Categories
мэдээ нийгэм

С.Амарсайхан: Өвс, тэжээлийн хэрэглээ өнгөрсөн жилийнхээс 2-4 дахин өссөн DNN.mn

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар өвөлжилтийн талаарх мэдээлэл сонслоо.

Шадар сайд С.Амарсайхан “Өвөлжилтийн нөхцөл байдлыг үнэлж, Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Төв, Баянхонгор, Дундговь, Ховд, Өмнөговь, Өвөрхангай, Увс аймагт нийт 1,171 тн өвс, 8,000 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэсэн.

Алслагдсан нутагт өвөлжиж буй малчдад төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, болзошгүй эрдлээс сэргийлэхийн тулд:

  • Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт
  • Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт
  • Дорнод аймгийн Баян-Уул сум
  • Говь-Алтай аймгийн Алтай сум
  • Завхан аймгийн Баянтэс, Отгон сум
  • Ховд аймгийн Булган, Алтай сум
  • Увс аймгийн Бөхмөрөн сум
  • Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр, Өндөрширээт сум
  • Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ЗДТГ, Эрүүл мэндийн төвүүдэд туулах чадвар сайтай автомашиныг олгосон” гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр “Улсын хэмжээнд 2022 онд 188,600 малчин өрх 71.6 сая мал тоолуулсан. Үүнээс энэ өвөл 21,800 өрхийн 9.5 сая мал отроор өвөлжих нөхцөл байдал үүссэн.

Отроор өвөлжих малчин өрх, малын тоо толгой өмнө оныхтой харьцуулахад өрх 2,200, мал 1.1 саяаар өссөн байна.

Нийт нутгийн 60 орчим хувьд зудын их эрсдэлтэй, 30 гаруй хувьд дунд зэргийн, арав орчим хувьд бага эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Одоогийн байдлаар 13 аймгийн 160 сум зудын эрсдэл ихтэй байгаа юм.

Малчид 1.1 сая тн өвсийг өөрсдөө бэлдсэн байна. Мөн сүрэл 15,000 тн, ногоон тэжээл 88,000 тн, үйлдвэрийн тэжээл 32,004 тн, гар тэжээл 47,009 тн, дарш 13,001 тн, хужир 92,200 тн хураажээ.

Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 21,000 тн өвс, 8,200 тн тэжээл байна.

Зарим сум, багийн нөхцөл байдал хүндэрсэн учир аймгийн өвс тэжээлийн нөөцөөс хүргэж эхэлсэн. Үүнтэй холбоотой УОК-оос өвс тэжээлийн нөөцийг дахин хуваарилан ажиллаж байна.

Цаг үеийн байдлаас шалтгаалан өвс тэжээлийн хэрэглээ өнгөрсөн жилийнхээс 2-4 дахин өссөн” гэдгийг хэлэв.

Categories
мэдээ нийгэм

“Хөх сувд-2023” мөсний баяр гуравдугаар сарын 1-5-ны өдөр болно DNN.mn

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Хөх сувд-2023” мөсны баяр гуравдугаар сарын 1-5-ны өдөр болно. Энэ жилийн мөсний баярыг Байгаль орчин аялал жуулчлалын яам зохион байгуулах юм. Мөсний баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан зэрэг тэмцээн зохион байгуулагдана. Мөн “Аав ээж би” тэмцээн, тахтай хатирах морьдын уралдаан, аймгийн драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг үйл ажиллагаа болох юм.

Categories
мэдээ цаг-үе

“Алдарт эх”-ийн одон авах эхчүүдийн материалыг хүлээн авч эхэллээ DNN.mn

“Алдарт эх”-ийн 1, 2 дугаар зэргийн одон авах эхчүүдийн материалыг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг дуустал харьяа хорооны нийгмийн ажилтан болон зохион байгуулагч хүлээн авах юм.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1.Эхийн цахим үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар

2.Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /насанд хүрсэн бол иргэний үнэмлэхийн хамт нотариатаар батлуулах/

3.Гараар бичсэн өргөдөл /Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл гаргах нь гэж өргөдлийн толгойг бичээд хүүхдүүдээ томоос нь дараалуулан эрхэлж байгаа ажил, сурч байгаа сургуулийг бичнэ/

АНХААРАХ ЗҮЙЛ:

1. Өргөж авсан болон, овог нэр сольсон хүүхэдтэй бол , овог нэр болон, үрчилсэн гэрчилгээг хамт канондуулах,

2. Хамгийн бага хүүхэд нь 1 нас хүрсэн байх /2023 оны 06 дугаар сарын 01-нээс өмнө/

3. 1 дүгээр одон авах бол 2 дугаар одонгийн үнэмлэхийн хуулбар хавсаргах

Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа-2” цогцолборт 1200 хүүхдийн шинэ сургууль ашиглалтад ороход бэлэн болжээ DNN.mn

Сургууль, цэцэрлэгийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, ая тухтай орчинд хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх зорилгоор хийж буй бүтээн байгуулалтын хүрээнд Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа-2” цогцолборт 1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад ороход бэлэн болжээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны хүүхэд багачуудыг сургах ерөнхий боловсролын 163 дугаар сургуулийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам сүлжээ, камержуулалтын ажил бүрэн дууссан байна.

Мөн “Бүтээн байгуулалтыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, “Вишндевелопмент” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа” гэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Ховд аймгийн Манхан суманд газар хөдөллөө DNN.mn

Ховд аймгийн Манхан суманд өнөөдөр 14:59 цагт 3,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ. Голомт нь сумын төвөөс урд зүгт 19 километрийн зайд байжээ. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд одоогоор хохирол учирсан талаар мэдээлэл тодорхойгүй байна

Categories
мэдээ нийгэм

Харьяа дүүрэг, хорооноосоо хол байгаа иргэд цэргийн бүртгэлээ цахимаар хийлгэх боломжтой DNN.mn

Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалахын сайдын 2017 оны A/331 дүгээр тушаалаар баталсан Цэргийн бүртгэл явуулах журам, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2023 оны нэгдүгээр сарын 4-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл үргэлжилнэ. Үүнтэй холбогдуулан НЗДТГ-аас хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өглөө. Цэргийн албаны тухай хуульд заасны дагуу нийслэл болон дүүргийн ЗДТГ цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулах бөгөөд иргэд биечлэн буюу оршин суугаа хорооныхоо байранд очих, эсвэл цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар буюу онлайнаар бүртгэлийн хүсэлтээ илгээх боломжтой.

Л.Жамбалсүрэн: Нийт бүртгэлийн 20 орчим хувийг цахимаар хийсэн

Батлан хамгаалах яамны ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Л.Жамбалсүрэн цэргийн бүртгэлийн талаар “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа урт болон дунд хугацааны бодлогын хүрээнд төрийн үйлчилгээг цахимаар хүргэж буй. Энэ хүрээнд батлан хамгаалах үйлчилгээг цахимжуулах зорилгоор 2021 оноос цэргийн бүртгэлийг цахимаар хийж эхэлсэн. Өнгөрсөн жилийн хувьд улсын хэмжээнд нийт бүртгэлийн 20 орчим хувийг онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хийсэн байна” хэмээлээ.

Г.Ялалт: 2023 онд 18 хүрэх, шилжиж ирсэн, цэргийн үүрэгтний үнэмлэхээ гээгдүүлсэн иргэд харьяа хороон дээрээ очиж бүртгүүлнэ

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “2023 оны цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 4-20-ны өдрүүдэд явагдана. Цэргийн бүртгэлээ анхлан хийлгэж байгаа иргэд, мөн шилжиж суурьшсан, эсвэл цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлж, гээсэн хүмүүс эхлээд дүүрэг, хороондоо бүртгүүлж үнэмлэхээ авна. Ингэсний дараа бүртгэлийн хүсэлтээ цахимаар гаргах боломжтой. Бүртгэлийг дүүрэг, хороонд очихоос гадна цахимаар, мөн Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний зургаан цэгт очиж хийлгэх боломжтой. Ингэснээр гадаадад сурч, амьдарч байгаа, түүнчлэн харьяа дүүргээсээ хол байгаа иргэд цаг алдалгүй бүртгэлдээ хамрагдах нөхцөл бүрдэж байна. Цэрэг татлагаар зарлан дуудах хуудас аваад бүртгэлээ хийлгээгүй, алба хаагаагүй хүмүүст энэ жилээс эхлэн хариуцлага тооцож эхэлнэ” гэсэн юм.

Б.Батзул: Цэргийн бүртгэлийн хүсэлтийг гурван сувгаар авна

“E-Mongolia” академийн төслийн менежер Б.Батзул цэргийн бүртгэлийг цахимаар хийлгэх талаар “Цэргийн бүртгэлийн хүсэлтийг бид гурван сувгаар авна. Тодруулбал, “E-Mongolia” гар утасны аппликейшн, www.E-Mongolia.mn вэб сайт болон төрийн үйлчилгээний операторуудаар дамжуулан хүсэлтийг хүлээн авна. Энэ жилийн хувьд бид системд зарим сайжруулалтыг хийлээ. Тухайлбал, иргэдийн оршин суугаа хаягаар цэргийн бүртгэлд хамрагдах хүсэлтийг хуваарилж байна. Мөн 18-аас дээш настай иргэдэд зориулан цэргийн үүрэгтний үнэмлэх авахыг сануулсан мессежийг системээр харуулж байгаа” хэмээв.

Иргэд нэгдүгээр сарын 4-20-ны хооронд харьяа хорооныхоо байранд ажлын өдрүүдэд 8:00-17:00 цагт, амралтын өдрүүдэд 09:00-16:00 цагт очиж цэргийн бүртгэлээ хийлгэнэ. Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.

Иргэний бүрдүүлэх бичиг баримт:

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Ажлын газрын үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3×4 цээж зураг 2 ш

Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:

  • Дээд офицер /Генерал/ – 65 нас
  • Ахлах офицер – 60 нас
  • Дунд офицер, ахлагч – 55 нас
  • Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ – 50 нас

Цэргийн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ цаг-үе

Баярын өдрүүдэд 700 хүүхэд цана, чарганаас унаж гэмтжээ DNN.mn

Өнгөрөгч баярын өдрүүдэд ГССҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар 1024 иргэн үйлчлүүлжээ. Нийт үйлчлүүлсэн иргэдийн 69 хувийг цана, чарганаас унасан хүүхдүүд эзэлж байгаа аж. Тэр тусмаа өнгөрөгч нэгдүгээр сарын 1-нээс энэ байдал хэд дахин нэмэгдэх болсон талаар ГССҮТ-ээс мэдээллээ. Иймд цана чаргаар гулгахдаа анхаарал болгоомжтой, аюулгүй байдлаа хангахыг анхаарууллаа.

Categories
мэдээ цаг-үе

БНХАУ руу зорчих иргэдийн анхааралд DNN.mn

БНХАУ-ын Засгийн газар 2023 оны нэгдүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн Хятад руу зорчих иргэдэд зориулан авах түр арга хэмжээний тухай мэдэгдлийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас олон нийтэд зарлаад байна.

БНХАУ руу зорчиж буй иргэдийн анхаарах зүйлс:

1. БНХАУ-ыг зорих иргэд нисэхээсээ өмнө 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд сөрөг хариу гарсан зорчигч Хятад руу явах боломжтой. Хэрэв зорчигчийн шинжилгээний хариу эерэг гарсан бол сөрөг болсны дараа зорчих боломжтой.

2. Иргэд нисэхээсээ өмнө БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, консулын газраас эрүүл мэндийн код авах шаардлагагүй.

3. БНХАУ-ыг зорих иргэд онгоцонд суухаасаа өмнө 48 цагийн дотор өгсөн нуклейн хүчлийн шинжилгээний хариуг WeChat-ийн туслах программ, вэб сайт https://htdecl.chinaport.gov.cn/htdeclweb/home/pages/healthDeclare/declare.html болон China Customs APP-аар дамжуулан “БНХАУ-аас гарах/орох эрүүл мэндийн мэдүүлэг”-ийг бөглөх шаардлагатай.

4. БНХАУ-ын хилээр нэвтэрсний дараа иргэд нэгдсэн нуклейн хүчлийн шинжилгээнд хамрагдах шаардлагагүй. Гаальд эрүүл мэндийн мэдүүлэг нь хэвийн, тогтоосон хорио цээрийн дэглэмийн зөрчилгүй хүмүүс хэвийн нэвтрэх боломжтой. Эрүүл мэндийн байдал нь хэвийн бус буюу халуурах зэрэг шинж тэмдэгтэй хүмүүсийг гаалийн байгууллага түргэвчилсэн шинжилгээнд хамруулна.

5. Түргэвчилсэн шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэд, хэрэв суурь өвчингүй, шинж тэмдэггүй эсвэл хөнгөн шинж тэмдэгтэй бол гэртээ болон байрлах газартаа тусгаарлаж, бие даан эмчлэх боломжтой. Хариу сөрөг гарсан тохиолдолд гаалийн байгууллага хууль тогтоомжийн дагуу хэвийн дэглэмээр шалган нэвтрүүлнэ.

Дээрх арга хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 8-ны 00:00 цагаас эхлэн Хятадад ирэх олон улсын нислэгийн бүх зорчигч хэрэгжүүлнэ.

Өнөөгийн байдлаар дэлхий дахинд цар тахал үргэлжилж байгаа бөгөөд Хятад болон гадаад улсын харилцан зорчих иргэдэд авах түр арга хэмжээ нь халдвар хамгааллын дэглэмийг сулруулна гэсэн үг биш юм.

Хувь хүн өөрийн эрүүл мэндэд хариуцлага хүлээдэг тул зорчигч та бүхэн халдварт өвчний нөхцөл байдалд анхаарлаа хандуулж, биеийн эрүүл мэнддээ анхаарч, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжлэх ухааны үндэслэлийг баримтлан, хувийн хамгаалалтаа чангатгаж, халдвар авах эрсдэлийг бууруулахыг уриалж байна.

Хятадын тал үргэлжлүүлэн халдварт өвчний шинэ хувилбар, тархалтын нөхцөл байдалд тулгуурлан, урьдчилан сэргийлэх, хянах ажлыг шинжлэх ухаанч, нарийн түвшинд сайжруулж, Хятад болон гадаад улсын иргэдийг аюулгүй, эрүүл харилцан зорчих нөхцөлийг бүрдүүлэх болно.

БНХАУ руу зорчих визийн тухай

БНХАУ руу зорчих гадаадын иргэдийн ажил, үйлдвэрлэл, бизнес, гадаадад суралцах, гэр бүл, төрөл садандаа зочлох зэрэг шаардлагыг сайжруулах, холбогдох виз мэдүүлэх иргэдэд дэмжлэг үзүүлнэ.

Монгол Улсын иргэд БНХАУ руу 30 хоногийн хугацаанд визгүй нэвтрэх боломжтой бөгөөд буцах тийзээ заавал авсан байх шаардлагатайг анхаарна уу.

Гадаадын зарим улс орнууд БНХАУ-д зорчсон болон дамжин өнгөрсөн иргэдэд тусгайлсан хилийн шаардлага тавьж байгаа учир зорчигч та тийз худалдан авсан газраасаа болон тухайн улсын албан ёсны сайтуудаас мэдээллийг авч олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ бүрэн эсэхийг шалгаж байхыг зөвлөж байна.

Эх сурвалж:

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны мэдээллийг эндээс үзнэ үү.

http://mn.china-embassy.gov.cn/mn/zmgx/202212/t20221228_10997397.htm

МИАТ ТӨХК-ийн мэдэгдлийг эндээс үзнэ үү.

https://www.facebook.com/106530246038606/posts/pfbid0ct5Mn7zHNfktLezZd1vnpjYFfEgJvFkMVbEbymZvFjc3TpcBJfmZLK31qBG9eubql/?mibextid=Nif5oz

Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн амралтын өрөөг тохижуулжээ DNN.mn

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан алба хаагчдын амралтын өрөөг тохижууллаа.

Социал демократ Монголын залуучуудын холбоо 25 жилийн ойн хүрээнд “Гэрэлтэх эхлэл” төслийг эхлүүлж эрүүл мэндийн салбарыг дэмжих, хүн ардын эрүүл мэндийн төлөө цаг наргүй зүтгэдэг эмч, эмнэлгийн ажилтан алба хаагчдад дэмжлэг үзүүлэх, ажиллах орчныг ая тухтай болгох ажлыг улс орон даяар хийж байна.

Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан алба хаагчдын амралтын өрөөг тохижуулан хүлээлгэн өгөв. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Categories
мэдээ улс-төр

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн жагсаалтыг танилцууллаа DNN.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр боллоо.

Уг хуралдаанаар “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн жагсаалтыг танилцуулав.

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн материалыг 2022 оны 12 дугаар сарын 23-наас 30-ны өдрүүдэд хүлээн авсан бөгөөд Ажлын хэсгээс Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу шаардлага хангасан, хугацаандаа материалаа ирүүлсэн 136 нэр дэвшигчийн жагсаалтыг гаргажээ.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Ирүүлсэн саналын дагуу нэр дэвшигчийн жагсаалт үйлдэж олон нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгээс ийнхүү Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийг олон нийтэд мэдээллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.