Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь DNN.mn

Ирэх гуравдугаар сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарийг хүргэж байна.

-Гуравдугаар сарын 4-нд 12:00 цагаас Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, Улсын начин Цэндээгийн Анхбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

-Гуравдугаар сарын 5-нд 14:00 цагаас Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан “Дүнжингаравын аваргуудаа алдаршуулах” улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан,

-Гуравдугаар сарын 10-нд 12:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

-Гуравдугаар сарын 11-нд 12:00 цагаас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Санжмятавын Шагж аваргын нэрэмжит улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

-Гуравдугаар сарын 12-нд 12:00 цагаас Булган аймгийн Бүрэгхангай, Хишиг-Өндөр сумдын 100 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

-Гуравдугаар сарын 18-нд 12:00 цагаас Цэргийн баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

-Гуравдугаар сарын 19-нд 12:00 цагаас Наурызын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно.

Categories
мэдээ нийгэм

Шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн дараах үүрэг, даалгаврыг өглөө.

Тухайлбал,

  • “Улаанбаатар хотын эдийн засгийн форум”-ыг зохион байгуулах ажлын хэсэг, төлөвлөгөө боловсруулж танилцуулах.
  • Форумын агуулга, сэдэв, танилцуулгыг боловсруулан, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн оролцоог хангаж, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран зохион байгуулах бэлтгэл хангах.
  • Гамшгаас хамгаалах команд штабын дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэгийг хуваарийн дагуу өндөр түвшинд зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах.
  • Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулж, барилга угсралтын ажлын орчин тойрны өнгө үзэмжийг сэргээх ажлыг эрчимжүүлэх.
  • Шар усны үер болон хөрсний усны халиа үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, үерийн хамгаалалтын далан сувгийн цас, мөс, лаг шаврыг цэвэрлэх.
  • Халиа тошин ихээр үүсдэг байршлуудад үерийн хамгаалалтын барилга байгууламж дээр баригдсан гүүр, гүүрэн байгууламжид үзлэг шалгалт зохион байгуулан, стандартыг мөрдүүлэх.
  • Улаанбаатар хотын цахим шилжилтийн хүрээнд Замын хөдөлгөөний нэгдсэн системийн ажлуудыг эрчимжүүлэх зэрэг үүргийг холбогдох байгууллагын удирдлагуудад өгөв.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Он гарснаас хойш 752 өрхөд 79.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ DNN.mn

Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хурал өнөөдөр боллоо.

Хурлаар ипотекийн зээлийн санхүүжилтийн талаар мэдээлэл өгсөн байна. Тодруулбал, зээлийн олголт хэвийн үргэлжилж буйг албаныхан онцолсон бөгөөд он гарснаас хойш нийт 752 зээлдэгчид 79.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосноо мэдэгдэв.

Орон нутагт олгогдох орон сууцны зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрт хөнгөлөлт үзүүлэхтэй холбоотой Ерөнхий гэрээний төслийг эцэслэх хүрээнд Монголбанк, арилжааны банкууд, зээлийн батлан даалтын сантай хамтрах ажлыг эрчимжүүлсэн байна.

Мөн “Газар хөдлөлтийн гамшгийн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ”-ний талаарх танилцуулгыг бэлтгэж, Төрийн нарийн бичгийн даргад танилцуулж, Барилга, хот байгуулалтын сайдын албан даалгавраар барилгын нэгдсэн судалгаа гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар болжээ.

Газрын багц хуулийн төсөл, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод амжилттай зохион байгуулж хэлэлцүүлгээс нийт 10,400 гаруй санал авч, зонхилон гарч буй малчдын өвөлжөө хаваржааны газрын асуудал, Лицензийн давхцал, газар өмчлүүлэхтэй холбоотой саналуудыг нэгтгэсэн байна.

Цаашлаад Орхоны хөндийд байгуулах шинэ хотын Техник, Эдийн Засгийн Үндэслэл, Хот байгуулалтын баримт бичиг боловсруулахтай холбоотой төсвийг шийдвэрлэх хүрээнд БНСУ-ын Элчин Сайдын Яам, КОЙКА, Сангийн яам зэрэг байгууллагатай хамтран ажиллаж байгаа гэж Барилга, Хот Байгуулалтын Яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Оросын түрэмгийлэх дайныг бид буруушааж байна DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…..


Орос Украины дайн дэлхий нийтийг цочроож байна. Оросуудын цус нэгт ах дүү нарынхаа эсрэг үүсгэсэн гамшигт дайныг бид буруушааж байна. Яагаад гэвэл хэзээ нэг цагт хоёр хөршөөс маань ийнхүү цэрэглэн довтлохгүй гэсэн баталгаа байна уу. Хүчтэйгийнхээ өмнө хүчгүй нь буруутан болдог ширэнгийн хуулиар амьдрах болох нь уу гэж бид санаа зовж байна. Яагаад ОХУ хөрш зэргэлдээ орших цус нэгт Украин руу Минскийн гэрээ(энх тайван тогтвортой байдлыг эрхэмлэн, улс орны тусгаар тогтнол бүрэн эрхт байдалд халдаж заналхийлэхгүй, галт зэвсэг хэрэглэхгүй байх)-г зөрчиж гал нээж дайтах болов гэдгийг олон улсын геополитик судлаачид өөр өөсдийнхөөрөө тайлбарлаж байгаа. НҮБ-д суугаа ОХУ-ын төлөөлөгч Василий Небензя НҮБ-ын дүрмийн 51 дүгээр зүйлд заасан “өөрийгөө хамгаалах” гэсэн заалтыг ОХУ ашиглаж байна гэж үзээд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн онц хуралдааны үеэр Украины зүүн нутгийн Донбасс мужид цэргийн ажиллагаа явуулах тухай ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины шийдвэрийг танилцуулсан. Түүний мэдэгдсэнээр ОХУ өөрийн газар нутагт суугаа харийн хүмүүсээс иргэдээ хамгаалахын тулд дайралтыг эхлүүлсэн, Оросын цэргийн ажиллагаа нь Украины зүүн хэсэгт орших салан тусгаарлагчдын бүс нутгуудын оршин суугч орос хэлтэй ард түмнээ хамгаалах зорилготой гэв. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дээр Оросын төлөөлөгч ийн мэдэгдсэн нь Украинаас салан тусгаарлахаа зарлаж Орост өргөх бичиг барьсан Бүгд найрамдах Донецк ард улс болон Бүгд найрамдах Луганск ард улсуудын тусгаар тогтнолыг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин дайны өмнөхөн хүлээн зөвшөөрсөнтэй холбоотой нь мэдээж.

Путиныг ҮАБЗ-ийн хурлын мэдээллээ хүргэж олон цаг үг хэлэхдээ нүүр нь ихэд улайсан, ээрч муурсан, биеийн хэлэмжийн хувьд айхтар сандарсан, соёлт Европын хүн төрөлхтний эсрэг аймашиггүйгээр гэмт хэрэг үйлдэж буйгаа мэдэж байгаа, түүндээ шаналж зовсон царай нь илт байсан хэмээн олон улсын мэдээллийн агентлагууд бичиж байсан. Путины мэдэгдлийн дараа Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “ОХУ нь Донецк, Луганск мужийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргаснаараа Украины тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг зөрчиж 2014 оноос хойш Донбасст байгаа цэргүүдээ хууль ёсны болгож байна. Эдгээр шийдвэрийн үр дагаврын бүх хариуцлагыг Оросын улс төрийн удирдлагууд хүлээх болно” гэж мэдэгдсэн.

Мөн тэрээр Украинд дайны онц байдал зарласнаа дуулгаж ард түмэндээ “Бүү сандар, бид хүчтэй, бүх зүйлд бэлэн байна. Бид бүгдийг ялж дийлэх болно” хэмээн зоригтойгоор хэлсэн билээ. Дайны нөхцөл байдал хэрхэн өрнөж буйг монголчууд бид сайн мэдэж байгаа. Украины цэргийн байгууламжууд руу ОХУ пуужингаар цохилт өгч байгаа бичлэгүүд цацагдахтай зэрэгцэн “Оросын цэргүүд өмнөд хэсгийн Одесса, Мариуполь боомт хотуудад галт зэвсэг ашиглан дайралт хийж бөмбөгдөж эхэллээ” хэмээн “Интерфакс Украин” мэдээлсэн. Мөн Украины Дотоод хэргийн дэд сайд Антон Геращенко оросуудын түрэмгийлэл эхэлснийг баталж Киев, Харьков, Днеприйн ойролцоох цэргийн штаб, нисэх онгоцны буудал, цэргийн агуулахуудыг хамгийн түрүүнд бөмбөгдсөнийг зарласан. Оросууд Украины нутаг дэвсгэр рүү эхлээд Одесоор буюу урдаас нь улмаар Донбасс, мөн Харьков, Беларусын зүгээс дөрвөн чиглэлээр дайрах стратеги төлөвлөгөөтэй байсныг, хамгийн гол нь үүр шөнөөр цэргийн бааз, зэвсгийн агуулах, цэргийн үйлдвэрлэлүүдэд пуужин болон агаарын цохилт өгч, мэдээллийн гол гол сүлжээнүүдийг нь устгасан гэцгээж байна. Энэ нь зэвсгийг нь устгаж дэлбэлээд, холбоо барих интернэт сүлжээг нь таслах стратегитэй байсныг судлаачид хэлж байна. Гэвч Оросын нэг хүний дэглэм ардчиллын амтыг авсан ард түмэн ямар зоригтой байдгийг тооцоолоогүй бололтой. Тэдний ихэнх дайралт бүтэлтэй болохгүй байна. Украины ард түмнийг ингэж эсэргүүцнэ гэж лав бодоогүй. Бас Орос улсад ч дайны эсрэг тэмцэж эхлээд байна. Мөн украинчууд ард түмэндээ зэвсэг тарааж өгч байгаа нь их зөв алхам болж байх шиг байна. Манай цэргийнхэн бодвол энэ дайныг анхааралтай ажиглаж байгаа биз. Яаж эсэргүүцэж болж байгааг.

Яагаад гэнэт тэр тоглоомын улсуудыг хүлээн зөвшөөрч тэднийгээ хамгаалан Украинд довтлох болоод явчив. Энэ нь Украин НАТО-д элсэх нь цаг хугацааны асуудал болсонтой холбоотой. НАТО Оросын зүүн хилд тулж ирэх нь аюултай гэж Путин ард түмнээ айлгасаар ирсэн. Үүнийгээ үнэн гэж батлан харуулахын тулд салан тусгаарлагчдыг өмөөрч хаацайлж байгаа нэрээр НАТО-д элсэхийн өмнөх Украиныг эзэлж тэр улсын дэглэмийг солихоор яаран дайн зарлав. “Хүн нь байхгүй бол асуудал нь бас байхгүй” гэж Оросын хуучны үг байдаг. Улсынх нь дэглэм солигдчихсон байвал НАТО гэсэн асуудал байхгүй болох юм. Путин Оросын ард иргэдэд хэлэхдээ “НАТО, АНУ болон барууны улсууд биднийг хуурсаар байна. Саналыг минь огт тоосонгүй. Тиймээс НҮБ-ын дүрмийн дагуу Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулахаар шийдвэрлэлээ. Энэ бол эзлэн түрэмгийлэл биш. Бидний дэргэд ирчихээд байгаа НАТО-д өгч буй сануулга. Мөн төрийн эргэлтээр гарч ирсэн Украины одоогийн нацист төрд өгч байгаа цохилт” гэдгийг онцолсон. Оросоос АНУ руу дүрвэж гарсан аюулгүй байдал судлаач улстөрчид “ОХУ өмнө нь Вашингтон болон Брюсселийн уулзалтуудад Украины талаар саналаа маш тодорхой гаргаж байсан. Украин нь барууныхантай нийлж Орост цохилт өгөх галын шугам болно гэдгийг Путин тооцоолж байсан. Тиймээс НАТО-г цаашид дорно зүгт тэр дундаа Украин руу тэлэхгүй байх, тус улсын нутагт цохилтын зэвсэг байрлуулахгүй байхыг шаардаж байсан. Мөн Путин Гүрж, Украин хоёрыг хэзээ ч НАТО-д элсүүлэхгүй гэх баталгаа өгөхийг шаарддаг”-ийг хэлдэг.

Путин Украиныг хэзээ ч Европын холбоо руу гонгинохгүй, хэзээ ч НАТО-г бараадахгүй, зөвхөн үүрд мөнхөд Оростойгоо нөхөрлөх өнөөгийн Беларусь шиг байхыг хүсээд байгаа. Хэрвээ украинчуудыг Беларусь шиг атгандаа оруулж чадвал “Бид ийм хүчтэй шүү” гэдгээ НАТО-д харуулж буй сануулга гэж ойлгож болно. Мөн ардчилал гэж донгосдог барууны ертөнц бас бус манайх шиг орнуудад хатуу сануулга өгч “Ийм юм байдаггүй юм” гэж харуулах гэж байгаа хэрэг. Дайн хийж буйн гол зорилго нь ч үүнд оршиж байгаа. Украин бол ураны хүдрийн батлагдсан нөөцөөрөө Европт нэгт ордог, титаны хүдрийн нөөцөөр хоёрт эрэмбэлэгддэг, марганцын хүдрийн хайгуулын нөөцөөр дэлхийн 12 хувийг эзэлдэг. Төмрийн хүдрийн хоёр дахь том нөөцийг эзэмшдэг, мөнгөн усны хүдрийн нөөцөөр Европт хоёрт ордог гээд үйлдвэрлэлийн асар их нөөцтэй энэ орныг Москвагийн мэдэлд авахыг эзэрхийлж оросууд улайран дайрцгааж байна. Дайны хөшигний цаадахыг харахад иймэрхүү дүр зураг анзаарагдаж байна. Үүний цаана хамгийн аюултай нэг зүйл бий. Учир нь энэ дайн дэлхийн улс орнуудад маш аюултай харгис жишиг тогтоолоо. Үүнийг олон улс судлаачид “ОХУ-ын үйлдэл нь “presedent” буюу уруу татах муу жишиг тогтоож байна” гэж хэлж байгаа. Үндсэндээ Путин украинчуудыг дотор нь хагалан бутаргаж салан тусгаарлах улсаас нь өргөх бичиг аваад тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрч, улс хоорондын дунд мөргөлдөөн үүсгэнэ гэдэг байж боломгүй зүйл.

Яг үүн шиг манай урд хөрш Хятад хамгийн түрүүнд Тайвань руугаа ухасхийхэд яах ч үгүй юм байна гэж ойлгоно. Мөн Казахстан улс Баян-Өлгийн казах иргэн гэсэн хэдэн хүнээс өргөх бичиг авч тусгаар тогтносон улс болохыг нь хүлээн зөвшөөрвөл яах вэ. Тэгээд зогсохгүй Энэтхэг Пакистаны асуудал байна. Пакистан нь 1947 он хүртэл Британийн удирдлага дор Энэтхэгийн хэсэг байсан. Дээр нь Энэтхэг, Пакистан хоёр улс Энэтхэгийн захиргаан дахь Кашмирыг хуваан эзэмшдэг. Энэтхэг Кашмирын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөд мөн л Пакистаны хооронд дайн тулаан үүснэ. Арабууд уйгаруудыг мөн дотроос нь Донецк, Луганск шиг бичи өргүүлээд Хятадын эсрэг босгох гээд хүн төрөлхтөн ээлж дараагүй дайн самуунтай болох ийм л тамын замыг оросууд тавьчихлаа.

Тэгэхээр хүн төрөлхтөн одоо хүчирхийллийг зөвтгөсөн, хүчтэйгийнх нь өмнө хүчгүй нь буруудсан, ядарсан орнуудаа дээрэлхсэн ийм дарангуйллын системийг огтоос буруушаах хэрэгтэй. Өнөө маргаашдаа Украин Оросыг ялах эсэх нь тодорхойгүй байгаа. Ямар ч байсан оросууд дайн үүсгэснийг бид буруушаах ёстой. “Муу эр дайнд хөөрнө” гэгчээр манайхан дайны тухай сэтгэлийн хөөрлөөр бичиж, орос ах нар минь хэмээн эвий халаг болж байгаа нь гутамшигтай.

Яг жинхэнэдээ монголчуудын хажууд Украин, Орос хоёр бол ах дүүс мөн. Тийм байтал бид эндээс орос ах гэж хийрхэх нь арай хэтэрсэн тэнэглэл болно. Харин оросуудад буруу гэдгийг нь хэлэх ёстой. Тэд тоохгүй л байх. Гэхдээ бид буруу гэдгийг нь ойлгуулж, дайныг эсэргүүцэж байгаа орнуудтай дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй байна. Барууны орнууд бүгд Оросын эсрэг байна. АНУ-ын ерөнхийлөгч Жо.Бадейн “Их долоо”-той Оросын асуудлыг хэлэлцэн цэргийн хүчний үндэслэлгүй халдлагыг буруутган “дэлхий нийт Орост хариуцлага тооцно” гэдгийг хатуу мэдэгдсэн. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Бадейны мэдэгдлийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Орос дэлхийн эдийн засгийн хоригт орж, дэлхийн банк хоорондын санхүүгийн харилцаа холбооны нийгэмлэг буюу SWIFT системээс хасагдлаа. Энэ нь цаашид тухайн улс, эдийн засгийн тусгаар тогтнолын хувьд ганхах аюултай гэсэн үг.

Энэ бүхнийг монголчууд ойлгож ухаарч, улс орны бодлогыг нуруутай нухацтай хардаг баймаар байна. Орос ах гэж далдганадгаа одоо болих хэрэгтэй. Гэхдээ хуучин нөхрийн үүднээс Орост бурууг нь буруу гэж хэлдэг, ядарч зүдэрвэл чадлаараа дэм болж явдаг байх ёстой. Сүүлд нь хэлэхэд, дэлхийд тахал ч гарлаа, дайн ч гарлаа. Монголчууд бид бусдыг аялдан дагалдсан өөрийн толгойгүй хүн шиг гэнэн тэнэг байдгаа больж, аливаад хэрсүү ухаантай хандах цаг иржээ. Украиныг дэлхий яагаад дэмжээд байна вэ, яагаад гэвэл ардчилсан улс болохоор дэлхий нийт дэмжиж байна. Тэгэхлээр ардчилал манай тусгаар тогтнолын баталгаа гэж дэмий ч нэг ярьдаггүй байгаа биз.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн асалт 98.3 хувьтай байна DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа хот нийтийн аж ахуй болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Сар шинийн баярыг угтан нийслэлийн хэмжээнд “Хоггүй шинэлье” бүх нийтийн их цэвэрлэгээг есөн дүүрэгт зохион байгуулсан. Энэ удаад 13,600 гаруй байгууллагын ажилчин, албан хаагчид оролцож 513 мянган ам метр талбайн 889 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ. Дараагийн цэвэрлэгээг хуваарийн дагуу дөрөвдүгээр сард зохион байгуулна. Цас ханзрах үеэр задгай хог хаягдал их гарах тул дүүргийн удирдлагууд, холбогдох газрууд үүнд анхаарч ажиллах хэрэгтэй. Мөн халиа тошин, шар усны үер болох эрсдэлээс сэргийлэхээр холбогдох байгууллагууд бэлтгэл ханган ажиллаж байна. Нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн асалтыг нэмэгдүүлэхэд анхаарч, үүнд хяналт тавих арга хэмжээ авснаар асалт 98.3 хувьд хүрч дээшилсэн” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Л.Энх-Амгалан: Багш нарын дундаж цалин 1.6-1.8 сая төгрөг болсон DNN.mn

Боловсролын салбарт үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлснээр гарч буй өөрчлөлтийн талаар Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас дараах мэдээллийг өглөө.

Төсвийн шинэчлэлийн хүрээнд сургуулийн санхүүгийн эрх мэдэл, хувьсах зардал, сургуулийн бүтэц, хэв шинжийн шинэчлэл, сургалтын чанарт суурилсан цалин урамшууллын тогтолцоог бүрдүүлжээ.

Тодруулбал

  • Тоног төхөөрөмжийн нөхөн хангалтын зардал
  • Хичээл практикийн зардал
  • Мэдээлэл технологийн зардал
  • Багшийн хөгжлийг дэмжих зардал
  • Эрүүл мэндийг дэмжих зардлыг олгодог болсон байна.
2022 онд ерөнхий боловсролын сургуулийн 12,431 багшид 14.5 тэрбум, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 2,906 багшид 3.2 тэрбум, 378 цэцэрлэгт 5.4 тэрбум, 265 сургуульд 10.6 тэрбум төгрөгийн гүйцэтгэл, үр дүнгийн урамшуулал олгожээ.

ТҮБД-3 ангиллын дагуу цалинждаг байсан багш өмнө нь 850,717 төгрөгийн цалинтай байсан бол төсвийн шинэчлэлийн хүрээнд 1,050,000 төгрөгийн цалин авч байна. Энэ нь 37 хувийн нэмэгдэл юм хэмээн БШУЯ-наас мэдээлэв.

Сайд Л.Энх-Амгалан “Хамгийн залуу багшийн цалин 1,050,000 төгрөгөөс эхэлж байгаа. Мөн ажилласан жил, зэргээс шалтгаалж багш нарын дундаж цалин 1.6-1.8 сая төгрөг болсон. Харин цахим сургуульд багшилж буй 140 гаруй багшийн цалин 2.3-2.5 сая төгрөг боллоо.

Үр дүнд суурилсан санхүүжилт амжилттай хэрэгжиж чадвал багш нар хамгийн өндөр цалинтай ажиллах бодит боломж нээгдсэн” гэлээ.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ: Бөх болно гэж л өссөн дөө DNN.mn

Увс аймгийн Давст сумын харъяат аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнийг уншигч та бүхэнтэй уулзуулах гэж байна. Бөхийн өргөөнд өнгөлөн барилдаж буй залуу арслангийн ярилцлагыг хүлээн авна уу. Тэрээр өнгөрсөн зун Багануурын наадамд долоо даван түрүүлж шинэхэн аймгийн арслан цолыг хүртсэн билээ.


-Та бол даян аварга Н.Батсуурь аваргын удмын бөх. Таны удам судрын талаар ярилцлагаа эхлье?

-Даян аварга Н.Батсуурь бид хоёр үеэлүүд байхгүй юу, аав нь Улсын Начин Г.Намсрайжав миний ээжийн төрсөн ах. Нагац өвөө Жотойн Гэлэг алдартай улсын начины үргэлжлэл. Ээжийн талд улсын начин Даваасамбуу, аймгийн заан Дансран, сумын заан Найдандорж, Дамдинсүрэн гээд чансаатай барилдаж явсан бөхчүүд бий. Аавын талд ч бөх сонирхдог, барилддаг хүн бий. Тухайлбал, Эрдэнэбилэг ах минь байна. Мөн миний төрсөн ах аймгийн харцага цолтой хүн байдаг юм шүү дээ. Аль ч талаасаа бид үнэхээр сайхан бөхчүүдийн удам юм даа.

-Та хэзээнээс эхэлж зодог шуудаг өмсөж барилдах болов?

-Би багадаа биеэр бол жижиг, мах мариагүй байлаа. Үеийнхэнтэйгээ ноцолдохоор сайн тэснээ, ах нар ч өднө, дэмжинэ, барилдуулна. Унаж өгдөггүй нойтон бургас шиг… (инээв) Унахгүй ноцолдоод байж чаддаг байсан болохоор ч тэр үү урамтай, санаанд багтаад “бөх болно” гэж л өссөн дөө.

-Тэгээд би хотод амьдарч байгаад Увс аймаг руу шилжсэн юм. Увсад бол хэн ч бэлтгэл хийх боломжтой. Багш дасгалжуулагч ихтэй, сургууль болгон л бөхийн бэлтгэлийн цагтай, хоорондоо маш их өрсөлдөөнтэй. Тухайн үед би IV, V анги орчим л байсан, бөхийн бэлтгэлд шалгаж авахад, аавын гардуулсан багшийн шалгаруулалтад ах тэнцээд, би чадаагүй юм. Угтаа бол “Манай хоёр хүү бөхийн удамтай барилдана” гээд нэгдүгээр арван жилийн багш Балхаажавт хүргэсэн байхгүй юу.

Ингээд ах бэлтгэлдээ яваад байдаг, би байдаггүй. Барьцаад, бас өөрөө ч дуртай байж үеийн хэдэн найзуудтайгаа Оюунпүрэв багш дээрээ бэлтгэл хийж үзлээ, болж байна шүү. Овоо ч хэдэн найзуудтай, нэлээн ч зууралдах болсноор миний бөхийн бэлтгэл эхэлж байлаа.

-Найзуудтайгаа бэлтгэл хэрхэн хийдэг байв даа?

-Би Увсад очоод бөхийн сайхан найзуудтай болсон байдаг. Боори, Шинээ, Өсөхөө, Түвшин гээд. Бид чинь хичээлдээ эрхбиш очино, заримдаа ч бөхийн бэлтгэлдээ шимтээд тасдах ч үе байлаа. Тэр үед одоо аймгийн начин Г.Цоггэрэл бэлтгэл хийдэг байсан. Бид нарыг дагаж өдөрт бараг 3 удаа бэлтгэл хийдэг байсан байхаа. Би дээд үе нь байсан болохоор ундаанд их барилдана. Эхэндээ надад ундаа авч өгөөд гардаг байсан, сүүлдээ би авч өгдөг болоод төгссөн санагдаж байна (инээв).

-Бэлтгэлд гардаг болсноор уралдаан тэмцээнд хүчээ сорино биз дээ, тэр үеэ дурсахад…?

-Анх аймгийн аваргад ороод 42 кг-д хүрэл медаль авч, нэлээд урамшсан. Увс аймгийн аврага гэж их өрсөлдөөндтэй тэмцээн байдаг л даа. Нас даран сум сумаас л маш идэвхтэй олон хүүхэд ирж өрсөлдөнө. Ер нь хүн тууштай бэлтгэл хийхэд хүндэлж явдаг багш дасгалжуулагч нарын үг хүний сэтгэлд ордог юм билээ. Миний мэдэхийн манай найз багшийнхаа хэлсэн үгнээс болоод бэлтгэлээ хаясан санагддаг.

-Тэгэхээр таны анхны багш, үндэсний бөхөд авчирсан хүн Оюунпүрэв юм байна тийм үү?

-Тийм ээ. Манай багш Оюунпүрэв маань яг нөгөө хичээлээ таслах шахуу цуглаж бэлддэг байсан залуучуудад “Энэ бэлтгэлээс 3 аймгийн арслан 2 улсын цолтон төрөх байхаа” гэдэг. Тэгээд 2 улсын цолтоныхон нэг болох гээд одоо хүртэл хичээж явна.

-Өсвөрийн тэмцээнүүдэд хэрхэн барилдаж байв?

-Өсвөрт байхад дан чөлөөтөөр бэлтгэл хийдэг байсан, Оюутан болоод л Д.Бумбаяр зааны “Алдартан” клубд Баярнэмэх багшийн удирдлага доор үндэсний өсвөрийн улсын аврагад анх орж байсан. Эхний жил 9 дүгээр байр, дараагийн жил 6 дугаар байранд орж байсан. Улсын аварга эхний 6 байр шалгаруулдаг 6 д ороод их баярлаж байсан тэр үед Увсаас Нямсамбуу мөнгө авч байсан. Манайхаас аймгийн арслан Нямсамбуу, Цоггэрэл бид 3 дарааллаад 6, 7, 8 дугаар байр эзэлж байсан юм.

-Сумын заан цолтонгуудын барилдаанд хэрхэн барилдаж байв?

-Сумын заан цолыг 2015 онд Улаангом суманд түрүүлээд хүртэж байсан. Харин сумын заануудын барилдаанд би 2018 онд Багануурт ажиллаж амьдарч байхдаа хагас бүтэн сайнд ирж барилддаг байлаа. Ингэжбарилдаж байхдаа анх шөвгөрч, түүнээс хойш 1 удаа үзүүр түрүүнд, 3 удаа шөвгийн дөрөвт, нэг удаа 5 давж шөвгөрч байлаа.

-Цэргийн начин цолтой байхдаа ч өргөөнд голдуу тунаж барилддаг сайн начин байсан шүү дээ?

-Арслан цол авахын өмнө л хэсэг сайн үзсэн. Намайг ирлэсэн хүн цэргийн начин байсан одоо аймгийн заан Т.Батсүрэн маань. Бид хоёр хамт бэлтгэл хийж байж зааланд үзүүрлээд шөвгөрөөд барилдах болгондоо л бараг шөвгөрөөд байсан. Тэгээд би шөвгөрөхийн төлөө хичээж эхэлсэн. Хамт бэлтгэл хийж байгаа хүмүүс хоорондоо муу санаж биш зөв өрсөлдөөнөөр бие биеэ хурцалж, чанаржуулдаг юм шүү дээ.

-Аймгийн арслан цол авсан агшнаа эргэн дурсвал. Таны хэдэн жилийн хөдөлмөр байсан бэ?

-Арслан цол миний есөн жилийн хөдөлмөр байсан. Арслан авах наадамдаа, ээжийгээ дагуулаад явсан Багануур яв, наадмын талбайд ах, эгч, ээжтэйгээ зэрэгцээд суусан. Үзэгчдийн суудлаас гарч барилдсан, тиймдээ ч барилдаанаас барилдааны хооронд огтхон ч сaтааралгүй хэрэндээ нягт чамбай барилдсан л даа. Тэр талбайд байсан хүмүүс бүгд л намайг дэмжээд байгаа юм шиг санагдсан. Зодгоо өмсөөд гарахаар араас алга ташаад л, давахаар бүгд алга ташаад л үнэхээр мартахааргүй сайхан наадам болсон. Урд өвөл нь манайх бүл нэмж, охинтой болсон юм. Би охиноо аавдаа арслан цол авчирсан гээд билэгшээдэг. Наадам дээр намайг тав давж байхад эхнэр охин маань видео дуудлага хийж ярихад нь уйлчихсан. Их баярлаад л даа. Начин цолоо баталчихлаа гээд нулимстай нүдээр инээж байсан нь сэтгэлээс гардаггүй юм. Түрүүлээд ирсэн эхнэр маань нэг л бахдалтай нүдээр хараад инээгээд байсан

-Арслан цол авахад даваа болгон чанга байв уу?

-Энэ жилийн наадамсэтгэлд үлдсэн сайхан наадам байсан. Хоёрын даваанд Л.Шинэбаатар начинтай таарсан. Бид хоёр хайна унаад дахиж барилдаад би давсан. Харин гурвын даваанд Үйтүмэн харцагатай тунаж барилдаад давсан. Дөрвийн даваанд Гантулга харцагыг давсан. Тавын даваанд Эрдэнэсайхан арслантай тунаж барилдаад давсан. Харин зургаагийн даваанд Амарзаяа начинд амлуулж барилдаад давсан. Долоогийн даваанд Хашчулуун заантай барилдаад давсан. Бүгдэнтэй нь ёстой сайхан барилдсан даа. Арслан цол авчихсандаа итгэж өгөхгүй маргааш өглөө нь босоод ахиад үнэмлэхээ харж байж билээ.

-Таньд амлах, амлуулах, тунах гурвын аль нь сайхан бэ?

-Надад амлах хэцүү санагддаг. Нэг жил аймгийн наадмаар Алтансүх начин надад “хамгийн гайгүй гэж бодож байгаа хүнээ гурвын даваанд хаячихаар дээшээ айлтгүй үздэг” гэхээр нь би цэргийн начин авсан жилээ одоогийн арслан Б.Өсөхбаярыг амлаж аваад барилдав. Гэтэл намайг Өсөхбаяр давхар хамаад давж байсан юм. Уг нь тэр жил цол авах зорилготой байсн юм. Харин тунаж барилдахсайхан юм билээ. Залуу бөхчүүдэд урам өгдөг

-Өнгөрсөн намрын барилдаан дээр Пүрэвсайхан зааныг давж өргөөнд шуугиулсан. Энэ талаараа яривал?

-Тухайн барилдааны явцад өөрийн мэдэлгүй л нөгөө унасан ч хийгээд унадаг зангаараа амь тавьсан. Тэгтэл түрүүлээд зааны тохой нь хүрсэн байсан

-Таны барилдаан их дошгин харагддаг. Барилдааны тань онцлог гэвэл?

-Миний барилдаан бол дан зайнаас л байсан. Чөлөөт бөхийн суурьтай байсан учраас. Харин сүүлийн үед барьцны учир зүйг их анхаарч барьцанд хүрч барилдах сонирхолтой болсон.Хүмүүс энэ удамтай гээд л ярилцдаг. Залуу байхад нэг их юм боддоггүй байж, энэ жил түрүүлснийхээ дараа нээрээ хүнд удам байдаг юм байна гэж биширч хүндэлж бодох бодсон.

аны бодлоор бөх хүнд сэтгэл зүйг юу гэж хэлэх вэ

-Сэтгэлзүй бөх хүн гэхээсээ илүү бүх хүмүүсд чухал санагддаг. Сэтгэлзүйгүй хүмүүс “өө би энийг барахгүй дээ”, “би энийг чадахгүй дээ” гэж бодсоор бодол нь биеллээ олдог. Харин сэтгэлзүй өндөр хүмүүс “би хийнэ, чадна” гэдэг бодолтой байдаг тэгээд тэрэндээ хүрдэг гэж боддог. Бүх салбарт сэтгэл зүй зөв, хүчтэй байх нь маш хэрэгтэй гэж боддог

-Ид барилдаж байгаа залуу бөхийн хувьд өнөөгийн бөхийн хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Хөгжсөн гэхэд бас мэдэхгүй хуучин дүрмээ дахин хэрэгжүүлээд л хөгжлийнхөө замд л явж байгаа байх гэж бодож байна. Харин одоо үеийн хүүхэд залуучуудад маш сайн монгол үндэснийхээ соёлыг сурталчилж байгаа санагдаж байгаа. Хөдөө аймаг сумдын хүүхдүүд бол орчин нь л бөхийг хүндлэн хайрладаг болгодог харин хот бол огт өөр. Хүүхдүүдийн сонирхлыг маш олон зүйл татаж үндэсний бөх, эрийн гурван наадам сонирхох хүүхэд ховордоод байгаа харагддаг. Монгол бөхийг маш сайн таниулаасай. Улам их сайн сайхан тал руугаа хөгжөөсэй гэж боддог. Сүүлд нь хэлэхэд монгол бөхөө үзэж дээдэлдэг хүмүүстээ баярлалаа. Тусалж дэмждэг бүх хүмүүсдээ ялангуяа ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны дарга Н.Батсуурь ахдаа ЦДҮС-ын дарга захирал Б.Нямсамбуу ахдаа баярлаж явдгаа хэлмээр байна. Тэгээд тэр үеээс хойш бараг 9 жилийн дараа арслан авсан байнаодоо үе дээр үеийхийг бодход барилддаг залуучуудыг дэмжих хүмүүс их болсон дээр үеийхийг бодход нэр хүнд нь бол унсан санагдаг одоо настай хүмүүс ярихдаа бол хуучины аврага арсланг тойрч суугаад тэнд тэгсэн энд ингэсэн гээд үнхээр бишрэн шүтэж байгаа нь илт мэдэгдхүүц ярилцдаг одоо бол энэ аврага тэр аврага гээд аль болох л муулах гээд байдаг болцон байна лээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Хөх сувд” мөсний баяр ирэх долоо хоногт болно DNN.mn

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Хөх сувд-2023” мөсний баяр гуравдугаар сарын 2-4-ний өдөр болно.

Энэ жилийн мөсний баярыг Байгаль орчин аялал жуулчлалын яам зохион байгуулах юм. Мөсний баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан зэрэг тэмцээн зохион байгуулагдана.

333394717_891313352138736_2273827703880425363_n

332863190_2423300771173321_2253481145631487377_n

333031736_944669659859521_8202144578731258616_n

333197665_141969135431679_8402877446456693775_n

333199505_576670487820405_7872496932046329393_n

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн сард гадаадын 1479 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ DNN.mn

Энэ оны нэгдүгээр сард 22 улсын 536 иргэнд цахим виз олгосон талаар Гадаадын Иргэн, Харьяатын Газар(ГИХГ)-аас мэдээлэв.

Тодруулбал, ГИХГ-аас нэгдүгээр сард

  • 1,999 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл
  • 451 гадаадын иргэнд виз олгосон байна.

Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 1,479 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 3,692 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгажээ.

Categories
мэдээ нийгэм

Утаажилтын бүсээс 44 иргэнийг гаргаж, 1.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаажээ DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 27, аврах ажиллагааны 4 буюу нийт 31 дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэн, гал түймрийн утаажилтын бүсээс 44 иргэнийг гаргаж, 1.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Нийт дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.