмцээний өмнө дуугаа хурааж ямар нэгэн хүнтэй ярилгүйгээр өөрийгөө тусгаарладаг. Харин тэмцээн дууссаны дараагаар энгийн харилцаандаа ордог.

-Рингэн дээр хэдхэн секундийн хугацаанд хувь заяа шийдэгддэг шүү дээ. Энэ хугацаанд сэтгэл зүйгээ сайн бэлдэж, төвлөрч чадсан нь ялалт авчирдаг уу?

-Бид хэдэн жил бэлтгэж, зүтгэсэн хөдөлмөрөө нэг тэмцээнд оролцож шийддэг болохоор алдаагаа давтахгүйн төлөө рингэн дээр бүх зүйлсээ гаргадаг. Манай спортод долоон хоногийн хугацаанд жингээ барьдаг. Тэмцээнд нэг ялагдвал дахиж тоглоно гэсэн дүрэм үгүй учраас их хатуу спорт.

-Та боксын спортын аваргууд болох Т.Үйтүмэн, Н.Энхбат, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нарын бичлэгүүдийг үзэж үлгэр дуурайлал авдаг байв уу?

-Спортын аваргууд

болох Т.Үйтүмэн, Н.Энхбат, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, Д.Отгондалай, Н.Төгсцогт гээд ах нараасаа суралцаж, үлгэр дуурайлал авах зүйл их байдаг. Үүнээс Дорнод аймгаас гарч ирсэн хүн бол Д.Отгондалай ах минь. Д.Отгондалай ах шигээ Олимп, дэлхийн медальтан болно гэж их боддог байсан. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа багш минь “Чи над шиг гавьяат болно” гэж хэлдэг байсан. Багшийнхаа хэлснээр амжилтад хүрч чадаж байгаа байх аа гэж бодож байна.

-Боксчин цаанаасаа төрнө гэж байдаг уу. Үнэхээр авьяастай төрсөн боксчин гэж байдаг уу?

-Боксын спортод авьяастай хүн гэж бий. Намайг боксын спортод орж байх үед багш нар маань төрөлхийн авьяастай хүүхэд байна гэж хэлж байсан. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд авьяастай ч өөрийн авьяасаа гаргаж чаддаггүй хүн их байдаг. Би маш их хичээж, зүтгэсэн учраас энэ хүртэл ирсэн байх гэж боддог.

-Боксын спортын сайхан болон хүндрэлтэй зүйлсээс хуваалцахгүй юу?

-Боксын спортыг ихэнх хүмүүс зүгээр л зодоон гэж ярьдаг. Миний хувьд боксын спорт бол урлаг юм. Боксын спорт нь цээж хөдөлгөх, гаргах, цохилтоо хэрхэн цохих гээд толгой ажилладаг учраас шатар, бокс хоёр ижил юм шиг санагддаг. Тийм учраас л энэ спортод сонирхолтой, хайртай байдаг юм. Боксын спортод гэмтэл бэртэл авах үеүд л хамгийн хэцүү байдаг. Гэмтэл, бэртэл авах үед спортоо орхих, шантрах үе их тохиолддог. Ийм үеүдэд шантраагүй байсан болохоор дэлхийн медалийн тавцанд гарсан байх гэж боддог доо.

-Таны хувьд бэлтгэлдээ өдөрт хэчнээн цагийг зарцуулдаг вэ?

-Долоо хоногийн зургаан өдөр бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийдэг дээ. Бэлтгэл сургуулилтаа тэмцээн, уралдаангүй байх үедээ өдрийн хоёроос гурван цаг хийдэг. Тэмцээнтэй үедээ нэг цагийг бэлтгэл, сургуулилтдаа зарцуулдаг.

-Боксын спортоор хичээллэх нь ямар ач холбогдолтой юм бэ. Боксоор хичээллэснээр хүн юуг олж авах вэ?

-Боксын спортоор хичээллэснээр тэсвэр хатуужилтай байх, хүний үгийг дааж хүнтэй зөв боловсон харьцах зэргийг сургадаг.

-Боксын спортоор хичээллэж эхэлж буй залуус юунд хамгийн их анхаарах хэрэгтэй вэ?

-Ямар ч спортын төрлөөр хичээллэхдээ хамгийн их анхаарах зүйл нь тууштай, идэвхтэй байж бүх сэтгэл зүрхээ зориулах хэрэгтэй. Бүх сэтгэл зүрхээ зориулж тууштай шаргуу хичээллэвэл түүнийхээ үр шимийг хэзээ нэгэн цагт заавал хүртдэг гэдэгт би итгэдэг. Тиймээс өөрөө л хичээвэл бүх зүйлсийг та хийж чадна шүү. Гэмтэл бэртлээс айхгүйгээр зорилго, мөрөөдөл рүүгээ зоригтой тэмүүлээрэй гэж хэлье. Нэг зорилгод хүрэхийг хүсэж тэмүүлбэл тууштай байж зорилгоо орхихгүй байх хэрэгтэй.