Categories
мэдээ нийгэм

Чөлөөт бөхийн “U23” насны улсын аваргууд тодорлоо DNN.mn

Чөлөөт бөхийн “U23” насны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-25-ны өдрүүдэд Баянгол дүүргийн спорт хорооны зааланд боллоо. Анхдугаар тэмцээнд 19 байгууллагын 133 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв. Жин тус бүрт аваргалсан тамирчид зургадугаар сарын 10-18-нд Киргизстаны нийслэл Бишкек хотод болох “U23” насны ангиллын Азийн аварга шалгаруулах тэмцээн, аравдугаар сарын 23-29-ний өдрүүдэд Финланд Улсын Тамперед хотод болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авцгаалаа.

Эрэгтэйчүүдийн багийн дүнг гавьяат тамирчин Г.Мандахнаран дасгалжуулагчтай ‘”Алдар” спорт хороо 164 оноогоор тэргүүлж, спортын мастер Ё.Батдархан, Цогтгэрэл дасгалжуулагчтай “Дархан-Хасу FOHOW MNU03” баг 146 оноогоор мөнгө, ОУХМ Ц.Оюунболд дасгалжуулагчтай Спортын төв сургууль 129 оноогоор хүрэл медаль хүртэв.

Эмэгтэй багийн дүнгээр гавьяат тамирчин Б.Одончимэг дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 170, ОУХМ Ө.Ууганбаяр дасгалжуулагчтай “Хангарьд” спорт клуб 125, спортын мастер Э.Батмөнх дасгалжуулагчтай Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуудь 122 оноогоор эхний гурван байрыг эзэллээ.

Тэмцээний дүн:

Эрэгтэйчүүдийн 57 кг:

1. Б.Мөнх-Эрдэнэ (Төгс)

2. Д.Золбаяр (Сэлэнгэ аймаг)

3. Ц.Баярсайхан (Налайх, Голомт)

3. С.Жигүүр (Спортын төв сургууль)

61 кг:

1. Э.Дөлөө (Алдар)

2. П.Дашцэрэн (Дархан-Хасу FOHOW MNU03)

3. Л.Мөнх-Од (Төв-Арж)

3. Г.Чинбат (Сэлэнгэ аймаг)

65 кг:

1. Э.Төгсжаргал (Дархан-Хасу FOHOW MNU03)

2. Я.Үржинжав (МУБИС)

3. Б.Зэнээмэдэр (Тэх Мөнх)

3. Р.Баттулга (ҮБТДС)

70 кг:

1. П.Мөнх-Эрдэнэ (Баянхонгор)

2. Ш. Дэлэг (Спортын төв сургууль)

3. Б.Ууганбаяр (Баянхонгор)

3. М.Толуй (Тэх Мөнх)

74 кг:

1. О.Сүлдхүү (Алдар)

2. Б.Батбаяр (Дархан-Хасу FOHOW MNU03)

3. Б.Сундуйжадамба (Спортын төв сургууль)

3. Ж.Далайдорж (Баянхонгор)

79 кг:

1. Т.Дөлгөөн (Дархан-Хасу FOHOW MNU03)

2. М.Баяржавхлан (Спортын төв сургууль)

3. Э.Гонгор (Баянхонгор)

3. Б.Ганзориг (Баянгол, Аваргууд)

86 кг:

1. Н.Батбилгүүн (Алдар)

2. Б.Өлзийням (Төгс)

3. Т.Дэмчигдорж (Алдар)

3. Б.Ган-Өлзий (Налайх, Голомт)

92 кг:

1. Ц.Лувсан-Адъяа (Тэх Мөнх)

2. Т.Балжинням (Дархан-Хасу FOHOW MNU03)

3. Д.Дэлгэрдалай (Спортын төв сургууль)

3. Б.Энхманлай (Төгс)

97 кг:

1. Ө.Шийрэв (Алдар)

2. Д.Саранцогт (Аварга)

3. Э.Бадмаанямбуу (Дархан-Хасу FOHOW MNU03)

3. Э. Балдансүрэн (ҮБТДС)

125 кг:

1. Э.Батмагнай (Алдар)

2. Д.Дашням (Спортын төв сургууль)

3. Ц.Мөнхбаяр (Спортын төв сургууль)

3. Д.Бямба-Эрдэнэ (Их Шавь)

Эмэгтэйчүүдийн 50 кг:

1. Г.Оюундарь (Алдар)

2. Э.Золжаргал (Төв-Арж)

3. Ч.Номин (Налайх, Голомт)

3. Дэлгэрмаа (Налайх, Голомт)

53 кг:

1. Б.Энхзул (Хангарьд)

2. Б.Уянга (Налайх, Голомт)

3. Э.Буман-Аюуш (Баянхонгор)

3. Г.Цовоо (Дархан-Хасу FOHOW MNU03)

55 кг:

1. Б.Энхцэцэг (Хангарьд)

2. Б.Отгонтуяа (Алдар)

3. М.Номин-Эрдэнэ (Хилчин)

3. М.Пүрэвтунгалаг (Баянхонгор)

57 кг:

1. Т.Алтжин (Хангарьд)

2. О.Ариунзаяа (Алдар)

3. О.Ууганцэцэг (Налайх, Голомт)

3. Д.Шүрэн-Эрдэнэ (Багануур)

59 кг:

1. М.Рэнцэнханд (Хангарьд)

2. Б.Энхтүвшин (Хантайшир)

3. Б.Цэнд-Аюуш (Алдар)

3. Э.Саруул (Алдар)

62 кг:

1. Б.Хонгорзул (Баянхонгор)

2. Б.Ганцэцэг (Дархан-Хасу FOHOW MNU03)

3. Б.Майцэцэг (Алдар)

3. Н.Түмэндэмбэрэл (Төгс)

65 кг:

1. Б.Хоролгарав (Спортын төв сургууль)

2. Г.Энхзул (Алдар)

3. Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор)

68 кг:

1. Т.Энхжин (Алдар)

2. Г.Энхжин (Налайх, Голомт)

3. Г.Туяамаа (Хантайшир)

72 кг:

1. А.Даваажаргал (Налайх, Голомт)

2. Д.Цогзолмаа (Алдар)

3. Г.Отгондулам (Налайх, Голомт)

76 кг:

1. Т.Түвшинжаргал (Хангарьд)

2. Т.Оюун-Эрдэнэ (Баянгол, Аваргууд)

3. О.Цэлмүүн (Спортын төв сургууль)

3. Б.Найдансүрэн (Алдар)

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх тавдугаар сард нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн бөгөөд хур тунадас дунджаас ахиу орох төлөвтэй.

Сарын эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх ба нэгдүгээр арав хоногийн дундаас ихэнх нутгаар температур аажмаар дулаарах боловч сарын дунд үе буюу хоёрдугаар арав хоногийн дунд, сүүлч үеэр ахин сэрүүсэх төлөвтэй байна. Сарын эхэн үеэр ихэнх нутгаар хур тунадас орох бөгөөд энэ үед салхины хурд нэмэгдэж, ширүүсэх төлөвтэй ба сарын нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр зүүн болон говийн аймгуудын нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, мөн сарын сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох буюу уулархаг газраар нойтон цас, говь тал хээрийн бүс нутгаар бороо орох төлөвтэй байна.

Иймд нийт нутгаар сарын турш өдөр, шөнийн болон дулаан, хүйтэн үеийн агаарын температурын зөрөө (хэлбэлзэл) ихтэй байх ба малчид, тариаланчид мал төллөх, хаврын тариалалтын үеийн нэн шаардлагатай ажилуудыг эртнээс бэлтгэж, хаваржилтыг өнтэй давах арга хэмжээ авахыг зөвлөж байна. Мөн цаг агаарын богино хугацааны 1-5 хоногийн мэдээг өдөр тутам авч, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг нийт ард иргэдэд анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Увсын ихэнх, Ховдын зүүн хойд, Завханы баруун болон хойд, Говь-Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Сарын эхэн үе болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеүдээр агаарын температур олон жилийн дунджаас бага зэрэг сэрүүснэ. Арав хоногуудын дунд үеүдээр болон сарын сүүлчээр ихэнх нутгаар нойтон цас, уулархаг нутгаар цас орох төлөвтэй. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 15-17 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өвөрхангай, Архангайн ихэнх, Хөвсгөлийн нутаг, Булганы баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байна. Сарын эхэн болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур олон жилийн дунджаас сэрүүсэх төлөвтэй. Хоёр, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орох төлөвтэй. Энэ үеэр салхи зарим газраар 11-13 м/с, зарим үед түр зуур 14-16 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр бага зэрэг сэрүүсэх төлөвтэй. Арав хоногуудын зааг үеүдээр ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Энэ үеэр салхи ширүүсч, зарим газраар 13-15 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар дунджийн орчим, хур тунадас Өмнөговь, Дундговийн зүүн, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.

Сарын эхэн үе болон арав хоногуудын зааг үеүдээр агаарын температур харьцангуй сэрүүсэх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд хур тунаданы давтагдал ихтэй байх магадлалтай ба хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр бороо орох төлөвтэй. Энэ үеэр салхины хурд 14-16 м/с хүрэх буюу зарим үед 17-19 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 27 хоногийн нөөцтэй байна DNN.mn

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 21-ий өдрийн байдлаар нийт 117,101 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 4,826 тн буюу 29 хоногийн, АИ-92 автобензин 33,433 тн буюу 27 хоногийн, АИ-95 автобензин 2,876 тн буюу 22 хоногийн, ДТ 71,524 тн буюу 29 хоногийн, онгоцны түлшний 33 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 56,614 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 924 тн, АИ-92 автобензин 17,203 тн буюу 18 хоногийн, АИ-95 автобензин 1,397 тн буюу 19 хоногийн, ДТ 34,347 тн буюу 29 хоногийн хэвийн нөөцтэй байна.

Манай улс он гарсаар нийт 630.3 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 6.8 мян.тн, АИ-92 автобензин 186.4 мян.тн, АИ-95/98 автобензин 6 мян.тн, ДТ 357.2 мян.тн, онгоцны түлш 12.7 мян.тн, Жет А-1 14 мян.тн, бусад 46.9 мян.тн байна.

Эх сурвалж: УУХҮЯ

Categories
мэдээ нийгэм

Солонгосын олон ангит, түүхэн киноны зураг авалтыг Монголд хийнэ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр БНСУ-ын KBS-Төслийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн холбогдох албаныхан болон KBS-Төслийн Монгол дахь ерөнхий захирал Ко Сун Хун тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Энэ онд БНСУ-ын олон нийтийн тэргүүлэгч KBS телевизийн 50 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбоотойгоор тус телевизээс олон ангит, түүхэн кино хийх гэж байгаа юм. Уг киноны хэсэгт монгол угсааны Кидан буюу Хятан улсын талаар гарах тул киноны багийнхан судалгаа хийхээр Монголд иржээ.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Монгол, Солонгос Улс нь гуравдагч хөршийн найрсаг харилцаатайн дээр олон улсын түвшинд ч бие биенээ харилцан дэмжиж ирсэн түүхтэй. Энэхүү харилцаа нь иж бүрэн түншлэлийн хүрээнд эдийн засаг, худалдаа үйлчилгээ, соёл урлаг, хүмүүнлэгийн салбарт амжилттай өрнөж байна.

Мөн Улаанбаатар хот болон БНСУ-ын хотуудын хооронд Ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосноос хойш талууд харилцан хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлж ирсэн. Дэлхийд алдартай Солонгосын кино урлагийн хөгжлийг ойроос харж, түүний нэгээхэн хэсэгт эх орны минь сайхан байгаль, хүн зон дүрсээ мөнхлөх болсонд баяртай байна” хэмээлээ.

KBS-Төслийн Монгол дахь ерөнхий захирал Ко Сун Хун “Киноны зарим хэсгийн зураг авалтыг Монголд хийх хүсэлтэй байгаа тул тусалж, дэмжээрэй. Монголын үзэсгэлэнт байгалийг киногоороо дамжуулж солонгосчууддаа сурталчлахад таатай байх болно” гэсэн юм.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн зүгээс кино багийн хамт олонд дэмжлэг үзүүлэхдээ таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн эзэмшил газарт барьсан 13 гараашийг чөлөөллөө DNN.mn

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Газрын зөрчил арилгах А/321 дүгээр захирамж гарсан.

Энэ дагуу Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 18, 19 дүгээр байрны хойно нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан 13 гараашийг буулгаж, газар чөлөөллөө.

Чөлөөлсөн талбайд оршин суугчдын хүсэлтийн дагуу ногоон байгууламж, тохижилтын ажил хийнэ.

Categories
мэдээ нийгэм

Б.Жавхлан: “Гэрэгэ” бондын 368.7 сая долларыг тавдугаар сарын 1-ний дотор төлөхөд бэлэн боллоо DNN.mn

Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Ирэх тавдугаар сарын 1-нд төлж дуусах ёстой “Гэрэгэ” бондын 368.7 сая ам.долларыг төлөхөөр бэлтгэл ажлаа хангасан гэдгийг Засгийн газарт танилцууллаа. Энэ нь үлдэгдэл өр юм. Үүнийг төлөх боломжийг энэ оны нэгдүгээр улиралд авч хэрэгжүүлсэн “Сенчири-2” төслийн хүрээнд бий болж чадлаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд нэг тэрбум 650 сая ам.долларын өрийг барагдууллаа. Одоо ирэх есдүгээр сард төлөгдөх ёстой “Евро” бондын 500 сая ам.долларын төлөлтийг хийхээр ажиллаж байна. Есдүгээр сар хүртэл Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг төлүүлэх, бусад боломжит эх үүсвэрүүдийг цуглуулах замаар “Евро” бондын өрийг төлнө. Хөгжлийн банк төлж чадахгүй бол Засгийн газар төлөхөөс өөр үггүй тул энэ оны төсөвт Засгийн газрын баталгааг нөөцөлсөн. Гэхдээ аль болох энэ баталгаа руугаа орохгүйг хичээнэ.

Өнгөрсөн долоо хоногт ОУВС-гийн хуралд оролцсон. Энэ үеэр нийт 72 улс гадаад өрийн хүндрэлээс болж уг сангийн тусгай нөхцөлтэй хөтөлбөрт орсон тухай мэдээлэл өгсөн. Одоо 10 гаруй улс хөтөлбөрт орох гэж байна. Манай улс өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар ОУВС-ийн хөтөлбөрт 73 дахь улс болж орохоор нөхцөл байдал бүрдээд байсан ч шийдвэртэй арга хэмжээний хүрээнд хөтөлбөрт ороогүй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ЗГ: Хөгжлийн банк өнгөрсөн жилд 88.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 26-нд болж, Монгол Улсын Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, 2022 оны үйл ажиллагааны тайлан болон тус банкны 2023 онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийн нарийвчилсан төлөвлөгөөний талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, 2022 оны үйл ажиллагааны тайланг зохих журмын дагуу УИХ-д хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хөгжлийн банкны 2023 онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийг нарийвчилсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул нарт даалгав. Мөн гадаад бондуудын эргэн төлөлтийг оновчтой зохион байгуулах хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний санал боловсруулж, ирэх сард багтаан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.

Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллага аудит хийж, зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргажээ.

Тус банк нь 2022 онд нийт 1,075.3 тэрбум төгрөгийн зээлийг зээлдэгчээр эргэн төлүүлсэн бөгөөд төлөгдсөн зээлийн 60,1 хувь нь чанаргүй, 12 хувь нь анхаарал хандуулах, 27.9 хувь нь хэвийн зээл байна. 2021 онд хийгдсэн Монголбанкны хяналт шалгалтаар 2021 онд 679.4 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан Хөгжлийн банк тайлант жилд 88.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.

Хөгжлийн банк нь 2023 оны аравдугаар сарын 23-нд төлөх 500.0 сая ам.долларын бонд болон арванхоёрдугаар сарын 25-нд төлөх 30.0 тэрбум иенийн Самурай бонд, нийт 723.0 сая ам.долларын бондын эргэн төлөлт хийх үүрэгтэй юм

Categories
мэдээ үндэсний-бөx

​Улсын начин Д.Амаржаргал: Аав ээж, ах нарынхаа үг захиасыг хазайлгачихгүй юмсан гэж хичээдэг DNN.mn

“Алтан цомын барилдаан” анх удаа зохиогдож байгаа юм. Энэхүү барилдаанд Булган аймгийн баг ганц унаагүй тэргүүн байрын төлөө барилдаж байгаа бөгөөд үзэгчид тэднийг “Булганы бузгай зургаан начин” хэмээн нэрийдээд байгаа билээ. Тэгвэл энэ удаа “ Бузгай зургаан начны” нэг Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сод Монгол” групп, Булганхангай дэвжээний бөх, улсын начин Д.Амаржаргалтай ярилцлаа.


Юуны түрүүнд “Алтан цом”-ын барилдаанд амжилттай сайхан барилдаж байгаа танай багт баяр хүргэе. Энэ барилдааны талаар ярилцлагаа эхэлье?

-Баярлалаа. “Алтан цом”-ын барилдаан урьд өмнө нь зохиогдож байсан барилдаануудаас онцлог сайхан барилдаан болж байна. Учир нь өндөр шагналын сантай үүнээс гадна аймаг аймгаас баг болон барилдаж байна. Ойрын хэдэн жил бөхчүүд аймгаа төлөөлж баг болж барилдаагүй. Энэхүү “Алтан цомын барилдаан” маань өнгөрсөн оны намраас эхлэн 21 аймаг, есөн дүүргээс зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг сугалаагаар хоорондоо барилдаж эхэлсэн. Манайх эхний тойрогтоо Хөвсгөл аймгийн чанга багтай сугалаа таарч барилдан ялсан.

-Танай аймгийн зургаан начин уран сайхан барилдаанаараа бусад аймгуудаа ялж хошуучилж байна. Үзэгчид “Булганы бузгай зургаан начин” хэмээн нэрлээд амжсан байна. Багийнхаа талаар яривал?

-Манай аймаг арваад улсын начнууд байна. Анх “Алтан цом” эхэлж байхад манай багт талийгаач улсын начин Б.Бат-Эрдэнэ маань байсан. Манай нутгийн бөхчүүд бид зургааг ярилцаж байгаад нэг баг болгохоор шийдсэн. Багийн барилдаан гэдэг бол тухайн хүнийг маш хариуцлагатай байхыг шаарддаг. Багийнхаа амжилтыг хойш нь татахгүй байх, бэлтгэл сургуулилтаа сайн хийх зэрэг хувь хүнээс шалтгаалах олон зүйлс бий. Нутгийнхнаас залуу таван сайхан начинтай нэг баг болон барилдаж байгаадаа баяртай байна.

-Алтан цомын эзэн Архангай аймаг аль эсвэл Булган аймаг болно гэсэн таамаг яригдаж байна. Та өрсөлдөгч аймгаа дүгнэж хэлбэл?

-Архангай аймаг бол олон сайхан том цолтон төрөн гарсан. Яах аргагүй бөхийн өлгий нутаг. Тийм учраас хүнд өрсөлдөгч баг. Тэгэхдээ бөх хүн бол дэвжээн дээр ялагдана гэж гардаггүй. Өрсөлдөгч багтайгаа харгүй сайхан барилдана даа л гэж бодож байна даа.

-Өнгөрсөн жил уламжлалт болон зохион байгуулагддаг “Наурыз”-ын баярт зориулсан барилдаанд улсын арслан Ц.Содномдорж арслангаар давж их шөвөгт шалгарч байсан. Арслангаас тахим авч байгаа давсан бөхөө хүндэтгэж байгаа байдал тань үзэгчдийн сонирхлыг их татсан. Энэ талаар яривал?

– Энэ барилдааны тухайд арслантай өмнө нь би хоёр удаа таарч барилдаад хоёуланд нь өвдөг шороодож байлаа. Арсланг харцага цолтой байхад нь таарч барилдаад унаж байсан түүний дараа нь улсын наадамд начин болдог жилээ Ц.Содномдорж арслантай зургаагийн даваанд таарч барилдаад унасан. Харин өнгөрсөн жилийн тухайн өдрийн барилдаад ахин таарч барилдаад давсан Тахим авч өгөхөд бөх хүн унасан ч давсан ч хүндэтгэлтэй хандах ёстой гэж боддог. Миний бодож явдаг зүйл бол авсан цолондоо дүүрэн сайхан барилдаж, амжилтаа ахиулж цолоо нэмж олны хүндэтгэлийг дааж явахыг хүсдэг. Аав ээж, ах нарынхаа үг захиасыг хазайлгачихгүй юмсан гэж хичээж явдаг даа.

Таны бага насны тухай яриагаа үргэлжлүүлье. Та аав ээжийнхээ аль нэг талаас бөхийн удамтай юу?

– Би ээжийнхээ талаас бөхийн удамтай. Манай ээж улсын гарьд И.Доржсамбуу, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу нарын төрсөн эгч нь. Харин манай аав залуудаа цэрэгт явахаасаа өмнө барилддаг байсан гэнэ лээ. Цэрэгт явж ирээд барилдаагүй гэж ярьдаг.Би багадаа эмээ дээрээ өссөн манай эмээ их том биетэй хүн байсан.Бөх ээж талаасаа илүү удамшдаг гэж ярьдаг шүү дээ. Эмээ дээрээ өссөн болохоор хоёр ахынхаа барилдахыг нь харж өссөн.

-Хоёр ахынхаа барилдахыг хараад л бөхөд илүү дурлажээ дээ. Үндэсний бөхийн юу нь тэгтлээ таны сэтгэлийг татсан юм бэ?

– Тэгэлгүй яахав барилдаж эхлэхэд хоёр ахын нөлөө маш их байсан.Одоо ч хоёр ахынхаа заавар зөвлөгөөгөөр бэлтгэлээ сургуулилтаа хийгээд явж байна. Бага байхдаа тийм их барилдах их дур муутай хүүхэд байдаггүй байлаа. Тэгтлээ сонирхдоггүй байв. Том болоод малчин болно гэж боддог байсан. Харин ахлах ангид ороод аймгийн аваргын тэмцээн зэрэг ганц нэг тэмцээнд оролцдог болсноор бөхөд илүү дурлах болсон. Үүнээс хойш яг тууштай 2006 оноос бэлтгэлээ хийж эхэлсэн. Үүнийхээ дараа жил нь сумандаа тун санамсаргүй байдлаар түрүүлж сумын заан цолыг хүртэж байлаа.

-Тун санамсаргүй байдлаар түрүүлсэн сумын наадмаа эргээд нэг дурсвал?

– Миний бодлоор хамгийн сайхан наадам бол сумын наадам гэж боддог л доо. Тухайн наадмын тухайд тэр жил манай сумын талийгаач улсын начин Б.Бат-Эрдэнэ, одоогийн аймгийн арслан А.Отгонбаатар хоёр сумынхаа наадамд барилдахаа явсан юм.Тэр үед хоёулаа аймгийн цолтой залуучууд. Тэгтэл замдаа машин нь эвдрээд манай аавын машиныг гуйсан юм. Аавыгаа дагаад би ч явлаа.Тэгээд л очоод барилдчихсан хэрэг. Хоёр ахынхаа зодог шуудгийг өмсөөд л барилдсан. Барилдсаар байгаад үзүүр түрүүнд үлдлээ. Хамгийн сонирхолтой нь хамт очсон Б.Бат-Эрдэнэтэй таарч барилдаад түрүүлсэн. Үүнээсээ их урам авч хэдхэн хоногийн дараа болсон Эрдэнэт хотын наадамд очиж барилдаад үзүүр түрүүнд үлдэж аймгийн заан цолыг авч байлаа. Нэг жил хоёр цол хүртсэндээ маш их урам авч бөхийн замыг нэг мөсөн сонгосон доо.

-Аймгийн цол хүртчихээр залуу бөхийн хувьд сэтгэл зүй ч өөр болоод ирэх байх. Аймгийн заан цолтойгоо ямар том барилдаануудад зодоглож байв?

– Би аймгийн заан цолтой 1024 бөхийн барилдаанд барилдаж байсан.Тэр барилдаанд хоёр давж гурвын даваанд Бүрнээгийн Баянмөнхтэй нугалаагаар таарч барилдаад их удаан барилдаад унаж байлаа. Оюутан байхдаа И.Доржсамбуу гарьд ахыгаа дагаад цүнхийн бариад л өргөөнд их очно. Ах үзүүр түрүү,их дунд шөвөгт голдуу шалгарна Харин өөрөө өргөөнд анх барилдахдаа их сүрдэж байлаа. Учир нь зурагтаар үздэг байсан бөхчүүдтэйгээ хамт зогсож байгаа учраас тэр л дээ. Өргөөнд анх барилдаж байхдаа өөрөөсөө том цолтой улсын начин У.Балжиннямыг давчхаад их урам авч байлаа. Үүнийгээ дагаад залуу бөх даваад ирвэл сэтгэл сууна. Өөртөө итгэх итгэл орно. Харин 2011 онд аймгийнхаа наадамд барилдаж үзүүр түрүүнд үлдэж одоогийн улсын начин Д.Амарсайхантай таарч барилдаад би заанаа баталсан юм. Манай Д.Амарсайхан маш мэдрэмжтэй барилдаантай бөх, мөн маш их хөдөлмөрч хүн. Бид хоёр олон ч таарч барилдсан би цөөхөн давсан байх. Үүнийхээ дараа жил нь аймагтаа ахин түрүүлж аймгийн арслан болж байлаа.

Аймгийн арслан цолыг хүртсэний дараа хэдий хугацааны дараа улсын цолтоны босгыг алхав?

– Аймгийн арслан цол хүртсэнээс хойш зургаан жил улсын наадамд зодоглож байж улсын цолтны эгнээнд багтсан.Миний амьдралын хамгийн сайхан дурсамжийн маань нэг. Гончигдамба гарьдаар дав тав давж улсын начны болзол хангасан тэр мөч юутай ч зүйрлэшгүй гоё мэдрэмж байсан л даа. Бөхөөр хичээллэснийхээ арван нэгэн жилийн хөдөлмөрийг үнэлүүлсэн учраас тэр.Дараагийн даваанд гарахдаа би арай тайвширчихсан байсан .Улсын цолтны эгнээнд багтчихлаа гэсэн тайвшрал надад жаахан ирчихсэн байсан.

-Харцагын даваанд хамаагүй тайван барилдаж байв уу?

– Би ер нь дэвжээн дээр барилдахдаа их нервтдэггүй. Бөх хүн ер нь барилдахдаа өөртөө итгэлтэй зоригтой сайхан барилдах хэрэгтэй. Их нерв өөрийгөө зовооно шүү дээ. Би начны дараагийн даваанд улсын арслан Ц.Содномдоржтой барилдсан. Арсланг би мордож яваад хөмрүүлээд унасан. Хийх юмаа хийгээд унасан болохоор тэр барилдаад унасан болохоор би огт харамсдаггүй. Түүнээс юу ч хийгээгүй гуд татуулаад унасан бол хүн харамсах байх л даа. Аливаа зүйл цаг хугацаатай зүй шүү дээ. Цаг нь арай болоогүй байсан юм байлгүй. Надад хамгийн сайхан санагддаг цол улсын заан. Учир нь намайг багад аавын маань хамаатан хөгшин “Заан гуай,заан гуай гэж дууддаг.Миний хүү заан болох ёстой гэдэг байсан”: Тэр ахынхаа хүслийг гүйцээж улсын заан цол хүртэх юмсан гэж боддог.

-Улсын цол хүртчихээр тухайн бөхөд олон түмний өмнө биеэ зөв авч явахаас авхуулаад их хариуцлага ирдэг. Ийм хариуцлагыг үүрэх хэцүү юу?

– Монголчууд эртнээс л бөхдөө хайртай ард түмэн. Тийм учраас хүмүүсийн хайр хүндэтгэл ирэлгүй яахав. Үүнийг зөв сайхан дааж явах учиртай. Миний хувьд улсын цол авлаа гээд зан ааш өөрчлөгдсөн юм байдаггүй. Хүүхэд байхаасаа л хоёр ахын үгийг сонсож өдий хүрсэн. Ямар ч төрлийн спорт хүнийг маш сайн хүмүүжүүлж байдаг л даа. Ах захаа мэднэ, мэндэлж хүндлэхээс авхуулаад хүнээс хатуу үг дааж сурна. Дэвжээн дээр унасан бол тахимаа зөв сайхан өгч сурахаас авхуулаад л олон хүмүүжлийг л олгож байдаг. Ганцхан би дэвжээн дээр гараад барилдаж байгаа хэрэг биш надтай аав ээж ах дүү гэр бүл минь хамт л барилдаж байдаг. Намайг унахад хамт унаж давахад хамт давж байдаг. Тэр тусмаа эмэгтэй төрсөн дүү надаас илүү барилдаанд маань санаа зовж унахад минь надаас илүүих нервэтэнэ. Нэг ёсондоо миний сэтгэл зүй ч л дээ. Энэ бүх хүмүүсийн итгэлийг алдахгүй юмсан аав ээжийнхээ нэрийг нь хугалахгүй юмсан гэж бодож явдаг.

-Та сайн барилдахаас гадна их сайхан дуулдаг. Таны удамд дуучин хүн бий юу?

-Манай удамд дуучин хүн байхгүй.Харин эмээ , ээж минь хоёр ах маань их сайхан дуулдаг. .

Та өнөөгийн бөхийн хөгжилийн талаар санал бодлоо хэлвэл. Мөн “тэгш барьцны” талаар ямар бодолтой байна вэ?

-Одоогийн бөхийн холбоо маш сайн ажиллаж байна.Олон зүйл дээр санал нийлж байгаа. Саяхан шинэчлэгдсэн “тэгш барьц”-ны тухайд идэвхтэй барилдсан бөх нь сугадаа барьцаа авдаг болбол барилдаан арай хурдан шийдэгдэх юм болов уу гэж бодож байна.Харин ганц нэг хэлчихмээр зүйл байдаг. Зодог шуудагны стандарт дээр бүгдийг нь ижил болгох, уутан зодог гэдгийг нь хасаад анх ямар зодог шуудаг өмсдөг байсан түүгээрээ хийвэл зүгээр болов уу. Илүү танаастай энэ тэр байдаг юм шиг байна лээ. Том бага цолтой гэлтгүй бүгдээрээ ижил зодог шуудаг өмсөх нь зөв. Мөн аймгийн наадмуудыг нээлттэй хийж байгаасай. Амжилтын төлөө яваа залуус хаана ч очоод барилдах эрхтэй байх хэрэгтэй.Манайх танайх гэлгүй барилдуулчихдаг байгаасай . Мөн бөхчүүд хоорондоо эв эеийг эрхэмлэж яваасай гэж боддог.


А.Доржханд

Categories
мэдээ нийгэм

Ажлын өдрүүдэд нийт 10 байршилд нөөцийн мах худалдаалж байна DNN.mn

Ажлын өдрүүдэд нийт 10 байршилд нөөцийн мах худалдаалж байна. Харин амралтын өдрүүдэд өргөтсөн худалдаагаар нөөцийн махыг гулуузаар нь борлуулж байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Засгийн газар Элчин сайд нарыг шинээр томилох шийдвэр гаргажээ DNN.mn

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаа зарим улсад суух дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцжээ.

БНСУ-д суугаа Элчин сайд Э.Сарантогос, Канад улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд, Иран улсад суугаа Элчин сайд О.Дамбийням нарыг эгүүлэн татах шийдвэр гаргажээ.

Мөн Япон улсад суух Элчин сайдаар Үндэсний хөгжлийн газрын дарга асан Б.Баярсайхан, Куба улсад суух Элчин сайдаар С.Золжаргал, БНСУ-д суух Элчин сайдаар Б.Энхбат, Канад улсад суух Элчин сайдаар БНСУ-д суугаа Элчин сайд Э.Сарантогос, БНХАУ-ын Хөх хотод суух консулаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргилыг томилохоор болжээ. Элчин сайд нарын томилгоог УИХ-аар хэлэлцүүлж эцэслэн томилдог юм.