Categories
мэдээ нийгэм

Ц.Хуланд холбогдох хэргийн шүүх хурал маргааш болно DNN.mn

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан/ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн /12 хавтаст/ хэргийг шүүх 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан.

Яллагдагч Ц.Хулангийн өмгөөлөгч Л.Өлзийхүү, Д.Оюунбаатар нараас хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, хэргийг прокурорт буцаалгах тухай хүсэлт ирүүлснийг шүүх 2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 11 цагт урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн юм.

Яллагдагч Ц.Хулангийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзаж, яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Шүүх Ц.Хулан Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 30 минутад товлож, хуралдаан болтол тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлээд буй.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

Categories
мэдээ эдийн-засаг

Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ өсчээ DNN.mn

Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 99.0 тэрбум төгрөгөөр өслөө. Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2023 оны эхний улиралд 931.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 257.4 (38.2%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 220.8 (38.3%) тэрбум төгрөгөөр тэтгэвэр авагчийн тоо өссөн нь голлон нөлөөлжээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Польшийн ерөнхийлөгч ирж байгаа учраас яаралтайгаар эмульс ашиглаж хийсэн. Гантигаар бүрэх шийдвэр нь удахгүй гарна” гэв DNN.mn

Төрийн ордны зүүн талын хашааг засварлах ажил өнгөрсөн сарын 28-нд эхэлж байсан билээ.

Тус засварын ажил дуусаж, гадуур нь татсан хамгаалалтын хашааг буулгажээ. Шинээр баригдсан хашаа нь цонхтой хана, монгол гэрийн хэлбэр бүхий хаалгатай болсон юм.

Уг хашааг яагаад чулуун эмульс ашиглаж гүн ногоон өнгийн будгаар будсан талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албаны эх сурвалжаас тодрууллаа.

Тэрбээр “Төрийн ордны хойд талын хашааны будаг шиг хийсэн. Уг нь гантиг чулуугаар хийх ёстой. Гэхдээ Польш улсын ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотой яаралтай байдлаар эмульс ашиглаж янзалсан. Баруун талынх шиг гантиг чулуугаар хийх талаар шийдвэр удахгүй гарах байх” хэмээн ярилаа.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: Нийт 12 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэжээ DNN.mn

“Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д нийт 148 иргэн хандсанаас 115 утсанд 117, чатботод 19, и баримт апликейшн 4, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 8 гомдол мэдээлэл ирсэн бөгөөд 100 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 13 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, 21 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 12 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Үүнээс 12 иргэний барааг шинээр сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлэх болон иргэний гомдлыг бусад байдлаар ирүүлсэн шуурхай шийдвэрлэж 3,347,890 төгрөгийн мөнгөн хохирол барагдуулсан байна.

Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 49, харилцаа холбоо 26, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 1, цахилгаан 4, банк, санхүү, даатгал 16, барилга 3, боловсрол 4, контор 5, нийслэл төрийн үйлчилгээтэй холбоотой 3, СӨХ 8, өрсөлдөөн 9, НӨАТ 3, эрүүл мэнд 2, бусад асуудлаар 12 иргэн хандсан байна.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 103 зөрчил бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр нийт 1756 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1480 гэмт хэргийн шинжтэй 93 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд 2635 дуудлага иржээ DNN.mn

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 23-ны өдрийг хүртэлх дуудлага мэдээллийн тойм мэдээг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрөөс дараах гурван байршилд зам хаана DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда өнөөдрөөс /2023.04.24-04.26/ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа юм. Айлчлалтай холбогдуулан Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийж Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Олимп, Их Монгол Улсын гудамж замуудыг түр хугацаагаар хязгаарлалт хийх аж.

Иймд замын хөдөлгөөнд түгжрэл, саатал үүсэж, ачаалал нэмэгдэж болзошгүй тул иргэд та бүхэн бусдад хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хамгаалалт зохицуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд оролцохыг ТЦА-аас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

НОБГ: 21 иргэний аюулгүй байдлыг хангаж, 300 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33, аврах ажиллагааны 5 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, 21 иргэний аюулгүй байдлыг ханган, 300 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Гал түймрийн 33 дуудлагын шалтгаан нөхцөл нь ил галаас 18, цахилгаан ашиглалтын буруугаас 7, цахилгаан угсралтын буруугаас 5, яндангийн цонолтоос 1 удаа гал түймэр гарсан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Ц.Энхжаргал: Ураны төслийг манай улстай зэрэг эхлүүлсэн Казахстаны Катко компани жилд 2500 тонн уран үйлдвэрлэгч болчихсон DNN.mn


-100 грамм уранаас 60 тонн нүүрс шатаахтайтэнцэх эрчим хүчийг гаргаж авдаг-

“Бадрах Энержи” компанийн Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, цацрагийн аюулгүй ажиллагаа хариуцсан захирал Ц.Энхжаргалтай ярилцлаа.


-Иргэний нийгмийн байгууллагууд саяхан орон нутагт, тэр дундаа ураны төсөл хэрэгжүүлж буй танай компанийн бүсэд малчдын эрх зөрчигдөж байна. Хүн, мал хордож байна гэсэн судалгааг танилцуулсан. Энэ талаар ярилцлагаа эхэлье. Ер нь орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд зөвхөн энэ удаад ч биш өмнө нь ч ийм байр суурь илэрхийлж ирсэн. Орон нутагт яг юу болж байна вэ. Бодит мэдээллийг өгөхгүй юү?

-“Форум Азиа”, “Хүний эрх, хөгжлийн төв” гээд ТББ-ууд хамтарсан судалгааны тайлангаа саяхан олон нийтэд хэвлэлийн бага хурал зохион байгуулан танилцуулсан. Тус судалгааг Дорноговь аймгийн Хатанбулаг, Даланжаргалан,Улаанбадрах суманд хийсэн юм билээ. Судалгааны үр дүн танилцуулах хэвлэлийн хурал дээр уул уурхайг эсэргүүцэгч талын байр суурийг илүүтэй илэрхийлж байна уу гэдэг сэтгэгдэл төрж байлаа. Мэдээж хэрэг хүний эрхийн асуудлыг хаа хаанаа анхаарах ёстой. Тэглээ гээд энэ асуудлаар далимдуулаад компанийн нэр хүндэд халдаж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч болохгүй.

Манай компанийн хувьд Монгол Улсад 26 гаруй жил ажиллаж байна. Бид дэлхийд 12 дугаарт орох ураны том ордыг нээсэн. Энэ бол стратегийн орд газар. Манай компанибараг 15-16 жил хайгуулын ажил хийсэн. Орд нээхэд олон жил мөн багагүй хөрөнгө мөнгө зарцуулдаг шүү дээ. Дараа нь үйлдвэрлэлийн туршилтын үйл ажиллагааг эхлүүлсэн. 2021 оны долдугаар сараас 2022 оны арванхоёрдугаар сарыг дуустал Зөөвч-Овоо орд дээрээ үйлдвэрлэлийн туршилтыг амжилттай хийж, 10.4 тонн ураныг олборлож цацрагийн аюулгүй ажиллагааг ханган талбай дээрээ хадгалж байна.

Иргэний нийгмийн байгууллагын судалгаагаар уул уурхайн компаниудыг иргэдэд дарамт учруулдаг, орон нутагт хөрөнгө оруулалт хийдэггүй, хийсэн ч авлига хээл хахуульд автсан, засаг дарга нарт нь мөнгө өгдөг, ажилтнуудаа дарамталдаг гэх мэт мэдээллүүдийг олон нийтэд өгч байна. Энэ бол манай компанийн зарчимд огт нийцэхгүй, нэг төрлийн худал гүтгэлэг. Уул уурхайн үйл ажиллагаа байгаль орчинд огт нөлөөлөлгүй байна гэж үгүй. Харин бид байгаль орчин болон хүн малын эрүүл мэндэд хэрхэн сөрөг нөлөө багатайгаар олборлолтын үйл ажиллагааг хийж, ордоо эдийн засгийн эргэлтэнд оруулах вэ гэдэгт анхаарч, зорьж ажиллаж байна.

-Уул уурхайн компаниуд орон нутагтай хамтран ажиллаж, орон нутгийн хөгжилд хөрөнгө оруулалт хийдэг жишиг байдаг. Гэтэл танай компанийг орон нутагт дорвитой хөрөнгө оруулалт хийдэггүй гэсэн байна. Үнэн үү?

-Манай компанийн хувьд сүүлийн туршилтын үйл ажиллагааг явуулах хугацаандаа орон нутагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажилласан. Гэрээ одоо ч хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Тус гэрээг Зүүнбаян баг болон Улаанбадрах сумын Засаг дарга нартай байгуулсан, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах ажил үргэлжилж байна.

Манайх уул уурхайн үндсэн олборлолтынхоо төсөл рүү бүрэн ороогүй байгаа шүү дээ. Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газартай байгуулсан Орд ашиглах гэрээний дагуу үйлдвэрлэлийн туршилт хийх чиглэлтэй тул бид хэд хэдэн зорилтыг тавьж тус туршилтыг хийсэн. Нэгд, бид байгаль орчин, хүн малын эрүүл мэндэд хор нөлөө багатайгаар энэ төслийг хэрэгжүүлж чадна гэдгийг харуулах зорилготой. Хоёрт, техник технологийн параметрүүдийг нарийвчлах, тухайлбал химийн бодисын хэрэглээ, ордын өөр өөр нөхцлүүдийг нарийн судлах, гуравт, хяналтын ажилд ард иргэдийг хамруулах, олон нийтэд үнэн зөв бодит мэдээллийг хүргэх зорилготой байсан. Энэ туршилт маань амжилттай болсон. Уран олборлож байгаа үйл явцыг малчид, төрийн албан хаагчид, оюутнууд, хяналтын бүлгийнхэн гээд өргөн бүрэлдэхүүнтэй үзэж, зөв ойлголт мэдээлэл авсан. Энэхүү танилцах ажил одоо ч үргэлжилж байгаа. Хамгийн сүүлд Монголын гидрогеологичдын нийгэмлэгийн гишүүд танилцсан байх жишээтэй.

Та хөрөнгө оруулалтын талаар асуулаа. Бидний хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хөгжлийн долоон чиглэлийг орон нутагтай хамтраад тодорхойлчихсон, тэр хүрээндээ ажлаа үргэлжлүүлж байна. Эдийн засгийн хөгжил, усны хүртээмж, цахилгааны хүртээмж, соёл урлаг, спорт, боловсрол, хүний эрүүл мэнд, малын эрүүл мэнд гэсэн чиглэлүүдээр хувь нэмрээ оруулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Гэхдээ тэдгээр төслүүдийг бид зохиодоггүй. Төслийн санаачилга орон нутгаас гардаг. Бидний хамтын ажиллагааны гэрээ нэрээр ямар ч хамаагүй дурын төсөлд мөнгө зарцуулна гэсэн үг биш. Төслүүдээ эрэмбэлэн шалгаруулах, ямар чиглэлийн төсөл байна вэ, үр ашиг нь нийтийн сайн сайхны төлөө байх ёстой, ашиг сонирхлын зөрчилгүй байх гээд олон шалгууртай. Дээр нь төслийн хэрэгжилтийг хянадаг бүтэцтэй. Өнгөрсөн 2018-2022 оны хугацаанд “Бадрах Энержи” ХХК орон нутагт хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. 2023 онд нэг тэрбум төгрөг зарцуулахаар төслүүдээ шалгаруулаад байна.

-Хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэлээ. Тодруулж ярьж өгөөч?

-Хөрөнгө оруулалтын ажлуудын заримаас нь дурдъя л даа. Улаанбадрах сумын хувьд хашаагүй сум шүү дээ. Тиймээс сумыг хашаалж хороолол үүсгэх төсөл хэрэгжиж эхэлсэн. Хоёр хэсэг бүхийн хороолол үүсгэж байгаагийн нэг талын гудамжийг манай санхүүжилтээр байгуулсан. Мөн манай компани сумын шинэ суурьшлын бүс рүү цахилгаан татаж, иргэдийн тав тухтай амьдрах боломжид тодорхой хувь нэмэр оруулсан. Сумын эмнэлгийн засварыг тодорхой хэсгийг өнгөрсөн жил хийсэн. Энэ жил үргэлжлүүлэн хийнэ. Сургуульд хүүхдийн аюулгүй орчныг сайжруулах зохилгоор хашааг нь шинэчлэх ажлыг хийлээ. Өмнөх жилүүдэд сургуулийн компьютерийн кабинетыг шинэчлэх, ковидын үед бага насны хүүхдийн биед тохирсон сандал ширээтэй таван ангийг тохижуулах зэргээр хөрөнгө оруулалтууд багагүй хийгдсэн. Суманд фитнестэй боллоо, музейгээ шинэчиллээ, одоо Иргэдийн танхимыг тохижуулж байна. Соёлын төвийн хөгжим аппаратурыг хоёр дахь удаагаа шинэчлэх ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байна. Өнгөрсөн хугацаанд бид 60 орчим худгийг нөхөн сэргээсэн. Худгуудад эрүүл ахуйн бүс тогтоох, лайдаж цэвэрлэх, таглаатай болгох зэргээр тохижуулалт хийсээр ирсэн. Энэ жил ч үргэлжилнэ.

Улаанбадрахад очоод үзвэл ард түмэн манай компани юу, юу орон нутагт хийснийг мэднэ, бас баяртай ч байдаг. Саяхан 2022 оны төслүүдийг хүлээж авах нээлтийн арга хэмжээг Улаанбадрах сумаас зохион байгуулсан.

-Орон нутгийн иргэд усны асуудлыг нэлээд хөнддөг. Усанд хордож мал амьтан үхэж байна, генийн өөрчлөлттэй үр төл гаргаж байна гэж ярьж ирсэн шүү дээ. Усны асуудал үнэхээр байдаг хэрэг үү?

-Өнөөдөр малчдын маань ярьдаг зүйл бол уул уурхайн үйл ажиллагаагаар ус хордуулаад байна, түүнийг нь уусан мал хордоод үхээд байна, эрүүл мэндэд нөлөөлж байна гэдэг. Иргэд гүний худаг гаргуулахыг хүсдэг. Гэвч бид байгалиасаа ураны орд байгаа газар гүний худаг гаргаж өгч болохгүй. Малчдын худгийн гүн нь 15-20, зарим нь 60 метрт байдаг. Харин манай олборлолтын гүн бол 150-170 метрийн гүнтэй. Эдгээр уст үеүд хоорондоо ямар ч холбоогүй. Геологи хайгуулын ажил эхэлсэнтэй зэрэгцээд л газрын доорх усны судалгаа хийгдэж ирсэн. Уст үе гээд ярихаар газрын дор цалилзсан далай шиг ус байна гэж боддог. Үүнийг судалгаагаар баталсан. Гэвч газар ухахаар нойтон элс, шороо гардаг шүү дээ. Тэр бол уст үе, усны шүүрэл байна гэсэн үг. Тиймээс ус хордуулах, сөрөг нөлөө учруулах үндэсгүй юм. Олон хөндлөнгийн хяналт судалгаагаар ч манайхаас үүдэлтэй бохирдол, сөрөг нөлөө байхгүй байна гэдгийг баталсан.

Ураныг газрын доор уусган олборлох технологийг манай улсад анх удаа хэрэглэж байгаа учраас хүмүүс сайн учирлаж ойлгохгүй байгаа. Мэдээж хүн эргэлзэх эрхтэй. Бид нар тайлбарлах ч ёстой. Энэ ажлаа хийсээр л байгаа. Олон нийтийн сүлжээгээр бид нээлттэй мэдээлэл өгдөг. Уурхай дээр ирээд үзье гэхэд хэн бүхэнд нээлттэй. Манай компанид ханданМУИС-ийн Байгаль орчны факультетын ангийн оюутан хандаад семинарынхаа хичээлийг хийх гэсэн юм, мэдээлэл өгөөч гэж хүссэн. Бид дуртайяа зөвшөөрч, семинарынх нь хичээл дээр очиж технологи болон төслийнхөө талаар мэдээлэл өгч, үргэлжлүүлээд тухайн оюутнуудыг ангиар нь хээрийн анги дээрээ уриад танилцуулж байлаа.

Төрийн бус байгууллагууд судалгаа хийх нь зөв. Олон талын үзэл бодол, ургальч үзлийг сонсох хэрэгтэй. Гэхдээ хамгийн бат зогсох ёстой зарчим бол олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангах, олон талын мэдээллийг хүргэх явдал юм.

-Таны яриагаар бол ураны олборлолтоос болж малчдын эрх зөрчигдөж байна гэх судалгаа үндэслэл муутай гэж харагдаж байна. Зөв үү?

-Бид байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангаа багийн хурал дээр хэлэлцүүлж байхад биднийг шүүмжлэх хүмүүс байдаг, эсэргүүцэх ч хүмүүс байна. “Та нар нутаг орон бохирдуулж байна эсвэл энэ ажлаа сайжруул, би танайд ажиллах хүсэлтэй байна” гэх мэтээр хүмүүс өөр өөрийн үзэл бодлоор ханддаг. Энэ нь эдгээр хүмүүсийн эрхийн асуудал. Нэг нь ажил хөдөлмөр эрхлэх эрхтэй байна, нөгөөх нь аюулгүй орчныг шаардах эрхтэй. Гол нь хэн хэний эрх зөрчигдөх ёсгүй.

Судалгаанд аль аль талын бодит байдлыг тусгаагүй гэж мэргэжлийн хүний хувьд үзэж байна.Үнэхээр хүний эрхийн асуудал хөндөж байгаа бол яаж ойлголцох, асуудлыг нэг талд нь хэрхэн гаргах талаар зөвлөмж өгөх байсан байх. Гэтэл зөвлөмж нь хангалтгүй, судалгаа дутуу, нэг талыг барьсан байна гэж үзэж байгаа.

-Ураныг эсэргүүцэх хандлага нэлээд удаан хугацаанд үргэлжилж байгаа. Жагсаал цуглаандаа ч хүрч байсан удаатай. Гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьд ийм асуудал тун хүндрэлтэй биз?

– Манайх Монгол Улсын Засгийн газрын оролцоотой компани шүү дээ. Бид худал мэдээлэл бүр дээр хариу өгөх шаардлагагүй. Өмнөх хийх ажлаа хийгээд л явж байгаа. Хамгийн гол нь үүн дээр бид цаг хугацаа маш их алддаг юм байна. Түүнийг дагаад мэдээж эдийн засгийн хохирол амсч байгаа.

Өнөөдөр манай компанитай төсөл нь бараг зэрэг эхэлсэн Казахстан улс дахь “Катко” компани нь аль хэдийнээ жилд 2500 тонн уран гаргадаг үйлдвэрлэгч болчихсон байна. Гэтэл манайх нэг гараанаас эхэлсэн ч өнөөдрийг хүртэл үндсэн үйлдвэрээ ч бариагүй явна. Дээр нь олон улсад ураны үнэ өсөөд байдаг.

Уран гэхээр хүмүүс айгаад байдаг. Нүүрс байсан бол шал өөр хүлээж авах байх л даа. Хүүхэд ч нүүрсийг мэднэ шүү дээ.Ураныг бид амьдралд олон зүйлд ашиглаж байгаа.Тэгэхээр энэ талын мэдлэг мэдээллийг хүүхэд байхаас нь физикийн хичээлээр нь дамжуулж, зөв ойлголт мэдлэгийг өгөх ёстой юм байна гэж хардаг. Манай ажилтнуудын авч буй цацрагийн хувийн тун зөвшөөрөгдөх хэмжээнээс 10-13 дахин бага байна. Цацраг гэхээр иргэд айдаг, эргэлздэг. Гэтэл нүүрс өөрөө цацраг идэвхт. Онгоцоор Улаанбаатараас Парис уруу нисэхэд манай сайтын хажууд амьдарснаас өндөр цацрагийн тун авах боломжтой. Эмнэлгээр үйлчлүүлж рентген зураг авахуулахад цацрагийн тун авч байна. Хүнсний технологи, ариутгалд ч цацрагийг ашиглаж байна. Ер нь цөмийн эрчим хүч ногоон эрчим хүч гэж тооцогдож байна шүү дээ. 100 грамм уранаас 60 тонн нүүрс шатаахтайтэнцэх эрчим хүчийг гаргаж авдаг. Цацрагийг бид журмынх нь дагуу хянаж, аюулгүй байдлыг хангаад ажиллах боломжтой. Бид чадаж ч байгаа.

-10.4 тонн уран олборлоод хадгалж байгаа гэж та ярилаа. Танай төслийн цаашдын төлөв, зорилго юу вэ?

-Энэ бол Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ хийсний дараа цааш явах төсөл юм. Хөрөнгө оруулалтын гэрээний ажил эхэлсэн. Ер нь манай үйлдвэр ирээдүйд нэг ээлжиндээ 400-450 гаруй хүн ажиллана. Хоёр ээлжээр ажиллана гэхээр 800-900 хүн ажлын байраар хангагдана. Монгол Улс бодлогодоо цацраг идэвхит ашигт малталын олборлолт боловсруулалтын салбарын шар нунтаг хүртэл хөгжүүлнэ гэж тусгасан. Тэгэхээр шар нунтаг гаргаж аваад түүнийгээ эдийн засгийн эргэлтэнд оруулж экспортын бүтээгдэхүүн болгоод явах юм. Энэ бол хоёр улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээрээр шийдвэрлэгдэх асудал.

Ирээдүйн төсөл хэрэгжихэд 1.4 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийгдэж, 30-40 гаруй жилийн ашиглалт болон хяналт мониторинг, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг төлөвлөж байгаа.

-Уран бол дэлхийд хамгийн өндөр, эрэлттэй хэрэглээ болж байна. Манай улс өөрөө ураны нөөцөөрөө дэлхийд нэлээд дээгүүрт явдаг. Тиймээс олборлолтоос гадна цахилгаан эрчим хүч гаргаж авахад ашиглах боломжтой гэж цөмийн физикчид ярьдаг. Тийм боломжтой юу?

– Сая дурьдсан Казакстаны “Катко” компани нь манай “Орано” группийн салбар компани. Тус компанийн эргэн тойронд уран олборлох ижил үйл ажиллагаа эрхэлж байгаа 10 гаруй компани бий. Тэр олон компани зэрэгцэж ажиллаад, эргэн тойронд нь нутгийн малчид малаа маллаад хэвийн амьдарч байна. Манай орон нутгийн малчид хүртэл тэнд очиж газар дээр нь үзэж, малчидтай нь уулзаж, мал төхөөрүүлэн гэдэс дотрыг нь хүртэл харж байсан шүү дээ. Тэнд ямар ч хор хөнөөл байхгүй байгааг нүдээрээ үзээд ирсэн байдаг.

Манай улсын хувьд атомын цахилгаан станц барих асуудал бол тусдаа. Ер нь яагаад барьж болохгүй гэж. Боломжтой. Жижиг оврын станцтай болох бүрэн боломжтой. Манайхан уран гэхээр айж, туршлагагүй, хянаж чадахгүй, мэргэжилтэн байхгүй гэж шүүмжлдэг. Туршлагыг бид хаанаас олж авах юм бэ. Хийж, туршиж үзэж байж л эхэлнэ шүү дээ. Туршлагатай газар л ураныг ашигладаг гэж үзэж болохгүй. Манай компанид гэхэд л туршилтын үйл ажиллагаан дээр гадаадын хоёр эксперт л ажилладаг, бусад нь бүгд монгол залуус, бүр орон нутгийн залуус ажилласан. Монгол залууст чадахгүй зүйл байхгүй, бид суралцаж бас хийж чадна.

Ц.УЯНГА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь DNN.mn

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 24-ний Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.

Жич: Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг хөнцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье.

Тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ.