Categories
мэдээ нийгэм

Хушны үр түүсэн иргэнийг 53 саяар торгожээ DNN.mn

Хан-Уул дүүргийн прокурорын газраас иргэн А нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/282 дугаар тушаалаар батлагдсан “Ойн дагалт баялагийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ын 4.5-д заасныг зөрчин, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс 107.5 кг сибирь хушны үр идээг зөвшөөрөлгүй түүж, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1-т /Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ.

Шүүхээс тус хэргийг хянан хэлэлцээд А нь Байгалийн ургамлыг хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэн 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, байгаль орчинд учруулсан 53.158.750 төгрөгийн хохиролыг Байгаль орчин уур амьсгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

24.8 дугаар зүйл.Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх

1.Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшилжээ DNN.mn

Шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшилжээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас “…гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах…” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан билээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “… яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэнэ…” гэж заасан.

Иймд шүүх тэдний гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг өнөөдөр өдрийн 10:30 цагт товлоод байсан юм.

Шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг “шүүх бүрэлдэхүүнтэй”-гээр хянан хэлэлцэх бөгөөд даргалагч шүүгч “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх бүрэлдэхүүнд оролцож байгаа. Тус шүүх хуралдаан долоо дахь өдрөө үргэлжилж байх тул шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ.

Мөн шүүгдэгч Ц.Хулангийн нэг өмгөөлөгч “Хөгжлийн Банк”-ны гэх тодотголтой дээрх шүүх хуралдаанд бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэн өмгөөлөгчөөр оролцож байх тул шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдааны товыг тэдний /талууд/ саналыг харгалзан жич товлохоор тогтсон байна.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Categories
мэдээ нийгэм

​“U money” картыг “Hi-Pay”, “Toki”, “Tapatrip” аппликейшнээр цэнэглэнэ DNN.mn

Нийслэлийн хэмжээнд хийж буй автобусны парк шинэчлэл болон нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хийж байгаа туршилтын талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд энэ оны нэгдүгээр сард 136, хоёрдугаар сард 88 буюу нийт 224 автобусаар парк шинэчлэл хийсэн. Үүнээс Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т 112, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-т 112 автобусыг хүлээлгэн өгч, үе шаттайгаар үйлчилгээнд гаргалаа. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, автобус хүлээх хугацааг тэглэхээр гуравдугаар сарын 10, 13-ны өдрүүдэд Ч:1 буюу “5 шар-Офицеруудын ордон” чиглэлд туршилт хийсэн. Ингэхдээ өглөөний эх авалтыг дайран өнгөрөх 39 зогсоолоос эхлүүлж, өглөөний ачаалал ихтэй цагт хүлээгдлийн хугацааг багасгасан. Тодруулбал, 6:20-8:10 цагийн хооронд “5 шар-ТБД андууд” хүртэл нэг тээврийн хэрэгсэл үйлчилдэг байсан. Тэгвэл есөн тээврийн хэрэгсэл энэ чиглэлийн дундын буудлаас ачааллыг тэнцвэртэй хувааж авснаар автобус хүлээгдлийн хугацаа 2-4 минут болон буурч, зорчигчдын урсгал 15 хувиар нэмэгдэж, тээврийн хэрэгслийн сул гүйлт 12 км байсан нь зургаан км болж буурсан үр дүн гарсан” хэмээлээ.

Түүнчлэн ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж байгаатай холбогдуулан “U money” карт борлуулах, цэнэглэх цэгүүдийн талаарх мэдээллийг тэрбээр өглөө. Зургаан дүүргийн нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол дээр байршиж буй 222 ТҮЦ-ээр өдөр бүрийн нийт цэнэглэлтийн 60 хувийг хийдэг. Гэхдээ ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж буй тул ХААН, Голомт, Худалдаа хөгжлийн банкуудтай хамтран карт гаргах, “Hi-Pay”, “Toki”, “Tapatrip” аппликейшн ашиглан гар утсаараа нийтийн тээврийн картаа цэнэглэх боломжийг бүрдүүлэн ажиллаж буй аж.

Түүнчлэн “Онтайм” ХХК, “Дата кейр” ХХК, “Изи пей” ХХК-тай хамтран кассын програм болон ПОС төхөөрөмж ашиглан “U money” карт цэнэглэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Энэ хүрээнд зургаа болон найман нэрийн 1000 орчим дэлгүүр, худалдаа үйлчилгээний төвүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд GS25 сүлжээ дэлгүүрийн бүх салбаруудаар картын цэнэглэлтийг хийж байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Ургамлан хүмүүс DNN.mn

Хэн нэгэн өөрийг нь хайрлахгүй, халамжлахгүй, тоохгүй бол гундчихдаг, шальчийчихдаг, хүмүүсээс үргэлж хайр, анхаарал шаардаж, бусдаас үргэлж авч байдаг “шимэгчид” их болчихож. Аз жаргалгүй, гунигтай, уйтгартай байгаагийнх нь буруутан дандаа л дэргэдэх нь, ахан дүүс, эргэн тойрныхон, найзууд нь болчихдог. Нөхөр нь утсаа авахгүй, чатаа харахгүй бол сэтгэл санаа нь навс унаад л орчлонгийн хамгийн азгүй хүн болоод хувирчихна. Эсвэл ганц халамжтай үг хэлээд үнсчихвэл хөл нь газарт хүрэхгүй баярлаад дэгдчихдэг. Ийм хүмүүсийг “Ургамлан хүн” гэж тодорхойлдог.

Тасалгааны ургамал арчилгаа, тордлогоо ихтэй. Ус чийг нэхнэ, нарны гэрэл шаардана, тоосоо арчуулах гэнэ, шавжаа устгуулах гэнэ. Тэгэхгүй бол ургахгүй, дэлбээлэхгүй. Үхчих гээд эмзэг.

Яг ийм ургамал шиг бусдаас хамааралтай сэтгэхүй, сэтгэл зүйтэй хүмүүсийг ургамлан хүмүүс гэж үзнэ л дээ. Ургамлан хүмүүс үргэлж бусдаас хараат бөгөөд өөртөө итгэлгүй, сул дорой. Тэд өөрөө өөрийгөө сэргээх, босгох талаар ямар ч идэвхи санаачилга гаргахгүй бөгөөд дэргэдэх нь, найзууд, аав ээж нь цаг үргэлж анхаарч, урмын үгсээрээ “услах” ёстой. Гэтэл хүн бол оюун ухаантай, уураг тархитай, сэтгэл зүрхтэй. Ургамлаас тэс өөр шүү дээ.

Орчин цагт хүн байх, ургамал байх нь тэр хүний л сонголт. Гэхдээ эргэн тойрныхондоо ийм “ургамал”-ууд төвөгтэй, дарамттай. Ургамал шиг байхгүйн тулд, хүн шиг байхын төлөө хүчтэй сэтгэл зүйтэй, өөрөө өөрийгөө удирдаж, өөртөө эзэн байх ёстой л доо. Тусгаар тогтносон улс шиг дотоод, гадаад хүчийг хослуулсан бие хүн болно гэдэг маш том амжилт, ухаан юм даа

Categories
мэдээ эдийн-засаг

Эрдэс бүтээгдэхүүний экспорт 37 хувийн гүйцэтгэлтэй байна DNN.mn

Манай улсын эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 37 хувийн гүйцэтгэлтэй байна. Тодруулбал, нүүрс 49, зэсийн баяжмал 31.4, төмөр 18.9, алт 15.8, газрын тос 22.1, цайр 64.8, хайлуур жонш 54.5 хувь байгаа юм.

Дөрөвдүгээр сарын 14-20-ны өдрүүдэд нүүрс экспортын 11,145 автомашин, 1,326 чингэлэг тээвэр, 981 AGV тээвэр хийжээ. Мөн хугацаанд 1,455.8 мян.тн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 4 дахин өссөн байна. Оны эхнээс 17,888.3 мян.тн нүүрс гаргаснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 14,633 мян.тн-оор буюу 4.5 дахин өсжээ.

Харин 136 автомашин, 209 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортлов. Оны эхнээс 439.5 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5 хувиар өссөнийг УУХҮЯ мэдээлэв.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 4 автомашин, 1,375 чингэлэг тээвэр хил нэвтэрч, оны эхнээс 1,595.3 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 77 хувиар өсөв. Тайлант 7 хоногт 97.2 мян.тн төмрийн хүдэр, баяжмал хилээр гаргажээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 20-ны өдрийн байдлаар 3.16 тонн алт худалдан авсан байна.

Categories
мэдээ улс-төр

Аялал жуулчлалын болон Төмөр замын тээврийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийн талаар мэдээлэл хийв DNN.mn

Улсын Их Хурлаас үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй, ил тод байлгах үүднээс долоо хоног бүрийн мягмар гараг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа болон боловсруулагдах шатандаа явж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл хийсээр байгаа билээ. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр (2023.04.25) Аялал жуулчлалын болон Төмөр замын тээврийн тухай хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө.

Мэдээллийн эхэнд Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг өнгөрсөн долоо хоногт Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийг 6 сарын хугацаатай сунгах шийдвэр гарсан. Өмнөх зургаан сарын хугацаанд тодорхой ажлуудыг хийж, тус компанийн үйл ажиллагаанд маш их ахиц дэвшил гарсан. Энэ ажлуудыг илүү сайжруулах, үйл ажиллагааг тогтворжуулах нь зүйтэй гэж үзсэн учраас ийм шийдвэр гаргасан. Онцгой дэглэмийн үед хийж хэрэгжүүлж буй ажлуудынхаа талаар сар бүр Улсын Их Хуралд тайлагнаж байх үүрэг хүлээж байгаа гэлээ.

Ж.Бат-Эрдэнэ: Манай улсад төмөр замын суурь бүтэц эзэмшигч дөрвөн компани байна

Зах зээлийн өнөө үед төмөр замын салбар өндөр хөгжих боломж нээгдсэн. Тийм учраас 2007 онд батлагдсан Төмөр замын тухай хуулийг өөрчилж шинэчилсэн найруулга хийгээд байна. Төмөр замын аж ахуйн нэгжүүдийг суурь бүтэц эзэмшигч, хөдлөх бүрэлдэхүүн буюу тээвэрлэгч гэсэн хоёр байдлаар салгаж хуулийн төсөлд тусгаж өгсөн. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо өссөн. 2010 оны байдлаар суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нэг байсан бол өдгөө суурь бүтэц эзэмшигч дөрөв болсон байна. Тиймээс суурь бүтэц эзэмшигчдийн хоорондын харилцааг зохицуулах, зах зээлийн зарчимд суурилсан тэгш харилцаа, шударга өрсөлдөөнийг бий болгох зэрэг томоохон зохицуулалт орсон. Мөн төмөр замтай холбоотой бүхий л үйлчилгээнд хамаарах тарифын зөвлөл байгуулагдахаар хуулийн төсөлд тусгаад байна. Тус зөвлөл зах зээлийн нөхцөл байдлын судалгаа хийж дүгнэлт гаргах үүрэгтэй. Үүнээс гадна төмөр замыг концессоор барих боломжийг эг хуулийн төслөөр нээж өгсөн хэмээв.

Манай улсын хэмжээнд нийт 12291 хөдлөх бүрэлдэхүүн байгаагаас хувийн хэвшилд 5884 вагон, 31 зүтгүүр, Улаанбаатар төмөр замд 3201 вагон, 193 зүтгүүр, Төрийн өмчийн компанид 466 вагон, 29 зүтгүүр, бусад зориулалттай /цистерн, битүү, дозатор, ледник, думпкар, хоппер, тоноглосон/ 2230 вагон бүртгэлтэй. Нийтдээ 11781 вагон, 184 зүтгүүр, 69 төмөр замын машин механизм бүртгэлтэй байдаг аж.

Ц.Цэрэнпунцаг: Улс орныхоо уламжлалт соёлын өв дээр тулгуурласан бүтээгдэхүүн бий болгох, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зорьж байна

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг Засгийн газраас аялал жуулчлалыг салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгохоор зорилт тавин ажиллаж байгаа. Түүнчлэн Засгийн газраас энэ жилийг аялал жуулчлалыг дэмжих үүднээс Монголд зочлох жил болгон зарласан гэдгийг мэдээллийнхээ эхэнд дурдав.

Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг “Аялал жуулчлалын тухай хууль нь улс орныхоо уламжлалт соёлын өв дээр тулгуурласан бүтээгдэхүүн бий болгох, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зорьж байгаа. Түүнчлэн аялал жуулчлалаас орж ирдэг орлого, эдийн засгийн үр өгөөжийг өсгөх чиглэл дээр энэхүү хуулийн төсөл дорвитой алхам байх болно. Хуулийн төсөлд аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгчдийг нарийн тодорхойлж, нэр томьёог нь мөн нарийн ангилж өгсөн. Үүнээс гадна аялал жуулчлалын үйлчилгээтэй холбоотой төрийн хүнд суртал, авлигыг таслан зогсоох үүднээс тусгай зөвшөөрлийг багасгаж, хөнгөвчилж байна. Үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд холбогдох байгууллагад өөрийн мэдээллээ бүртгүүлэхэд болохоор тусгаж байна. Түүнчлэн бид аялал жуулчлалын бүсүүдийг орон нутгийн удирдлагуудтай хамтран тодорхойлж өгнө. Байгаль орчны даацаас авхуулаад бүхий л нөхцөл байдлыг уялдуулан уг зохицуулалтыг хийнэ” гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Ченжүүд: Ам.долларын ханш аажмаар бууж байгаа нь одоогоор иргэдийн амьдралд нөлөөлөхгүй DNN.mn

“Найман шарга” валют арилжааны зах өдрийн 14:00 цагт хөл хөдөлгөөн багатай, зарим лангуунууд нь хаалттай байлаа. Хаа нэг хүмүүс орж ирэх ч төд удалгүй гарч одно. Валютын ханшийн мэдээллийг энд тэнд хадсан төрөл бүрийн самбар харагдана. Иргэд голдуу юань солиулахаар ирдэг аж.

Замын баруун талд байрлах “Валют арилжаа” гэсэн хаягтай арилжааны цэг рүү орвол ченж эмэгтэй “Ам.долларын ханш ер нь буурч байна. Цаашдаа хэрхэхийг мэдэхгүй юм. Гэхдээ өсөх болов уу л гэж бодож байна. Уг нь төгрөгөө ам.доллар болгосны дараа ханш өсчихвөл хэрэгтэй дээ. Тэгээд ч ам.долларын ханш унаад шальдаггүй юм” гэв

Голлох валют болох ам.доллар  энэ оны хоёрдугаар сарын 1-ны байдлаар 3510 төгрөг байсан бол өнөөдөр (2023.04.25) 3482 төгрөг болж буурсан байна.   Өмнөх жилийн энэ үетэй харьцуулбал ихээхэн өөрчлөгдсөн харагдана. Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сард ам доллар 2854 төгрөг, евро 3235 төгрөг байсан бол юань 448 төгрөгтэй тэнцэж байжээ. 

Тус төвийн ченж А.Мандах “Ам.долларын ханш өнгөрсөн долоо хоногоос буурч эхэлсэн. Харин юанийн ханш өнгөрсөн нэгдүгээр сараас өсөлттэй хэвээр байгаа. Өчигдрөөс эхлэн ам.доллар 3500 төгрөгөөс буусан бол, юанийн ханш 510-520 төгрөгийн хооронд байна. Ам.долларын ханш аажмаар бууж байгаа нь одоогоор иргэдийн амьдралд нөлөөлөхгүй нэг, хоёр сарын дараагаас л мэдэгдэж эхэлдэг” гэв

Иргэн Н.Батмөнхөөс валютын ханшийн талаар лавлахад “Би сүүлийн 3 жил ам.доллар солиулсан. Өмнөх жилтэй харьцуулахад ханш буурсан харагдаж байна. Манайхан ханш сулрах үед нь шагшаад байдаг ч том зургаар нь харвал ихэнх тохиолдолд огцом өссөн байдагв гэв

“Найман шарга” валют арилжааны төвийн гадна “Ам.доллар байна, юань байна. Юу солих вэ” гэсэн ганц, хоёр ченж эргэлдэнэ. Урт хар үстэй ахимаг насны эмэгтэй хуруу зузаан 20 мянгатын дэвсгэртийг тоолон юаниар солиулж байгаа харагдана. Авах, зарахтай холбоотой ерөнхий зүйлийг хоорондоо ярилцана.

Түүнчлэн арилжаачдаас юань арай хямдаар авах талаар яриа хөөрөө хийсэн хүмүүс нэлээд олон харагдлаа. Валютын ханшийн талаар арилжаа эрхлэгчдээс тодруулахад ихэнх нь мэдээлэл өгөхөөс татгалзав.

Д.БАТТОГТОХ

Categories
мэдээ нийгэм

Аргаль хонь, саарал чоно, монгол тарваганы дошинд хөдөлгөөн мэдрэгч камер байршуулав DNN.mn

Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа судалгаа шинжилгээний ажлыг хөдөлгөөн мэдрэгч камераар баталгаажуулж ажиллаж байна.

Судалгааны явцад 9 монгол тарвага, 500 гаруй цагаан зээрийн сүрэгтэй таарч дата мэдээллийг бүртгэв. Мөн Тал хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд аймгийн Онцгой байдлын албатай хамтран түймрийн эрсдэл бүхий газруудад 5 сар хүртэл байнгын пост ажиллуулж байна.

“Шилийн богд” уулын ойр орчинд нутаглаж байгаа 64 малчин өрхийн 224 иргэн, аялагч, зорчигч 35 тээврийн хэрэгсэл, 132 зорчигчид хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа, зөвлөмж өгч, 3 төрлийн 600 гаруй гарын авлага тарааж, сэрэмжлүүлэг хүргэлээ гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

Мотоциклын ослоор дөрвөн хүүхэд амиа алджээ DNN.mn

Улсын хэмжээнд энэ оны эхний гурван сарын байдлаар мотоциклтой холбоотой зам тээврийн 28 осол бүртгэгджээ. Үүний 85 хувь нь орон нутагт байна. Мөн мотоцикл жолоодож хөдөлгөөнд оролцсоноос болж 4 хүүхэд амиа алдсан гэх статистикийг цагдаагийн байгууллагаас танилцуулав.

Мотоцикл унах үедээ хамгаалах малгай өмсөх нь ослын үед толгойд учирч болох гэмтлийг 70 хувь хүртэл багасгадаг. Иймд хамгаалах малгайг хэрэглэж хэвших нь чухал байгаа юм. Мотоцикл, мопедын жолооч, зорчигчийн хамгаалах малгай нь MNS 6629 “Автотээврийн хэрэгсэл. Мотоцикл, мопедын жолооч болон зорчигчийн хамгаалах малгай, шилэн нүүрэвч” стандартын шаардлагыг хангасан байна.

Мотоциклын ослын шалтгааныг авч үзвэл, 37 хувь нь анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцсон, 91 хувь нь жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, 16 хувь нь аюул саад тулгарах үед зогсох арга хэмжээ авч чадаагүй жолоочийн буруутай үйлдлээс болжээ.

Монгол Улсад 2022 оны байдлаар 54 мянган мотоцикл бүртгэлтэй байна. Бүртгэлтэй мотоциклын 10 мянга буюу 18 хувь нь Улаанбаатар хотод, 44 буюу 81 хувь нь орон нутагт бий.

Урин дулааны улирал эхэлж буйтай холбогдуулан хоёр дугуйт тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг шилэн болгоно DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг авилгатай тэмцэх жил болгон зарлаж, авилгатай тэмцэх “5Ш” ажиллагааг хэрэгжүүлэхээр тогтсон. Энэ хүрээнд нийслэлийн төрийн байгууллагын үйлчилгээ, төрийн албан хаагчдад гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг шилэн болгох талаар зөвлөгөөний үеэр танилцууллаа. Тодруулбал, иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг цаг алдалгүй түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд 1312 байгууллагын 30 мянга гаруй албан хаагчийг нэгтгэсэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдах систем /UB-ERP/-д QR код нэвтрүүлэн шинэчилж буй. Ингэснээр албан тушаалтнуудын иргэд, харилцагч нартай биечлэн болон цахим хэлбэрээр уулзалт хийх цаг захиалах, иргэдийн хүсэлтийг шийдвэрлэх, иргэдээс гаргасан санал санаачилга, шүүмжлэлийг бодлого, үйл ажиллагаандаа тусгах, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах боломж бүрдэнэ.

13 ажил, үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой

Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой ажлын ачааллыг бууруулах, үйлчилгээг сайжруулах бэлтгэл ажлыг хангаад буй. Тодруулбал, УБЗАА, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв болон таван дүүргийн 11 ОНӨААТҮГ-ын 13 ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр холбогдох судалгааг хийж байна. Үүнд нийтийн бие засах газрын үйлчилгээ, гудамжны дүрс бичлэгийн техник хэрэгслийн арчилгаа, засварын үйлчилгээ, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хог цуглуулалт, тээвэрлэлтийн үйлчилгээ, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээ, хог ачих, буулгах, ангилан ялгах, хогийн сав байршуулах, дахин боловсруулахтай холбоотой сургалт зохион байгуулах зэрэг багтаж байна.