Categories
мэдээ нийгэм цаг-үе

359 ТҮЦ-т мэдэгдэх хуудас хүргүүлжээ DNN.mn

Нийслэлийн зүгээс нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлж, иргэдийн саадгүй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд анхаарч буй. Энэ дагуу автобусны буудал, явган хүний замд зөвшөөрөлгүй байрлуулсан, иргэдийн зорчих хөдөлгөөн хааж буй Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийг нүүлгэн шилжүүлж байна. Нийслэлд нийт 1831 ТҮЦ байгаа бөгөөд тэдгээрийн 128-ыг нь нүүлгэж, 359-д нь мэдэгдэх хуудас хүргүүлээд байна. Түүнчлэн нийтийн эдэлбэр газарт өдрийн худалдаа эрхлэх эхний ээлжийн 30 байршилд тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар боловсруулан батлуулж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/, есөн дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлээд буй.

Categories
мэдээ нийгэм

Нийт нутгийн 70 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал 4 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цухуйгаагүй.

Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Төв, Өмнөговь, Дундговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй.

Сэлэнгийн нийт, Булганы ихэнх, Хөвсгөл, Төв, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар дунд, Булганы Гурванбулаг, Дархан-Уулын Дархан, Хонгор, Орхон, Шарынгол, Өмнөговийн Манлай, Дорнодын Баянтүмэн, Баяндун, Булган, Хэрлэн, Хөлөнбуйр, Баян-Уул, Чулуунхороот, Гурванзагал, Халхгол, Цагаан-Овоод хэвийн байна.

Categories
гадаад мэдээ

“Google Brain”, “DeepMind” судалгааны багууд нэгдэнэ DNN.mn

“ChatGPT” чатбот зэрэг системүүдтэй өрсөлдөхийн тулд өөрийн хиймэл оюун ухааны технологийг эрчимжүүлэх зорилгоор “Al­phabet” компани “Google Brain”, “DeepMind” компанийн судалгааны багуудыг нэгтгэхээр болжээ.Энэхүү шинэ багийг “DeepMind” компанийн гүйцэтгэх захирал Демис Хассабис удирдах бөгөөд энэ баг бүрдсэнээр хиймэл оюун ухааныг зоримог, хариуцлагатайгаар хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж “Alphabet” компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай мэдэгдсэн байна.

“Alphabet”-ийн эдгээр мэргэжилтнүүд “OpenAI”-ийн хамгийн сүүлийн үеийн загвар болох “GPT-4” шиг олон горимт хиймэл оюуныг хөгжүүлэх талаар ажиллах юм байна. “Google” нь хайлтын системийн зах зээлд олон арван жилийн турш ноёрхож, энэ салбарын 80 гаруй хувийг нь эзэлсээр ирсэн ч хурдацтай хөгжиж буй хиймэл оюун ухааны өрсөлдөөнд “Microsoft”-ийн ард хоцорч болзошгүй болоод байгаа аж. Учир нь “Microsoft”-ийн санхүүжүүлтээр “OpenAI”-ийн шинэчлэгдсэн “Bing” хайлтын систем ажиллагаанд ороод байгаа юм.“Alphabet” энэ оны хоёрдугаар сард “ChatGPT”-тэй өрсөлдөх “Bard” чатботоо танилцуулсан. Гэвч “Bard” сурталчилгааны дүрс бичлэгээр буруу мэдээлэл өгсний улмаас нийтийн сүлжээнд шуугиан дэгдэж уг компанийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн хоёрдугаар сарын эхэнд 100 тэрбум ам.доллараар буурсан аж. Харин дээрх шийдвэрийн дараа “Alphabet”-ийн хувьцааны ханш хоёр хувиар өссөн байна. Ерөөс “Хууль бус бизнесийг хулгай, луйвар гэх бөгөөд эзнээ байнга хорлодог.Харин хууль ёсны “луйвар”-ыг бизнес гэх бөгөөд эзэндээ байнга нэр хүнд авчирдаг” гэж хэлж болно. Эндээс хууль гэсэн ухагдахуун гарч байна. Хууль гэдэг нь аливаа үйлдлийг нийтийн эрх ашигт нийцүүлэн үйлдэхийг иргэн бүрээс хуульчлан шаардаж буй эрх, зүйн акт юм. Тэгвэл өнөөдөр хурдтай хөгжиж буй хиймэл оюун ухааны чатботууд гэдэг нь үнэндээ гэрчилгээгээр баталгаажсан оюуны өмчүүд юм. Харин аль ч оюуны өмч нь хуультай адил нийтийн эрх ашигт нийцэж байж гэмээнэ гэрчилгээ авдаг. Нөгөө талаас хиймэл оюун ухааныг иргэд шууд ашигладаг буюу бас л олон нийтийн хяналтад хэрэгждэг сайн талтай. Энэ нь та эдгээр чатботуудыг ашиглан сонин сэтгүүлд нийтлэл бичиж, дууны шүлэг, ая зохиож, бизнесээ зөв төлөвлөж бүр төр, засаг, яам, агентлагийн бодлого юун дээр алдаж байгааг гарган яаж засахыг ч зөвлөж чаддаг болно гэсэн үг. Жишээ нь өнөөдөр манай УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтөд органик хуулиудаа нийцүүлэх гэж хууль болгоныг авч хэлэлцэж байна. Харин энэ бүгдийг удахгүй хиймэл оюун ухааны чатботоор маш хурдан хугацаанд, алдаа мадаггүй зөв хийдэг болно гэсэн үг билээ. Өөрөөр хэлбэл иргэдэд хүссэн зүйлээ хийх боломж олгох тэр зүйлийг олон горимт хиймэл оюун ухаан гээд байгаа бөгөөд харин чатбот гэдэг нь өөрийн чадварын хүрээнд танд туслах хиймэл оюун ухаан юм.

Categories
мэдээ нийгэм

Ганц мод боомтоор 10 сая тонн ачаа нэвтрүүлжээ DNN.mn

Энэ сарын 23-ны байдлаар, Ганц мод боомтоор 9 сая 710 мянган тонн импортын нүүрс, 260 мянга 400 тонн зэсийн баяжмал, 48700 тонн экспортын бүтээгдэхүүн зэрэг 10 сая тонн давсан импорт, экспортын ачаа тээвэрлэсэн байна.

Өдөрт дунджаар 112 мянга 600 тонн ачаа барааны гаалийн бүрдүүлэлт хийжээ.

Тус боомт нь ӨМӨЗО-ны анхны 10 сая тонноос давсан ачаа тээвэрлэх боомт, мөн Хятадын хэмжээнд 10 сая тонноос давсан ачааны багтаамжтай анхны авто замын боомт болсон гэж Баяннуур хотын боомтын удирдлагын албанаас мэдээлжээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Он гарсаар 630.3 мянган тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ DNN.mn

Манай улс он гарснаас хойш нийт 630.3 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна. Үүнд А-80 автобензин 6.8 мян.тн, АИ-92 автобензин 186.4 мян.тн, АИ-95/98 автобензин 6 мян.тн, дизель түлш 357.2 мян.тн, онгоцны түлш 12.7 мян.тн, Жет А-1 14 мян.тн, бусад 46.9 мян.тн байв.

Улсын хэмжээнд энэ сарын 21-ий өдрийн байдлаар 117,101 тн шатахууны нөөцтэй байгааг УУХҮЯ мэдээллээ. Үүнээс А-80 автобензин 4,826 тн буюу 29, АИ-92 автобензин 33,433 тн буюу 27, АИ-95 автобензин 2,876 тн буюу 22, дизель түлш 71,524 тн буюу 29, онгоцны түлшний 33 хоногийн нөөцтэй байгаа юм.

Улаанбаатар хотод 56,614 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 924 тн, АИ-92 автобензин 17,203 тн буюу 18, АИ-95 автобензин 1,397 тн буюу 19, дизель түлш 34,347 тн буюу 29 хоногийн хэвийн нөөцтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Эрүүгийн 5 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2023 оны 4 дүгээр сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 52 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 141 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 110 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн нийт 853 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 831 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар хүргүүлсэн 2 мэдэгдэл, 1 хууль хэрэгжүүлж ажиллах албан бичиг бичиж холбогдох байгууллагад хүргүүлж нийт 7 объектод нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн хэргүүдээс дурдвал:

  • “Улаанбаатар төмөр зам ХНН”-ийн Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн удирдах албан тушаалтан “Э”, “Ү” нар нь өөртөө болон бусдад хууль бусаар эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харьяа Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депод 20,327,964 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх;
  • “М” нь Аялал жуулчлал амралтын “Их шүтээн цогцолбор” ОНӨААТҮГ-ын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Б”-тэй бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хохирол учруулсан гэх;
  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгч “З” нь эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа тухайн хэргийн яллагдагч “С”-ээр бусдаас зээлсэн төлбөр болох 5.000.000 төгрөгийг төлүүлж эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, бусдын эд хөрөнгийн эрхийг завшсан гэх;
  • Хилийн цэргийн 0108 дугаар ангийн захирагч “Н”, Авто замын шалган нэвтрүүлэх боомтын заставын дарга “Б” нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий компаниудад давуу байдал бий болгосон гэх;
  • “Б” нь “Бүти” ХХК-ний захирал “Б” нарт холбогдох хэргийг шийдвэрлүүлэхэд бусдад давуу байдал бий болгох зорилгоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагч “Г”-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан “Э”-ээр дамжуулан 2016 онд 2,500,0000 төгрөгийн хахууль өгсөн гэх;

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмыг хангах хүрээнд авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан товч байдлаар мэдээлдэг болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ясны сийрэгжилтийн шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө DNN.mn

Ясны сийрэгжилтийн шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.

ЭМДЕГ-ын даргын 2022 оны “Жагсаалт батлах тухай” А/53-р тушаалаар рентген оношилгоо тусламж, үйлчилгээнд багтах ясны сийрэгжилтийн шинжилгээг 33 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.
“Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт”
Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд

Categories
мэдээ улс-төр

Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргийн хамт Монгол Улсад хүрэлцэн ирэв DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт төрийн айлчлал хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирэв.

Ерөнхийлөгч Анджей Дудаг гэргийн хамт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардахад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко болон албаны бусад хүн угтан авав.

Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний болон олон улсын харилцааны зарим асуудлыг хэлэлцэнэ.

Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан томоохон зорилтууд, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд польшийн талтай хамтран ажиллах талаар ярилцана.

Түүнчлэн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, дэд бүтэц, боловсрол, соёл зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцоно.

Айлчлалын хүрээнд Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, архив, геологи, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм.

No description available.

А.Дуда Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгчөөр 2015 сонгогдсон бөгөөд 2020 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин сонгогдсон. Тэр бээр 2008 онд БНПУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Төрийн нарийн бичгийн орлогч даргаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгч асан Лех Качинскийг дагалдан Монгол Улсад ирж байсан.

1990 оноос хойш БНПУ-аас хамгийн сүүлд буюу 2013 онд Ерөнхийлөгч Бронислав Коморовски Монгол Улсад айлчилсан юм.

Categories
мэдээ нийгэм

Гэрээсээ гараад алга болсон хүүг эсэн мэнд олжээ DNN.mn

Төөрсөн, сураггүй болсон нэг том хүн, долоон настай хүүхдийг эсэн мэнд олсон тухай ОБЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Булган аймгийн Бугат сумын чиглэлд амарч явсан гурван хүн буцах замдаа автомашинаа шаварт суулгаж, нэг нь тусламж дуудахаар яваад сураггүй болсон байна.

Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 60 настай, эмэгтэйг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж Бугат сумын “Бухын даваа” гэдэг газраас эсэн мэнд олжээ.

Мөн Завхан аймгийн Дөрвөлжин сумын Бор-Өндөр багийн нутагт энэ сарын 24-ний 18:00 цагийн орчимд долоон настай эрэгтэй хүүхэд гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг хүлээн авчээ.

Орой 23:47 цагаас эхлэн эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж урд шөнө 05:35 цагт хүүг хажуу айлын хашаанаас олж, гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Молор-Эрдэнэ: Монголчууд бол шилжилтийн нас руугаа очиж чадаагүй хүүхдээрээ хүмүүс DNN.mn

>> Төгсгөл. Түрүүч нь №075(7195) дугаарт >>

Философич С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа.


-Хэзээ монголчууд нэгдэх юм бэ?

-Манай төр философийг хүлээн авч, хүлээн зөвшөөрч сонсдог болсон үед. Дэлхийн хүн төрөлхтний түүхийг харахад ямар ч хаан, ямар ч төр хажуудаа дандаа философитой явж байгаа шүү дээ. Хятад Күнзтэй, Орос, Герман өнөө том философичид, философитой. Грек, Энэтхэгийн том философичид байна. Дандаа хажуудаа философичидтой явж байгаа. Манайд тийм юм байхгүй.
-Манайд бол философичдын орон тоонд инфлүүсер, цүнх баригчид байдаг биш үү?
-Инфлүүсер гэж дээ, хөөрхий зайлуул. Яагаад төрийн дэргэд философи, философичид хэрэгтэй гэвэл философи хамгийн түрүүнд “Хүний ухаан гэж юу юм бэ” гэж асуудаг. Дараа нь “Хүн гэж юу юм бэ” гэж асуудаг. Энэ хоёрыг л асуудаг. Дээр дурдсан ард түмнүүд энэ хоёр асуултыг асуугаад философи, шашин болоод явчихсан юм.
Өнөөдөр би Монгол Улсад юу асуугаад байгаа юм. Хүн гэж эцсийн эцэст хэн юм бэ гэдгийг гаргаж ирж байна шүү дээ, философийн түвшинд. Номуудад бүгдийг нь бичсэн. Хүн гэж ийм юм байдаг юм, энийг хүн гэдэг юм байна, хүн гэдэг бэлэн биш. Төрөөд л хүн болчихдоггүй. Бүх философичид “Хүн бол хүн биш шүү, төрөнгүүт нь хүн гэж ойлгож болохгүй шүү. Хүн болгохын тулд маш их ажил хэрэгтэй” гэдэг.
-Тийм.
-Шууд хүн болохгүй. Ихэнх нь бүтэлгүйтнэ. Нөгөө талдаа “Хүн болоход ийм ийм юм хэрэгтэй” гээд жагсаалт гаргачихсан байна шүү дээ. Барууны орнуудын Библь, Арабуудын Коран, Хятадын Даозм. Бүх ард түмнүүд өөр өөрийн хүн болгодог том том материалуудтай, дэвтэр номуудтай. Тэрнээс биш шашин шүтлэг, мухар сүсгийн юм биш. Бүхэл бүтэн олон зуун жилийн үйл ажиллагаа. Тэр чинь бидэнд байхгүй.

-Одоо бид яах ёстой вэ?
-Хүн гэдэг бол бүтэхгүй ээ. Хүн болох ёстой. Монгол хүн гэж хэн бэ. Монгол хүний таван онцлогийг би гаргаж ирчихээд байгаа. Монгол хүнийг яаж хүн болгох юм. Тэр патент хаана байна вэ.
-Хаана байгаа вэ?
-Байхгүй шүү дээ. Яг л хүүхэд насных шиг уурласан бол уурласан, баярласан бол баярласан тэр бүх сэтгэл хөдлөл нь хэвээрээ. Засагдаагүй. Залруулагдаагүй. Яг хэвээрээ. Уурлавал уурлачихна. Баярлавал баярлачихна. Уйлбал уйлчихна, хүн цохиод авбал цохиод авчихна. Дур тачаал нь хөдөлбөл хөдөлчихнө.
-Монгол хүн чинь хүүхэд шиг юм биш үү?
-Хүүхдээрээ. Шилжилтийн нас руугаа очиж чадаагүй. Шилжилтийн нас руугаа очих нь бүтэлгүйтсэн. Тийм учраас насанд хүрсэн хойно нь шилжилтийн нас нь явагддаг. Дөч хүрээд, тавь хүрээд. Одоо л нэг 15, 16 нас хүрч байгаа байхгүй юу.
-Санал нэг байна.
-Энэ олон философичдын номыг олон жил уншаад өдөр болгон уншаад, өдөр болгон энэ тухай бодож байгаа шүү дээ. Хэнээс ч цалин авахгүйгээр. Тэгээд бод доо чи. Хэнээс ч цалин авахгүйгээр шүү. Зөвхөн энэ улс орон, ард түмэнд ямар философи хэрэгтэй вэ гэдгийг бодоод байна. Өнөөдөр, маргааш гаргаад ирчихдэг математикийн томьёо биш байхгүй юу.
-Та “Хүн стресстэй байх тусмаа сайн” гэсэн?
-Маш сайн. Стресстэй байх тусмаа их ажил бүтээдэг. Тайван, амар амгалан байна гэвэл XXI зуунд баларна. Нэг өдөр гэрээсээ гарахгүй тайван байя гэвэл баларна шүү дээ. Сайндаа үдээс өмнө байж болох юм. Уул нь юу ч хийхгүй, бүх юмаа унтраагаад тайван суух хэрэгтэй л дээ. Тэрийг чинь бид бясалгал гэж нэрлээд байгаа шүү дээ. Уг нь хэрэгтэй. Энэ их хурдтай ч юм шиг явагдаад байгаа хурднаас хажуу тийш гараад амсхийгээд паузлаад буцаад хөдөлгөөн рүү орж байвал их хэрэгтэй. Тэгэхдээ боломжгүй. Яаж эвийг нь олох вэ. Би бол ороод гараад, ороод гараад байдаг. Надад асуудал байхгүй. Би чинь философич хүн. Би ямар улстөрч биш, компанийн босс биш, лам биш.
-Монголчууд оюуны дархлаагүй болохоороо сошиалд живчихлээ. Фэйсбүүк дотор амьдарч байна?
-Сошиал яг архитай адил донтуулдаг.
-Таны номд ч энэ талаар дурдсан байдаг. Монголчууд фэйсбүүкийн группүүдийн хэмжээнд л сэтгэж байна?
-Bubble буюу бөмбөлөг гэдэг чинь явж байгаа байхгүй юу. Зөвхөн бөмбөлөг дотор, бөмбөлгөөсөө гарч чаддаггүй. Бөмбөлөгт нь интернэтээс л мэдээлэл ордог, бодит амьдралаас мэдээлэл орохыг хаачихсан. Тэгэхээр монголчууд бодит амьдралаас тасарчихсан. Бодит амьдрал чинь хүнд амтагдана, сонсогдоно, харагдана. Сошиал медиа зөвхөн харах эрхтэн дээр л ажиллаж байгаа байхгүй юу. Өглөөнөөс орой болтол нүд чинь зогсоо зайгүй зураг харж байна. Ямар зураг харж байна вэ, өглөөнөөс орой хүртэл. Харсан зургуудынх нь сэдэв юу вэ тэрийг нь гаргаж ирэх хэрэгтэй. Тэр хүмүүс ямар сэдвээр зураг хараад байна вэ. Хүний зураг уу, юуны зураг вэ, юу хараад байна вэ. Үүнийг судалдаг социологи, нийгэм судлал, психологи, сэтгэл судлалын салбар байхгүй.

-Монголчуудын шэйрлэж, чухал гэж тоож байгаа юмсыг ерөнхийд нь харахаар хэний ч юм хэлсэн “Бүсгүй хүнийг хайрла, бурхан хүртэл шунадаг” ч гэх шиг. Эсхүл “Эмэгтэй хүнийг л хайрла”, “Эр сайн бол эм сайн зүстэй”, “Эр хүн гэж…”, “…тийм л хүнийг эр хүн гэнэ”, “Ээжийгээ л хайрла”… гэсэн үгс байх юм?
-Би хэлж байна шүү дээ. Монголчууд чинь хүүхэд насгүй, хүүхэд нас нь бүтэн бүрэн явагддаггүй байхгүй юу. Хүүхэд насны сэтгэлийн маш их зүсэлт, цууралттай, сорвитой учраас тэрийгээ үргэлж үгүйлж, сошиал медиад тэрийгээ дандаа илэрхийлж явдаг. Өөрөөр хэлбэл, маш их эрт гэр орон, ээж аав, хүүхэд насандаа ээжтэйгээ харьцаж байсан жинхэнэ харьцаа явагдахгүйгээр гэрээсээ гараад амьдрал руу чулуудагддаг. Тэгэхээр хүүхэд байхдаа харьцах ёстой байсан ээж, тэр бүх нутаг ус, тэр бүгдээсээ зүй ёсоор хагацаагүй байхгүй юу. Ээж нь “За, одоо яв. Юм үз. Намайг март” гэх ёстой. Тэгэхгүй яагаад ч юм явчихсан. “Үгүй ээ, би ээждээ баяртай гэж хэлээгүй юм байна шүү дээ”, “Би чинь аавтайгаа юм ярьж үзээгүй юм байна шүү дээ” гэдэг. Тэр бүгд нь дотор нь яваад байгаа учраас караоке руу ороод л нэл ээж, аавын тухай дуу дуулчихдаг. Тэр чинь хүүхэд нас нь олигтой, бүтэлтэй явагдаагүйн шинж байхгүй юу. Хүүхэд нас нь бүтэлтэй явсан хүмүүс хэзээ ч караокед аав, ээжийн тухай дуулахгүй.
-Тийм учиртай байжээ.
-Өө тийм. Психологи нь ямар ч асуудалгүй хүмүүс тэгж уул муул, нутаг мутаг, нуур муурын тухай хачин хачин дуу дуулдаггүй. Тэр чинь дандаа психологийн юмнууд нь ил гарч ирээд байгаа байхгүй юу. Чи караокед хэн нэгэн аавын тухай дуулаад эхэлбэл “Хөөрхий амьтан, аавын асуудалтай байжээ”, ээжийн тухай дуулаад байвал “Хөөрхий дөө, ээжтэйгээ хэцүү байж дээ. Тэрийгээ л санагалзаад байгаа юм байна” гэж бод. Хүн чинь тэр чигээрээ психологийн сав шүү дээ (инээв).
-Төрийн гурван өндөрлөг ч бил үү, тэр хавийнхан. Эсвэл соёл боловсрол хариуцдаг яамныхан тантай нэг удаа ч болов уулзаж, ярилцаж зөвлөгөө авч байсан уу?
-Зөвлөгөө авч, уулзах түвшинд очих арай болоогүй. Философи гэдэг юмыг, намайг үнэлнэ гэдэг бол бас нэг жаахан юм уншсан, жаахан сүрхий болчихсон байх ёстой. Надаас доогуур хүн намайг магтаж үнэлж чадахгүй. Надаас дээгүүр хүн эсвэл надтай ойролцоо хүн л миний юу чаддагийг үнэлж чадна (инээв).
-Уншигчдаас сүүлийн нэг жилийн хугацаанд “Философич Молор-Эрдэнэтэй дахиж ярилцлага хийж өгнө үү” гэсэн хүсэлт хэд хэд ирсэн. Хүмүүс та бид хоёрын өмнөх ярилцлагуудыг ухаж гаргаж ирээд уншаад байдаг бололтой. Энэ яаж байна гэсэн үг вэ?
-Гэгээрч байна, боловсорч байна. Тэр хүнд хөгжил, дэвшил явагдаж байна. Өөрийгөө өөрчлөх гэсэн зоригтой байна. Ямар ч байсан дутагдаж явсан, хэлчихмээр санагдсан, сэтгэлд нь явдаг тэр бүгдийг үг болгоод, өгүүлбэр болгоод хэлчихэж байна шүү дээ. Ер нь философич хүний онцлог тэр байдаг. Тэр их асуудлуудыг хүн хэлэх гээд чаддаггүй, үг болгох гээд чаддаггүй, өгүүлбэр болгох гээд чаддаггүй, хэлэхээсээ жаахан айдаг юм уу, ичдэг юм уу. Тэр юмыг чинь философич хүн сайхан багцлаад өгүүлбэр болгоод “Май уншина уу” гээд өгөөд байна шүү дээ. “Энэ л байсан байхгүй юу, чиний асуудал. Май”. Олон мянган жил энэ философичид ийм л ажил хийж ирсэн.

-Анх тантай уулзахдаа “Монголчууд бид Чингисийн үеэс мөнх хөх тэнгэрийн шүтлэгтэй, аугаа философитой ард түмэн” гэж асуутал та “Монголчууд философигүй” гэсэн нь тухайн үедээ нийгмийг бухимдуулж, маш их шүүмжлэл сонссон л доо.

-Тэгсэн шүү дээ.

-Бодоод байсан чинь философигүй л ард түмэн юм билээ?
-Байхгүй. Zero.
-Гэтэл нутаг нутагт нэг тийм өндөр хөх өвгөд байдаг даа. Гэрийнхээ гадаа гаансаа нэрээд л алсын барааг ширтээд суудаг. Нэг нүдний дурангаар юуг ч юм дурандаад л. Барагтай бол юм дуугарахгүй. Харин дуугарахаар бол жинтэй, цөөн үг унагана. Тэд л философичид байсан юм биш үү?
-Амьдралын эцэст оччихсон. Ерөнхийдөө бас нэг дүгнэлт явж байгаа юм. Би амьдарчихав уу даа, миний амьдрал ямар байв, эцсийн эцэст амьдрал гэж юу юм, үнэн худал, зөв буруу, сайн муу гэх мэтчилэн бодож, амьдралын эцэст цэцэн болж эхэлж байгаа юм. Wisdom гэдэг шүү дээ. Wiseman гэдэг шиг цэцэн болж эхэлж байгаа юм.

Грекийн “Минерва” буюу шар шувуу гэдэг үг байдаг л даа. Шар шувуу орой нисдэг. Өдөр бүх юм дууссан хойно шар шувуу нисээд юу болчихов, яачихав гэдэг. Яг тэрэнтэй адилхан. Зөв л дөө. Тэгж бодож суухдаа харамсах ч юм уу, тэгдэг байж, ингэдэг байж гэвэл ёстой тэнэглэл. Өнгөрсөн бол өнгөрсөн. Өнгөрсөнтэй зууралдаад хэрэггүй юм байгаа юм. Хувь хүн бол өнгөрсөнтэй зууралдах хэрэггүй. Яагаад вэ гэвэл хувь хүний амьдрал зөвхөн өөрөөс хамаардаггүй. 50 хувь л өөрөөс хамаардаг. 50 хувь нь гаднаас хамааралтай. Гадны юмыг хувь хүн зохицуулж янзлах боломжгүй. Ямар нэгэн байдлаар гаднаас хамааралтайгаар амьдрахаас өөр аргагүй. Нийгмээс бид хамааралтай. Нийгмээс болж бид дургүй юмаа хийдэг. Өөр арга байхгүй. Хүний нийгэм чинь ийм байдаг. Тийм учраас ёс суртахуун гэдэг юм чинь байдаг. Өөрөөр хэлбэл, чи сэтгэлзүйн асуудалтай байж болно. Гэхдээ нийгмээс болоод сэтгэлзүйгээ дараад ёс суртахууныг урдуураа тавихгүй бол болохгүй ээ. Энэ чинь малчин, бөх барилддаг, нум сум харвадаг, морь унадаг бидэнд хэцүү шүү дээ, тэрийгээ дарж ёс суртахуундана гэдэг чинь. Наадмаар хөвгүүд барилдаж байгааг харахад жинхэнэ эмоциор барилдаж байгаа шүү дээ. Тэнд ямар ч ёс суртахуун явагддаггүй. Японы сумод ёс суртахуун явагдаад байгаа. Эмоцио дараад байгаа. Бид малчин ард түмэн. Тэгэх чадвар, гэрийн хүмүүжил, сурган хүмүүжил, боловсрол байхгүй.
-Сумаараа, аймгаараа талцаж наадаад, улсын наадмын түрүү бөхийн төлөө нутаг нутгаараа ялгараад түрүү бөх төрсөн аймгийнхан нь нутгийнхаа дууг дуулаад байдаг. Яагаад ингэдэг вэ гэхээр таны хэлсэн холимог ард түмэнтэй холбоотой ажээ?
-Нөгөө талдаа бид бүгдээрээ, Монгол гэсэн ард түмэн нэгэн Бурхан байхгүй. Нэгэнлэг Бурхан байхгүй. Бүгдэд нь хүчинтэй ганц шүтдэг Бурхан байхгүй.
-Оюун санаагаараа нэгдэх юм байхгүй гэж үү?
-Тийм, Бурхан байхгүй. Европын тэр олон хүн Есүсийн дор нэгдэж байна. Энэтхэгийн тэрбум хүн Хиндигийнхээ дор явчихаж байна. Хятадуудын тэрбум хүн Күнзийнхээ дор явчихдаг. 125 сая Япон бас нэгдээд явчихдаг. Нийтээрээ, нийтлэг нэг үнэнтэй байх ёстой. Тэр нь God. Бидэнд тийм God буюу Бурхан байхгүй. Тийм учраас айл айл хоорондоо хэрэлдэж зодолддог. Зөвхөн сумаараа ч биш. Хашааныхаа хөрштэй хэрэлдэнэ. Японд хөрштэйгөө хэрэлдэнэ гэдэг ойлголтыг мэдэхгүй. Ер нь хүнтэй хэрэлдэх гэдэг ойлголт мэдэхгүй. Хүнийг цохиж авдаг гэдэг ойлголтыг ч мэдэхгүй. Орос, Хятадад ч тэр. Бид асар том ёс суртахуунтай хоёр том ард түмний дунд ёс суртахуунгүй байж байна шүү дээ. Энэ өрөөнд байгаа таван хүнд нэгэн Бурхан байна уу. Тавуулаа хачин хачин юм ярина. Нэг нь Будда ярина, нэг нь Христ ярина, нэг нь Пастор ярина, нөгөөх нь Исламын шашин ярина. Тэгээд л нэг сайхан архидаж, зодолдож уйлалдаж аваад л нэг дуу дуулаад тал тал тийш тараад явчихна. Гар утсаа хараад л өөр нэг найзууд нь дуудангуут “За би энэ хэдийг хурдхан шиг аргалчихаад одоо очлоо, за юу” гэж биччихээд дэргэд байгаа нөгөө хэддээ “Та нартайгаа байх ямар сайхан юм бэ. Байгаад л баймаар байна” гэж нэг сайхан худлаа ярьчихаад гараад явчихна.
Монгол хүний амьдрал эхнээсээ авахуулаад дуусан дуустлаа худал явсаар дуусч байгаа. Амьдралыг худал гэж ойлгодог. Үнэн гэж байдаггүй гэж багаасаа хүмүүжээд өсчихсөн байдаг. Үнэнгүй өсчихсөн. Яагаад вэ гэвэл ээж аав нь үнэнд итгэдэг болгож сургаагүй байдаг. Хүнд итгэдэг болгож бас сургаагүй байдаг. Тийм учраас монгол хүн хэзээ ч нэг нэгэндээ, хэнд ч сайхан итгэж чаддаггүй. Итгэл гэдэг чинь том боловсрол.