Categories
мэдээ цаг-үе

Мөсний зузаан хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна DNN.mn

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-30 см нимгэн, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.

Categories
мэдээ цаг-үе

Нийт нутгийн 70 гаруй хувьд цастай байна DNN.mn

2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 20.1 см-ээс их байна. Увсын Давст, Улаанбаатарын Багануур, Төвийн Эрдэнэд 22-26 см, Увсын Тэс, Баруунтуруун, Малчин, Хяргас, Ховдын Булган, Алтай, Үенч, Завханы Цагаанчулуут, Баянтэс, Улиастай, Баянхайрхан, Тэс, Баянхонгорын Заг, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Алаг-Эрдэнэ, Эрдэнэбулган, Цагааннуур, Чандмань-Өндөр, Булганы Хангал, Орхоны Баян-Өндөр, Сэлэнгийн Орхон, Ерөө, Хүдэр, Түшиг, Хушаат, Орхонтуул, Төвийн Мөнгөнморьт, Эрдэнэ, Цээл, Угтаалцайдам, Алтанбулаг, Жаргалант, Хэнтийн Баян-Овоо, Батширээт, Норовлин, Баян-Адарга, Хэрлэн, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Сүхбаатарын Асгат, Дорнодын Булганд 10.1-20.0 см байна. Харин Увс, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Архангайн ганц нэг сумдын нутгаар 5.1-10.0 см, бусад нутагт 1-5 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-30 см зузаан цастай байна

Арванхоёрдугаар сарын сүүлийн 10 хоногт орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал 70 гаруй хувьд дунджаас ахиу, 30 орчим хувьд дунджийн орчим ба түүнээс бага байжээ. Харин салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 16-25 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Categories
мэдээ нийгэм

Ослын улмаас 1 иргэн автомашины эд ангид хавчуулагджээ DNN.mn

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Яармагийн автозамд зам тээврийн осол гарч автомашины эд ангид хүн хавчуулагджээ.

Ослын талаар дуудлагыг өчигдөр буюу нэгдүгээр сарын 2-ны өдрийн 09:15 цагт хүлээн авсан байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Форд” загварын автомашин, “Сонато-6” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, иргэн 22 настай Х-гийн баруун хөл автомашины эд ангид хавчуулагдаж, шагай хэсгээр хугарсан байжээ. Алба хаагчид 17 минут ажиллаж иргэнийг эсэн мэнд гарган Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн байна.
Categories
мэдээ цаг-үе

Цэргийн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд энэ жилээс эхлэн торгуулийн арга хэмжээ авна DNN.mn

Цэргийн бүртгэл энэ сарын 4-20-нд emongolia.mn-ээр явагдана.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын Цэргийн штабаас өнөөдөр хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө.

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Анхны жил буюу 18 нас хүрсэн иргэд хороон дээрээ очиж цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгээд emongolia.mn-д бүртгүүлнэ. Харин дэвтрээ хаяж гээгдүүлсэн, шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд заавал харьяа дүүрэг хороон дээрээ очиж үүрэгтний үнэмлэхээ нээлгэн, бүртгүүлнэ” хэмээлээ.

Мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бүртгэлээ хийлгээгүй тохиолдолд ямар нэг хариуцлага тооцох эсэх талаар тодруулахад тэрбээр “Цар тахлын үед зарлан дуудах хуудас авсан ч ирээгүй болон бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд торгоогүй бол энэ жилээс эхлэн хуучин журмаараа торгуулийн арга хэмжээ авна. Харьяа дүүргээсээ хол, гадаад, дотоодод ажлаар яваа иргэд emongolia-гаар бүртгэлээ хийлгэх боломжтой. Энэ жилээс цэргийн үүрэгтний үнэмлэх дээр заавал тамга даруулах шаардлагагүй болсон” гэв.

Иргэний бүрдүүлэх бичиг баримт:

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Ажлын газрын үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3×4 цээж зураг 2 ширхэг

Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:

  • Дээд офицер /Генерал/- 65 нас
  • Ахлах офицер -60 нас
  • Дунд офицер, ахлагч -55 нас
  • Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ – 50 нас

Цэргийн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Categories
мэдээ цаг-үе

Найман аймгийн 13 суманд цагаан зудын нөхцөл бүрджээ DNN.mn

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 8 аймгийн 13 суманд цагаан зудын нөхцөл бүрдсэн бол 12 аймгийн 37 сум цагаанаар зудархуу байна.

Тодруулбал, Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Давст, Ховдын Алтай, Булган, Үенч, Баянхонгорын Жаргалант, Өвөрхангайн Есөнзүйл, Хархорин, Бат-Өлзий, Төвийн Эрдэнэ, Улаанбаатарын Багануур, Сүхбаатарын Асгат, Хэнтийн Өмнөдэлгэрт нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас (8 аймгийн 13 суманд) цагаан зудын нөхцөл бүрдсэн.

Баян-Өлгийн Булган, Говь-Алтайн Хөхморьт, Увсын Баруунтуруун, Хяргас, Малчин, Түргэн, Улаангом, Сагил, Завханы Тэс, Цагаанчулуут, Архангайн Хангай, Баянхонгорын Эрдэнэцогт, Галуут, Хөвсгөлийн Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ (Хатгал), Цагаан-Үүр, Сэлэнгийн Орхонтуул, Хушаат, Төвийн Өндөрширээт, Мөнгөнморьт, Алтанбулаг, Батсүмбэр, Борнуур, Цээл, Угтаалцайдам, Зуунмод, Баян, Баян-Өнжүүл, Улаанбаатарын Тэрэлж, Хэнтийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр (Гурванбаян), Баян-Овоо, Жаргалтхаан, Хэрлэн (Өлзийт), Цэнхэрмандал, Сүхбаатарын Түмэнцогт, Халзан, Онгон, Түвшинширээ, Дорнодын Булганд зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу (12 аймгийн 37 сум) байдалтай байна.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цахимд зар байршуулж урьдчилгаа төлбөр авах байдлаар залилах гэмт хэрэг гаарчээ DNN.mn

“Тавилга хийж зарна” гэх байдлаар иргэдээс урьдчилгаа төлбөр авч бусдыг залилах гэмт хэрэг түгээмэл гарах болжээ.

Залилагч этгээдүүд иргэдэд зах зээлийн ханшнаас доогуур үнэ санал болгодог бөгөөд урьдчилгаа төлбөрөө байршуулж захиалгаа баталгаажуулахыг шаардаж бусдыг залилдаг юм байна. Эрүүгийн цагдаагийн албаны зүгээс иргэд мэдээллийг нягтлахгүй байгаа нь залилагчдад өгөөш болж байгааг сэрэмжлүүлж байна.

Сүхбаатар дүүргийн иргэн М.Баясгалантай ярилцлаа. Тэрбээр цахимд байршуулсан зарын дагуу гал тогооны иж бүрэн тавилга хийлгэхээр урьдчилгаа төлбөрт 300 мянган төгрөг шилжүүлж хохирчээ.

М.БАЯСГАЛАН: ХӨРШ БИД ХОЁР ГАЛ ТОГООНЫ ТАВИЛГА ЗАХИАЛААД 600 МЯНГАН ТӨГРӨГӨӨ ЗАЛИЛУУЛЧИХЛАА

– Тавилга хийж нийлүүлнэ гэх байдлаар бусдыг залилах гэмт хэрэг түгээмэл байгаа талаар эх сурвалжууд хэлж байна. Таныг гэмт этгээдүүд яаж залилав?

– Цахимд төрөл бүрийн залилан байна. Хамгийн түгээмэл нь урьдчилгаа төлбөр аваад хэл чимээгүй алга болдог жишиг. Би он гарахаас өмнө гал тогооны өрөөндөө тавилга хийлгэхээр “Гap хийцийн модон эдлэл” гэх фэйсбүүк хаяг руу хандаж өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр захиалга өгсөн. Ингээд дугаараар нь холбогдож долоо хоногийн дараа авахаар тохирч урьдчилгаанд 300 мянган төгрөг шилжүүлсэн юм.

Өнөөдрийг хүртэл захиалгаа авч чадсангүй. Дугаараар нь холбогдоход утсаа авахгүй, пэйж хуудаснаасаа блок хийсэн байна. Эхлээд үйлдвэр “Өнөөдөр амарч байна”,”гадуур түгжрэлтэй хүргэлт хийгээд явж байгаа” гэх мэтчилэн шалтаг хэлж байгаад сүүлдээ таг чиг болсон.

Залилуулснаа сүүлд мэдлээ. Цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн. Хариугаа хүлээгээд сууж байна.

– Та ААН рүү хандсан уу, эсвэл хувь иргэн рүү хандсан юм уу?

– “Гap хийцийн модон эдлэл” гэх хаягаас гоё тавилгуудын зураг оруулаад зар нийтэлсэн байсан юм.

Ингэхдээ 600 мянган төгрөгөөр л хийгээд хүргээд өгнө гэж хэлж байсан. Урьдчилгаа төлбөр тавин хувиа хийж захиалгаа баталгаажуулахыг анхааруулсан. Зах гараад тавилга сураглахад хамгийн хямд нь л 700 мянган төгрөгийн ханштай байгаа. Арай хямдыг нь хараад л захиалтал залилуулчихлаа.

Утасны дугаар, дансны дугаар нь байгаа болохоор буух эзэн, буцах хаягтай гэж санасан юм. Залилахдаа бусдын нэр дээр бүртгэлтэй дансны дугаар ашигладаг юм байна. Ийм маягаар залилуулсан олон зуун хүн байгааг цагдаа дээр очоод л мэдлээ. Би л гэхэд хөрштэйгөө хамт 600 мянган төгрөг залилуулчихсан. Хоёр хүнээс л ийм хэмжээний мөнгө залилж байна.

Хэргийн хохирогчдын тоо хэдэн зуугаар хэмжигдэнэ. Ингээд харахад энэ төрлийн гэмт хэргийн хохирол хэдэн арван саяар яригдаж байгаа биз. Нэр нүүрийг нь хараагүй хэн нэгэн рүү таван төгрөг ч шилжүүлж болохгүй гэдгийг сайн ойлголоо. Үүнийг бусдад сэрэмжлүүлэх байна.

ЦАГДААГИЙН ХОШУУЧ Б.ДӨЛГӨӨН: ОНЛАЙНААР БАРАА ЗАХИАЛАХДАА ТУХАЙН ХАЯГ АЛБАН ЁСНЫХ ЭСЭХИЙГ САЙН НЯГТЛАХ ЁСТОЙ

Урьдчилгаа төлбөр авах байдлаар бусдыг залилдаг гэмт хэрэг гаарч байгааг ЭЦА-наас анхааруулж байна. Залилан мэхлэх гэмт хэргийн талаар ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Дөлгөөнөөс тодрууллаа.

– Цахим залилангийн гэмт хэрэг гаарч байх шиг. Тодруулбал урьдчилгаа төлбөр авах байдлаар иргэдийг залилдаг бүлэглэл байна уу. Залилагч этгээдүүд ямар аргаар иргэдэд хохирол учруулаад байна вэ?

– Өнөөдөр бүх зүйл цахим болсон.

Бусдад мөнгө шилжүүлэхэд хэдхэн секунд л зарцуулдаг болсон. Хялбараар мөнгө шилжүүлж байгаа энэ аргыг залилагчид олзолж байна. Хохирогчийг яаж хуурч мөнгийг нь авах талаар тэд толгойгоо гашилгаж байгаа юм.

Иргэдийн зүгээс мэдээллийг сайтар нягталдаггүй, хайнга байдал нь гэмт хэрэгтнүүдэд өгөөш болдог.

Өнгөрсөн оны эхний арван сарын байдлаар залилах төрлийн 10,300 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 8,056 нь цахимаар үйлдэгдсэн. Цахимаар үйлдэгдэж байгаа залилангийн хэргийг задлаад үзэхэд хоёр төрлийн залилан яваад байгаа юм.

Нэгдүгээрт, таны онцолж байгаа урьдчилгаа төлбөр авах байдлаар бусдыг залилдаг.

Хоёрдугаарт, бусдын цахим хаягт нэвтэрч танилуудаас нь мөнгө зээлэх байдлаар гэмт хэрэг үйлддэг.

– Залилагч этгээдүүд ямар арга хэрэглэж урьдчилгаа төлбөр авч байна вэ. Иргэд юунд анхаарах вэ?

– Залилагч этгээдүүдийн арга цаг үеэ дагаад өөрчлөгдөж байдаг. Залилан хийхдээ зах зээлийн ханшнаас бага зэрэг доогуур үнэ санал болгож иргэдийн анхаарлыг татдаг. Иргэд холбогдоход урьдчилгаа төлбөрөө байршуулж захиалгаа баталгаажуул гэх байдлаар бусдыг төөрөгдөлд оруулж залилдаг. Яг одоо урьдчилгаа төлбөрөө шилжүүлж захиалгаа баталгаажуулахгүй бол таны захиалга хүчингүй болно гэх юм уу. Хүмүүс үүнд нь итгээд мөнгө шилжүүлчихдэг. Ингээд л залилангийн гэмт хэргийн хохирогч болж байгаа юм.

Иргэдэд сэрэмжлүүлэхэд бараа захиалах бол тухайн хаяг албан ёсны дэлгүүр мөн үү гэдгийг хамгийн эхэнд нягтлах ёстой. Фэйсбүүк хуудасны дагагч болон оруулж байгаа постуудаас нь үүнийг нягталж болно. Хэн нь мэдэгдэхгүй албан ёсны бус хаягтай харилцаад мөнгө шилжүүлж болохгүй.

Иргэдийн тухайд холбогдох утасны дугаар, данс байгаа юм чинь олж болно гэх ойлголттой байдаг. Залилагчид тэнэг биш. Тэд өөрийн хувийн дансаа гэмт үйлдэлдээ ашигладаггүй. Бусдын данс болон утасны дугаарыг ашигладаг. Таксины жолооч ч юм уу, өөр хэн нэгний данс руу мөнгө оруулж гэмт үйлдлээ нуун дарагдуулах нь бий.

Урьдчилгаа авах байдлаар бусдыг залилдаг этгээдүүд зар байршуулахдаа олон хүнд хүргэх үүднээс зараа бүүст хийж байгааг хохирогчдын зүгээс онцолж байна. Мөн зарын группүүдэд тавилга сонирхсон иргэдийг олзолж хямд үнэ санал болгож залилж байгааг сэрэмжлүүлж байв.

Categories
мэдээ цаг-үе

Согтуугаар жолоо барьсан тохиолдолд 10 сая төгрөгөөр торгоно гэдэг нь худал мэдээлэл DNN.mn

Цахим сүлжээнд согтуугаар жолоо барьсан тохиолдолд 10 сая төгрөгөөр торгоно. Мөн хоёр жилийн хорих ял онооно гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл юм.

МУ-ын их хурлаас 2017 оны тавдугаар сарын 11-ний өдөр баталсан “ЗӨРЧЛИЙН ТУХАЙ” хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Энэ хуулийн 14.7 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих хэсэгт өнөөдрийн байдлаар ямар нэгэн нэмэлт өөрчлөлт ороогүй бөгөөд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил хүлээлгэх хариуцлагын тогтолцоог чангатгах асуудалд байнга яригдаж байгаа боловч хуульд өөрчлөлт ороогүй байна. Энэ хуульд зааснаар:

3.Жолооч:

3.1.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон;

3.2.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна. гэсэн заалтууд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болно.

Харин Эрүүгийн хуульд ингэж зохицуулсан байдаг.

Монгол Улсын эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл.Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих

1.Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

/Энэ хэсгийг 2017 оны тавдугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Энэ гэмт хэргийг:

2.1.согтуурсан, мансуурсан үедээ;

2.2.тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн;

2.3.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж;

2.4.их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн бүртгэлд бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ DNN.mn

Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалахын сайдын 2017 оны A/331 дүгээр тушаалаар баталсан Цэргийн бүртгэл явуулах журам, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2023 оны нэгдүгээр сарын 4-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл үргэлжилнэ.

“E-Mongolia” академийн төслийн менежер Б.Батзул цэргийн бүртгэлийг цахимаар хийлгэх талаар “Цэргийн бүртгэлийн хүсэлтийг бид гурван сувгаар авна. Тодруулбал, “E-Mongolia” гар утасны аппликейшн, www.E-Mongolia.mn вэб сайт болон төрийн үйлчилгээний операторуудаар дамжуулан хүсэлтийг хүлээн авна. Энэ жилийн хувьд бид системд зарим сайжруулалтыг хийлээ. Тухайлбал, иргэдийн оршин суугаа хаягаар цэргийн бүртгэлд хамрагдах хүсэлтийг хуваарилж байна. Мөн 18-аас дээш настай иргэдэд зориулан цэргийн үүрэгтний үнэмлэх авахыг сануулсан мессежийг системээр харуулж байгаа” хэмээв.

Иргэд нэгдүгээр сарын 4-20-ны хооронд харьяа хорооныхоо байранд ажлын өдрүүдэд 8:00-17:00 цагт, амралтын өдрүүдэд 09:00-16:00 цагт очиж цэргийн бүртгэлээ хийлгэнэ. Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.

Иргэний бүрдүүлэх бичиг баримт:

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Ажлын газрын үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3×4 цээж зураг 2 ш

Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:

  • Дээд офицер /Генерал/- 65 нас
  • Ахлах офицер -60 нас
  • Дунд офицер, ахлагч -55 нас
  • Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ – 50 нас

Цэргийн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно

Categories
мэдээ нийгэм

Монголоор дүүрэн дурны хонгио сэтгүүлчид DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…


Сэтгүүл зүй, сэтгүүлчдийн нэр хүнд өнөөгийн манай нийгэмд арай л доошоо орчихлоо. Захын нэг бичээч энэ салбар руу дайрч, сэтгүүлчийнх нь мэдлэг боловсролгүйг гайхан зүхэх юм. Өөр нэг бичээч түүнийг уухайлан дэмжиж, ингэж бичиж болох болохгүйг заахаар уралдаж байна. Монголд тогтмол хэвлэл үүсээд 100 гаруй жил болсон. Алдаатай, оноотой ч Монголын сэтгүүл зүй хэмээх энэ өрх айл төдийгөөс өдий хүртэл өөрийн үүргээ гүйцэтгэж, цаг үеэ дагаж хөгжиж шинэчлэгдэж л явна. Харин нийгмийн сүлжээнд хүн бүр идэвхтэй оролцдог болж, тэнд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх боломж нь нээгдээд ирмэгц хүн бүр өөрийгөө сэтгүүлч хэмээн эндүүрч бодох болов. Юу бодож байгаагаа бичээд, дургүй нэгнээ шүүмжлээд, түүнийг нь хэдэн хүн магтчихаар “сэтгүүлч шиг амархан мэргэжил байдаггүй юм байна. Энэ хэдэн мангуу над шиг ингээд бичээд байж чаддаггүй юм байх даа” хэмээн нийгмээрээ бүгд сэтгүүлчид болчихсон шаагилдаж байна. Та нар анзаарч нэг хараарай, бараг үсэг холбодог болгон сэтгүүлч болчихсон давхиж явна. Сайдаас буугаад сэтгүүлчээ хийнэ. Парламентын гишүүнээ болиод сэтгүүлч болно. Бүр өглөө Ерөнхийлөгч, орой сэтгүүлч ч болчихсон байх шиг. Сайд М.Зоригт “Бидний цөөхөн монголчууд” гэсэн асар өндөр өртөгтэй төсөл хийгээд ч явж байх шиг. Эдийн засагч Жаргалсайхан нэвтрүүлэг хөтлөөд сууж байна.

Жиргээчээс эхлээд жирийн хүн бүр их сэтгэгч болж, бусдад зааварлаж, бааварлаж, их мэдэж байгаа энэ их хөөсрөлд жинхэнэ сэтгүүл зүй ч унажээ. Сэтгүүлчийн идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд бий болдог үнэн бодит цогц мэдээлэл, анализ тайлбар тойм, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэв хэмжээнээс давсан үйлдлийг эрэн сурвалжиж илчилсэн сурвалжлага ч энэ их хөөсрөлд тоогдохоо болив. Мэс засалч эмчийг хэн ч шүүмжилж болдог. Гэхдээ хэн ч түүний оронд мэс засал хийж чаддаггүйтэй нэгэн адил сэтгүүл зүйн мэргэжлийн гал тогооныхон ч сайн дурынхнаас ялгарах сайн бүтээл, контентууд олноор нь хийхэд анхаарах хэрэгтэй болжээ. Сэтгүүл зүйн хэм хэмжээ, ёс зүйг зөрчөөгүй эрэн сурвалжилсан сурвалжлага, сонирхолтой нийтлэлүүдийг мэргэжлийн сэтгүүл зүйн гал тогооныхон л хийж чадна.

Улаанбаатарт хоёр машин мөргөлдөх, хажуугийн байшинд түймэр гарахыг хэн ч гар утсаараа бичээд, шүүмжилмээр санагдвал шүүмжилж болно, магтаж ч болно. Харин 1000 кмийн цаана болсон үйл явдал руу сайн дурынхан явах уу. Тийшээ мэргэжлийн баг, хамт олон л хэдэн төгрөгөө үрэн идэх хоол, унтах нойроо хугаслан зүтгэдэг юм. Газар дээрээ байдал ямар байгааг үзүүлэхийн зэрэгцээ үйл явдлын учир шалтгааныг маш олон эх сурвалжаас баталгаажуулан уншигч, үзэгчдэдээ хүргэдэг юм.

УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа хуулиудын тухайд ч уншигчдадаа хүргэхийн тулд чамгүй хөдөлмөр зарцуулдаг. Хуулийн төсөл өргөн баригчаас нь ярилцлага авна. Тухайн хуулийг хэлэлцсэн УИХын чуулган, байнгын хорооны сурвалжлагыг нийтэлнэ. Хуулийн үзэл санаа, манайд хэрэгтэй эсэх тухайд хөндлөнгийн судлаачийн үгийг сонсоно. Эцэст нь тухайн хуулийг шүүмжилж байгаа хүний үзэл бодлыг сонсоно. Энэ мэт сэтгүүл зүйн мэргэжлийн гал тогоонд нэг үйл явдлын эргэн тойронд хамгийн багадаа гурваас дөрөв, түүнээс ч олон эх сурвалжтай уулзаж, мэдээлэл ярилцлага авч нэг контент бэлддэг.

Орондоо хэвтэж байгаад шүүмжлэх нэг өөр. Олон хоногийн хөлс хөдөлмөрөөр бүтсэн бүтээл огт өөр гэдгийг уншигч, үзэгчид ялгаж салгаж мэддэг ч сэтгүүлчдээс илүү чанартай бүтээлч контентуудыг шаардаж байгааг мартаж болохгүй. Сайн дурынхан дуурайж чадахааргүй тийм мэргэжлийн, чанартай, мэдрэмжтэй, сонирхолтой контентууд бүтээх шаардлага сэтгүүл зүйн мэргэжлийн баг, хамт олонд тавигдаж байна. Сэтгүүлчид, сэтгүүл зүйн мэргэжлийн хамт олон одоо хийж байгаагаа улам сайжруулах нь зүй ёсных юм. Мөн сэтгүүлчийн ёс зүй, мэдлэг боловсролд олон нийт чамлалттай ханддагийг мэргэжлийн сургуулийн багш нар анхаарах ёстой. Одоо байгаа сургалтаа өөрчлөх, шинэчлэх зүйл байх л ёстой. Ингэж сэтгүүл зүйн мэргэжлийн хамт олон, халуун гал тогооныхон, энэ салбарын багш судлаачид анхаарахгүй бол өөрсдийгөө сэтгүүлч болчихсон мэтээр төсөөлж буй хэлбэр хөөгчдийн хөлд хөлбөрч гүйцлээ.

Шинэ сэтгүүл зүй буюу орчин үеийн сэтгүүл зүйн үндсийг тавьсан ноён Пулитцер аль 1900гаад оны үед “Аливаа гэмт явдал олны нүднээс далд, нуугдмал байдаг. Тэр бүхнийг ил гаргаж, тодорхой болгон бич. Эрт, орой хэзээ нэгэн цагт олон түмний үзэл бодлын хүчээр энэ булай явдал арилна” хэмээн сэтгүүлчдэдээ хэлдэг байжээ. Үүнтэй адил баримт нотолгоонд тулгуурласан мэргэжлийн ур чадвар бүхий олон төрлийн чанартай контентууд л сэтгүүл зүйн салбар, сэтгүүлчдийн нэр хүндийг өргөж, сайн дурынхнаас ялгаруулна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн мэдээллийг өнөөдөр танилцуулна DNN.mn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр буюу /2023.01.03/ өдөр болно. Тус хуралдаанаар Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчдийн жагсаалтыг танилцуулснаар сонгон шалгаруулалтын үйл явц эхлэх юм.

Улсын Их Хурлын “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” 2022 оны 80 дугаар тогтоолоор улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар шийдвэрлэж, Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх хугацааг товлон тогтоосон.

Энэ дагуу Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн материалыг 2022 оны хоёрдугаар сарын 23-наас 30-ны өдрүүдэд хүлээн авсан бөгөөд шаардлага хангасан нэр дэвшигчдийн жагсаалтыг хуулийн дагуу олон нийтэд маргааш танилцуулна

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс